Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргана

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас “Уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад төрийн захиргааны байгууллагуудын оролцоо ба харилцан ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг Төв аймгийн Заамар суманд орших “Платинум Ланд” ХХК-ийн уурхайн байрлалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Сургалт, дадлага нь онол аргазүйн мэдлэг олгох танхимын хичээл, цагийн байдлын дагуу ажиллах дадлага сургууль, сургалтын талаарх оролцогчдын санал, бодлыг тусган зөвлөмж гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагдах юм.

Сургалтад УУХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, Үндэсний аврах бригадын УУАА, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүд, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно.

Энэхүү сургалт, дадлага нь уурхай, уулын үйлдвэрүүдийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний боловсруулалт, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд цагийн байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг чадварыг эзэмшүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.08.23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүн гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн манай хоёр орны хамтын ажиллагаанд өндөр дээд хэмжээний болон төрийн яамдын сайд нарын харилцан айлчлалууд болж, эдгээрийн хүрээнд яригдсан тодорхой яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр талууд санал санаачилга гарган ажиллах нь чухал болохыг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим яамны удирдлагууд БНХАУ-д албан айлчлал хийх үеэр, мөн тус улсад олон улсын арга хэмжээнд оролцохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон асуудлыг ярилцан, санал нэгдэж тэдгээр нь түрүүчээсээ бодит ажил хэрэг болж буйд сэтгэл их хангалуун байгааг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ.

Ноён Ван И уулзалтын эхэнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжлаад, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн том түлхэц болох нь лавтай. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг. Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцлаа. Хоёр улс бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та хоёр улсын ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр худалдааны эргэлт нэмэгдэн, бизнесийн хамтын ажиллагаа идэвхжиж, иргэд хоорондын харилцаа өргөжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаанд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ.

Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспортоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцох сонирхолтой. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Уг хөтөлбөрийн хүрээн дэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Хоёр улсын хооронд дээрх хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр ноён Ван И Таныг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон батлах учиртай бөгөөд үүнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ.

Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглээд Монгол Улс, БНХАУ-ын бүх шатны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд идэвжүүлэх нь зүйтэй гэв. 2014 онд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын арга хэмжээ болсон талаар УИХ-ын дарга дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсад айлчлах урилгыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүд хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар урилгаа нотолж байна. Эрхэмсэг ноён Ван И Та айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэх ач холбогдлыг анхаарч тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Цацрагийн аюулгүйн үнэлгээ хийж, баталгаажууллаа

Хүүхдийн ясны өсөлтийг рентген аппаратаар тодорхойлж буй “Тод-Эйч” эмнэлэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ байранд орсонтой холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/106 тоот “Баталгаажуулалт хийх тухай” удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн аюулгүйн үнэлгээ хийж, баталгаажууллаа. Баталгаажилтаар байгууллагын удирдлага, цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, эмч, рентген техникчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин маргааш буюу бямба гаригийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг ням гариг буюу энэ сарын 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт болон, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

Categories
мэдээ спорт

Азийн наадамд анх удаа оролцоод найман медаль хүртжээ

Энэ удаагийн Азийн наадамд 18 настай Япон улсын усан сэлэлтийн тамирчин Рикако Икее анх удаа оролцоод найман медаль хүртжээ. Азийн наадмын түүхэнд нэг жилд найман медаль хүртсэн эмэгтэй тамирчин үгүй юм. Тэрээр усан сэлэлтийн зургаан төрөлд алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоогоод байна.

1982 оны Азийн наадмаас Хойд Солонгосын мэргэн буудагч Со Гин Ман найман медаль хүртсэн нь эрчүүдээс цор ганц нь юм.

Япон улсын тамирчин Азийн наадамд анх удаа оролцоод найман медаль хүртжээ

Categories
мэдээ спорт

Э.Бадар-Ууганы олимпоос алтан медаль хүртсэн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Энхбатын Бадар-Ууганы “Бээжин-2008” зуны олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртэж байсан түүхт 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Өдгөө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй түүний амжилтыг уншигч танаа энэ дашрамд эргэн сануулья.

Тэрбээр 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тамирчны замналдаа 48-56 кг-ийн жинд хүч үздэг байв.

