Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намууд анхаарал хандуулаад эхэллээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэх байх гэдгийг хэлчихсэн. Таны байр суурь арай өөр байх шиг байсан?

-1990 оноос өмнө МАХН гэдэг ганц намтай явж ирсэн. 1990 оноос хойш олон намын тогтолцоонд шилжиж, МАН, АН бусад гэсэн 27 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. Өнгөрсөн 28 жилийн хугацааг эргэн харахаар “тэрний нам, энэний нам” гэсэн хувь хүний нам юм шиг хандлага бий болчихсон. МАХН МАН-аас салахдаа нэг хүний нам болж салаагүй. Бага хурлын 139 хүнээ сонгосон. 104 нь энэ намын дарга байхгүй юу. Намын дарга гэдэг чинь Бага хурал. Том зургаар нь авч үзвэл Их хурал биз дээ. Намын Бага хурлаас хөлсний гэрээгээр ажиллаж байгаа хүнийг намын дарга гээд байгаа юм. Намын дүрмийн хүрээнд нэр дэвших хүн нь Бага хуралд өргөдлөө өгөх ёстой. Хоёрдугаарт, Бага хуралдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулах үүрэгтэй. Нэр дэвших хүсэлтэй хүн нь гүйж харайгаад, 76 дугаараа аваад явж болно. Гэхдээ Бага хурал шийднэ. Энэ сарын 28 гэхэд нэр дэвших хүсэлтэй хүн нь Бага хуралдаа хүсэлтээ өг. Дараа нь Бага хурал хүсэлтийг нь хүлээж аваад дэвшүүлнэ. Хэн ч байсан намын дүрмийг дагах ёстой л доо.

-МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намынхаа даргыг дэвшүүлнэ гэчихсэн шүү дээ?

-С.Ганбаатарыг хэн дэд даргаар тавьсан юм. Тийм юм байхгүй. Нарийн яривал дэд дарга гэдэг ойлголтыг анх БНСУ-д Н.Энхбаяр даргыг байхад нь очоод “Нам хоёр дэд даргатай болбол яасан юм бэ” гэж хэлээд бий болгож байсан.

Манай Ганбаа чинь юм болгоны ард ашиг харж явдаг. МАХН-ын төлөө юу ч хийгээгүй. Намын төлөө ганц удаа өлсөж, жагсаж, хэвлэлийн хурал ч хийж үзээгүй хүн. Нам ялбал өрмийг нь авч идье л гэж яваа хүн. Тэр хүн юу дуртайгаа ярина биз. Ц.Оюунбаатар л дэд дарга. С.Ганбаатар бол дэд дарга биш шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээрээ од болно гэвэл Н.Удвал байж болно. Энэ хүн нам хүнд үед гүйж харайж яваад сүүлд нь сайд болсон л доо. Гэтэл С.Ганбаатар эмэгтэй хүнээс долоон доор л байна гэж ойлго.

МАХН гэдэг ганц хүний нам гэдэг ойлголтыг өгөх гээд байгаа цаад санаа нь МАХН гэдэг дөрвөн үсгийг хувьдаа ашиглаж, үүгээрээ мөнхийн хаан болох гээд, өөрөөс нь өөр хүн улс төр хийж болохгүй гэсэн бусармаг зүйл яваад байгаа учраас Н.Энхбаяр даргыг би “Одоо боль” гээд байгаа юм. Түүнээс хувь хүн талаасаа тэр хүнийг үзэн ядаад байгаа юм биш. МАХН-д хүссэн ч, эс хүссэн ч парламентад ганц суудлыг нь авч ирсэн хүн би мөн үү. Мөн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь авч ирсэн хүний хувьд надад ярилцах эрх нь бий. Хэнтийн сонгогчдыг хүндэл л дээ. Зөв хүнийг нэр дэвшүүлэх болохоос сонголтгүй сонголт буюу өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль шиг юм хийх юм уу. Х.Баттулга дэвшээсэй, гараасай гэж хэн ч бодоогүй. Өөр хүн байгаасай л гэж бодсон. АН муу хүн гаргасан одоо муу л ажиллаж байна. М.Энхболдыг нэр дэвшээсэй гэж хэн ч бодоогүй. Муу хүн дэвшүүлсэн одоо түүнтэйгээ зууралдаад л явж байна шүү дээ. Манай нам ч гэсэн мэдлэгтэй, боловсролтой, эх оронч ядаж худлаа ярьдаггүй хүнийг яагаад нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. Би худалч хүнд дургүй. Ард түмэн ядуу байж болох ч төр барих хүн хариуцлагатай байх ёстой.

-42 дугаар тойрогт ямар хүн нэр дэвших ёстой юм бэ. МАХН гэж нэг нам байна уу, хоёр нам байна уу. Н.Энхбаяр намын дарга уу, та намын дарга уу?

-“Женко” Х.Баттулгаас л асуу.

-Яасан гэж асуух юм бэ. Танай намын дотоод асуудал биз дээ?

-Ерөнхийлөгч шүүх засаглалыг барьж байна. Ерөнхийлөгч болон Тамгын газрын дарга шүүх засаглалыг цэвэрлэх ёстой. Х.Нямбаатар гишүүн “Шүүхэд хахууль өгвөл шударга шийдвэр гардаг. Хахууль өгөхгүй бол шударга шийдвэр гардаггүй. Үнэтэй” гэж хэлсэн. Ийм зүйлийг болиул л даа. Миний санаж байгаагаар Х.Нямбаатар анхан шат, дээд шатны шүүхийн ханшийг нь тогтоогоо биз дээ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар цусан төрлийн хамаатны ах дүүс. “Женко”-гийн хуурай дүү нар. Хуучин ийм л байсан. Одоо ч ийм л байна. “Женко” Ерөнхийлөгч болохоор нарийн мэдээлэлтэй байдаг биз. Х.Нямбаатар “Анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, давж заалдах нь 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг” гэж хэлсэн шүү дээ. Хууль нь, зарчим нь манай талд байна. Намын тамгаа авъя гэхээр шүүх дээр гацаачихсан. Тиймээс би 200 мянган ам.долларгүй хүн юм байна гэж өөрийгөө бодож байгаа. Төлбөрөө төлсөн бол тэрбумыг хулгайлсан ч болно. Төлөөгүй бол гүтгүүлээд, гүтгүүлснээрээ шүүхэд дуудагдаад л явна. Хэнийг ч хамаагүй гүтгэдэг систем бий болчихсон. Тиймээс нам хариуцлагатай байх ёстой. МАХН хоёр нам болчихоод байгаа юм биш. Намын даргаасаа илүү шинэ дарга гараад ирсэнд асуудал байгаа юм.

