Пүрэв гарагт цахим дэлгүүр болох “App Store”-ийн үйл ажиллагаа зарим улс орнуудад түр саатжээ. Түгээмэл хэрэглэгддэг интернет мэдээллийн эх үүсвэрүүдийг хянаж байдаг “Downdetector” энэ тухай мэдээллэсэн байна. Тэд “АНУ-ын зүүн эргийн хэсгээр 1:28 (манай орны цагаар) минутийн орчимд доголдол ажиглагдсан” хэмээн нийтэлжээ. Герман, АНУ, Япон болон Иордан улсын зарим газраар сүлжээ доголдсон аж.
Month: August 2018
ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
“Монгол Улсын Эрдэнэсийн сан” нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтанд байдаг улсын онц чухал объект юм. Түүнчлэн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан, алба хаагчид өрөө, тасалгаандаа согтууруулах ундааны зүйл нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон бөгөөд төрийн тусгай хамгаалалт өдөр бүр хяналт тавьдаг. Монголбанкны ажилтан, алба хаагчид тус журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан -Өлгийн цайз захаас хойш өгсөх 0,850 км авто замын засварын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Уг замын барилгын ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлахаар болсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
Шүлхий, шувууны томуу зэрэг хил дамжин халдварладаг өвчин. Уг өвчнийг эрт илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, улмаар эдийн засагт шууд болон шууд бус хохирол учрахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Мал, амьтны аливаа өвчнийг хугацаа алдалгүй эрт илрүүлэхийн тулд тухайн улсын лабораторийн чадавх, хүчин чадал сайн байх ёстой.
Тиймээс ч Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Япон Улсын мал, амьтны эрүүл мэндийн хүрээлэн, Хоккайдогийн их сургуультай хамтран 2016 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд “Лабораторийн чадавхийг сайжруулах ихэрлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаа олон улсын жишигт хүргэсэн гэдгийг энэ сарын 21-нд болсон тус хөтөлбөрийн хаалтын хурлын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх онцоллоо.
Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь 70 жилийн түүхтэй. Зургаан тасагтай, 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнийг оношлох, тандах, экспорт, импортын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хариу өгөх чиг үүрэгтэй байгууллага юм. Тус лаборатори хөтөлбөр хэрэгжихээс өмнө шүлхий өвчнийг оношлоод, Олон улсын лавлагаа лабораторид хүргүүлж, баталгаажуулсны үндсэн дээр эцсийн хариу гардаг байсан.
Тэгвэл одоо Олон улсын лавлагаа лабораторийн түвшинд, өөрийн лабораторидоо шүлхий өвчнийг цаг алдалгүй, эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх, боломжтой болж байна. Үүнээс гадна өвчний голомт, үүсгэгчийг тодорхойлж, үүсгэгчид тохирсон вакцин хэрэглэх, вакцины чанар, үйлчлэлийг шалгах боломжтой боллоо. Мөн дээр дурдсан хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 140 гаруй малын эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, сум, орон нутгийн мал эмнэлгийн хувийн нэгжийн эмч нарыг шүлхий өвчнийг эрт илрүүлэх, оношлох, дээж авч шинжилгээнд явуулах зэрэг сургалтад хамруулсан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзориг хэлж байна.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзориг
Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 онд элссэн. Тус байгууллагын экспертийн баг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа Монголд ирж, манай улсын мал эмнэлгийн салбарынн хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлт, хүний нөөцийн чадамж, санхүүгийн боломж, мал эмнэлгийн тогтолцоо, лабораторийн чадавх зэрэг чиглэлээр судалгаа хийжээ. Судалгаанаас гарсан зөвлөмжийг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан байдаг. Ийнхүү харилцаа, хамтын ажиллагаа мал эмнэлгийн чадавхийг сайжруулах хүрээнд улам батжин бэхжлээ.
Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн практикт эрт илрүүлэг, шуурхай оношилгооны чиглэлээр мэдээлэл, технологийг нэвтрүүлснээр шүлхий өвчний тархалтыг бууруулах, таслан зогсоох, улмаар өвчнөөр тайван бүс гэдгийг олон улсад зарлах нөхцөл бүрдэж байна. Энэ нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, эдийн засагт шууд болон шууд бус учрах хохирлыг бууруулан, мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжтой гэж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, доктор Казүо Ёшида хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээний шөвгийн найман багийн учраа тодорхой боллоо.
“D” хэсгийг тэргүүлэгчид болох Төв, Орхон аймгийн шигшээ багууд өнөөдөр чухал хариуцлагатай тоглолт хийв. Тус тоглолтод талбайн эзэн Төв аймгийн баг Р.Отгонпүрэвийн оруулсан цор ганц гоолоор хожил авсан юм.
Австрали улсын Элчин сайдын яамнаас жил бүр бичил төслийн уралдааныг зарладаг. Энэ жил 500 гаруй төслийн санал ирснээс Цэргийн төв эмнэлгээс санаачилсан “Хүүхдийн төлөө” төсөл шалгарчээ.
Австралийн Элчин сайдын яамнаас 43 сая орчим төгрөгийн санхүүжилтийг хийсэн бөгөөд энэ төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжээд дуусч байгаа аж. Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри хэлэхдээ “Манай төслийн хүрээнд хэрэгждэг хөтөлбөрүүд нь эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгойлон ач холбогдол өгдөг. Тиймээс Цэргийн төв эмнэлгээс санаачилсан уг төсөл сонгогдсон юм. Нөгөө талаар хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эмч нарын чадавхыг бэхжүүлэх зэргийг төсөлдөө тусгасан болохоор анхаарал их татсан” гэв.
Тухайн төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн тасагт оношилгооны аппаратууд, засвар, үйлчилгээний багаж хэрэгсэл, хүүхдийн тасгийн зориулалттай ор болон нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдтэй болсон юм. Өнөөдөр тус эмнэлгийн хүүхдийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Газрын гадаргаас доош нэг километр гаруй гүнд үргэлжилж байгаа Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцыг сурвалжиллаа. Дэлхийд гуравт жагсдаг аварга ордын гүнд өрнөж буй бүтээн байгуулалтыг сонирхохын өмнө аюулгүй байдлын хичээл сонсч, Оюу толгойн түүхийг өгүүлсэн музейд саатсан юм. “Рио тинто”-гийн 40 гаруй орны 60 гаруй уурхайгаас хамгийн шилдэг аюулгүй ажиллагаатай компани уурхайд өгдөг цом Оюу толгойд ирснийг музейн хүндтэй хэсэгт байрлуулжээ.
Музейд зочилсон хүн бүр дэлхийд гэж яригддаг том төслийн түүхийг Оюу толгой төслийн уурхайн айлчлал хариуцсан ахлах менежер С.Санждоржийн сонирхолтой тайлбартайгаар сонсдог. Оюу толгойн зэсийг бүр анх 4000 жилийн өмнөөс авч ашиглаж байж. Өнгөрсөн зууны тавиад онд Оросын геологич ирж хараад зэс байгаа, хайгуул хий хэмээн зөвлөсөн бол наяад онд геологич Д.Гарамжав ч ийм зөвлөмж өгчээ. 1995 онд Америкийн “Магма коппер” компанитай “Эрдэнэт” үйлдвэр гэрээ байгуулж Монголын зэсийн 300 гаруй илэрцээс жараадыг нь ялгаж авсны дотор Оюу толгой багтсан аж. Тэд 1997 оны есдүгээр сарын 17-нд Оюутолгойд ирж хараад ихэд сонирхож лиценз авсныг С.Санждорж сонирхуулав. Сүүлдээ “Эрдэнэт Магма” эдийн засгийн хямралаас болж Оюу толгойгоос гарчээ.
