Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх байх

-ХУЛГАЙЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ БУШУУХАН СОЛИХ ЁСТОЙ-

МАХН-ын дэд дарга Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай сонинд ярилцлага өгснөөс хойш уулзаагүй юм байна. Нэг жилийн хугацаанд та ямар ажил амжуулав. Мэдээж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд танай нам бэлдэж байгаа байх. Ер нь хэнийг нэр дэвшүүлэх бол?

-“Өдрийн сонин”-ы уншигчдад үргэлж талархаж явдгаа энэ ярилцлагын эхэнд онцолмоор байна. Монголын ард түмэн шударга үнэний төлөө чин сэтгэлээсээ явж буй хүмүүсээ хайрладаг, хамгаалдаг. Ард түмнийхээ тэр их буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд би ялсан. Даанч нөгөө хоёр тэрбумтан маань намайг луйвардсан. Луйвардсан гэдэг нь би ялагдсан гэдэг үг биш. Шударга үнэний төлөө гэсэн миний ажил хором ч зогсоогүй. Энэ зуны тухайд Архангайн Чулуутаар явж, Баянхонгор аймгийн ангийн маань төгсөлтийн баяр болж түүнд оролцоод ирлээ. Одоо харин Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намынхаа хамт олонтой оролцохоор бэлтгэл ажлаа базааж байна. Энэ сонгуульд МАХН ялна. МАН, АН царцаанууддаа итгэж байгаа бол МАХН Хэнтий аймгийн иргэддээ итгэж байгаа. Тэд луйврын аргандаа итгэж байгаа юм. Хэнтий нутгаас Монгол Улсын хөгжлийн томоохон гараа эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-СЕХ Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх 13 намд батламж гардуулсан. Ганц тойргийн нөхөн сонгууль болохоор өрсөлдөөн ширүүн болох магадлалтай байгаа. Танай намаас Н.Энхбаяр дарга нэр дэвших үү, та нэр дэвших үү?

-Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Н.Энхбаяр дарга дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой, хүчтэй хүн орж байж байранд нь тавина. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Таван толгой, Оюу толгойг Монголын ард түмэнд авч өгье гэж зориглож боссоныхоо төлөө амь насаа алдахаа шахсан. Гэтэл анхны Ерөнхийлөгч нь хаана явна вэ. Таван толгойн хувьцаа эзэмшигч болчихсон явна гэдэг мэдээлэл авсан. Хоёр дахь Ерөнхийлөгч хаана явна вэ. Оюу толгойн ТУЗ-д хэдэн зуун мянган ам.долларын цалин аваад явж байгаа гэдэг мэдээлэл бий. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Хэнтий нутгаас ялалт байгуулбал төрд бугшсан идээч, уугаачдад маш том хатуу цохилт болно. Монголчууд ядуу учраас зовж, зүдрээд байгаа юм биш. Ард түмнийг ядууртал нь идэж, ууж байгаа улстөрч нэртэй хулгайч нараас болоод бид хэцүү амьдарч байна шүү дээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд зоригтой, дайчин, туршлагатай хүн хэрэгтэй. Мөн УИХ-д шинэ дээд хуулиа оруулж ирэх, батлуулах том боломж гэдэг утгаараа Хэнтий аймгийн нөхөн сонгууль бидний хувьд УИХ-ын гишүүний ганц суудал төдий биш, ард түмний төлөө хийх ажлаа эхлүүлэх том боломж гэж харж байгаа. Үүнийгээ бид Хэнтийн иргэддээ ойлгуулж, итгэлийг нь авч чадна гэдэгтээ итгэж байна.

-МАН, АН-ынхан Хэнтий аймагт ажиллаад эхэлсэн байна. Танай нам Хэнтий аймагт анхаарал хандуулж байгаа бол мөн л ажлаа эхлүүлсэн байх, тийм үү?

-Нөгөө хоёр нам ноёны хүүхэд шиг байна шүү дээ. Тэдэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шүүх, цагдаа, прокурор, АТГ, олигархуудын дэмжлэг нь бий. Тэд үнэндээ бардаж байна. Энэ хоёр нам сонгуулийн тойрог дээр хэдийнэ оччихсон хүмүүсийг худалдаж авах ажилдаа орчихсон, 1000, 1000-аар нь амралтын газар амрааж, янз бүрийн зүйл тарааж байгаа. Бид хэнтийчүүддээ л итгэж байна, үнэндээ. Хэнтийчүүд өнөөдрийн хэдэн халтар төгрөгөөр ирээдүйгээ худалдахгүй, Монголын ирээдүйд гэрэл нэмэх сонголтоо хийнэ. Бидэнд үнэн бий. МАН, АН ард түмнийг хуурсаар байгаад тэдэнд ярих зүйл ч үлдээгүй. Амлах зүйл ч үгүй болсон. Тэдэнд царцаа, мөнгөнөөс өөр юу ч алга. Бидэнд хэнтийчүүдийн итгэл, найдвар байгаа шүү.

-Н.Энхбаяр дарга нэр дэвшээд яллаа гэхэд 76 гишүүний ердөө нэг л суудал дээр очно. Эрх баригчид 64-үүлээ. Өөрчилж чадах зүйл байгаа юм уу. Хууль шүүхийн байгууллага чинь Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа гээд хориглочихвол яах юм бэ. Нөгөө талд нь О.Баасанхүү гишүүн намын дарга болсон гээд мөн л нэр дэвшүүлнэ гээд байгаа юм биш үү?

