Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлтийг маргааш 14:00 цагт болгон хойшлууллаа

Энэ жил есдүгээр сарын 1-н бямба гаригт буюу амралтын өдөр тохиож байна. Гэсэн хэдий ч хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болно хэмээн салбарын сайд нь онцолсон. Тодруулбал, бямба гарагт хичээл орохгзй зөвхөн нээлт болох юм.

Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл орохгүй хичээлийн шинэ жилийн нээлт буюу эрдмийн баяр болно.

Есдүгээр сарын 3-нд хичээлүүд цаг цагтаа орно. Харин их, дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулъя гэж санал авч байна. Их, дээд сургуулиудын хичээлийг нэг цагийн дараа хичээллүүлэх санал гаргаад сургуулиудаас санал авч байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гарвал олон нийтэд мэдэгдэнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ноён уулын шүүх хурал хойшлов

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр боллоо.

Хуралдаанд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын гурван төрөлд өнөөдөр манай тамирчид өрсөлдөнө

Азийн спортын 18 дахь удаагийн наадмын 13 дахь өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр манай улсын тамирчид дараах төрөлд өрсөлдөнө.

Сагсан бөмбөг: Эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд манай сагчид Индонезийн шигшээ багтай 10:00 цагаас тоглооно.

Бокс: Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар БНХАУ-ын тамирчинтай 15:45 цагаас. эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд оролцож байгаа ОУХМ Б.Чинзориг Тайландын боксчинтой 20:15 цагт тус тус өрсөлдөнө.

Жүдо бөх: Эрэгтэйчүүдийн -90-кг-ын жинд өрсөлдөх ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанд Афганистаны бөх Мох Исмал Какартай, -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар тэмцээнээ эхлүүлнэ. Тэрээр эхний тойрогтоо Тайландийн жүдоч Вэй Пуяанг-тай тус тус учраа таарчээ. +100 кг-д хүч үзэх Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо хийлсэн байна. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын тамирчин Б.Мөнхтуяа БНХАУ-ын тамирчин Яан Вэйнгтэй эхний барилдаанаа хийнэ.

Categories
мэдээ спорт

Якутад манай 10 бөх барилдана

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 5-8-нд Якутад болно. 11 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас аравдугаар сард Унгарын нийслэл Будапештэд болох ДАШТ-д зодоглох эрэгтэй бөхчүүд зодоглох юм. Тодруулбал,

  1. 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр,
  2. 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга,
  3. 65 кг-д ОУХМ Т.Тулга ,
  4. 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж,
  5. 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран,
  6. 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат,
  7. 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн,
  8. 92 кг-д Л.Төртогтох,
  9. 97 кг-д ОУХМ Ө.Батзул,
  10. 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарын удирдлага дор хүч үзнэ.
Categories
мэдээ нийгэм

Даатгуулагчийн хураамжийн тодорхой хэсгээс бүрддэг нөөц сангийн хэмжээ өсжээ

Даатгуулагчийн хураамжийн тодорхой хэсгээс бүрддэг нөөц сангийн хэмжээ энэ оны 2 дугаар улиралд 135.5 тэрбумд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Даатгалын бүтээгдэхүүн борлуулалтаас бүрддэг энэхүү нөөц сангийн бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой харилцаа Даатгалын тухай хууль болоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу явагддаг. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс нөөц сан нь даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг хангахуйц хэмжээнд байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг.

Энэхүү даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг даатгалын компаниуд холбогдох хууль, журмын дагуу нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд ашигладаг. Түүнчлэн нөөц сан хэлбэрээр хуримтлагдсан хөрөнгөөс тодорхой хувь хэмжээг нь санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаж, нэмэгдүүлэх боломж бас байдаг.

Ийнхүү даатгалын нөөц сангийн хэмжээ сүүлийн таван жил дараалан тогтмол өсөлттэй байгаа нь даатгалд хамрагдах иргэдийн тоо өсч, улмаар даатгалын компаниудын хураамжийн орлого нэмэгдэж буйтай холбоотой юм. Хурдацтай өсөн тэлж буй даатгалын салбарын цар хүрээ, хүртээмж болоод шинээр зах зээлд нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг даган, нөөц сангуудыг зохих хэмжээнд хангаж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо даатгагчдын үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг болгон тавьснаар ийнхүү болзошгүй эрсдэлийг тодорхой хэмжээнд даах чадвар бүрэлдэн бий болж байна. Даатгалын компаниуд ч өөрийн эрсдэлийг үнэлж, даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг даах хэмжээний нөөц сангаа бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Төр засаг үнэхээр арчаагүй гэж харагдахаар байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хойшилж байна. Цэцийн шийдвэртэй санал нийлж байна уу, та?

-Нөхөн сонгууль болдгоороо болох ёстой байсан. УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоолыг нь баталж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажлаа базааж байсан байх. Харин Үндсэн хуулийн Цэц ямар үндэслэлээр юу бодож ийм шийдвэр гаргасан юм бол доо. Төрийн албан хаагч нэр дэвших боломжгүй болсон байна гэдэг утгатай зүйл яриад байх шиг байна. Намрын чуулган эхэлсний дараа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр зөв байсан, буруу байсан эсэхийг хэлэлцэх байх. Тиймээс намрын чуулган эхэлтэл энэ асуудал нэг талдаа шийдэгдэхгүй гэж ойлгож болно.

Цэцийн шийдвэрийг ойлгохгүй юм. Яагаад ийм шийдвэр гаргачихсан юм бүү мэд. Сонгуулийн тухай хуулинд нөхөн болон дахин сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоног, зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гээд заачихсан. Энэ оны зургадугаар сард цаг хугацааны хувьд боломжгүй байсан тул аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгуулийг явуулъя гэж УИХ шийдвэрлэсэн. Их хурлын шийдвэрт Үндсэн хуулийн Цэцээс ингэж хориг тавьсныг ойлгохгүй байна.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль яг болох уу. Бас л эргэлзээтэй дээ. 2020 оны сонгууль болохоос нэг жилийн өмнө гээд ер нь бол сонгууль явуулахгүй байх магадлал танай намд өндөр байгаа юм биш үү. МАХН-аас Н.Энхбаяр ялна, АН-аас мөн өөрсдийн нэр дэвших хүн нь ялна гэх юм?