“Магма коппер”-ийг худалдаж авсан BHP хөрөнгөөрөө Оюу толгойд хайгуул хийж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Өнөөгийн ил уурхай ажиллаж буй хэсгийн нөөц тэр үед илэрсэн ч нийт нөөцийн 80 хувь нь агуулагдах гүний нөөц илрээгүй байж. BHP мөн л хямрал гэсэн шалтгаанаар “Айвенхоу майнз”-тай “Та нар хайгуулыг үргэлжлүүл. Овоо юм гарч ирвэл бид хайгуулд гаргасан зардлыг чинь гурав нугалж төлөөд худалдаж авъя” гэсэн гэрээ хийгээд гараад явчихаж. “Айвенхоу майнз” 2003 онд хийсэн ажлаа тайлагнахад BHP сонирхсон тоогоо сонссонгүй. Ингээд дэлхийн уул уурхайн акул компаниудын нэг BHP Оюу толгойг бүрмөсөн орхижээ. BHP-г явснаас хойш нэг, хоёрхон сарын дараа гүнд байгаа аварга нөөц илэрсэн нь олон улсын сонирхлыг татсан том төсөл болтлоо өргөжжээ. Өдгөө Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч нь “Рио тинто”.
Оюу толгойгоос гарсан баяжмалыг 2000 кг-аар шуудайлж урд хөрш рүү экспортолдог. С.Санждорж “Ил уурхайн хүдэр 0.5 хувийн дундаж агуулгатай. 1000 кг хүдрийг нэгдүгээр гурилаас ч илүү нарийн болтол тээрэмдээд таван кг метал авна гэсэн үг. 995 кг нь хаягдал. Баяжуулах үйлдвэрт баяжуулсны дараа баяжмал доторх металлын агуулга 22-оос дээш хувиар өсч хаягдал нь багасдаг. 1000 кг хүдрээс 220 кг нь зэс гэж ойлгож болно. 780 нь хаягдал гэсэн үг. 2000 кг-аар савласан нэг шуудай баяжмалд 500 кг зэс, 40 гр алт, 100 грамм орчим мөнгө бий” гэж сонирхууллаа. Хамгийн баян агуулгатай хүдэрт хүрэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Бүтээн байгуулалт дуусч хүдрээ олборлож эхлэх хугацаа нь 2020 оны сүүлч гэнэ. Гүнээс олборлолт хийгээд эхэлбэл өнөөдрийнхөөс гурав дахин их баялаг экспортолж эхлэх нь.
Бид дээрээ гэрэлтэй хамгаалалтын малгай, ажлын том шар гутал өмсч хүчилтөрөгчийн нөөцтэй хоёр кг жинтэй хайрцаг бүсэндээ зүүсний эцэст гүний уурхайн ажилчидтай хамт тусгай лифтэнд суух эрх авлаа. Биднийг дагуулж явсан инженер бүсгүй Ш.Даваасүрэн “Гүн рүү доошлох тусам чих шуугьж, дотор эвгүйрхэх мэдрэмж төрнө шүү. Бохь зажил. Эсвэл шүлсээ зажил” гэж зөвлөв. Байсхийгээд чих шуугихыг эс тооцвол дажгүй явсаар газрын хөрснөөс км гаруй гүнд ирлээ. Лифтний хаалга нээгдэхэд бүгчим халуун агаар, харанхуй орчин биднийг угтав. Малгайны гэрлээ унтраагаад харвал түнэр харанхуй ноёлсон орчин юм. Таван метрийн өндөртэй аварга тунелиэр алхсан дөрвөн цагийн аялал маань ингэж эхэллээ. Алхаж явах үед аварга машинууд чимээ шуугиантай зөрөлдөх нь яг л газар доорх хотоор аялж яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цахилгаан засварын газар, машин техникийн засварын газар, бензин тосны агуулах гэж ирээд яривал байхгүй юм алга, энд. Нийтдээ 50 гаруй км тунель ухжээ. Газар доороос хүдэр зөөх туузан дамжуулгуудыг барих гэх мэт нүсэр ажил бий гэнэ. Дээрээс гурван ч босоо амаар газрын гүн рүү орж олборлолт явуулах төлөвлөгөө гарчээ. Бид нэгдүгээр босоо амаар нь доошилсон юм. Босоо амын өндөр 1300 метрт хүрчээ. Азидаа хамгийн гүн босоо амд орох юм байна. Өглөө 600 ажилтныг доош нь оруулж, шөнийн ээлжинд ажилласан хүмүүсээ дээш нь гаргаж ирдэг гэнэ. Хүнээ солилцсоны дараа бараа материал оруулах, чулуу шороо татаж гаргах зэргээр өдөржин завгүй ажил өрнөдөг бололтой. Хоёрдугаар босоо ам ашиглалтад орохоор ажилчид, бараа материал, техник, хүдрээ зөөх юм байна. Нэг удаадаа 200 уурхайчин өлхөн багтах аварга цахилгаан шат ажиллах аж. Үүнээс гадна уурхайн том машинуудыг буулгах цахилгаан шат ч ажиллах нь. Мөн зөвхөн хүдрээ дээш нь татах цахилгаан шат ажиллана гэж инженер бүсгүй тайлбарлалаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 30 мянган тонн хүдрийг гадарга дээр гаргаж ирэх хүчин чадалтай цахилгаан шат байх гэнэ.
