Categories
мэдээ нийгэм

Үерээс үүссэн хохирлыг арилгахад 10.6 сая төгрөг зарцуулжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож, аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд он гарсаар 61 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, 8 хүний амь нас эрсдэн, 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ны өдөр Хутаг-Өндөр сумын төвд хүчтэй ширүүн бороо орсны улмаас уруйн үер бууж,нэг хүн нас барж, гурван иргэн бэртэж гэмтэн, 18 гэр урсаж, 409 толгой бог мал хорогдон, 103 хашаа нурж, 200 га тариалангийн талбай өртсөн байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд нийт 280 гаруй хүн, 51 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гэр хорооллын хашааг сэргээн засварлан, 801 айл өрх, 52 аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газарт нийт 255,319 м талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийжээ. Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад аймгийн Онцгой комиссоос 10,6 сая төгрөгийг шийдвэрлэн ажилласан байна.

Харин өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд аймгийн хэмжээнд малчдын хүчээр 88,5 мянган тн байгалийн хадлан, 1,2 мянган тн ногоон тэжээл, 8,4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1,6 мянган тан гар тэжээл, 8,2 тн давс, хужир, шүү бэлтгэхээр ажиллаж байна.

Газар тариалангийн хувьд үр тариа 56,424 тн, үүнээс буудай 54,984 тн, бусад үр тариа 1440 тн, төмс 4301 тн, хүнсний ногоо 1772тн, тэжээлийн ургамал 420 тн, тосны ургамал 2538 тн, жимс жимсгэнэ 40,5 тн-ыг тус тус хураан авахаар ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн дараа, аймаг, орон нутгийн удирдлагуудад, Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө, аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, дутуу орхисон ажлыг эрчимжүүлэх, хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдэж ажиллах, Засгийн Газраас хуваарилсан хөрөнгийн дагуу аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн тоо хэмжээг бодитоор гаргах, цаг уурын байгууллагаас гаргасан мэдээнд үндэслэн анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн улирлын үед нутаг дэвсгэрийн ямар чиглэлд хүндрэл үүсэх чиглэлээр эрсдэлийн зураглал гаргах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох шүүх хурал долоон хоногоор хойшиллоо

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 10:00 цагт товлогдоод байсан. Гэвч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа учраас долоо хоногоор хуралдааныг хойшлууллаа.

Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өмгөөлөгчийн хамт ирсэн байна. Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалж, Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм.

Эрүүгийн хуулийн 12.1.1-д:

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Categories
мэдээ нийгэм

39 суманд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн

Намрын улирал эхэлж байгаатай холбогдуулан малчид мал худалдан борлуулж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор мал, амьтны гоц халдварт өвчний голомт болон сэжигтэй бүс нутгаас мал тээвэрлэх явдал гарч болзошгүй тул Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө авч худалдан борлуулахыг анхаарууллаа.

Он гарсаар улсын хэмжээнд 12 аймаг, 39 сумд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамж гарч, энэ оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон бусад аймгуудаас мал амьтан авах, шилжүүлэн ирэх, тээвэрлэх, мал туух, аймгаас өөр аймаг, нийслэлрүү мал амьтны шилжилт хийхийг хориглосон юм. Мал, мах худалдан авч буй иргэдийг борлуулагчаас гарал үүсэл, холбогдох баримт бичгийг шалгаж байхыг санууллаа.
Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Зөвхөн ЗТХ-ийн сайдад нь биш, яамны удирдах бүрэлдэхүүнд нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Засгийн газрын гишүүдээс бусад УИХ-ын гишүүдийн дийлэнх нь амраад Төрийн ордон эл хульхан байна. Нэг хэсэг 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хий, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуул гэсэн шаардлагууд гарч байсан. Гэсэн ч гишүүд шаардлага тавьчихаад таг чиг болоод алга болчих юм?

-Бүх гишүүдийг амраад явчихсан гэх нь хаашаа юм. Гишүүд тойрогтоо ажиллаж байх шиг байна. ээлжит бус чуулган гишүүдийн ирцээс болоод хийх, хийхгүй тухай асуудал яригдаагүй гэж бодож байгаа. Ээлжит бус чуулган хийх шаардлага манай бүлгийн зарим гишүүдээс мөн энэ долоо хоногт Ардчилсан намын бүлгээс гарч эхэллээ. Ямар ч асуудал байж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Засгийн газрын зүгээс сахилга, хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангадаг гол байгууллагын хувьд шахаж байгаа юм. Тэр ч утгаараа бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг дахин хэлье. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага тавьсан гишүүдийн хүсэлтийг харж байхад ийм тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гээд хуульд заасан заалттай зөрчилдөж байгаа зүйлс байгаа юм билээ. Нийт гишүүдийн дөрөвний нэгээс дээш гишүүдийн шаардлагаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн заалт бий. Нөгөө талд нь ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд хуралдуулах вэ гэдэг заалт ч байгаа. Эдгээр нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм.

Хувь гишүүний хувьд ойлгосноор одоо ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэдэг шаардлага нь өөрөө хууль зөрчсөн харагдаж байна лээ.

-60 тэрбумын нийтийн сонсголыг та хэлээд байна уу?