-Аравдугаар сард нөхөн сонгууль болохгүй бол ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль болдгоороо болно. Зургадугаар сард нөхөн сонгууль болохгүй гээд хэн хэлчихсэн юм бэ. Н.Энхбаяр ялна, АН-ын нэр дэвшигч ялна гээд хэн яриад байгаа юм. Ярьж байгаа хүмүүс биш, Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид шийдэх асуудал. Би тойргоороо яваад ирлээ. Ноос, ноолуурын үнэ харьцангуй гайгүй байгаа болохоор иргэд өрөө дарж, байгаль дэлхий хураа хайрласан сайхан зун болсон болохоор хүн малын зоо тэнийгээд сэтгэл өег л байна. Зарим газар зам, барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлж, иргэд ажилтай болсон гээд сэтгэхүй нь өөр байна шүү. Хэнтийд ч мөн адил тийм л байгаа байх. Ийм атал тэр энэ ялна гээд хэн хэлээд байгааг мэдэхгүй юм.

-2020 оны сонгууль хүртэл парламентыг 76 биш, 75 гишүүнтэй байлгах хүсэл танай намын дарга У.Хүрэлсүхэд байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүн өргөдлөө өгч бүрэн эрх нь дуусгавар болсон бол тойрог дээр нь нөхөн сонгууль зайлшгүй явах ёстой. Энэ ондоо багтаад амжихгүй бол ирэх онд нөхөн сонгуулийг заавал явуул.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төрд төлөөлөлгүй байж болохгүй. Үүнийг яаралтай шийдэх ёстой асуудал.

-Ээлжит бус чуулган болох ёстой юу. АТГ-ын даргыг солих, 60 тэрбумын асуудлаар Нийтийн сонсгол явуулах гээд хэлэлцэх зүйлс бий гэх юм?

-Ээлжит бус чуулганыг зарладаг хэд хэдэн тохиолдол бий. Төсөв юм уу, онцгой нөхцөл байдал үүссэн үед ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг. Хэн нэгэн хүний албан тушаалтай холбоотой асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн юм байхгүй.

Манай нам дотроо эв нэгдэлтэй байж, бүтээн байгуулалтын томоохон ажлаа хийж байж 2020 оны сонгуульд орох ёстой. Тиймээс аравдугаар сарын нэгэн болтол ээлжит бус чуулган болохгүй байх. Намын Бага хурал хуралдаад нөхөн сонгууль болбол оролцоно гэдгээ мэдэгдчихсэн байгаа шүү дээ.

-Танай намаас ямар хүн нэр дэвших юм?

-Хэн нэр дэвшихийг намын Бага хурлаас шийднэ. Түүнээс тэр, энэ нэр дэвшинэ гэж хэлэх боломжгүй.

-Манай улсад ажиллаж, амьдардаг Турк улсын иргэн Вейсэл Акчайг хулгайлах оролдлого гарч нийгмийг шуугиулсан. Тус улсын тусгай үүргийн онгоц газардаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм зүйл байж болох уу. Манайхаас хууль хүчнийхэн, Засгийн газар оролцсон байж магадгүй гээд байгаа?

-Энэ талаар ойлголт алга. Надад ямар нэгэн байдлаар мэдээлэл, танилцуулга өгөөгүй. Гэхдээ ардчилсан Монгол Улсад ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосон байх. В.Акчай гэдэг хүнийг авч явж чадаагүй гэж ойлгосон. Турк улс дотроо улс төрийн зөрчилдөөнтэй байгаа нь үнэн. Одоогийн ерөнхийлөгч түүний эсрэг сөрөг хүчнийхэн, АНУ-д бас нэг хүн бий гээд байгаа. АНУ саяхан Туркийн бараанд өндөр татвар тавьсан. Эргээд Турк нь АНУ-ын бараанд татвар тавьж байх жишээтэй. Ингэж бие биедээ хориг тавьж байгаа нь хоригдсон хүнийг сулла гэж шахаж буй шахалт гэж ойлгож байна.

Монгол Улсад хэд хэдэн Турк сургууль байдаг гэсэн. Шашин номлолын чиглэлээр санхүүжилт орж ирдэг бол тийм зүйл байж болохгүй. Эрдагоны эсрэг нөхдүүд сургууль байгуулсан байна гэж ойлгож байгаа. Тэр хүмүүс нь улстөржсөн үйл ажиллагаа явуулдаггүй бол сургууль байхад яах вэ дээ. Улстөржиж, турхирсан үйл ажиллагаа явуулдаг бол тэр сургуулиудыг хаах хэрэгтэй. Аль ч улс орны тагнуулын байгууллагынхан өөр хоорондоо холбоотой байж болно. Гэхдээ тухайн улс орны хуулийн хүрээнд ажиллах ёстой.

-Зам, тээврийн хөгжлийн яаманд нэг газрын дарга нөгөө газрын даргынхаа аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж үүнийг нэрлээд байна л даа. Энэ бүхнийг засах цаг болоогүй юу?

-Зам, тээврийн хөгжлийн яамны нэг газрын дарга нөгөө газрын даргынхаа амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Талийгаач хяналт, шалгалт, дотоод аудитын мэргэжилтэн байж. Түүнийг шударга хүн байсан гэж ойлгож байгаа. Ажил мэргэжлийн хоорондын зөрчил байсан байлгүй. Төрийн ажил өндөр хяналт доор явах ёстой. Энэ яам олон жилийн турш замбараагүй явж ирсэн. Зам, тээврийн хөгжлийн яам үнэндээ маш түвэгтэй яам. Гэхдээ энэ удаагийн нэгнийхээ амийг бүрэлгэсэн явдал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Хууль хяналтын байгууллага сайтар шалгаад хэргийг үнэн зөв шийдэх хэрэгтэй. Төрд ажилладаг хүмүүст тавьдаг шалгуур, шаардлагыг өндөрсгөхгүй бол захын нэг нөхөр орж ирдгийг болиулах шаардлагатай. Мөн төр хувийн хэвшлийн бизнес рүү ордгоо боль. Төрөөс болсон болоогүй маш олон зөвшөөрөл авдаг, хувийн аж ахуйн нэгжийг дарамталдаг асуудлыг цэгцлэхгүй бол хүн бүр төр рүү шургалахыг хүсч байна. Үүн шиг гэмт хэрэг яамдууд дээр дахиж бүү гараасай билээ.

-Сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, хэдэн газрын даргад хариуцлага тооцож чөлөөлөөд дуусах асуудал мөн үү?

-Газрын дарга нарыг сольсон гэж дуулсан. Солих хэрэгтэй. Төмөр замд ойр ойрхон осол гарч байна. Удирдлагууд нь ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Үерийн уснаас болсон гээд яриад сууж болох уу. Ёс зүйтэй байх шаардлагатай. Энэ яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар ажлаа өгсөн нь ёс зүйн шинэ хэм хэмжээ, жишиг тогтоож өглөө гэж харж байгаа.

-Таныг Зам, тээврийн хөгжлийн сайд болох гэж байгаа гэх юм?

-Мэдэхгүй. Би өөрөө мэдэхгүй байхад миний өмнөөс бичиж, яриад байх юм. Намайг сайд болчих вий гэдгээс айж байгаа хүмүүс байгаа юм байлгүй. Намайг сайд болооч гэж санал тавьсан юм одоогоор алга.

