Categories
мэдээ нийгэм

Жудо бөхийн багийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жудо бөхийн Залуучуудын багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 25-нд боллоо.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид оролцож, хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд Орос, Гүрж, Япон Казахстан, Буриад Монгол зэрэг 14 орны баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан аж.

Жудо бөхийн Залуучуудын багийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Categories
мэдээ нийгэм

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ойн өдрийг тохиолдуулан Глоб Интернэшнл Төвөөс Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэлийн Зөвлөлтэй хамтран Сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх талаар мэдээлэл өгнө.

Хэвлэлийн бага хурал Өдрийн сонины хурлын танхимд 11:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон иргэдийг буулгажээ

Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг энэ сарын 20-25-ны өдрүүдэд явуулсан билээ.

Тус хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, автобусны буудлуудад ажиллаж, картаар үйлчлүүлэх мэдээллийг түгээх, илэрсэн зөрчлийг арилгуулахад чиглэгдсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд Сити Баз Консалтинг ХХК-иас 100 шалгагч, хяналтын ажилтныг 47 автобусны буудал дээр ажиллуулж, нийтийн тээврээр зорчигчдод зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 25-ны өдрийг дуустал хуваарийн дагуу:
-Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал,
-Зүүн 4 замаас офицеруудын ордон, батоник, цайз 16 зэрэг нийт 60 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажилласан байна.
Харин дээрх 5 хоногийн туршид явагдсан шалгалтын явцад нийтийн тээврээр зорчиж буй 11 481 зөрчилтэй иргэнийг тээврийн хэрэгслээс буулган, ухаалаг картаар зорчихыг зөвлөж, үлдэгдэл хүрэлцэхгүй байсан смарт картанд 9820 удаа цэнэглэлт хийж, 9700 хүнд мэдээлэл өгч, 10 998 хүнд санамж тарааж ажиллажээ.
Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон хөгжлийн алтан гурвалжин бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж ярилцлаа.


-Нийслэлийн Засаг дарга төвийн бүсийн аймгуудад ажиллаад ирлээ. Хотын дарга дүүргүүдэд биш, хөдөө орон нутагт ажилласан шалтгаан юу байв гэсэн асуултад олон хүн хариулт хүлээж байх шиг байна?

-Манай улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай, аймаг, орон нутгаа баруун, төв, зүүн гэж бүсчлээд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Холбогдох хуулиуд ч батлагдсан. Гэвч энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажил ерөөс ахидаггүй. Иргэдийн Улаанбаатар луу чиглэсэн нүүдэл, суурьшил ихсээд хот хэт их ачаалалтай болоод удаж байгааг иргэд өөрсдөө ч ойлгодог болсон. Нийслэлийн зүгээс иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийднэ гээд тодорхой дорвитойхон ажил хийдэг. Сургууль, цэцэрлэг бариад, эмнэлгийн хүртээмжийг нэмээд, зам гүүр шийдсэн ч ачаалал нь хэт ихэсчихсэн учраас бэрхшээл нь бэрхшээл хэвээр л харагдах ийм байдал руугаа орсон. Нэгэнт нүүгээд, зориод ирсэн иргэдээ буцаагаад Ховд, Увс руу ч юмуу, говь руу нь явуулах бололцоо байхгүй. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан ёсоор оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй. Тийм учраас энэ онд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад чиглэсэн “Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгыг өрнүүлсэн юм. Энэ удаагийн орон нутагт ажилласан томилолтоор энэ санаачилгаа ажил хэрэг болгох асуудлын хэсгээс шийдээд ирлээ.

-“Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгын талаар товчхон ойлголт өгөхгүй юу. Энэ санаачилгын үр дүн, тус дэмийг Улаанбаатар хот, нийслэлийн иргэд хэрхэн хүртэж болно гэж тооцоолж байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах алхамууд зөвхөн Улаанбаатарын шийдэх ёстой асуудал биш.

Энэ бол Монгол орны хөгжлийн асуудал. Хөдөө орон нутаг эзгүйрээд эсрэгээр Улаанбаатар хотод төвлөрөл ихэсч, ачаалалдаа түүртээд байна. Тэгвэл иргэдийн нүүдлийн гол шалтгаан юу юм. Монгол Улсын зах хязгаар нутгаас төвийн бүсэд нүүж ирж байгаа иргэд юу хүсч мөрөөдөж байна вэ гэсэн асуулт зайлшгүй үүсдэг. Нүүдлийн гол шалт-гаануудад дэд бүтэц, зам харгуй, ажлын байр гэсэн зүйлүүд багтаад байна. Тийм учраас нийслэлийн ачааллыг бууруулах ямар гарц, гаргалгаа байж болох вэ гэдгийг судалж үзээд Сэлэнгэ, Орхон, Туул гээд гурван том мөрний сав газарт оршдог, Монгол Улсын эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл бүх юм төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон гурвалжинд бодлогоор хөгжлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлэх нь зөв юм байж гэж үзсэн. Дархан, Эрдэнэт хотын дэд бүтцийн хөгжил, хүн амьдрах таатай орчин нь Улаанбаатар хотоос хавьгүй илүү. Нэгэнт ингээд төвлөрчихсөн хотууд бий учраас энэ боломжуудыг ашиглах замаар иргэдээ тийш нь суурьшуулж, хөгжлийг тэлэх, төвлөрлийг сааруулах ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Хөгжлийн гурвалжинд зөвхөн энэ гурван хот багтахгүй. Хотууд байрладаг Төв, Сэлэнгэ, Булган аймгийг энд татан оролцуулсан байгаа. Өнгөрсөн хавар таван аймгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөөд авсан. Одоогийн байдлаар эхний санаачилгууд хэрэгжих боломжтой болсон.

