Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Ямар ч байсан сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй

Өнгөрөгч дөрөв дүгээр сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенуудыг үе шаттай буулгах талаар үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга С.Батболд Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон үүрэн холбооны байгууллагуудын төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу уулзсан юм. Үүрэн операторуудын зүгээс сургууль цэцэрлэгийн дээвэр дээр буй антенныг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг байгаа аж.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидэнд эцэг эхчүүдийн зүгээс гомдол ирсэн. Гар утасны долгион хүүхдийн тархинд сөрөг нөлөөлдөг тухай мэдээлэл их байна. Сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн телефоны операторуудын хэдэн арван антенн байна. Тэрний доор хичээл хийж, унтаж байгаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ?. Тэдгээр сургууль цэцэрлэгийн дээвэр дээр хэний зөвшөөрлөөр антенн сууриулах болсон талаар холбогдох эзэн байхгүй. Хоёр хүн хоорондоо ярилцаад шийдвэрлээд байсан бололтой. Та бүхний санал хүсэлтийг сонсъё гэсэн юм.

ХХЗХ-ны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан хэлэхдээ “Сургууль, эмнэлгийн дээр байрлуулсан антенуудын соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшин Монголын болон олон улсын стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс 78-3,500 дахин бага байна” гэв.

Харин Жи Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхан ярихдаа “Бид санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр төхөөрөмжөө байрлуулаагүй. Нийслэлийн гэр хороололд байгаа хамгийн өндөрлөг цэг нь сургууль, цэцэрлэг байсан тул байрлуулсан. Магадгүй гэр хороолол хөгжөөд өндөр өндөр байшин баригдвал нүүчихнэ. Хортой хоргүйн хувьд анх телевиз гарч байхад л дэлхий даяар хортой гэсэн яриа гарч байсан. Харин одоо телевиз улам боловсронгуй болж байна. Гар утсыг хортой л гээд байна. Тэгвэл улс даяар гар утаснаасаа татгалзчихъя л даа. Антенныг хортой гэсэн мессэж хүмүүст хүрээд байна. Үүн дээр тоглолт хийгээд байгаа хүмүүс ч байна. Антенны утсыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулж өгөхийг хүсье гэв.

Мөн Юнител болон Скайтел компанийн удирдлагуудын зүгээс ч өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Тэрбээр шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан шийдвэр гаргахыг хүсэхийн сацуу сургууль цэцэрлэгийн дээвэр дээр байрлаж буй антенны нүүлгэлтийг ирэх сарын 1 хэмээн заасныг хойшлуулж өгөхийг хүссэн юм.

Үүрэн телефоны удирдлагуудын саналыг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхий нийтээр маргаж байгаа энэ сэдэв дээр та бүхэн хүүхдүүдэд ямар ч хоргүй гэж хэлэх эрх байхгүй. Би жирийн эцэг хүний хувьд хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахыг хичээдэг. Миний бодлого, байр суурь бол ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй. Та бүхэн хэдэн метр утсаа сунгаад өөр өндөрлөг газар байрлуулах боломжтой. Харин ажлын хэсэг байгуулж өгье. Хүсэлтээ гаргаад гэр хороололд цамхгаа барьж болно гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

2018 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:

  • Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц судалгаа туршилтын цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
  • Төсөл нь 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн зарлагдсан чиглэлд тавигдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байна.
  • Салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг төслийн сонгон шалгаруулалтад харгалзана.
  • Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.
  • Төсөл хэрэгжих хугацаа 2 хүртэл жил, цалингийн зардал төслийн санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байна.

Сонгон шалгаруулалтад дэвшүүлэх төслийн саналыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагаас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23:59 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn/ хаягаар орж, цахимаар мэдүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.mecss.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.

