Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Увс аймгийн Зүүнхангай сумын арван жилийн дунд сургуулийг 1997 онд Ж.Ноов багштай төгссөн 10а ангийг танилцуулж байна. 10а анги 36 хүүхэдтэй. Есдүгээр ангиа төгсөөд гурван анги нийлж, 10а анги үүсчээ. Тэр үед сумын сургуулиуд нэг төгсөлттэй байж. Энэ ангиас нэг доктор, хоёр эмч, долоон багш, дөрвөн лам, цэргийн хошууч нэг, хос мэргэжилтэй хэд хэдэн хүн төржээ. Мөн энэ ангийнхны бас нэг онцлог нь 11 хостой юм. Хосуудын тав нь одоо ажил амьдралын замд хослон яваа гэр бүлүүд. Энэ хамт олон сурагч насаа дурсахдаа сургуулийн бүх л зүйлд манлайлагч байснаа онцолж байв. Монгол хэлний олимпиад, урлаг соёлын наадамд сургуулиасаа шалгарч, аймагт өрсөлдөөд шалгарч, улсад тусгай байр эзэлж байжээ. Улсад болдог хүүхдийн урлагийн наадамд манай ангиас найман хүүхэд оролцож байсан гэж бахархан дурслаа. Бүгд идэвх санаачилгатай. Сурлага, урлаг спортоор 10а-г гүйцэх анги ховор. Хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй, ангийн багшаас бусад нь тэднийг зэмлэж загнавч тоох нь цөөн. Харин ангийн багшийн ганц л харц тэднийг ямар ч үгнээс илүү хүмүүжүүлнэ. “Багш хэзээ ч биднийг тэг ингэ гэж загнаж байгаагүй бүхнийг харцаараа л хэлдэг. Зарим багш сургуулиар нэг хашхирч, хүүхдүүдээ загнадаг бол манай багш харцаараа бүгдийг ойлгуулдаг. Багшийн харцнаас бид бүгдийг уншдаг байлаа” хэмээн дурсацгаана.
Манай сургууль даруухан мөртлөө байгаа газартаа манлайлагч, хүмүүжилтэй, зөв мөртэй хүмүүсийг бэлтгэж өгчээ. Одоо үед боловсролтой эрдэм мэдлэгтэй, шулуун шударга залуус төрж байгаа нь бахархууштай. Гэхдээ түүн дээр хүн чанарыг нэмж байж эх орон минь хөгжнө. Хүний зүг чиг хүмүүжил дээр тогтдог байх. Нутгийн маань сурган хүмүүжүүлэгч, удирдагч нар хойч үеэ зөв хүмүүжил, зүрх сэтгэлээрээ төлөвшүүлсэн байх. Манай сумын нэр том, жижиг хэцүү асуудал дээр сонсогддоггүй. Муу муухай асуудалд нутаг усны минь нэр гардаггүйд нутгаараа бахархаж, явдаг хэмээн нэг нь хэллээ.
Сургуулийнхаа шинийг санаачлагч анги хамт олон нь 10а юм. 2017 онд Увс аймгийн Зүүнхангай сумын сургуулийн 80 жилийн ой тохиожээ. Ангиараа сургуульд тулгамдсан асуудлыг ярилцаж, үе үеийн төгсөгчдийг хүлээн авах “Алдрын танхим” тохижуулан өгцгөөе хэмээн санаа нэгдэв. Энэ жишгээр нь бусад төгсөгчид ч сургуулийнхаа ангиудыг тохижуулж, одоо Увс аймгийн Зүүнхангай сумын сургууль хотын сургууль шиг анги бүр проектор, телевизор бүхий сургалтын хэрэгсэлтэй болсон байна.
Төрөлх сургуулийнхаа захирлаар энэ ангийн сурагч М.Наранцэнгэл хоёр дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тус анги зургаан жилийн өмнө төгсөлтийнхөө арван жилийн ойг тэмдэглэжээ. Дуутай, хууртай, шүлэгтэй найртай сүр дуулиантай тэмдэглэсэн гэнэ. Тэдний жишгээр ангиуд ойгоо тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Энэ ангийн хосууд дунд сургуульдаа эгэл жирийн найзууд байсан ч их сургуульд ороод үерхэж нөхөрлөн явсаар амьдралын замаа холбоцгоожээ. Хосуудын төлөөлөл Ж.Бат-Өлзий, Р.Цэрэнханд нар ярихдаа “Нэг жилтэй нас чацуу хүүхдүүд гэр бүл болох нь ховор л гэдэг. Зурхайн ухаанд зохицол нь таардаггүй л гэх юм билээ. Бид хоёрын хувьд хэдийгээр нэг анги ч гэсэн би ханиасаа нэг насаар эгч. Мөн ангийнхаа анхны хос. Манай ангиас арван нэгэн хос гарсан. Тэдний тав нь амьдралын замаа холбоод сайн сайхан амьдарч явна. Түүний эхлэл нь бид хоёр гэхээр булган сүүлтэй хос юм хэмээн дүгнэж сууна. Энэ дашрамд багшдаа маш их баярлалаа. Өдийг хүртэл бидний төлөө сэтгэлээ чилээн суугаа багшийгаа урт насалж, удаан жаргахыг ерөөе” хэмээв.