-Ямар хүмүүс ямар асуудал тавиад хуралдуулна гээд байгааг хүн бүр мэдэж байгаа. 60 тэрбум ч гэнэ үү, нийтийн сонсгол ч гэнэ үү энэ бүхэн нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах заалттай нийцэхгүй л байгаа байхгүй юу. Тиймээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь хууль бус юм байна гэдэг үндэслэл харагдаж байна.

-Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаа хэлэлцэхгүй юм уу. Хоёр жил ярилаа. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхаасаа эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцоод явсан. Ээлжит бусаар л хэлэлцэхгүй бол намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэнэ гээд ачаалал их шүү дээ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцээд эхэлбэл зөвхөн Үндсэн хуулийг хэлэлцэж дуусгаад дараагийн асуудлыг хэлэлцэх хуулийн заалт бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвлөлдөх ардчиллаас эхлээд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээ авсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал санал авдаг төрийн хэдэн байгууллага бий. Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч гээд явна. Чуулган завсарлахын өмнө эдгээр субьектүүдээс санал авах бичгийг хүргүүлсэн. Бичгийн хариу ирсэн үгүйг мэдэхгүй юм. Тэр саналууд ирээгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэх боломжгүй юм. Саяхан би Д.Лүндээжанцан даргатай таарсан. Лүндээ дарга саналууд ирж гүйцсэн гэдэг зүйл хэлээгүй. Бид хоёрын хооронд Үндсэн хуулийн талаар яриа өрнөсөн болохоор саналууд ирж гүйцсэн бол түүнийгээ хэлэх байсан байх.

-УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. МАН ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь анхаарал татаад байгаа. Намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвших ёстой гэдэг байр суурь их байна л даа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Гадуур янз бүрийн таамаг яригдаж байгаа байх. Намын зүгээс албан ёсоор 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын эхээр дараагийн шатны асуудал буюу хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Надад ирсэн мэдээллээр олон шугамаар сонгуулийн өмнө хийдэг судалгаануудыг хийж байгаа юм билээ.

-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хүн амиа алдсан золгүй хэрэг гарлаа. Засгийн газар сахилга, хариуцлагыг сайжруулна гэдгийг та онцолсон. Дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа байна уу. Төрийн албаны нэр хүнд улам л унаж байна. Сайдад хариуцлага тооцоод л өнгөрчих асуудал уу?

-Засгийн газраараа ярьж байгаад бид зөвхөн сайдад нь биш, удирдах бүрэлдэхүүнд нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон. Сайдыг чөлөөлөх шийдвэр гарсан. УИХ-аар орох ёстой. Дэд сайд томилогдон ажилдаа орлоо. Мөн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг нь түр томилсон. Өмнө нь хийгдэхгүй байсан олон ажил энэ жил тус яаман дээр хийгдэж эхэлсэн ч харамсалтай нь ийм хэрэг гарчихлаа. Засгийн газар дээр бид сайдыг огцруулах асуудлыг ярихдаа цаашид алхам тутамдаа сахилга, хариуцлагатай байж, зөв явахгүй, хуулийн хүрээнээс гараад явчих юм бол хариуцлага тооцно шүү гэдгийг харуулсан үйлдэл болсон.

-Дараагийн сайд хэн байх вэ. Хэзээ томилох бол?

-Сайдыг УИХ-ын чуулганаар томилдог.

-Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хороо байгуулагдан ажиллаж байгаа. Ойг хэр өргөн дэлгэр тэмдэглэх вэ. Төсөв мөнгө гээд нэлээд зүйлс шаардлагатай болох байх даа?

-Засгийн газар хуралдаад Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хариуцах хороог байгуулан, Шадар сайд Ө.Энхтүвшин тус хороог ахалж байгаа.

Орлогчоор нь миний бие ажиллаж байна. Хороо хоёр удаа хуралдсан. Засгийн газрын зүгээс түүхт ойд нэлээд ач холбогдол өгч тэмдэглэхээр зорилт тавьсан. Монгол, Орос хоёр орны ард түмнийг холбож байгаа, Монгол Улсын түүхэнд томоохон байр суурь эзлэх, тусгаар тогтнол аюулгүй байдлаа тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар баталгаажуулах үйл явцын нэг хэсэг тул түүхэн талаасаа, ирээдүйд ач холбогдол нь алдагдахгүй байх ёстой үйл явдал юм.

Тиймээс Монгол Улс дангаараа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх биш, одоогийн ОХУ болон тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ч одоо тусгаар тогтносон улсуудын бүрэлдэхүүнийг оролцуулна. ОХУ-тай Халх голын түүхт ойг тэмдэглэх талаар ярьж байхад БНХАУ-ыг тодорхой хэмжээгээр оруулах асуудал яригдсан. Учир нь тэр үйл явцаас хойш манай бүс нутагт болсон түүхэн үйл явдлуудад тод мөрөө үлдээсэн тул ойг өргөн тэмдэглэхээр болсон.

