Categories
мэдээ нийгэм

Нийгмийн ажилтны статусыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэлэлцүүллээ

Монгол Улсын Нийгмийн үйлчилгээний хүний нөөцийн судалгаа Үндэсний ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт их дээд, бүрэн дунд сургуулиудын нийгмийн ажилчдаас гадна НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкинс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн байгууллагын мэргэжилтэн Катарина Тон нарын хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Нийгмийн ажилтны ажлыг хэрхэн тодорхой болгох, цаашид ямар маягаар ажиллах вэ гэдэг бодлого хэрэгтэй болсон. Мөн эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ нь, нийгмийн захиалга юм. Та бүхний зүгээс бодиттой санал гаргавал системийн хэмжээнд шийдвэр гаргаж, тодорхой мэдээлэлтэй судалгаагаа өгвөл батлахад дэмжлэг үзүүлнэ. Намрын чуулганаар Боловсролын тухай багц хууль өргөн барихаар бэлтгэж байгаа болохоор яаравчлан ирүүлбэл хамтруулан өргөн мэдүүлж болох юм” гэжээ.

Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкинс хэлэхдээ “Нийгмийн ажилтны асуудал дан ганц Монголд тулгарсан зүйл биш бөгөөд дэлхий нийтийнх болсон. Тиймээс ч улс бүр судалгаа хийж, хэрхэн шинэ шатанд гаргах вэ гэдгээ хэлэлцэж эхлээд байгаа. Хүний нөөцөө чадавхжуулж, бэхжүүлэн, шинжлэх ухаан технологи хөгжсөн үетэйгээ хослуулбал аливаа хүчирхийлэл, дарамтаас сэргийлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь эхний үе шат. Цаашид дүгнэлт гарган бүсийн хэмжээнд хэлэлцүүлэх боломжтой. Мөн олон улсын судалгаа гарах үед Монгол Улс гэсэн тусгай бүлэг байх юм” хэмээн ярьжээ.

bolowsrol

bolowsrol

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагслаа

-САЙДЫНХАА ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАДАГГҮЙ УЛСЫН СУРГУУЛЬ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ-

МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрныхаа гадна талбайд сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн, жагсаал зохион байгууллаа. Жагсаал өдрийн 13:00 цагаас эхэлсэн бөгөөд 300 орчим оюутан оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн асуудлаар МУИС-ийн Оюутны холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Ариунзаяагаас тодруулга авлаа.

-Оюутнууд сургуульдаа сургалтын төлбөрийн асуудлаар яг ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид өнгөрөгч тавдугаар сарын сүүлээс эхлээд, дүнгийн наймааны асуудлаар олон нийтэд хандаж эхэлсэн. Зургадугаар сард МУИС-ийн ТУЗ-ийн хуралдаан болж, Азийн топ 100 сургуульд багтах зорилгын хүрээнд төлбөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ 12.5 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр 19.9-28 хувь нэмэгдчихээд байна. Үүнийг л бууруулж өгөхийг бид сургуулиасаа шаардаж байгаа.

-Сайдын өгсөн зөвлөмжөөр зөвшилцлийн хүрээнд 10 хувь хүртэл нэмж болно гэсэн байгаа?

-Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 8 хувьтай байна. Өнгөрсөн зургадугаар сард 6.3 хувь байсан. Уг нь төлбөрийг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого барих ёстой. Сайдын зөвлөмж нь зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 10 хүртэлх хувиар нэмж болно гэсэн байгаа. Гэтэл МУИС үүнээс 2-3 дахин их нэмэх шийдвэрийг гаргасан. Сайдынхаа зөвлөмжийг дагадаггүй улсын сургууль гэж байдаг юм уу.

-Та бүхний асуудлыг сургуулийн захиргаа хүлээж авч, уулзсан уу?

-Бид энэ тогтсон төлбөрийн хэмжээг бууруулах хүсэлтэй байна. Нэгдүгээр ангиас төгсөх анги хүртлэх бүх оюутнуудын төлбөр сургуулийн хэмжээнд нэмэгдсэн. Тухайлбал, би төгсөх ангийн оюутан. Өмнөх жилийнхээс нэг кредит 21 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байна. Одоохондоо сургуулийн зүгээс бидэнд ямар ч хариу өгөөгүй. Бид салбар яам, ШӨХТГ-д хүртэл гомдол хүсэлтээ гаргасан. Өмнө нь сургуулийн удирдлагуудтай уулзсан хэдий ч бидэнд бодитой хариулт өгөөгүй.

Categories
мэдээ нийгэм

Алтайн ууланд микроавтобус осолджээ

ОХУ-ын Алтайн уулын замд микроавтобусаар зорчиж явсан 14 монгол иргэн осолдсон тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Эдгээр 14 хүний тавынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар орон нутгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгээс мэдэгджээ.