Categories
мэдээ нийгэм

Ойн ангиудад түймрээс хамгаалах багаж, хэрэгсэл хүлээлгэн өглөө

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь нар сум дундын 16 ойн ангид автомашин, түймрээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах багаж хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө. Одоогоор улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги байгуулагдан ой аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм. Судалгаагаар жилд улсын нийт ойн сангийн 13,4 хувь хүртэлх ойн талбай ой-хээрийн түймэрт нэрвэгддэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнтэй холбоотойгоор ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн Пургон маркийн автомашин болон үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалтын багаж хэрэгслүүдийг БОАЖЯ-наас ойн ангиудын албаны хэрэгцээнд хүлээлгэн өгсөн юм. Манай улсын хойд бүс нутгаар байрлах сум дундын ойн ангиудын хамгаалалтад байгаа ойн сангийн нутаг дэвсгэр нь түймрийн эрсдэлийн I – IV зэрэглэлд багтдаг. Үүнээс I зэрэгт 70 хувь, II зэрэгт 15 хувь, III зэрэгт 10 хувь, IY зэрэгт таван хувь тус тус багтаж байгаа юм. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад ойн түймэр болон хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ойг зөв, зохистой хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.



Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Ил задгай, аюултай цахилгааны утас хэдийг илрүүлж, хэдийг аюулгүй болгосон бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ:

“2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар /2018 оны зургадугаар сарын байдлаар/ гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барж, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар тоо баримт дурдаж, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл болгосон байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар тайлан, мэдээлэл сонсож, дахин үүрэг, чиглэл өгөх уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. 2017 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг” байгуулагдсан байна.

2018 оны дөрөвдүгээр сард “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Та бүхэн санаж байгаа байх. Энэ мэт олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна.

Үүнтэй холбоотойгоор 2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл, ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан зургаан зүйлтэй үүрэг, даалгавар, ажлын чиглэлүүд өгсөн. Тухайн чиглэлд Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй.

Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийсэн байна. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайланд дурдагдаагүй байна. Энэ мэт тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л бичиж. Харин зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай тайланд дурдагдаагүй байна. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш гэдгийг ойлгож байгаа байх” гээд тайлангаас тодруулах зүйлсээ холбогдох төрийн байгууллагын удирдлагуудаас асуув.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Ил задгай, аюултай цахилгааны утас хэдийг илрүүлж, хэдийг аюулгүй болгосон бэ. Жишээ нь, тайланд дурдсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 11 гудамжны айлууд борооны усны хамгаалалтгүй гэж бичжээ. Тэнд байгаа цахилгааны утаснуудыг хэрхэн аюулгүй болгосон бэ?

2018 оны наймдугаар сард буюу энэ сард улсын комисс хүлээж авсан Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд ус нэвчиж, хоёр цаг тутам шахуурга ашиглан усыг гаргаж байгаа нь цэцэрлэг тэр чигтээ галын аюултай байна гэж тайланд дурдсан байна. Ингээд ямар арга хэмжээ авсан юм бэ? Яагаад ийм цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох хүмүүс хариулна уу?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд гүний ус нэвчсэн асуудал гарсан. Бид мэргэжлийн байгууллагуудтай нь хамтарч цахилгааны шитийг шилжүүлсэн. Цаашдаа цахилгааны аюулгүй байдал хангагдаж, эрсдэл үүсэхгүй байх.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчид захидал бичээрэй аяны хүрээнд 12 мянга гаруй хүүхэд надад захидал илгээсэн. Үүнээс 31 хувь нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн захидал байсан. Ингээд бид сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гээд хүүхдэд хамаатай орчинд аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн. Гэтэл ердөө 79 тоглоомын талбайд үзлэг хийсэн байна. Тэдгээрээс сүүдрэвч хөдөлсөн 15, суурь нь хөдөлсөн 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай 6 байсан байна. Ядаж энэ зөрчлүүдийг арилгасан уу, тайланд дурдаагүй байна.

