Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт болон, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ

Categories
мэдээ нийгэм

10 компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 649,245 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 5 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Тодруулбал “Агротехимпекс” ХК ATI+10.26 хувиар, “Махимпекс” ХК MMX+3.05 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол “ЛэндМН ББСБ” ХК LEND-1.72 хувиар, “Хай би ойл” ХК HBO-1.67 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 19210.64 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 30 тэрбум 280 сая 930,293.27 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Байгаль хамгаалагчид шинэ техник хэрэгсэлтэй боллоо

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га талбай бүхий нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах нь чухал юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдад орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2018 оны “Toyota Land cruiser-76” маркийн автомашин 1, БНХАУ-ын “Sanya Motorcycle” үйлдвэрийн 2018 оны 14 ширхэг мотоциклийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар өнөөдөр гардуулан өглөө.

Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагч бүрийг GPS хяналтын төхөөрөмж, түймрийн багаж, хувцсаар хангаснаар тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Байгаль хамгаалах чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлж буй нь байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, хууль журмын хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2018 онд нийслэлийн ногоон бүсийг ой хээрийн түймрээс бүрэн сэргийлж, өмнөх онуудтай харьцуулахад хяналт шалгалтын тоог 2.1 дахин нэмэгдүүлснээр зөрчлийн тоо 2.7 дахин буурсан байна

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг төмс хүнсний ногоогоор нийслэлчүүдийг бүрэн хангана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогод нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэхүйц төвийн бүсийн аймгууд нэгдсэн билээ. Эдгээр аймгуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа.

Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр тодорхой бодлого баримталж, санал санаачлага гарган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг улсын үр тариа болон, төмс хүнсний ногооны хэрэгцээг дангаараа хангадаг. Бидний тариалсан төмс хүнсний ногооны худалдан авагчид нийслэл хотынхон юм. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого энэ боломжид тулгуурлан эхний алхмууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Бид 10 дугаар сард “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулна.

Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аймгийн худалдаачдад зай талбай, зогсоолын асуудал үргэлж тулгардаг. Үүнийг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах болсонд баяртай байна. Энэ нь ченжийн гар дамжилгүй эрүүл хөрсөнд ургасан Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж юм. Өөрийн эхлүүлсэн ажлын араас санаа тавьж, орон нутагт ажиллаж байгаа нийслэлийн Засаг даргад талархаж байна. Анх удаа нийслэл аймаг орон нутагтай хамтарч байгаа үр дүнтэй, далайцтай ажил болж байна” гэж ярилаа

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг түтгэлзүүлэхээр болов

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ спорт

Жүдогийн тамирчид 29-нөөс эхлэн барилдана

Азийн зуны спортын XVIII наадам Индонезийн нийслэл Жакартад болж байна. Жүдо бөхийн төрөлд манай улсаас 18 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 29-нд эхэлнэ.

Манай багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд

Д.Амартүвшин 60 кг
Г.Хэрлэн 66 кг
Ц.Цогтбаатар 73 кг
Н.Хадбаатар 73 кг
О.Ууганбаатар 81 кг
Г.Алтанбагана 90 кг
Э.Мөнхжаргал 90 кг
Л.Отгонбаатар -100 кг
Ө.Дүүрэнбаяр +100

Эмэгтэйчүүд

М.Уранцэцэг 48 кг
Г.Ганцэцэг 52 кг
Д.Сумъяа 57 кг
Л.Энхрийлэн 57 кг
Б.Ганхайч 63 кг
Ц.Наранжаргал 70 кг
Б.Мөнгөнчимэг 70 кг
Б.Мөнхтуяа +78 кг
Э.Гандиймаа +78 кг

Categories
мэдээ нийгэм

“Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зөвлөмж”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өндөрлөлөө

Өнөөдөр ХХААХҮЯ-нд “Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зөвлөмж”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт малзүйн шинжлэх ухаанд мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байсан ахмад малзүйч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэн, зөвлөмжийн төсөлд үнэ цэнэтэй саналууд оруулсан байна.

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ “Малын чанар, бүртгэлийн жилийн хүрээнд бүх шатанд энэ ажлыг эрчимжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах юм. Нэн тэргүүнд мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулахад анхаарч, малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, үндэсний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ. Түүнчлэн орон нутгийн мэргэжлийн байгууллагын чадавхийг сайжруулах, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, мал үржүүлэг, технологийн хувийн нэгжүүдийг байгуулахыг дэмжиж ажиллана” гэжээ.

