Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан системийн шинэчлэлийг эхлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр: -Миний бие Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод, зургаа дахь жилдээ сууж байна. Энэ ордонд юу болдгийг, юу болдоггүйг хангалттай харлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө Иргэний хөдөлгөөний шугамаар олон жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Авлигын эсрэг жагсаал хийж байлаа. Газрын хэвлий доорхи баялгийг үр шимийг монголын ард түмэнд хувьцаа ногдуулах замаар хүртээх тэмцлийг эхлүүлж байсан. Дөрвөн жилийн өмнө Офшорын эсрэг хуулийг анх санаачлан УИХ-д оруулж байсан. Энэ бүхэнд Батзанданд итгэж, хамтдаа тэмцэж ирсэн олон мянган монголчуудын хүсэл зоригийг хамгаалахын тулд би Их Хуралд орж ирсэн.

Өнөөдөр Монгол Улсын өр 25 тэрбум ам.долларт хүрлээ. Хоёрхон жилийн дотор өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Ажилгүйдэл 30 хувьд хүрлээ. Хоёр өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Банкны хүү 25-30 хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес хийхэд маш хэцүү байна гэдгийг бизнес эрхлэгчид байнга хэлдэг. Банкны салбарын нийт ашиг жилдээ 350 тэрбум төгрөгт хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум төгрөг байдаг. Монголчуудыг тэжээлцдэг энэ том үйлдвэрээс илүү их хэмжээний орлогыг банкны эзэн гэх хэдхэн гэр бүл олж байна.

60 тэрбумын асуудлыг шийдэж чадсангүй. Уучлал гуйгаад өнгөрөх юм шиг байна. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан прокурор ажлаасаа халагдаад дуусах байх. 60 тэрбумд орооцолдсон нөхөд одоо гадаадад зугаалцгааж байна.

Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна, шударга ёсны хайчийг хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна, олигарх бүлэглэлүүд ЗГ, УИХ-ыг атгандаа оруулчихаад байна гэдгийг ХЗДХ-ийн сайд нь мэдэгдлээ. Эрдэнэтийн хэрэг, С.Зориг агсны амь наёыг хөнөөсөн хэрэг гэхчлэн улс орны эрх ашигтай холбоотой томоохон хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Албан тушаалын хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацдаг болсон. Асар их хөрөнгөжсөн прокурор, шүүгчдийн асуудлыг ярьсан УИХ-ын гишүүдийг шүүх, прокурорынхон айлган дарамталдаг болсон.

Би энэ талаар иргэдтэйгээ ярилцахыг хүсч байна. Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр жил тутамд нэг Засгийн газар солилоо. Засаг солих амархан. Гэхдээ Засгийн газрыг солиод юу ч дээрдэхгүй байгааг бид харлаа. Олон сонгууль хийж үзлээ, олон удаа эрх барих улс төрийн хүчнийг сольж үзлээ. Олон ч баталлаа. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулиа баталсан. 1996 онд ХЭҮК-ийг байгуулсан. 2004 онд Захиргааны шүүхийг байгуулж, 2014 онд Захигааны ерөнхий хуулийг баталсан. 2007 онд Авлигын эсрэг хууль баталж, АТГ-ыг байгуулсан. АТГ нь авлигатайгаа тэмцэж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 90 хувь нь хэлж байна. Шүүх засаглал нь шударга ёсыг тогтоож чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 80 хувь нь хэлж байна.

Надад нэг САНАЛ байна. Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын үндсэн үүрэг бол монголын ард түмний язгуур эрх ашгийг хуулиар хамгаалах. Гэтэл 60 тэрбумаар бүрдсэн 65-ын олонхтой парламентад иргэд хэдийнэ итгэл алдарсан. Энэ засаглалын хямралаасаа яаж гарах вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна. Би иргэддээ тодорхой санал тавихаар энэхүү мэдээллийг хийж байна.

Бид системийн хямралаас гарахын тулд АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА хийхээс өөр арга байхгүй. Шинэ Үндсэн хууль батлах уу гэдгийг нийт ард түмнээсээ асууя. 1996 онд батлагдсан Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд Ард нийтийн санал асуулга явуулах эрх олгосон. Энэ санал асуулгаар гуравхан асуулт тавья.

1. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Шинэ үндсэн хууль батлах уу гэдгийг асууя.
2. Хэрэв ард түмэн маань Үндсэн хуулиа шинэчлэн баталъя гэж саналаа өгвөл дараа нь “Монгол Улс засаглалын ямар хэлбэрийг сонгох ёстой вэ” гэдэг асуулгад хариулт авах ёстой. Монголчуудад тохирох засаглалын гурван үндсэн хэлбэр байна. Сонгодог парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, Канцелларын буюу хүчирхэг Ерөнхий сайдын гэсэн гурван хэлбэр бий. Ард түмэн энэ гурван засаглалын аль нэгийг дэмжиж таарна.
3. Ард нийтээрээ засаглалын хэлбэрээ сонгосны дараа УИХ-ыг татан буулгаж, сум бүр, баг бүрээс төлөөлөгч оролцсон Ардын их хурлыг байгуулах замаар шинэ Үндсэн хуулиа баталъя, системийн өөрчлөлтөө хуулийн хүрээнд тайван замаар хийе гэж уриалж байна.

Би эрх мэдэл бүхий дарга нараас эхлээд иргэд олон түмэнтэйгээ өдөр бүр уулзаж байна. Иргэдийн хувьд энэ системийг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр саналаа хэлж байна. Харин улстөрчид хоорондоо маргалдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх ёстой гэж эрх баригчид үзэж байна. Миний хувьд дотроо хоёр хуваагдсан 65-ын бүлэг, олигархийн эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийх боломжгүй. Харин ард нийтээсээ асууж системийн өөрчлөлтийг шийдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа юм.

Таны санал хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах байх даа гэж иргэд маань асууж байна. Үнээн, системийн өөрчлөлтийг эсэргүүцдэг хүмүүс Батзанданг доромжлоод эхэлсэн. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт эхэндээ эсэргүүцэлтэй тулгардаг. Өнөөгийн систем нийгмийн цөөнхөд, ялангуяа банкны эзэд болон газрын хэвлийн баялгийг гадныхантай хамтран ашиглаж буй цөөн хүмүүст ихээхэн ашигтай байгаа. Гэхдээ энэ систем жирийн монгол иргэнд ашиггүй. Өдрөөс өдөрт монголчууд ядуурч байна. Энэ зэлтрийн гацаанаас монголчууд нам, нутаг ус үл харгалзаж, нэгдэх цаг болсоон. Монголчуудыг хагалж бутаргадаг буруу соёлоос татгалзаж, улс төрийн шинэ соёл руу орох цаг болсон гэж би үзэж байна. Монголчууд хамтдаа эдийн засгийн болон улстөрийн шинэ системийг хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэж байна. Энэ долоо хоногийн баасан гарагт “Цаг боллоо-Системийн өөрчлөлт” хэлэлцүүлгийг зохион байгуулна, та бүхэн идэвхтэй оролцоорой хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар Айраг суманд ажиллаа

Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, цахилгаан шугам саатаж, төмөр замын эвдрэл гарч сум орон нутаг, ард иргэдэд ихээхэн хохирол учирсан билээ.

Үүнтэй холбогдуулан үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд Айраг суманд ажиллалаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар ажилласан юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд 12-оос дээш насны хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд сэтгэл зүйн сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өглөө.

Мөн үерт автсан айлын 43 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, нярай хүүхдүүдэд нярайн хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн бол 4 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүрэм зөрчсөн жолоочийн торгуулийн хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор торгуулийн хэмжээ ч нэмэгдэх нь. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дүрэм зөрчсөн жолооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнтэй тэнцэх хэмжээний хувьтай тэнцэх төгрөгөөр торгох торгуулийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэх юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 640 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна.

Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 16 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.

Categories
мэдээ спорт

Ш.Түмэнцэцэг хагас шигшээд шалгарлаа

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдаж буй юм

68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Дивья Какраныг оноогоор цэвэр (11:1) яллаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд эзэн орны Синта Деси, Тайваний Чен Венлинг нарын ялсантай хүч үзэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэд шүүхээс 9.6 сая төгрөгийн торгууль ногдууллаа

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заагдсан гэмт үйлдлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

Түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 9.6 сая төгрөгөөр торгож байгаа аж. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдийн тусламжийн аян Баян-Өлгий аймагт хүрнэ

Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд Гандантэгчинлэн хийд болон буддын сүм хийдүүдээс хандив тусламжийн цуваа хөдөллөө.

Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас энэ талаар тодруулав.

Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго юу вэ?

– Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Гандантэгчинлэн хийдийн шашны сургууль гэж бий. Шашны дээд сургуулийн багш, захирал тэргүүтэй санаачилсан Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэд сүсэгтэн олонд хандив тусламж үзүүлье гэсэн санаа гарсан. Нэг сарын хугацаанд үргэлжлээд өнөөдөр биеллээ олон хүрээ хийдүүдийн төлөөлөл Батхүү лам тэргүүтэй, мөн төрийн тэргүүн байгууллагын төлөөлөл хүмүүс ирж хүлээн авлаа.Гандантэгчинлэн хийдээс тусламж хүссэн зүйл ирдэг. Үүнийг үндэслэн жил бүр Гандантэгчинлэн хийдээс гурваас таван гэрийг орон гэргүй, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж боломж бололцоогоороо өгдөг байгаа.