-Та намын дарга юм уу, Н.Энхбаяр дарга намаа удирдаад байна уу?

-Би Их хурлаас шийдвэрээ шүүхээр тогтоолгох гээд явж байна. Шүүх хэрэв шийдсэн бол би намын дарга гээд явна. Шүүх шийдээгүй болохоор “Би мөн” гэж ярихгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой.

МАХН миний өвөө, аавын байсан нам. Гурав дахь хүчин үүн дээр суурилах ёстой. Гурав дахь хүчин үзэл бодлоороо нэгдэх ёстой юм уу, нэг хүнд таалагдах ёстой юм уу. Би зарчим ярьж байна. Ногоон намын О.Бум-Ялагч нэг өдөр над руу яриад “Та муухай хүн юм аа. Нэг л өдөр Энхбаярын намыг булаалаа” гэхээр нь “Та юу яриад байгаа юм бэ. 30 жил та Ногоон намын дарга хийлээ. Одоо намын даргаа өгөөч” гэсэн юм. Монгол Улсын гурав дахь нам шүү дээ. 30 жил нэг хүн дарга хийж, ямар ч үр дүн гарсангүй. 30 жил УИХ-д хүн дэвшүүлээд гаргаж чадсангүй. Эвсээд ч нэмэр алга.

-60 тэрбумын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-60 тэрбум муухай. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Гэхдээ 60 тэрбумыг хэрэгжүүлсэн хүмүүсийг нь ерөөсөө ярихгүй юм. Томилдог албан тушаалтай хүмүүс үүнийг хэрэгжүүлсэн гэж ойлгоод байгаа. 60 тэрбумтай тэмцье гэвэл томилдог хүмүүстэй нь тэмцэх ёстой биз дээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг чинь 60 тэрбумын хүн орчихсон байна гэсэн үг. Тэр Б.Махбалыг Төрийн албаны зөвлөлөөс “Ажиллуулж болохгүй” гээд байхад нөхдүүд үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Хэрэв томилоогүй бол ийм асуудал болох уу. Энэ бүхэн бугшсаар хүний аминд хүрлээ.

60 тэрбум гээд байгаа хүмүүс УИХ-ын гишүүнээсээ больчих л доо. Томилж байгаа хүмүүсээ АТГ-т өгөөд шалгуул. С.Зоригийн хэрэг илэрнэ гэсэн яав. Анхнаас нь би Ц.Нямдоржийг балай амьтан гэдгийг нь хэлсэн биз. Хөгшин өвгөн болохоор нь балай гээд байгаа юм биш. 20 жил хуулийн системийг сүйрүүлсэн болохоор нь тэгж байгаа юм. Авлигыг чинь анх эхлүүлсэн. Мафи хуулийн хамгаалалтгүйгээр үүсдэггүй. Тэр хуулийн хамгаалалтуудыг нь бий болгосон хүн. Асуудлуудыг шийдэхгүй бол ард түмэн нэг л өдөр босно.

-Н.Энхбаяр дарга төрийн албанд шударга хүн байхгүй гээд мэдэгдчихсэн. Бүгд л хулгайч гэхчив үү яав. Тиймээс 42 дугаар тойрогт төрийн албанаас хүн нэр дэвших боломжгүй гэсэн, өчигдөр?

-Төрийн албан хаагчдыг доромжилж болохгүй. Би Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэг төрийн албан хаагчийг нэр дэвшээч гэсэн юм. Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан мундаг мэдлэг, боловсролтой хүн л дээ. Төрд хэрэгтэй хүн. Тэр хүн “Хууль нь байгаа бол болохгүй зүйл байхгүй” гэсэн. Даанч төрийн албан хаагч гээд дэвшүүлэхгүй маягтай байна. Уг нь ийм л хүмүүс дэвших ёстой. Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм. Сонгууль хойшлох талаар яриа гараад эхэллээ. Би хойшлоосой гэж хүсэхгүй байна. МАХН хүчтэй байх ёстой юу, МАХН хүчгүй лидертэй байх ёстой юу.

-Н.Энхбаяр даргыгаа та хүчгүй лидер гэчихэж байгаа юм уу. Нэгэн цагт Монголын хаан байлаа гээд ярьдаг шүү дээ?

-Тэгээд хүчтэй гэх юм уу. Н.Энхбаяр дарга 1996-2000 онд улс төрийн намыг маш зөв гаргаж ирсэн. Тухайн үедээ ялагдсан намыг ялуулсан. 2000-2009 онд төрд жинхэнэ утгаараа ажилласан. Төрийн тэргүүнээсээ буухад нь бүх хүн үзэн ядсан. Тэр үед бид нийлээд “Хулгай хийхгүй байх, ойлгосон байх. Ганц хүнийг хэлмэгдүүлнэ гэж юу байсан юм” гээд хүрээлсэн. 2012 онд парламентад төлөөлөлтэй болсон. Дөрвөн жил солонгосоос, шоронгоос биднийг удирдсан нь үнэн. Энэ хүн Монголын хаан байсан учраас өнөөдөр мөнгө, хуулийн сүлжээ нь байгаа. Би хүнтэй биш, системтэй тэмцэж байна. Би даргын хүүтэй ах дүү шиг, эхнэртэй нь хүүхэд шиг нь байдаг. Даргатайгаа маргааш ч гэсэн кофе ууж болно. Гол нь зарчим байх ёстой. Н.Энхбаяр дарга нэр дэвшээд юу ч хийхгүй байхгүй юу. Цаг л алдана.

-Хэнтийд тэгээд хэний нэрийг дэвшүүлнэ гээд байгаа юм бэ, та?

-Одоо яригдаад байгаа хүнээс л хамаагүй дээр хүн. Би Хэнтий аймагт судалгаа явуулж үзсэн. У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Хэнтийн Засаг дарга байсан Ж.Оюунбаатар, Хасу Мегаваттын захирал Ж.Түмэн-Аюуш гээд олон хүний нэрсийг багтаасан судалгаа хийсэн. Судалгааг Ж.Түмэн-Аюуш тэргүүлсэн. Гэхдээ энэ хүнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм биш. Би уулзаагүй. Рейтинг өндөр байсан болохоор нэрийг нь оруулсан юм. Хэнтий аймаг гоё болог л дээ. Хулгайч хүн гэхдээ гоё болгохгүй. Хулгайч хулгайчаа бариарай гэхээр бөөлжис цутгаад байдаг юм.