Түүнчлэн малын эрсдэл даах чадвар, бэлчээрт үзүүлэх нөлөөлөл, мал өсгөн үржүүлэхэд малчнаас гарах зардал зэргийг тооцоолох, эр сувай малыг хэрэгцээлэх, худалдан борлуулах замаар сүргийн зохистой харьцааг хадгалах, мал, мах борлуулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг чухал асуудлыг тусгасан зөвлөмжийг ХХААХҮЯ харьяа байгууллагууд болон малчдад хүргүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүний биологийн цаг

01:00 Бөх нойрсох үе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.

02:00 Элэгнээс бусад эрхтэн ажиллахгүй тул кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй.

03:00 Цусны даралт доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьсгаа удааширна.

04:00 Даралт бага. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.

05:00 Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.

06:00 Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.

07:00 Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно.

08:00 Гүйцэд амарч бие хорт бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байна. Энэ үед архи ууж болохгүй. Уувал элэгний ачаалал ихэснэ.

09:00 Сэтгэхүйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.

10:00 Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг үр бүтээлтэй ашигла.

11:00 Зүрх, сэтгэхүй зохицон хэвийн сайн ажиллана.

12:00 Бүх хүчийг дайчлах үе. Энэ цагт бүү хоолло.

13:00 Элэг амарч байна. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.

14:00 Биеийн хүч тамир суларна.

15:00 Ажиллах чадвар сайжирна. Үнэрлэх, амтлах мэдрэхүй гоц сайн.

16:00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.

17:00 Хөдөлмөрийн бүтээмж өндөр.

18:00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.

19:00 Даралт ихсэж сэтгэхүйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө.

20:00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.

21:00 Цээжлэх зүйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.

22:00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.

23:00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар үргэлжилнэ.

24:00 Бие төдийгүй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зүйл тогтохгүй…

Categories
мэдээ нийгэм

Г.Нандинзаяа Азийн наадмын дээд амжилтыг тогтоов

Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 1175 оноогоор Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн боллоо.

Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа 1173 оноо авснаар хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай есдүгээр байр эзлээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Сүхбаатарын “эсэргүү санаат”

Улстөрчдийг дөрөв ангилчихмаар санагддаг. Олны анхаарлыг татаж байвал ямар ч том сэдвийг барьж аваад сенсаци дуулиан тарьж манаргадаг, хийж буй үйлдэл, хэлж байгаа яриа хэл нь ирэх жилийн сонгуульд яажшуухан амь тэсч үлдэх вэ гэсэн ганцхан зорилготой хэсэг байна. Харин хоёр дахь хэсэг нь эсрэгээрээ нам жим, мэдэх юм байвал сулхан дуугарчихаад, аль нэг фракцийн нөмөр дор амьдарцгаадаг. Хэнд ч нэмэргүй, хэнд ч гайгүй амьдардаг энэ хэсгийнхний уг гарлыг нь хөөхөөр ихэвчлэн цүнх баригчаас карьераа эхэлсэн ажиглагддаг. Гурав дахь хэсэг нь лидерүүд. Ард түмэн, улс орны эрх ашиг, хувийн амбицаа ялгаж эрэмбэлж чаддаг, өндөр боловсролтой, товчхондоо түүчээлэгчид. Дөрөв дэх хэсгийн хувьд илүү хүндэтгэлтэй хандах учиртай бүлгийнхэн. Хийсэн ажилтай, юуны төлөө зүтгээд яваагаа мэдэрчихсэн, тэгсэн хэр нь хөшигний цаана амьдардаг хэсгийнхэн. Ер нь хүн төрөлхтний түүхэнд гэгээ татуулсан үйл ажил хийсэн хүмүүсийн намтрыг сөхөхөөр ихийг мэдэх хэрээр илүүг ярилгүй аж төрдөг хандлага анзаарагддаг юм. Элдвийг ярих завгүй их ажил дунд буцалж явдаг учраас тэр л дээ. Улстөрчдийн энэ хэсгийг олонд таниулах, хийсэн зөв ажлыг нь нийгэмд мэдрүүлэх үүрэг сэтгүүлчдийн өмнө бий. Зүгээр нэг магтан дуулах, пиардах өнгөц зорилгоор биш санаж сэдэж яваа нь улам өргөжвөл улсад хэрэгтэй хүмүүс учраас хөшигний наана, тайзан дээр гаргаж ирэх хэрэгтэй гэсэн санаагаар унагаж байгаа үг л дээ. Энэ хэсэгт зүй ёсоор багтах залуус АН, МАН-ын аль алинд байгаа. Олны өмнө гаргаж ирэх учиртай залуусын нэг нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат. Тэр улс төрд шинэ кадр биш. Бага залуугаасаа улс төрд нэлээд идэвхтэй зүтгэсэн улстөрчдийн нэг.