-О.Баасанхүү маань хүний бууны нохой болж, өөрийгөө ингэж хэн ч биш болохоо болих байлгүй дээ. Ухаантай хүн үүнийгээ ойлгож байгаа байх. Харин шүүх, прокурор, хүчний байгууллагууд дахин Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаж онигоонд орохгүй байлгүй дээ. Монгол Улсад төр бий. Шударга ёсыг сахиулдаг хууль хүчний байгууллагууд улс төр, олигархуудын бүлэглэлийн халаасанд орсон гэдгээ нотолъё гэж байгаа юм бол удаа дараа хийсэн луйвраа хийнэ биз. Гэмгүй хүнийг гэмтэй болгодог луйвраа зогсоох хэрэгтэй. Энэ удаа тэд эрх биш ичих байлгүй дээ. Манай намаас нэр дэвшигч нөхөн сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаа.

-МАН, АН-ын зүгээс Н.Энхбаяр даргатай хүмүүсээ уулзуулж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?

-Нөгөө хоёр намын дээд түвшний удирдлагуудын хүрээнд санал солилцох, зөвлөлдөх зүйл байлгүй яахав. Шинэ дээд хуулиараа бид шударга ёс тогтоохын төлөө явж байгаа. Үүнийг хэн ч хазайлгаж чадахгүй. Монголын улс төр бүхэлдээ барьцаанд орсон. Сүүлдээ МАН, АН дотроо барьцаалагдаж, хоорондоо зодолдож байна. Ноёдын зодоон харцын хормойд цус үсэргэдэг гэдэг үг бий. Ноёдын зодооноос болж ард түмэн зовж байна шүү дээ. Сүүлдээ ноёдын зодоон нь АТГ-аараа дамжуулж бизнесмэнүүдийг дарамталж, мөнгө саадаг боллоо. Ц.Элбэгдорж, Б.Хурцын үеэс эхлээд өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Бизнесмэнүүдийг зовоож улстөрчид мөнгө авна гэдэг нь ард түмний халаасыг дээрэмдэж байгаатай адил. Хов, хонзонгоор дүүрсэн яамдын аймшигтай нөхцөл байдлыг зогсооё гэвэл хүчирхэг, шударга үнэн, барьцаанд ороогүй хүн Хэнтийн сонгуульд ялаасай.

Саяхан Сомали улсын ерөнхийлөгч “Бид Монгол шиг улсаа самруулахгүй” гээд мэдэгдэл хийчихсэн байна лээ. Дэлхийн хамгийн хөгжил буурай орны тэргүүн ингэж хэлж байна гээд бод доо. Монголын өдөр тутмын тэргүүлэгч “Өдрийн сонин”-оор энэ бүхнийг яриад сууж байгаа минь ч гэсэн МАНАН-гийн савраас Монголыг салгах гэж байгаа сэтгэлийн минь илэрхийлэл юм шүү.

-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хоёр газрын дарга маргалдаж нэгнийхээ аминд хүрлээ. Төрийн алба хаашаа яваад байна вэ. Төр төр шигээ байж чадахаа больсны илрэл мөн үү?

-Яамдад архидалт, бие биенээ хүчирхийлэх, бэлгийн дарамт, авлига гаарсан байгаагийн илрэл энэ. УИХ, Засгийн газар үүний талбар нь боллоо. Мөсөн уулын оргил нь л дөнгөж цухуйж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар ард түмний Засгийн газар болохоос хэн нэгэн хүний, олигархуудын Засгийн газар биш. Төрд орсон сайхан залуусаас төлбөрөө төлж чадаагүй нь хөөгдөн гарч байна. Хүн л юм чинь эсэргүүцлээ илэрхийлж таарна. Үүний илрэл нь ийм золгүй явдлаар харагдлаа. Богдын бодол зөв бол босгоны шороо нь ч зөв байдаг. Төрийн толгойд байгаа гурван өндөрлөгийн алсын хараа нь зөв бол яамдуудад байгаа төрийн албан хаагчдын үйлдэл нь ч зөв болно. Төрийн албан хаагчид төрд итгэж ажиллахаа больж, төрд байгаа мафийн бүлэглэлийн кранд итгэдэг болсон. Үүнийг зогсоохын тулд хэцүү ч гэсэн бид зүтгэж байна. Хүчний байгууллагаар зэвсэглэн, рецетивүүдээр хамгаалуулсан аймшигтай бүлэглэлийн өөдөөс дуугараад явна гэдэг амаргүй ч ард түмэндээ бид итгэж байгаа. Ард түмэн ухаантай. Үүний баталгаа нь өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгууль юм. Мөнгө, олигарх бүлэглэл хүчтэй биш гэдгийг харуулсан том нотолгоо шүү дээ.

-Олигархжсан төрийг яаж задлах ёстой бол. Яриад байгаа ч үнэндээ өөрчлөгдөх зүйл алга?

-Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос доороос нь шүүрддэггүй. УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн шударга сонгуулиа хийдэг байх ёстой. Хэдэн төгрөг өгөөд сонгогддог гишүүд үүнийхээ хариу болгож улс орныг худалдаад байгаа юм аа. Муу улстөрчдөөс болж улс орон аймшигтай дээрэмчдийн гарт орсон юм биш. Муу улстөрчдийн өмнөөс жирийн иргэд бид юу ч хийхгүй байгаа тул мафийн гарт орчихсон. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрыг Рио Тинто удирдаж байна. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч яагаад Оюу толгойн талаар таг дуугүй байгаа юм бэ. Тэр баялгийг ухуулахын тулд Монгол Улс байгаа юм биш. Бид ашигтай баймаар байна шүү дээ. Оюу толгой ашигтай байхад нь би ашиггүй байна гэж яриад байгаа бол би гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Би баримттай ярьдаг. Тэд нэр хүндээ хамгаалж намайг шүүхэд өгөх ёстой. Оюу толгойн гэрээ яагаад чимээгүй болчихов. Төрд байгаа томчууд барьцаалагдсан. Энэ барьцаанаас гарах хэрэгтэй. Оюу толгойд барьцаалагдсан биш, ард түмэндээ барьцаалагдсан хүмүүсээ сонгох нь бидний нэн тэргүүний асуудал. Ингэж үнэний төлөө яваа хүмүүсийн ясыг нь хугалахаас нэр хүндийг нь хугалах нь тэдэнд илүү амар байдаг.

-УИХ-аас Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа. Дүгнэлт нь удахгүй гарах байлгүй дээ?

-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийг эхэнд нь Д.Дамба-Очир толгойлон ажиллаж байсан. Д.Дамба-Очир худадалдагдсан юм шиг бушуухан алга болсон. Одоо Д.Тэрбишдагва гишүүн ажиллаж байгаа юм шиг боловч худалдагдах гээд наймаагаа тохирох гээд байгаа юм уу, чимээгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа. Би ажлын дэд хэсэгт орж өөрийн дүгнэлтээ гарган өгсөн. Тэд хав дараад дүгнэлт гаргахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ жил 97 сургууль, 134 цэцэрлэг ашиглалтад оруулна гэж УИХ баталсан. Харамсалтай нь дөнгөж таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орох маягтай байна л даа.

-МАН Их хуралд үнэмлэхүй олуулаа. Засгийн газраа сольж үзсэн. Өөрчлөлт гарсан болов уу?

-МАН үнэндээ иргэдийн амьдралд ямар ч нэмэргүй, эрх мэдлийн төлөөх тулаан хийж байна. Ард түмний амьдрал таг зогсчихлоо. Хэрээс хэтэрсэн эрх ямба эзнийхээ толгойд хүрдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн амьдрал доройтох тусам үг хэл нь хурц, үйлдэл нь ширүүн болж байна шүү дээ. Эрх баригчид үнэндээ шоронд байна. Ямар ч эрх чөлөө алга, тэдэнд. Зайсанд байгаа тансаг хаус, том жийпнийхээ боол болчихсон. Ийм хямдхан эрх чөлөөгөөр тэд яах гээд байдаг юм бол гэж би олон жил бодож ирлээ. Би 13 дугаар хороололдоо амьдраад, приус машинаа унаад болоод л байна. Хамгийн гол нь би эрх чөлөөтэй. Бизнес хийгээд хауст амьдарч, жийп унаад явж байгаа хүнийг хараад би хайрладаг. Улс төр хийгээд ингэж яваа хүмүүсийг гайхдаг. УИХ, Засгийн газраас гарлаа л бол шоронд явах гээд байгаа юм шиг сэтгэлгээгээ өөрчилж, эр зоригтой байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ улс орноо аварна. Миний хувьд надад тэдэн шиг чинээлэг амьдраад байгаа юм алга. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр тэрбумтнаа нам цохих хэмжээний дэмжлэгийг ард түмнээсээ авсан. Би тансаг хэрэгцээнд барьцаалагдсангүй, үнэний төлөө асар их доромжлуулах эр зоригтой л хүн. ОУВС-гийн атганд боолчлогдохын оронд тэднийг турхираад байгаа Рио Тинтогийн эзэдтэй халз үзэх эр зориггүй улстөрчидтэй улс үргэлж боолоороо байх вий дээ. Миний зовнил энэ. Одоо би бизнес хийгээд амьдарч байна.

-Засгийн газарт итгэх иргэдийн итгэл алдарч байна. Засгийн газрын үйл ажиллагааг хөндлөнгөөс харахад ямар бодол төрж байна вэ?

-УИХ, Засгийн газар аль аль нь зоримог шийдвэр гаргаж чадахгүй бол огцорсон нь дээр. Засгийн газрыг ард түмний төлөө ажиллаарай гэсэн болохоос хулгай хийгээд байхад нь “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гээд байгааг ерөөсөө ч ойлгохгүй юм. Хулгайч, цаг наргүй хоорондоо нүдэлдэж байгаа хүмүүсийг тогтвортой байлга гээд байгааг яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байгаа юм даа. Хулгайч Засгийн газрыг бушуухан солих ёстой. Улстөрч, живх хоёр муудсан л бол бушуухан солих хэрэгтэй шүү дээ. УИХ, Засгийн газар амласнаа биелүүлэхгүй бол даруйхан хөөж гарга. Засгийн газар ард түмний гэр болохоос хэдэн хүний хувьчилаад авсан, зайдагнадаг байшин биш. Та гэртээ будагчин хөлсөлж авч ирээд нэг сайхан ногоон өнгөөр будаад өгөөч гэтэл дураараа улаан, эсвэл цэнхэрээр будаад байвал тогтвортой ажиллуулна гээд байлгах уу. Бушуухан болиулж дараагийн будагчинг олж ирнэ биз дээ. Үүнтэй чинь агаар нэг. Би ээжээс төрсөн болохоос ээж надаас төрөөгүй. УИХ, Засгийн газарт байгаа хэдэн хүнээс монголчууд төрөөгүй. Харин Монголын ард түмнээс эд төрсөн, бидний хүүхдүүд байхгүй юу. Хүүхдүүддээ дөрлүүлчихсэн яваа бид өөр сонголт хийх цаг болсон.