-АН-ын бүлгийн зүгээс Засгийн газар огцрох ёстой гээд шаардчихсан. Таны байр суурь ямар байгаа вэ?

-АН-ынхан худлаа. МАН хоёр хуваагдсан бол АН тав хуваагдсан. Ерөнхийлөгч Ж.Батзанданг дуудаад загнасан байх. Миний хүндэлж явдаг Х.Баттулга ахын тоглолт харагдаж байна. Ж.Батзандан “Засгийн газар огцор” гэсэн. Өглөө нь “Ц.Нямдорж л зайл. Бусад нь байж бай” гэдэг хошин шогийг хараад үнэндээ залхаж байна.

-Өөрөөсөө бусдыг үл хүндэтгэх маягтай л яриад байх шиг. Манайхан төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл дутаад байна гэх юм?

-Төрийн бодлого мэдлэг, туршлага дээр суурилж явдаг болохоос зөвхөн сэтгэл дээр суурилдаггүй. Найман жил би Их хуралд сууж байна. Туршлага, мэдлэг аль аль нь бий болсон тул дараагийн алхамаа хийх гээд байгаа юм. Дараагийн алхам нь энэ намыг шинэчлэн авч явах. Үүнийг манай намын Бага хурлын гишүүд ойлгосон юм. Ард түмэн өөр болсон. Энэ хүмүүс эв нэгдэлтэй байна уу, нам нь бодлоготой байна уу, төрөөр тоглох гээд байна уу гэдгийг нь харж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд робот ашигладаг болжээ

“Хэвтэрт орсон хүнийг босоод алхдаг болтол нь зургаан сарын турш тусалж дэмждэг робот Австралид 300 мянган доллар байлаа гэхэд Хятадад 50 мянган доллар болсон байна. Одоогоор монголчууд иймэрхүү үнэтэй технологиудыг ашиглах боломж багатай ч ирээдүйд өртөг нь багасахад нэвтрүүлэх боломжтой” гэж саяхан болсон Монголын Мэдрэлийн сэргээн засахын олон улсын хурлын үеэр Дэлхийн Мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн тэргүүн, доктор Leonard S W Li ярьсан юм. Уг хуралд “Сэргээн засах эмчилгээнд роботын хэрэглээ” сэдвээр илтгэл тавьсан түүнтэй ярилцлаа.


-Эдийн засгийн хямралаас шалтгаалаад, Монголд сэргээн засах төвүүд байгуулахад хүндрэлтэй байгаа. Олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу?

-Мэдрэлийн сэргээн засах төв гэхээр хоёр чухал асуудал бий. Тэнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, барилгын асуудал болон боловсон хүчнийг сургах тухай яригдана. Энэ талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудаас дэмжлэг авч болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Дэлхийн мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгээс Нигери улсад хандиваар Мэдрэлийн сэргээн засах төвийг байгуулж өгсөн. Энэ шугамаар мөн хүмүүсээ гадаадад сургаад авах боломжтой. Мэдрэлийн сэргээн засах төв байгуулж, боловсон хүчнээ бэлтгэх ажлыг нэг өдөр хийчихгүй. Үе шаттайгаар явж байж үр дүнд хүрнэ.

-Улс орнуудад судалгаа хийсэн гэсэн. Мэдрэлийн эмгэг ихсэхэд нийгмийн стресс, эдийн засгийн байдал нөлөөлдөг үү?

-Нийгмийн нөхцөл байдлаас илүү дэлхийн хүн ам насжиж байгаа нь нөлөөлж байна. Насжилтыг дагаад гурван том мэдрэлийн эмгэг тохиолдож байна. Нэгдүгээрт, тархины цус харвалт, дараа нь зөнөгрөл, дэмийрэл, Паркинсоны эмгэг гэсэн гурван өвчлөл насжилтаа дагаад өсч байна. Энэ нь улс орнууд халамжийн систем, сэргээн засах эмчилгээнд зарцуулдаг мөнгөө ихсгэх шаардлага бий болгож байгаа юм.

-Монголын мэдрэлийн сэргээн засах салбарын нөхцөл байдалтай танилцсан байх. Эхний ээлжинд ямар зөвлөгөө өгөх вэ?

-ДЭМБ-аас 2030 он хүртэл сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлийн асуудлаар зөвлөмж гаргаад, стратеги хэрэгжүүлж байгаа. Монгол Улс сонгогдсон хэдэн орны нэг. Энэ дагуу сонгогдсон орнуудын сэргээн засахын нөхцөл болон бусад асуудлууд эхний ээлжинд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Сэргээн засахын нөхцөл байдал сайжрахад тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс, улсын бодлого чухал. Яг одоогийн нөхцөл байдалдаа тохируулаад, зорилгоо сонгох ёстой. Нэгдүгээрт, өртөг багатай хөдөлгөөн засал болон хөдөлмөр засал бусад сэргээн засах эмчилгээнүүдээ хийгээд, технологи бага ашиглаад явж болно. Нөгөө нэг зам нь маш өндөр үнэтэй роботуудыг ашиглаад эмчилгээ хийж болно. Монголын нөхцөлд мэдээж эхнийх нь тохиромжтой болов уу. Технологи хөгжихийн хэрээр өрсөлдөөн бий болж сэргээн засахын роботуудын үнэ хямдарч эхэлж байна. Мэдрэлийн эмгэгүүд төв мэдрэлийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Жишээлбэл, харвалт өгсний дараа саажилт үүсдэг. Эрүүл мэндийн технологи хөгжиж, үр дүнд нь бид булчин, үений ЭХО хийж байна. Харвалтын дараа мөрний сүлжээний саатай болсон хүн байлаа гэхэд булчин үений ЭХО-гоор хараад, ботулин токсин тарьдаг болсон нь үр дүнтэй байна.

-Хэвтрийн өвчтэй, настай хүмүүсийг үр хүүхэд нь удаан хугацаагаар асрахад бэрхшээлтэй болсон. Тийм хүмүүс Хонгконгт бол хаана очдог бол?

