Ирэх есдүгээр сарын 1-ний өдөр буюу маргааш хот хоорондын зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл бий юм. “Авто тээврийн үндэсний төв” ТӨУҮГ-аас мэдээлснээр, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэд 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ нь шатахууны үнийн өсөлттэй холбоотой аж. Албаны эх сурвалж мэдээлэхдээ “Үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг одоогоор хэлэлцэж байна. Өөрчлөлт оруулах талаар Зам тээврийн хөгжлийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчлөгдөнө” гэв.
Month: August 2018
Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен – Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву –Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтаж байна. Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.
Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй Говь ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн зургаан өдрийн дараах байдлаар ~40 хувийн өсөлт үзүүлээд байна.
Тодруулбал өчигдөрийн хаалт, өнөөдрийн нээлтийн арилжаагаар МХБ-ийн нэг өдрийн арилжааны ханшийн өсөлтийн дээд хязгаарт хүрч 15 хувийн өсөлт үзүүллээ.
VIII.31* – Өдрийн арилжаа 10-13 цагийн хооронд явагддаг, ханш өөрчлөгдөж болно.
Уг өсөлтийн шалтгааныг компаний ТУЗ-ийн шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Учир нь тус компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018 оны 10 сарын 03-ны өдөр зарлаж дараах хоёр асуудлыг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Үүнд:
Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах
Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 100 хуваах төлөвлөгөөтэй байгаа аж. Хувьцааг хувааснаар нэгжийн үнэ буурч арилжаа харьцангуй идэвхтэй болдог талтай.
Хувьцаа хуваах шийдвэр хэрэгжих хүртэл Говь ХК-ийн хувьцаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байх нь.
“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдэж байна. Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэ өдрүүдэд 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул нийслэлчүүд ажлын цагийн дараа худалдан авалт хийх боломж бүрдэж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч 190 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тул бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бичиг хэрэг, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах нөхцлийг бүрдүүлжээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.
Иймд,
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Өчигдөр 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмаас Монгол Улсын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл нийт 16 медальтай боллоо. Кураш бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 78 кг-д Монголын тамирчин Отгоны Мөнхцэцэг Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн бол 70 кг-д Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар тус тус хүрэл медаль хүртлээ.
МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуань-ийг цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2017 оны Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Ингэснээр хошой хүрэл медальтан болж байна. БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуаньтай Д.Сумъяа өмнө нь гурван удаа оноолт таарч ялж байв.
Дашрамд дуулгахад, МУХБ, МУГТ Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан. Тэрээр А хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын залуу бөх Ким Жин Атай эн тэнцүү барилдаж, цаг сунгасны эцэст цэвэр ялагдсан. Ингэснээр Д.Сумъяад дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байсан юм.
Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан өндөрлөж, хоёр монгол бөх хүрэл медаль хүртлээ.
48 кг-ын жинд А хэсгээс манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг, Б хэсгээс БНСУ-ын бөх олимпийн мөнгөн медальт Жон Бо Кёон, С хэсгээс Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг, Д хэсгээс дэлхийн аварга, Японы бөх Эми Кондо нар шалгарч үлдсэн. Улмаар Жон Бо Кёон М.Уранцэцэгийг, Эми Кондо Г.Отгонцэцэгийг ялж, аваргын төлөө шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх өрсөлдөгчөө ялснаар аваргаллаа.
Япон дөрвөн сагсан бөмбөгчийнхөө тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хасчээ
Японы Сагсан бөмбөгийн холбоо Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн наадамд оролцох хугацаандаа биеэ үнэлэгчидтэй зугаацсан сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчныхаа тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан талаар “The Japan Times” мэдээлэв.
Лхагва гаригт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Юко Мицуя “Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарласангүй” хэмээн хэлээд, уучлалт хүссэн байна.
Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчинд дээрх шийтгэлийн ногдуулсны зэрэгцээ Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, 60 настай Юко Мицуягийн цалинг гурван сарын турш 10 хувиар бууруулахаар болжээ.