-Засгийн газар огцрох ёстой юм уу?

-УИХ, Засгийн газар төр түмнийхээ төлөө ажиллахгүй бол бушуухан зайлж үз. Болсон болоогүй жижиг хулгайтай зууралдаж байснаас хамгийн том хулгайгаа зогсоо. Бусад нь аяндаа засагдана.

-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулиас ерөнхий дүр зураг харагдах байх. 2020 оныг та хэрхэн төсөөлж байна вэ?

-2020 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулахаар бүх шатандаа бэлдэж байгаа. Монголчуудын амьдралыг өөд нь татаад явчих чин хүсэлтэй өөр намын болон жирийн иргэд ирж бидэнтэй уулзаж байна. 2020 оны монголчуудын сонголтод бид итгэж байна, үнэндээ. Бид Засгийн газраа байгуулж, Шинэ дээд хуулиа батална. Сайд, дарга нарыг хулгай хийхэд шүүдэг шүүгч нарыг ард түмнээс сонгодог болгоно. Цэцийн хэдэн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд тавьж байна. Тиймээс тэд дархлагдсан хулгайч нар болчихсон. Цэцийн гишүүд, шүүгч нарыг ард түмэн сонгодог болсноор энэ хулгай, дээрэм өргөс авсан мэт алга болно. Адуу хулгайлсан хөдөөний хүнийг би буруутгаж байна. Адуу хулгайлах хэмжээнд иргэдийн амьдралыг туйлдуулсан улстөрчид хамгийн том хулгайч нар.

Үнэн хүчтэй, буян ачтай. Монголчууд ирээдүйдээ итгэлтэй байх ёстой шүү.


Categories
мэдээ цаг-үе

Манай улс Азийн олимпийн аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна

Жакарта-Палембанг-2018” Азийн зуны XYIII наадам Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно (Gelora Bung Karno) цогцолборт хүрээлэнд эхлэв. Орон нутгийн цагаар 19:00 цагт наймдугаар сарын 19-нд албан ёсны нээлтээ хийлээ. Ази тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байна. одоогоор Монгол Улс медалийн жагсаалтын аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.


ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОТОЦИКЛЬТЭЙ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

“Азийн эрч хүч, зүтгэл” (Energy of Asia) уриатай наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулж буй улсын түүх, соёл, уламжлалыг байгалийн үзэсгэлэн, далайтай орны давуу тал болох усны гайхамшигт үзүүлбэртэй хослуулан онцлог шийдлээр хийсэн нь Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгдэх том наадам болохыг батлан харуулав.

Нээлтэд Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мотоцикльтэй орж ирэн мэндчилгээ дэвшүүлсэн нь нээлтийн ёслолд улам ч сүр нэмжээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр 2200 ахлах сургуулийн бүжигчин сурагч үндэсний соёл, уламжлалыг шингээсэн бүжгийн үзүүлбэр сонирхуулсан юм.

Нээлтийн ёслолын шувууны далавчит хувцас загвар болон хөгжмийн найруулга, бүжгийн дэглэлтийг тус улсын Карнавалын алдартнууд болох хувцасны дизайнер Динанд Фариз, Ринальди Юнарди, Эдди МС, Рональд Стивен, Дэнни Малик, Эко Сипррияанто нар урлажээ.

Азийн Олимп гэгдэх энэ наадам 1951 онд Энэтхэгийн Дели хотноо анх удаа болж байв. 1954 онд Филиппин улсын Манилад, 1958 онд Японы Токиод болж байсан түүхтэй.

Одоогоос 56 жилийн өмнө буюу 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-нд Индонез улсын Жакарта хотноо Азийн IY наадмыг зохион байгуулж байв. Тус наадмаас Индонезийн шигшээ баг 11 алтан медаль хүртэж байна.

Наадам эхэлснээс хойш Монгол Улсын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннис болон буудлагын төрлүүдэд оролцоод байна.

П.ОРХОН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Пүрэвдоржийн Орхон олимпийн аварга, дэлхийн алт, мөнгөн медальт Японы Рисако Кавайг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Монголын таван бөх барилдсанаас 57 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Батмагнай, 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн хүрэл медаль хүртэв.

МУГТ Э.Бэхбаяр эхний тойргуудад Тажикистаны Х.Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялж, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Узбекстаны М.Шавкатовыг 5:4-өөр өвдөг шороодуулав. Хагас шигшээд Ираны Р.Атриг ялсан тэрбээр аваргын төлөө 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга, БНАСАУ-ын бөх Кан Кум Сонтой өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг Хятадын бөхөд 1:4-өөр ялагдаж хүрэл медалийн төлөө үзэхээр боллоо.

Манай бөхчүүдийн барилдааны өчигдрийн салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа. Тэрбээр наймны нэг шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ний хүрэл медальт Тажкистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) яллаа. Н.Золбоо шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекстаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийж, цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр дөрөвний нэг шигшээд Узбекстаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.

Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Японы бөх Ю.Фүжияма, 97 кг-д Ө.Батзулыг давсан БНСУ-ын тамирчин Ким Жэ Ган нар хагас шигшээд ялагдсан тул манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжлээ.