-Хонгконгт сувилахуй, асрамжийн газруудыг олноор байгуулж, ийм асуудлуудыг шийдэж байна. Ийм сувилгааны газруудаас гадна асаргаа сувилгаа шаардлагатай настануудыг гэр бүлийн гишүүд нь харж асардаг тохиолдол бас олон. Ийм нөхцөлд харвалтын дараа асаргаа хийхэд гэр бүлийн гишүүдэд сургалт хийдэг. Сувилалд үзүүлэх үйлчилгээг гэр бүлийн гишүүд нь үзүүлэх боломжийг олгодог. Ингэж сэргээн засах багийн ажлын дүнд өвчтөний амьдрах чадвар дээшилж, эдгэрэлт хурдан байдаг гэлээ.

Энэтхэгээс ирсэн Нирмал Суряа ярихдаа “Дэлхийд нөхөн сэргээлт шаардлагатай хувь хүмүүсийн зөвхөн гурван хувь нь уг үйлчилгээг авдаг” гэж онцолсон. Бага орлоготой орнуудын 60 хувьд нь мэдрэлийн нөхөн сэргээх үйлчилгээ байдаггүй гэлээ. Хөгжиж буй орнуудад нас баралтын хоёр дахь түгээмэл шалтгаан харвалт болж байна. Залуу хүмүүст ч харвалт ихээр тохиолдож, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

“Монголын Мэдрэлийн сэргээн засахын өнөөгийн байдал” сэдвээр илтгэсэн М.Үүрийнтуяа эмчтэй энэ сэдвээр ярилцлаа. Тэрбээр “Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн Мэдрэлийн сэргээн засах төвүүдийг бий болгох шаардлагатай” хэмээн илтгэлдээ онцолсон. М.Үүрийнтуяа нь Монголын Мэдрэл сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн тэргүүн юм. Тэрбээр ярихдаа: -Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаар байрт мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь 2013 онд 6,8 хувь байсан бол 2017 онд 7,6 хувь болж өссөн. Мэдрэлийн өвчлөл дотроо тэргүүлэх өвчлөл нь тархины судасны өвчин, мэдрэлийн сүлжээ, нуруу нугасны эмгэг байна. Манай оронд мэдрэлийн өвчлөл дэлхийн дундаж түвшинд байна. Хүн мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаад, өмнө нь хийж байсан ажлаа хийж чадахаа больдог. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг магадлах комиссын тайланд дурдсанаар сүүлийн гурван жилд мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдах нь жил ирэх тусам нэмэгджээ. Манай оронд 2017 оны эцсийн байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 67,4 хувь нь орон нутагт амьдарч байна. Мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусийн халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой. Манай нийгэмлэг байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэх, гадаад дотоод харилцаагаа бэхжүүлэх, дэлхийн чиг хандлагатай танилцах зорилгоор маш олон удаагийн олон улсын уулзалт хуралд оролцож, Ази, номхон далайн орнуудын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн гишүүн болсон. Мөн Дэлхийн мэдрэлийн сэргээн засах холбооны гишүүн болсон. Тэдэнд Монголын байдлыг танилцуулж, олон улсын хурал хийх санал тавьсан юм. Энэ хуралд Өмнөд Солонгос, Итали, Филиппин, Тайланд, Хонгконг, Энэтхэг зэрэг орны мэдрэлийн сэргээн засахын дэлхийн нэртэй долоон эрдэмтэн ирж, оношилгоо эмчилгээний ололт амжилт, судалгааны үр дүнгээ бидэнтэй хуваалцаж байна. Энэ хурлыг Эрүүл мэндийн яам, Монголын Мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хуралд 21 аймаг, есөн дүүргийн 150 гаруй мэдрэлийн эмч, сэргээн засалч эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар хамрагдаж байна.

Энэ удаа бид голдуу тархины харвалтын сэргээн засалтын тухай ярьж байгаа. Цаашдаа Монголын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэг ийм хурлыг жил болгон хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд хөдөлгөөн засалч, сэргээн засалчид хэр олон байдаг вэ?

-Зуу гаруй хөдөлгөөн засалч байна. Монголд анх удаа зургаан хөдөлмөр засалч саяхан бэлтгэгдсэн. Мэдрэлийн сэргээн засах эмчилгээг дандаа багаар хийх ёстой. Мэдрэлийн эмч, сэргээн засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дээр нь сэтгэл зүйч эмч байх ёстой.

-Монголд цус харвалтын тохиолдол их байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасагт хэд хоног хэвтээд, дараа нь өвчтөн хаана очих нь тодорхойгүй байдаг. Дараа нь яах вэ?

-Ер нь энэ бодлогын том асуудал юм. Дүүрэг, улсын эмнэлэгт хаана ч очсон хурц харвалтын үед 10-14 хоног л хэвтэж байгаа. Хурц харвалтын дараа сэргээн засах эмчилгээ хийх ёстой. Түүний дараа манайхан дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэгт хандаж байна, уламжлалт эмчилгээ хийлгэж байна. Гол мөн чанарын эмчилгээ мэдрэлийн сэргээн засах эмчилгээ гэдэг маань эмийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээг хослуулах учиртай. Хувийн хэвшлийн байгууллагуудаас “Эпимон” мэдрэлийн эмнэлэг энэ чиглэлээр дагнаж ажилладаг.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ чиглэлийн эмчилгээг хэр хөнгөлдөг вэ. Тэр тусмаа нөхөн сэргээх эмчилгээ урт хугацаа шаарддаг шүү дээ?

-Манайх Эмнэлэгийн тусламж үйлчилгээний хуулиндаа сэргээн засахын урт хугацааны эмчилгээ байх ёстой гэж тусгасан болохоор удахгүй Эрүүл мэндийн даатгалын асуудал шийдэгдэх байх.

-Монголын мэдрэлийн сэргээх засах эмчилгээнд шинэ технологи нэвтэрч байгаа юу?

-Бид булчин, үений ЭХО хийж байна. Харвасан хүний шагай нь эргэж, мөр нь гэмтсэн эсэхийг булчин үений ЭХО-гоор харна. Харвалттай хүний гар хөлний чангарсан булчинг сулруулах эмчилгээ хийж байна. Харвасан хүнд робот эмчилгээ хийж байна. Энэ эмчилгээ хараахан манайд нэвтрээгүй байгаа. Сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх нь багийн ажил. Засгийн газар, ЭМЯ, иргэн, төрийн бус байгууллага, санхүүжилт бүгд холбоотой.

-Хэвтрийн өвчтэй, хөдөлгөх боломж муутай өвчтөнтэй гэр бүлийн хувьд дуудлагын сувилагч, сэргээн засалчийн үйлчилгээ шаардлагатай. Ийм үйлчилгээ байдаг уу?