ОХУ-ын зүгээс Халх голын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч байгаа. Тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзахад Монголтой ойрын болон дунд үед хийх ажлуудын төлөвлөгөөнд ач холбогдол өгч байгаа зүйлсийн нэг нь Халх голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэдгийг онцолж байсан. Түүнтэй би хоёр ч удаа уулзлаа. ОХУ-ын зүгээс ойд оролцох ажлын хэсгийг байгуулсан. Төлөөлөгчид нь ирж уулзсан. Есдүгээр сарын 20-ны үеэр Эрхүүд хоёр тал уулзаж хамтарсан төлөвлөгөө гаргах, төлөвлөгөө хэрэгжүүлэх, санхүүгийн асуудлаа ярилцана. Ойг зөвхөн Халх гол хавиар биш, Улаанбаатар хотод тэмдэглэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд, залууст түүхэн мэдээ, мэдээллийг хүргэх болно. Хүүхэд, залууст Халх голын байлдаан ямар ач холбогдолтой байсныг мэдүүлэх зайлшгүй шаардлагатайг олон талаас нь ойлгуулах ажлуудыг хийнэ. Тиймээс бид жилийн өмнөөс ажлаа эхлүүлж байна. Жилээс жилд уг дайнд оролцсон хүмүүсийн тоо цөөрч байгаа.

-Одоо ер нь Халх голын дайнд оролцсон хэдэн ахмад дайчин Монгол Улсад байна вэ?

-Халх голын дайнд оролцсон 20 хүрэхгүй ахмад дайчин Монгол Улсад үлдээд байна. Тиймээс энэ хүмүүсээ ойн арга хэмжээнд оролцуулах, залууст таниулж мэдүүлэх ажлуудыг хийнэ. Энэ бүхнийг тусгайлан төсөв гаргаж хийхгүй бол нэг яаманд хариуцуулаад хийчих ажил биш. Ойд хэдий хэмжээний төсвийг 2019 оны улсын төсөвт суулгах вэ гэдгийг өнөөдөр (өчигдөр) бид хорооны хуралдааны үеэр ярилцлаа.

-Төсөв мэдээж нэлээд их гарах байх. Хэд орчим байна гэж тооцож байгаа вэ?

-Төсвийн анхны саналаа өгсөн. Гэхдээ албан ёсоор эцэслээгүй. Шинэ үеийн залуус, хүүхдүүдэд хүртээмжтэй хийе гэвэл гарын үзүүрээр хийх боломжгүй. Эцсийн дүндээ хэдий хэмжээний мөнгө гарах вэ гэдгээсээ илүү түүхийн ач холбогдол, цаашид бид энэ асуудалд хэрхэн хандаж байх ёстой вэ гэдгийг тодорхойлоход чухал арга хэмжээ байх ёстой.


Categories
мэдээ нийгэм

Хангайн бүсийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт (2018.08.16-17) болж байна. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Архангай, Банхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцож байгаа юм.


Хангайн бүсийн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд нар тус зөвлөгөөнд оролцогчдод салбарт шинэ хөгжлийн үе эхэлж байгааг онцолж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, шинээр батлуулан хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад идэвхи зүтгэлтэй санаачлага гарган ажиллах чухал мөч салбарын хэмжээнд тулгарч байгааг хэлж, мөн энэхүү зөвлөгөөнөө ажил хэрэгч явуулснаар үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаа чиглэж байгааг илтгэл тавигсад онцоллоо.

2018 онд мал аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны зорилт эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат илтгэлдээ дурьдлаа. Ингээд Хүнс,Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Хангайн бүсийн зөвлөгөөнд салбарын яамнаас тавигдсан илтгэлүүдээс онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэе.

ХХААХҮЯамны ТНБДарга Д.Энхбат: Салбарын бодлого зорилт маш тодорхой, түүнийг хэрэгжүүлэх арга замуудаа харьцангуй сайн томъёолж тодорхойлоод ажил хэрэг болгож байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйд хөгжлийн шинэ үеийг авчрах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг та бидэнд оногдож байна. Энэ хариуцлагатай ажлыг бид чин сэтгэл, сахилга хариуцлага, зөв зохион байгуулалт, уйгагүй хөдөлмөрөөрөө хийж хэрэгжүүлж чадна. Та бүгд яг ийм сэтгэл зүрхээр ажилдаа хандаж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна

ХХААХҮЯамны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх: 2017 оны байдлаар мал аж ахуйн салбар нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 28 хувь нь тус салбарт ажиллаж, экспортын орлогын 6,6 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 169.7 мянган малчин өрх аж төрж, 303.6 мянган малчин, 3 мянган фермер бий. Мал аж ахуйн салбар нь 426 мянган тонн мах, 919,5 сая литр сүү, 96.7 сая ширхэг өндөг, 14.5 сая ширхэг арьс шир, 30.6 мянган тонн ноос, 10 мянган тонн ноолуур бэлтгэх түүхий эдийн нөөцтэй. 2018 оны тухайд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, малын ашиг шимийг сайжруулах, үржүүлгийн ажил, үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, малын эрүүл мэндийг хамгаалах, гоц халдварт, халдварт өвчингүй тайван бүс, нутгийг баталгаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах зэрэг олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ХХААХҮЯамны БТГ-ын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа: Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна

ХХААХҮЯамны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ: 2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна.Аймаг бүрээс ирүүлсэн мэдээдэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана. Ургац хураалтын хугацаанаас өмнө хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг зөвлөж байна.

