Categories
мэдээ спорт

Марафон гүйлтээр VII, X байрыг эзэллээ

Азийн спортын 18 дугаар их наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Марафон гүйлтийн тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байр эзлэв.

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан.

Өнөөдөр буюу 2018 оны наймдугаар сарын 26-ны Ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байхыг үүрэг болгожээ

Дархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн болжээ. Хурлаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийсэн ажил, 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Намрын ургац хураалт, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын цаг үеийн ажил, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох удирдлагууд тавьсан байна.

Мөн тус аймгийн Засаг дарга С.Насанбат дараах ажлуудыг үүрэг болгожээ. Үүнд, Байгууллагууд төсөв санхүүгээ нэмэгдүүлэх тал дээр анхаарч биечлэн холбогдох яамдуудтай уулзах, сахилга хариуцлагаа нэмэгдүүлж өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлэх ажиллах, маргааш болох цэцэрлэгийн бүртгэлийг үнэн зөв, шударга, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр явуулах, бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байх.

Түүнчлэн өөрсдийн байгууллагат хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, Шарилжгүй Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 50 метр газрынхаа шарилжийг устгах хэрэгтэй хэмээн холбогдох удирдлагуудад үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт төрийн өмчийн 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна

2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шинээр хүүхэд элсүүлэх, бүртгэх үйл ажиллагаа өнөөдөр Дархан-Уул аймгийн хэмжээнд эхэлж байна.

Энэ жил тус аймагт төрийн өмчийн 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм. Цэцэрлэгийн бүртгэлийн талаар тус аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд хяналт, шалгалт тавьж ажиллаж байна.

Цэцэрлэгийн бүртгэлийг явуулахдаа Боловсрол соёл урлагийн газраас ирүүлсэн үндсэн чиглэлийн дагуу явуулж ил тод байдлаар мэдээллийг иргэдэд өгч байгаа юм байна. Энэ сарын 31 гэхэд эцсийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг нэгтгэн гаргах аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутны хөгжлийн зээлд 72 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд оюутан бүрт тулгамддаг асуудал бол сургалтын төлбөр. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2016 оноос эхлэн оюутны хөгжлийн зээлийг засгийн газраас олгож эхэлсэн юм. Харин энэ жилээс тус зээлийг шинэчилсэн журмаар олгох бөгөөд 72 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Өмнөх жилүүдэд оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар дамжуулан, тодорхой нөхцөлтэй оюутнуудад олгодог байсан. Тухайлбал төрийн албан хаагчийн хүүхэд, суралцах хүсэлтэй ч төлбөрийн боломжгүй, өнчин гэх мэт шаардлагаар оюутны хөгжлийн зээлийг олгодог байжээ. Харин шинэчилсэн журмаар сургалтын голч онооноос шалтгаалан зээл олгож байгаа нь нэг талаараа оюутнуудад том боломж олгож байгаа гэдгийг холбогдох байгууллагаас онцолсон юм. Мөн шинэчилсэн журамд оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар олгохгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл оюутны хөгжлийн зээл хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй, урт хугацаанд олгогдох нөхцөл бүрдсэн байна.

Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал “Оюутны хөгжлийн зээлийг магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд олгох бөгөөд тэд эссэ бичнэ. Ингэснээр зээл авч байгаа оюутнуудын ирээдүйд өөрсдөдөө хандах хандлагыг нь харах мөн голч оноог харгалзан үзэж байгаа. Энэ жил зээлийн шаардлага хангасан 30 гаруй мянган оюутанд 72 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл дөрвөн жил сурахад 10 сая төгрөгийн зээл олгоно. Төрөөс оюутныг төлбөрийн дарамтгүйгээгр суралцах бодлого баримталж байхад сургуулийн удирдлагууд эхлээд төлбөрөө төлөөд хичээлээ сонго гэдэг шаардлага тавьдаг. Энэ бол төрийн бодлоготой зөрчилдөж байна гэсэн үг. Тиймээс бид сургуулиудын захирлуудад албан бичиг явуулсан. Сургалтын төрийн сангаас зээл авах боломжтой оюутнуудад битгий ийм шаардлага тавиач ээ. Хичээл сонголтыг нь явуулаад дараа нь сургалтын төрийн сангаас зээлийг ав. Тэгэхгүй бол тэдгээр оюутнуудад дахин банкнаас зээл авах хүндрэл гарч байгаа учраас бид хамтарч ажиллах шаардлагатай байна гэдэг шаардлага тавьсан” гэв.

Хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй Оюутны хөгжлийн зээл

Сургалтын голч оноо 2 ба түүнээс дээш гэсэн нөхцөл тавигдахад шинээр элсэж байгаа оюутнууд энэхүү зээлд хамрагдах боломжтой юу гэсэн асуудал гарч ирнэ. Сургуулийн зүгээс оюутнуудад төлбөрөө төлсний дараагаар хичээл сонголтоо хийх шаардлагыг тавьдаг. Харин энэ асуудлыг цэгцлэх үүднээс үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад албан бичгийг хүргүүлж байгаа юм.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байртай болсны дараагаар 60 сарын хугацаанд зээлээ барагдуулах учиртай. Ингэхдээ сард 100 гаран мянган төгрөгийг буцаан олгох гэнэ. Хэн амжилттай сурна, хэний голч оноо их байхаас шалтгаалан тэр оюутан оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт 720 хүүхдийн сургууль баригдаж эхлэлээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхэд суралцах хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг өчигдөр эхлүүлжээ. Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми болон нийслэл, дүүргийн удирлагууд, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудын ажилтнууд оролцлоо.

Япон Улсын Засгийн газраас манай улсад 1999 оноос эхлэн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн V шатны хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоёр сургууль барих болон хоёр сургуулийг өргөтгөхөөр болжээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд барьж эхэлсэн 720 хүүхдийн эл сургууль юм.

ургуулийн барилгын ажлын нээлтэд хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо нэг ч сургуульгүй. Энэ хороонд сургуулийн насны 2500 хүүхэд байна. Хүүхдүүд бусад дүүргийн гурван ээлжтэй сургуулиудад суралцдаг. Энэ хүндрэлийн ард гарах боломжийг олгож байгаа Япон улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагын хамт олон, Японы ард түмэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн V шатны хүрээнд энэ сургуулиас гадна Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өртөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барих юм. Энэ сургуулиудыг барих, барилгыг өргөтгөхөд Монголын талаас 2 тэрбум төгрөг гаргах бөгөөд 2018 оны улсын төсөвт суулгасан. 1999 оноос хойш Япон улс Монголын бага, дунд сургуулийг барих, өргөтгөх ажилд 220 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

“Боловсрол гэдэг бол хүний хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа болдог. Энэ сургуульд суралцсан хүүхдүүд төгсөөд Япон улсад их, дээд сургуульд суралцах боломж байгаа” хэмээн нээлийн үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока онцолсон бол ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “ЖАЙКА байгууллага нь сургуулийн барилга хүрэлцээгүй байсан 1990-ээд оноос эхлэн уг асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ газарт тэргэнцэртэй хүүхэд явах зориулалттай, аль болох шат багатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургууль барина. Мөн байгалийн гамшгийн үед түр хоргодох байр болгож ашиглах боломжтойгоор эрчим хүч бага зарцуулах техникийн дэвшилттэй тоног төхөөрөмжийг ашиглаж барилгыг барих болно. Ингэснээр өндөр чанартай, жишиг сургууль болох болов уу” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Найман улсын уран бүтээлчид “The Mongolian connection”-ийг бүтээжээ

Дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монгол талаас Т.Бархүү, Б.Цэцэг, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар тоглож байгаа ажээ.

Кино зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зургийг аваад байгаа аж. “The Mongolian connection” уран сайхны кинонд АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж байгаа талаар өгүүлэх тулаант, адал явдалт кино юм. Уг кино энэ оны аравдугаар сарын 5-нд Монголд болон Казахстанд зэрэг нээлтээ хийх аж.

Categories
мэдээ нийгэм

“Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаа болж байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Говь-Алтай аймаг дахь салбар танхимаас 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Алтай хотод 24, 25-ны өдрүүдэд “Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, худалдан авагчид нэг дороос хичээлийн хэрэгслэл, хувцас эдлэлийг хямд, үнэ өргөн сонголттойгоор сонгох боломжийг энэхүү үзэсгэлэн худалдаагаар олгож байгаа ажээ. Тухайлбал, сурагчдын өргөн хэрэглээ болох дэвтрийн үнэ 12 хуудастай нь 230, 24 хуудастай нь 450, 36 хуудастай нь 550, 48 хуудастай нь 750, 60 хуудастай нь 900, 80 хуудастай нь 1200, 96 хуудастай нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид: “Иргэдийн худалдан авах чадвар тийм ч сайн биш байна. Одоогоор иргэд дэвтэр, бал, харандаа гээд хичээлийн хэрэгсэл л авч байна. Хувцас хэрэглэлийн үнийг нь асуухаас хэтрэхгүй байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Зургаан настнуудын бүртгэл үргэлжилж байна

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 20-нд эхэлсэн билээ.

Бүртгэл энэ сарын 30 хүртэл явагдана. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна.

Энэ оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн хилс хэрэгт холбогдогсдод нөхөн олговор олгоно

Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 14 давхарт байрлах хурлын зааланд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаар танилцуулга хүргэн, мэдээлэл солилцож хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав.

Хуулинд нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор тусгасан юм.
Нөхөх олговрыг олгох асуудлаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар, Архивын ерөнхий газар, Улсын дээд шүүх зэрэг төрийн байгууллагаас мэдээлэл хийж, харилцан санал солилцов.