Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлаач Х.Ариунболдтой галзуу өвчиний талаар ярилцлаа.
-Галзуу өвчний одоогийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Галзуу өвчин вирусээр үүсгэгддэг өвчин. Дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн болон эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлээрээ гоц халдварт өвчин дотроо эхний тавд ордог. Галзуугаар хүн өвчилсөн тохиолдолд үхлээр л дуусдаг. Дэлхий нийтэд галзуу өвчний эмчилгээ одоогоор хараахан гараагүй байна. Зооноз өвчин судлалын үндэсний төвд галзуу өвчний өндөр эрсдэлд өртсөн тохиолдлыг бүртгэж авдаг. Он гарсаар галзуу өвчний 102 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 12 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байдаг. Галзуу өвчинд эмчилгээ гэж байхгүй учраас урьдчилан сэргийлэх тал дээр иргэд анхаарах хэрэгтэй.
-Хүн галзуугийн халдварыг ямар амьтнаас ихэвчлэн авдаг юм бол?
-Манай улсын хэмжээнд галзуу өвчнөөр 36 хүн халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Өвчин халдварласан 36 хүн бүгд амиа алдсан байдаг. Хамгийн сүүлийн тохиолдол нь 2013 онд Увс аймгийн Малчин суманд бүртгэгдсэн.
Дэлхий нийтээр галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдлын 99 хувь нь нохойд хазуулснаар өвчилж байна гэж бүртгэгдсэн. Харин манай улсын хувьд галзуу өвчний тохиолдлын 60 хувь нохойд хазуулснаас, 40-өөд хувь нь зэрлэг амьтны дайралтад өртсөнөөс халдвар авсан байдаг. Булган аймгийн малчин айлд галзуу үнэг орж найман настай хүүхдийг ноцсон тохиолдол бүртгэгдсэн. Иймд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хүүхдээ ганцааранг нь малд явуулахгүй байх хэрэгтэй байна.
-Нийт бүртгэгдсэн галзуу өвчний тохиолдлын 40 хувь зэрлэг амьтны дайрлагад өртсөнөөс болдог гэлээ. Энэ нь монголчуудын эрхэлдэг аж ахуй, амьдардаг орчноос шалтгаалдаг байх?
-Тийм шүү. Монголчууд байнгын нүүдэллэж малаа дагаж амьдардаг улс. Иймээс зэрлэг амьтадтайгаа хамт амьдардаг гэхэд хилсдэхгүй байх. Гэтэл зэрлэг амьтдын дунд галзуугийн тохиолдол ихээр бүртгэгдэж байна гэдэг бол малчдын хувьд галзуу амьтны дайралтад өртөх хамгийн эрсдэлтэй байгаа юм. Манай улсын 21 аймгийн 285 суманд галзуу өвчний голомттой гэж үздэг. Энэ нь олон жилийн судалгаагаар мал амьтны галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэнээр тодорхойлж байгаа юм. Гэхдээ манай улсын бүхий л газар нутгийг галзуу өвчний голомттой гэж үзэж болно. Иймээс галзуу өвчинд өртөх эрсдэл хаана ч тохиолдож болох юм.
-Манай улсын хаана ч галзуу өвчний эрсдэлд өртөх аюултай гэлээ. Галзуу өвчний идэвхтэй үе гэж байдаг уу?
-Галзуу өвчний мал амьтны өвчлөл өндөр үе нь 12 сараас эхэлдэг. Галзуугийн оргил үе нь гурван сард байдаг. Ингээд үргэлжилж явсаар зургаан сард галзуугийн өвчлөл буурдаг байгаа.
-Дархан-Уул аймагт айлын хоёр үхэрт галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн талаар саяхан мэдээлж байсан. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Энэ талаар зооноз өвчин судлалын төвийн шуурхай хурал яригдсан байгаа. Дарханд айлын хоёр үхэр сэжигтэйгээр үхсэн байдалтай олдсон. үүнийг тухайн аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжилгээ авч үзсэн байсан. Шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь батлагдсан байна лээ.