-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарч байна уу. Анх та ахалж байгаад Д.Тэрбишдагва гишүүн ахлах болсон шүү дээ?

-Д.Тэрбишдагва гишүүний хэлснээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан гэж ойлгосон. Оюу толгойтой холбоотой АТГ дээр хүмүүс шалгагдаад явж байгаа. Мөн Оюу толгой Засгийн газрын хооронд татварын маргаантай асуудал бий. Түүнчлэн Үндэсний аудитын газар Оюу толгойг шалгаж байгаа шүү дээ. Энэ гурван шалгалтын дүнг харж байгаад намрын чуулганд өргөн барих биз.

-Таны тойрогт хамаардаг Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн маргаан дуусч байна уу. Нэг хэсэг газар авч байснаа одоо нам гүмхэн болчихлоо л доо…

-Эрдэнэтийн асуудал жаахан түвэгтэй байх шиг байна.

-Ямар утгаараа түвэгтэй гэж?

-Засгийн газраас шийдвэр гаргаад Эрдэнэт үйлдвэрийн орлогч нарыг нь томилсон. Гэтэл нөгөө тал буюу 49 хувийнхан нь 20 минутын дотор Захиргааны хэргийн шүүхээр дахиж өөр шийдвэр гаргуулаад өөдөөс нь тэрийгээ харуулаад өрөөнөөс нь гардаггүй. Нэг албан тушаал дээр хоёр хүн байдаг. Хэн нь яг албан тушаалтан нь мэдэгдэхээ байсан хүндрэлтэй нөхцөл үүссэн. Энэ бүгдийг харахаар бухимдмаар байх юм. Төр засаг үнэхээр арчаагүй гэж харагдахаар байна. УИХ тогтоол гаргасан. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гээд шийдвэрлэчихсэн. Шүүх дээр очиж хоёр янзын шийдвэр гаргуулаад л явж байна шүү дээ. 2016 оны сонгуульд уг нь манай нам ялсан. Гэтэл өнөөдрийг хүртэл боловсон хүчнүүдийг нь цэгцэлж чадаагүй л байгаа юм. Энэ бүгдийг хараад харамсах сэтгэл төрж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан бол тэр төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэр барагдуулж болохгүй. Ш.Батхүү гэдэг хүн мөнгө төлөх ёстой байтал “Надад төлөх мөнгө байхгүй. Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэр төл” гээд явчихвал цаашид ийм буруу жишиг тогтоно. Хэрэв тийм бол бүгд улсын үйлдвэрээр баталгаа гаргуулна гээд явна. Ямар ч тохиолдолд Эрдэнэт үйлдвэр мөнгийг нь төлж болохгүй.

Эрдэнэтийн ард түмэн сохор, тэнэг биш. Бүгд харж байгаа. Сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад ямар хүмүүс байсан, одоо ямар хүмүүс байгааг мэдэж байгаа. Тэр хүмүүс бүгд бий. Дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Засгийн газар нь нэг шийдвэр гаргахаар шүүх дээр бас өөр шийдвэр гарч, ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгодог. Төрийн шийдвэр шүү дээ, тэр чинь. Доромжилж байгаа байхгүй юу.


Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 31-нд болох үйл явдал

09.20 цагт МУИС-ийн номын санд “Хиагт ба Хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй” сэдэвт олон улсын 11 дэх удаагийн симпозиум болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Алдарт эхийн одонтой 2000 шаруй ээжүүд нэгдэн “ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
12:00 цагт УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар олон улсын “GO HELP” Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглосон түрэгний авто машин гардуулах ёслол болно. Утас:9909-6685.
14:00 цагт Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тав дахь хурал “Хангарьд” ордны 14 давхрын хурлын А танхимд болно. Холбогдох мэдээллийг 9973-6124.

15.00 цагт “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг эрчимжсэн МАА-н чиглэлийн ААН, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацууртад болно. Холбогдох утас: 8001-9000.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дахин давтагдахгүй

Түрүүч нь №167(6010) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа.


-Дээхнэ үед төр гэх үгийг хүн болгон хэлдэггүй “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэн залбирдаг байсан. Гэтэл одоо хүн болгон л төрийг элдвээр харааж, зүхэж “Төрийн хулгайч”, “Төрд шургалсан гэмт хэрэгтэн” гэж аль муухай үгтэй холбож хэлдэг болжээ?

-Монгол бол 2220 гаруй жилийн өмнө дэлхий дээр төр гэдэг юмыг анх бий болгосон гэж бахархацгаадаг. Их Эзэн Чингис хаан 1206 онд Тулгар төр буюу шинэ төрийг бий болгосон. Тэр төр өнөөдрийг хүртэл тасраагүй явж байгаа. Тэгэхээр дээр үеийн монголчууд төдийгүй, миний аав ээжийн үед зарим бүр болохоо байсан үедээ “Төрийн минь сүлд өршөө!” гэж залбирч байсан байдаг. Энэ бол хүндэтгэлтэй үг. Ер нь бол намайг бага байхад, өнгөрсөн цаг хугацаанд төр гэдэг зүйл хүндэтгэлтэй санагддаг байсан. Хөдөөний мань мэт нь хот орж үзэх сэн гэж хүснэ. Хотод орж ирээд Сүхбаатарын талбай орж үзэх сэн гэнэ. Сүхбаатарын талбайд ирээд Төрийн ордноо харчихаад дотроо сүсэглээд зогсдог байсан үе саяхан л байна. Гэтэл өнөөдөр яасан бэ, төрийг авч яваа үе үеийн хүмүүсийн хэрэглэж байгаа тактик, удирдаж байгаа арга ухаан, баталж байгаа хууль, энэ бүхнээс болоод л ийм нэр хүндгүй болоод байна уу. Эсвэл задгай нийгэмд орсноосоо хойш жаахан эрх ямба, албан тушаалд очингуутаа төрийн нэр барьсан улсыг луйвардах ажил нь арай л ихдээд байна. Энэ нь ард түмний дургүйг хүргээд байна. Үүн дээр л бид шүүмжлэлтэй хандаж, ард түмэн өөрсдөө дүгнэлт хийж хэлэх үгээ зоригтой хэлж, босох цагтаа босч, суух цагтаа суух ёстой болсон байна. Ард түмэн аливаа асуудлыг олонхын талд л шийдэж байгаасай гэж бодож байна.

-Урлаг, спорт бол голлох зүйл биш. Чимэг, шигтгээ гэдэг утгаараа нийгмийг зөөллөх үүрэгтэйгээс тийм ч чухал юм биш. Харин уул уурхай, эдийн засаг, улс төр гэх мэт салбар нь түүнээс үнэтэй гэх ойлголт бий?