-Цогц үйлчилгээ шаардлагатай. 1900-2000 тусгай дугаараар дуудлага хүлээн авч, гэрийн асаргаа үзүүлдэг үйлчилгээ бий болоод нэг жил болж байна. Харвасан хүний гэрт очиж, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Мэдрэлийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зөвлөгөө өгнө, үйлчилгээ үзүүлнэ. Гэрийн асаргаа нэг өдөр, гурван өдөр, цагаар хийх үйлчилгээ ч байна.

-Харвалт залуужиж байна гэдэг. Харвахаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын ямар хэв маягтай байх учиртай вэ?

-Харвалтын талаар Мянганы сорилтын сангийн маш өндөр төлбөртэй төсөл хэрэгжиж байсан. Тэр үед манай иргэд энэ төрлийн мэдээлэл хараахан хүлээж авах болоогүй байсан юм болов уу гэж боддог. Одоо тийм сургалт сурталчилгаа явбал хүмүүс сайн ойлгож хүлээж авна даа.

Би энэ хуралд илтгэл тавихын тулд маш их юм уншиж судаллаа. Хүнийг тахир дутуу болсны дараа эмчлэх тухай ярих биш, урьдчилан сэргийлэх ёстой юм байна. Согтуугаар машин барихгүй бол зам тээврийн осол буурна. Өөрийгөө болон өрөөлийг тахир дутуу болгохгүй. Биедээ анхаардаг, дасгал хөдөлгөөн хийдэг, архи тамхи хэрэглэхгүй, зөв хооллож, зөв амьдрах юм бол харвахдаа тулахгүй. Эрсдэлт хүчин зүйлээс сайтар урьдчилан сэргийлж, сургалт хийж чадвал олон хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадна. 2017 онд 15 мянган хүн шинээр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Энэ тоог багасгаж болох байсан.

-Харвах эрсдэлтэй байна гэдгээ мэдэхийн тулд ЭХО-д харуулах уу?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлсэн шүү дээ. 2017 онд 40, 45, 50, 55, 60, 65 насны хүмүүст халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, үзлэг шинжилгээг даатгалаар хийсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдсанаар энэ үйлчилгээг тогтмол үзүүлж байна гэлээ.

Нуруу нугасны эмгэг, толгой өвдөх, уналт таталт, нойргүйдэл зэрэг нь мэдрэлийн өвчлөлд багтдаг байна. Чихрийн шижин зэрэг архаг өвчний улмаас мэдрэлийн системд хүндрэл өгч байгаа тохиолдлууд ч мөн мэдрэлийн эмгэгт ордог гэнэ шүү.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Б.Зангад: Тоолоход наян нас өндөр ч эргээд бодохоор богино хугацаа шүү

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.


-Та Монголын урлагийн сор болсон алдартнуудын тухай хөрөг-дурсамж бичжээ. 24 хүний тухай дурсамж биччихээд байгаа гэв үү?

-Хүний хорвоод хүн болж амьдарна гэдэг их үүрэг хариуцлага юм. Амьдралын явцад олж авсан туршлага, бүтээл мөн хүний хайр, итгэлийг дааж амьдарна гэдэг аугаа том философи л доо. Тийм учраас Монголын урлагт өөрийнхөө байр суурийг эзэлж байсан, олон арав, зуу зуун бүтээлээр мөнхөрч үлдсэн тийм сайхан аварга хүмүүстэй хамт байж нөмөр нөөлөгт нь амьдарч байсан, уран бүтээлээ туурвиж байсан тэр цагаа энэ насныхаа өндөрлөгөөс эргэн харж дурсах сэтгэл надад төрсөн юм. Би үзэг цаас нийлүүлж үзээгүй хүн. Хүний хийсэн бүтээлийг түмэн олонд түгээж сурталчлахын тулд сэтгэлээрээ дуулж, хөгжимдөж сэтгэлийн сайхан цэнгэл эдлүүлэх, буян үйлдэх, шинэ юм сэтгүүлэх, бодуулах тийм зорилгоор өөрийнхөө бүтээлийг хийж ажиллаж амьдарч байсан бол өнөөдөр тэр аугаа улсуудаа дурсах нь надад сонин ч юм шиг, сайхан ч юм шиг. Тэднийг мэдэх хүмүүс ховордсон учраас би гэрч болох учиртай. Тэдний хийж бүтээснийг би баталгаажуулах ёстой. Бүрэн дүүрэн биш байлаа ч гэсэн ямар хүн байсан бэ гэдэг хүн талаас нь ойлгуулах юмсан гэж бодоод бурхны оронд морилсон 24 уран бүтээлчийн тухай дурсамжийг бичлээ л дээ. Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай, Г.Бирваа, Д.Лувсаншарав гуай, Э.Оюун, Ж.Чулуун, циркийн Т.Цэнд-Аюуш, Ц.Намсрайжав, манай нутгийн дуучин А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай, Л.Ванган, Э.Чойдог, Ж.Бадраа, Л.Дорж, Ж.Дорждагва, Д.Банди, Н.Цэгмид, М.Яасай, А.Таяа, Г.Дашдаваа, Д.Жанчив, П.Ганбат, Ц.Батчулуун гээд олон сайхан хүмүүсээс надтай арай ойр ажиллаж амьдарч байсан гэдгээрээ энэ 24 уран бүтээлчийг би түүж авсан юм. Одоо би дараагийн ажилдаа орчихоод байна. Амьд сэрүүн байгаа ахмад үеийнхэн, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, ардын жүжигчин, манай нэртэй уртын дуучин Ч.Шархүүхэн, уран нугараач ардын жүжигчин, төрийн шагналт Б.Норовсамбуу гэх мэтийн улсуудынхаа тухай үргэлжлүүлэн бичих төлөвлөгөөтэй байгаа.

-Хэзээнээс эхэлж та дурсамж бичиж эхлэв. Бичихээсээ өмнө сэтгэлдээ олон жил бодож явсан байх даа?

-Сэтгэлдээ удаан бодсон. Жил гаран л бичиж байна даа. Заримыг нь сонин хэвлэлд өгсөн. Дандаа л “Энийг нэг хэвлүүлээд өгөөч” гэж цаас бариад гүйхийнхээ оронд бичээд хадгалчихаад зохих ёсны мэдлэг, боловсролтой улсуудаараа үзүүлж харуулаад тэгээд л ном гаргах бодол өвөрлөж явна.