ХХААХҮЯамны Хөнгөн ҮБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа: Салбарын хэмжээнд “Үйлдвэржилт 21:100″, “Ноолуур” гэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд эхнээсээ үр дүн нь гарч байна. Тухайлбал, 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын, Хөвсгөл аймагт хуурай сүүний, Дархан-Уул аймагт шингэн бордооны үйлдвэр байгуулсан. Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт тус тус хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Мөн Баянхонгорт аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад орууллаа. Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулах юм

ХХААХҮЯамны Хүнсний ҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох: 2018 онд хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрийн технологийн түвшинг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын чадавхийг сайжруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн менежментийг боловсронгуй болгох, Монгол Улсаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна

ХХААХҮЯамны ЖДҮХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа: Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэсэн ангиллыг бий болгож, үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгож, бүсчлэн хөгжүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, татварын таатай орчныг бүрдүүлэх зорилготой олон шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Түүнчлэн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрт “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн концепцийг суулгаж байгаа бөгөөд баг, хороо, сум, дүүрэг, аймагтаа брэнд бүтээгдэхүүнээ зарлаж, улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэж харж байна

ХХААХҮЯамны МҮББХЗГ-ын мэргэжилтэн Ц.Түмэнбаяр: Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой мал байна. Үүнээс, Сэлэнгэ аймагт орхон үүлдрийн нарийвтар ноост, хангай үүлдрийн нарийн ноост, ерөө үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт баянгол омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт жаргалант үржлийн хэсгийн нарийвтар ноост, алтанбулаг үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлж байна. Энэ онд малын үржил, бүртгэлийн салбарын тухайд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлах таниулах, үржилд ашиглаж буй хуц, ухныг мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлж, гойд ашиг шимт, шилмэл малыг баталгаажуулах, Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем бий болгох зэрэг тодорхой зорилтууд дэвшүүлсэн

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хаалттай шүүнэ

Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болох тов зарлагдсан.

Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах бөгөөд улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох аж.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм.

Эрүүгийн хуулийн 12.1.1-д:

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, топ-10-т багтжээ

Британийн сэтгэл судлалын доктор Ричард Линн, Финляндын улс төрийн шинжлэх ухааны профессор Филан Тату Ванен нар 2002-2006 онд дэлхийн 80 гаруй оронд IQ (Intelligence Quotient буюу Оюуны итгэлцүүр)-ийн судалгаа явуулжээ.

Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улс (дундаж IQ 101) нь дээрх жагсаалтад багтаж буй бусад орнуудтай адил хөгжөөгүй ч гайхалтай дээгүүр байр эзэлж байгаа талаар “The Asia Russia” http://asiarussia.ru/news/20289/ цахим хуудаст мэдээлсэн байна.

Эдийн засагт нь мал аж ахуй, хөдөө аж ахуй чухал үүрэгтэй хэдий ч Монгол Улс Норвеги, АНУ, Франц, Дани, Австрали зэрэг улстай IQ-гээрээ ижил түвшинд байгаа юм.

Оюуны чадавхиараа тэргүүлэгч ТОП-10 орны жагсаалтад Монгол Улс (Исланд, Швейцарьтай хамт зургадугаар байрт)-аас гадна дараахь орнууд багтжээ.

1. Хонконг

2. Сингапур, Өмнөд Слонгос

3. Япон, Кятад

4. Тайвань

5. Итали

6. Исланд, Монгол, Швейцарь

7. Австри, Люксембург, Голланд, Норвеги и Их британи

8. Канад, Эстони, Финлянд, Герман, Польш и Швед

9. Андорра, Австрали, Чех, Дани, Франц, Унгар, Латви, Испани, АНУ

10. Белорусь, Мальти, Орос, Украин.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн соёрхолт С.Сүхбаатар: “Ээрүүлт” бүжгээрээ Ц.Сэвжид гэдэг хүн бүжиг дэглээчээс гадна гүн ухаантан болохоо харуулсан

Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.


-Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид гэж их хүний бүтээлүүд зуун дамнан бишрэгдсээр байгаагийн нууц нь юундаа байна?

-Малчин ухааныг магтан дуулсан нь Ц.Сэвжидийн уран бүтээлийн онцлог гэж би ойлгодог. Ардчиллыг аав маань үзэж чадаагүй. Ганцхан бурангуй намын үзэл бодолд баригдаж явсан юм. Багш маань шашны ёс дэг, уламжлал, малчдын амьдралын ахуйг хаачихсан байсан үед ахуй амьдралаасаа сурсан зүйлээ өөрийн ухаанаараа хөгжүүлж гаргаж чадсан хүн. Бүжиг дэглэнэ гэдэг бол уран бүтээлчийн сэтгэхүйн асар их ураар бүтдэг. Тэр хүний хөдөлж буй хөдөлгөөнүүдийг гаргаж чадаж байгаагаараа урлахуй болж байдаг. Хүний хийж буй хөдөлгөөнийг агуу бүжиг дэглээч, найруулагчид урлагаар сэтгэн гаргаж, урлахуйн ухаанаараа гоё сайхан хөдөлгөөнүүдийг нь авч ард түмэнд үзүүлдэг. Үүгээрээ бүжиг дэглээчид гоо зүйн асар их мэдлэгтэй, соён гэгээрчихсэн хүмүүс гэдгээ харуулдаг. Тэр хөдөлгөөнөөрөө гүн ухааныг бий болгож байдаг. Тиймээс бичиглэхүйн ухаан бол биет ухаан юм. Гэсэн мөртлөө аваад бичих гэхээр биегүй юм шиг. Ц.Сэвжид багшийн нэг онцлог нь биелгээ гэдэг хөдөлгөөнийг хүн өөрөө бүтээдгийг гоо сайхнаар харуулж чадсан. Жирийн нэг монгол бүжигчин гадаадад очоод монгол бүжгээ бүжиглэхэд ямар ч үзэгч алга ташдаг. Монгол бүжгэнд ямар ур ухаан шингэсэн байгааг харуулсан жишээ шүү. Ц.Сэвжидийн “Саальчин”, “Адуучин”, “Эрүүлчин” таван тивийн ямар ч хүн хараад шууд ойлгодог.