-Тухайлбал?

-Энэ долоо хоногийн эхээр орон нутгаар явж, аймгуудын Засаг дарга нартай уулзахдаа үйлдвэрлэлийн болон нийгмийн зарим салбарыг төрөлжүүлээд Дархан, Эрдэнэт хот руу гаргах, ажиллах хүчээ хэрхэн шилжүүлэн байршуулах вэ гэдэг асуудлыг ярилцаад, тодорхой саналуудтай ирсэн. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах үйлдвэрийн хэрэгцээ тун бага байна. Улаанбаатар дахь зах зээл муутай арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Дарханы нэхийний үйлдвэрийг түшүүлэн Дарханд суурьшуулах, уул уурхай, металл боловсруулах зэрэг хүнд үйлдвэрлэгчдийг Эрдэнэт хотод суурьшуулах нь зөв. Тооцоо судалгааг ойрын үед гаргаж, ажил хэрэг болгоё гэдэгт санал нэгдсэн. Улаанбаатарын нийгмийн ачааллыг бага ч гэсэн бууруулах үүднээс бараг 100 хувь Улаанбаатар хотод төвлөрсөн их дээд сургуулийг Дархан, Эрдэнэт хот рүү нүүлгэн шилжүүлэхэд болохгүй юмгүй гэсэн саналд нэгдсэн. Бид их олон жил арав гаруй мянган оюутантай 2-3 мянган багштай их, дээд сургуулийг Улаанбаатараас бүхлээр нь гаргана. Тэнд гоё байшин бариад оруулчихна аа гэж яриад, хүлээгээд суусан. Үүнийг түвэг багатай шийдэх гарц бидэнд бий. Харин байгууллагуудтай, сургуулиудтай тохиролцоод хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.

-Олон зуун хүний нүүдлийг дагаад орон гэр, орон сууцны асуудал хөндөгдөх нь тодорхой. Их, дээд сургуулийн тухайд гэхэд оюутнуудыг нийтийн байранд суулгаж болох ч багш нарыг тэнд шингээж болохгүй байх. Энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр гэж үзэж байгаа вэ?

-Дандаа болохгүй, бүтэхгүй гэх нь таатай биш. Нөөц боломжоо сайн тооцох нь зөв юм л даа. Ганц жишээ хэлэхэд Дарханд 1500 оюутан сурах боломжтой их дээд сургуулийн салбар 400 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн байр нь сул байж байгаа юм. Гэтэл Улаанбаатарт байх төв сургууль нь оюутнуудаа байрандаа багтааж дийлэхгүй байгаа. Тийм учраас их, дээд сургуулиуд зайлшгүй Улаанбаатар байх ёстой салбар сургуулиа үлдээгээд орон нутагт сургалт явуулахад хүндрэлгүй, харин ч материал техникийн, дадлагын орчин, нөхцөл нь сайжрах боломжтой салбар сургуулиа ийш нь нүүлгэж, зохицуулалт хийхэд бид хэсэг асуудлаа шийдэж чадна. Багш ажилчдын орон байрны тухайд Засгийн газар найман хувийн орон сууцны зээл олгох байдлаар зохицуулалт хийх жишээтэй. Дархан хот гэхэд 10 000 айлын орон сууц барих төлөвлөлт хийгдээд, барилгын бүтээн байгуулалт өрнөж байна. Ийм цогц бодлогыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Засгийн газар их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах талаар тогтоол гаргаад БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хоёрт тодорхой үүрэг ч өгсөн. Ирэх есдүгээр сараас энэ ажил аль аль хүрээндээ нэлээд яригдах байх.

Одоо бол сул байгаа дэд бүтэц, барилга байгууламжид аль их, дээд сургуулийн ямар салбарыг яаж нүүлгэх вэ. Энэ үйл явцад төрийн байгууллага, Улаанбаатар хотын захиргаа ямар ажлууд хийх юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд өөрийн зүгээс, араас нь маш их хөөцөлдөж байж үр дүнд хүргэх ёстой гэж үзэж байгаа.

