Categories
мэдээ нийгэм

108,970 гаруй мянган оюутан цахим картаар үйлчлүүлнэ

Нийслэлийн Боловсролын газар, Их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт мөн хүргүүлжээ.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ жил шинээр их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын хүсэлтийг тухайн сургуулийн захиргаагаар дамжуулан 8 дугаар сарын 21-29-ныг дуустал хүлээн авч байна. Бид шинээр карт авах хүсэлтийг хүлээн аваад ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Мөн 2, 3, 4 дүгээр курсэд дэвшин сурч буй цахим картаа сунгах оюутнуудын хүсэлтийг ирэх 9 дүгээр сарын 3-нд хүлээн авч мөн ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Цахим картаа гээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг 9 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэх юм” гэлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Энэ жил коллеж, МСҮТ-үүдэд 26 мянга гаруй оюутан суралцана. Суралцагч оюутнуудын цахим картыг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар олгоно. Өнгөрсөн жилийнхээс бага зэргийн өөрчлөлт орсон нь картыг гээгдүүлсэн бол шинээр авах 3600 төгрөг, сунгалтын 1000 төгрөг буюу нийт 4600 төгрөг тушаах ёстой” гэж ярилаа.

Хичээлийн жил эхлээд явцын дунд шинээр авсан картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хүсэлт гаргаж картаа хүчингүй болгох, цэнэглүүлэх боломжтой.

Гэрээсээ 1 км зайд сургуульд суралцах оюутан бүрт цахим карт олгогдоно. Үүнийг сургуулийн захиргаа баталгаажуулж, ирүүлсэн хүсэлт бүрийг шийдвэрлэнэ гэж “Улаанбаатар цахим карт” ХХК-ны Үйл ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул хэллээ.

Их дээд сургуулиуд цахим картын хүсэлт гаргахдаа сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, оюутнуудын нэрсийн жагсаалтыг цаасан болон файл хэлбэрээр, хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхарт Улаанбаатар смарт карт компанийн байранд өгнө. Материалыг хүлээн авснаас хойш тухайн сургуулийн оюутны тооноос хамааран өдөрт нь болон ажлын 1-2 өдөрт шийдвэрлэж сургуулийн сургалтын албанд шилжүүлэх юм. Оюутнууд цахим картаа сургуулийнхаа сургалтын албаар дамжуулан авах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ынхан намар цагийн аялан тоглолтоо хийнэ

УДЭТ-ын уран бүтээлчид 21 аймгаар хийх Намар цагийн аялан тоглолтоо Баянхонгор аймгаас эхлүүлэхээр болжээ. Ирэх сарын 12, 13, 14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт тус театрын 50 шахам уран бүтээлч ажиллаж, орон нутгийн үзэгчдэд бүтээлээ толилуулах юм байна.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн, хүүхдийн зэрэг төрөл жанарын бүтээлүүдээ толилуулах аж.

Баянхонгор аймагт тоглох хөтөлбөрт Э.Оюуны зохиол, Н.Наранбаатарын найруулга “Би эндээс явахгүй” драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни . Ж.Чэпмен “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжгүүд багтжээ.

Тус театрын уран бүтээлчид шилдэг сор бүтээлүүдийн дээжис болох дээрх жүжгүүдээ бүх насны үзэгчид 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Японы багш, сурагчид Хөвсгөл аймагт айлчилж байна

Хөвсгөл аймаг Япон Улсын Нигата мужтай 2014 онд хамтын ажиллагаа өрнүүлж санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Тус санамж бичгийн хүрээнд “Сурагч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж Япон багш, сурагчид гурав дахь удаагаа Хөвсгөл аймагт зочилжээ.

Хөтөлбөрт хамрагдсан Японы зургаан хүүхэд, хоёр багш Хөвсгөл аймагт айлчилж Мөрөн хоттой танилцаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Чингүнжавын хөшөөний дэргэд дурсгалын зураг авхуулж, Музей үзэж монголын эрийн гурван наадмын нэг нум сум, шагайн харвааг сонирхсон байна. Мөн орон нутгийн онцлог бүхий цаатны отог, малчин айлд зочилж монгол ахуйтай танилцжээ.

“Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын гадаад хэл, соёлын мэдлэг боловсрол, дадлыг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн дурсгалт газар, үүх түүхийг танилцуулах, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд олгож байгаа боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаар туршлага солилцох, тэдний хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх зорилготой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн бааз энэ онд ашиглалтад орно

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн бааз энэ онд ашиглалтад орно.

Төв аймгийн Манзуширийн хийдтэй хаяа залган баригдаж буй бэлтгэлийн бааз ашиглалтад орсноор манай тамирчид цэвэр агаарт бэлтгэл сургуулилтаа хангах юм.

Тус хөлбөмбөгийн бэлтгэлийн баазын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Дэлгэрнаран” компани ажиллаж байна.

Манай хөлбөмбөгийн багийн бэлтгэлийн бааз ашиглалтад орно

Categories
мэдээ нийгэм

95.3 тонн хөл газрын ургамал, хог хаягдлыг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/263 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээг “Харшлын эсрэг хамтдаа’’ уриатайгаар 2 удаа зохион байгуулан ажиллалаа.

Тус цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон 28хороонд үйл ажиллагаа явуулж буй 693 аж ахуйн нэгж, байгууллагын 924 хүн, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 193 хүн, СӨХ-ын 963 ажилчин албан хаагчид оролцож нийт 69.752м.кв талбайн 95.3 тонн хөл газрын ургамал, хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Түүнчлэн “Шарилжгүй Улаабаанбаатар-3” аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлыг устгах төлөвлөгөө гарган өдөр бүр тогтмол цэвэрлэж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар сайд нар нийт 25 асуудал хэлэлцэж буй юм. Тухайлбал, Их майдар төслийн газрыг тусгай хэрэгцээнд авах, Туул голын эрэг дагуух зарим газрын асуудал, газар тариалангийн асуудал зэргийг хэлэлцэж байна.

Засгийн газрын хуралдааны дундуур Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Явган алхах нь жингийн илүүдлээс сэргийлнэ

ЖИНГИЙН ИЛҮҮДЛЭЭС СЭРГИЙЛЖ
ЧАДНА

Хаа сайгүй л турах хүсэлтэй хүмүүс, янз бүрийн эм тан, бэлдмэл хэрэглэж хэрхэн турах тухайгаа бие биетэйгээ ярилцана. Тэдгээр зүйлсдээ маш их мөнгө төгрөг зарлагдаж эцэст нь өөрсдийн бие махбодиороо хохирч үлдсэн тохиолдол цөөнүй байдаг. Үүний оронд хамгийн үр дүнтэй бөгөөд зарлагагүй арга бол алхах юм. Явган алхахыг өөрийн амьдралын нэгэн хэвшил болгож чадвал жингийн илүүдлээс сэргийлж чадна. Өдөрт тогтмол 30 минут алхаж чадвал 7 хоногийн дотор хагас кг турах боломжтой. Мөн өөрийн жингээ хэвийн хэмжээнд нь барихыг хүсэж байвал тогтмол алхахад л хангалттай.

АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

Алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг. Магадгүй та алхаж явахдаа шинэ бизнес санаагаа олох ч юм билүү. Хүн өөрөө өөртэйгээ ярилцах цагийг өдөрт гаргаж байх хэрэгтэй гэдэг. Тэгвэл өдөрт алхах 30 минутын хугацаандаа өөрөө өөртэйгээ ярилцаж, бодож тунгаах боломж олддог

БУХИМДАЛ МИНЬ БАЯРТАЙ

Алхах нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог. Шалтгаан нь зүрх судасны үйл ажиллагаа сайжирч буйтай холбоотой юм. Мөн цусны эргэлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлдэг.

ӨГЛӨӨНИЙ НАРНААС
ЭНЕРГИ АВАХ

Өглөөний ургах нарнаар алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үеэр авто замын хөдөлгөөн бараг л хоосон байдаг учир энэ үеийг ашиглаад аваарай. Гайхалтай эрч хүчийг ургах наран, өглөөний цэнгэг агаараас мэдрэх болно.

НАС УРТАСНА

Нэг минут алхахад хүний нас мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг. Хэрвээ та урт удаан эрүүл энх амьдрахыг хүсэж байвал явган алх. Хүрэх газартаа очихоос хоёр буудлын өмнө буугад явган алхаж оч. Асуудлыг ингээд л амархан шийдчихэж болно.

ХУРДАН АЛХ

Хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ их калори шатаана гэсэн үг. Эхний ээлжинд удаан алхаж биеэ халааж байгаад аажим аажмаар хурдаа нэмж алхаарай.

Та жаахан л хичээвэл амжилтанд хүрэхэд ойрхон байна.

Categories
мэдээ нийгэм

Таван их сургуулийг нэгтгэжээ

Монгол Улсад өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 96 их сургуульд 155 мянган оюутан суралцсан байна. Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 32 их сургууль байсны 27 нь магадлан итгэмжлэлийн батламжаа авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болжээ.

Түүнчлэн өнгөрсөн хичээлийн жилд 18 их сургуульд хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар таван сургуулийг бусад сургуультай нэгтгэх, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Сүүлийн жилд сургалтын үйл ажиллагаа алдагдсан, элсэгчдийн тоо буурсан, багшийн хүрэлцээ тааруу, орчин нөхцөл нь шаардлага хангаагүй зэрэг шалтгаан үүссэн юм.

Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах, зургаан сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах багшийн хүрэлцээ, хангамж муу байгаа таван сургууль бусад сургуультай нэгтгэх, боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлага тавьжээ. Зургаан сургуульд хугацаат үүрэг өгч, хоёр сургуульд дахин хяналт, үнэлгээ хийхээр боллоо гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Амартүвшин эхний ялалтаа авлаа

Азийн нааадмын жүдогийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн тэмцээнээр эхэллээ. Манай бөхчүүдээс 60 кг-д МУГТ Д.Амартүвшин Макаогийн Луо Чон Хоуг ялж шөвгийн наймд үлдсэн. Түүний хэсэгт БНСУ-ын Ли Харим орсон бол бол бусад томчууд болох Узбекистаны Диорбек Урозбоев Энэтхэг, Тайвань, Йементэй, Казахстаны Йелдос Сметов Индонез, Киргиз, Ардчилсан Солонгостой, Японы Торү Шишимэ Камбож, тажик, Хятадтай нэг хэсэгт оржээ.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахад ӨМӨЗО чухал оролцоотой

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд зочилсон нь ӨЗО-ны Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж байгаа үүргийг тодотгосон явдал байсан гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Мөн ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ли Жихөн болон таны өнөөдөр хийж буй айлчлал хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгч байна гэж Шадар сайд ноён Ай Лихуад хэллээ. Хятадын худалдааны эргэлтийн 60 гаруй хувийг ӨМӨЗО-той хийж буй худалдаа бүрдүүлж байна. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна гэдгээ тэрээр цохон тэмдэглэв.

Хөгжлийн зам хөтөлбөр, Бүс ба Зам санаачилгыг уялдуулах хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах явцад хоёр орны харилцаанд ӨМӨЗО гүүр болж ирсэн тул цаашид хэрэгжүүлэх төслүүдэд идэвхитэй оролцох боломжтой. Түүнчлэн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахад ӨМӨЗО чухал оролцоотой юм. Манай хоёр талын хооронд хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг илүү идэвхижүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд ӨМӨЗО-ны зүгээс анхаарал хандуулан ажиллах талаар санал солилцлов.

ӨМӨЗО-ны боомтууд нь Монгол, Хятадын худалдааны гол гарц болдгийн хувьд худалдааг хөнгөвчлөх, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлд ӨЗО-ны удирдлагын зүгээс цаашид анхаарч ажиллана гэж найдаж хэмээн Шадар сайд хэлэв. Ай Лихуа нь айлчлалынхаа үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудлаарх Хамтарсан ажлын хэсгийн уулзалтад оролцож, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын үеэр тогтсон тохиролцоог бататгана хэмээн итгэж байна гэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.