Categories
мэдээ нийгэм

Тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавина

Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт эхэлжээ.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

Шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу Энх тайвны өргөн чөлөө таван шарын буудлаас зүүн дөрвөн замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээгээр 10 дэн буудлыг хаажээ

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгдэг болон үйлдэгдэж болзошгүй газруудад “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээ болон “Эрсдэл хамгаалал” аяныг зохион явуулж эхэллээ.

Уг аяны хүрээнд хоногийн хугацаанд 54 алба хаагч 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд эргүүл хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар дөрвөн иргэн, 27 аж ахуй нэгж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 10 дэн буудлын үйл ажиллагааг зогсоож 13 зөрчил илрүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин Австрийн гадаад хэргийн сайдын гэрлэх ёслолд очжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнейсслийн хуримын ёслолд оролцжээ. Австрийн өмнөд нутгийн Штириа мужид болсон энэхүү арга хэмжээнд В.Путин уригдаж ирэхдээ Карин Кнейссльд бэлэг өгсний зэрэгцээ түүнтэй хамт бүжиглэсэн байна.

Гэвч Австрийн сөрөг хүчний улс төрчид, “Карин Кнейссль буруу зочин урьж, ЕХ-ны гадаад бодлогыг сулруулж байна” гэж буруушаасан байна. Ерөнхийлөгч В.Путин Германд айлчилж, тус улсын Канцлер Ангела Меркельтэй уулзалт хийхээсээ өмнө Австрид түр саатахдаа энэхүү арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр сүйт бүсгүйд зориулж баглаа цэцэг, ирсэн зочдод зориулж Казах дуучид, бүжигчдийн хамтлагийн хамт хүрэлцэн иржээ.

Өдгөө 53 настай Австрийн улс төрч Карин Кнейссль нь бизнес эрхлэгч Вольфганг Мейлингертэй гэрлэж байгаа ажээ. Вольфганг Мейлингер өдгөө 54 настай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Бурмаа: Иргэн үг хэлснийхээ төлөө төрийн хатуу дарамтанд байх ёстой юу?

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тодруулбал, иргэн С.Мишиг зөрчлийн хуулийг эсэргүүцэн намрын чуулганаар өлсгөлөн зарлах тухай хэвлэлийн хурал зарласан билээ.

С.Мишигийн гэргий Д.Бурмаа хэлэхдээ “Бидний төлөөлөл С.Мишnгээд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа Н.Эрдэнэбилэг зөрчлийн хуулийг үндэслэн гомдол гаргасан. Үүний дагуу өчигдөр шүүх хурал болж 15 хоног баривчлах ял оноолоо. Үндсэн хуулинд хүн бүр үг хэлэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Иргэн үг хэлснийхээ төлөө төрийн хатуу дарамтанд байх ёстой юу? Шүүхийн шийдвэрийг шударга бус гарсан гэж үзэж байна. Зөрчлийн хуулийг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно ” гэв.

Иргэдийн шударга шүүх ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Бат-Ялалт хэлэхдээ “Бид зөрчлийн хуулийг эсэргүүцэхээс илүүтэй үндсэн хуулиа мөрдөхийг шаардаж байна. Төр иргэнийхээ эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй гэж үндсэн хуульд заасан. Иргэн бүр орлого нь зарлагаа гүйцэд хангах хэмжээнд ажиллах ёстой.Эдийн засгийн хямрал,авилгал, хээл хахуультай холбоотойгоор иргэд ядууралд орсон. Цөөхөн хэд нь хагартлаа баяжиж байна. Иргэдийн ажлын байрыг төр булааж байна. Нийт 30 гаруй худалдаа эрхлэгч иргэд шаардлага тавьсан байдаг. Түүний дундаас хамгийн их үзэл бодлоо илэрхийлсэн иргэн С.Мишигт ял оноолоо. Энэ шударга бус явдалтай тэмцэх хэрэгтэй ” гэлээ.

А.АНУЖИН

Categories
мэдээ нийгэм

“Тэгш эрх-тэгш боломж” өдөрлөг зохион байгуулжээ

Дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс “Залуучуудын хөгжлийн сар”-ыг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дуу хоолойг сонсох, үзэл бодлоо нэгдэн илэрхийлэх боломжийг олгох, мөн тэдний биеийн тамир, спорт болон оюуныг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой аж.

Тус өдөрлөгөөр “Нээлттэй ярилцлага” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж, тэдгээрийн тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийг хүлээн авч, орон нутаг дахь залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн төлөөлөл гишүүн зэргийг сонгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг-Эх орон” аянд 1730 цэргийн алба хаагч хамрагдлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Улаанбаатар цэргийн хүрээний 353, 014 дүгээр ангийн 137 алба хаагч хамрагдаж, гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад энэхүү сургалтыг аравдугаар сарыг дуустал зохион байгуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ш.Түмэнцэцэг алт, О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаан боллоо.

68 кг-д ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайваний Чен Венлинг нарыг тус бүр оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зоу Фенгтэй хүч үзэхээр болов.

Харин 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа шөвгийн наймд Японы Хироэ Минагавад оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар Кыргызстаны Айпер Медет Кызытэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2018.08.21/ Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд манай “гуравдагч хөрш” Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд, сүүлийн жилүүдэд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Тэрбээр, Европын Холбоо Монгол Улсыг 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс тууштай дэмжиж ирсэнийг дурдаад өдгөө тус холбоо нь манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны чухал түнш болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, цаашид эдийн засгийг олон төрөлтэй болгож, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, дэд бүтэц болоод бусад салбаруудыг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох төслүүдийг Европын Холбоотой хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Европын Холбоо монголын бараа бүтээгдэхүүний экспортын чадавхийг дээшлүүлэх, европын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, GPS+ хөнгөлөлтийн ерөнхий системд 2005 оноос хамруулж ирсэн. Энэхүү хөнгөлөлтийн хүрээнд манай улс Европын Холбооны гишүүн 28 орны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой хэдий ч хөнгөлөлтийг хангалттай ашиглаж чадахгүй байгааг УИХ-ын дарга мөн дурдсан.