-Сэвжид дэглээчийн “Хатад”, “Ноёд”, цамын бүжиг бүжгийн урлагийн түүхэнд тод үлдсэн. Хуучин нийгмийн үед хаад хатдын, шашны бүжиг дэглэж тавина гэдэг бас л ур ухаан шаардсан ажил гэж урлагийнхан ярьдаг…?

-Хаад, хатдынхаа тухай, дэлхийн анхны шашин болох бөө мөргөлийн тухай, бурхан шашны тухай бүтээл хийж болдоггүй үеийг бүх урлагийн хүмүүс туулсан. Тэр үедээ түүх, уламжлалаа харуулсан бүтээлээ хийж чадаагүй, хийсэн ч даруйхан хийгээд өнгөрсөн. Түүнээс даруйхан хийсэн хэдхэн бүтээлийг өнөөдөр магтан дуулж байна л даа. Шашинтай холбоотой юм хийж болохгүй цаг байсан нь үнэн. Хүн төрөлхтний анхны шашин болох бөөгийн шашинд ямар гүн ухаан байсныг одоо ярьж эхэлж байна. Үүнийг Ц.Сэвжид болон тэрний өмнөх үеийнхэн тайзных болгож хийснээрээ мөнхжүүлчихсэн. Хэрэв аав минь ардчиллыг харсан бол өөр ямар сэтгэхүйгээр уран бүтээлээ хийх байсан бол гэсэн бодол төрдөг шүү.

-Шашныг гойд үгүйсгэсэн тэр үед цамын бүжиг нь ч бас зоригтой шийдэл шүү. Тухайн үедээ хавчигдаж л байсан байх?

-Өөрийнхөө хүмүүжсэн бурхны шашны тухай уран бүтээл хийх гэхээр хаалттай байсан гэдэг нь үнэн л дээ. Хэрэв шашны ёс дэгтэй бүжиг хийсэн бол буудуулаад Толийн хийд шигээ үгүй болох байсан байх. Миний өвөө ч гэсэн хийдтэйгээ адил болсон доо. Манай хамаатан дунд лам хүн олон байсан. Нутгийнхаа ургамал ногоог түүж эмчилдэг домч хүмүүс байсан ч бүгд үгүй болсон. Бүжгийн урлаг дандаа сайн сайхныг харуулдаг. Аавын хийсэн зүйлсэд маш их ухаан шингэсэн байдаг. Хүүхдэд зориулсан “Хүүхэлдэй”, “Загасчин” бүжгүүд нь мөн л амьдралд байдаг зүйлээс сэдэвчилсэн. “Муур багш” бүжгийг гарахад олон хүн шүүмжилсэн ч баталж чадаагүй. Муу санаатай хүнийг муур багшийн дүрээр төлөөлүүлж, хүнийг муухайгаар хорлодог тэр санааг харуулсан юм. Социалист нийгмийн үед олон уран бүтээлчид нийгмээс хавчигдаж, буруудаж байсан. Тэр хүмүүсийн нэг нь манай аав. Гэхдээ уран бүтээлээ зоригтой хийж чаддаг орон зайгаа надад үлдээсэн. Хүннүгийн үе, Монголын эзэнт гүрний хаад, хатад, ноёдын тухай хийсэн бүтээлийг нь хараад би тэр уламжлалыг нь таслалгүй бүтээлээрээ үргэлжлүүлсэн. Дараачийн үе маань таслахгүйгээр авч үлдэж байна. Бид хүний золиос болж үлддэг тавилантай улс юм. Хүний хийж байгаа муу, сайн үйлийг бид хөдөлгөөнөөрөө дамжуулан өөрсдөд нь урлахуйн ухаанаар сайныг сайхнаар, мууг нь муухайгаар харуулж байна. Миний бүтээлийг төр засгаас болиулах гэж оролдох үед би их уурласан юм. Тэр үед аав “Зөөлөн нь хатуугаа дийлдэг юм” гэж хэлж байсан удаатай.

-Ахуйгаас сэдэл авч дэглэж тавьсан “Адуучин”, Саальчин” бүжгүүдийг аль ч улсын хүн ойлгоод байгаагийн цаад учир нь юундаа байна?