10а ангийн сурагч Б.Олонбаяр сурагч насны дурсамжаа хуучлахдаа “Би ангийнхаа Ц.Долгормаа гэж охинтой гэр бүл болсон. Миний эхнэр “Гурван гал” эмнэлэгт эх баригч хийдэг. Бид сургуулиа төгсөөд гэрлэсэн. Хүү, охинтой. Бид дунд сургуулийн сурагч байхдаа үерхэж байгаагүй ч дотно байлаа. Сургуулиа төгсөөд би цэрэгт явж, эхнэр маань оюутан болж хотод ирсэн. Тэр цагаас л үерхэж явсаар гэр бүл болсон доо. Манай хүн Дарханд Анагаах ухааны сургуулийн оюутан болж, тэр үед гар утас гэж байхгүй. Холбооны газраар дамжуулж ярина. Дуудуулж ярих түвэгтэй байв. Тиймээс захиа байнга бичнэ. Дарханаас ирж, очиж байгаа хүмүүст захиагаа дайна. Одоо бодоход сайхан дурсамж болон сэтгэлд хоногшжээ. Тэр үед бичиж байсан захиануудаа хадгалж авч үлдээгүй ч сэтгэлд тодхон. Заримдаа эхнэр маань захианд бичсэн үгнүүдийг минь хэлж тас тас хөхөрнө” гэв.
Ангийн охин Ч.Сарантуяа ийнхүү ярилаа. “Би нутгийнхаа залуутай гэр бүл болсон. Гурван хүүтэй, дархан бэр. Биднийг есдүгээр ангиа төгсөж байх үед өнгө өнгийн эрээн ретуз моданд орж байлаа. Бүгд өөр өнгийн тод хурц өнгөтэй ретуз өмсөж авахуулсан бидний зураг байдаг. Одоо харахад бас л хөөрхөн санагддаг. Гурван анги нийлсэн 10а дотор сум орон нутагтаа танигдсан хэд хэдэн залуус байдаг. Тэр үедээ бид урлаг спорт, сурлага хүмүүжлээр бусдыгаа манлайлж явсан. Хэрвээ бидний үед нийгэм өөрчлөгдөж, ардчилсан системд шилжээгүй бол манай ангиас эх орныхоо нэрийг гаргасан сагсанбөмбөгийн баг гарах магадлал өндөр байсан” гэлээ.
Ангийнхаа багштай жил бүрийн цагаан сараар бүгд цугларч золгодог. Хэрэв ажил гараад очиж амжаагүй бол сэтгэл нэг л хоосон санагддаг гэв.
Амьдралын зам харгуй дардан биш ажээ. Ангийн хосуудын зарим нь ижлээ алджээ. Энэ ангиас төрсөн бас нэгэн хос нь Б.Пүрэвжавын гэр бүл. Ангийнхаа Ц.Очгэрэл гэдэг охинтой гэр бүл болжээ. Тэд хоёр хөөрхөн үртэй. Анги хамт олон ханийнхаа тухай Ц.Очгэрэл ярихдаа “Унаган нутаг, уул уснаасаа тэр тусмаа арван жилийн нэг ангийнхаа хүүтэй гэр бүл болсондоо баяртай явдаг. Ангиас маань олон хос төрсөн. Түүний нэг нь Б.Пүрэвжав бид хоёр. Миний хань дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина, зурна, сийлбэр хийнэ, барилдана. Ер нь бүхнийг хийдэг хүний дээд байсан даа. Хань минь 2006 онд авто ослоор өөд болсон. Үргэлжлэл нь болох хоёр үр нь байгаа болохоор ханийнхаа нэрийг сэвтээчихгүй гэсэндээ хичээж явна” хэмээв. “Ангийн маань бас нэгэн эмч мэргэжилтэй охин бол Э.Цэнд-Аюуш. Бас л сурлага хүмүүжил, урлаг спортоор манлайлж явсан нэгэн. Анагаахын дээд сургуулийг төгсөх жилээ бурхан болсон доо хэмээн ангийн охиноо дурсацгаав.
