Categories
мэдээ спорт

Улсын начин Ш.Дарханбатын цолны мялаалга наадам болов

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хангарьд” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.

Уг барилдаанд 64 бөх зодоглосон бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат ОБЕГ-н “Аврагч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Д.Анар үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “АПУ” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Нямаа нар шалгарлаа.
Наадмын үеэр Ш.Дарханбатад Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс “Ланд-200” маркийн автомашин, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотноо дөрвөн өрөө байраар шагнаж урамшуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Shark Tank”-ийн “Shark”-ууд солигджээ

АНУ-ын “АВС” сувгийн бүтээл “Shark Tank” нэвтрүүлгийг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн билээ.

Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламжийг өгдгөөрөө онцлогтой юм.

Гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байсан тус нэвтрүүлэг ирэх оноос шинэ өнгө төрх, шинэ шүүгчтэйгээр үзэгчдэд хүрэхээр болжээ.

Энэ удаад “Хас” Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “МАК” группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жил Монголд робокон олон улсын тэмцээн болно

Вьетнам Улсын Нинь Бинь хотноо “ABU Asia Pacific Robot Contest Robocon-2018” олон улсын тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө.

Уг тэмцээнд 17 орны 18 баг хурд, авьяас, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Зохион байгуулагч баг давуу эрхтэйгээр хоёр баг өрсөлдүүлснээс Вьетнамын хоёрдугаар баг тэргүүлж, Япончууд аман хүзүүдлээ.

Энэ үеэр ирэх онд дээрх тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах бөгөөд үүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Кураш бөхийн Азийн аваргаас гурван алт хүртлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод өчигдөр /2018.08.26/ зохион байгуулсан “казах күрес” бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гурван тамирчин алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан байна.

Тодруулбал, +100 кг жинд спортын олон улсын хэмжээний мастер Б.Серик, -100 кг жинд Г.Түвшинжаргал, 66 кг жинд Е.Басхүү нар тус тус аваргалжээ.

Тус тэмцээнд манай улсаас нийтдээ найман тамирчин оролцсоноос 55 кг жинд Б.Бөхчулуун, 90 кг жинд Б.Тэнгис нар мөнгөн медаль, 60кг жинд Л.Өнөболд, 73 кг жинд Б.Пүрэвдаваа, 82 кг жинд Э.Түмэннасан нар хүрэл медалийн болзол хангажээ.

Дашрамд дурдахад, энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг, Шри-Ланк зэрэг дэлхийн 11 орны 77 бөх найман жингийн төрлөөр өрсөлдлөө.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 60 хувьд өвөлжилт хэвийн байх боломжтой

Зуншлагын байдал 2018 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумдын нутгаар муу байна. Энэ жилийн зуншлага долдугаар сарын хоёр, арав дахь хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

42% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

21% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нутгийн 60 хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Увсын Завхан, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр,Архангайн Хайрхан, Өгийнуур, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт, Хэнтийн Дархан, СүхбаатарынУулбаян, Өмнөговийн Баяндалай сумд орж байна.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлддэггүй онцлогтойг мөн харгалзан үзэх шаардлагатай аж.

Categories
мэдээ спорт

Байт харваан төрлөөр хоёр хүрэл медалийн төлөө цэц сорино

Азийн 18 дугаар наадмын байт харвааны рекурв төрлийн эрэгтэй, эмэгтэй, холимог баг, компаунд төрлийн холимог багийн медальтнууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд өрсөлдсөн манай эрэгтэй баг /Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн/ болон холимог багийн /Б.Урантунгалаг, Б.Отгонболд/ тамирчид БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө харвахаар болоод байна. Эрэгтэй багийнхан маань 11.20 цагаас медалийн төлөөх өрсөлдөөнөө хийх бол холимог багийнхан 14.00 цагт медаль хүртэх эсэхээ шийдвэрлэнэ.

Азийн наадмын байт харвааны өнөөдрийн тэмцээний хуваарь

Рекурв.

10.30. Эмэгтэй багийн хүрэл медалийн төлөө БНХАУ-Япон

Алтан медалийн төлөө БНСУ-Хятадын Тайвань

11.20. Эрэгтэй багийн хүрэл медалийн төлөө Монгол-БНХАУ.

Алтан медалийн төлөө БНСУ-Хятадын Тайвань

Холимог баг

14.00. Эрэгтэй багийн хүрэл медалийн төлөө Монгол-БНХАУ.

Алтан медалийн төлөө Япон-БНАСАУ

Компаунд.

Холимог багийн хүрэл медалийн төлөө Сингапур-Иран.

Алтан медалийн төлөө БНСУ-Хятадын Тайвань

Categories
мэдээ спорт

Азийн аваргын боксынхны өнөөдрийн хуваарь

Азийн наадмын боксын эрэгтэй 49, 56, 64, 75 кг-ын жингийн шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр явагдана.