Түүний философи их энгийн. “Жалга довны үзэл гаргалаа гэсэн яриаг ойлгодоггүй юм. “Эх орон нутаг уснаас эхэлдэг” гэсэн айхавтар үг бий. Хүн бүр амьдарч байгаа орон нутгаа зөв хөгжүүлээд явчихвал улс хөгжих асуудал биш. Би Сүхбаатар аймгийнхаа төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч зүтгэсээр байх болно” гэж ярьдаг юм. Зүгээр нэг ухаантай ярих нэг хэрэг, зүтгэж хийгээд зөв ярьдаг бол өөр хэрэг. Тэр зүтгэж хийгээд ухаантай ярьдаг хэсэгт нь өлхөн багтах улстөрч. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг цөөхөн алдартай хүмүүсээр удирдуулсан, идэвхтэй нөлөөгүй үед нь орж ажиллаад хүрээ цараатай нутгийн зөвлөлүүдийн нэг болгосныг нь сайн мэдэх юм байна. Нутгийн зөвлөлийг алдартай хүмүүс толгойд нь суусан, гаднаас нь харахад өнгө зүс сайтай гоё сувинер шиг санадаг, сэтгэдэг хандлага өнөө ч хүчтэй анзаарагддаг. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаас эхлээд тэргүүнийг нь хүртэл хийж явсан Б.Мөнхбатаар овоглосон санаа шийдэл өчнөөн. Нутгийн зөвлөлдөө ид хийж бүтээж яваа залуусыг татаж чадсан учраас өнөөдөр Сүхбаатарын нутгийн зөвлөл нөлөө ихтэй нутгийн зөвлөлүүдийн тоонд багтаж байна. Бизнес эрхэлдэг залуусаа нэгтгэж, уулзуулж, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж олгож, нутаг орныхоо төлөө зөв зүйл сэдэж хийхэд нь дэм нөлөө үзүүлнэ гэдэг нутгийнхаа хөгжлийг улсын хөгжил гэж харсан хүнээс л гарах ухаан.

Тэр сүүлийн үед нэг “эсэргүү” санаа гаргачихаад ажил болгох гээд зүтгэж яваа. “Сайн малчин гэсэн шагналыг малын тоо толгой харж өгдгөөсөө татгалзмаар байна. Малын чанарыг нь харж өгдөг болох хэрэгтэй. Аймагтаа тийм шагнал бий болгоно” гэж ярьсныхаа дараахан “Мөнгөн унага” гэсэн шагнал сэдчихсэн явсан. Аймгийн сайн малчны шагнал гардуулах журмын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа юм билээ. ИТХ-ын нэрэмжит “Мөнгөн унага” шагналыг жилд гурван малчинд өгнө гэсэн тов тодорхой санаа шийдлийг нь нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүн толгой дохин дэмжих байх. Сүхбаатар адуу олонтой аймгуудын нэг. Сүүлийн үед гаднаас адуу ихтэй оторлох болсон тал анзаарагддаг. “Тэр сайдын 1000 адуу, энэ захирлын 1000 адуу” гэж нутгийн өөр зуураа ярьцгаагаад удаж байна. Морины соёлоороо түүчээлдэг, хурдан морины алтан өвтэй Сүхбаатар аймгийнхны хувьд адууны олонд шүтдэггүй. Цөөхөн хурдан адуутай, тэрийгээ үнэ хүргэн арилжаалж Монголын хурдан морины өв уламжлалыг таслахгүй авч яваа улс. Цөлжилтөд ямаан сүрэг онцгой нөлөө үзүүлдэг бол, бэлчээрийг талхагдуулдаг нь адуун сүрэг. Ер нь ямар ч зүйлийн тун нь хэтрэхээрээ том эрсдэл авчирдаг л даа. Ган ихтэй, бороо хур багатай жил Сүхбаатар аймгийн баруун талын сум өвс ч үгүй болж, хонь нь хулгана барьж идсэн эмзэглэмэээр явдал дуулдаж л байсан. Б.Мөнхбаттай саяхан уулзахад “Мянган адуу, 5000 хоньтой хүнийг сайн малчин гэж өргөмжлөх нь бодлого талаасаа зөв хандлага биш. Мөнгөн унага шагналаа малаа чанаржуулсан малчдад өгнө” гэж ярина лээ. Хийнэ гээд зүтгэсэн л бол ард нь гардаг чанарыг нь эртнээс хараад мэдчихсэн учраас эргэлзэх юм алга. Удахгүй Сүхбаатарын малчид малаа чанаржуулж, түүний санаачилсан “Мөнгөн унага”-ын эзэн болохын төлөө явцгаах байх. Нэг аймаг нь ийм зөв бодлого бариад ирэхээр Засгийн газраас жил бүр шалгаруулдаг “Сайн малчин” шагналын хандлага ч өөрчлөгдөж таарна. Нутгийн хөгжлөөс улсын хөгжил гээд зүтгэж яваа Б.Мөнхбатын философийн өгөөж нь энэ л дээ.