Налуу амны конвероор хүдрийнхээ дийлэнхийг авахаар төлөвлөжээ. Тодруулж хэлэхэд хоёр салаа тунель байх бололтой. Нэг тунелиэр нь буюу 18 градусын налуугаар доош машинууд сүнгэнэх юм байна. Нөгөө тунелиэр нь туузан дамжуурга явах аж. Конверийн систем 2022 он гэхэд ашиглалтад орохоор болжээ. Үе үе халуун агаар төөнөсөн бүгчим хонгилоор 20 орчим минут алхсаны эцэст хоргодох байранд ирлээ. Энд харин агааржуулалт сайтай, аятай тухтай юм. Өрөөний буланд цэвэр усыг хэдэн зуугаар нь уутлан өржээ. Хөргөгчтэй, ширээ сандалтай, кофе, цайтай энэ өрөөнд хооллоцгоодог гэнэ. Биднийг ороход нэг бүсгүй хоёр залуугийн хамт цайлж байв. Гүний уурхайд том машин барьдаг гурван ч бүсгүй ажилладгийн нэг нь бидэнтэй таарсан Д.Оюундарь байсан юм. Анх Оюу толгойд угаалгын ажилчнаар ажилд ороод хэдэн сарын өмнөөс эрчүүдтэй мөр зэрэгцэн аварга машин жолоодож эхэлжээ. Д.Оюундарь “Гүнд ажиллах мэдээж амар биш. Гэхдээ өөрөө хүсээд орсон учраас сайхан” гэж ярилаа. Хоргодох байрнаас гараад хэсэг алхсаны эцэст Засварын цехэд хүрэв. Аварга том энэ төвийн барилгын ажлыг “MCS” гүйцэтгэжээ.
Засварын цехээс гараад алхаж явтал бидний хажуугаар бага оврын автобус өнгөрөв. Иргэдэд ойрхоноор тайлбарлавал шугамын автобус маягийн эд бололтой. Өөрсдөө транзит автобус гэцгээх юм. Алхаад цаг гаруй болоход л хөлс урсаж, бүсэнд зүүсэн хоёр кг төмөр хайрцаг 10 кг болсон мэт мэдрэмж төрж байлаа. Саунд яваа мэт хөлс урсаад байсан шалтгаан нь гаднаас агаарыг халааж оруулдгийнх аж. Гүнд удаан алхахад хэцүү учраас шугамын автобус ажиллуулдаг нь бидэнтэй зөржээ. Гэхдээ биднийг дагуулж явсан инженер бүсгүй огт түүртсэн шинжгүй алхаж байв. Өдөрт арваас хорин км алхах тийм ч түвэгтэй биш хэмээн ярив.