-Нийслэлийн төвлөрлийг сааруулахад энэ л хамгийн том дэмжлэг болох байх гэж бодогддог, найдлага төрүүлдэг бүтээн байгуулалтын санаанаасаа хуваалцахгүй юу?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг холбосон хурдны авто зам, хурдны галт тэрэгний зам байгуулбал бид төвлөрлийг маш сайн бууруулна гэж боддог. Хүссэн ч, хүсээгүй ч иргэд Улаанбаатар хотын уулын орой дээрээс бууж, энэ замын дагуу суурьшиж, Дархан, Сэлэнгэд газар авч, тэнд ногоо, тариагаа тарьж, өөрийн амьдралын хэрэгцээгээ хангаад явчихна. Сэлэнгэ, Төв, Булганыхны эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй Нийслэлчүүдийг эрүүл хүнс болоод явчих ийм цаг ирэхэд энэ гурвалжинд гурван сая байтугай 30 сая хүн багтана. Энэ тооны хүнийг хангалттай багтаагаад тэжээгээд явах боломжтой бүс нутаг юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн ЕБС, цэцэрлэгүүдэд хяналт хийж байна

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналтын чиглэл бүрээр зорилтот ажлуудыг хийгээд байна. Үүнд:

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр: Мөрөн сумын хүнсний захуудад худалдаалагдаж буй мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад хяналт хийж, зөвлөгөө өгчээ. Улмаар малын шилжилт хөдөлгөөн, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад холбогдох байгууллагуудтай хамтран сарын хугацаанд Мөрөн сумын гурван чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байна.

Мөн малын шилжилт хөдөлгөөн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, ард иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэх, сумдын МЭҮТ-ын байцаагчид, мэргэжилтнүүдэд хүргүүлэн, малчдыг мэдээллээр хангах ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэнд, боловсролын хяналтын чиглэлээр: Хөвсгөл аймгийн хэмжээнд 33 ерөнхий боловсролын сургууль, 43 хүүхдийн цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 33 сургууль, 3 багийн бага сургуульд нийт 26400 хүүхэд суралцах бол нэгдүгээр ангид 2750 хүүхэд элсчээ. Цэцэрлэгийн насны 11800 орчим хүүхэд байгаагаас 71 хувь нь цэцэрлэгт хамрагдахаар байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын явган гарц, гарцын тэмдэг, тэмдэглэгээнд хяналт шалгалт хийж стандартын шаардлагад нийцүүлэх талаар санамжийг боловсруулан хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна

Нийслэл хотод энэ онд хэрэгжиж буй авто замын бүтээн байгуулалтуудын явцыг танилцуулж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. D рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгагдсан. Хананы арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлууд тус тус хийгдэж байна.

Уг гүүрийг ашиглалтад оруулснаар Хөшигтийн хөндий болон “Чингис Хаан” Олон Улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой болох юм.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна.

Үндсэн гүүрийн хувьд 96 өрөмдмөл шон сууриас 81 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 17, 42 баганан тулгуур хийхээс 15 багана хийгдсэн. Хуваарилах хавтангийн 19ш ул бетон цутгасан. 2ш хуваарилах хавтангийн арматур угсарч байна. 2ш ул бетон авахад бэлтгэсэн байна. 1 баганын арматур угсарсан. 10 дугаар тулгуурын баганын холбоосны бетон цутгалт авсан.

Төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, 5 байршилд түр зам байгуулан, төмөр замын гармыг хааж, 2018 оны 4 сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн.

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих

Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурууд бүрэн цутгасан, завсрын 8 дугаар тулгуурын их биеийг цутгасан бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 92%-ийг эзлэх юм. Завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурын ригель цутгагдсан. 2 дам нурууны арматур, 2 завсрын тулгуурын арматур, 1 завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон. 18 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлаг болон 44 дугуй цохигч цутгаж бэлдсэн.

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Нийт 60 өрөмдмөл шон сууриас 51, захын тулгуурын нэг тулгуур болон завсрын тулгуураас 9 хуваарилах хавтан, 11 багана хийгдэж дуусчээ. 0 захын тулгуураас 4 дүгээр завсрын тулгуур хүртэлх хайрцган дам нурууны арматурыг зангидаж, хүчитгэлийн троссыг сүвлэн, хэв хашмалыг угсрах ажил хийгдэж байна. Ажлын явц 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын их засвар

Сонгино-Хайрхан дүүргийн Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын 1.7 км их засварын ажлын 0.48 км авто замын хучилтын ажил хийгдсэн. Үлдсэн 1.12 км авто замд нөхөөс буюу зорчих хэсгийн урсгал засварын ажил хийгдэж байна. Зам барилгын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг 2018 оны 6 дүгээр сард эхлүүлсэн. Ажлын явц 80 хувьтай байна.

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57м гүүрийн ажил

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км 57 у/м гүүрийн хамт /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг/ авто замын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Трасс чөлөөлөгдсөн хэсгийн авто замын ухмал, далангийн ажил болон 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж байна. Гүүртэй холбох хэсгийн авто замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил хийгдсэн. Ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж, ажлын явц 40 хувьтай хэрэгжиж байна.