-Галзуу өвчин хүнд яаж халддаг юм бол?
-Хүнд хавьтлын замаар халддаг. Галзуугаар үхэр өвчлөөд үхсэн тохиолдолд тухайн үхрийг устгах газар, дээд шинжилгээ авсан байгууллагын ажилтан малын сэг зэмтэй харьцахдаа ил шарх авах, тухайн ил шарх авсан хэсэгтээ хамгаалалтын хувцас өмсөөгүй хэсгээр халдвар авдаг. Хүн шууд хавьтлын замаар галзуугийн вирусийн халдвар авч өвчилдөг. Галзуу өвчтэй мал, амьтанд уруулж ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд халдвар авна. Галзуугийн өвчний вирус нь төв мэдрэлийн системийн зангилаа дээр үрждэг. Ингээд үржлийн явцад вирусийн халдвар тухайн амьтны шүлсээр ялгарч байдаг. Иймээс галзуурсан мал, амьтанд хазуулсан бол халдвар авсан гэж үздэг.
-Морь галзуурсан тохиолдол бүртгэгдсэн. Ер нь морь галзуу өвчнөөр өвчилдөг юм уу. Өөр ямар амьтан галзуу өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг юм бол?
-Энэ сард Хан-уул дүүрэгт бүртгэгдсэн тохиолдол байгаа. Эзэн нь тодорхойгүй айлын адуу галзуугийн сэжигтэйгээр гудамжинд явсан хүн рүү дайрсан байдаг. Мөн найман настай хүүхдийг хазсан байсан. Тухайн эрсдэлд өртсөн, тухайн морийг барьж уясан хүмүүст болон хүүхдэд үзлэг хийсэн. Галзуу адуунд хазуулсан хүүхдэд ийлдэс болон вакцин эмчилгээ хийгдсэн байгаа. Эдгээр хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ сайн хийгдсэн. Тухайн морь галзуу өвчин туссан шинжилгээгээр тогтоогдсон. Мөн энэ жилийн хоёр сард Хөвсгөл аймагт адуу галзуурсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэхээр мал, амьтны дунд галзуу өвчнөөр өвчлөх эрсдэл буюу вирусийн мэдрэг чанараар нь ангилж үздэг. Галзуугийн вирус өндөр мэдрэг чанартай амьтанд чоно, үнэг, сарьсан багваахай, дорго, мэрэгчид ордог. Тэжээвэр амьтдаас нохой, муур, үхэр байдаг. Харин галзуугийн вируст дунд зэргийн мэдрэг чанартай амьтанд хонь, ямаа, адуу ордог. Мөн хүн ордог байгаа. Галзуугийн вируст дунд мэдрэг чанартай амьтан өвчилж байна гэдэг эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг.
-Галзуу өвчнөөр өвчилсөн мал амьтанд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Амьтан бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг. нийтлэг шинж тэмдэг нь шүлс их ялгардаг, хэт догшин авиртай, залгиурын булчингийн саажилт явагддаг. Иймээс залгих рефлекс нь байхгүй болдог. Галзуу амьтад хоол идэж чадахгүй болчихдог. Хоол, унд, ус ууж чадахгүйгээс эцэстээ тухайн амьтан харангадаж үхдэг. Мөн галзуу өвчнөөр өвчилсөн амьтан салхи сөрж явах, чанга дуу чимээнд их мэдрэг болдог. Харин хүний хувьд ийм шинж тэмдэгтэй мал, амьтанд хазуулсан, ноцуулсан тохиолдолд тухайн амьтныг барьж шинжилгээ хийдэг. Тухайн хүнд анхан шатны тусламж үйлчилгээ ийлдэс, вакцин хийж эмчилгээ үзүүлдэг. Ийм эрсдэлд өртсөн л бол тухайн хүн шууд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Манай улсын хэмжээнд ямар амьтан галзуу өвчнөөр өвчлөх нь их байгаа вэ?