Манайхнаас 49 кг-д Х.Энхмандах 19.45 цагаас Энэтхэгийн Амиттай, 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар 20.45 цагт мөн Энэтхэгийн Мохаммед Хуссам Уддинтай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг 21.45 цагт БНАСАУ-ын Ри Кон Тэтэй, 75 кг-д Д.Давааням 22.45 цагт Узбекистаны Исраиль Мадримовтой тус тус тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ усанд живж, амь насаа алджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Орхон” голын “Хар усны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 30 км-т, сумын төвөөс баруун урд 35 км-т/ Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/ 08.23-ны өдрийн 23:30 цагт ажилчдын гэрээс согтуу гараад сураггүй, усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 08:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 2 мотоцикль нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Орхон голоос 33 км урсаж, 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Элстийн нуга” гэдэг газар “Орхон” голын усанд осолдсон байсныг 08.26-ны өдрийн 19:10 цагт олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 53 км-т/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ 08.26-ны өдрийн 03:00-06:00 цагийн хооронд “ХОТУ” ХХК-ийн алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй, усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 14:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, сумын нутгийн захиргааны байгууллагын 5 алба хаагч, 1 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ХОТУ” ХХК-ийн алтны уурхай, “Цагаан сайрын гарам”-аас голын эрэг дагуу 2 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 23:00 цагт зогсоон, 08.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Оюуны спортын тамирчид дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд есөн орны нийт 200 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.

Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт оржээ.

Насанд хүрэгчид:

1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо

Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо

Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын цом хүртжээ.

Ийнхүү манай тамирчид олон улсын оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Categories
мэдээ нийгэм

Ч. Амарсанаа: Хэл сурах нь “аварга модны онол”-той адил

Бие даан англи хэл сурахдаа юун дээр анхаарах ёстой талаар “Talk Talk English”сургалтын төвийн захирал Ч. Амарсанаатай ярилцлаа.

Сайн байна уу. Англи хэлийг бие даан сурахдаа юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Хоёрдогч хэлийг сурахыг хүүхэд хэрхэн өсөж том болдог үйл явцтай адилтгаж болно. Эхлээд сонсголоо сайжруулах, дараагаар нь үгүйсгэсэн болон хавсарсан нийлмэл өгүүлбэр хэлж сурах зэргээр хүн төрөлхтний эх хэлээ сурсан аргад суурилан сурч эхэлвэл үр дүнтэй байдаг. Орчин үед хүмүүс хэлийг хөгжлийн гарц гэж хардаг болсон. Төгс сайн сурахыг илүүд үзэж хүн бүр өөрт байгаа боломжоороо сурахыг хичээж байна.

Маш олон хүмүүс үр дүнтэйгээр богино хугацаанд хэл сурахыг илүүд үздэг. Энэ тал дээр юу гэх вэ?

Монголчууд англи хэлийг нэг үеэ бодоход мэдлэгийн түвшинд эзэмшсэн байна. Их сургуулиа төгсөөд гарч байгаа оюутан залуус англи хэлийг дунджаар 8-10 жил үзсэн байна. Хоцорч байгаа зүйл нь мэдлэгээ хэрэглээ болгон ашиглаж чадалгүйзавсар гаргаж байгаад асуудал байна.Хамгийн түрүүнд тухайн хэлээр ярих гэж оролдох биш дуудлагаа сайжруулан сонсож сурах хэрэгтэй. Үүнийхээ дараагаар академик мэдлэгээ сайжруулах нь зүйтэй.

Англи хэлийг бүрэн төгс эзэмшихэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хэл сурах нь бусад чадваруудтай адил байдаг. Тухайн хүнээс авьяас шаарддаг. Хэл сурах авьяастай хүмүүс хэлийг харьцангуй богино хугацаанд сурч өөрийн болгож чаддаг. Ямар ч хэлийг сурахад тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Тиймээс өдрийн хамгийн бүтээмж өндөртэй цагаа сонгон авч тасралтгүй өдөр бүр давтах нь чухал. Ингэхдээ урт хугацаагаар биш хамгийн ихдээ нэг цагийг зарцуулах нь хангалттай. “Аварга модны онол” гэдэгтэй адил урт хугацаанд тасралтгүй бэлдэхэд тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгнө.

Хэл сурах авьяас гэдгийг юугаар тодорхойлж байна вэ?

Монгол хүмүүсийг бусад орны хүмүүстэй харьцуулахад хэл сурах авьяас өндөр гэж дүгнэгддэг. Богино хугацаанд сайжирдаг. Хүлээн авах чадвар сайтай хүмүүс англи хэлийг багшгүйгээр телевизийн хөтөлбөр, хүүхэлдэйн кино үзсээр байгаад өндөр түвшинд эзэмшиж чадсан цөөнгүй тохиолдол байдаг. Эсрэгээрээ хэчнээн ч удаа үзээд сурдаггүй хүн бас байна.

Хэл сурч байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ?

Ихэнх хүмүүс маш богино хугацаанд хэлийг сурах гэж зүтгэдэг. Ямар ч зүйлийг богино хугацаанд хурдан хийгээд амжилт олохгүй. Жишээ нь тамирчин хүн нэг мэхийг хэдэн мянган удаа давтаж байж тэр мэхээ олимпын дэвжээн дээр хийгээд амжилт олдогтой адил.

Хэлийг сурахдаа цаашид хөгжүүлэх нь чухал байдаг. Англи хадмал орчуулгатай кино үзэх, BBC, CNN гэх зэрэг сувгуудын стандарт үг хэллэгтэй нэвтрүүлгүүдийг үзэх, өөрттаалагдсан сонирхолтой ном зохиолыг унших зэргээр хөгжүүлээд явах нь хэлний мэдлэгэд онцгой ач холбогдолтой байдаг.

Б. ОДГЭРЭЛ