Бас нэг эсэргүү санааг нь онцлохгүй орхиж болохгүй. Отрын бүс нутгийг доройтуулж байгаа малаас малын хөлийн татвар авъя гэчихсэн явсан. Сонгогчдоосоо эмээсэн улстөрчдийн зүрхэлж хэрэгжүүлж чадахгүй яваа асуудлын нэгийг аймгийн ИТХ-ын дарга хэрэгжүүлэхээр шийдчихсэн бас л том амбиц шүү. Улс даяар хэрэгтэйг гайхаж ярьдаг ч ажил болдоггүй малын хөлийн татвар Сүхбаатар аймагт харин хэрэгжчих байх. Өнгөрсөн долоо хоногт нэг уулзахад мань эр “Малаа туугаад ирдэг хүмүүсээс ийм татвар авах санал гаргачихаад байгаа. Харин малаа зарчихаад Сүхбаатараас мал худалдаж аваад амьдарвал татварын асуудал ярихгүй” гэж сонирхуулна лээ. Наанаа аймгийн хэмжээний асуудал юм шиг хэр нь цаанаа бэлчээрийн талхагдлын эсрэг маш том амбиц мөнөөсөө мөн.

Сүхбаатар адууны орон, монгол адууны соёлыг тээсээр өнөөг хүрсэн аймаг. Тэр утгаараа яах аргагүй монгол адууны өв соёлын төв. Б.Мөнхбатын зорьж яваа бас нэг том санаа нь энэ. Тэр аймгаа монгол адууны өв соёлын төв болгох санааныхаа хүрээнд багагүй ажил амжуулчихсан яваа. Монгол адуунаас холдсон сумдаа хамруулсан “Мөнгөн унага” адууны фестиваль зохион байгуулна гэдэг алсыг харсан том санааны автор нь Б.Мөнхбат. Өнгөрсөн тавдугаар сард түүний санаачилгаар аймгийн удирдлагууд, уяачид, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, судлаачдын маш том бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв болгох тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үр дүнтэй, сонирхолтой, гарц шийдэлтэй хэлэлцүүлэг болсон.

Эдийн засаг хэцүү үед “Жавхлан шарга” ТББ байгуулж сурагчдын дунд олимпиад зохиож, улсад шалгарсныг нь тусгайлан бэлдэж, цас зуд боллоо гэхэд хандивын тоглолт зохион байгуулж, тусгай сэтгүүлүүд хэвлэж, ер нь аймаг руугаа хандсан том ажлуудын эхлэлийг тавьсан хүн бол хөргийн маань эзэн. Зарим ажил нь өнөө ч үргэлжилсээр яваа. Гадаадын иргэн харьяатад ажиллах үедээ ч зүгээр суугаагүй. Гадны хөрөнгө оруулалттай газрын тосны компани ажилчдаа урд хөршөөс зүгээр шахуу оруулж ирж ажиллуулж байсныг нь хөдөлмөрийн виз болгуулж, Монголд төлөх мөнгөн урсгалыг нэмж, визний төлбөр гэж овоо хэдэн төгрөгийг аймгийнхаа Төрийн санд оруулж чадсан түүх түүний намтарт бий. Тухайн үед хэрийн аавын хүү зориглож хийхээргүй аргаар хийсэн нь анхаарал татаад байдаг. Улсын төсөвт багагүй мөнгө оруулдаг газрын тос олборлогч том компанийн ажлыг гурав, дөрвөн хоног зогсоож “том толгойл”-сон их эр.

