Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” дуусахад гурав хоног үлдлээ

Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” 2018 оны долдугаар сарын 25-ны 09:00 цагаас эхэлсэн. Бүртгэл 2018 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар Төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болжээ.

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ:

•Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны долдугаар сарын 25-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд;

•Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны наймдугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;

•Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд;

•Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд;

•Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2018 оны наэмдугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах:

•“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

•Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;

•Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгана

Categories
мэдээ нийгэм

“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 43 ,62 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/579 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон нар үг хэлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Түүхий нүүрснээс татгалзаж, Агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллацгаая” хэмээн уриаллаа.

Өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, цахилгаан халаалтын 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн 16 хорооны 2200 гаруй иргэд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Бөөр өвчлөхөд нөлөөлдөг амьдралын буруу зуршлууд

Бөөр гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм.

Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл эрс ихэссэн нь иргэдийн буруу зуршил, даарч хөрөх зэрэгтэй шууд холбоотой. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, амьдралын хэв маяг бөөрний өвчлөлд гол нөлөө үзүүлдэг байна.

1. Хангалттай ус уухгүй байх.Биеэс хорыг гадагшлуулж, цусыг өтгөрүүлэхгүй байхын тулд шингэн зүйлс тэр дундаа усыг тодорхой хэмжээнд уудаг байх хэрэгтэй.

2. Давсыг хэт их хэрэглэх.Давсыг тохирсон хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэх нь цусыг өтгөрүүлдэгээс гадна бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалан цусны даралтыг ихэсгэдэг.

3. Чихрийг хэт их хэрэглэх. Өдөрт чихэрлэг ундаа уусан хүний шээсэн дэх уураг хэвийн хэмжээнээс ихэсдэг. Энэ нь эргээд шээсээр уураг алдагдах нөхцөл болдог. Мөн энэхүү уураг бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

4. Шээсээ барих. .Шээсээ удаан барих нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг ба бөөрний чулууг үүсгэдэг.

5. Витамин эрдсээр дутмаг хүнс хэрэглэх. Ихэнхи эмэгтэйчүүд жингээ хасахын тулд огцом хүнд хоолны дэглэм барьдаг. Олон цагаар хоосон байх ч бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

6. Архи, согтууруулах ундааг хэрэглэх. Хүмүүс заримдаа шар айраг, дарс нэг хундгыг уух нь зүгээр гэж боддог ч архи, согтууруулах ундааны төрлийн зүйл бөөрөнд маш их ачаалал өгдөг.

Эдгээр буруузуршлыг арилгаснаар бөөрний өвчлөлд өртөхөөс сэргийлж болно.

эх сурвалж: МОНОС

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

ЕБС-д элсэж буй зургаан настнуудын бүрдүүлэх материал:

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
  • Нэг хувь цээж зураг

2018-2019 оны хичээлийн жилд ЕБ-ийн 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэнэ. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана.

Categories
мэдээ нийгэм

Нүүдэлчин Монгол наадамд Өмнөговийн отог түрүүллээ

Соёлын биет бус өвийг хамгаалах ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна. Нүүдэлчин монгол соёлын биет бус өвийн их наадамд “Өмнөговь отог” амжилттай оролцож, 21 аймаг, 9 дүүргийг манлайлан тэргүүн байранд шалгарлаа. Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, уран бүтээлчдээ дэмжих олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаа юм. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Өмнөговь аймгийн төвд Музей, Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгыг барьж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн сурах бичгийг сургуулиудад тараана

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хэдийнээ базааж эхэлсэн. Хичээлийн бэлтгэлийн хамгийн чухал зүйл бол ном сурах бичиг байдаг. Хүртээмж муу, хэтэрхий өндөр үнэтэй зэрэг шүүмжлэл ч жил бүр гардаг. Тэгвэл энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа юм байна. Шинээр хэвлэх сурах бичгийн хоёрыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулжээ.

Улсын төсвөөс сурах бичиг хэвлүүлэхэд жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил 24 нэр төрлийн сурах бичиг, 14 нэр төрлийн багшийн ном шинээр зохиогдож сургалтад нэвтрэхээр байгаа. Мөн үүнээс гадна бага, дунд, ахлах ангийн хэмжээнд 65 нэр төрлийн сурах бичгийг бид нөхөн хангалтаар хэвлэж сурагчдын гар дээр тавина. Энэ сарын 20-ноос буюу өнөөдрөөс эхлэн сургуулиудад сурах бичиг тарааж эхэлнэ.