Мөн хүүхэд сургууль, цэцэрлэгтээ идэж буй хоол, хүнснээсээ хордохгүй байх баталгаа энэ хичээлийн жилд хангагдсан уу. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккалаар бага, хүнсний ногоо, жимс жимсгэний хэмжээ 4 дахин бага, харин будаа, гурил, чихэрлэгийн хэмжээ байнга их байсан хэвээр байна шүү дээ. Энэ харьцааг эрүүл, зохистой болгох асуудлаар ямар ажил хийж байгаа вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-2018 оны долдугаар сарын эхээр БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-иудад орчны аюулгүй байдлын цогц үнэлгээ хийсэн. Мөн Нийслэлийн боловсролын газраас төсөв, төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэгийн, ялангуяа цэцэрлэгийн гадна орчны тоглоомыг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа.

Мөн сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний асуудлаар гарч байсан холбогдох 207, 130 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой чипс, хийжүүлсэн ундаа гэх зэрэг зүйлсийг сургуулийн орчинд заруулахгүй байх, хоолны илчлэг, хэмжээтэй холбоотой шинэчлэгдсэн тушаал гарч, тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

2016 оны хоёрдугаар сард буюу хоёр жил гаруйн өмнө Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан. 2017 оны арваннэгдүгээр сард Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг, 2018 оны дөрөвдүгээр сард болсон хэлэлцүүлгээр дээрх хуулийн дагуу хүүхэд хамгааллын стандартыг хэзээ боловсруулах вэ гэж асууж байсан. Тухайн үед боловсруулж байгаа гэж хариулсан байна. Одоо ямар хэмжээнд байна вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-БСШУСЯ-наас сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг баталж гаргасан. Энэ хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс эхлэн ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжээд эхэлнэ. Дээрээс нь сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн стандарт батлагдсан. Мөн бид одоо орчны стандартыг батлуулахаар ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Энэ ажил хэлэлцүүлэх шатандаа явж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудын 76.3 хувь нь их, дунд хэмжээний эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ зөрчлийн хэдэн хувийг арилгасан бэ. 76.3 хувиас буурсан уу. Зөрчил арилгаагүй газруудад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Энэ хичээлийн жилд 439 хүүхэд харах үйлчилгээний байгууллагаар 4900 гаруй хүүхэд хүмүүжих урьдчилсан мэдээлэл бий. Энэ бүх байгууллагууд дээр хяналт тавьж байгаа. Эцсийн үр дүн гараагүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Мэргэжлийн багшаар хангагдаагүй сургууль, цэцэрлэг нийслэлд 63 байна гэсэн тоо гарч. Орон нутагт энэ талын мэдээлэл алга. Орон нутагт ямар байр, байдалтай байгаа вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Энэ жил бага боловсролын бүлгийн тоо 500 орчим бүлгээр нэмэгдэх тооцоо гарсан. Энэ хэмжээнд бага ангийн багшийн эрэлт, хэрэгцээ нэлээдгүй бий. Ер, нь мэргэжлийн багшийн хангалт 98.6 хувьтай байгаа. Харин хөгжмийн багшийн эрэлт маш өндөр байгаа. МУБИС-ийн болон Соёл урлагийн сургуультай хамтран хөгжмийн багш бэлтгэж байгаа. Бусад мэргэжлийн багш нар хангалттай бий.

