“СТАРТАП МАРКЕТИНГ СПЭЙС” төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяатай ярилцлаа. Тус төв нь Монголд хоёр дахь жилдээ зохиогдож буй “Сийдстарс Улаанбаатар 2018” олон улсын тэмцээний зохион байгуулагчаар ажиллаж байна.
-“Сийдстрас Улаанбаатар” тэмцээн хоёр дахь жилдээ зохиогдож байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс ямар онцлогтой болж байгаа вэ. Тэмцээний талаар товчхон танилцуулга хийхгүй юу?
-Өнгөрсөн оны зургаадугаар сард “IT Zone” компани Монголд анх удаа энэ тэмцээн оруулж ирсэн. Харин энэ жил зохион байгуулагч газраас нь гарааны бизнесийг дэмждэг төвд нь хариуцуулах нь зүйтэй гэж үзэн манай төвийг сонгосон. Бид албан ёсны эрхийг авсан. Энэ сарын 16-18-ны өдрүүдэд энэ тэмцээн маань болно. Нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид бүртгүүлснээс шилдэг есийг шалгаруулаад байна. Уг нь шилдэг 10 бизнесийг шалгаруулах байсан ч ихэнх төслүүд шаардлага хангаагүйн улмаас ийнхүү есийг шалгаруулсан юм. Эдгээр есөн байгууллагыг Монголын шилдэг гарааны бизнесүүд гэж ойлгож болно. Багууд энэ сарын 10-ныг хүртэл онлайнаар бүртүүлж, үүнийг нь Швецарь дах хөрөнгө оруулагчид шүүн шалгаруулалтаа хийсэн. Ерөөсөө Монголын талаас ямар ч оролцоогүйгээр шилдгүүдийг шалгаруулсан гэсэн үг. Шилдгүүдийн дундаас ялагчийг энэ сарын 18-ны өдөр тодруулахаар болсон.
-Ялагчийг ямар зарчмаар шалгаруулах вэ. Шагналын сангийн талаар ярихгүй юу?
-Шүүгчдийн өмнө өөрийнхөө бизнесийг таван минутын дотор танилцуулах ёстой. Дараа нь шүүгчдийн асуултад хариулна. “ICT” группын гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, Юнител группын ТУЗ-ийн дарга Р.Ганболд, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, “Анд Глобал” ХХЗ-ны Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан, “Montgomery Fitch and Associates” компанийн Гүйцэтгэх захирал А. Луйс болон миний бие шүүгчээр ажиллана. Гарааны бизнесийн гол тоглогчид бүгдээрээ нэгдэж ажиллаж байгаа нь энэ жилийн онцлог юм. Ялагч гарааны бизнес 2019 оны 4-р сард Швейцарь улсад болох “Seedstars Summit” –д оролцон нэг сая хүртэлх ам.долларын санхүүжилт авахын төлөө өрсөлдөх эрхийг авах юм. Энэ нэг сая долларын талыг нь Сийдстарсаас гаргадаг бол үлдсэн хэсгийг гарааны бизнесийг дэмжигч Apple, Amazon зэрэг байгууллагаас санхүүжүүлдэг. Мөн RackCorp, ICT Group, IWFCI байгууллагуудаас өөрийн нэрийн 1,000,000 төгрөгийн шагнал өгөхөөр болсон.
-Гарааны бизнесийн шалгаруулдаг дэлхийн шилдэг тэмцээн гээд байгаагийн учир юу вэ?
-Зөвхөн хөгжиж буй орнуудад болдгоороо онцлогтой. Хөгжиж буй улс орноос алмаз, шигтгээг нь хайдаг юм. Зургаан жилийн өмнөөс 70 гаруй улсад зохиогдох болсон. Ингэхдээ бүс бүсээрээ өрсөлддөг. Манай орны хувьд Европ-Төв азийн бүсэд харьяалагддаг. Эндээс шалгарсан баг маань өөрийн бүсийн бусад орнуудын багтай харилцан туршлага солилцож, нэг сая долларын төлөөх тэмцээндээ оролцдог уламжлалтай. Манай оронд сүүлийн хоёр жилд зохиогдох болсон нь дотоодод гарааны бизнес цэцэглэн хөгжиж, инноваци, технологи ихээр яригдах болсонтой холбоотой. Тэгэхээр боломжийг энэхүү тэмцээн маань олгож байгаа юм. Энэ тэмцээнд түрүүлсэн багт шууд нэг сая долларын хөрөнгө оруулалт ордог. Мөн заавал түрүүлэхдээ гол нь биш шилдэгт багтаж чадсан тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх, түншийн харилцаа тогтоох боломжтой. Яагаад гэвэл шинэ гарааны бизнест хөрөнгө оруулах бизнес эрхлэгчид уг тэмцээнийг ихэдсонирхож байдаг юм.