Уурхайн бараа сүртэй машинуудад явах боломж өгөх зориулалттай явган зорчигчийн зогсоол байсхийгээд таарах юм. Хоргодох байр дөхвөл ногоон өнгийн бөөрөнхий тэмдэгнүүд эгнэх аж. Хоргодох байрнаас холдлоо гэсэн баримжааг улаан өнгийн бөөрөнхий тэмдэглэгээнүүдээс авсаар цааш цаг гаруй алхлаа. Албаны эрх бүхий хүмүүс газрын гадаргаас доош км гаруй гүнд ч интернэт ашиглаж мэйл явуулах боломжтой юм билээ. Оюу толгой дотоодын компаниудаас ханган нийлүүлэлт авах чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлжээ. Бидэнд тарааж өгсөн ажлын бээлийг гэхэд л “Дархан минж” нийлүүлжээ. “Дархан минж”-ээс гадна Өмнөговийн бас нэг компани бээлий нийлүүлдэг юм байна. Дараагийн ээлжинд ажлын гутлаа дотоодоос авах зорилго тавьжээ. Уурхайн амьдралын турш ашиглах бараа материал хариуцсан багийнхан ханган нийлүүлэгчтэй нэлээд тулж ажилладаг аж. Хүдрээ тээрэмдэхэд ашигладаг ган бөмбөлгөөс эхлээд дотоодоос авдаг бүтээгдэхүүн олон ажээ. Оюу толгойд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөтгөж стандартаа ахиулсан компани ч цөөнгүй бололтой. Шохойн чулуу нийлүүлдэг компани гэхэд л үйлдвэрлэлээ шинэчилжээ. Сайн бүтээгдэхүүн хийж нийлүүлвэл зөвхөн Оюу толгой ч биш “Рио тинто”-гийн сүлжээгээр гадны уурхайнуудад нийлүүлэх боломж нээлттэй гэж төслийн ажилтнууд онцолж байсан юм. “Рио”-гийн менежмэнтэд орсон нь ийм өндөр ашиг, боломжийг ханган нийлүүлэгчдэд өгдөг байна.
Цааш явсаар анхдагч бутлуур суурилуулах хэсэгт хүрэв. Дээшээ хориод метр өндөр юм. Доош дахиад 20 гаруй метр ухна гэхээр аварга том орон зайд анхдагч бутлуурыг суурилуулах бололтой. Энэ хэсгийг “Аварга” гэж нэрлэжээ. Биднийг очиход энэ хэсгийн ханын бэхэлгээний боолтны ажил ид өрнөж байв. Ханыг бат бөх хийхийн тулд шүршдэг бетоноор шүршиж, тусгай тор татаж, зэвэрдэггүй боолтуудаар бэхэлдэг аж. “MCS property” компанийн барилга угсралт хариуцсан механик супервайзор М.Дөлгөөнтамир “1202 метрийн төвшинд моторын хэсгийн бутлуур конвейр, краны хэсгийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Краны хэсгийн угсралт цахилгаанд холбох дутуу байгаа. Хүдрийг зөөвөрлөх конверийн угсралтын ажил явагдаж байна. Талбай дээр 1202 түвшинд бүх багууд нийлээд 16, 17 хүн бий. 1136 түвшинд бутлуурын ажлын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа” гэж сонирхууллаа. Тэд энэ хэсэгт хийх ёстой ажлынхаа 60-70 орчим хувийг нугалжээ. MCS-ийн хувьд гүний уурхайн бүтээн байгууллалтын барилгын ажилдаа туслан гүйцэтгэгч авчээ. Өндөр хүчдэлийн цахилгааны ажлыг өөр компанитай хамтран гүйцэтгэж эхэлжээ. Гүний уурхайн дэлхийд томоохонд тооцогдох малталтын нэг болох Оюу толгойн “Анхдагч бутлуур-1” камерийн ажил ийнхүү үргэлжилж байна. Уг камер нь гүний уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжих, материал зөөвөрлөх системд онцгой ач холбогдолтой гэнэ. Ирээдүйд гадагшаа гарах гүний уурхайн мэргэжилтнүүд Оюу толгойд бэлтгэгдэж байна гэсэн үгийг биднийг гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцуулсан инженер бүсгүй онцолсон юм.