Бага ангийн багш бэлтгэж байгаа сургууль улсын хэмжээнд 20 гаруй байдаг. Бид чанарын асуудалд анхаарч байгаа. Багшлах эрхийн гарааны шалгалтад орсон багш нарын 50 хувь амжилтгүй, шалгалтандаа унасан тул сургуулиа төгсөөд л ажилд орох боломжгүй байдал үүсч байгаа. 2019 оны нэгдүгээр сараас Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжээд эхлэхээр багшийн хангалт харьцангуй нэмэгдэх боломжтой. Мөн өмнө нь тусгай, дунд мэргэжлээр төгссөн багш нарын хөрвөх сургалтыг сайжруулснаар багш нарын дутагдал багасна. Хөдөө, орон нутгийн түвшинд ч гэсэн бид судалгаа авсан. Бүх мэргэжлийн 971 багш шаардлагатай байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Олон нийт маш үндэслэлтэй нэг асуудал гаргаж тавьдаг. Энэ нь цэцэрлэг 17:00 цагт тардаг. Гэтэл ажил 18:00 цагт дуусдаг. Энэ хооронд эцэг, эх ажлаа нэг цаг таслах асуудал бий. Давхар замын түгжрэлээс болж хоцорлоо гэхэд цагийн 1000-3000 төгрөгийн торгууль эцэг, эхчүүдээс авч байна. Энэ асуудлыг яах вэ. Нийгэмд бодитоор тулгарч байгаа асуудал шүү.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний ажлын ачаалал, хариуцлага дээр үнэлгээ хийсэн. Үүн дотор хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хэсэгт цалин хөлсийг нь нэмэх асуудлыг ярьж байна. Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Цэцэрлэг 17:00 цагт, та өөрөө 18:00 цагт тардаг. Өөрөө 17:00 цагт хүүхдээ авахын тулд нэг цагийн ажлаа яаж зохицуулж байна?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

Би өөрөө авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулсны төлбөр гэж ажилласан багшид урамшуулал өгдөг. Яамны хэмжээнд энэ цагийн зөрөөний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй хүүхдээ 18:00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цааш ярихдаа энэ асуудлыг шийдэх арга зам, саналаа долоо хоногийн дотор боловсруулж илгээхийг холбогдох байгууллагуудад даалгав. Мөн энэ уулзалт нь тайлан, мэдээ унших, түүнийг шалгах биш, үүссэн асуудлыг нэгдэж нийлэн үр дүнд хүрэх асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагдаагийн Ерөнхий газраас “Хайрла, хамгаал”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мэдье” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж, үр дүнд нь хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг 30.2 хувиар буурсан гэсэн сайшаалтай үр дүн гарсан” талаар дурдаж, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр иймэрхүү бодит ажил зохион байгуулахад хамтарч ажиллана гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бэлтгэл ажлын асуудлаар төрийн байгууллагын төлөөллүүдтэй дэлгэрэнгүй ярилцаж, долоо хоногийн дотор үүссэн зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авч, нэг сарын дараа дахин уулзахаар товлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтад:УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Хүний эрхийн комиссын дарга Г.Бямбадорж, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд зэрэг төрийн байгууллагын 30 гаруй хүн оролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Амаржаргал: Их, дээд сургуулиудын төлбөр 10-15 хувиар нэмэгдсэн байна

Өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр их, дээд сургуулийн захирлуудад зориулсан Боловсролын чанар- Удирдлагын манлайлал сургалт боллоо.

Энэ талаар БСШУСЯ-ны дэргэдэх Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалаас тодрууллаа.


-Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, сургалтын гол ач холбогдол нь юу вэ?

– Төрийн болон хувийн өмчийн 60 гаруй их сургуулийн удирдлага энэхүү сургалтанд хамрагдаж байна.Сургалт нь их дээд сургуулийн захирлуудад зориулж Боловсролын чанар- Удирдлагын манлайлал гэсэн нэртэйгээр явагдаж байна.

Энэ үеэр шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан их, дээд боловсролын салбарт чанарын асуудлыг эрчимтэй ярилцлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг хийхэд чанарыг сайжруулах нь чухал ач холбогдолтой.

Боловсролын салбарынхан оюуны потенциал сайтай хүмүүс байдаг. Гэхдээ үүнийг улам сайжруулах шаардлагатай. Тиймээс тэдэнд хэрэгтэй тусламж дэмжлэг хэрэгтэй болох, сургуулиа удирдах үйл ажиллагаанд ямар зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг боловсролын яам анхаарч ажиллаж байна.

Дээд боловсролын чанарыг гурван түвшинд авч үзэж байна.