Тусламжийн аян хэзээнээс эхэлсэн бэ?

-Сүүлийн 20 гаруй жилбуцалтгүй тусламжийн аян өрнүүлж байна. Үүнээс гаднабайгалийн гамшиг,гоц халдварт өвчин,гал түймрийн аюул зэрэгт өртсөн сүсэгтэн олонд цаг ямагт тусламж үзүүлдэг. Энэ жилийн хувьд Баян-Өлгий аймагт гамшиг болж, олон айл өрх орон гэргүй болсон, эд материалын маш их хохирол учирсан. Азаар хүний амь эрсдээгүй. Ингээд лам хуварга хүрээ хийдүүдээс хандив тусламжаа өгсөн. Үүнийг нэгтгээд 10 иж бүрэн гэр, хувцас, хоол хүнс зэргийг Баян-Өлгий аймаг руу илгээж байгаа юм. Гандантэгчинлэн хийд олон зуун жил үйл ажиллагаа явуулахдаа хандив тусламж өгсөөр байгаа, одоо ч үргэлжлүүлж байна. 1937 он хүртэл Богдын жасаас хандив тусламжийн аян явуулдаг байсан бол, 1944 оноос өдийг хүртэл Үндэсний хэмжээнд хандив тусламжийн аян явуулдаг болсон.

Аянг хамрах хүрээ хэр вэ?

-Гандантэгчилэн хийдийн тэргүүн ламтнаас авахуулаад бүгд оролцсон. Хурлын лам нараас хоёр удаа хандив тусламж цуглуулан, энэхүү үйл ажиллагаанднэмэрлэсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандалхийд, Түвдэнпэлжээлин хийд гэх зэрэг хийд, хувилгаан хутагтууд оролцож байна.

Б.БОЛОРЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: МАНАН ялагдаж байж Монгол ялна

Улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ноголн нам /МНН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монгол ардын хувьсгалт нам /МАХН/ намууд оролцлоо.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрх баригчид зөвхөн төрийн албанд ажиллаж байсан хүнийг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдүүлнэ гэсэн даалгаврыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Төрийн албанд ажиллаж байгаа, зургаан сарын өмнө ажлаа өгөөд 42-р тойрогт нэрдэвших хүн хаана байгаа вэ? Адилхан хээл хахуул авсан, хууль зөрчсөн хүн л байгаа. Энэ тойрогт нэр дэвших хүн байгаа үгүйд эргэлзэж байна. Ингэж МАН 42 дугаар тойргийн сонгуулийг хойшлуулсаар байгаад 2020 он хүртэл гацаах зорилготой. Мөн намайг нэр дэвших вий гэж айж байна. Өмнөх сонгуулиудад намайг нэр дэвшихэд янз бүрийн шалтаг гаргаж өрсөлдүүлээгүй. Манай төр эхлээд хүнийг хасдаг байсан. Дараа нь намыг хассан. Одоо сонгуулийг хасдаг боллоо. Ийм зүйл байж болохгүй. Бид намын бага чуулганаа хийнэ. Чуулганаар надад итгэл хүлээлгэвэл би нөхөн сонгуульд оролцоно. МАНАН ялагдаж байж Монгол ялна. Тиймээс МАНАН-г ялахын төлөө тэмцэнэ” гэв.

Эрх баригчид яаралтай чуулган зарлаж яамны сайдыг томилохгүй, 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийхгүй, сонгууль явуулахгүй бол бид УИХ-ыг хугацаанаас өмнө тараах иргэдийн гарын үсгийг зуруулах ажил зохион байгуулна” хэмээн мэдэгдлээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

Азийн наадмын нээлтийн өдөр мэндэлсэн охиндоо “Asian Games” нэр өгчээ

Индонези улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембан хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрласан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлснийг “The Bangkok Post” уламжилжээ.

Охины аав, 38 настай Йордания Денни “Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” хэмээн хэлсэн байна.

Бяцхан охиныг “Abidah Asian Games” хэмээн нэрлэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн бямба гаригт Жакарта хотын Гелора Бун Карно цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн наадмын нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө төрсөн ажээ.