ШИНЭЭР БАГТСАН ТӨРӨЛД МАНАЙ УЛСААС ХОЁР ХОС ӨРСӨЛДЛӨӨ

Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдөв. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй. Харин “Рио-2016” Олимпт цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финальд өрсөлдөх эрх авсан юм. Улмаар тэд шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ. Эл төрөлд түрүүлсэнТайванийн тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

БУУДЛАГЫН ТӨРӨЛД Г.НАНДИНЗАЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Монголын багийн гурав дахь медалийг эмэгтэйчүүдийн буудлагын төрөлд Г.Нандинзаяа хүртлээ. Тэрбээр шигшээд БНСУ-ын тамирчинтай 227.4 оноогоор тэнцээд нэмэлт буудлага гүйцэтгэсэн ч харамсалтай нь 9.8 оноо авч, хүрэл медаль хүртэв. Манай буудлагын спортын тамирчид өмнө нь Азийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.

УСАН СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД УЛСЫНХАА ХОЁР ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Монгол тамирчид Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдөж, хэсгээсээ хараахан шалгарч чадаагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн юм. 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хурд сорьсон Э.Дэмүүл 1:03.80, 4х100 метрийн буухиа сэлэлтийнхэн А.Хэрлэн, Х.Энхзул, Б.Есүй, Б.Энххүслэн нар 4:14.58 секундээр Монгол Улсын дээд амжилтыг ахиулав.

Мөн 200 метрийн өврөөр даллах төрөлд Б.Батмөнх 2:15.60, Г.Тэнгис 2:44.57, Б.Есүй 2:41.07, Э.Ариунтамир 2:47.80 цагийн амжилт үзүүлсэн юм.

ТАЭКВОНДОГИЙН Э.БУЯНШАГАЙ ПАКИСТАНЫ Ш.ШАХЗАВЫГ ЯЛАВ

Монголын таэквондочдын салхийг хагалж, өчигдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай оролцлоо. Тэрбээр эхний тойрогт Азийн АШТ-ний мөнгөн медальт Пакистаны тамирчин Ш.Шахзавыг 31:11-ээр ялав. Манай тамирчин удаах тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальтай, Инчоны Азийн наадамд үзүүрлэсэн, Тайландын таэквондоч С.Намнаронгтой өрсөлдөнө.Сонирхуулахад, Монголын таэквондоос Азийн наадмын анхны медалийг М.Түмэнбаяр “Инчон-2014”-өөс хүртэж байсан юм.

САГСЧИД (5Х5) ХЭСЭГТЭЭ ГУРАВТ БИЧИГДЛЭЭ

Монголын эмэгтэй сагсчид (5х5) эхний тойрогтоо Тайландыг хожиж, хоёр дахь тойрогт Азийн таван удаагийн аварга Японы багт хожигдсон. Өчигдөр хэсгийнхээ хамгийн хүчтэй баг болох Азийн 10 удаагийн алтын эзэн БНХАУ-ын багтай тоглов. Хятадын баг нурууны өндөр болон тоглох техникийн хувьд илт илүүрхэж, эхний хагас 57:24-өөр өндөрлөсөн. Сүүлийн хагаст хамгаалалт довтолгоогоо сайжруулсан ч тусыг ололгүй 110:36 онооны харьцаатайгаар тоглолт дууслаа. Ийнхүү манай эмэгтэй сагсчид хэсэгтээ Хятад, Японы шигшээ багийн ард гуравдугаарт бичигдэж байна. Энэ тоглолтын шилдгээр Хятадын багаас Ли Юэру 21 оноо, 11 самбар, Монголоос М.Булбул 15 оноо, 7 самбар, 4 дамжуулалт өгч нэрлэгдэв.

ЭРЭГТЭЙ ВОЛЕЙБОЛЧИД ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Монголын эрэгтэй волейболчид эхний тоглолтдоо “В” хэсгийн нэгдүгээрт Пакистантай таарсан. Нээлтийн тоглолтын анхны сетэд 25:16-аар Пакистаны давамгайллаар өндөрлөв. Хоёр дахь сетэд манайхны довтолгоо, хаалт сайн байсан ч сүүлийн мөчид олон алдаа гаргаж 25:19-өөр дуусгалаа. Төгсгөлийн сетэд 25:14-өөр хожигдсоноор эхний тоглолт өндөрлөлөө.

ТОГЛОЛТЫН ӨМСГӨЛТЭЙГӨӨ ЗУГААЦСАН ЯПОНЫ САГСАН БӨМБӨГЧДИЙГ НУТАГТ НЬ БУЦААВ

Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпийн хороо шийдвэрлэжээ. Энэ явдал өнгөрсөн пүрэв гаригт Японы шигшээ баг Катарын багийг 82:71 харьцаагаар хожсон тоглолтын дараа болсон байна.

Шигшээ багийнхаа хувцсыг өмссөн сагсан бөмбөгчид Олимпийн тосгоноос гарч, Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт байрлах япон хоолны ресторан руу явсан аж. Оройн хоол идсэнийхээ дараа тэд хэд хэдэн эмэгтэйн хамт зоогийн газрын хажууханд байх шөнийн клубт оржээ.

Нэрийг нь дурдаагүй эдгээр дөрвөн тамирчныг Азийн тоглолтод цаашид оролцохыг хориглож, эх орон руу нь буцаасан байна. “Энэ бол манай шигшээгийн тамирчдын хувьд зохисгүй зан авир” гэж Азийн спортын наадамд оролцож буй Японы төлөөлөгчдийн ахлагч Ясүхиро Ямашита хэллээ.