Боксын спортоор 1998 оноос ССТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлагаар эхлэн хичээллэсэн гэдэг. 2005 оны нэгдүгээр сарын 19-өөс үндэсний шигшээ багийн, гишүүн болж, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын тамирчин байв.

Монгол Улсын дөрөв (2002, 2003, 2005, 2006), МБАТ-ий XII спартакиадын нэг (2008) аварга, Монгол Улсын залуучуудын дөрөв, (2001, 2002, 2003, 2004), Улаанбаатар хотын нэг удаагийн аварга (2003).

2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстанд болсон Оюутны ДАШТ-ий аварга (2006), 2007 оны Ази тивийн аварга, 2005 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай, Катар Улсад болсон Азийн спортын XV наадмын хүрэл медальт (2006).

Турк улсад болсон Ахмед Комертийн тэмцээний алт (2006), ХБНГУ. “Химийн цом” “А” зэрэглэлийн тэмцээний алт (2006), БНАСАУ. “Пхеньяны цом” тэмцээний алт (2005), ОХУ. “Өвөр Байгал” тэмцээний алт (2005). 2007 онд Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээний аварга.

2008 онд Украйны Мариуполь хотноо болсон Макар Мазайн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний алтан медальтай. 2008 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монголын боксын 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль зүүж байлаа.

Түүнчлэн Чех улсад болдог “А” зэрэглэлийн “Grand Рriх” тэмцээний мөнгө (2007), хүрэл (2006) медальтай, “China Mobile Cup” тэмцээний мөнгө (2004). ОХУ-ын Хабаровск хотод болсон ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт (2008).

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Урумчи хотноо болсон олон улсын тэмцээний хүрэл медальтай (2003), Пакистанд болсон “Green Hill” тэмцээний хүрэл (2004) медальтай, ОХУ-ын Сахад болдог С. Исмайловын нэрэмжит тэмцээний хүрэл медальтай (2006

2005 онд БНХАУ-ын Мианиан хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байв.

2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдох Олимпийн их наадамд оролцох эрхийг Монголын боксчдын дундаас анх түрүүлэн хүртсэн байна.

Ингээд 2008 оны 8-р сарын 9-24-ний өдрүүдэд зохиогдсон Олимпийн XXIX их наадмын боксын тэмцээнд амжилттай хүч үзэж, Мексикийн боксчин Оскар Зальдезийг 15:4, Ирландын Жон Жо Невинийг 2 удаа нокдаунд оруулан 9:2, Ботсван улсын боксчин Хумисо Игкополенгийг 15:2, шөвгийн дөрөвт Молдав улсын Вячеслав Гожаныг 15:2, шувтаргын тулаанд БНКУ-ын Янкиел Леон Аларконыг 16:5 харьцаатай онногоор тус тус ялж, олимпийн аварга боксчин цолыг Монгол эх орондоо анх удаа дуулгасан билээ.

2008 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн цомын тэмцээний үеэр олон улсын сонирхогчдын боксын холбооноос (AIBA) 2008 оны дэлхийн шилдэг боксчныг тодруулан зарлахад Э.Бадар-Ууган шалгарч, энэ эрхэм хүндэт алдрыг Монголын тамирчдаас анх удаа хүртсэн юм.

Мөн 2007-2008 оны Монгол Улсын шилдэгийн шилдэг тамирчнаар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулья.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэгийн барилга

Баянгол дүүргийн 20 дугаар хороо 47 дугаар цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай 2017 оны 9 дүгээр сард гэрээ байгуулан, ажил эхлүүлсэн. Гадна холбооны шугам шилжүүлэх ажил болон цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж дуусчээ. Нэгдүгээр давхрын багана, дам нуруу, хучилт цутгагдаж, хоёрдугаар давхрын баганын цутгалт хийгдэж дууссан. Дээврийн салхивчны өрлөгийн ажил дотор ханын замаск бүрэн дуусаж, хана шалны плита чулуу наах, хаалга угсрах, гадна фасадны чулуун эмульс будах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Баянгол дүүргийн 20-р хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 839 хүүхэд байдаг бөгөөд тус хороонд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 47-р цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч 170 хүүхэд хүлээн авч үндсэн хүчин чадлаасаа 42 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хүчин чадлын хэтрэлтийг бууруулах, 20 дугаар хорооны сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 280 хүүхэд хүлээн авах боломжтой 146 дугаар цэцэрлэгийн барилга

