Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хүй долоон худгаас дээш өгсөх замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 19:00 цаг орчимд зам тээврийн ноцтой осол гарч, нэг гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэргийг Төв аймгийн прокурорын газраас шалган, хохирогчийн зөвшөөрөлгүй гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хохирогчийн гэр бүлийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Эл хэрэг осол үйлдсэн талд шийдвэрлэж байна гэж тэд үзэж байгаа аж.
Эл хэргийн талаар машин жолоодож явсан эмэгтэйн эгч Х.Алгирмаагаас тодрууллаа.
-Тэр өдөр яг юу болсон юм бол?
-Бид хоёр айлаас хоёулхнаа. Тэр өдөр миний дүү гурван хүүхдээ дагуулан хадам аав ээжийндээ оччихоод Төв аймгийн Лүн сумаас хот руу ирж байсан юм. Үдшийн 22:00 цагийн үед дүү чинь машинтай шүргэлцчихлээ, яаралтай ирэх хэрэгтэй байна гэсэн дуудлага ирсэн.Бид нэг их юм бодоогүй. Ийм хэрэг болсон гэж төсөөлөөгүй байсан. Осол болсон газар очоод нүд харанхуйлаад л явчихсан. Машины араанаас бусад нь бүгд шатсан байсан. Хүмүүсийг таниулах үйл ажиллагаа маш хүндрэлтэй байсан.
-Дүү тань хэдэн настай байсан юм бэ?
-Миний дүү дөнгөж 25-тай байсан.
-Осол юунаас болж гарсан юм бол?
-Дүү маань Pruis маркийн машинтай явж байсан. Нэгдүгээр эгнээнд явж байсан машиныг 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашин хоёрдугаар эгнээнд шахаж, эсрэг урсгалд орcноор 0116 УНА дугаартай “Ланд 200” машинтай мөргөлдөн, замын хажуу руу шидэгдэж өнхөрсөн байдаг. Машин дотор дүү, хадам аав, ээж, эгч болон гурван хүүхдийн хамт явж байсан. Хамгийн бага нь гурван сар ч хүрээгүй байсан шүү дээ.
-Хэргийн талаар хэдэн гэрч мэдүүлэг өгсөн бэ? “Ланд Круизер 100” машины жолооч ослын газраасаа зугтан, жилийн дараа олдсон гэсэн?
–Машиныг эгнээнээс нь шахаж, эсрэг урсгалд оруулан осол гаргасан 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашины жолооч Ө.Цэцэгшагдар осол үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтан ор сураггүй алга болсныг харсан гэрч бидэнд байгаа. Гэрчийн мэдүүлгээр ам зураг гаргуулан АТГ-ээс эрэн хайж ажиллагаа явуулсны эцэст 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр олсон. Гэрчийн мэдүүлгээр Ө.Цэцэгшагдар гэх осол үйлдчихээд эхнэрийнхээ хамт машинаасаа бууж ирсэн гэсэн. Эхнэр нь түүнд “Би чамд боль гэж хэлээ биз дээ, Чи хүн алчихлаа шүү дээ” хэмээн хашхирсаар ойролцоо байх суваргыг машинтайгаа тойрчхоод, уул давж зугтсан гэсэн. Гэрч зам дагуу нөхрөө хүлээн зогсож байсан юм билээ. Харин нөхөр нь яг Ө.Цэцэгшагдарын машины ард явж байсан гэсэн. Ямар хүн суварга тойрдог билээ. Нүгэл хийж, гэмээ наманчлах гэсэн хүмүүс л тэгдэг шүү дээ. Гэрчийн нөхөр бидэнд “Энэ хоёр машин явж байхдаа урд хойноо ороод уралдаад байсан. Тэгээд энд ирээд осол гарсан” гэж хэлсэн.
-Гэрчүүд туслах оролдлого хийсэн болов уу?
