Categories
гадаад мэдээ

​Агаарын бохирдол нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг

Агаарын бохирдол нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Агаарын бохирдлын сөрөг нөлөө нас ахих тусам нэмэгдэж байна гэж судлаачид дүгнэжээ. АНУ болон БНХАУ-ын судлаачдын хамтарсан баг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятадын 20 мянган хүний математик болон ярианы ур чадварыг ажигласан байна.

Энэхүү судалгааны үр дүнд дэлхийн хүн амын 91 орчим хувь нь биед сөрөг үр дагавар үүсгэх боломжтой, бохирдол ихтэй агаараар амьсгалж байгааг тогтоожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, үл үзэгдэх алуурчин гэх агаарын бохирдлын улмаас дэлхийд жил болгон 7 сая орчим хүн эрт нас барж байна.

Агаарын бохирдол нь Альцгеймерийн өвчин болон Демениягийн бусад хэлбэрүүд зэрэг дегенератив өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

“Бохирдол ихтэй агаараар амьсгалах нь хүний боловсролын түвшинг нэг жилээр ухраах сөрөг үр дагавартай” гэж Йелийн их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Си Чень хэллээ.

Өмнө нь хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь сурагчдын танин мэдэхүйн чадваруудад сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Судлаачид 2010-2014 оны хооронд 10 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг ажиглаж, стандартчилсан математикийн 24 асуулт, үг таних 34 асуулт асууж уг судалгааг явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын сав газрыг тогтмол цэвэрлэгээтэй болгохоор хог тээврийн автомашин гардуулав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө.

Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм. Мөн Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм. 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ. Өмнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэггүй байсан бол одооноос байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчид ирэх сарын 1-ээс өлсгөлөн зарлана гэв

МАН-ын урд талбайд нийслэлийн худалдаа эрхлэгчид суулт хийж байгаа билээ. Хэрэв тавьсан шаардлагыг нь хүлээн авч, намын удирдлагууд худалдаачдын төлөөллүүдтэй уулзахгүй бол өлсгөлөн зарлахаа өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа “Худалдаачид бид Монгол Улсдаа наймаа эрхэлж амьдарч буй 300000 гаруй иргэдийнхээ нийгмийн асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг судлан зохицуулаад, дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан долоон заалт бүхий шаардлагыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд МАН-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй. Иймд бид улс төрийн суулт хийж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал доройтсон энэ үед худалдаа эрхлэгч бидэнд арай л хатуу хандаж байна. Ядуурал, ажилгүйдэл их байгаа гэж ярьдаг хэрнээ хувиараа хөдөлмөр эрхэлж, амь зуух гэсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй байх нь энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг улам даамжруулж байгаа хэрэг боллоо” гэв.

Тэдний зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Үүнд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2018 оны есдүгээр сарын 1-ний дотор Монголын Худалдаачдын холбооны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулахыг шаардаж байгаа гэнэ. Уулзалтыг олон нийтийн өмнө нээлттэй зохион байгуулах ёстой хэмээн үзжээ. Хэрвээ энэхүү шаардлагыг эс биелүүлбэл МАН-ын гадаа зохион байгуулж буй улстөрийн суултаа тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлж, 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “Бид өмнө нь суулт зарлах гэж таван удаа хүсэлт хүргүүлсэн. Гэвч хоёр нь хүний тоогоо өгөөгүй гээд буцаагдсан. Мөн прокуророос намайг шалгана гэж удаа дараа дуудуулж байгаа. Байцаалтаа өг гэж өдөр болгон залгаж байна. Би ямар буруу зүйл хийсэн гэж тэд нар дээр очих ёстой юм. Төрийн эрх мэдэлтнүүд шиг улсаа худалдаж, хүн алж, хулгай хийгээгүй. Би ганц чихэр, ширхэг бохь зарж, хойч ирээдүйнхээ төлөө зүтгэж байна. Би зүгээр л үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн төдий. Үүний төлөө намайг хорих гэж байгаа бол би айхгүй байна. Учир нь буруу зүйл хийгээгүй, намайг хорих ямар ч үндэслэл байхгүй” гэж байв.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

​Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд болно​

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт ирэх сарын 6-8-ны өдрүүдэд болно. Уулзалтаар Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны гишүүн 13 улс оролцох аж. Энэхүү уулзалт 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн,2017 онд Малайзын Каула Лумпур хотуудад болж байсан. Энэ удаа манай улсад “Глобал инноваци ба харилцаа холбоо” уриан дор явагдахаар болжээ. “Цахим эдийн засаг шилжилт” сэдвийн хүрээнд Монгол улс дахь боломжууд, дижитал эдийн засаг-экосистем, санхүүгийн ирээдүй гэх мэтдолоон хэлэлцүүлэг хийнэ.