Аавынх нь хэлснээр, охин цагаасаа эрт төрсөн бөгөөд түүнийг есдүгээр сард мэндэлнэ хэмээн тооцоолж байсан ажээ. Хоёр долоо хоног үргэлжлэх Азийн спортын наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Жаргалант сумын хоёрдугаар сургуулийг засварлажээ

Сургалтын үйл ажиллагаа явуулах тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн эрх шилжсэн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн барилгын сантехникийн засварын ажил хийгджээ.

Энэхүү ажлыг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Ховд баганат” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын хүрээнд 1600 гаруй турбог холбох хэрэгслийн хамт сольж, засварласан бөгөөд дулааны хоёр узелийг шинэчилжээ.

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийнхаа нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг өнөөдөр хоёрдугаар сургуулийн сантехникийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг өнөөдөр Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд уншиж сонордуулан, Төрийн одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн эмч Ганболдын Ариунболд
  2. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Учралын Ариун-Эрдэнэ
  3. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Бадарчийн Мөнхбаяр
  4. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Даваагийн Наранбаатар
  5. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Нямаагийн Одгэрэл
  6. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Чойр төмөр замын өртөөний салбарын эрхлэгч Бямбын Одончимэг
  7. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашдэндэвийн Цоолоймаа нарыг шагналаа.

Цэргийн хүндэт медалиар:

  1. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Сугарын Ариунболд
  2. Дорноговь аймгийн Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, хошууч Чулуунбатын Ганзориг
  3. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Нямбуугийн Гансүх
  4. ОБЕГ-ын эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Цэрэнсүрэнгийн Гантигчулуун
  5. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Дорждагвын Мөнгөн-Өлзий
  6. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Лхагвын Шинэбаатар
  7. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, ахмад Дэлгэрбатын Эрхэмбаатар нарыг шагналаа.

Шударга журам медалиар:

  1. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, ахлах ахлагч Нэргүйн Алтангэрэл
  2. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрэвдаваагийн Амгаланбат
  3. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Алтанхундагын Анар-Эрдэнэ
  4. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Отгончимэгийн Баасанжав
  5. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч нэргүйн Баатар
  6. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Пүрэвдоржийн Батболд
  7. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Батдэлгэрийн Батзориг
  8. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс сувилагч Чимэддоржийн Батцэцэг
  9. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Батмөнхийн Ганбилэг
  10. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд тат хэсгийн илчит тэрэгний машинч Юубилээгийн Ганболд
  11. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Адъяатөмөрийн Даваадулам
  12. Төмөр зам дахь цагдаагийн хэлстийн хэв журмын цагдаа, ахлагч Пүрэвдоржийн Золбаяр
  13. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч Гангаагийн Лхагва-Очир
  14. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Энхжаргалын Мөнхтөр
  15. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Төрбатын Нарангэрэл
  16. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Жадамбын Нямбаатар
  17. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбар харуул, ахлагч Дүгэрсүрэнгийн Отгонбилэг
  18. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, дэд ахлагч Дашдондогийн Очирхуяг
  19. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Сүхбаатарын Сугирбаатар
  20. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Тогтуунсүрэнгийн Тамир
  21. Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, ахлагч Мишигийн Тулга
  22. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Энхбатын Түвшинжаргал
  23. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Даваагийн Түмэнбаатар
  24. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Доржпаламын Уламбаяр
  25. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Уртбаярын Цэвэгсүрэн
  26. Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн жолооч Батбуянгийн Энхбаяр нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулсны дараа Дорноговь аймгийн Айраг суманд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас төмөр зам дээр гарсан ослын үеэр үлгэр жишээ ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад хандаж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Бүгдийн амгаланг айлтгая.

2018 оны наймдугаар сарын 12-ны үүрээр байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл, үерийн улмаас Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 342 зорчигчтой суудлын 286 дугаар галт тэрэг замаас мултарч гарсан осол болсон. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын гурван вагон замаас гарснаас нийтдээ 96 зорчигч ослын нөхцөлд өртсөн байна.

Ослын нөхцөл байдалд Онцгой байдлын ажилтнууд, цагдаа нар, эмч нар, төмөр замын ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэх зэргээр албаны болон иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж, ослын үр дагаврыг богино хугацаанд арилгахад чармайн зүтгэжээ.

Өнөөдөр хүнд нөхцөл байдалд ур чадвар гарган, зориг сэтгэлээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, аюулгүй байдлыг шуурхай ханган, ослын үр дагаврыг арилгах, сэргээн босгох ажилд хүчин зүтгэсэн иргэдийг Шударга журам медалиар шагналаа. Бүгдэд талархал илэрхийлье.

Хүн бүр албаны болон иргэний үүргээ Та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэлтэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно.

Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархлыг дахин дахин илэрхийлье.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.