-Гэрч тухайн үед жирэмсэн байсан учраас айгаад ойртож чадаагүй гэнэ лээ. Харин дотроо “Битгий л олон байгаасай” гэж залбирч байсан гэсэн. Машиныг хэд хэд өнхрөөд замын хажуу руу онхолдож, ойр орчим нэлэнхийдээ цусаар будагдчихсан байсан юм чинь. Замын хажуугаар арьс, нэхий худалдаж авдаг хэд хэдэн айл байдаг. Тэдний зарим нь гэнэт их дуу гарахаар нь гайхан очсон гэсэн. Нөгөө хоёр машины жолооч машин дээр очин хөлөөс нь татаж чангааж үзсэн гэсэн. Гэрчүүд туслахаар хаалгыг нь онгойлгох гэж оролдоход болохгүй байсан гэсэн. Миний дүүг цонхоор гаргахаар татахад юманд тээгэлдээд, тал бие нь гарч ирэхгүй байсан гэсэн. Осол болсноос хориод минутын дараа машины хамраас утаа саагиж, машин шатаж эхэлсэн гэдэг. Машин дотроос “Миний үс шатаад байна, ээжээ туслаарай” хэмээн жаахан хүүхэд хашхирах нь сонсогдсон гэж байсан. Амь авраач гэж хашхирах дуу шатаж буй машин дотроос сонсогдож байсан гэж ярьсан. Машин руу шороо, ус цацсан боловч гал дүрэлзсээр улам ноцож хий дэмий харахаас өөр зүйл хийж чадаагүй гэж гэрчүүд хоолой зангиран ярьсан.
-Ө.Цэцэгшагдар гэх хүн танай гэр бүлийнхэнтэй холбогдсон уу?
-Биднээс огт уучлалт гуйгаагүй. Түүнийг баригдсаны дараа бид шинжээчдэд дахин зураг гаргуулах хүсэлт гарган хэргийн газарт дахин очсон. Машинаасаа бууж ирэхгүй бүгж, нүүрээ буруулаад байсан. Түүний өмгөөлөгч ээжийг минь “Чи битгий баашлаад бай, юун сүртэй юм” гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Нэгэн гэр бүлийг үндсээр нь үгүй хийчхээд уучлалт ч гуйхгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Тэдний өмгөөлөгчид энгийн л үзэгдэл мэт хандаж байх шиг байна.
-Танай гэр бүлд дарамт ирсэн үү?
-Бид сэтгүүлчид ярилцлага өгөөд, нэвтрүүлэг хийлгэж байхад тус сэтгүүлчийн ажлын гадаа Ө.Цэцэгшагдарын ах дүү нар нь очиж сэтгүүлчийг дарамталсан гэсэн. Бидэнд дарамт ирээгүй. Харин хэргийн газар дахин зураг гаргуулж байх үед бид бичлэг хийсэн. Түүнийг устгуулахаар биднийг явуулахгүй, хашиж зогссон.
-Энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн байдаг вэ?
-Ө.Цэцэгшагдар гэх одоог хэр нь хэргээ хүлээхгүй байгаа. Гэрч яг юу болсон тухай мэдүүлээд байхад эсрэг талд шийдвэр гарч хэрэг гурван удаа хэрэгсэхгүй болгосон. Ө.Цэцэгшагдар гэх 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машины жолооч С.Баатарсүрэнтэй үгсэн хуйвалдаж, хэргийг өөрийн талд шийдвэрлэхээр оролдож байна гэж бид үзэж байгаа. Энэ хоёр хүний мэдүүлэг хоорондоо яв цав таарсан ч, гэрчийн мэдүүлгээс зөрж байгаа нь тэд аль хэдийн үгээ нийлүүлэн хуйвалдаж, үхсэн хүнд буруугаа нялзааж байна гэж үзэж байгаа. Ө.Цэцэгшагдар “Би хурд хэтрүүлж, тэр машиныг шахаагүй” гэсэн. С.Баатарсүрэн “Манай машины урдуур өөрөө урсгал сөрөн орж ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн байсан. Гэрчийн мэдүүлгээр Приус маркийн машин шахуулсны улмаас онхолдож Ланд 200-тай мөргөлдсөн гэсэн байдаг. Хэргийн материал дээр мөргөлдсөн Ланд 200 нь хурд хэтрүүлээгүй цагт 60-70 км хуртай явсан гэсэн дүгнэлт гарсан. Гэвч түүний ард явж байсан машины жолооч Ланд 200 маркийн машиныг 120 км хурдтайгаар өөрийг нь гүйцэд түрүүлэн явсан. Удалгүй хүчтэй дуу гарахад гүйцэд түрүүлж хажуугаар нь зөрсөн Ланд 200 маркийн машин осол гаргасан байсан гэж мэдүүлсэн байдаг.