Оюу толгойд өнөөдөр 15000 гаруй хүн ажилладгийн 93 хувь нь монголчууд гэнэ. Төсөлд ажиллаж буй хүмүүсийн талаас илүү хувь нь гүний уурхайнхан юм байна. Оны эхний хагас жилд 99 сая ам.долларын татвар хураамж,төлбөр төлсөн, өнөө жилийн эхний хагаст 675 ханган нийлүүлэгчтэй хамтарсны 479 нь үндэсний компани, үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг үндэсний компаниудад зарцуулсан, 2010-2018 оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэх мэт мэдээллийг төслийн зүгээс бидэнд өгсөн юм.
Дашрамд дурдахад “Премиум конкрит” компани гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэх “Бетон зуурмагийн үйлдвэр IV”-ийг барьж,ашиглалтад оруулжээ. Монголын хэмжээнд хамгийн том орчин үеийн шийдэл бүхий иж бүрэн бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.
Булган аймгийн Булган суманд энэ сарын 17-19-ний өдрүүдэд болсон Монголын мастеруудын спортын IV наадамд Цагдаагийн байгууллагын баг тамирчид амжилттай оролцож гутгаар байр эзэлжээ. Спортын наадмын Хөнгөн атлекикийн төрөлд цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн ахмад, ОУХМ Н.Эрдэнэчимэг, шатрын тэмцээнд цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн хошууч М.Хишигбаяр, ширээний теннисийн төрөлд ахмад тамирчин Х.Жаргалсайхан нар аваргалсан байна.
Мөн 50-59 насны ангиллын Софт воллейболын тэмцээнд Ү.Цэрэндорж ахлагчтай баг алтан медаль хүртсэн бол ширээний теннисийн төрөлд цагдаагийн байгууллагын ахмад ажилтан С.Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. “Гранд гольф”-ын тэмцээнд Б.Нямсүрэн мөнгөн медаль хүртэж, таван тамирчин гольфын алтан бөмбөгөөр шагнуулсан амжилт гаргав.
Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн спортын наадмын тэргүүн байрт Орхон аймгийн мастеруудын биеийн тамир, спортын хороо, дэд байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн мастеруудын биеийн тамир спортын хорооны баг тамирчид шалгарчээ.
Байгалийн ургамлыг сэргээн ургуулж тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах болон ногоон бүс дэх зуслангийн иргэдийн өрхийн орлогыг дэмжих, зөгийгөөр дамжуулан иргэдийн амьтан, ургамлын талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа Улаанбаатар хотын ногоон бүсэд зөгийн аж ахуйн жишиг төслийг эхлүүлж, Их бага баянд туршилтын дөрвөн бүл зөгийг үржүүлж эхэллээ.
Зөгийн аж ахуйн нь хүр хорхойн үйлдвэрлэлийн хамт шавьжны төрлийн аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд байгаль орчныг сэргээхэд нэн тустай чанарыг нь хөгжүүлж сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалангийн салбараас өндөр ургац авах, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор зөгий үржүүлж байгаа нь зөгийнөөс зөвхөн зөгийн бал гарган авдаггүй болохыг харуулж байна.
Түүхэн эх сурвалжаас авч үзвэл Монголчууд XII-XIII зуунд зөгийн бал, лавыг эмчилгээ сувилгаа, хүнс тэжээлд хэрэглэж байсан талаар дурдагдсан байдаг бол 1920-1936 оны үед Алтанбулаг, Хиагт, Ерөө, Зүүнхараа, Сөгнөгөр, Баянголд хүмүүс цөөн тоогоор зөгий үржүүлэн маллаж нутгийн иргэдэд бал түгээн борлуулж байсан байна. Харин 1958 онд ЗХУ-с (хуучнаар) 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын жимс, жимсгэнийн эрдэм шинжилгээний станцад хүлээн авч үржүүлж эхэлсэн нь орчин үеийн олон давхраат гэр бүхий зөгийн аж ахуйн суурийг анхлан тавьжээ. Эдүгээ Монгол улс 2017 оны байдлаар 800 гаруй зөгийчний 18000 гаруй бүл зөгийнөөс 240 тн бал хураасан бөгөөд энэ нь дотоодын зөгийн балны хэрэгцээний 30 хувийг хангаж үлдсэн хэсгийг импортоор оруулж байна.