-Миний анзаарч ирснээр урлаг, спортын үзүүлж байгаа амжилт, хөгжиж байгаа хөгжил нь яг энэ үеийнхээ төр улсын нүүр царай нь гэж боддог юм. Гадна дотноос ирсэн хүмүүст юугаа үзүүлдэг юм. Сонгодог урлаг, ардын урлагаа л үзүүлдэг. Гадны хүмүүст бид юугаа магтаж ярьдаг юм. Бид олимпийн аваргаа л ярина. Дэлхийн аваргаа л ярина. Эргээд бид тэр улсад айлчлахад хамгийн түрүүнд өөрсдийнхөө соёлыг л харуулна. Нийгмийн хөгжлөө л харуулна. Урлаг соёл, спортын гялалзсан амжилт чинь эх орны хөгжилтэй зайлшгүй холбоотой шүү дээ. Үе үеийн гарч ирж байгаа хүмүүсийн амжилт чинь тэр үеэ баталж, мөнхөлж үлдээж байгаа үйл явдал гэж боддог. Үүгээр хэлбэл, магадгүй дэлхийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэхэд Монголын балет, дуурь хоёрыг л хамгийн түрүүнд үзүүлэх болно. Түүнээс биш Спортын төв ордонд аваачаад Н.Түвшинбаярыгаа нэг сайхан барилдуулаад үзүүлчихье гэхгүй байх даа, бодвол.

-Брежнев гэж хэн бэ гэж асуухад “Алла Пугачёвагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэж хариулсан гэдэг шүү дээ?

-Монголд дуулаачийн урлаг гэдэг талаасаа ярья гэх юм бол 1954 оноос үүдэлтэй байх л даа. 1957, 1958 онд анхны хэдэн сайхан дуучид Орост очиж төгсч ирээд Дуурь бүжгийн эрдмийн театр гэж мэргэжлийн урлагийн байгууллагыг анх байгуулсан. Урьд нь драм, үндэсний дуугаараа “Бөмбөгөр ногоон” гээд л явж л байсан. Яг дуучдын хувьд гэж яривал Монголын мэргэжлийн дуучид гурван том үеийг өнгөрөөчихөөд явж байна. Эхний том үе нь 1964-1984, 1985 он хүртэлх үе. Тэрнээс хойш дундах үе гэвэл 1984-2005, 2006 он. Тэрнээс хойш шинэ залуу үе гарч ирээд явж байна. Энэ үе үеийн дуучдыг харьцуулсан, тэдний дунд судалгаа хийсэн, тэдний хоолойны чанар чансаанд нь дүгнэлт өгсөн юм. Бараг л үзэгчдийн хэмжээнд шахуу явна уу гэхээс урлаг судлаачдаас хийгдсэн эрдмийн ажил, мэргэжлийн түвшинд хийсэн юм харагдахгүй байна. Гэтэл тэр сайхан дуучин Ц.Пүрэвдорж гуай, Д.Жаргалсайхан гуай, А.Загдсүрэн гуай, Х.Уртнасан эгч, дараа үеийнхэн гэвэл А.Долгор, Ч.Мөнхшүр, М.Гантөмөр, А.Дашпэлжээ, сүүлийн үеийн дуучид гэвэл Б.Батжаргал, Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Энхнаран байна. Энэ үе үеийн дуучдын хоолойны чанар, өөрсдийнх нь бие физиологийн өөрчлөлт нь огт өөр. Хоорондоо огт өөр шүү дээ.

-Яг юугаараа өөр гэж?

-Ц.Пүрэвдорж гуай гэж мундаг том дуучин байсан тэр хүний биеийнх нь ерөнхий байр байдлыг өнөөдрийн баритон, басс хоолойгоор дуулж байгаа нэг дуучинтай харьцуулаад хар. Шал өөр. Нэгдүгээрт, Ц.Пүрэвдорж гуайн өсч өндийж байсан үеийн цаг үе нь өөр, өөрөө хүртэл манай анхны хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хар ажилчдын дундаас гарч ирсэн хүн. Өөрийнхөө дотоод нарийн ур ухаанаараа хоолойгоо удирдсан мундаг том, дэлхийд ерөөсөө хоёр, гуравт тооцогдох тийм мэргэжлийн хэмжээний дуучин байсан. 1964 оноос эхэлж Социалист орнуудын дунд зохиогдож байсан мэргэжлийн дуучдын П.И.Чайковскийн нэрэмжит конкурст Монголоос урилгаар оролцож байсан шүүгч хүн ганцхан Ц.Пүрэвдорж гуай байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин хүн. Тэр хүний зааж сургасан замналаар маш олон дуучин хоолоо олж идэж байгаа. Эд нар өнөөдөр чухам тэр багшийнхаа төлөө юу хийж байна вэ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай гэхэд Ц.Пүрэвдорж гуайгаас бүр өөр. Ц.Пүрэвдорж гуай тэр том биетэй, басс хоолойтой мөртлөө маш нарийн ухаанаар хоолойныхоо дээд, доод хэмнэлийг бүрэн гаргаж дуулдаг бол ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай арай л хүчирхэг хоолойгоор, манайхан драматик гэж ярьдаг. Тийм хоолойгоор өөрийгөө илэрхийлж дууны характерыг гаргадаг байсан. Гэтэл хажууд нь хожуухан гарч ирсэн А.Дашпэлжээ, М.Гантөмөр бас өөр. Дуулна гэдэг хүний ухаан. Маш гоё нарийн ухаан. Бөхчүүдийг хэлдэг шүү дээ. Ухаан муутай бол мянган бяр байгаад хэрэггүй. Тэгвэл дуучин хүнд хичнээн сайхан хоолой заяагаад ухаан байхгүй бол тэр хүн багшийн зааж байгааг ойлгохгүй. Хөгжмөө ойлгохгүй, сонсгол байхгүй, зөрж давхина. Иймэрхүү байдал манайхны мэргэжлийн дуучдын дунд гарч л байсан. Тийм болохоор тухайн хүний ухаан, бие физиологи, бүхнийг судалж ажиллаж байж сая нэг дуучныг гаргана.

-Урлагийн мундаг хүмүүс ажилчин анги, цэрэг армийн салбар, малчны хотноос тодорч гарч ирдэг байж шүү?