-Гэрчийн мэдүүлгийг яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бол?
-Нүдээр харж байсан болон осол гарсан үед ард нь явж байсан машинуудын жолооч гээд таван гэрч байгаа. 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машин дотор цагдаагийн хэд хэдэн ажилтан сууж явсан учраас хэрэг нөгөө талд шийдэгдээд байна. Гэрчийн мэдүүлгээр явбал тэдгээр хүмүүс бүгд буруутна. Хэргийн бүх үйл явцыг хөндлөнгөөс харж байсан хүний мэдүүлэгт бус, хэрэг үйлдэн өөрөө гэрчээр мэдүүлэг өгсөн хүний үгэнд итгэн энэ хэргийг шийдвэрлэсэн байх юм. Түүний мэдүүлгээр дүүгийн минь буруу болоод, хариуцлага хүлээх хүнгүй болгон хэргийг хаах гээд байгаа юм. Энэ олон хүний оршуулгын ажлыг гүйцэлдүүлэхэд 20 гаруй хоног шаардсан тул бид осол болсны дараа шууд цагдаагийн байгууллагад очиж чадаагүй. Оршуулгийн дараа очиход бүх хэрэг шийдэгдчихсэн байсан.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэрэгт туслахаа илэрхийлсэн гэсэн?
-Энэ хэрэг гурван прокуроор дамжиж байгаа. Анх хэргийг хариуцаж авсан Г.Ууганцэцэг байцаагч дутуу дулимаг ажилласнаас хэрэг одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдэж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр байцаагчийг цалингийн хорин хувиар гурван сар торгосон. Эл хэрэг дээр дутуу ажиллалаа гэж. Долоон хүний амь насыг гурван сарын цалингийн хорин хувиар үнэлж байгаа тул үүнд тусална гэсэн хариу ирүүлсэн.
-Нэгэн гэр бүл тэр чигтээ ослоор нас барсан гэж ойлгож болох уу?
-Манай хүргэн буюу дүүгийн минь нөхөр хотод ажлаа хийгээд үлдсэн байсан. Одоо хэр нь шокын байдлаасаа гарч чадахгүй, сэтгэл санаа нь хэвийн бус байгаа. Архи, тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд байсан. Хааяа “Дүү нь нөгөө хэдийгээ мартаж чадахгүй байна шүү дээ” гээд л уйлдаг. Аав, ээж, эхнэр, хүүхэд, төрсөн эгчийгээ нэг дор алдчихсан хүн шүү дээ. Ээж минь энэ хэргийн хойноос өдөр шөнөгүй явж байгаа. Төв аймгийн цагдаа, прокурорын газрууд огт тоосон шинжгүй байна. Энэ хүмүүс цөхрөөд хаячихна гэж бодож байгаа байх. Бид хайртай хүмүүсээ алдчихаад яасан гэж энэ хэргийг хаях вэ?
-Энэ хэргийг дахин шалгуулахаар болсон уу?
-Хэргийг дахин сэргээж, Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн мөрдлөгийг үргэлжлүүлмээр байна. Долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон хэргийг дахин шалгаж, гэм буруутай этгээдийг зохих ёсоор нь шийтгэхийг хүсч байна. Бидэнд нөхөн төлбөр, мөнгө төгрөг огтхон ч хэрэггүй. Миний дүү хүмүүсийн хийсэн хэргийг үүрээд үхнэ гэдэг үнэхээр харамсалтай. Хийгээгүй хэргээ үүрээд хэлмэгдэж байгаа хүн тэнгэрт яаж амгалан байх юм бэ. Дүүг минь машиндаа хүмүүс авч явж байгаад алсан мэтээр ойлгогдож байна. Хэн буруутайг тогтоож, миний дүүгийн нэрийг л цэвэрлэж байвал болоо.
З.МӨНХСУВД