Японы “B-League”-ийн тамирчид болох 27 настай Юя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато болон 22 настай Кэйта Имамура нар Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгээний дүүрэгт хэдэн эмэгтэйтэй танилцаж, тэдний хамтаар ойролцоох зочид буудалд орсон аж. Тухайн үед тэд үндэсний шигшээ багийн хувцсаа өмссөн байжээ.
Дөрвөн тамирчин эх орондоо буцаж очсоныхоо дараа наймдугаар сарын 21-нд Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр буруу зүйл хийсэндээ хүлцэл өчсөн байна.
Японы сагсан бөмбөгийн багийн үлдсэн найман тоглогч Азийн наадамд тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд тэд ирэх баасан гаригт Индонез улсын шигшээ багтай долоо, наймдугаар байрын төлөө өрсөлдөх ажээ.
Азийн наадмын хаалтын ёслолын аюулгүйн байдлыг өндөр түвшинд хангана
Индонезийн нийслэл Жакарта хотын “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнд ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 2-нд болох Азийн спортын 18-р наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, цэрэг болон аюулаас хамгаалах бусад байгууллагын нийт 9422 албан хаагч ажиллана гэж тус улсын цагдаагийн ерөнхий газрын дарга Тито Карнавиан пүрэв гарагт мэдэгдэв.
Дээрх албан хаагчдаас гадна гал түймэртэй тэмцэх газар, эмнэлгийн түргэн тусламж болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэмэлтээр ажиллах юм байна.
“Наймдугаар сарын 18-нд эхэлсэн Азийн спортын наадам амжилттай үргэлжилсээр байна. Аюулгүй байдлын талаар санаа зовоосон онцгой асуудал гараагүй. Азийн наадмын хаалтын ёслолын үеэр эмх замбараагүй байдал болон осол аваар гарахгүй хэмээн найдаж байна” гэж Т.Карнавиан хаалтын ёслолын талаархи уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.
Уг уулзалтад Жакарта хотын цагдаагийн газрын өндөр албан тушаалтнууд оролцсон ба Индонезийн цэргийн командлагч Маршалл Хади Тхажанто болон “Азийн наадам-2018” тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Эрик Тхохир тэргүүтэй төлөөлөгчид оролцсон аж.
Хаалтын ёслолын үеэр нээлтийн ёслолын үеийнхтэй нэгэн адилаар “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.Энэ өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай уулзаж хэлний дархлаа болон саяхан хэвлэгдсэн гарсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын талаар ярилцлаа.
-Хэлний дархлаа хангаж байдаг зүйлсийн талаар яриагаа эхэлье. Монгол хэлний дархлааны гол онцлог юу вэ?
-Аливаа үндэсний хэл гэдэг тухайн үндэстний оршин тогтнох гол дархлаа юм. Тиймээс үндэснийхээ хэлийг хайрлах, хамгаалах, сурч, судлах, хойч үедээ ариун дагшин байдлаар нь өвлүүлэх шаардлагатай. Монгол хэл бол олон үндэстний хэлнүүд дотроос өөрийн өнгө төрхтэй, өнө удаан жилийн түүхтэй. Дэлхийн бусад хэлнүүдтэй харьцуулбал манай хэлний хэрэглэгч бага. Тухайн хэлээр ярьдаг хүний тоо олон байх тусам дархлаа сайжирдаг. Их зохиолч Д.Нацагдорж “Монголын үрс олон болтугай” гэж зүгээр ч хэлээгүй. Хүн ам олон болох тусам бид эх хэлээ авч үлдэж чадна. XIX зуун мөхөх хэлний тоонд Монгол хэл ороогүй. Үүний шалтгаан нь олон дархлаатай учраас тэр юм. Бид өөрсдийн утга зохиол, бичгийн хэлтэй. Монгол Улс кирилл бичгээр бичиж эх хэлээ дархалдаг бол Шинжааны Ойрадууд тод үсгээр, ӨвөрМонголчууд монгол бичгээр бичдэг. Ингэж бичиг үсгээр өөрийнхөө хэлийг дархлаажуулна гэдэг их чухал. Мөн олон хэл аялгууны өнгө төрхтэй нь хэлийг урт наслуулах нэг хүчин зүйл юм. Халх, ойрад, буриад, өвөр гэсэн дөрвөн том аялгуу дотроо салбар аман аялгуутай. Өөрөөр хэлбэл, найрал хөгжим шиг. Энэ олон өнгө төрхөө алдаж болохгүй. Халх аялгуу утга зохиолын суурь боловч бусад аялгууг түр гэсэн үг биш.
