“Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус сургалтад нийт 4500 мянган оюутан залуус хамрагдаад байгаа юм.
Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн долдугаар зүйлийн 7.6, 7.7, 7.8, 7.9 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журам, Батлан Хамгаалахын сайдын энэ оны А/10 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын энэ оны А/103, дүүргийн Засаг даргын энэ оны А/107 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн таван их дээд сургуулиас хүсэлт гаргаж, болзол, шаардлага хангасан оюутнууд эрүүл мэнд, бие бялдрын шалгалтад тэнцэж, “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагддаг.
Оюутан цэргүүд дөрөвдүгээр сарын 01-нээс онолын сургалтад, зургадугаар сарын 15-наас цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтуудад хамрагдаж, сургалтуудын хөтөлбөрийг бүрэн хангаснаар Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн хээрийн сургалтын төвд цэргийн тангараг өргөжээ.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат, Нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар болон их дээд сургуулиудын захирлууд оролцсон байна.
Оюутан цэрэг” сургалт цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж, эрчимжүүлсэн вакум сургалтыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, ”Цэргийн мэргэжлийн бэлтгэл” хичээлийг дасгал дадлагын аргаар дахин давтан сургадаг сургалтын шинэ арга зүйтэй сургалт юм.