-1950, 1960-аад онд хүний чанар сайн байсан ч жил ирэх тусам чанар нь муудаад одоо хүн чанар үгүй боллоо гэх юм. Та манай нийгмийн үлгэр жишээ авах олны танил, хүндэт хүний хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ. Яагаад хүн чанар гээгдээд байна вэ?

-Нийгэм өөрчлөгдөж. Нам төртэй улс байлаа. Нам төртэй улс гэж ярихад би чинь хуучны хүн шүү дээ. Ер нь дээр үед монгол хүн, Монгол Улс гэдэг чинь өв уламжлалаа маш чанга хадгалж ирсэн, ах захаа мэддэг, ёс жаягаа хүндэтгэдэг, хүнийг хүний ёсоор нь хардаг. Хүнийг хүн гэж хардаг байснаас биш мөнгөөр дамжуулж хүнийг хардаггүй байсан юм.

Би нэг жишээ ярья л даа. 1955 он. Одоогоос бараг жараад жилийн тэртээ. Би Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч байхдаа Варшавт болох Дэлхийн залуучууд, оюутнуудын V фестивальд оролцохоор Улаанбаатарт ирээд байлаа. Тэр үед би хэнхэг хүүхэд ч байсан юм уу даа. 1954 онд Ховдын театрын соёл урлагийн өдрүүд Улаанбаатарт болоход би Улсын Хөгжимт драмын театр, Соёлын яамныхан гээд олон хүмүүстэй ойр дотно харилцаатай, тэднийг ихэд хүндэтгэж, өөрийгөө хэрдээ бас танилцуулах гэж оролдож явсан байх л даа.

Тэгтэл намайг Варшавын фестивальд оролцох гээд хотод ирчихсэн байхад Хөгжимт драмын театрын захиргаанаас Чойжамц гэдэг даргаас надад захиа шуудангаар очсон байгаа юм. “Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч Баартуугийн Зангад” гэж хаягласан захиа сургуульд ирэхэд “Сурагч Зангад фестивальд оролцохоор Улаанбаатар явсан” гэж тэр захиаг буцаасан байгаа юм. Тэгтэл Төв шуудан тэр захиаг буцаад ирэхээр нь Улсын ардын дуу, бүжгийн чуулгаас намайг эрж олоод өнөөх захиаг өгч билээ. Юманд тийм хариуцлагатай ханддаг байжээ. Энэ хүүхэд, энэ ахмад хүн, энэ сайд дарга гэж ялгахгүйгээр арван жилийн хүүхдэд хүртэл захиа бичиж байсан байж шүү. Улсын төв театрын хамт олноос, Л.Ванган багш, Н.Цэгмид багш, Чойжамц дарга надад захиа бичиж байсан байгаа юм. Тэр захиа нь надад бий. Би өнөөдөр тэр баримтыг хараад намайг хүн гэж тоожээ. Хүний хорвоод хүн болж төрөөд ирсэн жаахан хүүхдийг хүүхэд байна аа, энэ юм мэдэхгүй, энэ юм ойлгохгүй гэдэг талаас нь биш, хүн учраас хүнд нь хариу өгөх ёстой гэсэн ойлголт, сэтгэхүйгээр намайг гололгүй захидал бичсэн тэр ахмад үеэ одоо эргэж санахаар үнэндээ гайхалтай улсуудтай, гайхалтай улсуудын нөмөр нөөлөгт гайхалтай амьдарч байж дээ гэж бодож байна.

-Та урлагийн алтан тайзнаа алдар хүндийн оргилд хүрч ард түмний хүндлэлийг одоо ч мэдэрсээр яваа ахмад уран бүтээлч. Гэхдээ хүмүүс алдартай хүнийг тэтгэвэртээ суусан хойноо ч тансаг баян, ер бусын жаргалтай, ямар ч байсан өөрөөс нь илүү дээр амьдардаг байх гэж төсөөлөөд байдаг?

-Тэгцгээдэг. Би ядуу тарчиг амьдрал дундаас гарч ирсэн хүн. Би сэтгэлээрээ бол цатгалан явж байгаа л даа. Сэтгэлээрээ баян гэдэг маань миний уран бүтээлийн урын санд 200, 300-гаад дуу байна. Би тэр дуунуудаа дуулж, сэтгэлийн цэнгэл эдэлж, ард түмнээ соён гэгээрүүлж байсан түүхэн үеэ эргэн дурсахаар сэтгэлээрээ ямагт цатгалан явдаг. Тэр үед мөнгөний хойноос дуулдаг дуучин байгаагүй юм. Мөнгөний хойноос жүжиглэдэг жүжигчин, хөгжимчин, удирдаач, бүжигчин байгаагүй. Монгол орны хаана, аль өнцөг буланд ямар салбарт хүн амьдарч байна вэ. Тэр хүмүүст очиж урлаг уран сайхан, гоо сайхныг хүргэе гэсэн тийм зорилттой байцгаасан. Төр нь ч тэр зорилтоо хэрэгжүүлж байсан. Атарт, говьд тэр олон шижигнэсэн залуучуудын дунд, хашаа хороо барьж, худаг ус гаргаж, өргөн айлсалт, хадлан тариалан, тариа хураалт бүхэнд Монголын урлагийнхан нойр хоолоо умартан хол ойр гэлтгүй, улирлын хатуу, хүйтнийг үл мэдэрч үүргээ гүйцэтгэж явсан тийм аугаа хүмүүс.

Урлагийн хүмүүс тэр их тансаг орчинд тансаг ажиллаж амьдарсаар насны төгсгөлдөө ч тансагладаг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Ядуу амьдрал дундаас, харцын дундаас, Монголын ард түмний язгуур дундаас гарч ирсэн ийм авьяастнууд шүү дээ. Саалийн үнэртэй ээжийн хормойноос зүүгдэж өссөн хүүхдүүд өнөөдөр дэлхийн дуучин болчихоод явж байгаа.