Японы эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр тоглолтын дараахь байдлаар “С” хэсэгт тэргүүлж байна.


Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аварга П.Орхон алтан медалийн эзэн боллоо

Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэн ялж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Түүнээс хойш найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь шар өнгийн медалийг авчирлаа.

Чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.

П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон билээ.

Дэлхийн аварга П.Орхон “Тамирчдаа дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Индонезийн дэвжээнээс улсынхаа хоёр дахь медалийг хүртсэндээ баяртай байна. Хоёр жилийн өмнө Риогийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцохдоо аваргын төлөө барилдсан Кыргызстаны бөхөд өмнө нь ялагдаж байсан. Түүнээс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна. “Охиндоо амжилт хүсье” гэж утсаар болон фэйсбүүкээр захидал илгээсэн монголчууддаа баярлалаа. Өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Энхтөр багшдаа болон “Алдар” спорт хорооны хамт олондоо их баярлалаа. Багш нарынхаа 10 жилийн хөдөлмөрийг амжилтаар хариулж яваадаа баяртай байна. Энэ жил ДАШТ-ээс өмнө есдүгээр сард Европын нэгэн тэмцээнд оролцох болно” хэмээв.

Монголын чөлөөт бөхийн холбооноос П.Орхоны анхны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Торонто-1993” ДАШТ-ий хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарт халуун баяр хүргэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотынхон бид зүхээд байдаг хөдөөнийхөн рүүгээ очиж жилийнхээ стрессийг тайлах юм даа

Нийслэлийнхэн бид зүхээд, элдвээр гоочлоод байдаг хөдөө, хөдөөнийхөндөө л очиж бүтэн жил хуримтлагдсан стресс, ядаргаагаа тайлж дараа жилийн зун хүртэлх эрч хүчээ олж авах юм. Бусад цагт хотынхны хөдөөнийхний тухай ярьж буй хандлагаар бол “Нийслэлийнхэн хэзээ ч хөдөө очиж доошоо орохгүй” юм шиг л ойлгогддог. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ.

Наймдугаар сарын дунд үеэс хөдөө гадаа гарсан хүмүүс хотдоо эргэн ирж, хажуугаар нь орон нутгийн иргэд ч хүүхэд шуухдаа сургууль соёлд оруулах гэж бөөнөөрөө Улаанбаатар руу зүглэдэг. Өчигдрийн 12:00 цагийн байдлаар Монгол Улсын хүн ам 3.220.149 болж байгааг Хүн амын цагийн танилцуулгад мэдээлсэн байлаа. Улаанбаатар хотод 1.4 сая хүн суурин суудаг гэхээр үүн дээр орон нутгийн орж, гарсан иргэдийг нэмбэл 8-9 дүгээр сард нийслэлд Монгол Улсын хүн амын 70-аад хувь нь төвлөрдөг гэсэн үг. Тийм ч болохоор есдүгээр сарын сүүл хүртэл хотын хөл хөдөлгөөн эх захаа алдаж түгжрэл, ачаалал дээд цэгтээ тулдаг. Уулзвар, гарц болгонд шахуу шүгэлтэй цагдаа зогсч, банк, санхүүгийн байгууллага, их, дээд сургууль гээд албан байгууллагуудын дараалал ихэсч худалдаа, үйлчилгээний төвүүд үйлчлүүлэгчээр хахна.

Тэгж байтал сэрүү унаад ирэхээр гэр хорооллын яндангуудаас утаа баагиж эхэлнэ. Ингээд хотын гулгаатай, утаатай хүнд хэцүү урт сарууд үргэлжилнэ дээ. Утаа, гулгааны хажуугаар байр, машины лизинг, улс төрийн асуудал, жагсаал цуглаан, зээл бонд, хээл хахууль, авлига, элдэв дуулиант гэмт хэрэг, уул уурхай, эрдэс баялаг гээд нийслэлийнхний толгойг өвтгөх, сэтгэл зүйг хямраах асуудал бишгүй их. Нийгэм даяараа хямарч, хүн болгоны амнаас “Амьдрал хэцүү байна, бүх юм УИХ-ын 76-гаас болж байгаа юм, муу авлигачид эх орны баялгийг тонож гүйцлээ” гэх зүхэл унаж ер нь бүтэж байгаа юм үгүй болж, ирээдүй хар бараанаар төсөөлөгдөөд ирнэ. Ийм хүнд сэтгэл зүйтэй байхад шинэ жилийн дараачаасаа Валентин, Цагаан сар, Мартын найман, Цэргийн баяр гээд болсон болоогүй дараалсан олон баяр, архидалтыг давах гэж хамаг юмаа шавхаж, авдрын ёроолоо малтаж модоо барихын наагуур амьтас хавартай, дөрөвдүгээр сартай золгодог билээ.