Уг зам, гүүр ашиглалтад орсноор Баянхошуунаас Их тойруугийн хөдөлгөөнд оролгүй Хайлааст, Дарь-Эхээр тойрч Цайзын зам руу шууд гарах боломж бүрдэх юм.

М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний зам

Баянгол дүүргийн 10, 22 дугаар хорооны дундуур М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний замын ажлыг “Грэйт Роуд” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор ганц айл, өрхийн газар чөлөөлөлтийн асуудал бөгөөд бусад хэсгийн авто замын ажил хэрэгжиж дууссан. Ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг төслийн хүрээнд замын дагуу авто замын хашлага болон 2 талаар нь явган зам хийснээр иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.


7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто зам

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто замын ажлыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр хорооллын доторх авто замын хөдөлгөөнийг зохистой хуваарилах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хурдасгах зэрэг олон талын эерэг нөлөөлөл бий болох юм.


139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих төслийн зам барилгын ажил хийгдэж дууссан. Авто машины зогсоолыг байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг хангагдаж байна. Ажлын явц 98 хувьтай байна.

Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1.06 км авто замын ажил

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна. Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна. Авто замын ажлыг “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байна.

Бэлхийн замын төгсгөлөөс цааш суурьшлын намагшсан бүсэд 1.06 км авто зам шинээр баригдсанаар тус хэсгийн оршин суугчид намагшсан хэсгээр аюулгүй гарах боломж бүрдэнэ.

Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто зам

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто замын зам барилгын ажил дууссан. Байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж, ажлын явц 98 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 28-нд болох үйл явдал

09.00 цагт “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.

09.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сургалт “Континенталь” зочид буудалд болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-0098,88105008
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, “JCI hiking” клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно. Утас: 8080-4909.
11.00 цагт Казахстаны ЭСЯ-наас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11 345408, 11 341707, 9042-0194.
ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах талаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал” болно. Холбоо барих утас: 7010-5652.

11.30 цагт MN-Мэдээллийн төвд “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Areana” сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 Худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Батлан даалтад гарсан эрхэмүүд хаана, юу хийж явна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс Оюу толгойн төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг баривчилж хорьсон. Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас дуудан авчирч мэдүүлэг авч байцаасан билээ. Тус эрхэмүүд хорих 461 дүгээр ангиас батлан даалтад гараад удаагүй байна. Энэ хүмүүс одоогоор хаана, юу хийж явааг тодрууллаа.

С.БАЯР БАРУУН АЙМГУУДААР АЯЛЖ ЯВААД ИРЖЭЭ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баярыг Оюу толгойн төслийн гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгасан. Энэ хооронд түүний хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан.

Экс Ерөнхий сайд суллагдсаныхаа дараа агаар салхинд гарч биеэ тэнхрүүлж байгаа гэнэ. Гэхдээ зөвхөн амраад хэвтээд байлгүй ойрын хүмүүстэйгээ баруун аймгуудаар аялжээ. Тэрээр Завхан, Хөвсгөл аймгаар хэд хоног амраад ирсэн байна. Ойрын өдрүүдэд С.Баяр ихэвчлэн зусландаа байгаа бололтой.

Энэ үеэрээ намдаа өрнөж буй үйл явдлуудад оролцож байгаа гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлж байна. Түүнчлэн зусландаа зочид хүлээн авч, шаардлагатай бол шөнө оройн цагаар хотын төвөөр ирж уулзалт зохион байгуулчихаад буцдаг байна. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийг олон жил ойр дотно яваа, нутгийнх нь дүү, УИХ-ын шинэхэн гишүүн нэгэн холбож өгдөг байна.

Ч.САЙХАНБИЛЭГ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЖЭЭ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа хууч өвчин нь сэдэрч хагалгаанд орсон билээ. Тэрээр энэ зун биеэ тордож, тэнхрүүлэх талаар багагүй “ажиллаж” байгаа юм байна. Саяхан Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоноод иржээ. Уг рашаан нь Япон эзэнтэй, үнэ хөлс нь чамгүй өндөр дуулддаг. Экс Ерөнхий сайд зөвхөн биеэ тордоод зогсохгүй суллагдсаныхаа дараа “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой хотын төвд уулзаж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

С.БАЯРЦОГТ ҮЕРИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Сангийн сайд асан С.Баярцогт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан байцаагдсан. Тэрбээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж, 74 хоног саатуулагдсан билээ.

Энэ хугацаанд арав гаруй килограмм турсан гэдгийг өмгөөлөгч нь мэдээлж байсан удаатай. С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул билээ.

Тэрээр зуны хэдэн сарыг төрсөн нутагтаа өнгөрөөж байгаа гэнэ. Энэ үеэрээ экс гишүүн төрсөн нутагтаа үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд гар бие оролцон, удирдлагуудтай нь уулзаж, мөнгөн тусламж үзүүлжээ.