Түүнчлэн тэрбээр, Европын Холбооны орнуудад боловсрол эзэмшсэн олон хүмүүс улстөр, эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглээд, цаашид Европын Холбооны байгууллагаас боловсролын салбарт хөнгөлөлттэй хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон залуусыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Европын Холбооны орнуудад зорчих визийн асуудлыг хөндсөн. Европын Холбооны аль оронд зорчихоор виз мэдүүлэх, тус холбооны ямар улсаас аялалаа эхлэхээс хамаарч иргэдэд ялгаатай ханддаг, зарим нэг хүндрэл учирдаг гэсэн мэдээлэл буйг тэрбээр онцлоод монгол иргэдэд тодорхой хэмжээнд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ асуудлаар харилцан ойлголцох ажил хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал Евро Парламенттай олон жилийн харилцаатай хэмээгээд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ирэх есдүгээр сард болох парламент хоорондын ээлжит уулзалтаар зөвлөлдөнө хэмээн итгэж байна гэлээ.

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэа УИХ-ын даргатай уулзсандаа баяртай байна гээд, 1990-ээд онд суралцаж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн монгол оронд ирж ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийсэн юм.

Европын холбооны зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана хэмээгээд, ингэхдээ хүний эрх, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх болно гэлээ.

Эрхэм Элчин сайд тус холбооноос эдийн засаг, нийгэм, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаа хэмээгээд удахгүй болох парламент хоорондын ээлжит уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ ахин ярилцана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд Европын холбоо, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүнээс гарсан үр дүнг олон нийтэд таниулна гэж төлөвлөж буйгаа дуулгасан.

Түүнчлэн тэрбээр Европын холбооны зүгээс стандартын дагуу хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүсч байгаагаа онцолсон

.

Тус холбооноос Монгол Улсын Засгийн газартай хамтран төрийн санхүүгийн зарцуулалтын сахилга батыг сайжруулах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд улсын төсвийг баталдаг УИХ-ын дэмжлэг чухал гэлээ.

Мөн чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах шаардлага буйг онцлоод энэ нь Европын Холбооны гишүүн 28 оны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглахад үр дүнгээ өгнө хэмээсэн. Тэрбээр Европын Холбооноос боловсролын чиглэлээр хэрэгжүүлдэг хоёр том хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэлээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд, судлаачид, эрдэмтэд, багш нар Европын Холбооны орнуудад очин, туршлага судлах боломж бий болох юм байна.

Элчин сайд Траяан Лауренцю Христэа Европын Холбооны орнуудад зорчих визтэй холбоотой асуудал гарч буйг хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ хийгдэж буйг дуулгасан. Үүнд Европын Холбооны гишүүн орнуудын Дотоод хэргийн яам голлох үүрэгтэй ажиллаж буй бөгөөд холбогдох журмыг боловсруулан хэлэлцэж байгаа тул ахиц дэвшил гарна гэж найдаж байна гэлээ. Визтэй холбоотой тулгарч буй асуудлыг түвшин бүрт нь судлан үзэж байгаагаа дуулгаад парламентын даргын хувьд Европын Холбооны гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын удирдлагатай уулзах үеэрээ мөн энэ асуудлыг хөндөж ярилцвал улам үр дүнтэй болно хэмээсэн. Түүнчлэн Элчин сайдын хувьд, Төлөөлөгчийн газрын зүгээс ГХЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ, Эль Сальвадор нар дипломат харилцаа тогтоожээ

БНХАУ болон Эль Сальвадор улс нар өнөөдөр дипломат харилцаа тогтоожээ.

Энэ хүрээнд БАНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Эл Сальвадор улсын Гадаад хэргийн сайд Карлос Кастареда гарын үсэг зурсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос хэрэгжинэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос эхлэн хэрэгжихээр болжээ. Хөтөлбөрийн дагуу 24 сартайгаас 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ гаргах юм. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт зориулан 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд таван жил хэрэгжих тул жилд 10 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулах юм байна.

Орон нутагт шүдний эмч дутагдалтай байдаг бөгөөд харьяалал харгалзалгүйгээр үйлчилдэг нь Шүд, эрүү нүүрний төв юм. Тус төвд жилд 100 гаруй мянган хүн үйлчлүүлдэг аж. Тиймээс хувийн эмнэлгүүдийг түшиглэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Улсын хэмжээнд 1195 шүдний эмч байдаг бөгөөд 817 нь хувийн эмнэлэгт ажилладаг бол 40 нь суманд ажилладаг ажээ. Энэ хэрээр орон нутгийн хүүхэд шүдний эмнэлэгт хандах боломж хумигддаг. Тиймээс нийслэлд байгаа хувийн эмнэлгийн чадамж, байршил болон орон нутгийн хүүхдийн тоо зэргээс шалтгаалан зохион байгуулалт хийх юм байна. Өөрөөр хэлбэл, ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн 24 сартайгаас 12настай хүүхдийн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.

Сонирхуулахад, Монгол Улсад өмнө нь амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр хоёр удаа батлагдаж байжээ. Санхүүжилт нь тохиолдолд суурилж байсан тул хувийн эмнэлгүүд, төрийн байгууллагын хооронд санхүүгийн асуудал үүсч байжээ. Энэ алдаа давтагдахааргүйгээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.