Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 16-17-ны өдөр орсон усархаг борооны улмаас уруйн үер бууж, 100 айл өрхийн хашаа, байшин, 12 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын зоорийн давхар усанд автаж, 15 бог мал хорогдон, орон нутгийн чанартай “Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн хатуу хучилттай 0.5 км зам эвдэрсэн байна. Энэ үеэр усанд автсан гурван айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозам дээр үүссэн 45 тн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг 100 гаруй хүн, 30 орчим техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ. Мөн “Шавартай гүүр”-ийг хаасантай холбогуудан Борнуур сумын чиглэлд түр зам барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Цаашид Борнуур сумын төвийн 0,520 га авто замыг сэргээн засварлах ажлын 286,2 сая төгрөг, Шавартайн гүүрийг шинээр барих 1540,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүслээ.

Харин өвөлжилтийн нөхцөл байдлын талаар энэ онд аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 150 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хадлангийн 39 салаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дорнод, Хэнтий аймагт гарч эхэлсэн. Түүнчлэн аймгийн хэмжээнд гар тэжээл бэлтгэх ажлыг бүх нийтийн аян болгон өрнүүлээд байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, орон нутгийн удирдлагуудад, Борнуур сумын эвдэрсэн гүүрийг орон нутгийн аж, ахуйн нэгж, байгууллага хямд өртөгөөр барьж байгуулах санал байгаа бол түүний тооцоог нарийвчлан гаргаж, тухайн аж, ахуйн нэгж, байгууллагаар баталгаа гаргуулан хийлгэх боломжийг судлан Улсын онцгой комисст танилцуулах, тохиолдож буй гамшиг, ослын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан төлөвлөсөн найр, наадам, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулан, шаардлагатай албан тушаалтныг ажилд нь оруулах, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Европийн супер цомыг Атлетико Мадрид өргөлөө

Өнгөрсөнжилийн Аваргуудынлигийнаварга “Реал Мадрид”,Европалигийнцомөргөсөн Атлетико Мадрид” клубууд Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө тоглов.

КристианРоналдуЮентусыг зорьсон,ЗенединЗиданажлаа өгсөн зэрэг том өөрчлөлтүүд хийсэн байв.Реалынэнэ тоглолтод Испанийн шигшээ багийн дасгалжуулагч асанЮленЛопетеги удирдсан. Мөн хаалгач Тибо Куртуа шинэ багтайгаа хэр тоглохыг харахыг хүссэн хүн олон байсан ч Кэйлор Наваст найдвар итгэл хүлээлгэв.

Тоглолт эхлээд 50 дахь секундэд Диего Кошта гоолын салхийг хагалав. Бразил гаралтай Испани довтлогч тус тэмцээний 43 жилийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан юм. Гэсэн ч тоглолтын 27 дахь минутад Карим Бензема тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар хагасын 63 дахь минутад “Реал”-ийн ахлагч Серхио Рамос торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр баг нь тэргүүлж эхэлсэн. Харин 79 дэх минутад эхний гоолын эзэн Д.Кошта тоог тэнцүүлж тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөв. Нэмэлт цагт “Атлетико Мадрид” илт давуу тоглолт үзүүлсэн. “Реал”-ийн хамгаалагчдын гаргасан баж боломгүй алдааг ашиглаж Сауль Нигес багтаа тэргүүлэл авчирсэн. Тэдний гоол үүгээр өндөрлөсөнгүй зургаан минутын дараа Коке гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Ийнхүү “АтлетикоМадрид” Супер цомд гурван удаа өрсөлдөхдөө бүгдэд нь ялсан үзүүлэлттэй боллоо. Тэдний урд таван удаа түрүүлсэн “АС Милан”, “Барселона”, дөрвөн удаа түрүүлсэн “Реал Мадрид” бичигдэж буй. Тус багийн ахлах дасгалжуулагч ДиегоСимон2012 онд энэ цомыг авч байсан юм. “Реал”-ынхувьд зургаан удаафиналдсанч тав дахиа түрүүлж чадсангүй. Түүнчлэн сүүлийн дөрөвт нь өрсөлдөгчөө хожсон амжилт нь тасарч байна.

ДиегоСимоныдөрвөн тоглолтын торгууль дуусаагүй байгаа тул үзэгчдийн суудлаас тоглолтыг сонирхсон юм.

Categories
мэдээ улс-төр

БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Лаос хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай явагдаж буйг Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглээд энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хоёр улсын төр, засгийн өндөр дээд түвшний харилцаа тогтмол үргэлжилж ирсэн бөгөөд ялангуяа хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа сүүлийн жилүүдэд тогтмолжин, идэвхтэй өрнөж буйг дурдсан юм. Цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг парламент шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх бэлтгэл өрнөж буй үеэр ноён Камман Сүнвилөтийн энэ удаагийн айлчлал таарч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Иймд айлчлалын хүрээнд Лаос улсын төрийн албаны үндсэн зарчим, бүтэц, зохион байгуулалтын талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл судалж, энэ чиглэлээр талууд харилцан санал солилцож, туршлага хуваалцах боломж өргөн байгааг хэлэв.

Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотноо хуралдахаар шийдвэрлэсэн нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа М.Энхболд дарга тэмдэглэв. Энэ хуралдаанаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлүүд, мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар нягтлан ярилцана хэмээн найдаж байна гэв. Тус хуралдаанаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санал гарвал Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийлсэн юм.