Ер нь очсон газар бүртээ эсэрүү санаа гаргаж, шинэ шийдэл хайж явдаг нь түүний төрөлхийн чанар. Бас л нэг удаагийн яриа хөөрөөний үеэр “Залуу хүн шинийг санаачлахдаа хойрго байх нь гунигтай, харамсалтай үзэгдэл. Шинэ санаа оноо бодож олоод гялалзаад ирэхээр атаархал, хонзогнол, нас, албан тушаал, фракцийн дарамт ирдэг учраас тэгдэг тал анзаарагддаг. Гэхдээ алийн болгон айж сүрдэж, амьгүй мэт, ямар ч зорилгогүй амьдрах вэ дээ. Залуу насандаа хийе гэснээ зориод зүтгээд хийчихдэг байх хэрэгтэй. Ер нь миний амьдралдаа барьдаг гол зарчим энэ. Манайханд нэг муухай чанар их тод ажиглагддаг. Энэ хэзээ ийм байсан юм бэ гэх хандлагад би ясны дургүй. Ингэж атаархаж хандсанаас, яаж үүн шиг мундаг болох вэ гэж урагшлах учиртай биз дээ. Хөгжсөн улсын иргэд яг ийм хандлагатай амьдардаг” гэж ярьсан нь санаанд тод үлджээ. Үнэн үг сэтгэлд ойр учраас тэр байх.

Б.Мөнхбатын ээлжит “эсэргүү санаа” нь амьгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг амь оруулах. Уг нь иргэдийг төлөөлсөн хурал гэдэг хамгийн том байх ёстой газар. Иргэдээ дээдэлсэн улсын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нөлөөтэй, жинтэй, хүчирхэг байж иргэний төлөө гэсэн төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэдэг талаас нь харвал түүний санааг үгүйсгэх аргагүй. Орон нутгийн ИТХ-ууд эдийн засгийн ямар ч эрх мэдэлгүй, жилдээ хэдхэн удаа хуралддагийг эс тооцвол хийх ажилгүй шахам, төрийн захиргааны үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй жижигхэн газар болсон нь үнэн л дээ. Олуулаа нэгдээд хуралдахаар том эрх мэдэлтэй болж хувирдаг, бусад үед нь аймгийнхаа хөгжилд ямар ч оролцоогүй болчихдог хачин бүтцийг өөрчлөх санаа нь олны дэмжлэг авах байх аа.

Б.Мөнхбатын эсэргүү санаа ер нь хэзээ ч дуусахгүй байх. Тулгуур төв яриад хөгжихгүй гэж тасхийтэл хэлчихсэн хүн одоогоор түүний үеийнхэн дунд алга. “Манай аймгийнхан эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Улсаас бодлогоор дэмжиж өгсөн төсөл, мөнгө зүүн бүсийн хөгжлийн төв гээд Дорнод руу явчихдаг. Сүхбаатарчууд яг үнэндээ Дорнод руу очиж үйлчилгээ авдаггүй, Улаанбаатар хот л барааддаг. Тэгээд ч Дорнодод сайн эмч энэ тэр гээд хүний нөөц, техник технологи асуудалтай хэвээр байгаа. Тулгуур төв гэж харж бодлогоо явуулах нь хэр оновчтой вэ гэдгийг эргэж харах цаг ирсэн. Би энэ санаагаа НҮБ-ын нэг мэргэжилтэнтэй уулзаад хэлэхэд тэгш бусын зарчим байгааг үгүйсгээгүй” гэж яриад тэр дараагийнхаа ажил руу яарсан. Наад өнгөндөө аймгаа гэсэн, цаад утгаараа улсаа бодсон түүний эсэргүү санаанууд ирэх жилүүдэд ажил болоод явна гэдэгт итгэмээр байна.