Энэ их асуудал болгондоо хөдөөнийхнийг зүхэж, орк моркоор нь дуудна. Жаахан л бүтэл муутай яваа нэгнээ “Хөдөөний орк”, “Хөдөөний соёлгүй мал” гэдэг. Есдүгээр сард түгжрэл нэмэгдэхээр “Муу хөдөөний малууд машин барьж чадахгүй түгжрүүлээд байх юм” гэнэ. Утаа ихсэхээр “Хөдөөний оркууд хотод орж ирээд байр худалдаж авч чадахгүй байж уул, үерийн аман дээр гэрээ бариад нүүрс түлээд байна” гэх. Томоохон баяруудын үеэр хоол хүнсний үнэ нэмэгдэхээр “Малчид мах, ууцаа үнэтэй зараад цагаан идээндээ гурил, ус холиод байна” гэж ам уралдан муулцгаана. Хөдөөнийхний шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж сум, аймгийн төвд нь шингээх хэрэгтэй гэж дээр дооргүй нэг л ёозгүй ярина. Муу хүнийг ямар нэг юмтай зүйрлэхээрээ хөдөөний халтар, соёлгүй амьтан гэж хэлэх нь заримдаа жудаггүй л сонсогддог. Хотынхны стресс, бухимдал дуусна гэж байх биш. Сайхан хувцастай гоё хүмүүс алхах ч хөмсөг нь зангирч харц нь хилэнтэй.

Тавдугаар сар гараад цаг жаахан уяраад, тэнгэр хангай ээлээ хайрлаад ирэхээр хотынхны сэтгэл ч бас уясаад ядарч сульдсанаа сая мэдэж майхан сав, газан плитка, шорлогны төмөр, аяны хөнжлөө зэхэж эхэлнэ. Машин тэргээ янзалж сэтгэл нь хотдоо тогтохоо болино. Энэ үеэс хотынхны хувьд хөдөөнийхөн шиг зочломтгой, сайхан зантай, сайхан сэтгэлтэй хүн үгүй болж эх орноо, сайхан байгалиа магтан дуулна. Гар утасныхаа дугаарын жагсаалтыг гүйлгэж хөдөөний хамаатныхаа Жи-мобайлын утсыг олж аваад хэдийгээр очихоо, хэдүүлээ явахаа хэлж дуулгаж “Ах аа, эгч ээ” болно. Бүтэн жил хуримтлагдсан бөөн стрессээ “үүрээд” машиндаа чихэлдэж аваад хөдөө гардаг. Бүгд шахуу хөдөө гарчихаар наадмын дараа хот эзгүйрч нийслэл маань ажин түжин болдог. Гэрлэн дохион дээр хоёр, гуравхан л машин ирж зогсоод нэг бодлын амар.

“Ээ тэгж говьд очиж хонин гүрвэл болоод яах вэ хө. Яаж говьд амьдардаг байна аа”, “Хөвсгөл гэж хогийн цэг болсон газар. Болвол Байгаль нуур юм уу, Хайнанд очиж л далайн эрэг бараадвал зүгээр. Парисын цамхаг, Нью-Йоркоор орж Чэжүд амраад ирвэл гоё оо” гэж ярьдаг мөртлөө хотынхон маань Хөвсгөлийн хөвөөгөөр хөглөрч, говь, элс, тал гэлтгүй л эх орондоо шагай шиг асгардаг. Хаа сайгүй л, хөдөөгүүр дүүрэн л амрагч, зугаалагчид, хотынхон. Байгалийн үзэсгэлэнт газар, төрсөн нутаг ус, рашаан сувилал, амралтаар зунжингаа явж л хамаг стрессээсээ салсан хотынхон яг өдийд буюу наймдугаар сарын дунд үеэс хот руу буцаж ирдэг. Ингэж л улаанбаатарчууд жилийн турш зүхээд байсан хөдөөдөө сар гарны хугацаатай амарч бүтэн жилийнхээ алжаал ядаргаа, бухимдлаа “тайлж” хаячихаад хотдоо хөл тавина.

Бөөн бөөнөөр нь хамаатан саднаа хүлээж авч бараг суурь хониор хорхог, шорлогт өгсөн хөдөөнийхөн “Дараа жил ирж сайхан амраад аваарай” л гэнэ. Зургадугаар сараас наймдугаар сар хүртэл хамаатан садан, хотоос ирсэн ах дүүсийнхээ хөлд дарагдсан хөдөөнийхөн сэтгэл нь бас хөдөлж тэднийгээ дагаж ус голд сэлж, жимсэнд явж, шорлогноос нь амтархаж, хот газрын идээ будаанаас нь амсч ажлаа баахан алдана. Наадмын дараа намар гэдэг бол хамаатнууд явсаны дараа л намрын ажилдаа сая ханцуй шамлан ордог болжээ.

22-ын товчоогоор орж ирээд л “Хөдөөний оркууд” гээд үглээд эхэлдэг нь хотынхны нэг өвчин л дөө. Түүнээс биш яг ч хөдөөний иргэд, хамаатан садан, ахан дүүс, малчдаа тэгж хэлье гэж боддоггүй юм шиг байгаа юм. Амны уншлага гэх үү дээ. Хот руу чиглэсэн хөдөлгөөн энэ долоо хоногоос идэвхжиж байна. Одоо нийслэлийнхэн маань ажил төрөлдөө орж, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургууль, дүрэмт хувцасны асуудлыг шийдэж өнөөх их стрессийн далай руугаа “шумбана”. Хөдөөнийхнөө ч муулах л байх. Гэм биш зан нь юм. Гэлээ гээд яах вэ дээ. Ирэх зун дахиад л хөдөө рүү явцгаана. Хөдөөний ахан дүүс та нар маань хадлан тэжээл, өвлийн бэлтгэлдээ одоо ингээд ор доо. Хотын бид яахав та нартаа очиж сайхан амарлаа. Ажил төрлийг чинь хангалттай л алдууллаа. Стресстэж, үзэгдсэн бүхнээ муулаад сурчихсан хотынхондоо та нарыг оркоор нь дууддагт юм битгий санаарай. Хот зан гээд ойлгочих. Бид дараа жил та нар руугаа дахиж очно оо, хөдөөнийхөн минь.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Матаасчид Монголыг сөнөөх нь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Матаасчид Монголыг сөнөөх нь” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл , шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг: Утааны улирал ирж байна, ажил хариуцсан хүмүүс нь анхаарч байгаа гэж найдна хэмээв.