-Харь үгийн хэрэглээнээс болж эх хэлний дархлааны асуудал хөндөгдөх болсон. Үүнийг шийдэх гарц бий юу?
-Хэлийг ариун дагшин байлгаж, харь хэлний нөлөөнөөс хамгаалж байх хэрэгтэй. Хүүхдүүдэд багаас нь эх хэлэнд нь суурилсан сургалтыг явуулах нь зүйтэй. Монгол хэлний тухай хуульд ЕБС-ийн тавдугаар анги хүртэл гадаад хэл заахыг хориглосон. Даяаршиж байгаа том хэлний нөлөөнд эх хэлээ оруулж болохгүй. Харь үгийг нэвтрүүлэхдээ орчуулах, монголжуулж болно. Хятад хэлнээс орж ирсэн хоолны нэрийг танигдахгүй болтол нь өөрчлөөд авсан шүү дээ. Бууз, хуушуур, шарвин гээд дандаа л хятад үг. Мөн хүүхдүүдийг багаас нь утга зохиол уншуулдаг, ардын аман зохиолыг цээжлүүлдэг болчихвол сайнсан. Сүүлийн үед залуучууд үндэсний сонгодог зохиолуудыг уншихаа больсон. Мөхөх хэлний тоонд ороогүй гээд тайвширч болохгүй.
-Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын боловсруулан гаргажээ. Энэ талаар?
-Бичиг үсгийн албан ёсоор баталгаажсан дүрэмтэй, журамласан тольтой байх хэрэгтэй. Халх аялгуун дээр суурилсан бичиг үсгийн дүрмийг 1941 онд Ц.Дамдинсүрэн зохиосон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өнөөг хүртэл энэ дүрэмд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зөвхөн эрх зүйн хувьд бүрэн баталгаажаагүй байсан юм. Тиймээс Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг эрх зүйн хувьд баталгаажуулж, үүн дээр тулгуурлан журамласан толийг боловсруулан гаргасан. 1983 онд Б.Осор, Ц.Дамдинсүрэн хоёрын боловсруулсан “Монгол үсгийн дүрмийн толь” гарч байсан. Энэ толийг улам баялаг, дэлгэрэнгүй болгож 38 мянган толгой үгтэй толийг боловсруулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр баталгаажуулаад Монгол Улсын хэмжээнд баримтлахаар болсон. Энэ бол бичгийн хэлний том ололт. Өөрөөр хэлбэл, баталгаажсан хуультай тольтой боллоо гэсэн үг.
-ЕБС-ийн сургуулиудын монгол хэлний багш нар журамласан толийг хүргэсэн гэж дуулдсан. Иргэд олон нийтэд хэрхэн хүргэх вэ?
-Энэ толийг боловсруулахын тулд сүүлийн хоёр жилийг зарцуулсан. Одоогоор цаасан болон цахим хэлбэрээр түгээгээд байна. Тэгэхээр бүх нийтэд хүрсэн гэсэн үг. Ялангуяа дунд сургуулийн бага ангийн багш нарт тараасан. Энэ толийг боловсруулахад МУИС, МУБИС, ШУА-ийн 20 гаруй багш, эрдэмтэд оролцсон. Ц.Дамдинсүрэн гуайн толь бичигт тодорхойгүй, эргэлзээтэй зарим заалт байсныг бид боловсронгуй болгосон. 38 мянган үг дотор давтамжтай хэрэглэгдэхээ больсон үгүүд ч бий. Хамгийн өргөн хэрэглээтэй мянга орчим гадаад үгийг оруулсан. Мөн эдгээр үгийг яаж хувилах талаар тусгасан гэдгээрээ онцлогтой. Мөн ГХЯ-ны Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлтэй ярилцаж гадаад улс орнуудын нэр хаяг, Монгол Улсын аймаг, сум, дүүргүүдийн нэр хаягийг яаж бичих вэ гэдгийг журамласан. Ингэж үгийг журамлах нь хэлний дархлаанаас гадна монгол хэлний сургалтын чанарт хүртэл нөлөөлөх ач холбогдолтой.