Энэ үеэр Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны /IWFCI/Монгол дах салбарын ТУЗ-ийн гишүүн М.Золзаяа хэлэхдээ“Манай чуулга уулзалтын гол зорилго нь Зүүн өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортыг дэмжих юм. Мөн бид олон улсын хуралд бүрэн бүрэлдэхүүнээр очиж чаддаггүй. Энэ удаа Улаанбаатар хотноо зохиохоор болоод байна. Чуулганаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, дэлхийн эдийн засаг хаашаа эргэж байна вэ, бидэнд ямар боломж бололцоо байгаа вэ гэдгийнжижиг, дунд бизнес эрхлэгчид маань мэдээлэл авч, туршлага солилцоосой”гэв.

Уг байгууллага нь 1992 онд байгуулагдсан. Монгол Улсад 2017 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор “ACEAN-Монгол бизнес түншлэл” экспорт, импортыгдэмжих хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлжээ.

Чуулга уулзалтын хэлэлцүүлэг өрнөсний дараагаар олон улсын үзэсгэлэн худалдаа, загварын шоу болно.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Ц.Даваасүрэн: АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй

Эрчим хүчний салбарт ажиллагсад, тэдний хамаатан садан, ах, дүүтэй холбоотой 130 компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь АТГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ. Эдгээр компанийн долоо нь өнгөрсөн онд эрчим хүчний салбарт зарласан 5.8 тэрбум төгрөгийн тендер авсан байна.

Энэ талаар салбарын сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Би өнөөдөр АТГ руу албан бичиг явууллаа. Тэдний сайтад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн үг биш. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой. Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэлээ.

Мөн “Манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байж болох гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал би ажлаа өгөхөд бэлэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар 185-р тогтоолоо эргэн харахыг Ерөнхий сайдаас хүслээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд 140 орчим км урт дараалал үүссэн байна. Уурхайгаас нүүрс тээвэрлэдэг жолоочид нэг рэйс хийхийн тулд, 14-21 хонодог аж. Энэ талаар өнөөдөр “Баян зам” тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдал нь Засгийн газар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр хийсэн хуралдаанаараа нүүрс тээвэрлэлтийн замын шугамд өөрчлөлт оруулснаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Учир нь тус хуралдааны шийдвэрээр Гашуунсухайтаас Ганц модны хилийн боомт хүртэлх нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордноос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар болсон.

Тодруулбал дээрх гурван замын чиглэлийг богино, урт, уртын урт хэмээн нэрийддэг байна. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар тус газарт үүссэн нөхцөл байдалтай танилцахдаа уртын урт буюу Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэлх чиглэлийг БНХАУ-ын хилийн нэвтрүүлэлтийг сайжруулж, хэлэлцээ хийтэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Гэвч хилийн ямар нэгэн хэлцэл хийж, байдлыг сайжруулалгүйгээр буцаан нээжээ. Мөн тус уурхайн тээврийн зам уг нь гурван урсгалтай байсан боловч өнгөрсөн сард орсон их хэмжээний бороо үерийн улмаас замын нэг урсгал нь усанд урсч Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн зам хоёр урсгалтай болсон байна. Энэ нь түгжрэл үүсгээд зогсохгүй тээврийн машиныг эвдэлж, осол гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа аж.

Жолооч Л.Гантогтох “Энд ажиллаж байгаа жолооч нарт олон асуудал тулгардаг. Жишээ нь бидний дунд гэртээ хариагүй жил гаруй болж байгаа хүн ч бий. Зарим жолоочид дарааллаас болоод нэгэнтэйгээ муудалцаж, зодолдсон. Саяхан л гэхэд хоёр жолоочийн дунд хүйтэн мэсний хэрэг гарсан. Тиймээс бид нөхцөл байдлыг цэгцэлж, богино хугацаанд ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү хэмээн Засгийн газарт өргөх бичиг барьж байгаа. Үүнээ гадна дараалалд удаан зогсохыг хүсээгүй жолооч гар Оюутолгойн шороон замаар явж, байгаль орчинд хөрсний гэмтэл үүсгэж байгаа юм” гэв.

Мөн “Баян зам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн М.Нямжав “Гаалийн хяналтын бүсэд Ерөнхий сайд бие төлөөлөгчөө нэг сарын хугацаатай байлгаж, үүсээд байгаа нөхцөл, бодит байдалтай танилцна уу хэмээн хүсч байна. Бас өнгөрсөн зургадугаар сарын 20-ны өдөр гаргасан 185 дугаар тогтоолоо эргэн хараач, Цагаанхадны замд үүссэн 140 км дарааллыг хурдан шийдэж өгнө үү гэж Ерөнхий сайдаас хүсч байна” хэмээлээ.

Тэдний зүгээс, Цагаанхадыг тодорхой засаг захиргааны нэгтэй болгож өгөхөөс гадна, өнгөрсөн сонгуулийн үеэр Цагаанхадыг гэрэл цахилгаанд холбож өгнө гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа аж.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

ЕБС-иудад тулгамдаж буй асуудлаар ярилцжээ

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд тус аймгийн 15 сумын 21 ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нартай “Зангиагүй уулзалт” ярилцлагыг зохион байгууллаа. Тус уулзалт ярилцлаганд холбогдох төрийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцож ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцов.