Ингэхдээ бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сурах бичиг 100 хувь үнэ төлбөргүй. Хавар нийт сургуулиуд захиалгаа өгсөн. Захиалгынхаа дагуу сурах бичгүүд 100 хувь хангагдана. Дунд ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүй хангаж байгаа. Үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ авах зохицуулалт хийж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганболд: Бирж байгуулж эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг ирээд байна

-“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
“ДИСКОВЕР МОНГОЛИА” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙГ ОНЦОЛЖ ИЛТГЭЛ
ТАВИНА-


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.


-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт ирэх сард болно. Нэлээд шинэлэг хэлбэр, өнгө аяс, уур амьсгалтай болно гэж сонслоо.Салбарын яам болон “Эрдэнэс Монгол”-оос онцгой анхаарч оролцохоор болж байгаа юм байна. “Дисковер Монголиа”-д “Эрдэнэс Монгол”-ын зүгээс ямар оролцоотой ажиллах вэ?

-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн талаар илтгэл тавихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн мэдлийн хувьцааны эрхийг төрийг төлөөлөн хэрэгжүүлэгчийн хувьд эрдэс бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх арга замыг эрэлхийлж ажилладаг. Тиймдээ ч цаашид манай компанийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, өмнөө байгаа боломж бололцоог тодорхойлох, одоогийн байр сууриа бэхжүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хэрхэн хангаж ажиллах талаар болон өнөөгийн “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааны талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж нийтэд танилцуулах болно.

-Эрдэс баялгийн бирж байгуулна гэж олон жил ярьж байна. “Дисковер Монголиа” бизнес уулзалтын үеэр энэ сэдвийг онцолж илтгэл тавина гэхээр “Эрдэнэс Монгол”-ын онцгой анхаарах асуудал гэж ойлголоо. Бирж байгуулах цаг нь болсон уу, бирж байгуулснаар үүсэх давуу талууд юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүье?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг одоогоос дөрвөн жилийн өмнө баталсан. Тэр баримт бичигт Эрдэс баялгийн биржийг байгуулах зорилго, баримтлах зарчмыг тодорхой тусгасан байгаа. Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр 2016 оны дөрөвдүгээр сард Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч тухайн үед хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байдаг. Эрдэс баялгийн биржийн нарийвчилсан харилцааг одоо хэрэгжиж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудаар зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Ийм учраас УИХ 2017 оны нэгдүгээр сард Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж дээрх хуулиудад эрдэс баялгийн үйл ажиллагаатай холбогдох хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах, эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахыг Засгийн газарт үүрэгдсэн. Энэ чиглэлээр хариуцаж ажиллах яам, төрийн захиргааны байгууллагууд 2018 онд багтаан хуулийн төслийг батлуулах зорилт тавин ажиллаж байгаа гэж мэдэгдсэн.

Монгол Улсын экспортын 78 орчим хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү байгаа. Чулуун нүүрсний экспорт 33 сая тонн буюу 2.3 тэрбум ам.долларт хүрч 2016 оныхоос 1.34 тэрбум ам.доллар, 7.3 сая тонноор өссөн гэсэн статистик гарлаа. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн. Чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ руу гаргасан. Цаашид эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаазах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн.

Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар Монгол Улсын олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд эрдэс бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит ханшаар үнэлүүлэх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авагч руу чиглэсэн харилцаа тогтох, худалдан авагч талын санхүүгийн чадамж, үйл ажиллагааны цар хүрээнд тааруулан хил дамнасан арилжаагаар эрдэс бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлэх гэх мэт давуу талууд үүснэ. Үүнээс гадна дэд бүтэц хурдацтай өсөх боломжтой. Цаашлаад улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Эрдэс баялгийн бирж байгуулах ньбидний анхааралдаа авч ажиллаж эхэлсэн гол асуудлуудын нэг байгаа юм. “Эрдэнэс Монгол” ХХК дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт манай компанийн төлөөллөөс гадна Хөрөнгийн бирж, СЗХ, УУХҮЯ, ҮХГ зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байгаа. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсанаас гадна Хятадын биржтэй танилцлаа. Ер нь нэлээд эрчимтэй ажиллаж байна.

-Эрдэс баялгийн бирж байгуулбал эрдэс бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит ханшаар нийлүүлэх давуу тал үүснэ гэдэг манай улсын хувьд том боломж шүү. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн өнөөдрийнх шиг таатай нөхцөлд цаг алдалгүй биржээ байгуулмаар л юм байна…?