Батлан даалтад гарсан эрхэмүүд хаана, юу хийж явна гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгон тогтоож, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэв.

“Эмч” нүүрт П.Нямдорж: Нил улаан туяа хүний бие организмд их хэрэгтэй хэмээжээ.

“Уул уурхай” нүүрт Километрийн гүнд өрнөж буй гүний уурхайн барилгын ажлыг үндэсний компаниуд нугалж байна гэжээ.

“Спорт” нүүрт Манай улс Азийн олимпийн аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна гэжээ.

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ гэж “Танин мэдэхүй” нүүрт өгүүллээ.

Салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээ эхлэв хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Хүмүүс, хувь тавилан” нүүрт Ж.Барамсай агсны гэргий Р.Оюун: Нохдоо Барамсай, Байды гэж нэрлэсний хариу захиаг эзэнд нь явуулсан гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдал хүлээв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно

Монгол, Хятадын Хэвлэл Мэдээллийн Форумыг 2010 оноос хойш Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн форум есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Бүс ба зам” санаачлага дахь Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” гэсэн агуулга дор болох ажээ.

Тус форумыг БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлага дор, Монголын талаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Гадаад харилцааны яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны дэмжлэг доор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн бүсийн сэргээгдэх Эрчим хүчний 8-р форум болно

“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр болно. Энэхүү форумыг Эрчим Хүчний Яам болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, “ БНСУ-ын “Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн”, Монгол Улсын Эрчим Хүчний Зохицуулах Хороо, “Азийн Супер Сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм байна.

Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний форумыг 2011 оноос БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн сэргээгдэх эрчим хөгжил, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах, маркетинг, менежментийг сайжруулах зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлвийг хэлэлцэж, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний хадгалалтын системийг нэвтрүүлэх, Азийн супер сүлжээг байгуулах чиглэлээр ярилцана.

Энэ удаагийн форумын үндсэн илтгэгчээр БНСУ-ын Силла Их Сургуулийн профессор Jonsoo Song, Эрчим хүчний яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтэсийн О. Бавуудорж нар ажиллах юм.
Монгол Улсын хувьд нар салхины эрчим хүчний арвин их нөөцтэй. Байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуурыг нэвтрүүлэхийг зорьж байгаа байгаа бөгөөд Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр дээрх асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Форумд Монгол Улс, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт эхэллээ

ЭМЯ-ны харьяа дүүргийн эмнэлгүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах хоёр өдрийн сургалт эхэллээ.
Сургалтыг Эрүүл мэндийн сайдын долдугаар сарын 20-ны тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндний ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосон ажлын хүрээнд зохиож байна. Үүгээр мөн эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулж, ажлын байрны зохистой орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлагыг эргэн харж байна. Сүүлийн таван жилд 197 ААН-ийн 3518 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгаа хийснээс 62 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй гарчээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт ажиллагчдын мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөх байдлын товч мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын судалгааг танилцуулах, эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд халдвар хамгааллыг сайжруулан ажилласнаар ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй орчинг бий болгох, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тусгайлан хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн салбарт орчин үеийн техник хэрэгсэл, технологи нэвтэрч байгаагаас тухайн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал тавигдах боллоо. Сүүлийн таван жилд үйлдвэрлэийн осол нийт 1854 бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алджээ. Сүүлийн 2 жилийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3532 хүн идэвхтэй хяналтанд байгаагаас 117 хүнд тахир дутуугийн тэтгэвэр олгож, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг 2634 хүнд хийж, 7659 хүнийг сувилалд хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог, сургалтын арга зүй” сургалт болж байна

“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-Сургалтын арга зүй” сэдэвт сургалт өнөөдөр нээлтээ хийлээ. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, цэцэрлэгийн арга зүйч зэрэг нийт 200 гаруй хүн хамрагдаж буй уг сургалт хоёр өдөр үргэлжлэх юм байна. Сургалтыг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Удирдлагын академи, Хүүхдийг ивээх сан, нийслэлийн түшиц цэцэрлэгүүд хамтран зохион байгуулж буй аж.

2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын салбарын хувьд “Сургуулийн өмнөх боловсролын салбарын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг дэмжих замаар хүүхэд бүрийг зохион байгуулалттай сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамруулж, бага насны хүүхдийг хөгжүүлэх ажлын чанарыг сайжруулах” зорилт дэвшүүлээд байгаа юм. Энэ хүрээнд тодорхой судалгааны аргачлал, шалгуур үзүүлэлтэд суурилан сургалтын тодорхой арга боловсруулж, хэрэглэх чадварыг цэцэрлэгийн арга зүйчдэд эзэмшүүлэхэд сургалтын зорилго чиглэжээ.

Эдгээр сургалтуудад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин болон тухайн сургалтуудын сэдэвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сургалтад оролцогчидод амжилт хүссэн байна. “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-Сургалтын арга зүй” сургалтын хувьд үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, цэцэрлэгийн арга зүйч нар сургагч багшаар бэлтгэгдэж, орон нутагтаа очоод бусад багш, арга зүйч нарт энэхүү сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх юм байна.