-Тэр үед чинь Бүх ард түмний урлагийн үзлэг гэх мэт олон нийтийг хамарсан ажил их өрнөдөг байсан. Ганц манайд ч биш, Орост ч байсан. Оросын ардын жүжигчин Юрий Марусин гэж мундаг том дуучин бол ерөөсөө дуулдаггүй тэнгисийн цэргийн флотын дэслэгч хүн байж байгаад нэг өдөр Оросын ард түмний урлагийн үзлэгээр орж дуулаад л тэр дороо консерваторт сураад Их театрын гоцлол дуучин болж байсан. Ийм үйл явдал аль ч улс оронд байдаг. Манайд ч гэсэн Г.Хайдав багш, Ц.Пүрэвдорж багш хоёр огт дуулдаггүй хүмүүс Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт хоёр сайхан үсэг өрөгч л байсан. Ачигч хүртэл л хийгээд явж байсан улсууд. Өөрсдөө бас л урлагийн үзлэгээр тодорч гарч ирсэн гэж яригддаг. Ц.Түвшинтөгс ч ялгаагүй Хэнтий аймгийн Хүнсний комбинатад ажиллаж байгаад бас л урлагийн үзлэгээр гарч ирсэн. Гэхдээ тэгж гарч ирж байгаа авьяастай хүмүүс дотроос өөрөө өөрийнх нь идэвх чармайлт, юм суръя гэсэн эрмэлзлээрээ өсч хөгжөөд явж байгаа нь зөндөө байлгүй яав. Ард түмэн дотор чадалтай авьяастай хүмүүс их байдаг.

-Танд кинонд тоглох санал ирдэг нь тодорхой. Харин та тоглогдоггүй байх?

-Би кинонд тоглодоггүй. Санал ирдэг, ярьж л байдаг. Би тоглохыг хүсдэггүй юм. Залуудаа өөр киноны саналыг аваагүй байж одоо кинонд тогловол өвөөгийн дүрд тоглох байх (инээв). Тэгэхийнхээ оронд энүүгээрээ л байж байя. Хийх ажил их байна.

-Ганцхан л кинонд тоглож дээ?

-Тийм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэж.

-Монголчуудын хувьд кинонд Чингис хааны дүрийг анх удаа гаргасан нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино биз дээ?

-Тэгэлгүй яахав. Маш том хөрөнгө зарж хийсэн, бүрэн хэмжээний кино шүү дээ. Дөрвөн ангитай байсныг нь гурван анги болгосон юм. Нийтдээ дөрвөн цаг 30 минут үргэлжилдэг. Энэ киног хийхэд тухай үед улс ч их анхаарсан, уран бүтээлчид ч хатуу сахилга батын дор ажилласан. Маш их эрмэлзэлтэй ажилласан. 1990-1992 он гэдэг чинь шилжилтийн хэцүү үе байсан байхгүй юу. Дээрээсээ босоо удирдлагатай байсан монголчууд хий л гэсэн бол бүх юм хийгдэж гарч ирж байсан үе. Гэхдээ энэ кино дахин давтагдаж хийгдэхгүй ээ. Өнөөдөр маш их боломжтой, том том хөрөнгөтэй гадаадын кино компани, “Холливуд” л орж ирж улсаар нь л хөдөлгөж хийдэггүй юм бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” хоёр шиг ийм кино дахин хийгдэхгүй. Баталгаатай мэдэж байна.

-Кино бүрэлдэхүүн нь нүсэр байсан?

-Цэргүүд гэхэд л 10 мянган байсан, манай кинон дээр. Агт морь гэхэд 12 мянга. Өнөөдөр тийм хэмжээний агт морьд цуглуулах боломж хаана байна. Өнөөдөр бүх юм мөнгөөр хөдөлнө. Унагатай нэг гүү авчирахад л нэг өдрийн 20 мянган төгрөгийн хөлс өгнө. Энэ мэтчилэнгээр эдийн засгаасаа гадна тэр олон хүнийг цуглуулахад бүр хэцүү. Манай кинонд 6000 хүн оролцсон шүү дээ. “Мандухай цэцэн хатан”-д 3000 цэрэг орсон. Энэ киног өнөөдөр бид төсөөлж харахад нэлээд дээр үеийн Европын том кинонууд, Холливудад хийгдэж байсан кинонуудтай харьцуулахуйц хэмжээний тийм их масс орж хийсэн байхгүй юу. Маш их хөдөлмөр, хөрөнгө орсон. Гадаадын тэрбумтануудтай л нийлж том мөнгөөр хийнэ үү гэхээс зүгээр нэг телевизийн баримтат кино хийнэ гэвэл хийх байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

Сайд, жанжин Солийн ДАНЗАН гэж хэн байв

Энэ сэдвийг тэрлэхдээ түүхч Д.Даш гуайн 1990 онд бичсэн “Түүхэн бие хүн, улс төрийн хөрөг, Солийн Данзан” ном, нутгийн эрдэмтэн Д.Бираадамба гуайн бичсэн “Ойрадын түүхэн зурвас”, Доктор О.Батсайханы “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд”, мөн О.Батсайханы ерөнхий редактороор ажилласан “Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь” ном болон төв хэвлэлийн материалууд, мэдээ, сурвалжлага, ярилцлага, өөрийн үзэл бодлого зэргийг үндэслэсэн амуй.

Сайд, жанжин С.Данзангийн талаар Ж.Болдбаатар багшийн зааснаар хувьсгалын эсэргүү, Монголын заналт дайсан мэтээр ойлгож байжихуй. Сүүлд нэг гол усны хүн, утуулж амьд гарсан нүх, морины уяа зэрэг нь манай өвөлжөө, хаваржааны ойролцоо байсан учир би сонирхон судалж, үнэн мөнийг мэдэхийг зорьсон авай.

Сайжин овогт С.Данзан нь 1885 оны зуны эхэн сард тэр үеийн Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуу, одоогоор Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хужиртын голын Уужийн аманд харц язгууртай хамжлага Б.БатОчирын ууган охин Солиос бутач болон төрсөн ажээ. С.Данзан 10 орчим насандаа хошууны сүмд нэгэн ламд шавь ороод, төдий удалгүй дуган хийдээс дайжин харын амьдралд шилжиж, хар бор ажил хийж, зовлонтныг элбэрч, зовоогчдыг занах үзэл бүрдсэн бололтой. Ноёд, түшмэдийн адууг хошуу, аймаг дамжуулан ядуучуудад тараан өгч байсан учир тамгын тахруудад олон удаа баривчлагдаж байсныг ойролцоо насны, миний нагац ах П.Цэрэнпунцаг болон нутгийн ахмадууд ярьж байсныг би сайн санаж байна.

Сүүлийн удаа цаазлуулах шийдвэр гарч, үүрэг авсан муруй Түдэв тэргүүтэй хүмүүст хөөгдөж, чоно гөлөглөдөг тарваганы нүхэнд орж, хөөж явсан хүмүүс баахан утаад, үхсэн гэж үзээд явжээ. С.Данзан дээлээрээ хаалт хийж, утаанаас хамгаалж байгаад нүхнээс гарч, шөнөдөө /1910аад он/ нутгаасаа дайжиж, говийн зарим хошуудаар цагаачлан амьдарч, Нийслэл хүрээ, Дээд шивээ зэрэг нэлээд газруудаар явж, Нийслэл хүрээнд ирж, бага зэрэг худалдааны ажил эрхэлж байгаад Сангийн яамны түрээсийн түшмэлийн алба хаших болсон нь төрийн хэрэгт хүчээ сорих ажлынх нь гараа болжээ.