-Нүүрсний зах зээл сайн байна, нүүрс ч гэлтгүй бусад эрдэс баялгийн зах зээл ч ирээдүйтэй байна. Ийм үед Эрдэс баялгийн бирж байгуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Коксжих нүүрсний томоохон компанийн гэрээг авахын тулд хоёр тал өрсөлддөг. Хөшигний цаана дундаас нь мөнгө унагах гэх мэт асуудал үүсдэг гэж ярьдаг. Бирж байгуулагдчихвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болно. Зарим улстөрч “Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өндөр байхад яагаад багаар өгөөд байгаа юм бэ” гэж асуудаг. Биржтэй болчихвол худалдан авагчид үнээр өрсөлдөөд эхэлнэ. Нэг нь 70 ам.долларын үнэ хэлэхэд нөгөө нь 80 ам.доллараар авъя гэнэ. Өөрөөр хэлбэл нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Бүр тодруулж хэлбэл Монголын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн жишигт, бодит үнэ рүүгээ ойртоно гэсэн үг. Бирж байгуулснаар нүүрсний зах зээлд энэ мэт давуу талууд үүсэхээс гадны улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө.

-Бирж байгуулахад учирч болох саад бэрхшээл гэж байна уу. Жишээ нь хөрөнгө мөнгө их зарах асуудал байж болох юм?

-Р.Жигжид Уул уурхайн сайдаар ажиллах үедээ энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэж хуулийн төсөл хүртэл боловсруулж байсан юм. Тэр ажлыг бид үргэлжлүүлээд хийж байна. Улсынтөсвөөсхийнэ гэвэл хөрөнгө мөнгө нэлээд гарна л даа. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компани биржээ байгуулаад хөрөнгө оруулалтын шийдэлгаргалгааг хийгээд явах бололцоотой. Улсын төсвөөс ямар нэгэн мөнгө гаргахгүйгээр шийдэж болох асуудал.

-“Эрдэнэс Монгол” ХХК-д бирж байгуулах яг ямар төсөөлөл, зорилго байна?

-Мэдээж эхний ээлжинд туршилтын маягаар хийнэ. Эхний ээлжинд төрийн мэдлийн компанийн нүүрсийг борлуулах тал дээр ажиллаж таарна. СЗХ-той ярьж байгаад түр журам гаргах маягаар явуулаад үзье гэсэн төсөөлөл бий.Амжилттай болоод эхэлбэл тусдаа хуультай болгох гэх мэт ерөнхий чиг хандлага гарсан. Ажлын хэсэг ажиллаж байгаа учраас одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-“Эрдэнэс Монгол”-д охин компаниуддаа хэрэгжих төслүүдэд хөрөнгө босгох боломж өндөр байх шиг анзаарагддаг. Жишээ нь нүүрсний том уурхайнууддаа түшиглээд цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох боломжтой гэдэг ч ажил болж өгдөггүй. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

-Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ёстой. Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулахын тулд эхний ээлжинд хоёр зүйлийг онцгойлж хардаг. Улсынх нь эдийн засаг, хууль эрх зүйн орчин ямар байгааг харна. Тогтвортой улстөртэй эсэхийг судална. Хууль эрх зүйн орчны хувьд татварын орчин гадаадын хөрөнгө оруулагчдад хэр байна гэдгийг сонирхоно. Компани дээр гэвэл ямар төсөл хэрэгжих юм, төслийн ашиг өгөөж, эрсдлийг тодорхой тусгасан ТЭЗҮ нь бэлэн болсон эсэх, ордын нөөц баталгаажсан эсэхийг хардаг. Засгийн газрын зүгээс сая хэлсэн гадаад хүчин зүйлүүд дээр анхаарч ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Монголын Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Наад захын жишээ нь Таван толгойн IPO-г дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах асуудалид яригдаж байна.

Багануур, Шивээ-Овоо дээр асар их өр төлбөрийн асуудал бий. Өр төлбөрийг нь шийдвэрлэх гэж 2017 оны хоёрдугаар сараас эхэлж ажлын хэсэг байгуулан ажилласан. Эцэст нь Засгийн газрын 132 дугаар тогтоол гэж гарсан байгаа. Энэ тогтоол бүрэн хэрэгжээд хоёр уурхайн урт хугацаат өр төлбөрийг шийдчихвэл өр төлбөр нь илт багасаад ирнэ. Үүний дараа төрийн эзэмшлийн хувиа зах зээлд санал болгож хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Багануур, Шивээ-Овоо дээр өмнө нь ийм аргаар хөрөнгө босгох гэж үзсэн ч хоёулаа амжилтгүй болсон. Учир нь өр төлбөр дээр очоод гацчихдаг байсан юм. Хоёр уурхай дээр том станцууд баригдана гэж яригддаг. Миний хувьд бодитой яриа гэж хардаг. Жишээ нь Багануурын уурхай дээр “Багануур повер” гэдэг станц байгуулах яриа хэлцэл бодитой өрнөж байгаа. Үүнийг шийдэхийн тулд техниктехнологи, машин механизмын гэх мэт том шинэчлэлүүдийг хийх шаардлага бий. Ойролцоогоор 160-170 тэрбум төгрөг хэрэгтэй.