-Шилдэг есөд шалгарсан бизнесүүдийг хараад байхад оюун ухаанд суурилсан технологийн компаниуд байгаа нь ажиглагдлаа. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ жилийн тэмцээнийг маань эмэгтэй бизнес эрхлэгч болон технологийн гарааны бизнесийг дэмжих зорилгоор эхлүүлсэн. Энэ нь дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн бизнесийн дэмжих чиг хандлага давамгайлах болсонтой холбоотой. Тиймээс бид эмэгтэйчүүдийг энэ тэмцээнд татан оролцуулахыг зорьсон. Гэтэл манайд гарааны бизнесийн компаниуд маш цөөхөн байна. Зөвхөн дотоодод биш олон улсад энэ бизнес хэр хөгжиж, үр ашигтай ажиллаж чадах вэ гэдгийг хардаг учраас Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд маань шалгарч чадаагүй. Тэгэхээр дараа дараачийн жилүүдэд энэ шалгуурт нийцэхийн тулд анхаарах зүйлүүдээ одооноос эхлэн бэлтгэх ёстой. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй бизнес эрхлэгчид дээрх шалтгаанаар бүдэрсэн. Шилдэг есөн бизнест технологийн санаанууд шалгарсан ч дараагийн тэмцээнүүдэд мал аж ахуй, органик бүтээгдэхүүнүүдээ шалгаруулахын төлөө ажиллах хэрэгтэй.
-Нийтдээ энэ тэмцээнд 40 гарааны бизнес бүртгүүлсэн байсан. Энэ тоо өнөөгийн манай бизнесийн салбарт чамлахаар тоо биш байх гэж бодогдож байна. Гарааны бизнест ямар салбар зонхилж байна вэ?
-Хүний нөөцийн чадвар, юмыг шинэ соргогоор хүлээж авах чадвар сайжирсан учраас гарааны бизнесүүд нэмэгдэх болсон. Ингэхдээ дийлэнх нь технологийн компаниуд гарч ирж байна. Ямар нэгэн цаг хугацаа, орон зай үл хамааран хэрэгжиж, дэлхийд гарах боломж нь илүү байгаатай холбоотой байх. Үүнээс гадна янз бүрийн хувцасны үйлдвэрлэл, дизайны компаниуд шинээр гарах боллоо. Үндэсний хэв маягийг шингээсэн орчин үеийн хувцас үйлдвэрлэлийн компаниудын бүтээгдэхүүн гадагшаа экспорт хийгээд эхэлсэн байх жишээтэй. Дээрээс нь олон улсын стандартад нийцсэн гоо сайхны органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл зах зээлд нэвтэрч, хөгжих хандлагатай байна. Эх орныхоо түүхий эдийн стандартад нийцүүлэн боловсруулахгүй юм бол гадагшаа гарч чадахгүй. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй гэвэл гадныхнаар хийлжүүлж эх орны брэндээ гаргах боломжтой. Дэлхийн томоохон хувцасны дизайнаа өөрсдөө гаргадаг болохоос биш, аль хямд үйлдвэрт захиалж оёулдаг болсон. Тэгэхээр үндэсний брэнд гаргахын тулд бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагагүй гэж би зөвлөж хэлмээр байна. Технологийн компаниуд эхнээсээ гараад эхэлчихсэн, цаашаа тасралтгүй хөгжих нь тодорхой.
-Танай төв гарааны бизнесийг дэмжих, маркетинг боловсруулах тал дээр хамтран ажилладаг. Шинээр бизнес эрхлэх гэж буй залуус ихэвчлэн юун дээр алддаг вэ?