Хүний хорвоод ирчихээд зорилготой амьдарна гэдэг хүн болгоны толгойд шингэсэн том асуулт. Эцсийн эцэст хүний хорвоод насны өндөрлөгт хүрээд ирэхээр ямар ч мэргэжлийн хүн эрэгтэй, эмэгтэй байлаа ч өнгөрүүлсэн амьдралаа заавал нэг эргэж хардаг. Би нүгэл хийв үү, буян хийж ирж үү. Манай ахмадуудын дунд нүгэл хийсэн нь маш ховор. Голдуу бүгдээрээ эх орон, улсынхаа төлөө өөрсдийнхөө хийж бүтээхийн онгод хийморь нь цалгисан үедээ л ажиллаж амьдарсан. Өнөөдрийн Монголын хөгжлийн нүүр царай энэ ахмадуудын нуруун дээр тээгдэж ирсэн. Хөл нь майга, нүд нь хараагүй, таяг тулсан, нүүр нь үрчийсэн өвгөчүүл бол Монголын хөгжлийг нуруундаа үүрч ирсэн аугаа хүмүүс шүү гэдгийг энэ залуу үеийнхэн маань их сайн бодож сэтгэж байгаасай гэж боддог юм. Ингэхийн тулд юм их унш. Энэ өвгөчүүл чинь хэзээ ч өөрсдийгөө магтаж бичээгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, зохиолчдын бичсэнийг уншиж амьдралтай танилцаж “Миний аав, ээж ийм амьдралыг туулж иржээ. Тансаглаж байгаагүй юм байна. Хөдөлмөрлөж байжээ” гэдгийг л ойлгож хараасай. Амьдралдаа үнэнч яв. Ахмад үеийнхэн амьдралдаа үнэнч явсан шүү. 10, 20 хүүхэд төрүүлсэн азай буурлууд тэднийхээ ач буяныг эдлээд сайхан амьдарч байна. Инээд баясал дүүрэн амьдарч байгааг алийг тэр гэх вэ.

-Та нэгэн удаа “Би урлаг уран сайхан, дуу яриад залхлаа. Харин ээжийн тухай, эхийн хайрын тухай, хүн энэ орчлонд яах гэж ирсэн тухай яримаар санагдаад байх боллоо. Тэр тухай ярих цаг минь болжээ” гэж байсан шүү дээ?

-(Инээв). Ингээд ярихаар их сонин юм л даа. Хүний ухаан төлөвшиж суухад тодорхой хугацаа байх шиг байна аа. Хорин хэдэн нас бол хийсч л явдаг нас юм байна. Хийсээд л хаана наргиан цэнгээн байна, хаана л сайхан инээдэм баяр баясгалан байна. Тэр рүү л тэмүүлж явдаг. Залуу нас гэдэг хаана л сонин юм байна, тэр рүү л харайж хашхичиж явдаг. Тэр үедээ би эцэг эхээс төрсөн үү ч гэдгээ аягүй бол мэдэхгүй. Хорвоогийн хаанаас гараад ирснээ ч мэдэхгүй тэгж явдаг тодорхой нас байдаг юм шиг байна. Ер нь амьдрал дээр ажиглалт хийгээд байхад, өөрсдийнхөө өсч өндийсөн цаг үеийг бодохоор эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай түрүүнд ухаан суудаг. Ээж, аавдаа арай элгэмсэг ханддаг. Сэтгэл нь ээж, аав руугаа тэмүүлж явдаг.

Эрчүүдийг хараад байхад хэнэггүй ч гэмээр тийм зан их гаргадаг бололтой. Эр хүний ухаан явц дундаа газар авах юм л даа. Хэдийгээр дараа нь ухаан суух ч арай илүү сэтгэж, илүү боддог. Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, ач, гучаа хүмүүжүүлэхийн төлөө илүү хандаад байдаг. Насны өндөрлөгт ирээд “Ээж, ааваа баярлуулж байхгүй яав даа” гэж бодно. Сэтгүүлч Д.Хатанбаатарын “Ээждээ захидал бичээрэй” ном бол бидний ширээний ном. Бид тэр номоос их санаа авдаг. Бид ээждээ хайртай, аавдаа хайртай л гэнэ. Жигтэйхэн хайртай л гээд байдаг мөртлөө өдөр болгон ярьж чаддаггүй. Өдөр болгон тэднийхээ амар мэндийг асуудаггүй. Ажил төрөлдөө ч түүртдэг биз. Ээж, аавынхаа туулж ирсэн амьдралыг л үр хүүхэд нь туулж яваа шүү дээ. 70, 80, 100 нас өндөр нас боловч яг амьдраад ороод ирэхээр маш богино хугацаа юм байна. Тоолохоор наян нас өндөр нас боловч туулсан амьдралаа дүгнээд цэгнээд үзэхээр бас ч богино шүү. Богино санагддаг. Хүн нас өтлөөд ирэхээр ам, санаа хоёр л үлддэг юм (Инээв). Ийм ч юм хийх юмсан, тийм ч юм хийх юмсан гэж санаад байдаг, амаараа яриад байдаг. Хийх бүтээх үе нь өнгөрөөд чадал нь мохоод, оюун ухаан нь хүчрэхээ больчихсон, сэтгээд бодоод байдаг ч тэрийгээ хийж хэрэгжүүлэх чадал нь мохчихсон байдаг.

Эх хүн гэдэг чинь аугаа л даа. Эх л байсан цагт хүн төрөлхтөн байна. Миний хоёр охин байдаг юм л даа. Хоёулаа гадаадад байдаг юм. Өдөр болгон ярина. Ээж нь тэрэнд нь их дуртай. Ээж хүн чинь үр хүүхдийнхээ дууг сонсч байж баярладаг байхгүй юу (Нулимс нь цийлэгнэв.сурв) Түүнээс биш өгөө аваа, эд бараа ярихаасаа илүү охидынхоо дууг сонссон үедээ ээж нь жигтэйхэн их баярлаж их нялхамсдаг. Тийм сайхан юмыг ээж хүн сэтгэлдээ тээж явах юм даа. Сайхан сэтгэлийг өвлөж үлддэг нь ээж л юм. Хүү нь буруу юм хийлээ ч ээж нь сэтгэлдээ өмөөрч явдаг. Миний хүү арай тийм юм хийхгүй. Миний хүүг андуу ташаа харсан биз гэж дандаа л хамгаалж явна. Эцэг хүн зарим үед чанга байдаг боловч өтлөөд ирэхийн цагт сэтгэлийг нь хорвоо уярааж өгөх юм даа. Яаж ч хатуу загнаж чадахаа больдог.


Categories
мэдээ нийгэм

“Алтайн малчин” хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Орон нутагт залуу малчдыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, тэдний бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн ИТХ-аас “Алтайн малчин” хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрийг эрчимжүүлэх аяныг есдүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07 хүртэл өрнүүлэхээр болжээ.

Аян зарлагдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзэлж буй мал аж ахуйн салбарын хөгжилд залуучуудыг татан оролцуулах, тэднийг ажилтай орлоготой болгох, уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх олон талын ач холбогдолтой юм.