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 6 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Суурийн ажил хийгдэж дууссан. Дотор засал, гадна тохижилт, тааз ханын засал, гадна тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

БЗД-ийн 5-р хороонд СӨБ-ын насны 2331 хүүхэд оршин суудаг. Тус цэцэрлэгийн барилга баригдсанаар 280 хүүхэд буюу тус хорооны нийт хүүхдийн 12 хувь нь тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой бөгөөд хорооны хүүхдүүд гэртээ ойр цэцэрлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 150 хүүхэд хүлээн авах боломжтой 54 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил

Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Хуучин барилгыг буулгаж актаар өмчид хүлээлгэн өгч, суурь цутгалт дуусаж буцаан булалт, нягтруулалтыг хийгээд байна. Зоорийн давхрын хана, багана, хучилт цутгалт, 1 ба 2 давхарын төмөр бетон хийц, давхар дундын хучилт цутгаж дууссан. Ажлын явц 45 хувьтай хэрэгжиж байна.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Уг 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1965 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаа дууссан, барилга ашиглах болон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Иймд тус барилгыг буулгаж, шинээр барих зайлшгүй шаардлагатай. Хуучин барилгыг буулгаж, шинээр цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлтийг бууруулж, хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 150 ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга

144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2017 оны 10 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын ажил дууссан. Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан. Комиссын акт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/262 дугаартай баталгаажсан байна.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Хан-Уул дүүргийн 13-р хороонд нийт СӨБ-ын насны 406 хүүхэд оршин суудаг бөгөөд үүнээс цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 хүүхэд, огт цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүдийн тоо 331 байна. Мөн 144 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 135 хүүхэд хүлээн авч ачааллаа 80 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Иймд тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлт буурч, хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч хүмүүжих нөхцөлөөр хангагдаж, хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил

Тус цэцэрлэгийн барилгын ажлын явц 80 хувьтай байна. Барилгын газар шороо, суурь, каркас, гадна дотор өрлөг, шавардлага, гадна дулаалгын ажлуудыг гүйцэтгэж дууссан. Гадна фасадны ажил дуусаж байна.

9 дүгээр цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 335 хүүхэд хүлээн авдаг. Ачааллаа 2 дахин хэтрүүлэн ажилладаг. Тус цэцэрлэгийг 150 ороор өргөтгөснөөр ачаалал хэтрэлтийг бууруулж стандарт орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 150 хүүхэд хүлээн авлах хүчин чадалтай 18 дугаар цэцэрлэгийн барилга барих ажил

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Барилга угсралтын ажил дууссан. 2018/06/18-нд комисс ажиллажээ. Ажлын явцын дундаж 95 хувьтай байна.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг нь барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул хуучин барилгыг буулгасан. Шинээр тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хорооны хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухрын аманд Аврах гал унтраах ангийн барилгын ажил явагдаж байна

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Гал унтраах ангийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн ба А, Б блокийн нэгдүгээр давхрын хучилт цутгаж дууссан. Уурын зуухны барилгын угсралтын ажил хийгдэж дуусчээ. А, Б блокийн нэгдүгээр давхрын гадна, дотор тоосгон хана, хөнгөн блок өрлөгийн ажил хийгдэж байна. Дотор ханын шавардлагын ажил хийгдэж эхлээд байна. А, Б блокийн 3, 2 дугаар давхрын багана, дам нуруу, хучилт цутгасан. Барилгын гадна ханын шавардлагын ажлыг эхлүүлээд байна. Гадна ханын эмульсээр будах, гадна хаалга суулгах, салхивчийн ажлууд хийгдэж дуусч байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

Зуслангийн бүсийн айл өрх, объект, ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хурдан шуурхай хүрч очиж авран хамгаалах үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн шинэ цогцолборын 1200 оюутны дотуур байрны барилгын ажил

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1200 оюутны дотуур байрны барилгын ажлын барилга угсралтын гэрээг 2018 оны 05 сард байгуулж, ажлыг эхлүүлсэн. 1 дүгээр давхрын бетон цутгалын ажил хийгдсэн. 2 дугаар давхарын арматурын ажил хийгдэж байна. Ажлын явц 30 хувьтай хэрэгжиж байна.