Түүхчлэн үзэх зарчим алдагдаж, С.Данзан сайдыг түүхэнд төдийгүй, урлаг уран сайхны бүтээлүүдэд онцгойгоор муучилж, олон түмний ухамсарт аюулт дайсан мэт ойлголт бий болгосон. 1992 онд С.Данзан жанжны улс төрийн гэмт хэрэг гэгчийг цагаатгасан юм.

Түүхийн үнэнийг гуйвуулахад Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын 1934 онд бичсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын үүсэн байгуулагдсан товч түүх” номын агуулга гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ номонд С.Данзан сайдын үүсгэн байгуулсан бүлгэмийг Д.Сүхбаатар, Д.Бодоогийн үүсгэн байгуулсан бүлгэмийг Х.Чойбалсан нар үүсгэн байгуулсан мэт бичсэн аж. Түүх ингэж үргэлжилж, үнэн түүх нэг хэсэг хугацаанд булшлагдсан авай.

Намын амьдрал сэтгүүлийн 1991 оны №2-т түүхч эрдэмтэн С.Ичинноров гуайн бичсэн “МАХН-түүхийн бүтээгдэхүүн” нийтлэлээс эш татвал: Хүрээний бүлгэмийг сангийн яамны түрээсийн түшмэл Солийн Данзан, Консулийн дэнжийн бүлгэмийг Нийслэл хүрээний сонин бичгийн сурвалжлагч, Оросын консулийн дэргэдэх орчуулагчийн сургуульд монгол хэл, бичгийн багш байсан Догсомын Бодоо нар удирдан байгуулсан нь түүхэн үнэн билээ. Хүрээний бүлгэмд Хужир булангийн цэрэгт дунд тушаалын дарга, мөн хэвлэлийн үсэг өрөгчөөр ажиллаж байсан Дамдингийн Сүхбаатар, цэргийн яамны эх зохиох түшмэл Дансранбилэгийн Догсом, мөн яамны түшмэл Магсархурцын Дугаржав, зэвсгийн дарга Өлзийбаярын Дэндэв нар байв. Тус бүлгэмийн гишүүн М.Дугаржав бичихдээ: “Данзан, Догсом, Дэндэв бид итгэлтэй сайн нөхдийг элсүүлэн нэмж авах явдлыг хэлэлцээд Дугаржав би нөхөр Сүхбаатарыг эн тэргүүн намд оруулан аваад бидний таван хүн нийслэл хүрээний баруун өргөөний улаан сахиусны өмнө “Өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал, усны зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олгох замыг нээгдүүлэн соёрхох” гэсэн үгийг хадган дээр сүүгээр бичиж тангараглан өргөсөн юм” гэжээ. С.Данзан нь МАН байгуулахын тулд идэвхтэй ажиллаж, улмаар МАНын төв хорооны анхны даргаар сонгогдон ажиллажээ. С.Данзан нь Д.Сүхбаатартай санаа нэгтэй ажиллаж байсан тухайгаа, Д.Сүхбаатарыг өөд болсны дараа бүх цэргийн жанжнаар ажиллаж, бид хоёр “Ихэр хоёр хурга” мэт ижилдэн, ажиллаж байсан гэж хэлсэн нь зорилго нэгтэй байсныг баталж буй хэрэг. С.Данзангийн үүсгэн байгуулсан МАН нь ард иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалахад чиглэгдсэн. 1922 оны эхээр Москва хотноо болсон Дорно дахины хувьсгалт байгууллагуудын төлөөлөгчдийн их хурлын индрээс Монголын төлөөлөгч Дэндэв: “Манай нам /МАН/ их улаан буюу коммунист нам бус, социалист нам бус, харин соёлт ертөнцийн улсуудад байдаг дэвшилтэт ардчилсан намын хүрээнд дөхөж очно” гэж зорилгоо тодорхойлсон. Гэтэл зөв замын төлөө /капитализмыг алгасч болохгүй, хүн төрөлхтний хөгжлийн жамаар явах ёстой гэж үзэж байсан гэж/ буцалтгүй зүтгэсэн С.Данзанг өчиггүйгээр буудан алж, /НТХ-ны тэргүүлэгч, Засгийн газрын зөвлөх түшмэл, Цэргийн зөвлөлийн дарга, Улсын бага хурлын анхны гишүүдийн нэг Э.Ринчино голлох үүрэг гүйцэтгэж, Х.Чойбалсан зэрэг хүмүүс хүч нэмсэнийг түүх гэрчилдэг/ коминтернээс МАНд “Хувьсгалт” гэдэг үгийг экспортолсноор бодлого чиглэл нь эсрэгээрээ эргэж, коммунист нам болж орхисон юм.

С.Данзан сайд “Иргэн баян бол улс баян” гэж үздэг байсан амуу. Ард иргэдийг хооронд нь хагаралдуулж, бие биендээ дайсан болгодог намууд үүргээ биелүүлж чадахгүй байна. Намгүйгээр яаж төр, засгаа байгуулах вэ? гэж зарим ховдгууд гоншигнож мэдэх. Соёлт ертөнцөд нам зохих үүргээ гүйцэтгэдэг байна. Учир нь ялсан намынхаа бодлогыг бусад нам нь хянахаас гадна зөв бодлогыг дэмжиж хамтран хэрэгжүүлдэг. Манайд яг эсрэгээрээ үйлчилдэг. Ялсан намаа яаж доош хийх, өөрсдөө яаж дээшээ гарч, Монголын хөрөнгийг идэх арга замаа хайна. Өнгөн дээрээ дүр үзүүлж, саймширч, үнэн хэрэгтээ ард түмнээ үл тооно. Энэ байдал одоо цагт манай улсад тов тодорхой харагдаж буй. Толгой нь халзарсан егзөрүүдийн /бие төрхөөр нь бус улс төрийн агуулгаар хэлж байна/ ярьж байгааг сайтар тунгаагаарай. Энэ байдлаас гарах арга зам нь Үндсэн хуулиа өөрчилж, ард иргэд намгүйгээр Төр Засгаа байгуулдаг тогтолцоог бий болгосон цагт хэрэгжинэ. Зүй бусаар баяжсан хөрөнгөтнүүд хүчээ авч, ядуучууд олшрох хэрээр “Пролетари всех стран соединяйтес” гэдэг лоозон хэрэгжихийг үгүйсгэх боломжгүй мэт. Зөвхөн манай оронд ч биш, дэлхийн хэмжээний асуудал байж болзошгүй. С.Данзан сайдын байгуулсан гавьяа, үзэл бодлогыг намууд, түүнээс байгуулсан төр засаг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Эсэргүү хэвээр нь байлгаж, чимээгүй өнгөрөөхийг зорьж байна. Учир нь гуйвсан түүхийн хүрээнд бий болсон нөхцөл байдлыг өөрчилбөл манайд үнэн түүх үйлчилнэ. Үүнээс айж байна.