– Миний аав монгол хүний ахуй амьдралыг дэлхийд үлдээхийн тулд “Адуучин”, “Саальчин” бүжгүүдийг дэглэсэн. Малчны ахуй амьдрал, арьс шир, ноосоор үйлдвэрлэл хийж байгааг харуулсан бүжгүүд л дээ. Малчдыг би сэхээтэн гэж хэлнэ. Тэд гэртээ үйлдвэрлэлийг байгуулж чадсан. Энэ бас л урлахуйн ухаан. Тэгэхээр бид бүгдээрээ урлахуйн ухааны авьяастай. Түүнийгээ уран сайхан болгож тайзан дээр амилуулах үүрэг нь уран бүтээлч бидэнд оногдсон юм. “Та нар үүнийг дэлхийд уран бүтээлээр баяжуулж, гоо сайхан болгож хийж үзүүл” гэсэн үүргийг хүлээсэн улс нь бид. Энэ үүргээ биелүүлэх гэж л зорьж явна.

– Аав тань багадаа аавынхаа нөлөөгөөр Толийн хийдэд шавилж байж. Тэндээс сурсан шашны ёс дэг дэглэсэн бүжигт нь шингэсэн нь харагддаг гэж нэгэн урлаг судлаач хэлсэн байсан. Өвөөгийнхөө тухай дурсаач?

-Өвөө маань Буд гэж лам хүн байсан юм. Багадаа өвөөтэйгээ нэг өрөөнд амьдардаг байлаа. Өвөөгийнхөө дэргэд үймүүлж дургүйг нь их хүргэдэг байж билээ. Аав минь цамын бүжиг, дэг жаягийг нь ярьж өгөөсэй гэсэндээ өвөөг надтай хамт байлгадаг байсан юм билээ. Тэр үед аав аль эрт нутагтаа энэ бүхнийг сурчихсан байж. Аавыг төрөх үед Монголд Амар баясгалант, Толийн зуу гэсэн хоёрхон хийд байсан гэдэг. Чиний асуусанчлан аав багадаа Дорноговийн аймгийн Толийн зуу хийдэд шавилж байсан юм. Хийдэд шавилна гэдэг тухайн үеийн дээд сургуульд сурч байна гэсэн үг л дээ. Тухайн үедээ сүм хийдүүд соён гэгээрүүлэх сургууль байсан юм. Бурхны шашны хийдэд төвд, манж, хятад, монгол бичгийн бүх судар байсан. Ийм том өвийг устгасан нь асар том гуниг. Од гариг, хими, физик, анагаах ухаан бүгд л тэнд байлаа шүү дээ. Толийн зуу асар олон лам нартай том хийд байсан гэдэг. Бүр Догшин ноён хутагт Данзанравжаа Толийн зуу хийдэд тансаг яруу найргаа бичиж, театр гэдгийг байгуулж явсан түүхтэй. Өнөөдөр аав маань байсан бол баярлах л байсан. Бас гомдох байсан. Дахиад хэлэхэд тэр хүн соён гэгээрүүлэх асар том хийд, том театрт амьдарч байсан. Театр гэдэг чинь уран барилга, сийлбэр, бурхны дүрээр хүний биеийн хөдөлгөөнийг гаргаж харуулснаараа урлахуйн ухааны төв юм. Харамсалтай нь хүний бүтээсэн тэр урлагийн барилгыг устгаж, үгүй хийчихсэн.

-“Ээрүүлт” бүжгийг хорь гаруй жил бодож байж тайзнаа амилуулсан гэдэг. Бүжгүүдээ их л судалж бясалгаж дэглэдэг байжээ дээ?

– Адуучин аав, саальчин бүсгүй, ээрүүлээ ээрдэг эмэгтэй, сүүгээ самардаг ээж нь багшийн сэтгэхүйд үлдээд түүнийгээ урлагаар мөнхөлж үлдээж чадсан хүн л дээ миний аав. Багш “Ээрүүлт” бүжгийг дэглэхдээ багаасаа бодож байж дэглэсэн гэдэг юм. Ингэхдээ шашны номд гардаг 21 Хандмаа нараас санаа авсан байдаг. Ертөнцөд хүн бий болсноос хойш л ээрүүлийг нэг хүн сэтгэж олсон байж таарна. Тэр сэтгэгч нь нэг эмээ, нэг эмэгтэй л байгаа байх. Хонь, тэмээний ноосыг яаж эргүүлэхээр эрчлэгдэж утас болох вэ гэдгийг мэдэрнэ гэдэг бол тухайн хүний сэтгэхүйн ухааныг эзэмшиж чадсаныг харуулж байна. Тэгээд тэр ээрүүл зуун зууныг дамжаад XX зуунд ирж байна гэдэг чинь дэлхийн гайхамшгийг бүтээчихсэн гэсэн үг. Тиймээс л дэлхийд ганцхан “Ээрүүлт” бүжгийг дэглэсэн хэрэг. Энэ бүжгийг дэглэсэн болохоор Ц.Сэвжидэд Төрийн шагнал өгсөн юм. Харин өнөө үед ээрүүл гэдэг зүйл алга болж байна. Эмгэн хүн л ээрүүл ээрдэг гэж бодоод байх шиг. Өнөөдөр “Ээрүүлт” бүжгийг устгах гээд тайзнаа тоглуулахаа больсон. Энэ бол үхэл рүүгээ ойртож байгаа монголчуудын зан юм. Ийм ээрүүл гэж байсан шүү гэдгийг урлагаар үзүүлж чадсан байхад ард түмэнд үзүүлэхгүй байна. Нөгөө талаар ингэж үлдээж чадсанаар Ц.Сэвжид гэдэг хүн бүжиг дэглээчээс гадна гүн ухаантан гэдгээ харуулсан.