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

Тус барилга баригдсанаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутнуудыг амьдрах дотуур байраар хангах, сурч боловсрох таатай, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

Бадминтоны баг хожигдов

Азийн XYIII зуны спортын наадамд оролцож байгаа Монголын бадминтоны тамирчдаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мөнхбатын Батдаваа, Макаогийн тамирчин Пуи Панг Фонгтой тоглож 1:2-оор хожигдов.

Мөн эрэгтэй хосын төрөлд Энхбатын Сумъяасүрэн, Гомбодоржийн Тэмүүлэн нар Непалын багт 0:2-оор ялагдсан бол Бямбажавын Хувьтөгөлдөр, Мөнхбатын Батдаваа нар Индонезийн багт мөн л 0:2-оор хожигдлоо.

Categories
мэдээ спорт

Азийн наадамд оролцох монгол тамирчдын тэмцээний хуваарь

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын зургаа дахь өдөр сонирхогчдын боксын төрөл эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд тамирчид өрсөлдөнө.

Эрэгтэй

49 кг. Хархүүгийн Энхмандах
52 кг: Ганхуягын Ган-Эрдэнэ
56 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Эрдэнэбатын Цэндбаатар
64 кг: Баатарсүхийн Чинзориг
69 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ
75 кг: Даваасүрэнгийн Давааням

Эмэгтэй
51 кг: Очирбатын Жаргалан
57 кг: Монхорын Намуун
60 кг: Төмөрхуягын Болортуул
Ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Пүрэв-Очир,
Баг тамирчдаа дэмжээрэй. Олон аваргууд төрөх болтугай.

Мөн Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан жюжицү бөхийн төрөлд манай тамирчид өрсөлдөнө. Ингээд Монголын тамирчдын хуваарийг сонирхуулья.

Байт харваа

Рекурв харвааны холимог багийн төрөл: Шигшээ 16-д Монгол – Энэтхэг (10:35 цаг) + Шөвгийн найм 14:00 цаг + Хагас шигшээ 15:20 цаг
Компаунд харвааны холимог багийн төрөл: Шигшээ 32-т Монгол – Лаос (11:40 цаг) Хэрвээ энд ялж чадвал 12:05 цагаас БНСУ-ын багтай шигшээ 16-д өрсөлдөнө + Шөвгийн найм 16:10 цаг + Хагас шигшээ 17:30 цаг

Бадминтон

Эрэгтэй, ганцаарчилсан төрөл: Б.Хувьтөгөлдөр – Кэнта Нишимото (Япон) 15:30 цаг

Боулинг

Эмэгтэй, багийн төрөл (зургаан гишүүнтэй): Х.Өлзийхорол, Ш.Гэрлээ, Т.Долгормаа, Ц.Уранцэцэг, Л.Цэцэгсүрэн, С.Дэлгэрцэцэг (10:00 цаг) + 16:00 цаг (Медаль)

Бокс

Эрэгтэй, 69 кг: Шигшээ 32 – т О.Бямба-Эрдэнэ – Усмон Батуров (Узбекистан) 20:30 цаг
Эмэгтэй, 57 кг: Шигшээ 16 – д Т.Болортуул – Жо Сон Во (Хойд Солонгос) 17:00 цаг

Дугуй

Эрэгтэй, 40 км: Б.Марал-Эрдэнэ (15:00 цаг)

Спорт авиралт

Эрэгтэй, бартаат авиралт: Н.Хэрлэн ( урьдчилсан шат, 10:00 цаг)
Эмэгтэй, бартаат авиралт: Н.Анужин, Б.Ариунбаяр (урьдчилсан шат, 10:00 цаг)

Усанд сэлэлт

Эмэгтэй, 50 метрийн чөлөөт: Б.Энххүслэн, Х.Энхзул (10:00 цаг)
Эрэгтэй, 50 метрийн мэлхий: Г.Занданбал, Ж.Батмөнх (10:08 цаг)
Эмэгтэй, 400 метрийн чөлөөт: Э.Цэлмэг (10:19 цаг)
Эмэгтэй, 200 метрийн өврөөр даллах: Б.Энххүслэн, А.Хэрлэн (10:54 цаг)
Эрэгтэй, 4х100 метрийн буухиа: Монгол (11:09)