Сайд, жанжин С.Данзан нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, ардын эрхт төрийг байгуулж, түүний үйлст тэргүүлэн зүтгэгчдийн нэг, цэрэг, дипломатын алба, санхүү, эдийн засгийн салбарт их үүрэг гүйцэтгэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийхээ төлөө гуйвашгүй тэмцэгч, жинхэнэ эх оронч хүмүүн байжээ. С.Данзан сайдын зорьж, тэмцэж явсан үзэл бодол шинэчлэлтийн өнөө үед биечлэн хэрэгжиж байгаа нь хэнийг ч, юуг ч алагчилдаггүй түүхийн үнэн сэргэж байгаагийн гэрч мөн ажээ.

Хотонтчууд, Архангайчууд, Монголчууд бидний бахархах ёстой энэ эрхэмийн төрсний 135 жилийн ой 2020 онд болно. Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийхээс эхлээд олон арга хэмжээ зохиогдоно байх хэмээн түүхч эрдэмтэд болон ард иргэд хүсэн хүлээж байна.

Монголчууд аа, гуйвсан түүхээ зөвтгөж, хоёр хөл дээрээ чанга гишгэж, нэгэн зорилготойгоор сайхан эх орноо хөгжүүлж, үнэнч амьдарцгаая.

Улс төр судлаач Баяжих овогт Ч.Ууж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүлээлт барсан 65

АН энэ сарын 13-нд гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн сонгуулиар МАН төрийн албыг үнэлснээс болж төрийн хариуцлагагүй байдал газар авлаа хэмээн онцолж байв. Ер нь сүүлийн үед засаг тойрсон иймэрхүү шүүмжлэл эрчтэй өрнөж байгаа. Уг нь парламентад 65 суудал авсан нам өдийд ингэж сууж боломгүй санагдах юм. Нэг толгойтой бол эдийн засгаа сэвхийтэл нь өндийлгөхөд ямар ч асуудал алга. Эвлэлдэж нэгдээд ч барахгүй хэцүү үе гэж эдийн засагт бий. Өнгөрсөн УИХ, Засгийн газар шиг дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ навс унасан үед засгийн эрх барьсан бол бас ч гэж элдвийг хэлээд сууж болно. Эдийн засаг ийм хэцүү байхад яалтай билээ гэсэн шүү юм яриад явахад болохгүй юмгүй. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ гялалзаж байна. Зэс, алтны ханш ч дажгүй байгаа. Ирэх жил ч эрдсийн үнэ өөдрөг байх төлөвийг шинжээчид онцлоод эхэлчихсэн. Уул уурхайн үнийн өсөлтийн циклийн үед засгийн эрхийг атгаж яваа улсын хувьд эдийн засгаа өнгөтэй, төгрөгийн ханшаа унагачихалгүйхэн шиг аятайхан аваад явахад ямар ч зовлон байхгүй. Жаахан зөв бодлого бариад, цөөхөн том шийдвэр гаргачихад л улсаараа өндийгөөд ирнэ. Харамсалтай нь ийм аятайхан суурин дээр эдийн засгаа гялалзуулсан юм өнөөхөндөө лав алга.

Нийлж нэгдээд, зангидсан гар шиг зүтгэвэл ямар ч асуудал, зовлон харагдахгүй байна. Таван толгойгоо хөдөлгөе гэвэл 65-уулаа гараа өргөхөд л өмнийн говийн коксжих нүүрсний том орд төмөр зам, баяжуулах үйлдвэртэйгээ хөдөлчихнө. Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулъя, улстөрчдийн попролт, иргэний нийгмийнхний шантаажид төр төмөр нүүрээ харуулна гэж нэг дуугаар ярихад л хэн ч юу ч гэсэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа өрнөж, Монгол Улс доллараар тасрахгүй. Өнөөхөндөө “Рио тинто” хөрөнгө оруулалтаа хийж гүний уурхайн бүтээн байгуулалт тасраагүй яваа. Тэд хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй учраас Монголын эдийн засаг өдий дайны байгаа. Гэхдээ өмнөх шиг 300 байцаагч шалгалтаар оруулаад, төр төлөөлсөн сайд нь том төслөө адлаад суугаа өнөөгийн дүр зураг даамжирвал хэцүү нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Иргэний хөдөлгөөнийхний шантаажаас болж хөдөлж чадалгүй гацсан ураны төслүүдээ урагшлуулах боломж ч дээр суугаа 65-д бий. Дэлхийн акул компаниудын нэг Францын “Арева” ураны салбарт орж ирж ажиллах гээд бараагүй. Эцэстээ төслөө царцаачихаад нам жим болсон. Ураныг ирээдүйн хямд эрчим хүчний гол эх үүсвэр болно гэдгийг дэлхийн тэрбумтан Билл Гейтс тэргүүтэй мундагууд хүлээн зөвшөөрөөд удаж байна. Ирээдүйд ханш нь өсөх нь гарцаагүй гэдэгт дэлхийн шинжээчид эргэлзэхгүй суугаа. Азаар бид “Арева” мэт том компаниуд тоож харахаар ураны дажгүй нөөцтэй. Харамсалтай нь балчир хүүхэд ч итгэмгүй аймшгийн үлгэрт итгэчихээд ураны салбараа урагшлуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ураны төслөө хөдөлгөнө гээд алх цохих эрх нь, чадал нь МАН-д байна. Тэднийг ийм шийдвэр гаргачихвал гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэх өндөр магадлалтай. “Монголын төр засаг өмнө нь явахгүй байсан шинэ төслөө явуулчихлаа” гээд газрын ховор элементийн чиглэлээр шинэ хөрөнгө оруулагчид ороод ирэхийг хэн байг гэхэв. Дэлхий Элон Маскийн цахилгаан машинд толгой дохиж эхэлсэн энэ үед цахилгаан машины батарей хийдэг газрын ховор элементүүд хаданд гарах нь хэзээнээсээ тодорхой асуудал.

