Гурван “I”. Ирэх долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо дэлхийн 100 шахам улсын санхүүгийн зохицуулагч байгууллага болон Төв банкуудын төлөөлөгчид хуран цуглаж, “Innovation. Inclusion. Impact” буюу гурван “I”-г өргөн хүрээнд хэлэлцэх гэж байна. “Инноваци. Хүртээмж. Нөлөөлөл” гэсэн харилцан хамаарал бүхий гурван асуудлыг Дэлхийн бодлогын форум (ДБФ, Global Policy Forum, GPF) үндсэн сэдвээ болгож дэвшүүлэн тавьсан нь хүн төрөлхтний санхүүгийн хөгжлийн нийтлэг чиг хандлага эдгээр хэв шинжид түлхүү төвлөрөх болсныг илтгэн харуулж буй юм.
Эгнээндээ 95 улс орны нөлөө бүхий 110 гаруй санхүүгийн зохицуулагч байгууллагыг нэгтгэн, хүртээмжийн бодлогыг олон улсын хэмжээнд зангидан хэрэгжүүлдэг дэлхийн хамгийн том нэгдэл болох Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI) ДБФ-ыг жил бүр зохион байгуулж байна. ДБФ-аар санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогыг шийдлүүдийг зөвшилцөн баталж, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгахад нийгэмлэгийн гишүүн байгууллагууд идэвхтэй хамтран ажилладаг юм. Сочи хотноо ОХУ-ын Төв банктай хамтран зохион байгуулж буй энэ жилийн ДБФ бол нийгэмлэгийн болон форумын 10 жилийн ойтой давхцаж буйгаараа ач холбогдолтой бөгөөд 600 гаруй төлөөлөгч оролцохоо нэгэнт мэдэгдээд байна.
СХН-ийг Захирлуудын зөвлөл удирдах бөгөөд есөн жинхэнэ, хоёр ажиглагч гишүүний бүрэлдэхүүтэй тус зөвлөлийн жинхэнэ гишүүнээр Бразил, Бангладеш, ОХУ, Гана, Египет, Самоа, Коста Рика болон Баруун Африкийн улсуудын Төв банкны тэргүүн, дэд тэргүүн санхүүгийн зохицуулагч байгууллагын удирдлагуудтай хамт Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн ажиллаж байна. Зөвлөл нь Төсөв санхүүгийн, Олон улсын стандарт ба бодлогын, Жендэр ба эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцооны хороод, Зөвлөхүүдийн бүлэг, Хандивлагчдын зөвлөлдөх зөвлөлийн дэмжлэгтэйгээр бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудын оролцоог хангах, хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Мөн СХН нь үндсэн зургаан ажлын хэсгийн бүтцээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо бүх ажлын хэсгүүдэд буюу Хэрэглэгчийн эрх ашиг ба зах зээлийн ёс зүй (Consumer Empowerment and Market Conduct, CEMC), Санхүүгийн хүртээмжийн стратеги (Financial Inclusion Strategy, FIS), Санхүүгийн хүртээмжийн өгөгдөл (Financial Inclusion Data, FID), Санхүүгийн хэрэглээний хэм хэмжээ, тэнцвэрт байдлын Олон улсын стандарт (Proportionate Application of Global Standards, GSP), Санхүүгийн цахим үйлчилгээ (Digital Financial Services, DFS), ЖДҮ-ийн санхүүжилт (SME Finance, SMEF) ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүтцээс гадна СХН-ийн гишүүн байгууллагууд бүс нутгийн зөвлөлүүдээр хамтран ажиллаж, санхүүгийн хүртээмжийн дэвшилтэт шийдэл, шинэ санаачилгыг дэмжих, дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулдаг юм.
СХН өнөөдрийн байдлаар Африкийн, Өмнөд Америк болон Карибын тэнгисийн арлуудын, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн, Номхон далайн арлуудын гэсэн бүс нутгийн дөрвөн зөвлөлтэйгөөр ажилладаг бөгөөд өнгөрөгч зургаадугаар сард Санкт Петербург хотноо хуралдсан “Олон улсын санхүүгийн XXVII чуулган”-ы хүрээнд болсон СХН-ийн дээд хэмжээний уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн зөвлөлийг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Хороо болон ОХУ, Киргизстан, Армен, Беларусь, Казакстан Улсын Төв банк, санхүүгийн зохицуулах байгууллагын тэргүүн, тэргүүн дэд ерөнхийлөгч нар, мөн СХН-ийн гүйцэтгэх удирдлага оролцсон тус уулзалтаар бүс нутгийн тав дахь зөвлөл байгуулахыг дэмжиж, ДБФ-д оруулж шийдвэрлүүлэхээр болсон юм. Сочигийн ДБФ-ын шийдвэрлэх нэг чухал асуудал нь энэ байх бөгөөд шинээр Зүүн Европ, Төв Азийн бүсийн зөвлөлийг байгуулах асуудлыг санаачлагчдын нэг нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо юм.
10 дахь ДБФ-аар хөгжиж буй орнуудын хүн амын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг арилгах, хил дамнасан мөнгөн гуйвуулгын өртгийг бууруулах, дүрвэгсэд, засаг захиргаагүй хүмүүсийн санхүүгийн хэрэглээний арга замыг шийдвэрлэх, зохицуулалтыг сайжруулах зэрэгт хиймэл оюун ухаан, блокчэйн болон биометрийг тодорхойлох технологиуд, үүлэн тооцоолуур, мэдээллийн санг ашиглах гэх мэт өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм. Форумын хүрээнд СХН-ийн Захирлуудын зөвлөл хуралдаж, хэтийн бодлого чиглэлийг хэлэлцэн, хэрэгжүүлэх стратегийг тодорхойлохоос гадна ажлын хэсгүүд, бүс нутгийн зөвлөлүүд болон хороодын уулзалт, хурлууд, мөн удирдагчдын дугуй ширээний зөвлөлгөөнүүд болно.