  • Сургалцагчийн өөрийнх нь хичээл зүтгэл, түүний амжилт өөрөөс нь хэрхэн хамаарч байна вэ?
  • Сургалт явуулж байгаа хөтөлбөрүүд ньхэр чанартай байна вэ, хөдөлмөрийн зах зээл эрэлттэй байгаа ур чадваруудыг эзэмшүүлж чадаж байна уу үгүй юу гэдгийг харах
  • Сургалт судалгааг удирдаж байгаа тухайн хүний үйл ажиллагааны менежмент ямар байна вэ гэсэн гурван асуудалд анхаарал тавьж ажиллаж байна.

Байгууллагыг удирдаж байгаа хүний чадвар, засаглалын байдлаас амжилт ихээхэн хамаарч байна гэж үзсэн учраас энэ сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын гурван хэсэгт энэ хичээлийн жилд ямар зорилт тавьж байна гэдэг асуудал тавигдаж байна.

-Их дээд сургуулиудыг чанараар нь жагсаах уу?

-Олон улсын эрэмбэлдэг том байгууллагууд байдаг. Манайд их дээд сургуулиудаа эрэмбэлэх ажил хийгдэх болно. Үүнд олон шалгуур бий. Тухайлбал, тухайн сургуульд эрдмийн цол, зэрэгтэй багш нар хэд байна гэсэн шалгуурын цаана тухайн сургуульд судалгаа шинжилгээний бүтээлүүдийг гаргаж нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадах уу үгүй юу, суралцагчдын амжилт нь ямар байна, багш нарын бүтээл нь ямар байна гэх мэт шалгуураар шалгах болно.

Мөн монголд байгаа их сургуулиудыг судалгааны их сургууль хэрхэн болгох вэ гэдэг үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдээр ямар сургуулийг судалгааныих сургууль гэж үзэх, дээд сургуульд ямар шаардлага тавигдсан байх ёстой вэ гэдэг ангилалын журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Зарим их дээд сургуулиудыг хаасан гэсэн мэдээлэл гарсан. Нийт хэдэн сургуулийг хаасан бэ?

Боловсролын байгууллагуудын механикаар цөөлөх гэхээсээ илүү үйл ажиллагааны хяналтыг хийж байна.Өнгөрсөн хичээлийн жилд 18 сургуульд хяналт шинжилгээ хийсэн. Үүнээс таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн таван сургууль бусад сургуультай нэгдсэн. Энэ хичээлийн жилд энэ хяналт, шалгалт үргэлжлэнэ. Ингэхдээ бид тодорхой шалгуураар хөдөлж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагад тавигдах үндсэн нөхцөл, шаардлагыг хангасан байна уу үгүй юу, орчин нь ямар байна, багшлах боловсон хүчнийх нь чадамж нь ямар байна, оюутан залуус үр дүнтэй суралцаж чадаж байна уу гэсэн шалгуураар үнэлнэ.

Мөн зургаан сургуульд нэг жилийн хугацаанд үүрэг даалагавар өгсөн. Үүгээр энэ хичээлийн жилд биелэлт хэр байгааг харах болно.

Энэ хичээлийн жилд хөтөлбөрийн харьцуулалт хийнэ.Ижил чиглэлийн хөтөлбөрөөр олон сургууль сургалт явуулж байна. Тухайлбал, бага ангийн багш бэлтгэх чиглэлээх 40 гаруй сургууль сургалт явуулж байна.

-Их дээд сургуулиудад чанарын ямар бодлого баримталж байгаа вэ?

Чанарын үнэлгээний аргачлалаа өөрчлөөд үнэлгээний дагуу ямар асуудлыг яаж сайжруулах вэ гэдэг бодит асуудлыг гаргаж ирэх гэж байна. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, байгууллагын магадлан итгэмжлэлээр үнэлгээ хийдэг. Оюутан суралцагчдынхаа амжилтыг үнэлэх тодорхой систем хараахан байхгүй. Тиймээс Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэй хамтраад энэхүү арга аргачлалыг боловсруулж байна.

-Их сургуулиудын төлбөр нэмэгдсэн үү?

