Categories
мэдээ нийгэм

Ээлжит хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ

НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулбал:

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай
  • Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Ноогдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал зэргийг өнөөдөр өглөөний хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч НИТХ-ын Тэргүүлэгч Б.Цолмон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга одоогоор Монгол Улсад байхгүй тул ирэхээр нь дараагийн хурлаар хэлэлцэж хойшлуулах санал тавьсан нь дэмжигдсэн юм.

Хурлаар хэлэлцэх хоёр дахь асуудал нь Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 2016 оны долоодугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдсан. Тус хороонд нийт 9 гишүүн томилогдсоноос нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Т.Батдорж, нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүнээр Нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга асан Б.Мөнхцэцэг нар тус тус ажиллаж байсан ч тэд төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллөөс сонгуулийн ерөнхий хороонд нөхөн томилж өгнө уу гэсэн хүсэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьсны дагуу хэлэлцжээ.

Нийслэлийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын долооны өдөр Багахангай дүүрэгт, дахин сонгууль аравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт явагдахаар төлөвлөгдөж байгаа тул сонгуулийн хуулийн дагуу 45 хоногоос доошгүй хугацаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталгаажуулах шаардлагатай байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Машин өвсөн 450 мянган төгрөгт хүрчээ

Баян-Өлгий аймгийн хадлангийн бүс нутгууд болох Ногооннуур, Цэнгэл сумдад өвсний үнэ өсч, нэг Зил-130 машин өвс 400-450 мянган төгрөгт хүрээд байна.

Өнгөрсөн оны мөн үед дээрх хэмжээний өвс 250-300 мянган төгрөгөөр борлогдож байсан юм.

Иргэдийн тайлбарласнаар үнэ өсөхөд өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн үед өссөн өвс, тэжээлийн үнэ дахиж буугаагүй, уулын хадлангийн гарц тааруу, бензин шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед улсаас хэдэн боодол өндөр өртөгтэй, чанар муу өвс өгөх биш, хадлан бэлтгэх үед хөнгөлөлттэй зээл олгох, сүүлийн үед иргэд олноор хэрэглэж эхэлсэн бага оврын өвс хадах машины импортын татварыг тэглэх, шинээр хадлангийн талбай бий болгох зэргээр дэмжлэг үзүүлвэл илүү үр дүнтэй болохыг тэрээр хэлж байна.

Дашрамд дурдахад, энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 62,8 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 15 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн төлөө хамтдаа” аян үргэлжилж байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбай, байгууллага орчмын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүднээс “Хүүхдийн төлөө хамтдаа” аяныг санаачлан эхлүүлээд байгаа. Тус аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авахуулаад иргэд, аж ахуйн нэгжүүд ихээр дэмжин, идэвхитэй оролцсоор байна.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн хамт олон өнөөдөр тус аянд нэгдэж, 98 зөрчилийг илрүүлэн, арилгуулжээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Гэрэлтүүлэг ашиглалтын компаниудад илэрсэн зөрчлийг талаарх мэдээллийг баримтжуулан, арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан өрхүүдийг шинэ суурьшлын бүсэд аваачина

Үерийн гамшигт өртсөн Өлгий сумын 250 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 га газрыг шинээр эзэмшүүлээд байгаа билээ. Тэгвэл уг газарт Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны дэмжлэг бүхий 31 сая төгрөгөөр цахилгааны шугам татахаар болжээ.

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу энэ сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хамт Баян-Өлгий аймагт ажиллаад буцсан юм. Энэ үер үерт өртсөн айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэнд дээрх шийдвэрийг гаргажээ.

Үүнээс гадна цэвэр усны хоёр гүний худаг гаргахад 24 сая төгрөг, орон гэргүй болсон 10 өрхийг гэртэй болгоход 25 сая төгрөг, нийт 80 сая төгрөгийн тусламжийг энэ удаад үзүүлэх ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​А. Өсөхбаяр: Зургийн байрлалд өнгө хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг

Хэрвээ та зураач байсан бол ямар өнгийг сонгох байсан бэ?

