Categories
мэдээ спорт

Өнөөдрийн тэмцээний хуваарь

Азийн наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 19-нд манай тамирчдын хуваарийг танилцуулья. Энэ өдөр туялзуур сэлэм, буудлага, усанд сэлэлт, таеквондо, чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, ушу зэрэг төрөл алтан медальтнууд тодрох юм.

Бадминтон

14 цагаас. Эрэгтэйчүүдийн багийн төрөл, шөвгийн 16-д Монгол – Хонконг

Манай улсын эрэгтэйчүүдийн ангилалд Энхбатын Сумъяасүрэн, Гомбодоржийн Тэмүүлэн, Мөнхбатын Батдаваа, Бямбажавын Хувьтөгөлдөр нар бий.

Сагсан бөмбөг

12:30. Япон – Монгол

“Б” хэсгийн хоёр дахь тоглолт.

Туялзуур сэлэм

10:00. Эмэгтэйчүүдийн сабр төрөл “С” хэсэг: Юндэндоржийн Ариунзаяа

Ю.Ариунзаяа (Монгол) Ау Син Инг (Хонконг)
Ю.Ариунзаяа (Монгол) – Шреста Камала (Балба)
Ю.Ариунзаяа – Куан Шиару (БНХАУ)
Ю.Ариузаяа – Бү Ти Ту Ха (Вьетнам)
Ю.Ариунзаяа – Тамүра Норика (Япон)

Хэрвээ манай тамирчин цааш үргэлжлүүлвэл 13:30-аас эмэгтэйчүүдийн шөвгийн 32, 14:55-аас шөвгийн 16, 16:35-аас шөвгийн найм, 19:00 цагаас хагас шигшээ, 20:40-өөс финалын тулаан болно.

10:00. Эрэгтэйчүүдийн эпее сэлэмний төрөл “А” хэсэг: Энхцогтын Дөлгөөн

Э.Дөлгөөн (Монгол) – Коракоте Женгамнуачай (Тайланд)
Э.Дөлгөөн – Мохаммад Резаей Тади (Иран)
Э.Дөлгөөн – Абдулла Алхаммади (Арабын Нэгдсэн Эмират)
Э.Дөлгөөн – Пак Сан Ён (БНСУ)
Э.Дөлгөөн – Ши Гаофенг (БНХАУ)
Э.Дөлгөөн – Пол Франтисек Ваг Урмински (Камбож)

10:00. Эрэгтэйчүүдийн эпее сэлэмний төрөл “С” хэсэг: Баярсайханы Батхүү

Б.Батхүү (Монгол) – Ко Же (Малайз)
Б.Батхүү – Али Саедуддин (Пакистан)
Б.Батхүү – Олег Соколов (Узбекистан)
Б.Батхүү – Дмитри Алексанин (Казахстан)
Б.Батхүү – Нюн Пу Ден (Вьетнам)
Б.Батхүү – Сиахаан Дерри Ренанда Путра (Индонез)

Манай хоёр тамирчин цаашид шалгарч чадвал 32 нь 13:55-аас, шөвгийн 16 нь 15:35-аас, шөвгийн найм 16:55-аас, хагас шигшээ 19:40, финал 21:00 цагаас болно.

Буудлага

9:00. Эмэгтэйчүүдийн таваг буудлага: Зоригоогийн Намдуун

Манай буудагч бүсгүй тавдугаар хэсэгт Тайланд, БНХАУ, Катар, Ираны бүсгүйчүүдтэй хамт өрсөлдөнө.

10:00. 10 метрийн хийн урт бууны дасгал, холимог баг (Г.Нандинзаяа, Н.Баяраа)

14:00. 10 метрийн хийн урт бууны дасгал, холимог багийн шигшээ буудлага

12:00. 10 метрийн хийн гар бууны дасгал, холимог баг (Т.Баярцэцэг, Э.Даваахүү)

17:20. 10 метрийн хийн гар бууны холимог дасгалын шигшээ буудлага

Усанд сэлэлт

10:00. эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлт, мэлхий сэлэлт, араар даллах сэлэлт, эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн далайн гахай сэлэлт, 200 метрийн араар даллах сэлэлт, 4х100 метрийн чөлөөт сэлэлт

Теннис

11:00. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 64-т:

Мөнхбаатарын Бадрах – Акеел Хан (Пакистан)

11:00. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 64-т:

Эрдэнэбилэгийн Ариун-Эрдэнэ – Сеневитратне Аника Члое (Шри Ланк)

11:00. Холимог хос төрөл 32-т:

Баттөрийн Шинэжаргал, Энхсайханы Тэмүүгэй – Гон Мао Шин, Ян Шао Хуан (БНХАУ)
Батжаргалын Гүнбүрд, Алтансарнайгийн Жаргал – Хаяаши Эрина, Үесүги Кайто (Япон)

Чөлөөт бөх

12:00. Эрэгтэй 57, 65, 74, 86, 97

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Хикматульо Вохидов (Тажыкстан)
65 кг: Батчулууны Батмагнай – Сарож Ядав (Балба)
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Ву Вэй (БНХАУ)
86 кг: Оргодолын Үйтүмэн – Би Шен Фен (БНХАУ)
97 кг: Өлзийсайханы Батзул – Бакдулет Алментай (Казахстан)

Categories
мэдээ улс-төр

Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад итгэмжлэх жуух бичиг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд Итгэмжлэх жуух бичиг гардуулаа. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг сануулаад, ажилд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​Дэлхийн аялал жуулчлалын миссийн тэмцээнд Б.Гүнзаяа III байрт шалгарчээ

Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо өчигдөр ирлээ. 7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.

1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирч байна.

Дэлхийн аялал жуулчлалын элчийг шалгаруулдаг тус тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байгаа охид эх орныхоо түүх соёл, хөгжил дэвшил, жуулчдын анхаарлыг татахуйц гарц боломжийг сурталчилдагаараа ач холбогдолтой. “The world miss tourism ambassador 2018” арга хэмжээг зохион байгуулагчид болоод хэвлэлийн агентлагууд, үзэгчдийн онцолсоноор Монголын төлөөлөл болон оролцсон Б.Гүнзаяа онгон дагшин байгалийн сүр хүч, нүүдэлчин амьдралын хэмнэл, тал нутгийн охидын эрэмгий зоригийг илтгэсэн эко видео, хувийн үзүүлбэр, үндэсний хувцасаараа өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг мэдээлжээ.

Б.Гүнзаяа охин ийнхүү дэлхийн нэр хүндтэй арга хэмжээнд амжилт үзүүлж эх орноо сурталчилж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлж байна. Мөн тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох олон нийтийн санал асуулгын сүлжээнд Монголчууд хамтдаа байж, тасралтгүй саналаа өгч нийт дүнгээрээ тэргүүлж байсан нь онцлох үйл явдал болж чадсан юм. Энэ бол бидний эв нэгдлийг харуулсан үнэхээр сэтгэл догдлуулсан мөчүүд байсан гэж Б.Гүнзаяа хэлж байна.

Тэмцээнийг үзэхээр дэлхийн 100 гаруй орны 40 орчим сая жуулчин Тайландыг зорин ирсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцож байгаа охидоос тус орны өв соёлыг танин мэдэж дараа дараагийн аялалынхаа зорилгыг тодорхойлсоноо илэрхийлсэн байна. Манай орны хувьд энэхүү олон улсын цараатай тэмцээнд 3 дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд Б.Гүнзаяа энэ удаа хүндэт титмийг ийнхүү эх орондоо авчирч байна. Түүнийг “Чингис хаан” нисэх буудал дээр гэр бүл, найз нөхөд дэмжигч фенүүд нь тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

​“Тал нутгийн марафон” Богд Хан уулын Шавартын аманд болж байна

“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50 км” олон улсын гүйлтийн тэмцээнийг Богд Хан уулын Шавартын аманд зохион байгуулагдаж байна. Ултра трайл төрлийн марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм. Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Шавартын аманд 21 км-ийн зайд болох юм.Марафонд Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцож байна.

Categories
мэдээ спорт

​Азийн зуны спортын чөлөөт бөхийн тэмцээний хуваарь

Азийн зуны спортын XVIII их наадмын өнөөдөр Индонезийн нийслэл Жакартад нээлтээ хийнэ. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-нд буюу маргааш монголын цагаар ням гаригийн 12:00 цагт эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанаар эхлэх юм. Эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн, Ө.Батзул, 20-нд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Золбоо, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, 21-нд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар тус тус барилдана. Медалийн төлөөх барилдааныг MNB телевиз шууд дамжуулан хүргэх юм.

АЗИЙН НААДМЫН ХУВААРЬ:
Наймдугаар сарын 19
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 20
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 21
12:00-16:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийн эмнэлгүүд хүүхдийн шинжилгээг 8600-16000 төгрөгөөр хийж байна

Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд үнэгүй авч байна. Харин өрхийн эмнэлгүүд уг шинжилгээг авдаггүй. Эцэг эхчүүд улсын эмнэлэг дээр цаг хугацаа алдаж дугаарлахаас илүү хувийн хэвшлийн эмнэлэгт хандах болсон. Шинжилгээний хариугаа авахад ердөө 2-3 цаг л шаарддаг. Ингээд хувийн хэвшлийн эмнэлгүүд цагаан хорхой, шээсний шинжилгээг ямар үнээр хийх вэ?