Туялзуур сэлэм

Эмэгтэй, Эпее сэлэм багийн төрөл: Шигшээ 16 Монгол – Казахстан (10:00 цаг)

Жюжицү

Эрэгтэй, 56, 69 кг, Эмэгтэй 49 кг: 10:00 цагаас эхэлнэ

Буудлага

Эрэгтэй, 25 метрийн гар буу: Ш.Буянзаяа, Э.Даваахүү (10:00 цаг)
Эмэгтэй, 10 метрийн хийн гар буу: О.Гүндэгмаа, Т.Баярцэцэг (10:00 цаг)

Волейбол

Эрэгтэй: Монгол – Иран (10:00 цаг)

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Монгол Улсаас ямар ч хүнийг хууль зөрчиж хулгайлж болохгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товлогдсон боловч ирц хүрсэнгүй. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн шаардлагаа хүргүүлсэн. та ч гэсэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаа юу. Ээлжит бус чуулган зарлан хуралдвал АтГ-ын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм уу?

-Л.Оюун-эрдэнэ гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэж ганцаараа шаардаагүй. үндсэн хуулинд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар Албан бичиг өргөн барьсан, Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан. Ийм үндэслэлүүдээр УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргах үүрэгтэй. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн ямар ч процедур УИХ-ын тухай болон үндсэн хуулинд байхгүй. Энэ хууль бус.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан бол УИХ-ын дарга санаачилга гаргах, эсхүл УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүд шаардлага тавьсан бол УИХ-ын дарга захирамж гаргана гээд үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулинд ч тийм зохицуулалт бий.

-Үнэхээр хуулиндаа тэгээд заачихсан юм бол яагаад хуулиа дагахгүй байгаа юм бэ?

-УИХ-ын даргын зөвлөл Хууль зүйн байнгын хороогоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцүүлэх асуудлыг байнгын хороогоор урьдчилан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах гээд байгааг нь ойлгохгүй юм. Байнгын хорооны хуралдааны өмнө “УИХ-ын Тамгын газрын даргыг дуудаж асуулт асуумаар байна” гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц хүрсэнгүй. Хоёрдугаарт, 26 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж байгаа шаардлагыг нэг байнгын хороо зөв, буруу гэдэг дүгнэлт гаргах хууль тогтоомж байхгүй шүү дээ.

-60 тэрбумд нэр холбогдсон М.Энхболд дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж байна. 60 тэрбумыг гардан хэрэгжүүлсэн буюу ажилд томилох эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооц гэж байна л даа?

-Манай эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 22.4 дүгээр зүйлд албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалын давуу байдал үүсгэж өөртөө тусгай эрх олгосон, хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан бүх хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Хууль хяналтын байгууллага энэ бүгдийг тогтоож, тэр бүх хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин бий.

-Ээлжит бус чуулган хуралдах юм уу. Хуралдах ч юм шиг, үгүй ч юм шиг байх юм?

-Мэдэхгүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан маргааш (өнөөдөр) 11 цагаас дахин зарлагдсан. -Ээлжит бус чуулган зарлаад хэлэлцэх ямар чухал асуудал байна вэ. Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлан хуралдуулах талаар хууль бий. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хөндсөн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлах боломжгүй гээд байгаа л даа?

-Ээлжит бус чуулганаар ийм асуудлыг хэлэлцэнэ, үүнийг нь хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалт байдаггүй л дээ. Үндсэн хуулийн 23, УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд таны асуусан эл харилцааг бүтэн зохицуулсан. УИХ-ын тухай хууль гэдэг бол Үндсэн хуулиас урган гарсан органик хууль. Органик хууль зөрчигдөж байна гэдэг нь Үндсэн хууль зөрчигдөж байна гэсэн үг.

Миний хувьд Хууль зүйн байнгын хороо хуралдах ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Маргааш ч хуралдах хэрэггүй. Харин хэзээ Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой вэ гэвэл УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад, чуулганаа нээгээд, хэлэлцэх асуудлаа батлаад, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлээд эргээд Их хурал товлосон хугацаандаа уг асуудлыг шийдэх ёстой. Харин ээлжит бус чуулгандаа Их хурлын гишүүд ирэх үүрэгтэй.