Б.БЯМБАСАЙХАН “DIS­COVER MONGOLIA” ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан батлан даалтад гарч Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Түүний удирддаг Монголын бизнесийн зөвлөл энэ жил Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Discover Mongolia” Уул уурхайн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Тэрээр тус ажилд ханцуй шамлан орсон байна.

Түүнчлэн өөрийн сэргээгдэх эрчим хүчний “Нова Терра” компаний үйл ажиллагааг үргэлжлүүлж яваа сурагтай. Уг компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг бөгөөд “Азийн супер сүлжээ” төслийн судалгааны ажлуудыг нь хийж байна.


Categories
мэдээ цаг-үе

П.Нямдорж: Нил улаан туяа хүний бие организмд их хэрэгтэй

Монголын Ахмад эмч нарын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, хүний их эмч П.Нямдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Палчиндагвын Нямдорж гэдэг. 1970 онд Анагаахын ухааны дээд сургуульд элсэн орж 1976 онд хүний их эмч мэргэжлээр төгсөөд өөрийн төрсөн нутаг болох Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Нийтдээ сэтгэл мэдрэлийн мэргэжил олгох, дээшлүүлэх курс хийгээд 14 жил сэтгэл мэдрэлийн эмчээр ажилласан. Клинникийн профессор цолтой.

-Таныг Монголын ардын уламжлалт эмчилгээний талаар нэлээд судалсан гэж сонссон?

-Сэтгэл мэдрэлийн эмчээр ажиллаж байх хугацаандаа уг чиглэлээр ажиллана гэсэн бодолтой байсан юм. Гэвч сэтгэл мэдрэлийн диспансерт байхад миний анхны уламжлалт эмчилгээний багш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн физик эмчилгээний эмч Должин-Очирт дагалдан хийж хануур, самнуур сонирхож эхэлсэн. Хануур хийхэд тэр үед хаалттай шахуу сэдэв байлаа. Уламжлалт эмчилгээг хэрэглэж болохгүй, зөвхөн европ эмнэлгээр явах ёстой гэсэн социалист системийн тийм онцлог байв. Тиймээс Должин-Очир эмч маань хануурыг нууцаар хийдэг байлаа. Багшийг маань төрийн томчууд хар машинтай ирж авч явж эмчилгээ хийлгэж байхад би цуг дагалдан хийнэ. Ингэж явсаар сүүлдээ багш маань дайлуулаад сууж байхад би өвчтөнд хануурыг нь бие даан хийдэг боллоо. Дагалдан хийх явцдаа ардын уламжлалт эмчилгээ зүү, төөнүүр, монгол тан эм зүй зэргийг шинжлэх ухааны үндэстэй судлах ёстой юм байна гэдгийг ойлгоод 1989 онд Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын шугамаар зүү төөнө заслын Олон улсын курс явагдахад элсэн орж профессор Бадарч, доктор, прфессор Б.Төмөрбаатар нарын анхны төгсөгч болсон юм.

-Та Польшид Монгол ардын уламжлалт эмчилгээг анх нэвтрүүлж байсан гэдэг. Энэ тухайгаа сонирхуулбал?

-Курсээ төгсөөд хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байлаа. Чех улсад хоршоологчдын холбооны нэг том удирдагчийн хүүхдийн тархи, толгой нь хөдөлсөн байна, та очиж үзэж өгөөч гэсэн санал ирдэг юм байна. Тэдний зардлаар Чех улсад очиж олон хүнд үзлэг эмчилгээ хийсэн юм. Польшийн Элчин сайдын яамны ажилтан Самбуу, Дэлгэрсүрэн нар “Польш улсын иргэд Монголын уламжлалт эмчилгээг их сонирхдог юм. Та тэнд очиж ажиллаач” гэсэн санал тавьж билээ. Польш улсад жил гаруй маш сайн ажиллаад Монголдоо ирээд зургаан жил болсны дараа буцаж Польш улсад очиж ажилласан. Нийтдээ Польш улсад 10 гаруй жил Монголын ардын уламжлалт эмчилгээг дэлгэрүүлэн ажилласан л даа. Ингэж Польш явах уламжлалт эмч нарын анхны замыг нээж байлаа. Одоо Польшийн хот болгонд монгол эмч ажиллаж байна.

-Монголын ахмад эмч нарын холбоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ?