Хан-Уул дүүрэгт байрлах Интермед эмнэлэг дээрх хоёр төрлийн шинжилгээг 15000 төгрөгөөр хийж, хариуг нь 2-3. цагийн дотор гаргаж өгдөг бол Грандмед эмнэлэг 16000 төгрөгөөр хийж, хариуг нь 1-2 цагийн дотор гаргадаг аж. Харин Гялс төв хоёр шинжилгээг хоёуланг нь 8600 төгрөгөөр хийж, хариуг нь өдөрт нь гаргаж өгдөг бол Хаппи Веритас мөн адил 8600 төгрөгөөр, Гурван Гал эмнэлэг 23500 төгрөгөөр хийж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилгүй иргэдийг газар тариалан эрхлүүлэх хөтөлбөртэй танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулдаг байна.

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, чадавхижуулдаг байна. Мөн “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалт, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад хамруулж байгаа аж.

Ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр хотын өмнө тулгарч буй гол асуудал бол иргэдийг орлоготой болгох юм. Энэ үүднээс ХНХЯ, Засгийн газартай хамтраад олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүний нэг нь энэхүү төсөл. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2016 онд үйл ажиллагаа нь доголдоод байсан. Үүнийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр үйл ажиллагаа хэвийн байдалд орсон. Төслийн ач холбогдол нь газар тариалан, хөдөө аж ахуйд ажиллах сонирхолтой төвийн зургаан дүүргийн 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулаад, тодорхой зардлыг нийслэлээс гаргаж байгаа. Үүнд хүнсний ногоо нарийн ногооны үр, арчилгаа, усалгаа, тээвэрлэлтийн зардал багтаж байгаа. Иргэд үрээ тариад, арчилгаа хийгээд, намар хурааж авах үйл ажиллагаанд оролцдог. Үүний хажуугаар иргэдийг сургалтад хамруулдаг. Эндээс суралцаад хувиараа ногоо тариалах ажил эрхлээд явсан иргэд нэлээд их байна. Энэ оны байдлаар нийтдээ 800 гаруй өрхийн 50 гаруй бүлгийн иргэд хамрагдсан” хэмээв.

Энд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн ажилгүй иргэд хамрагддаг. Энэ жилийн хувьд 53 га-д тариалалт хийсэн. Үүний 32 га-д төмс, 21 га-д нь хүнсний нарийн ногоо тариалсан. Мөн хүлэмжийн ногоо тариалж байна. Нэг хүлэмжээс жилдээ дунджаар 5-8 сая орчим төгрөг олж байна. Үүнийг тухайн бүлгийн иргэд хувааж авдаг. Нэг өрхөөс нэг хүн гэдэг утгаараа нэг өрх дунджаар 3.5-5 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Газар хагалахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүртэл зардлыг нийслэлээс даадаг” хэмээн “AGRO UB PARK”-ийн агрономич Ж.Сүрэнжав ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх сард Пхеньянд айлчилна

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх сард Пхеньянд айлчилна гэж Сингапурын “Straits Times” сонин мэдээллээ.

Умард Солонгосыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ ирэх сард болох бөгөөд үүнд оролцох урилгыг БНХАУ-ын төрийн тэргүүнд Ким Жөн Ун илгээжээ.

Си Жиньпин 2012 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш анх удаа улсынхаа төрийн тэргүүний хувиар Умард Солонгост айлчлах гэж байгаа нь энэ юм.

Си Жиньпин Умард Солонгост айлчилна гэсэн мэдээллийг хаанаас авснаа “Straits Times” сонин мэдээлэлдээ дурдаагүй бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн яам ч мөн адил энэ талаар хараахан тайлбар өгөөгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм.

“МБҮ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. Монгол хүнд эрүүл мах хүргэх зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотыг бид 100 хувь эрүүл махаар хангах болно. Манай үйлдвэр малыг эхлээд амьдаар нь шинжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна. Тэгэхээр мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих болно. Үйлдвэрээ ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна” хэмээв.

“Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй. Үүнийг шийдэх арга бол Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах. Энд боловсруулсан махыг сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд хэрэглэх шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​НӨАТ-ын сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Өнгөрсөн сард нийт 20666 иргэн азтан болсны

50 мянган төгрөгийн азтан 18590

200 мянган төгрөгийн азтан 1872

нэг сая төгрөгийн азтан

188, 5 сая төгрөгийн азтан 13

10 сая төгрөгийн азтан 3 тодорсон билээ. Харин супер шагналын эзэн тодроогүй юм. Иргэд та бүхэн долдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.