-Ийм их хэмжээний мөнгийг босгохын тулд яах ёстой вэ, ямар гарц гаргалгаа байна?

-Гурван арга байна. Засгийн газар гадаадаас авдаг зээл тусламжийнхаа нэгээхэн хэсгийг уурхайдаа өгөх гарц харагддаг.“Багануур повер” станцаас нүүрс худалдаж авах гэрээ байгуулагдсан. Нэгэнт байгуулагдчихсан гэрээ учраас үүн дээрээ түшиглэж мөнгө босгох боломж байгаа. “Багануур повер” станцын өөрсдийнх нь санал болгосон нэг хувилбар бий. Хамтарч буй Хятадын компанийн зүгээс урд хөршийн банктай холбож, хамгийн бага хүүтэй зээл санал болгох хувилбар байгаа юм билээ. Энэ гарц, шийдлүүдийг хослуулбал зүйтэй болов уу.МөнМУ-н Хөгжлийнбанктайхамтрануулуурхайнхөрөнгөоруулалтынсанбайгууланажиллажохинкомпаниудаадэмжинажиллана.

-“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г гаргах асуудал Засгийн газрын төвшинд эрчимтэй яригдаж эхэлсэн энэ үед иргэдөөрсдийн эзэмшиж буй хувьцааныхаа талаар сонирхоод эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны бүртгэл дээр иргэд брокерийн компанид хандаж дансаа нээлгэхгүй бол хувьцаа нь баталгаажихгүй гэсэн мэдээлэл бий. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Монгол улсын хөрөнгийн зах зээлийн тухай холбогдох зохицуулалт , түүн дотроо бирж, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагуудын дүрэм, журамд иргэн үнэт цаасны дансыг зуучлагч буюу брокерийн компаниар дамжуулан өөрийн биеэр хүсэлт гаргаж дансаа нээлгэх зохицуулалттай байгаа. Иргэн хувьцааны дансаа нээлгэснээр хувьцааны арилжаанд оролцох, арилжаанаас ашиг хийх, хувьцааны ногдол ашгаа хүртэх боломж нээгдэнэ. УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэт цаасны хадгаламжийн байгууллагад түр данс нээлгээд бүртгүүлсэн. Түр данс гэдэг маань арилжаанд орох болон ногдол ашиг хүртэх боломжгүй гэсэн үг. Иймд иргэд аль нэг брокерийн компаниа сонгоод дансаа нээлгүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэний нэр дээрх данс баталгаажиж цаашлаад хувьцааны арилжаанд оролцох, хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх боломж нээгдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд хувьцааныхаа арилжааг нээх бэлтгэл ажлаа хангаад явж байна. Харин хувьцаа эзэмшигч иргэдэд өөрийн дансаа нээлгэхийг зөвлөж байна.

-Иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой”-д эзэмшдэг хувьцаагаа зарах сонирхол өндөр байдаг. Коксжих нүүрсний өндөр нөөцтэй энэ ордын хувьцааг зарахгүй хадгалвал өгөөж нь хэр вэ гэсэн асуултыг иргэд олноороо тавьдаг. Энэ тал дээр таны санаа оноог сонсъё?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жилээс эхлэн ашигтай ажиллаж, 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилийн төлөвлөгөөгөө109 хувиар гүйцэтгэж, 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олоод байна. Мөн энэ ондоо багтаан олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааныхаа 30 хүртэлх хувийг гаргаж, төмөр зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, хөрс тээврийн конвейрийн систем нэвтрүүлэх зэрэг төслүүдээ хэрэгжүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас гурав дахин их нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа амжилттай болох тогтоол, шийдвэр гарч, үндэс суурь нь тавигдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас иргэн бүрд 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн 2012 онд эзэмшүүлсэн. Тэгэхээр дээрх үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ өсч, үр өгөөж нь мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд иргэд ирээдүйд хувьцаанаасаа тогтмол ноогдол ашиг хүртэх, хувьцаагаа илүү үнэд хүргэж зарах боломжтой болох тул өөрийн эзэмшлийн хувьцаагаа хадгалан үлдэх нь зүйтэй гэж үзэж байна.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаанаас иргэн бүрд нэг давуу эрхийн хувьцаа өгөх шийдвэр гарсан. Давуу эрхийн хувьцааны талаар манай уншигчдад энгийн тайлбар өгөөч. Энэ төрлийн хувьцааны ашиг нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх шийдвэр Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолоор гарч, тогтоолд заасны дагуу компани хувьцаагаа бүртгэсэн байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийндавуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшсэнээр тус компанийн нэгдэлд хамаарах стратегийн ач холбогдол бүхий орд газруудын үр ашгийг ногдол ашиг бүхий хэлбэрээр хүртээх зорилготой. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах эрхтэй. “Эрдэнэс Монгол” ХХК нь иргэдэд оногдох давуу эрхийн хувьцааг тогтоолын дагуу дүрэмдээ тусгасан. 2013 оноос хойш Монгол Улсын иргэдийн тоо гурван саяас давсан тул давуу эрхийн хувьцааг хангалттай хэмжээнд нэмэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулж, ҮЦТХТ-тэй хамтран иргэн бүрд нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх ажил явагдаж байгаа. Энэ онд бүртгэлжүүлэх болно.