Алтай БНУ-ын Чиг-Давааны (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэдэг) хажуугаар өнгөрч явсан аялагчдын сууж явсан Истана маркийн микро автобус замаас гарч, онхолджээ. Машиныг 22 настай жолооч барьж явсан ба архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй байсан аж. Урьдчилсан дүгнэлтээр машины тормозноос болж осол гарсан гэж үзэж байгаа аж.

Чиг даваа нь 1925 м өндөр, дөрвөн км үргэлжлэх өгсүүр болон уруу даваа юм.

Осол болсон газарт цаг агаар тогтуун байсан. Бороо, манангүй байсан гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Хэт задгайрсан байдлыг цэгцлэх шаардлагатай

Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.

Төрийн албанд тавих шаардлага өндөрссөн
Тэрээр, “Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” баримтлахаар зарласан. Үүнд, эдийн засгийн реформ, хүний хөгжлийн реформ, төрийн реформ хийх талаар тусгасан байгаа. Энэ бүхний үндэс нь төр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан тушаалтан ард иргэдэд үйлчлэх ёстой. Ард иргэддээ тэгш, шударга үйлчилж чадвал ард иргэд төрдөө итгэдэг болно. Энэ ажлыг төрийн албанаас, төрийн албан хаагчдаас эхлэх ёстой. Тиймээс иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ажлыг ирэх 9 дүгээр сарын 1-ний дотор эцэслэж, цаашид тогтмол хэвшүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Засгийн газар энэ онд багтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн албан хаагчдад аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ явуулна. Мөн ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэчлэн баталсан хуулиар төрийн албанд тавих шаардлага өндөрссөн. Хууль хэрэгжсэнээр Засгийн газрын Гурван тулгуурт бодлогын төрийн шинэчлэл, түүний гол үндсэн зарчим болох Үндсэн хуулийн реформ, төрийн албаны реформ, засаглалын реформ хийх бодлого төгс хэрэгжих бололцоо бүрдэнэ. Мэргэжлийн үнэлгээ явагдаж, ёс журмыг шинэчлэх ажил нь төрийн албанд эрс шинэчлэлийг авчирна. Сүүлийн 4-5 жилд тогтсон хэт задгайрч ирсэн байдлыг цэгцлэх шаардлагатай байна” гэдгийг тодотгон хэлсэн юм.
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 95 хувийг шийджээ
Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 дугаар сарын байдлаар иргэдээс нийт 25.283 өргөдөл гомдол ирснээс 95.5 хувь буюу 24.140 өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбарт үзүүлж байгаа нутгийн захиргааны байгууллагын 332 нэр төрлийн үйлчилгээ, дагалдах хувийн хэвшлийн 21 байгууллага үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавин ажиллаж байна.
2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 19.410 өргөдөл гомдол гаргаснаас 18.085 нь шийдвэрлэжээ. Нутгийн захиргааны 5 байранд байрлах 140 гаруй байгууллагын харуул хамгаалалтыг чангатгаж, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгцтэй холбоотой асуудлаар сар тутамд хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшүүллээ. Цаашид төрийн алба, албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлж байв.
Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж 2018 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож ургац хураалтын технологийн зөвлөмж гаргалаа.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 05-наас 28-ны хооронд зохион байгуулсаны зэрэгцээ, тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан. Гэвч энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, зургаадугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангайн аймгийн зарим бүс нутгаар хур тундас орж таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж эхэлсэн хэдий боловч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 05-ныг хүртэл гандуу байсан нь ургацад сөрөг нөлөө үзүүлж байна.

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын улмаас үр тарианы 8.1 мянган га талбай ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй гэсэн тооцоо гарч байна. Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ наймдугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байгаа юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сар бүхэлдээ дунджын орчим буюу 35-40 мм хур тундастай, мөн дунджын орчим дулаан байх төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэлээд Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж өглөө.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Увс аймгаар зочлов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох яамны сайд нар наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Увс аймагт очжээ. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Галданбошготын өргөөнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч Увс аймгийн танилцуулгыг хийж ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар мэдээлэл хийсэн байна. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, боомтын хүнд суртлыг арилгах нь чухал гэдгийг тодотгон хэллээ.

Categories
гадаад мэдээ

Өвөрмонголд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани байгуулагджээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани байгуулагдаж, ирэх жилээс анхны нислэгээ хийж эхлэх талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус компанийн тэргүүн Хао Юйтао “Манай компани дотооддоо үйлдвэрлэсэн “ARJ21” тийрэлтэт онгоцоор нислэг үйлдэх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 25 нисэх онгоцтой болно” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас “Чингис хаан” агаарын тээврийн компани байгуулах зөвшөөрөл олгосны дагуу тус компани нисгэгч, үйлчлэгч, засвар үйлчилгээний техникч гээд бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг бүрдүүлжээ.

