Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн оролцох нэр дэвшигчийг Бага хурлаараа тодруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, МАН ээлжит Бага хурлаа ирэх даваа гаригт буюу энэ сарын 6-нд хийхээр болсон байна.

Дашрамд, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болох тов гарсан. Есдүгээр сарын 14 гэхэд нэр дэвшигчид тодорсон байх учиртай. МАН Хэнтийн 42 дугаар тойрогт ихээхэн ач холбогдол өгч, эртнээс бэлдэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсний хэрэглээг зогсооно

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог байна. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Тухайлбал Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой арга бол түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэхгэж үзсэн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дулааны алдагдлаа бууруулах,байгальд ээлтэй дэвшилтэт технологиос өөрийн хэрэгцээнд тохирохыг сонгож, бэлтгэлээ эртнээс хийж, түүхий нүүрснээс зайлсхийхийг уриалж байна.

Түүнчлэн энэхүү шийдвэр нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн барилагын ажил эхлэлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг шийдэхгүй саяхныг хүрээд байсан юм. Харин Засгийн газраас 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендер зарлах нэмэлт хөрөнгийг шийджээ.

Жил бүр аймаг, сумын орох, гарах хаалга, хөшөө баримал гээд бишгүй их мөнгийг төсөвт тусгуулдаг хэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгын төсвийн талыг нь хасч байсан.

10 дугаар цэцэрлэгийн барилгыг барих компани шалгарч, энэ ажил эхлэхээр болсон тухай салбарын сайд хэлж байна. Тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг 186 дугаар цэцэрлэг рүү шилжүүлжээ. Цэцэрлэгийн барилга ашиглалтад ортол хүүхдүүд тус цэцэрлэгт хүмүүжих юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: “Турк улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаагүй” гэж Элчин сайд нь утсаар холбогдохдоо хэлсэн

АМЬД ХҮНИЙГ ҮЛ ОЙЛГОГДОХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД, БАРАА ТАВААР МЭТЭЭР ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ Л ШААРДЛАГА ТАВЬСАН-

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэргийн үеэр манай улсыг хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллалаа гэж дэлхий дахинд үнэлж, мэдээлж байна. Тухайн өдөр буюу өнгөрсөн баасан гаригт та “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан хүний хувьд болсон үйл явдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Монгол Улсад ардчилал, хүний эрхийн хамгаалал байдаг уу гэсэн асуултад олон улсын хэмжээнд багахан ч гэсэн хариулт өгөх гэнэтийн үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчны идэвхтнүүдээс өгсүүлээд Монголын төр засаг, нийгмийн тогтолцоо маш шуурхай ажилласан гэж дүгнэж болно. Тухайн өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би өөрийн биеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан. Өөрийн биеэр очихгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах байдлаар асуудалд хандах нь цаг алдах эрсдэлтэй байсан л даа. Асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яамнаас ч шуурхай ажилласан нь талархалтай. БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсныг бүгд харж байсан.

Аль ч тусгаар улсын төр хийх л ёстой байсан арга хэмжээг Гадаад харилцааны яам шуурхай авч ажилласан. Эцэст нь Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан улс орон юм байна гэдгийг олон улсын хэмжээнд дүгнэлээ шүү дээ. Өөр хэд хэдэн улс оронд иймэрхүү эргэлзээ дагуулсан үйл явдал болоход хүний эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншсаны дараа Монголтойгоо харьцуулаад харахад таатай л санагдаж байна лээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, ард нь үүсэх өч төчнөөн асуудал бий л дээ.

-Туркийн Засгийн газраас мэдэгдэл гаргасан байна лээ. Монгол Улсыг худал хуурмаг мэдээлэл тараалаа гэсэн агуулгатай байх юм. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд та энэ асуудалд ямар тайлбар өгөх үү?

