Categories
мэдээ нийгэм

Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй болон 15,2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг хэрэгт буруутган шалгаад эхэлсэн билээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тодруулбал, Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрчээ. Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-д засуулсан 16 вагоны 15,2 тэрбум төгрөгийн хэргийг ч бас хамруулан шалгахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохиолоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Говь-Алтай аймагт “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад Алтай, Дарив, Шарга сумдын 30 иргэн хамрагдсан аж. Тэдгээр иргэдэд гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшшүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Стамфорд” гэх сүлжээний гэмт хэргийг цагдаа нар шалгаж байна

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан баг долоон мянган хохирогчтой, сүлжээний гэмт хэргийг шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Стамфорд” гэх сүлжээний бизнес нэрийн дор бусдаас 100 гаруй тэрбум төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа аж. Хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр залилуулсан мөнгөний тоо ч хэдэн саяар өсч байгаа гэнэ.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар “Стамфорд” залилангийн хэрэгт хохирсон иргэд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг элсүүлж хохироосон тохиолдол бүртгэгдсэн. Бүр нэг сумын ЗДТГ-ын ажилтнууд хуурамч сүлжээнд элсэн орж, хохироод байгаа гэнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд сүлжээний бизнес гэх нэрийн дор иргэдээс хэдэн тэрбум төгрөгийг залилах гэмт хэрэг арав гаруй удаа гарсан. Амар хялбар аргаар мөнгө олъё гэсэн иргэдийн сэтгэлгээнд тулгуурлан сүлжээний гэмт хэрэг гаарч байгааг хууль хяналтын байгууллагынхан онцолж байв.

Үүний нэг жишээ нь “Жи Тайм” сүлжээ. Уг сүлжээний улмаас 500 гаруй хүн дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон билээ. Үүний дараагийн маш их хэмжээний хохирол учруулсан “Стамфорд” гэх сүлжээний бизнес аж. “Стамфорд” гэх сүлжээний бизнес нэрийн дор бусдаас 100 гаруй тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт нэгэн гэр бүлийг буруутгаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар Алтансувд, Ариунбилэг, Бат-Өлзий гэх хүмүүсийг шалгаж байгаа гэв.

ХӨРӨНГӨ ОРУУЛСАН МӨНГИЙГ ЧИНЬ АРИЛЖААНД ОРУУЛЖ ОЛСОН АШГААСАА ХУВЬ ӨГНӨ ГЭЖ ЗАЛИЛЖЭЭ

“Стамфорд” компанитай түншлэлийн гэрээ байгуулснаар мөнгөө эрсдэл багатай өсгөх таатай боломжтой гэдэг саналыг иргэдэд тавьдаг аж. Тухайлбал, хөрөнгө оруулалт хийхэд таны мөнгийг арилжаанд оруулж олсон ашгаасаа танд хувь өгөх зарчмаар ажилладаг байна. Тухайлбал хоёр сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 10 хувь, зургаан сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 14 хувь, нэг жилийн хугацаатай хийвэл сарын 20 хувийн ашиг авна. Гэрээний хугацаа дуусахад анхны хөрөнгө оруулалтынхаа мөнгийг компаниас буцааж авдаг. Энэ нь 1000 ам.доллар жилийн хугацаатай хийхэд сар бүр 200 ам.доллар авна. Жилийн хугацаанд нийтдээ 2400 ам.доллар авна. Мөн анхныхаа 1000 ам.долларыг буцааж авна. Мянган доллар тань жилийн хугацаанд 3400 ам.доллар болно гэх мэтчилэнгээр иргэдийн тархийг “угааж” сүлжээний бизнес явуулдаг байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан “Сүлжээний бизнест итгэж болохгүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс таныг хуурч мэхэлж байна гэдгийг анхааруулж хэлсээр байгаа. Гэвч иргэд цагдаагийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлгийг үл тоомсорлон мөнгө, эд хөрөнгөө бусдад залилуулж байгааг эх сурвалж хэлж байсан юм.

Т.Наранчимэг: ТӨРСӨН ЭГЧ, ДОТНЫ НАЙЗЫГАА ХҮРТЭЛ ХОХИРООЧИХЛОО

“Stamford” сүлжээний бизнест хохирсон иргэдийн нэг болох Т.Наранчимэгтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Та “Стамфорд” сүлжээнд нийт хэдэн төгрөгөө алдсан бэ?