-Сургалтын төлбөрийн асуудлыг их дээд сургууийн Удирдах зөвлөлөөр ихэвчлэн шийддэг. Сургуулиуд 10-15 хувьтай төлбөрөө нэмсэн байна. Ямар зориулалтаар төлбөрийг илүү нэмсэн байна вэ гэдэг талаар хяналт шинжилгээ хийгдэж байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний биеэс шинэ эрхтэн илрүүлжээ

Шинэ эрхтэн нь хүний дархлааг дэмжин аливаа өвчлөлтэй тэмцэхэд тусалдаг ба тунгалагийн зангилааны дээд хэсэгт байрладаг гэнэ.

Австрали улсын Гарваны анагаах хүрээлэнгийн эрдэмтэд энэ ер бусын нээлтийг хийсэн байна. Хүний биенд урьд өмнө мэдээгүй эрхтэн тул энэ судалгаа шинжлэх ухааны нээлт болж байна. Гэхдээ нүдэнд үл үзэгдэх, маш нимгэн хавтгай бүтэцтэй, зөвхөн микроскопоор л харах боломжтой тул микро эрхтэн гэж нэрлэж байна.

Микро эрхтэнг эхлээд хулганаас илрүүлээд дараа нь хүний биеэс олжээ. Гэхдээ энэ эрхтэн өвчинтэй тэмцэх, бие махбодь эсэргүүцэл үзүүлэх шаардлагатай үед л гарч ирдэг, хүний биед дандаа байдаггүй эд гэж эрдэмтэд дүгнэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхаарууллаа

Наймдугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөлийн нутгаар аарцан бололтын үе шатанд оржээ.Буудайн тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь га-гаас 7,8-10,9 центнер хурааж авахаар төлөвтэй байна.

9-р сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе,гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орох төлөвтэй байгаа тул ургац хураалтыг талбайн болцоос хамааран ангилан болон шууд хадах ажлыг зохион байгуулахыг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Г.Ариунбаатар улаан талбайд дуулна

Москва хотын Улаан талбайд долоо дахь өдрөө үргэлжилж буй Олон улсын цэргийн хөгжмийн наадамд МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар оролцож байна.
Тус наадам нь наймдугаар сарын 24-нөөс ирэх сарын 2-н хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн тоглолтод МУГЖ Г.Арунбаатар дэлхийд алдартай сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулна хэмээн “Кремьлийн spasstower.ru” сайт-д мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын жинхэнэ эздийг тодруулснаар хариуцлагыг чангатгах боломжтой гэв

Уул уурхайн олборлох салбарын засаглалыг сайжруулахаар “Төлсөн авснаа нийтэл” (ТАН) эвсэлийнхэн олборлох салбараас ашиг хүртэгч жинхэнэ эздийг буюу “бенефициар өмчлөгч” нарын мэдээллийг ил тод болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд өнгөрсөн тавдугаар сард нээлттэй захидал хүргүүлжээ. Эдгээр 175 хүнээс ердөө 37 нь хариу илрүүлсэн гэнэ. Захидал хүргүүлсэн хариулаагүй төрийн өндөр албан тушаалтнууд дунд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нар багтаж байгаа аж.

“Олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эздийг олон нийтэд нээлттэй ил болгох шаардлага буй. Энэ нь зөвхөн уул уурхайн салбарыг хариуцах эзэнтэй болгохоос гадна нийгмийг эрүүлжүүлэх болно. Тухайн улсын байгалийн баялаг гэдэг нь тэнд харьяалалтай оршин сууж буй иргэдийнх нь өмч гэсэн үг.Тиймээс энгийн иргэд өмчөө ашиглуулсныхаа төлөө ашиг хүртэх хэрэгтэй.Уул уурхайн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын жинхэнэ эзнийг нь тодорхойлох хэрэгтэй байна” хэмээн ТАН-ийн гишүүн О.Баярсайхан хэллээ.