Ангийнхан бас нэг гудамж, хамар хашааны хүүхдүүд байдаг. Зарим нь багштайгаа хөрш. Бага ангид байхдаа гадаа тоглож, үймүүлэхэд хүртэл ангийн багшдаа харагдчихна гэж айдаг байснаа ч дурсав.
Энэ ангийн ихэнх хүүхдүүд хоёр нэртэй. Хоч биш хэрнээ нэрийг сольж байсан асуудал тэр үед их байжээ. Анги хамт олон, гэр бүл нэг нэрээр дууддаг хэрнээ бичиг баримтад бичигдсэн нэр нь өөр байдаг аж. Мөн амьдаа сурагч хэд хэд байна. Пүрэвжав нэртэй сурагч дөрөв байсныг хуучлав. Ангийн хамгийн бага нь гэгдэх Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан дурсамжаа хуваалцав. Манай ангийн багш Ж.Ноов уран зохиолын багш М.Доржбал (Доолио) багштай надаас болж маргалдав. Би нэг удаа хичээлээ таслан, шатны доор ном уншиж байтал ангийн багшид баригдаад чихдүүлж, анги руу чирэгдэв. Тэр үед Доолио багш манай ангид Монгол хэлний хичээл орж байв. “Энэ Б.Жаргалсайхан шатан доор ном уншиж байсныг сая оллоо” гэж Ж.Ноов багш хэллээ. Гэтэл багш “Үгүй ээ. Наадахыг чинь Б.Дашням гэдэг юм” гэтэл ангийн багш “Би ангийнхаа хүүхдийн нэрийг мэдэлгүй дээ, Б.Жаргалсайхан байна” гэв. Гэтэл Доолио багш “Би хажуу айлынхаа хүүхдийн нэрийг мэдэхтэйгээ Б.Дашням” гээд баахан маргалдсан. Эцэст нь би миний жинхэнэ нэр яг аль нь юм бол гэж бодож үлдсэн дээ” хэмээв.
Энэ ангийн сурагч бас ангийн багшийн охин Б.Ням-Од сурагч насаа дурсав. Би ангийн багшийн охин болохоор анги хамт олонтойгоо ийш тийшээ хамаагүй явж чаддаггүй байлаа. Ангийнхныгаа бариад өгчихнө гээд барагтай явдаггүй. Ангийнхнаас хэн ч ээжид ийш тийшээ явсан гэж хэлдэггүй мөртлөө ээж аль хэдийн олоод мэдчихсэн л байдаг. Ангийнхан ийшээ явж, тийшээ явж чи мэдсэн үү гэж надаас асууна. Би “Үгүй ээ, намайг таны охин гээд юм хэлэх биш дээ” л гэнэ. Ангийнхныгаа бүгдийг нь хаагуур юу хийж явааг бүгдийг нь мэднэ.
Би хэдийгээр ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн багш ч гэсэн сурагчдаа бүгдийг нь хаагуур юу хийж явааг мэдэх арга байхгүй. Одоо техник технологи, утас холбоо хөгжсөн ч мэддэггүй. Тэр үед яаж мэдээд байсныг ойлгохгүй юм” гэлээ. Ангийнх нь хүүхдүүд Б.Ням-Од багадаа монгол бичгээр цэвэр, зөв бичдэг мундаг сурагч байсан. Одноог багшийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш мэргэжлийг өвлөсөн гэж боддог байлаа. Гэтэл сүүлд л англи хэлний багш гэдгийг нь мэдсэн хэмээн инээлдэнэ.
Нийгмийн шилжилтийн үеийн ороо бусгаа цагийн тусгал болсон бид өнөөдрийн амьдралыг харж байхад залуу ээж, аав нар хүүхдүүддээ зориулах цаг нь хомс болсон юмуу даа. Арга ч үгүй биз. Сайн сайхан амьдралын төлөө бидний үеийн залуус зүтгэж байгаа. Гэтэл хүүхдийн хүмүүжил гэдэг асуудал орхигдчихсон юм шиг санагддаг. Мөнгө олдоно, харин хүүхдэдээ зарцуулж чадаагүй цаг хугацаа эргэж ирэхгүй. Хүүхдэдээ хэрэгтэй үед нь хамт байгаарай хэмээн орчин цагийн нэгэн үеийн залуусын төлөөлөл болсон бид уриалж байна хэмээн 10а ангийнхан онцолсон юм.
С.ОТГОНБАЯР