Үерийн улмаас сургуулийн эдэлбэр газрын хөрс бохирдсон, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол болон үдийн цайны нэг хүүхдэд ногдож буй төсөв нь хүүхдийн хоногт хоол хүнснээс авах илчлэг, нормыг хангахад хүрэлцдэггүй, гал тогоо, дотуур байранд тоног төхөөрөмж дутагдалтай, дотуур байрны мэргэжлийн багш, эмч, үйлчилгээний ажилтны орон тоо хүрэлцээгүй зэрэг асуудлууд хөндөгдөж, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцжээ.

Улмаар санал хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлэх, гарч буй асуудлыг шат дараалан шийдвэрлүүлэх, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн барилгын засварын ажилд хяналт шалгалт хийлээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар сумын гурав, дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажилд хяналт шалгалт хийлээ. Гуравдугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил 90 хувь, дөрөвдүгээр цэцэрлэгийн засварын явц 80 хувьтай байгаа аж. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, холбогдох арга хэмжээг авчээ.

Мөн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт сургалт зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим картыг олгож эхэлнэ

Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт мөн хүргүүлжээ.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ жил шинээр их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын хүсэлтийг тухайн сургуулийн захиргаагаар дамжуулан энэ сарын 21-нээс 29-ныг дуустал хүлээн авч байна. Бид шинээр карт авах хүсэлтийг хүлээн аваад ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Мөн 2, 3, 4 дүгээр курсэд дэвшин суралцаж байгаа цахим картаа сунгах оюутнуудын хүсэлтийг ирэх 9 дүгээр сарын 3-нд хүлээн авч мөн ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Харин цахим картыг гээгдүүлсэн, гэмтээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг 9 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэх юм” гэлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Энэ жил коллеж, МСҮТ-үүдэд 26 мянга гаруй оюутан суралцагч суралцана. Суралцагч оюутнуудын цахим картыг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар олгоно. Өнгөрсөн жилийнхээс бага зэргийн өөрчлөлт орсон нь картыг гээгдүүлсэн бол шинээр авах 3600 төгрөг, сунгалтын 1000 төгрөг буюу нийт 4600 төгрөг тушаах ёстой” гэж ярилаа.

Их дээд сургуулиуд мэдээллээ хугацаандаа ирүүлдэггүйгээс оюутнуудын карт хугацаандаа гардаггүй гэсэн гомдол жил бүр гардаг. Цахим картын материал хүлээн авах удирдамжийг энэ жил 6 дугаар сард сургуулиудад хүргүүлсэн. Материал хүлээн авах хугацааг 8 дугаар сарын 21-нээс 29 гэж тогтоосон ч одоогоор сургуулиуд мэдээллээ өгөөгүй байна. Мөн 9 дүгээр сард сургуулиуд мэдээллээ зэрэг шахам ирүүлдэг учир ачаалал ихэсдэг зэрэг шалтгаанаар цахим карт хугацаандаа гарахгүй уддаг байна. Энэ ачааллыг багасгах үүднээс энэ жил гэрээт ажилтан ажиллуулах юм байна.

Хичээлийн жил эхлээд явцын дунд шинээр авсан картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хүсэлт гаргаж картаа хүчингүй болгох, цэнэглүүлэх боломжтой.

Гэрээсээ 1 км зайд сургуульд суралцах оюутан бүрт цахим карт олгогдоно. Үүнийг сургуулийн захиргаа баталгаажуулж, ирүүлсэн хүсэлт бүрийг шийдвэрлэнэ гэж “Улаанбаатар цахим карт” ХХК-ны Үйл ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул хэллээ.

Их дээд сургуулиуд цахим картын хүсэлт гаргахдаа сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, оюутнуудын нэрсийн жагсаалтыг цаасан болон файл хэлбэрээр, хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхарт Улаанбаатар смарт карт компанийн байранд өгнө. Материалыг хүлээн авснаас хойш тухайн сургуулийн оюутны тооноос хамааран өдөрт нь болон ажлын 1-2 өдөрт шийдвэрлэж сургуулийн сургалтын албанд шилжүүлэх юм. Оюутнууд цахим картаа сургуулийнхаа сургалтын албаар дамжуулан авах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эх хэлний өдөр”-ийг угтан эрдэмтэд лекц уншина

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.

Зарлигт дурдсанчлан “Эх хэлний өдөр”-ийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой юм..

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Ерөнхий боловсролын сургуулийн 241 сургуулийн 500 орчим монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нарт зориулсан “Эх хэлний өдөр”-2018 лекцийг 2018 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 9-12 цагийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой юм.

Лекцэнд:

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр тус тус лекц уншиж ярилцана.