Ноён Камман Сүнвилөт хоёр орны төрийн албаны удирдах байгууллагууд энэ удаагийн айлчлалын хүрээнд туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын хүрээнд болж буй уулзалтын үеэр Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл авсан. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон бөгөөд Лаос улсын хувьд онцлон сонирхох, туршлага болгон судлах зүйлс олон байна” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагаа сайн байгаа хэдий ч худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй байгаа гэж үзэж байна гээд олон улсын стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүнийг Лаос Улс Монгол Улсаас импортлох боломж бийг тэмдэглэв. Энэ чиглэлд хоёр талаас зохих анхаарал тавих нь зүйтэй гэлээ. Түүнчлэн уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд санаачилгатай, үр дүнтэй хамтран ажиллах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Аливаа улс орны хөгжлийн суурь болох мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэх бөгөөд Монгол, Лаос улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байдгийг онцлон дурдлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд олон улс, бүс нутгийн түвшин дэх Монгол, Лаос улсын хамтын ажиллагааны талаарх байр сууриа илэрхийлж, Ази-Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох манай улсын сонирхолыг БНАЛАУ-ын төр засгийн зүгээс дэмжнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

Ноён Камман Сүнвилөт эдгээр саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран судалгаа дүгнэлт хийж, чиглэл зорилгоо цаг алдалгүй нарийвчлан тодорхойлж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь чухал юм хэмээн уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалункон Сенг-Утон зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой хөгжилд хоршоологчид чухал үүрэг оролцоотойг олон улсын төлөөлөгчид онцоллоо

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны байгууллагаас Кени Улсын нийслэл Найроби хотод наймдугаар сарын 7-9-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжилд хоршоологчдын оруулах үүрэг оролцоо” сэдэвт олон улсын хурал боллоо. Хуралд 10 гаруй орны Засгийн газар, хоршоологчдын төлөөлөл оролцсон. Олон улсын хурал бүхэлдээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хоршоо, хоршоологчдын оруулж буй хувь нэмэр, нийгмийн хөгжилд хоршоологчдын үзүүлэх нөлөө зэрэг асуудалд төвлөрлөө.

Асуудлыг илүү тодорхой болгох үүднээс “Хадгаламж, зээлийн хоршоодын үүрэг”, “Хүрээлэн буй орчны хөгжил ба хоршоологчдын амжилт, уриалга”, “Хөдөө аж ахуйн хоршоологчид ба хүрээлэн буй орчин”, “Ядуурлын эсрэг хөгжиж буй орнуудын хоршоологчдын үүрэг оролцоо”, “Хоршоологчдын хөгжлийн төлөө төр, засгийн бодлого, менежмент” зэрэг сэдвээр Индонез, Камбож, Бутан, Уганда, Тонга, Зимбабве зэрэг улсын хоршооны асуудал хариуцсан төлөөллүүд илтгэл тавьсан.

Манай улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцож, “Хоршоологчдын талаар төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Зүүн гар талаас, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан Угантай улсын төлөөлөгчтэй

Монголд 200 мянган хүн 1 нь хоршооны гишүүн бөгөөд тус салбарт 60-аад мянган хүн ажилладаг. Улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байдгаас 3020 хоршоодод үнэлгээ хийж үзэхэд, идэвхгүй 1324, идэвхжиж байгаа 877, хөгжиж байгаа 580, тогтвортой өсөлттэй 239 хоршоо бий.

Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар хоршооны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, ажлын байр бий болгох бодлого барин ажиллаж байна.

Энэ ч үүднээс хоршоог санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох, хоршоодын мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монголын Хүнсчдийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Монголын Хүнсчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Талууд хүнсний салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийн талаар ярилцаж, харилцан санал бодлоо хуваалцсан юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат

Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Болод

Энэ үеэр Хүнсчдийн холбооны зүгээс хүнсний салбарын эрх зүйн орчныг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, хүнсний бүхий л сүлжээ-шат дамжлагад чанарыг эрхэмлэх, салбарын хөгжилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт нэвтрүүлэх, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

2020 он хүртэл хэрэгжих “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд 5 зорилт бүхий тодорхой 50 ажлын төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргаад байна. Тодруулбал, салбарын эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн таван зорилт дэвшүүлжээ. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд малын үүлдэр угсааг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал угаалгын ажлыг эрчимжүүлэх, мах, сүүний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, техник технологийг шинэчлэх зэрэг тодорхой ажлууд хийж байгаа юм.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон

Уулзалтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Польш Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Лабэндаг эх орондоо бүр мөсөн буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, батлан хамгаалах, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд Элчин сайдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсад ажиллах хугацаандаа Польш Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо сэргээн нээх, хоёр орны Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийг байгуулах, Монгол оюутнуудыг тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцуулах зэрэг ажлыг урагшлуулахад анхаарч, тодорхой үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун буйгаа Элчин сайд М.Лабэнда тэмдэглэж, ойр дотно хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургуулилт боллоо

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, дүүргийн “Улаан Загалмайн хороо”-той хамтран объектын гал түймэр болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн сургуулийг “Багануур” ХК-ны Уурхайн Уулын нэгдүгээр хэсэгт зохион байгууллаа.

Болзошгүй гал түймрийн болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилготой тус дадлага сургуулийн үеэр объектын гал түймэр болоод усанд осолдсон нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийсэн байна.

Сургуульд дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги, “Багануур” ХК-ны Уурхайн Уулын нэгдүгээр хэсгийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Ховд аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт “Боом” өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Буянт багт нутаглаж буй малчин Б.А-ын хотонд “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд сумын Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/193 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан тус суманд 24 цагийн ажиллагаатай байнгын постыг ажиллуулж, Ховд хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавихаар болсон байна.

Голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад даалгасан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охидыг хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр Фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлжээ.

Уг этгээд нь фэйсбүүкийн “10-16насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй 21 настай эрэгтэй байгаа аж.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд буюу маргааш болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас товлогдоод байгаа урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох аж.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.