-Сүүлийн асуулт. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2018 оны ашиг, орлого хэр хэмжээтэй байна вэ?

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2018 онд 1.5ихнаядтөгрөгийн орлоготой, 356.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 331.3тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, ажиллахаар төлөвлөсөн. Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л нэлээд өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байна.Орлого гэхэд 1.07ихнаяд төгрөг буюу 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол цэвэр ашиг 374.3 тэрбум төгрөг буюу 105 хувийн гүйцэтгэлтэй, татвар хураамж 245.9 тэрбум төгрөг буюу 69 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс харахад бид 2018 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжтой байгаа.


Categories
мэдээ спорт

О.Үйтүмэн Азийн наадмын хоёр дахь медалийг хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын медалийн салхийг алтан медалиар хангасан бол О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65 74, 86, 97 кг жингийн барилдаанууд болсон бөгөөд Ө.Батмагнай хүрэл медалийн төлөө барилдаж Узбекстаны бөхөд 6:10-аар хожигдов.

О.Үйтүмэн хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Кумар Паван барилдаж 8:1-ээр ялж Монголын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн болж манай баг нэг алт, нэг хүрэл медальтай боллоо. Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар энэ амжилтаараа наадамд оролцогч 45 улсаас Энэтхэг, Узбекстан зэрэг 10 улсын хамт наймдугаар байр явж байна.

Categories
мэдээ спорт

П.Орхон Японы Рисако Кавайтай оноолт таарчээ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай эрэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 20, 53, 57, 62 жингийн барилдаан болох бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

125 кг: Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд Тажикистаны Фаркод Анакуловтой таарсан бөгөөд шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны Давид Мозманашвилитэй хүч үзнэ. Түүнийг аргалчихвал Жакартад аваргаа хамгаалахаар ирсэн Ираны Парвиз Хадитай хагас шигшээд таарах магадлалтай. Хүнд жинд түрүүлэх магадлалтай гурван бөх нэг хэсэгт багтаж, нэг нь хоосон нутаг буцахаар болж байна.

50 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Э.Нарангэрэл тэгшитгэлд Тайландын Манлика Эсатитай хүч үзэхээр болсон. Түүнийг ялбал 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.

53 кг: “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа тун боломжийн сугалаа татлаа. Тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкитэй учраа таарсан бөгөөд түүнийг ялбал 1/4 шигшээд эзэн орны Деви Улфа, Вьетнамын Ти Ха Фуонг нарын ялсантай барилдана. Хоёр ялбал хагас шигшээд Казахстаны Жулдиз Эшимоватай таарах магадлалтай. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга Харүна Окүна, 2016 оны Азийн аварга БНХАУ-ын Пан Киану, Энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын Пак Йон Ми нарын шилдгүүд нөгөө хэсэгт “чихэлдэж” нэг нь медальгүй харих нь.

57 кг: 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхйин болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киутэй хүч үзнэ. Түүнийг ялбал хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинру, БНСУ-ын Ум Жи Ун нарын ялсантай барилдахаар оноолт таарав.

62 кг: 2017 оны дэлхийн аварга, энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьентэй учраа таарлаа. Улмаар хагас шигшээд олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай хүч үзнэ. Монгол, япон бүсгүйчүүдийн дуэль маргаашийн хамгийн оргил барилдаан гэхэд буруудахгүй болов уу. Нөгөө хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбекова, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Малик, БНХАУ-ын Су Руй, Узбекистаны Набира Эсенбаева, Казахстаны Айюлим Кассимова нарын шилдгүүд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо

Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр –Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгосон юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байна хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцууллаа. Цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүссэн юм.

Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.