-Уг холбоо байгуулагдаад есөн жил болохдоо ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан юм билээ. Монголын ахмад эмч нар ахин нийлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд гурван жил болж байна. Уг холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч, гавьяат эмч, академич Н.Баасанжав ажиллаж байна. Одоогоор манай холбоонд хот, хөдөөгийн 600 гаруй ахмад эмч гишүүнчлэлтэй, идэвхтэй,үнэмлэхтэй дэмжиж ажиллаж байгаа. Манай холбооны зорилго бол насаараа хүний төлөө ажилласан асар их туршлагатай ахмад эмч нарын мэдлэгийг үнэлүүлэх, залуу эмч нартаа өвлүүлэн үлдээх, эрүүл мэндийн салбарт шинэ ямар дэвшил гарч байна, түүнийг нэвтрүүлэх, насаараа эмнэлгийн салбарт ажилласан ахмад эмч нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулахад оршдог. Насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан эмч нарыг дараалал харгалзахгүй эмнэлэгт үзүүлдэг болгосон. Ахмад эмч нар Итгэлт хамбын, Хамрын хийдийн аялал зэрэг олон аялал, амралт сувиллын үйл ажиллагааг манай холбоо зохион байгуулаад байна. Холбоо нь Эрүүлийг хамгаалах албанд 40 гаруй жил зүтгэсэн хэрнээ “Эмнэлгийн тэргүүн ажилтан” цол тэмдгээ аваагүй, II эмнэлгээр үйлчлүүлж чадаагүй дөрвөн хүнд шагналыг олгуулж, эрхийг эдлүүлэх арга хэмжээ авсан. Мөн тус холбооны гишүүн ахмад эмч нарыг аль ч эмнэлэгт дараалал харгалзахгүй үзүүлдэг үнэмлэх олгуулж, ард түмнийхээ төлөө гэж тангаргаа өргөж, ар гэр, нойр хоол, баяр хөөр, аз жаргалаа умартаж явсан эмч нараа бид “Хүний төлөө” одонгоор шагнаж урамшуулж байна.

Хүний төлөө цаг наргүй зүтгэж явсан ахмад эмч нар минь эрүүл энх байж урт наслаарай гэж ерөөе. Манай ахмад эмч нар манай холбоог маш их дэмждэг. Холбоон дээрээ байнга ирж холбоотой байдаг. Ахмад эмч нартаа хэлэхэд, манай холбоонд ирж нэгдээрэй гэж уриалж байна.

-Японы алдарт зохион бүтээгч Сайтотай танилцаж, гэрлийн квантын төхөөрөмжийг нь сонирхсон гэсэн?

-Х.Сайто гуайн уг төхөөрөмжийн тухай ярилцлага сонин дээр гарсан байсан нь миний сонирхлыг их татсан. Тиймээс энэ хүнтэй хэд хэдэн удаа очиж уулзаж, уг төхөөрөмжийн нууц, шинжлэх ухааны энэхүү гайхамшгийг судалж мэдээд холбооныхоо шугамаар оруулж ирсэн. Энэ аппарат нь эд эсийн цөмийн түвшинд үйлчилж, залуу эд эсийг дэмжиж, нарнаас авдаг D витамин зэргийг өөрөөсөө гаргадаг. Нил улаан туяа бол хүнд маш их хэрэгтэй. Энэ төхөөрөмжид ямар ч хортой үр уршиг байхгүй. Хүний цусны эргэлт 45 минутад бүтэн эргэж дуусдаг. Тэр хугацаанд энэ аппаратаар шарахад болно. Японд ямар ч эмчилгээгүй болсон гэгдэж байсан 300 гаруй хүнийг уг аппаратны тусламжтайгаар эмчилсэн байдаг. Энэ туяагаар эмчлүүлсэн ахмад эмч нарын даралт буурч тогтворжиж, үе мөчний өвчтэй хүмүүсийн гар хөл, төрөл бүрийн харшил эдгэх үе шатанд орж байгаа. Ховдын Үенч сумаас ирсэн 59 настай эмэгтэй элэгний өвчний хүндрэлээс бараг хэвтэрт орсон хүн арав гаруй өдөр шарлаганд яваад одоо өөрөө бие даан шарлаганд ирж очдог болж илааршиж байгаа. Хүүхдийн эмчээр ажиллаж байсан 79 настай эмэгтэй ходоодны өвчний улмаас хоол идэхгүй байсан бол энэ эмчилгээнд яваад хоолонд орж жин нь хоёр кг-аар нэмэгдсэн зэрэг энэ төхөөрөмжөөр шарахад маш сайн үр дүн өгч байгаа. Хүнд асар хэрэгтэй LQE mas­ter бүтээсэн Японы зохион бүтээгч Х.Сайто удахгүй Нобелийн шагнал хүртэх нь дамжиггүй байх аа.

-Хүүхдүүдээс тань мэргэжлийг тань өвлөсөн үү?

-Гэр бүлийн хүн маань насаараа Технологийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Хүү маань Польш улсад аялал жуучлалын мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн, одоо хувиараа бизнес эрхэлдэг. Том охин маань харин миний мэргэжлийг өвлөж шүдний эмч болсон. Докторын зэрэгтэй. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд багшилж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Матаасчид Монголыг сөнөөх нь

Дэлхийн удирдагчид дотор хамгийн олон талын эх сурвалжтай улстөрч бол Барак Обама байсан гэж судлаачид үздэг. Жижиг түвшний шийдвэр гаргахдаа хүртэл дор хаяж 30 зөвлөхийн санаа бодлыг сонсч, судалгааг хардаг байсан хэмээн Хонгконг дахь Бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч дүгнэжээ. Мөн Путин, Си Жиньпин хоёр шиг олон эх сурвалжтай удирдагчид байхгүй гэж тус хүрээлэн бас үзсэн байна. Ялангуяа авлигын эсрэг Си Жиньпин асар их судалгаа, тайлан, маш олон зөвлөхийн санаа бодолд тулгуурлаж кампанит ажил өрнүүлсэн гэжээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс орны хувь заяа, иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргаж буй удирдагч хүн олон эх сурвалжтай байж гэмээнэ алдаа бага гаргадаг гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ямарч хүн мэдээлэл дамжуулахдаа өөрт ашигтайгаар дамжуулдаг. Энэ нь хувь хүний өөрийнх нь үзэл бодол шахуу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд л шийдвэр гаргагчид маш олон эх сурвалжтай, тооцоо судалгаатай байдаг байна.