-Сайхан дэврүүн хүсэл мөрөөдөлтэй залуучууд зөндөө байна. Тэдэнд хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх цаг нь мөн үү гэдгийг судлах хэрэгтэй гэж зөвлөдөг. Дараа нь хүн ганцаараа бүхнийг чаддаггүй учраас багаа маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Би бүхнийг чадна гээд ганцаараа бүтээгдэхүүнээ хийгээд, ганцаараа борлуулаад байдаг. Ганцаараа бүх юмаа хийхээр илүү өөр боломж байгааг харж чаддаггүй. Үүнээс гадна бизнес санаагаа зөв олох. Асуудал байгаа газар бизнес байдаг. Ямар асуудлыг шийдэх гэж байгаа санаагаа тодорхой гаргах хэрэгтэй. Гарааны бизнесийн онцлог нь загвар, модульд баригдахгүй өөрсдийнхөө дүрмээр тоглодог учир дүрмээ сайн тогтоох шаардлага гардаг. Хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалт байдаг. Санаа, баг байгаад зөв төслөө гаргачих юм бол санхүүжилт заавал олддог. Манай төвд нэг талаас олон гарааны бизнес эрхлэгчид орж ирдэг бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид ихээр ирдэг учраас бид дундын зууч маягаар ажиллаж байгаа.
-“Стартап маркетинг спэйс” төвийнхөө санааг яаж гаргасан бэ?
-Монголын үндэсний маркетингийн холбооны санаа гэж болно. Энэ холбоо маань байгуулагдаад 10 жил болж байна. 2008 онд Залуу маркетер клуб байгуулж, хоорондоо уулзаж туршлагаа солилцдог болсон. Олон удаагийн арга хэмжээ, эвент хийж эхэлснээр бид маркетерүүд нэг доороо цуглаж ажлаа хийдэг төвтэй болох хэрэгтэй ойлгосон. Тиймээс бүгдийг нэг дор шийддэг төвийг бий болгоё гэж зорьсон. Анх бид маркетерүүдийн төв байгуулъя гэж байсан бол дараа нь зар сурталчилгаа, хүний нөөц, менежмэнт зэргийг багтаахгүй бол хэт нэг талаа баримтлах нь дулдуйдсан хэрэг болохыг ухаарсан. Жил болгон туршлага хуримтлуулах тусам санаа маань хөгжиж байсан. 2016 оны арванхоёрдугаар сард бид хөрөнгө оруулагчтай болсноор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гарааны бизнесийн цогц шийдлийг хийдэг төв маань ийнхүү байгуулагдсан.
-Гарааны бизнес гэж яг юуг хэлээд байна вэ. Хүмүүс энэ талаар буруу ойлголттой яваад байх шиг?
-Startup буюу гарааны бизнесийг дөнгөж эхлүүлж байгаа ямар ч хамаагүй бизнес гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Энэ нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг, шинэ санааг агуулан арай илүү дэвшилтэд болгож, инноваци, шинэлэг зүйлийг оруулсан байхыг хэлнэ. Манайхан үйлдвэрлэл гэхээр эсгий, гар урлалаар төсөөлдөг. Тэгвэл эсгий таавчиг байлаа гэж үзэхэд тэр нь үдээс, цахилгаантай зэргээр дэвшилтэд боловсронгуй болгохыг гарааны бизнес гэнэ. Мөн маш богино хугацаанд том амбиц, зорилго агуулсан байх шаардлагатай. Тэгэхээр уламжлалт бизнесүүд бэлэн загвараар ажилладаг бол гарааны компани хөрөнгө оруулалтаас эхлээд бүхнийг шинээр бий болгодог. Эдийн засгийн бодлогын томоохон салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар угаасаа байх ёстой. Үүний хажуугаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинэ бизнесийг дэлхийн зах зээлд гаргах зэрэг нь гол зүйлүүд гарааны бизнес дээр явагдах болсон. Ази тивд гарааны бизнесийг дэлхийд гаргаж байгаагаараа Сингапур улс тэргүүлж байна.
Э.ЯНЖМАА