Хао хэлэхдээ “Компанийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ы 40 цэгийг холбох агаарын 60 маршрутын дагуу нислэг үйлдэнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр компани найман жилийн дараа 50 нисэх онгоцтой, 150 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буй бөгөөд цаашдаа олон улсын нислэг үйлдэх зорилготой байгаа тухай мэдэгджээ.

ӨМӨЗО-д нисэх онгоцны 28 буудал үйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын Арилжааны нисэх онгоцны корпорацийн үйлдвэрлэсэн “ARJ21” нисэх онгоц нь 78-90 хүний суудалтай, 3700 км урт зам туулах хүчин чадалтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдыг аттестатчилна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтаар сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, сайжруулах чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гарсан шийдвэрүүдийг нийслэл дүүрэг, нутгийн захиргааны нийт байгууллагад хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг нийслэлийн зүгээс тогтмол зохион байгуулж, энэ талаарх тайлан мэдээг хугацаанд нь авч үр дүнд нь хяналт үнэлгээ хийж үүрэг даалгавар, холбогдох зөвлөгөө мэдээллийг тухай бүрт нь өгч шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн өргөдөл гомдлыг бүхий л эх үүсвэрээр хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 25283 өргөдөл гомдол ирснээс 95.5 хувь буюу 24140 өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбарт үзүүлж байгаа нутгийн захиргааны байгууллагын 332 нэр төрлийн үйлчилгээ, дагалдах хувийн хэвшлийн 21 байгууллага үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавин ажиллаж байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 19410 өргөдөл гомдол гаргаснаас 18085 нь шийдвэрлэгджээ. Нутгийн захиргааны 5 байранд байрлах 140 гаруй байгууллагын харуул хамгаалалтыг чангатгаж, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгцтэй холбоотой асуудлаар сар тутамд хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшүүллээ. Цаашид төрийн алба, албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөхдөө “Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” баримтлахаар зарласан. Үүнд, эдийн засгийн реформ, хүний хөгжлийн реформ, төрийн реформ хийх талаар тусгасан байгаа. Энэ бүхний үндэс нь төр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн албан тушаалтан ард иргэдэд үйлчлэх ёстой. Ард иргэддээ тэгш, шударга үйлчилж чадвал ард иргэд төрдөө итгэдэг болно. Энэ ажлыг төрийн албанаас, төрийн албан хаагчдаас эхлэх ёстой. Тиймээс иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ажлыг ирэх есдүгээр сарын 01-ны дотор эцэслэж, цаашид тогтмол хэвшүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Засгийн газраас 2018 ондоо багтаж нийслэлийн ЗДТГ-тай хамтран төрийн албан хаагчдад аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ явуулна. Мөн ирэх 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн албаны шинэчлэгдэн батлагдсан хууль хэрэгжинэ. Энэ хуулиар төрийн албанд тавигдах шаардлага өндөрссөн. Энэ хууль хэрэгжсэнээр Засгийн газрын Гурван тулгуурт бодлогын төрийн реформ түүний доторх гол үндсэн зарчим болох Үндсэн хуулийн реформ, төрийн албаны реформ, засаглалын реформ хийх бодлого төгс хэрэгжих бололцоо бүрдэнэ. Мэргэжлийн үнэлгээ явагдаж, ёс журмыг шинэчлэх ажил нь төрийн албанд эрс шинэчлэлийг авчирна. Сүүлийн 4-5 жилд тогтсон хэт задгайрч ирсэн байдлыг цэгцлэх шаардлагатай байна” гэдгийг тодотгож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдад албан хэрэгцээнд ашиглах мотоцикль гардуулан өглөө​

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах үеэр Хяргас нуур, Увс нуурын дархан цаазат газар, Тэс голын сав газрын захиргааны байгаль хамгаалагчдад албан хэрэгцээнд ашиглах мотоцикль тус, тус гардуулан өглөө. Одоогоор Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 11 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Орхон аймаг БНХАУ, ОХУ- руу мах экспортолно

2018-2019 онд Орхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 4000 тн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортолно. Үүнээс “Эрдмийт” ХХК 1000 тонн адууны махыг ОХУ, “Эрдэнэт мах маркет” ХХК 500 тн үхрийн махыг Иран, “Монгема” ХХК 1590 тн адууны махыг ОХУ, “Жаргалант мах маркет” ХХК 1000 тн адууны махыг БНХАУ-д экспортолно.

Дээрх аж ахуйн нэгж нь орон нутгийн “Нөөцийн мах”-ыг бэлтгэдэг бөгөөд “Эрдмийт” ХХК 500 тн, “Эрдэнэт мах маркет” ХХК 10 мянган тонн үхрийн мах бэлтгэх гэрээ байгуулжээ. Дашрамд дурдахад “Эрдмийт” ХХК жилд дунджаар 50 мянган бог, 10 мянган бод, “Эрдэнэт мах маркет” ХХК 30 мянга, “Монгема” ХХК 20 мянга, “Жаргалант мах маркет” ХХК 25 мянган толгой мал төхөөрч орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна.