Хичээлийн шинэ жил эхэллээ. Та нар ч хэлүүлэлтгүй мэдсэн. Заавал эмчийн гарт “үрэгдэлгүйгээр” хорвоог орхих боломж байж болох ч багштай учралгүйгээр хүн болох арга юм даг уу? гэсээр энэ сэдэв рүү орно оо. Гэхдээ татвар төлөгчдийн хөрөнгөөр багшийн мэргэжил эзэмшээд, цалин цагаагаа тоо ёсоор аваад явсан атлаа “өчнөөн жил ардын хүүхдийг сургаад” энэ тэр гэж ялархдаг заримын тухай ярихгүй. Бас эрт дээр цагт ном сурахыг хүсэгчдэд сургалтын төлбөр энэ тэр гэх юм байгаагүй, угаасаа сургалтын тийм хэлбэр хараахан боловсроогүй байсан зэргээс үүдээд шавь нь багшийнхаа гарт зарагдах, хоол хош хийх, гэр орныг цэвэрлэх зэргээр төлбөрөө барагдуулдаг байсан талаар нуршихгүй. Энэ уламжлалаас үүдээд одоогийн зарим багш нар ч “шавь нараа ойр зуур зарахад нүгэл болохгүй” гэж бодсоор явдгийг шүүмжлэхгүй. Түүнчлэн өнөөгийн боловсролын тогтолцооны сайн ба муу талыг ер хөндөхгүй…
Боловсрол гэгээрлийг эрт дээр үеэс эрдэм боловсрол хэмээх оюуны капиталыг өгч авалцах гэгээн үйл хэрэг хэмээн онцгой дээдэлж иржээ. Эд хөрөнгө, бие махбод энэ хорвоогийн юмс тул элэгдэж дуусна, эс дууслаа ч үхэхийн цагт хаягдаж хоцорно. Иймд тэдгээрт хэт утга учир өгч, автаж болохгүй. Арвин их хөеө хурааж цатгалан өвөлжих, томоохон гөрөөс унагаж хэдэн хоногтоо өег явах зэрэг нь хулгана, араатанд ч байж болдог зүйл. Харин сэтгэл оюундаа эрдэм гэгээрлийг хураан арвижуулах нь оюун ухаант хүний л чадах хэрэг. Нарийн яривал эд баялаг ба алдар хүнд , хөрөнгө зоорийг орхин явдаг хорвоод аваад явж болох “шидэт баялаг” бол чухам гэгээрэл мөн. Энэ төрөлдөө амжиж хураасан буян, гэгээрлийн мөхлөг нь дараа дараагийн төрлүүдэд ч үр шимээ өгнө гэж Бурханы ном сургасан билээ. Чухам иймээс багш шавийн үйл хэрэг нь үхэхдээ ч аваад явж болох “бурханлиг капитал”-ыг өгч авалцах тэнгэрлэг бизнес ажгуу. Мэдээж хэрэг иргэний боловсрол ба Бурханы гэгээрэл хоёр тусдаа ойлголт мэт боловч хүн эрдэм мэдлэгийн хүчээр оюун ухаанаа тэлж боловсрон хөгжихийн хэрээр зөв хүсэл, зөв сэтгэл үүдэж, зөв амьдралын горим руу тэмүүлэн ордог. Чухам энэ зөв сэтгэл, зөв сэдэл, зөв амьдрал л “ жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах” зам руу хөтөлдөг гэдэг утгаар харвал эрдэм боловсрол гээч угаасаа л бурханы үйл хэрэг ажгуу.
Бодь мөрийн зэрэг сударт үүнийг
“Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж
Сэвтээх садаа өөрөө ховхроно
Алдаагүй зөв дадал эзэмшиж
Амьтанд туслах бурхан болно”… хэмээн тодорхойлжээ.
Эрдэм боловсрол хэмээгч энэ хорвоогийн хамгийн том өглөг бөгөөд түүнийг хайрласан багш нь юутай ч зүйрлэшгүй том өглөгч тул машид талархахыг номложээ. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т багшийг хоёр хүрээнд авч үзсэн байна. Нэг талаасаа чиний амьдралд хэрэг болох ганц ч атугаа юм заасан, хэлж өгсөн хүнийг багш гэж үзэн дээдлэн хүндлэхийг захиад “Хэлсэн сургаал бадагхан байлаа ч, хэзээд түүнийг багшаар дуудагтун” гэжээ. Хүнийг баян ядуу, сайн муу, сайхан муухайгаар нь үл ялгаварлан сураад авчихмаар юм хайж, сортоотой амьдар гэж зөвлөжээ. Ингэхдээ нэрэлхэх хэрэггүй, том хутагт, мяндагтан болсон байлаа ч хамаагүй эгэл дордос хэнд ч шавь орохдоо эрээлэх хэрэг үгүйг бас номложээ.
Буддын шашинт хүний хувьд хамгийн дээд нь шашны гэгээрэлд буюу ертөнцийн хүлээснээс ангижрах арга дадлага бясалгалд биечлэн хөтлөх багш байна. Энэ багшийг “Бодь мөрийн зэрэг” сударт гэгээрлийн багш хэмээн томьёолсон байдаг. Гэгээрлийн багшийг бол нарийн шинжиж авах ёстой. Нэгэнт шилж сонгосон гэгээрлийн багшдаа үнэнч бай. Ийм үнэнч байдал нь үнэн хэрэгтээ чиглэсэн зорилгодоо, зорьсон гэгээрэлдээ үнэнч байх гол үндэс болдог аж. Ухаандаа, харамгүй сэтгэл үүсгэхийн тулд эд хөрөнгө, тэр бүү хэл хэрэгтэй цагт эхнэрээ ч өргөн барихад бэлэн байх тухай сонин мөрүүд бий. Эдгээр мөрүүдийг шууд утгаар ойлгож, “багш руугаа авгайгаа чирээд гүйх юм байна” гэж бодон сургуулиа хаяхаа түр азнаад цаашид уншаарай. Бас энэ мөрийг уншсан манай зарим эрэгчин багш нар “эхнэрээ хүртэл багшаасаа харамлахгүйгээр хармын сэтгэлээс сал гэсэн байхад өөрөө эхнэр болж төрсөн бүсгүй шавь минь юугаа надаас харамлах вэ” гэж бодоод мессэж бичихээ мөн л азнан багшийн тухай өгүүлэх хэсгийг сонирхоорой гэж захья аа.
Юуны өмнө багш, шавь хоёр хоёулаа сахил хүртсэн санваартан байсан үед энэ сургаал ном гарчээ. Ер нь хар багаасаа шашны боловсролоор явсан хүмүүс орчлонгийн хар бор амьдралын мэдлэг бага бөгөөд гэнэн байдаг жишээ байна аа. Ажаа гэгээн гэдэг нэгэн хүн намтраа бичсэнийг манайхан хөрвүүлжээ. Хөхнуурт төрөөд бага насандаа хувилгаанаар тодроод хожим соёлын хувьсгал энэ тэрээгийн хүнд бэрхийг амссан хүний сонирхолтой дурсамж л даа. Тэнд хар багаасаа бурханы ном үзсэн хижээл санваартан хэлмэгдэж, дахин хүмүүжих газарт ачигдсан тухай хэсэг бий. Тэрээр яагаад ч юм огт өвтгөхгүйгээр бургуй тавьж мэргэшсэн гэнэ. Гэтэл нэг удаа шоронгийн даргын эхнэр өвчилж, анх удаа эмэгтэй хүнд бургуй тавихдаа тулсан байна. Ингээд мэгдэж сандарсан тэр санваартан эмэгтэйн доороос дальдчин байж чийдэн тусгаж хараад “Хоёр нүх байна. Аль нь юм бол оо” гэж асуусан гэдэг.
Багшийн заасныг үнэнчээр дагахын тулд чи сэтгэлийн гэмүүдээсээ, тэр дундаасаа хармын сэтгэлээсээ салах учиртай. Ингэхийн тулд энэ хорвоогийн эгэл явдалтны хувьд хамгийн харам байдаг тэр зүйлийг ч гэсэн өргөн барих хэмжээнд очих хэрэгтэй гэсэн санааг түрүүн ярьсан. Хоолоо харамлахгүй байж болно, мөнгө харамлахгүй болж болно, харин эхнэрээ харамлахгүй болно гэхэд амаргүй. Ингэхдээ дотроо багтарч гомдохгүй, харамсахгүй тийм хэмжээнд сэтгэл чинь өгөөмөр болсон байх учиртай. Ерөөсөө бол чиглэсэн зорилгодоо л үнэнч бай гэсэн санаа.
Нөгөө талаар боловсрол эзэмших оюуны хэмээгдэх “мөнхийн капитал” хуримтлуулах үйл хэрэгтээ туйлбартай байхын тулд багшийн алдаа дутагдлыг онцгойлон авч үзэхгүй байхыг сургасан нь сонирхолтой байна.
Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч үндсэн зорилго бус. Хамгийн гол нь одоогоор өөрт байхгүй, харин багшид нь байгаа тэр мэдлэг, мэдээллийг өөртөө авах хэрэгцээ байгаа учраас сургуулийн танхимд чи ирсэн хэрэг. Иймд ямар муухай багш вэ гэсэн муухай бодол, ямар гоё багш вэ гэсэн хэрэггүй бахархал хоёрын алинд автахгүйгээр тэр багшийн заасныг л сураад ав. Сурсан юм чинь чамд үлдэж, муухай болон царайлаг сайхан багшийн алин ч тэндээ л хоцорч үлдэнэ гэж сургажээ.
Сайн сайхнаар нь багшийг шүт
Саар муухайг нь байхгүй юм шиг сана
Сайхныг нь харвал сайныг л авна
Саарыг нь харвал саарлыг л авна
Харин багшийгаа баярлуулах нь шавийн үндсэн үүрэг гээд
Багшийг дээдэлж шүтнэ гэдэг
Барьц бэлэг зөөхийн нэр биш
Баримтал хэмээсэн ном сургаалыг нь
Баттай дагахын нэр билээ хэмээн айлджээ.
Тэгвэл багш өөрөө ямар байх ёстой вэ? гэсэн асуулт гарч байна. Нэг талаасаа багшийг бурханчлан шүтэж дагахыг шавьд номлох боловч нөгөө талаас багшийн ёс суртахуун, сэтгэл зүйг маш хатуу чанд тодорхойлон зааж өгсөн байна. Ухаандаа шавь нь багшдаа юугаа ч өргөсөн харамгүй сэтгэлээр хандан эрдэмд дурлаж байхад багш нь шавиасаа сэтэрхий зүү ч авах шуналгүй болсон байх учиртай ажээ. Харамгүй, шуналгүй хоёр нэгдэн нийлж байж гайхамшигт гэгээрэлд бие биеэ хөтлөх учиртай гэнэ. Мөн номын нөхөд буюу хамтран ажилладаг мэргэжил нэгт бусад багш нараа хүндлэн хайрлах учиртай ба “…надаас илүү гарчих вий гэсэн атаархал, хойш тавин залхуурах, ахин дахин номлохоос зүрхшээх, өөрийгөө магтаж өрөөлийг муулах, номоо харамлах, хоол хувцас мэтийн эд таваар горьдох зэргийг цээрлэж… өөрийгөө болон бусдыг гэгээрүүлэхийн төлөө номлол заасан буян маань жаргалын эх булаг” гэдэг итгэлтэй амьдрах өгүүлжээ.
Багш хүн шавьдаа ном сургаал заахын өмнө “усанд орж цэвэрхэн хувцаслах” ёстой ба шавь нь түүний муухай үзэмжгүй байдалд сатаарах, дургүйцэх зэрэг нь заасан номыг анзаарахгүй үлдэх гэмтэй тул ийм шалтгаан гаргахгүй байх үүрэгтэй гэдэг.
Бурханы номд өгүүлсэнчлэн “Ашиг хонжоо, алдар нэр, эд хөрөнгө харалгүй ном заах нь багшийн үндсэн үүрэг бөгөөд аливаа шуналаас ангижирсан байх төдийгүй
Үргэлж завсаргүй номлол бясалгаж
Үлгэр жишээгээр мянгантаа нотолж
Үй олонд баясгалан түгээвч
Үнэндээ багш бол юу ч гуйхгүй
Ужиг өвчтэй ч эм гуйхгүй
Унтмаар байсан ч хэвтэр гуйхгүй
Умдаасч өлслөө ч идэш гуйхгүй
Улаан нүцгэрсэн ч хувцас гуйхгүй
Улдаж тамирдсан ч унаа гуйхгүй
Учир нь, багш шунах ёсгүй
Багш мэргэд гэгээрэлд дурлаж
Бас олныг гэгээрүүлэхэд шимтэж
Амьд бүгдийг дээшлүүлэх үйлээрээ
Аз жаргалаа ундраадаг номтой
Багш хүн өөрийгөө эмч гэж төсөөлөх ба мэдлэггүй байдлыг өвчин, шавийгаа мэдлэггүйн өвчин туссан өвчтөн гэж ухаараад орчлонгийн тоосонд төөрч, үхэх аюулд тулгарсан өвчтөнийг эмчлэн аварч байгаа мэтээр үүрэг хариуцлагаа ухамсарлах учиртай байна. Тэгээд шавь нь ном эрдэм сурахын хэрээр хүнд өвчтөний амийг аврав хэмээн сэтгэлийн баяр цэнгэл эдэлж байх учиртай. Багш шавийн аз жаргал бол эрдмийг бие биедээ амжилттайгаар өгч авалцах процесс ажгуу. Энэ гайхамшигт сургаал ба суртаалыг жил бүрийн есөн сарын нэгэнд ярьж хөөрч байвал сайн уу? аан.
2009.11.17