Өөрөөр хэлбэл, баялгийн салбарт “бенефициар” буюу олборлох салбараас ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Уг нь Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд нэгдэн орсон байдаг. Энэ хүрээнд “Олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг 2020 он гэхэд ил тод болгох амлалтыг авч, Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс “Замын зураг” төлөвлөгөөг олон талын оролцоотойгоор баталсан байдаг.

ТАН гишүүн Б.Баярмаа “Уул уурхайн салбарт асар их мөнгө хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө эргэлдэдэг. Жинхэнэ эздийг тодруулснаар хариуцлагыг чангатгах боломжтой. Тийм ч учраас тус салбарт хариуцлага юу юунаас илүү хэрэгтэй. Хариуцлагаа ухамсарлах юм бол байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд иргэд санаа зовохгүй байж болно” гэв.

Төрийн эрх барьж буй 76 гишүүнээс Х.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан нар хариугаа ирүүлсэн. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгийг АТГ-аас авсан ХОМ-ын мэдүүлэгтэй тулгаад үзэхэд асуудал гараагүй гэнэ. Гэхдээ тэдний зүгээс хэдийгээр хөрөнгө оруулгын мэдүүлэгт тодорхой зүйл тусгагдаагүй ч найз, нөхөд, гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан хувь хүртэж, хөрөнгө оруулдаг байж болзошгүй гэж тэд үзэж байгаа тул төрийн эрх мэдэлтнүүдийг мэдүүлгээ үнэн зөв өгөөсэй гэж хүсч байгаа аж.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ спорт

Хүрлийн төлөө манай дөрвөн жудоч хүч үзнэ

Индонезийн нийслэлд болж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг жингийн урьдчилсан барилдаанууд болж манай 4 жүдочид хүрлийн төлөө барилдахаар боллоо.

Тухайлбал, 73 кг-д Ц.Цогтбаатар Киргизийн бөх Р.Бектурд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол 81 кг: О.УуганбаатарТажикстан М.Акмалыг ялж, Казахстаны бөх Дидар Хамзад ялагдан дагах барилдаан хийж Узбекстаны жүдоч Шарофидин Болтабоев ялж хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдахаар болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч дараагийн тойрогт БНАСАУ-ын жүдоч Ким Жин А-д ялагдаж улмаар Хонконгийн бөх По Сум-ыг ялж хүрлийн төлөө Хятадын жүдоч Лу Тонгжуан-тай барилдана.Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч Вьетнамын Нген Нгок Дим Пуонг, Тайванийн Чен Юнтин-ийг тус тус ялж, Филиппинийн жүдоч Кеоми Ватанабе-д хожигдон хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдахаар болов.


Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал Киргизийн К.Айзханыг ялсан ч Узбекстаны жүдоч М.Гулноза-д ялагдаж, улмаар Филиппинийн жүдоч Мария Такахашиг ялснаар хүрлийн төлөө Казахстаны Бектаскизи Зэре-тэй хүч үзэхээр боллоо. Дашрамд дуулгахад, өнөөдөр үдээс өмнө манай эрэгтэй волейболчид Казахстаны шигшээ багтай тоглож 0:3-аар хожигдсон юм.

Кураш бөхийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн цагаар өнөөдрийн тэмцээн 14 цагт эхэлсэн. Манай улсаас Эмэгтэйчүүдийн 78 кг-д О.Мөнхцэцэг Индонезийн бөх Марселина Папара, Г.Минжинсор Тайванийн Ян Сенцутус тус барилдах бол эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Лүндээжанцан Тайванийн Юү Шан Ло, Б.Гончигсүрэн ТуркменистаныСанжар Абдирахманов-той тус тус барилдана.

Мөн өнөөдөр ширээний теннисний ганцаарчилсан төрөлд эрэгтэйд Ч.Эрдэнэбаяр, Э.Лхагвасүрэн, эмэгтэйдБ.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар тус тус тоглож байна. Энэ өдөр эрэгтэй дугуйн омниум төрөлд С.Жамбалжамцхурдаа сорьж байгаа юм.