Дэлхийн хэмжээнд жилд 1.4 сая тн зөгийн бал үйлдвэрлэдгээс 400 мянган тонн нь экспортлогддог. Нийт экспортын 25 хувь Аргентин, 22% Хятад, 6 хувь Герман, 4 хувь нь Унгар, Энэтхэг, Вьетнам, Бразил улсуудад, 3 хувь Канад, 0.1 хувь ОХУ, 2 хувь Уругвайд, 22 хувь нь бусад орнуудад оногддог байна. Гэтэл Монгол орон 2 сая бүл зөгий тогтвортой бэлчээрлүүлэх 35 га мянган (нийт нутаг дэвсгэрийн 22.6 хувь) бэлчээрийн нутагтай байгаа нь манай улсад зөгийн аж ахуйг хөгжүүлэх асар их нөөц байгаан дээр гадаад улс орнуудад зөгийн бал экспортлох бүрэн боломж байгааг илтгэж байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын Зөгий мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2017 оны 5, 9 дүгээр сарууд, 2018 оны 3, 6 дугаар саруудад зөгийн аж ахуй болон зөгийн асуудлаар онол, практикийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаль хамгаалагчид болон байгаль орчны газрын мэргэжилтнүүдийг тус сургалтандаа хамруулсан. Энэхүү ажлын үргэлжлэл болгож энэ сарын 20-ны өдөр Жигжид, Майхан толгой, Шарга морьт, Хуурай мухарын зуслангийн иргэд, оршин суугчдад зориулж “Зөгийн аж ахуйн эрхлэх ач холбогдол” сэдэвтэй сургалтыг Монголын Зөгий сантай хамтран СБД-ийн 19-р хорооны иргэний танхимд зохион байгууллаа.
НИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 15-ны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай” А/578 дугаар захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсээс мал аж ахуйг нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан зөгийн аж ахуйг дэмжиж талхлагдсан нутаг дэвсгэрийг зөгийгөөр нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна.
Зөгийн аж ахуйн эрхэлж байгаа газар нутагт жилээс жилд ургамлын төрөл зүйл нэмэгдэж, түүнтэй уялдан амьтан, жигүүртэн шувуудын тоо нэмэгдэж, байгалийг аясаар нь сэргээхэд чухал ач холбогдол үзүүлдэг тул зөгийг хөдөө хээр газар үржүүлэхээс гадна, хот суурин газрын ногоон бүс, зуслан орчимд өсгөн үржүүлж, хөгжүүлэх боломж бүрэн байна.
Цаашид зөгийн аж ахуй эрхлэхийг сонирхогч иргэд нийслэлийн Байгаль орчны газартай холбогдон хамтран ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хамтран төрийн болон орон нутгийн өмчит дуу, бүжгийн чуулгуудын менежментийн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлага, стратегийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
“Бид: Шилдгүүдээ тодруулна, Шинэ дүр төрхөө тодорхойлно” уриан дор зохион байгуулагдах уг чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/ – д зохион байгуулагдах бөгөөд есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо “Соёлын төв өргөө”-нд тус уралдааны нэгдсэн гала тоглолт зохион байгуулагдсанаар өндөрлөх юм.
“Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалтын хүрээнд:
- Уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар
- Эрдэм шинжилгээний хурал
- Байгууллагын танилцуулга бүхий бүтээлч үзэсгэлэн
- Шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах уралдаан
- Нэгдсэн гала тоглолт болно.
Чуулга уулзалтыг ерөнхий зохион байгуулалтыг Соёл урлагийн газрын даргын тушаалаар баталсан зохион байгуулах хороо болон тус газрын урлаг, уран бүтээлийн хэлтэс хариуцан ажиллаж байна.