– Ц.Сэвжидийн бүжгийг тайзнаа тоглуулахаа больсон, түүний бүжгүүд мартагдах гээд байна гэж та сая ярилаа. Яагаад гэж асуумаар байна?

– Бүтээлийг бий болгож чадаагүй хүмүүс удирдах албан тушаалд очихоор бид яах юм бэ. Дээр үед биднийг намд элс гэдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ олон намаас болж төр баларч байна. Үүнээс болж бүжгийн урлаг орхигдож байна. Хуучин ЗХУ-ын алдарт бүжиг дэглээч Игорь Мойсеевийн бүжгийн чуулга гурав дахь удаагаа Монголд ирж тоглосон. Анх 1942 онд ирж байсан юм. Түүний дараа 1970-аад онд хоёр дахь удаагаа ирэхэд нь би үзэж байсан. Энэ онд гурав дахиа ирэхэд нь би дахин үзсэн. Тэгэхэд анх үзэж байсантай яг ижил тоглолт болсон. Игорь Мойсеевийн 100 жилийн ойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин “Оросын ард түмнийг дэлхийд тунхагласан Игорь Мойсеевийн өмнө би ард түмнийхээ өмнөөс мэхийн ёсолъё” гээд өвдөг сөгдөн ёсолж байсан шүү. Гэтэл манай төрийн тэргүүнүүд эх орноо худалдаад, ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байна.

– Аав тань таны багш. Багшийн хувьд их хатуу хүн байсан гэх юм билээ?

– Багшийн хэлсэн хатуу үгийг сонсож байсан хүмүүс нас тогтсон хойноо “Миний төлөө, миний амьдралын төлөө, намайг сайн бүжигчин болоосой гэсэндээ тэгдэг байжээ” гэж надад хэлдэг. Энэ бол Ц.Сэвжидийн мөн чанар юм. Бүжиг дэглэгч бүжгээ л боддог болохоос биш “Бид энэ хүнд багшилж, сурган хүмүүжүүлж байна” гэдгээ боддоггүй. Ний нуугүй хэлэхэд бүжиг дэглээч гэдэг хүнийг би гарцаагүй багш хүн гэж боддог. Тэр дундаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш хүн юм. Бусад дуучид, хөгжимчидтэй яаж хамтран ажиллах талаараа заахаас эхлээд багш хүний үүргийг гүйцэтгэж байдаг. Ц.Сэвжид бүжиг дэглээч боловч урлагийн том тайзан дээр “багш аа” гэж дууддаг байсан. Өнөөдөр намайг олон хүн багшаа гэж дууддаг. Тэгсэн хэрнээ багш нар юм уу, боловсролын баяр болоход биднийг мартчихдаг. Өнөө хөгжмийн багш, дууны багш, бүжгийн багш нарыг чинь хаячихдаг байхгүй юу. Миний мэдэхэд зуугаад жил бүжиг дэглээч нарыг боловсролын сэхээтэн хүн гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Бид чинь урлагийн гүн ухаан, сэтгэхүйн ухааныг судлан алдагдсан байхгүй болсон зүйлийг бий болгоод шинжлэх ухааных нь талаас заадаг юм.

– Ц.Сэвжид гуайг Монгол бүжгийг гуравдагч ертөнцөд үнэлүүлэх гэж явж байхдаа бурхан болсон гэдэг. Энэ талаар?

– Монголын зан заншлыг бүжгээр дамжуулан гаргаж чадаж уу, бүжгийн хөгжил хаана хүрсэн байна вэ гэдгээ социалист орнуудаар явж үзчихээд Италид 1988 онд очиж тоглосон. Тэндээс Монголын бүжгийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрч чадсан юм байна, монгол ахуйг дэлхийн түүхэнд үлдээж чаджээ гэдгээ мэдээд өөд болсон. Тэгэхдээ “Монголын балето” нэрийг авч чадсан юм. Монгол бүжиг бол балет гэсэн тодорхойлолтыг авч чадсан.

Дэлхий монгол бүжгийг сонгодог гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Италичууд ардынхаа дууг дэлхийн сонгодог дуурь болгож чадсан. Италийн бүжгийн урлаг судлаачид Монголын бүжгийг дэлхийн бүжигтэй энэ зэрэгцэн явйж чаджээ гэдгийн тэмдэглэн үлдээсэн байдаг. Италид тоглолтоо хийгээд Германд явж байхад аавын бие муудсан юм. Тэр үед Ю.Цэдэнбал гуай утсаар холбогдож “Энэ хүнийг заавал амьдаар нь авч ирэх ёстой шүү” гэж үүрэг өгч байсан.

– Монгол бүжиг ахуйгаасаа эхлэлтэй. Тэгвэл Монгол ахуйгаа мэдэхгүй уран бүтээлчид бүжиг дэглэх тохиолдол байна уу?