-Би анх 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгө 1300 ам.долларболж өснө гэж тайлбарласан. Дараа нь миний дансанд тэр мөнгө нь орж ирсэн. Гэхдээ авч болохгүй байлаа. Тэгээд би нэмж 5000 ам.доллар хийсэн. Дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард 2000 ам.долларын хөрөнгө оруулалтаа хийсний дараа сайт нь ажиллахаа больсон юм. Нийтдээ 8000 ам доллар гэсэн үг. Шалтгааныг нь бидэнд засвартай байна гэж холбогдох хүмүүс тайлбарласан. Удалгүй сайт ажиллаж бидний ногдол ашиг ихэссэн ч тэр мөнгийг хөрвүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Анх яагаад “Стамфорд” сүлжээний бизнест хөрөнгө оруулсан бэ?

-Эхэндээ хөрөнгө оруулалтын компани нэрийдлээр манай эгч анх “Стамфорд”-ын талаар хэлсэн юм. Би оруулсан хөрөнгө оруулалтаасаа долоо хоног бүр ногдол ашиг хүртэж байгаа, чи элсэхгүй юм уу гэсэн. Тэгээд би элссэн. Өнгөрсөн өвлийн турш ашигтай ажилласан гэж хэлсэн. Тэгээд хавар бидний дунд 20 хувийн урамшуулал зарлалаа. Тэр үед хүмүүс хуйларч байгаа бүхнээ шавхаж хөрөнгө оруулсан. Тэгээд би ажлынхаа нэг найз, төрсөн эгчийгээ элсүүлсэн юм.

-Одоо эгч, найзууд чинь юу гэж байна?

-Одоо манай гэрийнхэн хоорондоо их зөрчилтэй болсон. Манай эгчийн нөхөр намайг үзэн ядаж байна гэдгээ олон удаа хэлж, дарамтлах болсон. Найз маань ч холбоогоо тасалсан. Тэд бас ойрын хүмүүсээ элсүүлсэн. Мөн л над шиг эвгүй байдалд орчихсон байгаа юм байна лээ.

-Та яагаад сүлжээний бизнест орсон юм бэ?

-Цалингаас гадуур нэмэлт орлоготой болохыг хүссэн. Хүн болгон л тэгж боддог шүү дээ. Манай эгчийн найз бүр зөвхөн цахимаар холбогдсоор адвкаш төлбөрийн системээр хоёр сая төгрөгөө татуулсан гэсэн. Ингэж шилжүүлэг хийхдээ мөнгөө зөвхөн найзынхаа үгэнд итгээд л явуулсан гэж байсан. Эхний хоёр сар хөрөнгө оруулсны ашиг гэж 500 орчим мянган төгрөг дансанд нь орж ирсэнд танил маань улам “хорхойсч” дахин нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Одоо хүртэл “Мөнгө орж ирнэ ээ” гээд хүлээж сууна лээ. Би угаасаа дахиж мөнгө орж ирнэ гэдэгт итгэхээ больсон.

-Алдсан мөнгөө яаж эргүүлж авъя гэж бодож байна вэ?

-Үнэхээр арга мухардаад байна. Мөнгө орж ирнэ гэж хагас жил хүлээлээ. Хууль хяналтын байгууллага шалгаад үнэн зөвийг нь тогтоож, биднийг хохиролгүй болгох байх гэж итгэж найдах үлдээд байна даа гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Гурван улсын эдийн засгийн чуулганаар 1.3 тэрбум төгрөгийн гэрээ хийв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо наймдугаар сарын 17-19-нд болсон БНХАУ, Монгол, ОХУ-ын Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалтаар Монгол Улсаас 130, БНХАУ-аас 800, ОХУ-аас 38 компани оролцож, 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 10 дахь удаагаа зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Хөрш 3 орны бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятад, Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссуудын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ ирүүлснийг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Гөү Пинванд гардуулсан юм. Чуулга уулзалтын хүрээнд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн IV зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн арга хэмжээ тус тус боллоо. Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлагын үеэр Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ли Пинчитэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын экспортлогчид хамгийн сайн зах зээлээр БНХАУ-ыг нэрлэжээ

Дотоодын компаниуд гадаад зах зээлд гарахад ямар дэмжлэг хэрэгтэйг тодорхойлох судалгааны төслийн тайлангийн хэлэлцүүлэг уулзалт МҮХАҮТ-д боллоо.

Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол Улсын Худалдааг дэмжих төслийн (TRAM) судалгаанд оролцогчдын 60.8 хувь нь БНХАУ, 34.2 хувь нь Европын Холбоо, 30.0 хувь нь Япон, 28.3 хувь нь ОХУ болон ЕАЭЗХ, 21.7 хувь нь БНСУ, 16.7 хувь нь Хойд Америк руу экспорт хийхэд хамгийн сайн зах зээл гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогчид ачаа тээврийн зуучлагчид тодорхой зах зээлийг (ОХУ, Хятад, Казахстан гэх мэт) дагнан ажиллах тал дээр дутагдалтай байгаа бөгөөд ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжсэн энэ төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортлогч болон боломжит экспортлогч нарт үзүүлэх дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлох мөн МҮХАҮТ болон бусад байгууллагууд үр дүнтэй үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Судалгааны тайланг TRAM төслийн хувийн хэвшлийн ахлах зөвлөх Тоби Филпотт танилцуулсан бөгөөд уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд учирсан саад бэрхшээлийг тодруулж цаашид асуудал бэрхшээлийг шийдвэрлэх хувилбаруудыг тайлбарлав. Судалгаанд оролцогч 132 компаниийг салбараар нь авч үзвэл, 25 хувь нь ноос ноолуурын, 9 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 7 хувь нь аялал жуулчлал, 7 хувь нь арьс шир, мөн 7 хувь нь нэхмэл бүтээгдэхүүний салбараас хамрагдав. 9 хувь нь салбараа тогтоогүй байна.

Судалгааны чиглэл нь экспортын зах зээл, экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа, экспортлогч аж ахуйн нэгжийн мэдлэг, чадвар, боломжит нөөц боломжууд зэргийг хамарсан байна. Судалгаанд оролцогчдын 82 хувь нь экспортлогч байсан бол 14 хувь нь экспорт хийх сонирхолтой болон боломжит экспортлогч аж ахуйн нэгжүүд байв. Гэвч судалгаагаар боломжит экспортлогчдод ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодорхойлох боломжгүй байсныг онцлов. Экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацааны талаарх санал асуулга экспорттой холбоотой зохицуулалт, хууль эрх зүйн нөлөөлөл гэсэн үндсэн хоёр асуудалд төвлөрсөн байна. Экспортын баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалттай холбоотой хэд хэдэн асуултыг асуухад судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 70.2 хувь нь экспортын баримтыг Дэлхийн банкны Бизнес Эрхлэх судалгаагаар таамаглаж байснаас хурдан хугацаанд авдаг гэсэн боловч багагүй хэсэг нь (14 хувь) ажлын 10 эсвэл түүнээс олон өдөр зарцуулдаг хэмээн хариулжээ. Үүнээс гадна үйл ажиллагаанд зарцуулж буй судалгаа нь гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад зарцуулах хугацаа, тээврийн хэлбэрүүд, ачаа зуучлалын зах зээл дэх өрсөлдөөн зэргийг хамруулсан байна.
Судалгаа болон зорилтод бүлгүүдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахад экспорттой хамаарал бүхий дараах асуудлууд тавигджээ. Үүнд бодлогын орчин, хууль эрх зүй, зохицуулалтын орчин, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэх нөхцөл, зохистой ур чадвартай хөдөлмөр эрхлэгчид боломжийг гаргаж өгөх, экспорттой хамааралтай санхүүгийн бүтээгдэхүүний, технологи инновацийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтэц, тээвэр зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн удирдлагыг сайжруулах зэрэг асуудал багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн 60 хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумдын нутгаар муу байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2-р арав хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

42% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

21% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нутгийн 60 хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Увсын Завхан, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр,Архангайн Хайрхан, Өгийнуур, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт, Хэнтийн Дархан, СүхбаатарынУулбаян, Өмнөговийн Баяндалай сумд орж байна.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлддэггүй онцлогтойг мөн харгалзан үзэх шаардлагатай аж.

Categories
мэдээ нийгэм

Зургаан настнуудын бүртгэл энэ долоо хоногт дуусна

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-оос эхэлсэн. Тодруулбал, энэ жил шинээр нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэл 10 хоног буюу наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдах юм. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх аж.

Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй. 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34.368 хүүхэд элсэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн наадамд азарга түрүүлгэсэн сумын алдарт уяач Б.Баттөрийнх

Төрийн наадамд хурдан хүлэг сойж түрүү магнай болгоно гэдэг тэр бүр аавын хүүд заяах хув тохиол биш л дээ. Тэр дундаа адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд торгон жолоо өргүүлнэ гэдэг том хувь заяа. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс шигшигдэж цугларсан алтан тууртууд Хүй Мандалын ногоон дэнжид тоос өргөхөд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, сумын алдарт уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга тод магнай болж, торгон жолоо өргүүлж нутаг орныхоо нэрийг улс даяар цуурайтуулсан.

Малчин ардын адуу улсын наадам битгий хэл, аймгийн наадамд ч айраг амсах нь ховордсон өнөө цагт 27 настай залуу азарга сойж төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн нь хурдан морь сонирхогч хэн бүхний баяр бахдалыг төрүүлж, олны ярианы гол сэдэв болоод байна. Наадмын талаарх хууч яриа хараахан татарч амжаагүй энэ үед сумын алдарт уяач Б.Баттөртэй уулзахаар Төв аймгийн Угтаалцайдам сумыг зорилоо. Улаанбаатараас гарч 150 орчим километр давхиад сумын төвд очиж зорьж яваа айлаа захын хүнээс сураглахад сумын төвийн зүүн урд дэнжид байрлах айлуудын зүг заасан юм.

Б.Баттөрийн хот айл

Угтаалцайдам сумын төвөөс урагшаагаа хоёр километр орчим зайд Б.Баттөрийнх зусч байна. Эднийх шинэхэн таван ханатай хоёр гэр эгнүүлээд барьчихжээ. Наадмын дараа намрын ажилдаа ханцуй шамлан орохоор зэхэж байгаа бололтой. Хөх өнгийн портер болон ногоон падыг ажилд тоноглоод орхичихож. Гэрүүдийн урд төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азаргаа саравчинд нь уячихсан байгаа нь хариулт уяаг нь хийж байгаа бололтой. 60 орчим насны хөх фудволктой эр бидэнтэй мэнд мэдэлцэж угтсан нь Баттөрийн аав Г.Баянжаргал гуай ажээ.

Гэрт ороход эднийхэн халуун ам бүлээрээ цуглачихсан байна.

Хоймортоо хурдан халиун азарганыхаа медалиудыг туузанд хадаад өлгөчихсөн байх юм. Хоёр талаар нь сураар гоёмсог зангидсан хазаар, чөдрийг гэрийн унинаас өлгөж өгсөн нь нүдэнд туслаа. Гэрийн эзэгтэй дээр үеийн бараг л айл бүхэнд байдаг төмөр улаан халуун савнаас цай аягалсан нь эгэл жирийн малчин монгол айлд саатсаныг сануулах шиг.

Б.Баттөрийг гэрийнхэн нь Улаанаа гэж дуудах юм. Улаанаагийн хүүхэд нас Уушги хайрхан, Сонинхангай, Номгон зэрэг уулсын өвөр бэлд орших Угтаалцайдам сумын төвд өнгөрчээ. “Хүүхэд байхдаа сумандаа хурдан улаан, хээр адуугаараа алдартай Дагва ахынхаа морьдийг унаж, арай жаахан томдоод ирэхээсээ эмнэг адууг нь сургаж, уяа сойлгынх нь ажилд тусалж эрийн цээнд хүрсэн дээ” гэж сумын алдарт уяач бага насаа дурссан юм. Угтаалцайдам сумандаа дунд сургуулиа дүүргэсэн Баттөр Улаанбаатар хотыг зорьж “Газарчин” дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын инженерийн ангид элсч уурхайчин болохоор сэтгэл шулуудсан байна. Өвөл нь хичээл сургуульдаа анхаарчхаад, зуны дэлгэр цагт нутагтаа ирж морь малынхаа дэргэд өнждөг байжээ.

“Аав, ээж маань хурдан мориноос хол улс. Миний өвөө Гунаажав гэж Завхан, Говь-Алтай аймгуудын наадамд их морь түрүүлгэж байсан, хурдан, жороо моринд үнэ хайрладаггүй хүн байлаа. Сайхан хүлэгт гар татдаггүй занг нь би яг дуурайсан даа. Оюутан байхдаа нийслэлийн алдарт уяач Баатарцогт ахаас шарга хязааланг нь Булганы Гурванбулагийн наадамд айрагдаад байхад нь худалдаж авч байсан. Монгол Улсын алдарт уяач С.Ганхуягийн хурдан хүрэн буурал азарганы төл шарга хязааланг ах маань моринд хайртай сэтгэлийг минь ойлгож 2.5 саяд хямдхан өгч байсан” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд амжилттай суралцаж сургуулиа онц дүнтэй, улаан дипломтой төгссөн залуухан боловсон хүчинг “Шивээ-Овоо” компани урилгаар ажиллуулжээ. Б.Баттөр Монголын томоохон уул уурхайн компаниудын нэгэнд ажиллаж цалин, хөлс хангалттай авч байсан ч говийн амьдралд нэг л дассангүй. Наадам дөхсөн өдрүүдэд худалдаж авсан шарга хязаалан нь зүүдлэгдэхэд ажлаа өгөөд нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна.

“Дээд сургууль төгсөж сайхан ажил, мэргэжилтэй болсон хүү маань чимээгүй байж байгаад нэг өдөр ороод ирсэн. Ажлыг нь асуухад нэг их юм дуугараагүй. Би ч хүүгээ дуртай юмаа хийхэд хориг тавиагүй. Хүн ер нь дур сонирхолтой зүйлийнхээ төлөө тууштай явахад амжилтад хүрдэг учиртай” гэж Г.Баянжаргал гуай хэлсэн юм.

Сумын наадам тулчихсан үед шарга хязаалангаа уясан нь мултраад уралдуулж чадаагүй байна. Харин Сүхбаатарын Халзан сумын аймгийн алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн адуу зарж явахад нь туранхайвтар эмнэг халиун шүдлэнг байдсан гүүгээр сольж авчээ. Өнөө жилийн төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азарга ингэж л Б.Баттөрийн уяанд ирсэн түүхтэй.

“Сүхдоржийн Гомбосүрэн гэж Сүхбаатарын Халзан сумандаа олон хурдан адуугаараа алдартай мундаг уяач ах бий. Бид ч худ ургийн улс л даа. Адуу зарж явахад нь ахаасаа халиун шүдлэн үрээ авч сургаж уяж эхэлсэн дээ” гэж сумын алдарт уяач Б.Баттөр ярих.

Хүлэг эзнээ олбол хурдалдаг гэж үг бий. Дээгүүрээ энэ цагийн бас л домог болсон хүлэг Тэргүүн хонгортой холбоотой халиун үрээгээ хязаалан насанд нь Угтаалцайдам сумын иргэн Ю.Ганпүрэвийн мянгат малчны наадамд уралдуулсан нь аман хүзүүдэж уяач, хүлэг хоёрын өм нээгджээ. Тэр жилдээ ойр орчмын сумдын том жижиг хэд хэдэн наадамд уралдаж айраг түрүү авсан байна. Харин соёолон насанд халхын хурдан хүлгүүдтэй шандсыг нь сорьж, нутаг орныхоо нэрийг зарлуулахаар 24 настай залуухан уяач Баттөр “Дүнжингарав” наадмыг зорьсон аж.

“Ойр хавийн сумдад дийлж уралдаад байхад нь Дүнжингаравт очиж үзье гэж зориг гаргаад сумаасаа гарч байлаа. Зорьсон газраа ч саадгүй сайхан явж хүрсэн. Соёолон эргээд газрын талд хүрч байхад “Угтаалцайдам сумын уяач Баттөрийн халиун соёолон 17-руу орж ирлээ” гэж тайлбарлагч зарлахад нь л зорилго биелчихлээ гэж их баярлаж билээ. Гэтэл дайрч явсаар байгаад айргийн дөрөвт хурдалж их баярлуулсан даа. Хожим нь эрлийзүүдийг ялгаж хасахад халиун маань түрүү соёолонгоор тодорч байсан даа. Халиун бид хоёр том довноос анх удаагаа айраг амссан нь тэр” гэж уяач Баттөр уяач Дүнжингарав уралдаанд түрүүлж байсан тухайгаа хуучилсан.

Төрийн наадмын түрүү “Бидэрт” халиунтайгаа

Дүнжингаравт дийлж уралдсан халиун соёолон морь сонирхогчдын анхаарлыг гойд татаж, хурдан моринд хайртай хэн бүхэн гар таталгүй үнэ хаялцаж байсан гэдэг. Харин Баттөр уяачид хурдан хүлгээ арилжих бодол байсангүй. “Дүнжингарав түрүүлсний дараахан ойр тойрны моринд хайртай ах дүүс зараач гэж олон ч удаа хэлж байсан. Би ч адуугаа таньчихаад уяаных нь эв олж хараахан амжаагүй байсан болохоор тэр бүгдэд татгалзсан хариу хэлж байсан” гэж ярилаа. Дүнжингаравт түрүүлсэн зун нь халиун азарга ханиад хүрч сайн давхиж чадаагүй байна.

2016 онд улсын их баяр наадамд анх удаагаа сойж Цагаан хөтөл хүртэл эхний 20 дотор давхиж байхад нь ханиад нь гүйцэд эдгээгүй азаргаа аваад үлдчихсэн байна. Нутагтаа ирсэн даруйдаа эмчилгээ хийгээд долдугаар сарын сүүлчээр Зүүн бүсийн хурд наадамд уралдахаар Хэнтий аймгийг зорьжээ.

“Зүүн бүсийн хурд болоход хүү маань унаач хүүхэд ч байхгүй халиун азаргаа аваад Хэнтий явсан. Сүхбаатарын Амараа гэж уяачийн хүүг нь гуйж унуулаад хурдтай нутгийн бүсийн наадмын айргийн дөрвөөр хурдалж Хэнтийнхнийг баярлуулсан” гэж Г.Баянжаргал гуай ярив.

2018 он гарахад Б.Баттөр уяач “Бидэрт” халиун азарганыхаа уяа сойлгын эвийг сая нэг сайн тааруулж сурчээ. Дүнжингараваас өөр уралдаанд сойсонгүй. Тэвчээртэйхэн хүлээж байгаад улсын наадамд жинтэйхэн тавихаар төлөвлөсөн байна. Угтаалцайдамд ч хавар эрт тавдугаар сард л ногоо гарч тарга тэвээрэг сайтай бярдаж уралддаг халиун азарганы уяа сойлго эвлэг сайхан таарчээ. Уяач, азарга хоёрын олон хоног хүлээсэн төрийн наадам ч хаяанд ирж дунд сунгаа Цагаан хөтөлд болоход айргийн дөрөвт хурдлаад буцсан аж.

Долоон сарын есөнд сумаасаа гарахдаа Хөвсгөлийн Түдэндоржийн Болдбаатарын халиун азарганы уяа сойлгыг тааруулдаг Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ уяачтай холбогдож Жаргалантын аманд хамтдаа буудаллажээ.

“Наадмын өмнө бороотой байхад нь халиуныгаа нэмнэж байгаад уралдах өдрийн өглөө авахад өнгө зүс нь засраад сайхан харагдаж байсан шүү. Эхний аравт бол найдвартай. Бороо шивэрч байхад “Халиун маань тарган мордож байгаа. Балчигтай, газар татуургатайд бярдаж уралдаад айрагдчих юм биш биз гэж” дотроо горьдож зогссон доо” гэж уяач нь хэлэв.

Цагаан хөтөл уруудаад ирэхэд халиун азарга цээжинд гарч нутаг ус, аавынх нь нэрийг орон даяар зарлахад залуухан уяач Баттөр туршлагатай унаач хүү Атарбаярын Буянжаргалдаа итгэж “Айрагдуулчихаасай даа” гэж залбирч, уул усандаа сүсэглэж байжээ. Удсан ч үгүй азарганы түрүүч барианы тавлин руу дөхөж халиун нь Ононгийн Батбилэгийн халзан азаргатай цуваад орж ирэхэд сэтгэл нь хөөрсөн уяач чухам аль нь түрүүлснийг тухайн мөчид мэдээгүй байна. Цагаан хоолойгоор “Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга түрүүллээ” гэж зарлахад барианы хашаа руу хар хурдаараа гүйчихсэн гэнэ. “Тухайн үед яг юу болсныг одоо хэр нь санадаггүй юм. Сая нэг сэхээ ороход л айргийн морины хашаанд хүмүүс баяр хүргээд би халиуныгаа хөтлөөд алхаж байсан” гэж наадмын үеийн дурсамжаа хуваалцлаа. Нэг газраас мордсон өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Хөвсгөлийн Т.Болдбаатарын магнай халиун азарга нь есд хурдалсан юм.

“Хүүгээ морь дагаад явахад нь төрийн наадмын түрүү авчихна чинээ санаж байгаагүй ээ. Хүмүүс уяагаар ирж халиуныг худалдаж авах гэхэд хүү минь тэр бүрт нь татгалздаг байсан. Уяж байсан хүн том юманд орохыг нь мэдрээд байсан юм шиг байгаа юм. Би ч дотроо адуунд хайртай хүмүүст өгчихөд болохгүй нь юу байх уу гэж боддог байсан” гэж аав нь хэлсэн юм.

Наадмын дараа Төрийн тэргүүн түрүү азарганы уяагаар зочилдог уламжлалтай. Эгэл жирийн малчин айлд хурдан морь унаж, эмнэг хангал адуу ноцож өссөн залуу 27-хон насандаа төрийн наадамд азарга түрүүлгэж, төрийн тэргүүнийг гэртээ зална чинээ санаа ч үгүй явсан талаараа дурсана лээ. Хүндэтгэж ирсэн төрийн тэргүүндээ хурдан халиун азарганыхаа төл толин сартай халиун даагаа бэлэглэжээ.

“Бидэрт” халиун азарга Булган аймгийн түүхт 80 жилийн ойн их баяр наадмаас эхлэн Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүгийн нэр дээрээс уралдаж эхэлснийг морь сонихогчид мэднэ. Шинэ эзэндээ очсон халиун азарга хурдалж анхдагчийн өлгий Булган хангайн түүхт ойд торгон жолоо өргөж гүйцэгдэхгүй хурдан адуу гэдгээ дахин баталсан. “Одоо үед алтан тууртын буянаар амьдрал нь дээшилж, адуугаараа сайхан амьдарч буй олон хүн бий. Халиун азарга маань адуунд хайртай, хийморьтой сайхан эр хүний нэр дээр очсон болохоор нутгийн өвгөчүүл сэтгэл тэнүүн байгаа” гэж Баттөр уяач хэлнэ лээ.

Домогт шарга азаргаараа төрийн наадмын зургаан түрүү авсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийнхүү өнөө жил найман настай “Бидэрт” халиун азаргаар улс, бүсийн уралдаануудад наадахаар болсон. Тэрээр шинэ залуу уяачид сүүлийн үеийн загварын шинэхэн төмөр хүлэг бэлэглэж, орон байрны асуудлыг шийдэж хөдөлмөрийг нь үнэлж өгчээ. Олны дунд яригдаж буй үнэ хэлцэл, өгөө аваа ортой л бололтой.

“Миний ээж Я.Шөхөө зоо техникч мэргэжилтэй эмэгтэй. Хурдан адууны төлийг авч үлдэх тал дээр ээж минь үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг юм. Надад халиун азарганы төл хурдан хар даага бий. Энэ жил их хурдан байсан ч ханиад хүрээд уралдсангүй. Ирэх жилээс сайн уралдах байх гэж харж байна. Халиуны төл хоёр охин дааганаас ч сайн хүлэг гарна гэж хүлээх юм. Би ер нь охин төл гадагшлуулдаггүй” гэж Баттөр уяач ярив.

Адууныхаа цусыг холдуулахаар Сэлэнгэ аймгийн Отгонболд гэж залуугаас таван гүү авч халиун азаргандаа хураалгаж байгаа аж. Мөн өвөөгөөс нь уламжлагдаж ирсэн хар гүүгээ халиуныхаа адуунд тавьжээ.

Сумын алдарт уяач Б.Баттөр эхнэр Н.Үржин, хүү Б.Төгс-Очирын хамт

Залуухан уяачийн гэргий Н.Үржин гэж даруухан эмэгтэй Угтаалцайдам суманд өсчээ. Эдний хүү Төгс-Очир ердөө хоёр ойтой ч хурдан адууны зурагтай хуанли руу заагаад алдалгүй нэрлэх юм билээ.

Зорьсондоо хүрч, аав ээжийгээ баярлуулж хурдан хүлгийнхээ буянаар өрх гэрээ өөд нь татаж, бусад залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болж буй сумын алдарт уяач залуугийнд саатахад ийм байна. Төрийн наадмын морь бариан дээр Тод манлайн тийм хүлэг түрүүлж ирлээ гэдгийг л ард түмэн сонсож заншсан. Тэгэх ч ёстой юм шиг боддог болсон. Гэтэл энэ жил хэн ч танихгүй 27-хон настай залуугийн хурдан хүлэг төв асарт цоллуулсан нь онцгой байлаа. Тийм ч учраас наадмын хууч дуусаагүй энэ цаг дор манай сонин “Танайд өнжье” буландаа Баянжаргалын Баттөрийг онцлон заллаа.

Гэрэл зургуудийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ спорт

Монголчууд Азийн наадамд 15-д эрэмбэлэгдэж байна

Өнөөдрийн байдлаар Азийн спортын 18-р наадмын 252 алт, 252 мөнгө, 362 хүрэл медалийн эзэд тодроод байгаа. Эдгээрээс медалийн чансаа болоод тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан хэвээр байна.

Манай улсын хувь 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медальтайгаар 15-д бичигдээд байгаа. Өнөөдөр болох тэмцээнүүдэд Монголын байт харвааны тамирчид эрэгтэй байгийн болон холимог төрөлд БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Мөн боксын төрөлд 49кг-д Х.Эрдэнэмандах, 56кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 75кг-д Д.Давааням хүч үзнэ. Каратегийн 75кг-ийн 1/8-д Ө.Хангайхүү, гимнастикийн төрөлд Х.Ундрам нар оролцоно. Та бүхэнд өнөөдрийн байдлаар медаль аваад байгаа улсуудын жагсаалтыг хүргэе.

ЭРЭМБЭ

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ

1

БНХАУ

78

59

37

174

2

Япон

40

34

48

122

3

БНСУ

27

30

37

94

4

Иран

14

14

12

40

5

Индонези

12

13

25

50

6

БНАСАУ

11

5

7

23

7

Тайланд

9

9

31

49

8

Хятадын Тайвань

8

11

14

33

9

Энэтхэг

7

10

19

36

10

Узбекистан

6

11

11

28

11

Казахстан

5

8

28

41

12

Бахрайн

4

3

2

9

13

Хятадын ХонгКонг

3

7

15

25

14

Арабын Эмират

3

6

3

12

15

Монгол

3

2

5

10

16

Филиппин

3

0

10

13

17

Киргизстан

2

5

9

16

18

Малайз

2

5

5

12

19

Сингапур

2

2

9

13

20

Катар

2

2

1

5

21

Йордан

2

1

7

10

22

Камбож

2

0

1

3

23

Кувейт

2

0

0

2

24

Вьетнам

1

7

12

20

25

Хятадын Макао

1

2

1

4

26

Ливи

1

1

2

4

27

Ирак

1

1

0

2

28

Солонгосын нэгдсэн баг

1

0

1

2

29

Лаос

0

1

2

3

29

Туркменистан

0

1

2

3

31

Саудын Арабийн хаант улс

0

1

1

2

32

Тажикстан

0

1

0

1

33

Мьяанмар

0

0

2

2

33

Пакистан

0

0

2

2

35

Афганистан

0

0

1

1

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд шалгалт хийж байна

Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хэдийгээр осол, хэрэг, амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна. Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Иймд хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг 6-10 дугаар саруудад Замын цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

Тухайлбал, Орон нутгийн замд теле хяналтын камер болон зөөврийн хурд хэмжигч багажаар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийн үзлэг шалгалтыг хийж, сайжруулах, мөн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллахаас гадна хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, сэрэмжлүүлэх самбарууд байршуулах зэрэг ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна.

Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд одоогоор 4 аймагт 7 постын бүтээн байгуулалтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ чиглэлд хийх хяналт шалгалт 10 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.

Хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байгаа ч хувь хүний болон хамт олны ухамсар, соёлын нөлөө хамгаас чухал гэдгийг санаж хөдөлгөөнд оролцогч та дүрэм, журмаа биелүүлж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөж байна.