Categories
гадаад мэдээ

Австралийн Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорчээ

Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн баасан гарагт тус улсын Ерөнхий сайдыг томилох санал хураалт болж, Скотт Моррисон шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон билээ. Тэгвэл тэрбээр шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр бэлтгэж байгаатай холбогдуулан Жюли Бишоп ийм шийдвэр гаргасан байна.

Үүний зэрэгцээ тэрбээр 2019 онд бүх нийтийн сонгуульд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр Австралийн Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдсөн боловч эхний шатандаа хасагдсан юм.

Өдгөө 62 настай, Баруун Австрали мужаас гаралтай тэрбээр улс төрд 20 гаруй жил хүчин зүтгэж байгаа билээ.

Баруун Австралийн хүчирхэг дуу хоолой болон арын сандал дээр сууж байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

“Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээлд манай оронд анх удаагаа зохион байгуулсан “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” амжилттай болж, аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнийг Рапид /түргэвчилсэн/, Блиц /түргэн/, Стандарт гэсэн үндсэн гурван ангиллаар явуулсан бөгөөд Хятад, Энэтхэг, Солонгос, Индонези, Хонконг, Киргизстан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг Ази тивийн 11 орны 62 тамирчин оролцсон юм.

“Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын стандарт ангиллын эмэгтэй төрөлд:

1 дүгээр байранд ОУХМ Ү.Үүрийнтуяа 7,5 оноогоор /Монгол Улс/,

2 дугаар байранд ОУХМ Chitlange Sakshi 7,5 оноогоор /БНЭУ/,

3 дугаар байран Фидэ мастер Б.Алтантуяа 7 оноогоор /Монгол Улс/ тус тус шалгарлаа.

Харин эрэгтэй төрөлд:

1 дүгээр байранд Фидэ мастер Priasmoro Novendra 8 оноогоор /БНИУ/,

2 дугаар байранд ОУХМ Yakubboev Nodirbek 7 оноогоор /БНУУ/,

3 дугаар байранд Ү.Агьбилэг 6,5 оноогоор /Монгол Улс/ тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн эзэн болсон ОУХМ Ү.Үүрийнтуяа нь энэ удаагийн тэмцээнд түрүүлж, Их мастер цолны 3 дахь нормоо биелүүлснээр Монгол Улсаас төрж буй 10 дахь Их мастер болж байна. Харин эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ү.Агьбилэг энэхүү тэмцээнээс Фидэ мастерийн болзлыг хангалаа.

Мөн “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын хүрээнд “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан юм. Эдгээр тэмцээнүүдэд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

“Mongolian open-2018” тэмцээнд Их мастер Б.Гүндаваа, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын 50-иас дээш насны төрөлд /эрэгтэй/ ОУХМ Н.Төвсанаа, /эмэгтэй/ н.Баярмаа, 65-аас дээш насны төрөлд /эрэгтэй/ ОУХМ П.Жигжидсүрэн, /эмэгтэй/ Б.Мягмарсүрэн нар тус тус тэргүүн байрыг эзлэв.

Харин өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018” тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 6, 8, 10, 12 насны ангилалд явуулж, аваргуудаа тодрууллаа.

Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн нь манай улсад болж буй тив дэлхийн чанартай 4 дэх тэмцээн гэдгийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хаалтын үеэр хэлсэн үгэндээ тэмдэглээд, “Ийнхүү эх орондоо олон улсын хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулсан баг хамт олондоо талархал илэрхийлье. Манай шатарчдын чанар чансаа улам сайжирч, оюуны спортын хөгжил хурдацтай байгаа эдгээр хоногуудад харлаа.

Нийт 18 медалийн төлөө тамирчид маань авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын шатарчид хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу есөн медалийг хүртлээ. Мөн ОУХМ Ү.Үүрийнтуяа маань Их мастер цолны болзлоо бүрэн хангасан нь хамгийн сайхан үйл явдал боллоо. Энэ нь манай улсаас төрж буй 10 дахь, эмэгтэйчүүдийн зургаа дахь Их мастер болсныг хэлэхэд таатай байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ шатрын спортоор хичээллүүлж, улам их амжилт гаргахыг хүсч байна” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын доктор, профессоруудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд оролцохоор ирсэн доктор, профессоруудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн 10 дахь удаагийн олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буйд талархал илэрхийлээд хурлын цар хүрээ жил ирэх бүр өргөжин тэлж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Тухайлбал, энэ жилийн Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ зэрэг улсаас хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлдэг доктор, профессорууд ирж оролцсон байна.

Мөн олон улсын хурлын үеэр Хавдар судлалын үндэсний төвд Монгол-Солонгосын хамтарсан баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, энэ нь Хавдар судлалын үндэсий төв тав дахь удаагаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тохиолдол болжээ. Түүнчлэн хамтарсан багууд дурангийн аргаар элэг тайрах мэс заслыг амжилттай хийж, мэс заслыг шууд дамжуулснаар элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний орчин үеийн чиг хандлагын томоохон практик болсон байна.

Үүнээс гадна олон улсын хуралд оролцож буй эмч нарын илтгэлийг сонсохын тулд 500 ам.доллараас дээш хураамж төлдөг бол Улаанбаатар хотод болсон олон улсын хуралд аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч, хавдар судлаач эмч, хавдрын сувилагч, хавдар бүртгэгч, гепатологи, дотрын зэрэг эмч нар оролцож, салбартаа тэргүүлдэг доктор, профессоруудыг илтгэлийг үнэгүй сонсох боломж олдсон талаар танилцуулав.

Мөн уригдан ирсэн доктор, профессоруудыг төлөөлөн Токиогийн эрэгтэйчүүдийн анагаах ухааны сургуулийн гастроэнтерологийн тэмхимийн Мэс заслын тасгийн доктор Масаказү Ямамато Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад хавдрын өвчлөл нь томоохон асуудал болж байгаа хэдий ч хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал болж, эмч, мэргэжилтнүүдийн чадвар нь жил ирэх бүр ахиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмч нарыг сургаж, дадлагажуулахад цаашид улам бүр анхаараасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлээд, иргэд маань эрүүл мэнддээ эн тэргүүнд санаа тавих хэмжээний орлоготой болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй явдгаа хэлээд, эмч нарын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Түүнчлэн дараа, дараагийн жилүүдэд болох Япон-Монголын хамтарсан олон улсын хуралд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж, хавдар, хавдарын эмчилгээ, салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл үргэлжилж байна

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 20-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 30 хүртэл явагдана.

Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна.

Энэ оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг халжээ

ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийжээ.

Энэ хүрээнд ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийсэн аж. Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авч ажиллажээ.

Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж, харъяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагууддаа үлгэрлэн ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгов.

Мөн төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэх төрийн ёслолын цогцолборт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биелэлээ олж байгаад баяртай байна. Тэр үед ОУ-ын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаж, агаар орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ, “Хүндэт ерөнхий сайд болон бусад зочид та бид ийм чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно.ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ гэв.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай.

Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргаж, лаг тунадасыг бүрэн боловсруулж бордоо болгон мөн эрчим хүч үйлдвэрлэх аж.

hurelsuh

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургууль барьж эхэллээ


Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхэд суралцах хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг өчигдөр эхлүүлжээ. Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми болон нийслэл, дүүргийн удирдлагууд, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудын ажилтнууд оролцлоо.

Япон Улсын Засгийн газраас манай улсад 1999 оноос эхлэн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн V шатны хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоёр сургууль барих болон хоёр сургуулийг өргөтгөхөөр болжээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд барьж эхэлсэн 720 хүүхдийн эл сургууль юм.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхдийн сургуулийг Чингэлтэй дүүрэгт барьж эхэллээ

Сургуулийн барилгын ажлын нээлтэд хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чингэлтэй дүүргийн долдугаар хороо нэг ч сургуульгүй. Энэ хороонд сургуулийн насны 2500 хүүхэд байна. Хүүхдүүд бусад дүүргийн гурван ээлжтэй сургуулиудад суралцдаг. Энэ хүндрэлийн ард гарах боломжийг олгож байгаа Япон улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагын хамт олон, Японы ард түмэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхдийн сургуулийг Чингэлтэй дүүрэгт барьж эхэллээ

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн V шатны хүрээнд энэ сургуулиас гадна Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өртөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барих юм. Энэ сургуулиудыг барих, барилгыг өргөтгөхөд Монголын талаас 2 тэрбум төгрөг гаргах бөгөөд 2018 оны улсын төсөвт суулгасан. 1999 оноос хойш Япон улс Монголын бага, дунд сургуулийг барих, өргөтгөх ажилд 220 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗТХЯ-ны газрын даргын хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ

-ЛХАГВАСҮРЭН ГЭХ ХҮНЭЭС БОЛЖ Т.ГОМБОСҮРЭН, Б.МАХБАЛ НАР МАРГАЛДАЖ ЗОДОЛДСОН ГЭВ-

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Яамны хэлтсийн дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Энэ сарын 9-нд Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан. Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээллээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр Зам, тээвэр хөгжлийн сайд ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг.

Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн, УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерийн бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна лээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь “Яаманд тамхи татлаа. Эндээс гарч тамхи тат. Одоо харьцгаа” гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйлс яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил, албан тушаалын маргаан гараагүй юм байна лээ. Тэд хоорондоо маргалдаж, барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед, талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн “Яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй” гэж хэлсэн. Бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан. Үүнээс болж зодоон гарсан байна лээ” гэв.

Б.МАХБАЛ, ЖОЛООЧ Н.ДОРЖПҮРЭВНАР Т.ГОМБОСҮРЭНД ЦОХИУЛЖ ГЭМТЭЛ АВСАНГЭВ

Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртсэн авсан. Тархиндаа гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс нь мөн л хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гаргажээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлэл хийсэн билээ.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Эхний хагас жилд махны экспорт 100 тэрбум төгрөгөөс давлаа

Өнгөрсөн хавар Дэлхийн банк “Монголын эдийн засагт өнгөрсөн 2017-2018 онд эдийн засгийн хүчтэй сэргэлт ажиглагдлаа” хэмээн дэлхий нийтэд зарласан. Харин саяхан ХХААХҮЯ махны экспорт 100 тэрбум төгрөгөөс давсан тухай таатай мэдээлэл хийлээ. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Манай улс сүүлийн жилүүдэд жилд арав гаруйхан мянган тонн мах экспортолсон. Харин өнгөрсөн оноос махны экспорт нэмэгдэж, 2017-2018 онд 28 мянган тонн үхрийн мах, 43 гаруй мянган тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар арав шахам мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, есөн мянган тонн адууны мах, 800 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 500 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Оны эхний зургаан сарын байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспортоос 110 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны зургадугаар сарын байдлаар адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Дээрх мэдээллээс харвал махны экспорт цаашдаа нэмэгдэх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болно. Харин экспортоо нэмэгдүүлэхийн тулд махыг олон улсын жишигт нийцсэн технологиор боловсруулах үйлдвэрүүдийг олшруулах шаардлагатай болно. Засгийн газраас “21:100” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулна. Төлөвлөсөн үйлдвэрүүд ашиглалтад орвол мал аж ахуйн гаралтай экспорт ойрын хоёр жилд дөрөв дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Энэ нь манай хүн амын 30 хувийг хамардаг хөдөө аж ахуйн салбарын малчдын орлого нийслэлчүүдийн дундаж орлогоос хоёр дахин их болно гэсэн үг юм. Гэхдээ 100 үйлдвэр ашиглалтад оруулаад л малчид энэ их мөнгийг халааслахгүй. НҮБ-ын манайд төсөл хэрэгжүүлж байсан ажилтнуудын ярьж буйгаар бол монгол малын гаралтай түүхий эдийн гадаад зах зээл хангалттай бий. Дэлхийн буурай орнуудад хүнсний хомсдол нэмэгдэж байгаа, мөнгөтэй хэсэг нь эрүүл эко хүнсэнд гар татахаа больсон зэрэг нь манай малын гаралтай түүхий эдийн зах зээлд тооцогдоно. Энэ зах зээлд худалдан авах өндөр чадвартай евро бүсийн 600 сая хүн, Японы нийт иргэд, Хятад, Орос, Энэтхэгийн саятнууд хамрагдана.

НҮБ-ын мэргэжилтнүүд үзэж буйгаар монгол малын түүхий эдийг экспортод гаргахад малын эрүүл ахуй саад болоод байгаа юм биш. Малыг эрүүлжүүлэх томоохон арга хэмжээ авчихад л энэ асуудал шийдэгдэнэ. Хэдэн үйлдвэр бариад түүхий эдээ боловсруулах ч тийм хүнд асуудал биш. Хамгийн чухал нь эдийн засгийг зах зээлийн зарчмаар хөгжүүлэх. Дээр нь дэлхийн зах зээлд түүхий эдээ гаргах зөв механизмд төр биш, хувийн хэвшлийнхэн суралцах ёстой гэнэ. Японтой байгуулсан стратегийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш манайхаас гарах экспорт бага зэрэг нэмэгдсэн. Бараа, түүхий эдийн төрөл болон хоёр талын сонирхол, судалгаа ч нэмэгдсэн. “Яагаад экспорт ихээр нэмэгдэхгүй байна” гэсэн асуултад Японы мэргэжилтэн “Өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн. Гэхдээ гэнэт ихээр нэмэгдэхгүй. Одоогийн жаахан гарч байгаа бүтээгдэхүүн ирээдүйд гарах их цувааны замыг нээж байгаа юм” гэж хариулж байна. Эндээс харвал манай махны экспорт өнгөрсөн жилтэй харьцуулахад гурав дахин өссөн нь ирэх жил Засгийн газрын хүсээд байгаа 100 мянган тонн мах гаргах хүсэл биелж болно.

Ирэх долоо хоногт 26 мянган малтай австрали хоньчин манайд ирж, өөрийн бизнесийн туршлагаа бидэнтэй хуваалцана. Махаа яаж боловсруулахаас эхлээд дэлхийн зах зээлд хэрхэн гаргадаг аргаа зааж өгнө. 1990-ээд оноос хойш монгол малын махыг хамгийн ихээр гаргасан тохиолдол энэ жил болох юм байна. Гэхдээ нийт малчдыг хамруулахын тулд мах боловсруулах үйлдвэрүүдийг эхний ээлжид яаралтай ашиглалтад оруулах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.

Ойрын хугацаанд сонсогдох магадлалтай бас нэг сайн мэдээ бол АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй гаргах ноос, ноолууран бүтээгдэхүүний тухай хууль. Сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад америкууд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх, хятадууд хөрөнгө оруулах нь эрс нэмэгдэж байгаа гэнэ. Зарим тохиолдолд АНУ-ын конгресс ямар нэг хөнгөлөлтийн хуулийг зургаан сарын дотор баталж байсан тохиолдол байдаг аж. Хэрэв монголчуудад зориулсан хууль маргааш батлагдвал бид бэлэн эсэх тухай асуулт тавигдана. Монголын мал аж ахуйгаас жилд нийтдээ 40 шахам мянган тонн хонь, тэмээний ноос, ямааны ноолуур гардаг юм байна. Энэ бүхнийг бүтээгдэхүүн болгоод америкуудад нийлүүлбэл нам, төрийг тарааж тавих гээд байгаа Оюу толгой, Таван толгойгоос илүү орлого олно. Гэхдээ мэдээж АНУ-ын конгресс дээрх хуулийг батлаад ерөнхийлөгч нь гарын үсэг зурчихаар энэ их мөнгө орж ирэхгүй. Хуулийг мөнгө болгох эсэх нь монголчуудаас л хамаарна. Өнөөдөр евро бүсэд 7200 төрлийн бараа, бүтээгдэхүүн гаргах эрх бидэнд бий. Гэтэл энэ боломжийг овойж оцойтол ашигласан тухай мэдээ дуулдахгүй арваад жилийн нүүрийг үзэж байна. Харин энэ удаад малчдын ноос, ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах алтан боломж нээгдэж байна. Өнөөгийн байдлаар ноолууран бүтээгдэхүүн дэлхийн аль ч оронд асуудалгүй гарч байна. Малчид ч ноолуураасаа чамлахааргүй орлого олж байгаа. Харин малчдын өвөл, зуны хөдөлмөр болсон 30 мянган тонн ноосны 70 хувь нь анхан шатны боловсруулалт хийгээд л маш хямдаар хятадын зах зээлд гарч байна. Засгийн газрын зүгээс ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт зээл олгох болсон гэдэг. Тэр зээл нь ноос, ноолуур хураагаад, зараад дууссан хойно нь шийдэгддэг гэнэ. Бас нэг сонин тогтолцоо нь өнөөдөр нийслэлд 20 гаруй мянган орон сууц эзэнгүй байхад нөгөө АНУ-ын том зах зээлд гарах ноос, ноолуурын үйлдвэрүүдийн ихэнх түрээсийн жижиг байраар тэнүүчилж, үйлдвэрлэл явуулдаг гэсэн мэдээ бий. Сүүлийн арваад жил эдийн засгийг солонгоруулах тухай улстөрчид амаа цуцтал ярьсан. Харамсалтай нь ярих тусам л уул уурхайн хараат болсон. Оюу толгой, Таван толгойтой бараг бүх улстөрчид ноцолдоно. Харин хөдөө аж аж ахуйг хөл дээр нь босгохын төлөө хөдөөгийн сайд л дуугардаг жишиг тогтсон. Эдийн засаг өнөөдөр солонгорох боломж гарч байгаа. Гэвч улстөрчид чимээгүйхэн суусаар. Учир нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс орж ирэх их мөнгө нь улстөрчдөд биш, малчдад очих учраас л хэн ч хөдлөхгүй байгаа бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхцэцэг: Хариуцлагагүй байгууллагаас болж ийм богинохон амьдралыг өөр хүүхэд битгий үзээсэй

“Хурд” группийн барьж буй “Хүннү” хороололд барилгын туслахаар ажиллаж байсан 17 настай хүүгийн дээрээс өргөгч краны тросс тасран унаснаар хүү амь насаа алдсан билээ. Энэ үйл явдлын дараа барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Түмэндэлгэр” компанийн зүгээс мэдэгдэл хийж, хүүгийн ар гэрээс уучлалт хүссэн юм. Ингээд талийгаач хүүгийн ээж Н.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Талийгаачийн ажиллаж байсан компаниас ирж уулзсан уу?

-Энэ сарын 8-нд миний хүү Г.Уламбаяр осолд ороод цаг бусаар нас барсан. Үүнээс хойш 11 хоног боллоо. Энэ хугацаанд хүүгийн минь ажиллаж байсан барилгын компани, цагдаа, прокуророос ирж уулзаж, янз бүрийн мэдэгдэл өгсөн юм алга. Шүүх цагдаа сар хугацаатай шалгагдана гэсэн. Хэзээ ч дуудсан ирнэ шүү л гэсэн. Иймд цагдаа болон прокурорын байгууллага үнэнийг шүүгээд гаргаад ирэх байх гэж бодож байна. Миний хүү нас барахад өөрийн зүгээс хийсэн буруу зүйл байхгүй. Цаад ажил олгогч нар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ийм харамсалтай хэрэг болсон гэж бодож байгаа.

-Талийгаач Г.Уламбаярын талаар тодруулахгүй юу?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Бага хүү болох Уламбаяр ийм золгүй байдлаар амиа алдчихлаа. 2001 оны долдугаар сарын 14-нд төрсөн, 17 настай байсан. Наадмын дараа төрсөн болохоор дахин дахин баяр нэмж ирсэн гэдэг утгаар ийм нэр өгч байсан юм. Техник технологийн коллежийг энэ жил төгсөх байсан. Үргэлжлүүлэн тус коллежийн авто механикийн ангид ахин элсэн орж суралцана гэдэг байлаа. Миний хүү чинь багаасаа Баянхошууны дэнжид тоглож өссөн. Гэрээсээ гарахгүй. 127 цэцэрлэгээр сурган хүмүүжигдэж, 105-аар сургуулийг төгссөн юм. Дуулна, бүжиглэнэ, хошин мэдрэмж сайтай хүмүүсийг элэглэж байнга инээлгэнэ, ой тогтоолт маш сайн хүүхэд байсан. Ирэх жил “Universe best song”-д оролцоно гээд арваад гадаад дуу бэлдэж байсан юм. Дор хаяж арван дуу сурч байж энэ тэмцээнд орохын байна гээд л дуулдаг байлаа. Маш олон талын мөрөөдөлтэй хүүхэд байсан даа.

-Танай хүү барилгын компанид ажиллаж байгаа талаараа хэлсэн үү. Яагаад барилга дээр ажиллах болов?

-Ер нь бие дааж ажил хиймээр байна. Үе тэнгийн хүүхдүүд амралтаараа ажил хийгээд байна гэдэг байсан.Би л ганцаараа гэртээ байна гэдэг байсан. Нэг найзтайгаа хамт барилгын ажилд орох гээд очиход нь насанд хүрээгүй гээд аваагүй хэмээн наадмын өмнө ярьж байсан юм. Ингэхэд нь ашгүй дээ хэмээн баярласан. Дараа ажил хийнэ гэдгээс нь сатааруулахын тулд гэр бүлээрээ хөдөө яваад ирсэн юм. Хотод ирээд хэд хоногийн дараа би хүнтэй ажил ярьсан байгаа. Удахгүй ажиллаж эхэлнэ гэсэн. Ямар ажил юм гэхэд бас л барилга гэсэн л дээ. Ингэхээр нь өмнө барилгын компани шиг насанд хүрээгүй хүүхэд гээд авахгүй байх л гэж бодсон. Ажилд авсан гэхээр нь өөрийнхөө насанд тохирсон ажил юм байна гэж ойлгосон. Хүүхэд өөрөө ажиллах хүсэл сонирхолтой байхад хориод дийлэхгүй юм байна лээ. Эрүүл саруул биетэй, 180 метрийн өндөртэй залууг гэртээ хүлээд хорилтоо биш дээ.

-Ослын талаарх урьдчилсан дүгнэлт гарсан уу. Танай хүү тухайн барилгын компанид ямар ажил хийж байсан юм бэ?

-Хөдөлмөр хамгааллын номон дээр тухайн компани юу хийлгэхээр авсан тэр ажлыг л хийх ёстой байдаг юм байна. Өөр ажил хийх ёсгүй юм байна лээ. Миний хүү Г.Уламбаяр тухайн барилгын компанид барилгын талбайн цэвэрлэгээний ажилтнаар орсон байдаг. Барилгад ажиллаж буй хүн хамгаалалтын малгай өмсөх ёстой байдаг юм байна. Энэ малгайн найман килограммын жинтэй зүйлийн цохилтыг тэсвэрлэх хийгддэг байна. Краны техникийг гурван сар тутамд шалгаж байх ёстой байдаг гэнэ. Эрсдэлтэй тохиолдолд байнга сольж янзалж байх ёстой аж. Мөн краны өргөх ёстой даацыг цаанаас заагаад өгдөг юм байна. Кран ямар нэг зүйлийг өргөхөд даац нь хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг гэсэн. Ачааны машин дээр байсан хоёр чингэлгийг өргөх гэж байсан краны тросс тасарч миний хүүгийн толгой дээр унасан байгаа юм. Гэтэл хүүг минь өөрийн үүрэгт ажлаа хийж яваад амиа алдсан гэх мэдээлэл яваад байгаа. Хэрвээ үүрэгт ажлаа хийж байсан бол тухайн өдөр барилгын талбайн цэвэрлэгээгээ л хийх ёстой байсан. Хэн нэгэн л үүрэг өгөөд л краны зөөх гэж байсан чингэлгийн оосорлогч юмуу дохионы ажил хийлгэхээр тухайн чингэлэг өөд гаргасан байх.

-Хүү ажлынхаа талаар танд ярьдаг байсан уу?

-Ядахдаа хамгаалалтын малгайгаа өмссөн байсан бол хүү минь өдийд амьд ч байх байсан юм билүү. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж ч байж болох байсан. Гэтэл хамгаалалтын малгайгүйгээс краны тросс төмөрт тархи нь хагартал цохиулаад газар дээрээ нас барчихлаа шүү дээ. Найз нөхдөөрөө гуйлгаад барилгын компанид ажилд орсон нь үнэн. Гэтэл цэвэрлэгээ хийлгэнэ гэж авчихаад оосорлогч, дохиочин хийлгэсэн юм шиг байна лээ. Өдөр бүр л хүүгээсээ юу хийснийг нь асуудаг байсан. Хүүдээ байнга л ажлаа сайн хийгээрэй,чанартай хий чамд туршлага болно гэж байнга захидаг байлаа. Хэрвээ хог л цэвэрлэх ажил гэж бодож, чанартай хийхгүй бол болих хэрэгтэй гэж би хэлдэг байсан.Хоёр удаа илүү цагаар ажиллаж оройтож ирсэн. Тэгэхэд нь хүртэл яагаад насанд хүрээгүй хүүхдийг хоногоор ажлуулаад байгаа юм гэж байсан юм. Эцсийн эцэст хүүгээ хүний төлөө ажлаа сайн хий, үгэнд сайн орж байгаарай гэж захисан минь л их буруу боллоо гэж өөртөө гомдож сууна. Чадахгүй гэдэг үгийг амнаасаа бүү гарга, чадахын төлөө чадахгүй байгаа зүйлээ хүмүүсээр заалга гэдэг үгийг мөн ч их захисан даа. Энэ л миний алдаа юм болов уу гэж бодох юм.

-Хүү энэ жил сургуулиа төгсөх байжээ. Цаашдын мөрөөдлийнхөө талаар ярьдаг л байсан байх?

-Бүхнийг хүн доороос нь эхлэх ёстой тэгж байж л амжилтад хүрдэг. Хэдэн ном үзээд мэргэжил болохгүй гээд коллежид оруулсан юм. Энэ Техник технолгийн коллежийн Засварын ангиа төгсөөд, үргэлжлүүлээд механикийн ангид суралцана гэдэг байсан. Сургуулиа төгсөөд Японд техник технологи их хөгжсөн улс учраас тэнд очиж бакалавраар суралцана гэдэг байлаа. Японоос ирсэн эгчтэйгээ хүртэл энэ талаараа ярилцсан байна лээ.

-Туслан гүйцэтгэх компани хэвлэлийн хурал хийж та бүхнээс уучлалт гуйгаад байсан. Талийгаачийн буяны ажилд туслалцаа үзүүлсэн үү?

– Туслан гүйцэтгэх компани хүүгийн оршуулгын ажилд зургаан сая таван зуун мянган төгрөг өгсөн гэсэн. Би яг сайн мэдэхгүй байна. Албан ёсоор надтай бол хэн ч ирж уулзаагүй. Байшин барилгыг барих гэж газрын худалдаж авсан компани “Хурд групп” шүү дээ. Иймээс тухайн барилгын ажил эхлээд дуусах хүртэл яаж ажиллах, юуг хаана төсөвлөсөн гээд тооцоолж тогтоосон байгаа байлгүй дээ. Гэтэл “Хурд групп”-ийн барилга гэх мөртлөө тэнд юу болсныг бид мэдэхгүй. Туслан гүйцэтгэх компани л мэднэ гэсэн ямар ч уялдаа холбоогүй юм ярьж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна.Тухайн барилгын талбайд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн хамгаалалтын аюулгүй байдал гэдгээс бүхий л шатны ажилчдын аюулгүй байдлыг хянаж ажиллах ёстой биз дээ. Зөвхөн манай бараа материал хангадаг компани гэж байсан.

Тухайн компани ямар бараа бүтээгдэхүүн яаж хангаж яаж ажиллаж байна гэдгийг “Хурд групп” хянах ёстой биз дээ. Өмнө “Хурд групп”ийн барилгын талбайд осол гарч байсан юм билээ. Анхны осол гаргахад техник болон ажилчдын аюулгүй байдлыг хангах дахиж ийм харамсалтай зүйл гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Алдаагаа огт засаж залруулахгүй байгаагын том жишээ нь миний хүү боллоо. Яагаад миний хүүд хамгаалалтын малгай өмсгөж болоогүй юм бэ гэсэн. Ер нь туслах ажилтан ороход өөрсдөө хувцсаа бэлд гэдэг ш дээ гэх хариулт өгч байна лээ. Авсан хэд хоногийн цалингаараа хувцас аваад явах хүн байх уу.

-Хүүг тань осолдсон талаар хэдэн цагийн үед, хэн мэдэгдсэн вэ?

-Тухайн өдөр зургаан цагийн орчимд гадуур явж байгаад гэртээ орж ирсэн юм. Хүүгийн тарах цаг нь болж байсан учраас хоолоо хийх бэлтгэлээ хийж байсан. Энэ үеэр миний утас дуугараад таны хүү бэртчихлээ, та яаралтай ир гэсэн. Зөөх гэж байсан хоёр чингэлгийн урд талын чингэлэг дээр миний хүүгийн тархи нь байхгүй, тэр хавийн газраар цус нь гол шиг урсаж байсан. Чингэлэг дээр миний хүү зогсож байсныг хараагүй гэсэн тайлбар хэлсэн.

-Хамгийн сүүлд хүү нь юу гэж хэлээд гарсан бэ?

-Тэр өглөө эрт боссон. Учир нь өмнө өдөр нь амарсан юм л даа. Сургуулиа төгсөөд дахиж сурахгүй. Ажил хийнэ гээд ширээн дээр хоолоо идээд сууж байсан. Тэгэхэд нь би нуруугаар чинь насны онцлог гээд яасан их юм гараа вэ гэсэн чинь харин нуруугаар л гараад, нүүрээр огт гарахгүй байна. Тэгээд л хоолоо идэж дуусаа л ажилдаа явна гээд хувцсаа өмсөөд гүйгээд гарсан аа. Өө, ээждээ үнсүүлэхээ мартчихаж гээд буцаж орж ирээд үнсүүлээд гарсан.

-Техник технологи талдаа маш сонирхолтой хүүхэд байж дээ?

-Жолооч нар хүртэл миний хүүг гайхаад байдаг байсан. Техник сэтгэлгээ сайтай хүүхэд байна. Танай хүү ШУТИС-д сурдаг уу айхтар мэдлэгтэй хүүхэд юм аа. Хоёр хүүгээ хэний ч өмнө биеэ даах чадвартай, хүнтэй харьцах соёлтой, өөрийн гэсэн боловсрол мэргэжилтэй, нийгмийн дотор өөрийгөө зөв авч явдаг хүн болгохын төлөө л амьдарч байна. Миний талийгаач бага хүү архи тамхи хэрэглэхгүй,гадуур хий дэмий цаг нөхцөөж явдаггүй, цагийг асар их хайрладаг хүүхэд байсан.

-Хүү нь чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

-Өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй байна. Найзуудаараа мөнгө нийлүүлж хэдэн цаг заал авч тоглоно. Өөр чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх газар огт алга байна. Заримдаа тархи сайн амраадаг гээд надтай хатгамал байнга хатгана. Хамт хатгаж байсан муурын хатгамал нь тэнд байж л байна. 15-17 насны хөвгүүд чинь бие хүн болчихсон болохоор ажил хийнэ гээд байдаг юм байна. Гэрт, хашаанд хашигдахгүй. Бие бялдар, оюун санаа нь тэлж буй хүүхдийг яаж боогоод байх юм. Гэтэл хөвгүүдийн ийм насанд таарсан ажил байх ёстой байхгүй юу. Манай улсад хүүхдийг хөгжүүлж ажилд сургах ямар ч газар алга. Олон хүний дунд ажил үзэг л гэж бодсон. Түүнээс сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлээ хийх гэж ажил хийлгээгүй.

-Та өөрийн гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Миний нөхөр Я.Ганбаатар нь Архангай аймгийн уугуул хүн. Политехникийн дээдийг механик мэргэжлээр төгссөн. Насаараа техник, технологиор ажилласан хүн байгаа. Гэрт суухаар хүү минь бодогдоод хэцүү байна гээд ажил хийж байгаа. Юм л хийхгүй бол хүүгийн минь хэлж, ярьж байсан бүх зүйл харагдаад хэцүү байна гээд л одоо ажилдаа явсан байна. Төрсөн ах 127 цэцэрлэгээр хүмүүжиж, 105 сургуулийг төгссөн. Мөн л Техник технологийн коллежийг сантекникч гагнуурчин мэргэжлээр төгсөөд өдгөө Төмөр замд ажиллаж байна. Би Төв аймгийн уугуул хүн. Хавдар судлалын төвд асрагчаар ажиллаж байгаад хувиараа бизнес эрхэлж эхэлсэн. Одоо хувиараа бариа засал хийдэг. Иймээс хүүхдүүдээ багаас ямар нэгэн өвчин зовлон хүрсэн ч эмчлээд өдийг хүргэсэн. Ингэж өдийг хүртэл эрүүл саруул өсгөсөн юм чинь амиа алдана гэж огт бодож байсангүй. Том хүү маань тусдаа амьдраад гурван жил болж байна. Иймээс бага хүү гал голомтоо сахиж үлдэх байсан. Аав, ээж нь хүүдээ энэ байшингаа өвлүүлж үлдээнэ гэхээр байшингаа ингэж шинээр барина. Хашаандаа ийм зүйл хийнэ гээд л их мөрөөднө. Өөрийн гэсэн машины салон нээнэ гэх мэт олон мөрөөдөл байсан даа. Байр аваад ингэж амарна гэхээс илүү өөрөө л хийж бүтээнэ гэдэг хүүхэд байсан.

-Хүүгийнхээ найз нөхдийг харж өөрийгөө тайтгаруулж байгаа байх даа?

– Шүдээ зуугаад явж байна даа. Хариуцлагагүй албан байгууллагаас болж ийм богинохон амьдрлыг өөр хүүхэд дахин бүү үзээсэй гэж бодож байна. Өвдөж зовоод өнгөрсөн бол үнэхээр хэлэх юм алга. Гэтэл эрүүл саруул өссөн үр минь ингээд байхгүй болчихлоо гэхээр л хатуу байна. Одоо хүсэж буй ганц зүйл нь хууль хяналтын байгууллага энэ хэргийн үнэнийг гаргаад ирээсэй гэж хүсэж байна. Харин тэр нэг ядарсан кранчин, ажилтанд энэ хариуцлагыг бүү хүлээлгээсэй гэж хүсэж байна даа. Хүүгийн минь оршуулах ёслол дээр найзууд нь ирж үг хэлсэн. Нэг найз нь…

Уулзах газар Улаан-Үд

Уралдах машин унадаг дугуй

Ухаарал хайралдаг нь Улака шүү …гэж байсан. Найз нараа эцэг, эхийн мөнгөөрөө архи тамхи хэрэглэх гэлээ гээд байнга уурлаж загнадаг байсан гэсэн. Буруу зүйл хийхгүй байхыг найзуудаасаа байнга шаарддаг байсан гээд л найз нар нь уйлж байсан. Манай арын хоосон хашаа зарагдаж байгаа. Мөнгөтэй бол манай хашааны ар талд байгаа газрыг худалдаж аваад сагсны талбай л байгуулмаар байна. Хүү минь заал авахын тулд ээж ээ мянган төгрөг байна уу, өнөөдөр би заал даана гэсэн юм гэдэг байсан. Иймээс хүүхдүүд чөлөөтэй тоглодог сагсны талбай байгуулчих юмсан. Ядаж хүүхдүүд ард шуугиад хүү минь хажууд байгаа юм шиг сэтгэлээ тайвшируулж суух юм даа. Мөн олон хүүхэд тоглох талбайтай болно шүү дээ. Ийм л зүйл бодож сууна даа. Мөнгө төгрөгний боломж байхгүй л дээ. Гэхдээ биелүүлэх гэж зорино.