Ахуйгаа мэдэхгүй бүжиг дэглээч, урлаг судлаачид байгаа. Бүжиглэхүйн ухааныг биедээ шингэтэл авч үлдээгүй, ахуй амьдралаа очиж судлаагүй, юмыг гардан хийж үзээгүй байж судлаач, шинжээчид гээд явдаг хүмүүс бий. Энэ байдал сүүлийн үед бүр нэмэгдэж байна. Би бүжиг дэглээч, найруулагчдыг шүтэн биширдэг. Өмнөх үе, өөрийнхөө үе, дараачийнхаа үеийг мэднэ. Эд нар бол сэтгэхүйн ухааныг шинжлэх ухаантай нь хослуулж чаддаг хүмүүс.

Тэд нарын хаана ч хүрэхгүй улсууд дарга нь болчихсон, доктор, профессор гэсэн цол авчхаад явж байна. Ердөө бүжгийн жижиг элементийг хэлж мэдэхгүй тийм хүмүүс бүжгийн судлаач хийх нь эмгэнэлтэй. Өнөөдрийн алдар цолтой бүжгийн салбарын эрдэмтэд, багш нарыг би гайхдаг. Би хэлж чаддагаараа тэр улсуудтай мэтгэлцээн хийе гэхээр ирэх хүн байдаггүй. Би жирийн малчин, ажилчин ард түмний өмнөөс мэтгэлцье гэдэг юм. Ийм худал дипломын голууд дүүрэн байна. Юу хийсэн, юугаараа докторын зэрэг хамгаалдаг юм бол доо. Агуу бүжиг дэглэгчид, багш нарын хийж бүтээснийг хуулбарлан биччихээд эрдэмтэн цол аваад байх юм.

– Хойч үеэ ямар уран бүтээл хийгээсэй гэж та хүсч байна вэ?

– Өнөөгийн улстөрчдийн увайгүй үйлдлийн хошин шогийнхон уран бүтээлээрээ егөөдөж байгаа шиг бүжиг дэглээчид дэг хийж чадахгүй байна. Ийм төрлийн сэдвээр бүжиг хийж чадах дэглээчтэй болоосой гэж би хүсдэг. Болдогсон бол би өөрөө хийчихмээр санагддаг. Гэхдээ би өөрөө түүхэн баатрууд, жанжид, эзэн хаадын тухай дагнан бүтээлээ хийдэг учраас өөр төрөл рүү ормооргүй байна. Минийхээс өөр төрлөөр дараачийн үеийнхэн минь бүтээлээ хийгээсэй гэж боддог.

Харин Ц.Сэвжид гэдэг хүн хаад, хатад, шашны тухай хийж болохгүй байсан учраас ахуй амьдралын тухайн бүтээлүүд хийсэн юм. Ахуй амьдралаас зөвийг нь олж хийж чадсан, бас шүүмжилж чадсан. Хүүхдийн уран бүтээл дунд ихэнх шүүмжилсэн зүйлс нь байдаг.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

“Үндэсний цом” тэмцээний сугалаа явагдлаа

Монголын Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хөлбөмбөгийн “Үндэсний цом” 21 аймгийн АШТ энэ сарын 17-26-нд Төв аймгийн Зуунмод хотод болно. Өчигдөр тус тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа явагдаж, тэмцээнд оролцох мэдүүлгээ өгсөн 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллоо. Сугалааны өмнө МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан тэмцээний талаар товч танилцуулж, сахилга бат, шударга өрсөлдөөн үзүүлэхийг гол үүрэг болгосон юм.

Үүний дараа ОУХБХ-ны шүүгчид болох Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр нар тэмцээний дүрэм журам, шүүлтийн талаар танилцууллаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд хагас шигшээд үлдсэн Дархан-Уул, Увс, Орхон, Дорнод аймгууд хэсэг тус бүрийг толгойлжээ. Ингээд сугалааны үр дүнг танилцуулбал:

“А” ХЭСЭГ:
1. Дорнод
2. Дорноговь
3. Баянхонгор
4. Говь-Алтай

“В” ХЭСЭГ:
1. Увс
2. Ховд
3. Сүхбаатар
4. Говьсүмбэр

“С” ХЭСЭГ:
1. Дархан-Уул
2. Сэлэнгэ
3. Хэнтий
4. Өмнөговь

“D” ХЭСЭГ:
1. Орхон
2. Төв
3. Хөвсгөл
4. Булган

Тэмцээний эхний 2 өдрийн хуваарь:

08.17 10:00 Дорнод – Говь-Алтай
08.17 12:00 Дорноговь – Баянхонгор
08.17 14:00 Увс – Говьсүмбэр
08.17 16:00 Ховд – Сүхбаатар

08.18 10:00 Дархан-Уул – Өмнөговь
08.18 12:00 Сэлэнгэ – Хэнтий
08.18 14:00 Орхон – Булган
08.18 16:00 Төв – Хөвсгөл

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” ном вьетнам хэлээр хэвлэгдэн гарлаа

АНУ-ын зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” буюу “Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” хэмээх бүтээл анх удаа вьетнам хэлээр хэвлэгдэн гарсан байна.

Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж “Omega Boo JSC” хэвлэлийн компанид хэвлүүлэн нийтийн хүртээл болгож Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлжээ.

Тус ЭСЯ Ханой хот дахь дипломат төлөөлөгчийн газруудын номын клубуудтэй харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байдаг. Энэхүү бүтээл вьетнам хэлээр орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа ажээ.