Хамгийн тод өнгөтэй зургаас эхэлсэн эдгээр өнгө өнгийн учир битүүлэг бүтээл хэнийх болох талаар “Монголын урчуудын эвлэл”-ийн үзэсгэлэн зохион байгуулагч А.Өсөхбаяраас сонирхлоо.

Урлагийг хүн бүр харилцан адилгүй ойлгодог бөгөөд зураач бүрийн хэв маяг үргэлж өөр байх аж. Тэр тусмаа өнөөдрийн үзэсгэлэнгийн хэв маяг өөр хоорондоо бүр ч ялгаатай. Учир нь Монгол, Солонгос хоёр өөр улсын зураачдын бүтээл болохоор тэр. Энэ жил Монголд анх удаа хоёр улс хамтран шилдэг зураачдынхаа бүтээлийг гаргаж байгаа гэнэ. Монголын зураачдын бүтээл яагаад ийм цөөхөн байгааг сонирхоход О.Энхтайван, М. Баярмагнай, Г. Батчулуун, Алтанцэцэг гэх ердөө дөрөвхөн зураачийн бүтээл оролцож байгааг мэдлээ. Харин Солонгос зураачдын бүтээл яггүй их харагдсан нь 72 зураачдын бүтээл Монголын үзэсгэлэнд тавигдахаар шалгарсантай холбоотой байж. “Монголын урчуудын эвлэл”-ийн галерейд янз бүрийн содон зургууд, өөр өөрийн түүхтэй тавигддаг ба заримдаа тэдгээр зургууд бүхэлдээ нэг утгыг илэрхийлдэг гэж зохион байгуулагч Өсөхбаяр ярилаа.

Өмнө нь үзэж байсан зургуудтай харьцуулахад энэ удаагийн зургууд завсрын өнгөтэй гэхэд тун хурц юм. Эсвэл хүний нүдэнд тусах цэгийг нарийн тодорхойлсон юм шиг. Энэ талаар асуухад Солонгосын зураачид зургаа байрлуулахдаа урьдаас тусгайлан зааварчилгаа өгдөг гэв. Зургийн байрлалын хувьд өнгөний хоршил хамгийн чухал аж. Гэвч ийм завсрын хэрэн тод өнгөнүүдийг хэрхэн зохицуулж байрлуулдаг нь сонирхолтой. Зарим нь цагаан, шаргал, усан цэнхэр гэх зэрэг бүдэгхэн өнгөнүүд зонхилсон байхад нил ягаан, хар хөх, улаан зэрэг тод өнгөнүүдтэй хооронд нь шингээнэ гэдэг ярвигтай. Гэсэн хэдий ч зураачид өөрсдийн бүтээлийг үзэсгэлэнд өгөхдөө тусгайлан байрлалыг тогтоосон байдаг байна.

Хамгийн сонирхолтой зүйл бол галерейд ажиллаж буй хүний хувьд Монгол Солонгос хоёр өөр улсын зураачдын зургийн онцлогийг дүгнэх байх. Тиймээс зохион байгуулагч А. Өсөхбаяраас энэ тухай асуухад, зураачдын зургийн өгүүлэмж, харж тусгах өнцөг, өнгийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь өөр хоорондоо ялгаатай байх ба энэ нь тэдний онцгойрох өнцөг байдаг байна.

Долоо хоногийн хугацаатай явагддаг уг арга хэмжээнд ийм байдлаар өдөр бүр зургийн байрлалыг тогтоодог гэхээр нэг талаар урлагийг ойлгох амаргүйг сануулна. Хэрэв нэг л зургийг буруу байрлуулвал ерөнхий өгүүлэмж тэр чигтээ балартах аюултай.

Ингээд хамгийн тод нил ягаан өнгөөр эхэлсэн бидний зургийн аялал мөн адил хамгийн тод хар хөх өнгөөр сүүдэрлэсэн загасны зургаар дууслаа.

Ирэх жил Солонгосын галерейд мөн адил Монгол зураачдын бүтээл давамгайлсан үзэсгэлэн зохион байгуулагдана гэдгийг сонсоход таатай байв.







Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн охиныг эрэн хайх ажлыг зогсоожээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газарт малдаа яваад сураггүй болсон 13 настай М охиныг эрэн хайх ажиллагаа 6 хоног үргэлжилж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Тэрээр энэ сарын 7-ны өглөө явганаар малдаа яваад сураггүй болсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран 6 хоног Хулстайн нуур, Түрүүний нуур, Түрүүн шугуй гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргаа удахгүй нүүнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармаг орчмыг хотын бизнес, санхүү захиргааны шинэ төв болгож хотын захиргааг яармагт нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэд хэдэн асуудлаар хуралдаж хотын захиргааг яармаг орчимд нүүлгэх ажлын хэсгийн тайланг сонслоо. Хотын захиргааны шинэ байрны барилгын ажил эхэлсэн энэ ондоо багтаан нүүлгэхээр төлөвлөж байгааг НИТХ- ын дарга хэлсэн юм.

Хотын захиргааг нүүлгэснээр төрийн үйлчилгээ авахаар зорих 30000 мянган иргэн, төрийн албаны 3500 ажилтан яармагийг чиглэдэг болно хэмээн төлөвлөж байгаа

Ямартай ч хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгааг ийнхүү хэллээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. НИТХ ын тэргүүлэгчдийн хурлын тогтолоор нийслэлийн сонгуулийн хороо гэж байгуулж байсан юм. Тус хороо нийт 9 гишүүнтэй байсан ч хоёр нь төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллөөс томилж өгөх хүсэлтийг СЕХ-нд гаргах хүсэлтийг хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Банк бус санхүүгийн байгууллагын зээлэгчдийн тоо 128 хувиар өсжээ

Банкны өндөр шалгуур, шаардлагыг давж зээл авах боломжгүй иргэд банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ыг зорьдог. Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын салбарт чадавхжуулах бодлого явуулж буй нь тус салбарт өсөлт нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 1.14 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар буюу 287.9 тэрбум төгрөгөөр, харин оны эхнээс 18 хувиар буюу 174.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Салбарын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 38.5 хувь буюу 213.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн зээлдэгчийн тоо 150.5 мянгад хүрч 2017 оны хоёрдугаар улирлынхаас 128 хувиар өссөн нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Оскар” наадам шинэ номинацитай болно

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол Оскар шинэ номинацитай болох гэнэ. Сүүлийн жилүүдэд Оскар наадмыг үзэгчдийн тоо эрс буурч, тэр хэрээр нэр хүнд нь унасан. Тиймээс наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Олны таашаалд нийцсэн кино” хэмээх шинэ номинаци нэмэхээр болжээ. Дэлхий дахинд нэр хүндтэй, кино уран бүтээлчдийн гол шалгуур болж карьер, үнэлгээ нь өсөх буурахыг Оскарын шагналд нэр дэвших, тус шагналыг хүртсэн эсэхээр нь тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь Оскар наадмыг үзэгчдийн тоо жилээс жилд буурч өнгөрсөн онд л гэхэд 26.5 сая хүн үзсэн гэсэн тоо гарчээ. Тиймээс Америкийн кино академийнхан өөрсдийн төдийгүй кино наадмынхаа нэр хүндийг өсгөхөөр олон шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Уг шинэчлэлийн хүрээнд шинэ номинаци нэмээд зогсохгүй шагнал гардуулах ёслолын цагийг 4 байсныг 3 болгож, шууд дамжуулах зэргээр үзэгчдэд чиглэсэн олон ажил хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засаг өссөн үзүүлэлттэй байна

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт 8 их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 475.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Ингэснээр Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлтийг үзүүлж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа. Харин дотоодын шинжээчид эдийн засгийг энэ онд илүү эрчимжинэ хэмээн мэдэгдсэн.

Эдийн засгийн өөсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 192.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-д энэ оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 6.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 39.9 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 8.0 пунктээр өссөн бол цэвэр экспорт 6.3 пунктээр буурсан байна.