Ард түмэн МАН-ыг дотроо хагаралдаж, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө хоёр талцаад үзэлцэж суу гэж сонгоогүй. Энэ мэт том, шинэ төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа хөгжүүл, амьжиргааг минь өөд нь татаад өгөөч гэж л сонгосон. Гэвч тэдэнд уран, газрын ховор элементийн төсөл гэж давж сэтгэх ухаан байтугай, хамар доорх Таван толгойгоо томоор нь хөдөлгөх хүсэл зориг бий юу гэдэгт эргэлзэхээр үйл явдлууд нүдний өмнө хөвөрч байна.

МАН-ын дотоод тэмцэл, эрх ашгийн зөрчил хурцадсан өдрүүд хэзээ дуусахыг хэлж мэдэх хүн алга.

65-уулаа УИХ-ын гишүүн болчихооод дотроо хуваагдчихсан үзээд байгааг нь л нийтээрээ тод харж байна. Ард түмэн тэнэг биш учраас чимээгүй ажиглаж суугаа. МАН өнөөдрийнх шигээ засгийн эрх, мөнгө, албан тушаалын төлөө эдийн засгаа, иргэдээ, улсаа мартан тэмцэлдсээр байвал ирэх сонгуулиар иргэд тэдэнд хатуу дүн тавина. Сонгуулийн жил “Сөрөг хүчин бидэнд боломж өгсөнгүй” гэж гомдоллох нүүр лав эрх баригчдад байхгүй.

Дахиад хэлэхэд “Эрдэнэс Таван толгой”-н IPO-г гадаад, дотоодын бирж дээр гаргаж мөнгө босгоод коксжих нүүрсний төслөө томоор нь хөдөлгөх, Оюу толгойн өрнөж буй бүтээн байгуулалтыг попуудын дарамтад оруулчихгүйхэн шиг хөдөлгөх талд онцгой анхаарах, Арбитрийн шүүх дээр унасан Эрдэнэтийн асуудалтай холбоотой их хэмжээний мөнгийг буцааж төлөх гэх мэт шийдлээ хүлээсэн өчнөөн асуудал эрх баригчдын өмнө байна. АН мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн стандарт банкинд зээлийн барьцаанд тавьсны улмаас Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, олон сая ам.долларын өрийг төлөх эрсдэлд оруулсны хохирлыг хэн, хэрхэн барагдуулах, цаашид Монгол Улс уг төлбөрийг хэнээс нэхэмжилж эргүүлж олж авах зэрэг асуултад өнөөдөр шийдвэртэй хариулт өгөхгүй байсаар байна” гэж шүүмжилсэн нь цаанаа учиртай. Энэ өрийг Засгийн газар дарахгүй л дээ. Төр баялаг бүтээж мөнгө үйлдвэрлэдэг субьект биш. Иргэдийнхээ халаасыг тэмтэрч, компаниудын татварт төлсөн мөнгөнөөс илүүчилж байж төлөх мөнгө. Ер нь төр, засагт гарсан улсын алдаатай бодлого, шийдвэрээс болж хохирдог хэсэг нь жирийн иргэд, татвар төлөгчид л байдаг. Өр төлбөрт унасан нь засагт хэдийн буруутай үйлдлээс шалтгаалсан ч өнөөдөр ачаа, дарамтыг нь татвар төлдөг хүн бүр үүрэх гэж байна.

АН-ын мэдэгдэлд онцлохоос аргагүй өөр нэг өгүүлбэр бий. АН-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба, тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн маш ноцтой үйл явдал болсон. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар алга” хэмээн онцолсон юм. Ардчилсан засаглалтай улсын эрх баригчид яаж ажиллаад байна вэ гэсэн том асуултад Засгийн газар өнөөг хүртэл албан ёсны тайлбар өгөхгүй суугаа нь тийм ч зөв хандлага биш. Туркийн тусгай хүчин Монголын нутаг дэвсгэрт хэний ямар дэмжлэгээр ажиллагаа явуулав гэдэг бол албан ёсны тайлбар хийж олны эргэлзээг тайлах учиртай том асуулт. АН-ын мэдэгдэлд “Стратегийн чухал объект болох төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж, монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай” гэсэн өгүүлбэр бий. Мөн л хөндөхөөс аргагүй асуудал. Төрийн өндөр албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн нь төр, засагт хариуцлагагүй байдал газар авсны тод жишээ. Хэдэн даргыг ажилгүй болгож, төрийн албанд ажилладаг хэсэг хүний өрөөнөөс хэдэн зуун шил архи, виски хураагаад үр дүнд хүрдэг эд биш л дээ. Хариуцлага ярьж өмнөх засгаа унаган байж гарч ирсэн У.Хүрэлсүхийн хувьд энүүхэн төдий арга хэмжээ аваад өнгөрвөл эргэлзэх хүн олон гарч ирнэ. Сайдыг томилж чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргадаг атал өөрт нь тийм эрх байдаг юм шиг аягласан алдаа Ерөнхий сайдад бий. Хариуцлага хүлээлгэдэг хатуу Ерөнхий сайд гэхээс илүү хариуцлагаас бултахдаа юу ч хийж мэдэх гүйцэтгэх засаглалын тэргүүн гэсэн имиж бүрдэхээр үйл явдал болж өнгөрснийг нуух юу байхав. Нүдний өмнө ил өрнөсөн процесс.

Төдийгөөс өдий хүртэл ингэсээр ирсэн юм гээд орхилоо гэхэд МАН-ын засаг барих дөрвөн жилийн хугацаа бараг л шувтарчихлаа. Засгийн газар, эрх баригчид цаашдаа ч энэ хэвээр дотооддоо тэмцэлдээд байвал улсын эдийн засаг унах том эрсдэл бий. Дэлхийн худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол, сануулгыг эрдсийн шинжээчид аль хэдийнэ өгөөд эхэлчихлээ. 6000 ам.доллар давж байсан зэсийн үнэ 5700 руу уруудчихсан яваа. Ядаж л эдийн засгаа бодоод аль нэг тийш нь шийдвэр гаргах цаг болсныг онцолъё. Эрх баригчдын дотоод зөрчил нүд ирмэхийн зуур намжиж, гэнэтхэн л нэгэн санаагаар том төслүүдээ хөдөлгөх том шийдвэр гаргаад явна гэдэгт эргэлзэж байна. Тэгвэл яах вэ гэсэн асуулт бас бий. Харсаар суугаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх үү, УИХ, Засгийн газарт хатуу хариуцлага уу тооцох уу гэсэн хоёр сонголт л байгаа. Мэдээж эдийн засаг уруудчихвал нийт олны амьдрал хэцүүдэх учраас хоёр дахь сонголт дээр бууна л даа. АН-ын хувьд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж байгааг энэ сарын 13-нд гаргасан мэдэгдлээс нь харчихаж болно. Тэд мэдэгдэлдээ “Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ ээлжит бус чуулган хуралдуулж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна” гэж онцолсон байсан. Магадгүй эцсийн шийдэл энэ байж мэдэх л юм.