Э.ЯНЖМАА
“Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн осолд хариу үзүүлэх багийн хамт олон тусгай зориулалтын “Хьюндай Портер” загварын автомашиныг Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинээр байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид хүлээлгэн өглөө.
Тус автомашиныг Оюутолгой ХХК-ийн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн цалингийн хуримтлалаар худалдан авч, дотоод нөөц бололцоогоо ашиглан тоноглосон байна.
Автомашиныг хүлээлгэж өгөх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Баттогтох, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, Ханбогд сумын удирдлага, Оюутолгой ХХК-ийн аюулгүй ажиллагаа, ослын менежер Виллем Кронье, аюулгүй ажиллагаа, ослын үйлчилгээний ерөнхий зөвлөх Б.Цэрэндорж, гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн ахлах мэргэжилтэн Жейсон Олдриж болон гэнэтийн ослын багийн хамт олон, Гал унтраах 66 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэхүү автомашин нь зориулалтын гал унтраах автомашиныг бодвол харьцангуй жижиг боловч шуурхай албанд бусад зориулалтаар ашиглах боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогдоод байна. Есдүгээр сараас улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрч эхэлнэ. ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдэд хандан зөвлөмж хүргүүлсэн.Намрын ид ажлын өмнө тариаланчид бэлтгэл ажлаа хэрхэн базааж байгаатай танилцахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарыг зорилоо.
Энэ сарын 6-нд ОХУ-аас оруулж ирсэн газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмж энд эгнэжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгож байгаа юм. Биднийг очиход Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн тариаланчид өндөр хүчин чадалтай Акрос 585, вектор 410 үр тарианы комбайнаар техникээ шинэчилж байв. Энэ үеэр комбайнуудын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, технологийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн талаар талаар операторчдод сургалт явуулсан юм.
Акрос 585 (хүчин чадал: 280 м.х.9 м жатка), вектор 410 (210 м.х 7 м жатка подборщикны хамт) үр тарианы комбайн нь 1000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтой. Монгол орны онцлогт тохирсон. Түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллана, ажлын бүтээмж өндөр, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөхөд боломжтой. 10 жилийн хугацаанд тухай бүрд засвар үйлчилгээ хийгээд явахад эдэлгээ удаан, чанартай, баталгаатай гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Жолоодоход эвтэйхэн, хурд хүч сайтай, комбайны кабинаасаа оператор үр тариаг хаягдал хураах, алдагдлаа тооцох, тохируулга хийх боломжтой гэдгийг онцолсон.
Өнгөрсөн гурван жилд тохиолдсон ган, хэт халалтын улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орж, тариаланчдад томоохон сорилт тулгарч байв. Харин энэ хавар тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах зорилгоор бүхий л талын дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт өсөж, тариалалт нэмэгдэн, тариаланчид урам зоригтой байна. Ийнхүү тариаланчид ургацаа технологийн дагуу богино хугацаанд амжилттай хураан авах техник тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангасан учраас ургацын талбай руугаа замдаа гарлаа.
Монгол Улсын Засгийн газрыг Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг “Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
2018 оны наймдугаар сарын 9, 12-нд Зам, тээврийн хөгжлийн яамны зарим албан хаагчид нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, төмөр замын осол гарсантай холбогдуулан 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Тус хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдад хариуцлага хүлээлгэхийг холбогдох албан тушаалтанд, төрийн захиргааны бүх шатны байгууллагад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон.
Түүнчлэн, дээрх асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар тогтоолоор Б.Цогтгэрэлийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын, 247 дугаар тогтоолоор Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-д “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ“ гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа болно. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөх албан бичигт хариу ирүүлээгүй байгаа бөгөөд хариу ирсэн даруйд уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйгүй тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь Улсын Их Хурлаас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад хариуцуулах тухай 2018 оны 138 дугаар захирамж гаргасан болно.
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.