Хачин сонсогдож мэдэх жишээ зүйрлэл дурдъя л даа. Өнөөдөр Монголын төр засаг “Хүүхнүүдийн дэлгүүр хэсдэг философи”-оор ажиллах ёстой. 500 мянган төгрөгийн цалингаа ар гэр, амьдрал ахуй, өөртөө хэрхэн үр дүнтэй хүргэх вэ гэсэн асар том ухаан дэлгүүр хэсэн гунхаж яваа хүүхнүүдээс нэвт ханхалдаг. Нэг барааг хэдэнтэй эргүүлж тойруулан үзэж, үнийг нь мянгантаа асууж, хийж байхаа олж ядсан юм шиг лангуу бүрээр орж сонжин… ээ бурхан минь, эр нөхөр биднийг залхаан цээрлүүлдэг билээ. Дэлгүүр доторх буфетэд шалавхан орж кофе ууж эхнэрээ хүлээх минь. Эсвэл дэлгүүрийн зааланд байх буйдан дээр сууж бүсгүйчүүдийг хулгайн нүдээр шинжин сонжин эхнэрээ хүлээж суух минь. Энэ бол эрчүүд бидний дэлгүүр доторх дүр төрх, хандлага. Ингэхгүй гэхэд хамгийн эхний лангуунаас харснаа аваад дэлгүүрээс гарна. Харин дэлгүүр хэсэж яваа эхнэрээсээ хүнтэй хэрхэн харьцах, уян хатан чанар, ойлголцол, юмны үнэ цэнийг мэдэрдэг мэдрэмж, юмханаар юм хийдэг ур чадвар, мяндсан ухаан үнэртэж байдгийг эрчүүд төдийлөн анзаардаггүй. Дэлгүүр хэсэн намжирдах эхнэр хүний тэр хандлага дотор л олсноо хэрхэн хүргэх, олж байгаагаасаа хэдийг хурааж хуримтлуулах, өрхийн эдийн засгаа хэрхэн тэлэх бодлого явж байдгийг гэр бүл судлаачид бичээд байна. Төр засаг гэдэг нь яг л энэ эхнэр хүний ухаанаар төсвөө, олсон жаахан орлогоо ард түмнийхээ амьдрал, нийгмийн асуудалд хэрхэн үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх, хуримтлал бий болгох, Норвегийн сан бүрдүүлэх, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх… гэхчлэн олон асуудлаа шийддэг байна.

Гэтэл манай төрийн өндөрлөгүүд гурван сая хүний амьдралыг шийдэхдээ хэн ч мэдэхгүй нэг дуракийн үгээр шийдвэр гаргаж байна. Хэнтэй ч ойлголцохыг хүсэхгүй байна. Ажил амьдрал, мэдлэг боловсролын асар их нөөцтэй хүмүүсийнхээ үгийг сонсохыг ч хүсдэггүй. Обама, Путин, Си Жиньпин шиг олон эх сурвалжид дүгнэлт хийж шийдвэр гаргадаггүй. Шулуухан хэлэхэд зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй нэг нөхрийн ховын үгээр төрийн ажлыг явуулж ирлээ. Үр дүн нь өнөөдөр Монголын төрд буй хүмүүсийн байгаа царай. Хамгийн эмгэнэлтэй нь төр маань, шийдвэр гаргагчид маань ховыг ажил гээд бодчихсон, матаасыг маш их мэдээлэл гээд ойлгочихсон сөнөж явна.

Дээрээ тийм болохоор төрийн бүх шатанд, төрд ажиллаж буй бүх хүн ховоор ажиллаж, амьдрахаас өөр арга замгүй болжээ. Төрийн бүтэц нь ийм болохоор нийгмийг хамарсан шинжтэй болж байна. Одоо сургууль, цэцэрлэг эхлэх гэж байна. Хэрэвзээ хов матаас нийгмийн тахал болчихоогүй байсан бол энэ намар дор хаяж 100 орчим сургууль, цэцэрлэг шинээр үүдээ нээх байлаа. Гэвч тендерийн хуулинд 14 хоногийн дотор өрсөлдөгч компани нь гомдол гаргах эрхтэй гэсэн заалтаас болж шинээр баригдах байсан сургууль, цэцэрлэгийн барилгын тендер бүр дээр гомдол гарч бүх ажил зогсов. Хов матаасыг шалгах ажил зуны гурван сарын турш явагдав. Нийслэлд гэхэд ердөө таван цэцэрлэг, сургууль үүдээ нээж бусад нь царцав. Монголын түүхэнд анх удаа бүхэл бүтэн сум сургуульгүй болж хүүхдүүдээ зэргэлдээ сумын сургууль руугаа явуулж байна. Энэ бол Булган аймгийн Бугат сум. Учир нь өнөөх л өрсөлдөгч компанийнхаа матаасаас болж ялсан компани нь сургуулиа барьж чадсангүй.

Нийтээрээ ховч, матаасчин, нэгнийхээ мууг үзэх гэсэн өөдгүй болсны үр дүн энэ юм. Хамгийн харамсалтай нь сургуульгүй болсон хэдэн мянган хүүхэд, хэдэн зуун эцэг, эхийн шаналан зовлон байна.

Монголын нийгэм дэх хов, матаас нь хоёр янз байна. Ахуйн хүрээнд, хуулийн хүрээнд гэж. Ахуйн хүрээн дэх матаасыг айл гэрийн асуудал, хувь хүний зан араншин гээд орхиё, цаашаа. Хуулийн хүрээнд хийгдэж буй ёозгүй, хүний ёсноос гадуурх матаасыг л эхний удаад эмхэлж цэгцэлж, төрийг ёс зүйтэй болгоё. Шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж хэлэхэд зөвлөх нэртэй хүн чинь баталгаа нотолгоогүй зүйл яриад ороод ирвэл ядаж өөр шугамаар үнэн худлыг нь магадлаад сурчихаач. Эхэнд бичсэн дэлхийн томчуудын олон эх сурвалжтай гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Улс орны хэмжээний шийдвэр гаргахын тулд олон талын судалгаа, тооцоо, мэдээлэл, зөвлөгөө, хов жив, матаас хэрэгтэй байх нь дамжиггүй. Дэлхийн бүх удирдагчдын замнал тийм байгаа. Ганцхан “хар муур” мөн үү, биш үү гэдгийг л шийдвэр гаргагчид маань нягтлаад сурчих хэрэгтэй юм. Ингээд л болоо.

Хэдхэн хоногийн өмнө төрийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэргийн учир начрыг хоёр талын ар гэрийнхэн нь одоо л там тум гадарлаж эхэлцгээж байгаа дуулдана. Ижил түвшний эрх мэдэлтэй энэ хоёр залуугийн дунд ойр тойронд нь байсан нэг нөхөр “хар муур”-ыг тултал гүйлгэсэн нь эцэстээ ийм байдалд хүргэсэн бололтой. Хоёр залуу даргын хэн нь ч “хар муур”-ыг магадалсангүй. Нэг л хүний үгээр хоорондоо дайсан болцгоожээ. Түмэнгэрэл, Бадраа нарын дунд Г гэгч хоёулантай нь ойр байсан төрийн нэг түшмэл ямар айхавтар “хар муур” гүйлгэж байсныг мэдэх хүмүүс нь одоо ч мэднэ. Одоо Г гэгч нь явж л байдаг. Өнөө хоёр нь харин алга даа. Арав гаруй жилийн өмнөх тэр эмгэнэлт явдал энэ удаад давтагдлаа. “Хар муур” харин хашаан дээрээ “Өөр хэнийг вэ” гээд өнөөдөр гэмгүй царайлан сууж байна. Энэ л Монголын төрийн энэ цаг үеийн эмгэнэл болоод байна.

УИХ-ын гишүүд нь хэн нэгний хов матаасыг шууд хүлээж авдаг, ямарч баталгаагүй тэр мэдээллийг төрийн нэрийн өмнөөс шууд нийгэмд дамжуулдаг хариуцлагагүй байдал өнөөдөр газар авсаар байна.Яг үнэндээ ямар ч баталгаагүй мэдээллээр, бүр нарийндаа хов матааснаас болж өнөөдөр Монголын эдийн засгийг өндөр түвшинд гаргах байсан Оюу толгой гацлаа. Төмөр замыг зогсоолоо. Нефтийн үйлдвэрийн ашиг тус лөөлөө боллоо. Цахилгаан станцууд үлгэр хэвээрээ. УИХ-ын гишүүд нь амандаа орсноо бурдаг, төрийн гурван өндөрлөг нь хов матаасаар шийдвэр гаргадаг, төрд ховын ийм тогтолцоо нэгэнт бүрдчихээр доошоо юу болох вэ. Иргэн Та ядаж хэн нэгэн таныг муулж байна гэвэл тэр хүн рүүгээ шууд залгаад “Чи намайг тэгээ юу” гээд асуучихдаг эр зоригтой байгаач. Энэ нь таныг ховын аюулаас хамгаална. Харин төрд бол тийм эр зоригтон байхгүй байна. Байхгүй болохоор алалцаад дуусах зам дээрээ гарчихлаа даа.