-Манайхан ёс зүй, хариуцлага маш их ярьдаг. Та ч ярьдаг. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэг газрын дарга нөгөөгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Төрийн алба үнэхээр ёс зүйгүй байгаа юм биш үү. Цаашид ийм хэрэг гарахгүй гэх баталгаа байна уу?

-Төрийн алба бол шатлан удирддаг тогтолцоо. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Төрийн албаны тухай хууль төрийн албаны дүрэм журам Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг ханган биелүүлэх үндсэн үүрэгтэй төрөөс цалин авдаг хүмүүсийг төрийн албан хаагч гэж байгаа юм. Шатлан удирддаг тогтолцооныхоо хүрээнд дээр дурдсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдол тус бүрт дээд удирдлагын зүгээс хариуцлага тооцох, ажлаас халах, бусад хууль зүйн хариуцлага хүлээлгэх бүх эрх зүйн орчин нь манайд бий. Энэ хүрээндээ шийдэгдэх ёстой. Болохгүй бол ажлаас нь чөлөөлнө. Манайд хууль хэрэгжихгүй байгаагаас үүдэж өнөөдөр төрийн албанд ийм эмгэнэлтэй зүйл бий боллоо.

-Хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

-Хууль хэрэгжихгүй байна гэдэг нь эрх зүйг үгүйсгэх үзлийн хамгийн анхдагч хэлбэр. Манайд ийм зүйл хаа сайгүй бий боллоо. Дарга төвт томилгоотой, даргадаа үйлчилдэг түшмэдийн тогтолцоо нягт бий болсон учраас хариуцлага гэдэг ойлголт алсарлаа. Аль нэг намын төрийн албан хаагч гэдэг ухагдахуун байх ёсгүй. Энэ бүхэн улам нарийсч энэ намын, тэр намын төрийн албан хаагч сүүлдээ тэр даргын, энэ даргын томилсон хүн гэдэг тогтолцоо руугаа гуйвчихлаа. Манай төр мэргэшсэн тогтвортой байх ёстой атал буруу тогтолцоо руугаа явчихсан. Системийн өөрчлөлт буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс маш ихээр ярих болсон.

Нэг нам нөгөөгөөрөө солигдлоо гээд ард түмэн хүлээгээд байх гоё хүлээлт юу ч байхгүй. 2020 онд нөгөө нам яллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Дэлхий нийт хөгжиж, юм бүхэн өөрчлөгдсөн, хиймэл оюун ухаан, шинэ хандлагын талаар ярьж байхад бид утаа, нүүрс, түгжрэлтэйгээ мөн авлигатайгаа зууралдаад байж байна. Өөрчлөлт хийж, оюун санааны шинэ дэвшил гаргахгүй бол болохгүй.

-Турк сургуулийн захирлыг хулгайлах оролдлого гарсан. Ингэхдээ Туркийн тусгай үүргийн онгоц ардчилсан улсад ирж ийм зүйл хийсэн нь буруу гэж байна. Энэ бүхнийг гардан хийсэн буруутан нь хэн бэ?

-1990 оноос хойших бидний хамгийн том ололт ардчилал, хүний эрх, эрх чөлөө бусад ардчилсан орнуудын хэмжээнд очсон. Магадгүй нийгэм, соёл урлаг, нийгэм, эдийн засгийн уруудал доройтол явагдсан гэж боддог. Бид оюун санааныхаа хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ололтыг бий болгож чадсан юм. Уг ололтын хамгийн наад захын хэмжүүр нь Монгол Улсаас ямар ч хүнийг хууль бусаар хулгайлж болохгүй. Гадуур яригдаад байгаа шиг манай төрийн зарим албан хаагчид Туркийн тусгай хүчинтэй нэгдсэн, эвссэн бол тухайн бүх албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хуулийн байгууллага нь эцэслэх шаардлагатай. Засгийн газар оролцсон бол Засгийн газар огцорч хариуцлагаа хүлээ. Ерөнхийлөгч оролцсон бол Ерөнхийлөгч огцор л доо. Бид өнөөдөр ардчиллынхаа олж авсан ололтоос ухарч болохгүй гэдгийг хатуу ойлгох ёстой.

-Туркийн тусгай үүргийн онгоц манай улсад ямар ч зөвшөөрөлгүй бууна гэж байхгүй. Ямар хүмүүс оролцсон талаар мэдээлэл ирээгүй юу, гишүүдэд?

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл алга.