Энэхүү аяны аймгийн залуу малчдын зөвлөлгөөн, малчдын эрүүл мэндийн үзлэг, ур чадвар олгох сургалт/малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,малаас гарах түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, хурдан морь уях, мал маллах уламжлалт арга ухаан/ залуу малчдыг малжуулах, 2018 онд тус аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрын малжуулах арга хэмжээнд хамрагдсан малчин өрхүүдийн туршлагаас хуваалцах зэрэг арга хэмжээнүүд зохиох ажээ.
Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнийг Цэцэд өгч, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх акц эхэллээ

2018 оны наймдугаар сарын 20. Энэ өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод тавьсан гурван зүйлийн шаардлагынхаа хариуг авсан.

Ингээд тэрээр өчигдөр /2018-8-21/ хариуг нь олонд дэлгэж, УИХ-ын дарга М.Энхболдын “60 тэрбум”-ын ярианд холбогдсондоо “Туйлын харамсаж байна” гэснийг нь, “60 тэрбум”-ын хэргийг прокурор сэргээсэн гэж мэдээлснийг нь, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зуран илгээсэн бичгийг нь сэтгүүлчдэд дамжуулав.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг улс төрийн шинэ жишиг тогтоолоо хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрээр 2018 оны наймдугаар сарын 20-нд өөрөө нэгэн “бэлэг”-ийг хүлээн авах шиг боллоо. Учир нь иргэн Н.Ширчин гэдэг хүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ.

Уг мэдээлэлд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага тогтоох бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг прокурорт олгосон байна.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээс “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тус албан бичигт: “… Төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий “60 тэрбумын хэрэг”, ”ОХУ-ын Ростех болон Монголын Зэс корпорацийн худалдан авалт хууль зөрчиж хийгдсэн тухай Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын асуудал, Самурай ба Чингис бондын зарцуулалт, эргэн төлөлт зэрэг асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод улс төрийн нөлөөллөөр замхардаг, дарагддаг нь энгийн үзэгдэл боллоо … Иймд нийгэмд дуулиан тарьсан “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар Монгол Улсын Их хурлын Хаврын ээлжит чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье” гэж дурьджээ.

“60 тэрбумын хэрэг” нь шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдээгүй боловч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорын байгууллагаас энэ хэргийг хянан үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь “60 тэрбумын хэрэг”-ийг үнэн бодитой, үүнд холбогдсон этгээдүүдийг гэм буруутай, уг хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлээгүй тухай утга агуулгатай мэдээллийг олон нийтэд илэрхийлсээр байгаа бөгөөд “Зуун чухал сэдэв” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “… М.Энхболд гэдэг улс төрч мэлзэж байгаа … төр нь дагаж мэлзэж байгаа … АТГ томилсон хүнээ дагаж мэлзэж байгаа … ийм тодорхой зүйл дээр үнэнээ хүлээхгүй мэлзэж байгаа … АТГ хэргийг хаахдаа надад мэдэгдээгүй ” гэх мэт олон үгийг ярьж, энэ хэрэгтэй холбогдуулан “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байна.

…Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр нь хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй. “60 тэрбумын хэрэг”-ийг прокурорын байгууллагаас хянан үзээд хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн нь холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй хэдий ч гэм буруутай эсэхийг тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй болно.

Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлан 60 тэрбумын хэргээр “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж байгааг тогтоож өгнө үү” гэжээ.

Ийн энэ сарын 20-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг буулт хийлээ хэмээн андуурсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон байна. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хууль зөрчсөн “хэрэг”-ээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нэр бүхий хүн, хууль хяналтын байгууллагынхны хамтарсан ажиллагаа эхэллээ гэж ойлгоход болохоор байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд удахгүй болно

“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулна.

Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэнэ хэмээн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн дарга Хан Юун Шян хэллээ.

Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.

“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кинотеатруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгохоос гадна Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавих аж. Мөн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна. Мөн Монголын ТВ2 телевизээр Хятадын “Миний аав ушү чадна” уран сайхны киног толилуулах аж.

Түүнчлэн соёл аялал жуулчлалын өдрүүдэд, хоёр улсын эмч нарын үнэ төлбөргүй оношлогоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар буурчээ

Нэг. Объектын гал түймрийн нөхцөл байдал:

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 2520 удаа гарч 13.4тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1157гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 613 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 64,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1647 удаагийн гал түймэр гарч, 3.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 873 удаагийн гал түймэр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 14546 байгууллага, аж ахуйн нэгж, 83875айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 73146 зөрчил дутагдал илрүүлэн, 30755 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4016 заавал биелүүлэх албан шаардлага, 5158 мэдэгдэл, 210танилцуулга, 664 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 77 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 138. 9сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1733 удаа, дадлага 1358 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1801 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 396 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 416 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 688 гал буюу 27,3 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 552 гал буюу 21,9 хувь,

Цахилгаанаас 445 гал буюу 17,6 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 244 гал буюу 9,6 хувь,

Бусад шалтгаанаас 171 гал буюу 6,7 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 148 гал буюу 5,8 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 145 гал буюу 5,7 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 53 гал буюу 2,1 хувь

Гагнуур, паялник, бамбараас 26 гал буюу 1,03 хувь

Архидан согтуурснаас 14 гал буюу 0,5 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0,5 хувь

Санаатай үйлдлээр 11 гал буюу 0,43 хувь,

Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0,19 хувь

Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0,07 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,07 хувь


Categories
мэдээ нийгэм

Зочид буудалд гал гарчээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр “Баянзүрх” захын зүүн талд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр /08.22/ 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраажээ.

Аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна. Мөн тус барилгын гуравдугаар давхрын цонхоор иргэн У /37 настай, эрэгтэй/ үсэрч, хөлийн шагайгаа бэртээсэн байсныг нийслэлийн яаралтай тусламжийн төвд шилжүүлсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оржээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийжээ.

Өчигдөр хуралдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”, цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийх, лавлагаа гаргах, байгууллагын техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа, холбооны найдвартай хэвийн ажиллагааг хангах, иргэдээс утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг бүхий “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан тус тус байгуулжээ.

Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын чанарт ахиц гарч, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарна гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Өнгөрсөн долдугаар сарын 25-нд цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн. Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэлийн сүүлчийн өдөр юм. Одоогоор цэцэрлэгийн бүртгэл дуусахад 14 цаг үлдээд байна.Иймд хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийнхээ цэцэрлэгийн цахимаар бүртгүүлэхийг сануулж байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих аж. Мөн цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.