-Манай эрсдэлийг үүсгэж буй амьтдын 60 хувийг нохой эзэлж байна. үлдсэн хувийн тэмээ, үхэр, морь, чоно, үнэг, дорго, мануул зэрэг амьтад багтаж байгаа.
-Золбин нохой галзууг өвчин тусах эрсдэл ихтэй байдаг. Ийм нохойнууд гудамжинд явж буй хүүхдийг хазаж, ноцох их байдаг?
– Нийслэлийн хэмжээнд 2015-2017 онуудад нохой тоолгын ажил хийсэн. Тухайн үед золбин нохойн тоо өндөр гарч байсан. Иймээс нохой тэжээж буй хүмүүс хариуцлагатай байхыг зөвлөж байна. Тэжээж буй нохойгоо харж хандаагүйгээс золбиншдог. Ийм золбин нохойнууд энд тэнд явж байгаад галзуугийн халдвар авах тохиолдол их байдаг. Үүнийг дагаад тэжээж буй эзэн ойр дотны хүмүүст нь өвчин өгөх эрсдэлийг бүрдүүлдэг. Галзуугийн вакцинд нохойгоо жил бүр хамруулж байхыг зөвлөж байна. Мөн галзуугийн эрсдэлт өртөж буй хүмүүсийн ихэнх хувийг хүүхэд эзэлж байна. Энэ жил галзуу өвчний маш өндөр эрсдэлд өртсөн 102 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 36 тохиолдол нь 0-18 насны хүүхдүүд байсан. Хүүхэд галзуугийн эрсдэлд өртөөд буй гол шалтгаан нь ар гэрийн хараа хяналт муу, нохой тэжээдэг хүмүүсийн хариуцлагагүй байдал, хөдөө явж буй насанд хүрсэн хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс болж байна. Мөн дээрх 102 тохиолдлоос 40 гаруй нь галзуу зэрлэг амьтанд ноцуулж, хазуулснаас болсон байгаа.
-Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?
-Галзуугийн эрсдэлд өртсөн хүнд таван тунгаар вакцин хийдэг. Иргэд галзуугийн эрсдэлд өртөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж ирээд эхний вакцины тунгаа хийлгүүлдэг. Ингээд дараа дараагийн вакцины тунгаа харьяа өрхийн, дүүргийн эмнэлэгт хийлгэнэ. дараа дараагийн 3,4,5 дугаар тунгаа бие нь сайжраад эхлэнгүүт хийлгэхгүй хаячихдаг. Иймээс иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх хэрэгтэй байна. Шинжлэх ухаанаар батлагдаад галзуугийн эрсдэлд өртсөн хүн заавал таван тунгаар вакцин хийлгэнэ гэж заасан байгаа билээ. дараа нь тухайн галзуугийн эрсдэлд өртөөд вакцины тунгаа дутуу хийлгэсэн хүнд ямар ч эрсдэл үүсэж болно. Иймээс бүрэн тундаа хамрагдах хэрэгтэй байна.Мөн хөдөө орон нутагт аялал зугаалгаар явж буй хүмүүс, удахгүй отор нүүдлийн цаг эхэлнэ. Эдгээр хүмүүс сонор сэрэмж анхаарлаа сайжруулах хэрэгтэй байна. Ийм байдлаас эрсдэл өртсөн тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, өмнөговь аймагт аяллаар гэр бүлээрээ явж байсан хүмүүс рүү галзуу өвчтэй мануул дайрсан байсан. Мөн Говь-алтай аймагт отроор нүүдэллэж байсан айлын хүүхэд гадаа унтаж байхад галзуу чоно дайрсан тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд анхаарал, сэрэмжтэй галзуу амьтнаас өөрийгөө хамгаалж чадах аюулгүй байдлыг хангаж явмаар байна.