-Албан ёсоор Туркийн Засгийн газраас манай Засгийн газарт хандаад мэдэгдэл гаргасан эсэхийг хараахан мэдээгүй байна. Тийм мэдэгдэл гарсан бол Засгийн газрын зүгээс хариуг нь өгөх байх. Нэг зүйл тодотгоод хэлэхэд Монгол Улс, БНТУ маш өндөр хэмжээний найрсаг харилцаатай улсууд. Сая болсон үйл явдлаас шалтгаалаад олон жилийн найрсаг харилцаанд сэв суухгүй гэдэгт итгэлтэй байна. Туркийн Элчин сайд тэр өдөр надтай утсаар холбогдсон. “Турк Улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагааг Монголын газар нутаг дээр зохион байгуулаагүй” гэсэн. Тиймээс үүнийг УИХ албан ёсоор тодруулах ёстой. Хаана ямар шийдвэр гаргаж, хэний оролцоотойгоор Монгол Улс дэлхий нийтийн өмнө ийм нөхцөл байдалд оров гэдэг нь өөрөө том асуудал үүсгэж байгаа шүү.

-“Буянт-Ухаа”-д бууж газрын үйлчилгээ авсан гэж байгаа Туркийн онгоцонд явж байсан хүмүүсийг манай талаас шалгах гэхэд эсэргүүцсэн. Тусгаар улсын нутаг дэвсгэрт орж ирчихээд дипломат албаны хүмүүс гээд шалгуулахгүй өнгөрч болохгүй биз дээ. Ер нь тэр хүмүүсийн тухай танд ямар нэг мэдээлэл ирсэн үү?

-Тэр бол Туркийн ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч, экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо хэлж Монгол Улсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийлгээгүй. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ. Засгийн газар энэ үед маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй байдалд уг онгоцыг түр саатуулах арга хэмжээг тухайн үед авсан.

-Тэр онгоцоор дипломат шуудан хүргэж ирсэн гээд байх юм. Тийм бол ямар шуудан гэхээрээ ингэж онгоцоор ирэх вэ. Онлайн хөгжсөн орчин цагт дипломат албаны үйл ажиллагаа ийм зардал чирэгдэлтэй явагдана гэж үү?

-Яахав, бүх юмыг цахимаар илгээж болохгүй л дээ. Гэхдээ амьд хүн дипломат ачаа байх ёсгүй л юм. Тиймээс энэ асуудалд Монголын төр хатуу хяналт тавих ёстой юм. Хилийн цэргийн байгууллагаас “Дипломат онгоц учраас бид явуулах ёстой. Нисэхэд нь саад учруулж болохгүй” гэсэн. Тиймдээ ч тус онгоцыг хөөрөхөд манай талаас ямар нэгэн саад учруулаагүй. Бид ИНЕГ болон Зам тээврийн яамны албаны хүмүүст “Ачаа бол дипломат шугамаар орж, гарч болох байх. Харин амьд хүнийг, үл ойлгогдох эргэлзээтэй нөхцөл байдалд, бараа таваар мэтээр явуулж болохгүй гэдэг л шаардлага тавьсан.

-Ер нь тэр онгоц манайд буух албан ёсны зөвшөөрөл урьд нь авсан байсан уу. Тийм биш бол хоёр улсын дипломат харилцааг ноцтойгоор зөрчсөн асуудал болно биз дээ?

-Ямар ч байсан транзит тээврийн онгоц буугаад явсан. Дипломат шугамаар “Ачаа авна” гэж буусан. Манай талаас бүх зөвшөөрлийг нь өгөөд асуудалгүй буулгасан. Буцаад хөөрөхөд нь ч саад учруулаагүй, гол нь тэр ачаа нь амьд хүн байж болохгүй гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Тиймээс тэр онгоц ирсэн шалтгаан болон, Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон асуудлыг манай хуулийнхан тодорхой болгох ёстой юм. Хүний эрхэнд халдаж, долоо, найман цагийн турш ойлгомжгүй байдлаар авч явна гэдэг зайлшгүй шалгах ёстой, ноцтой асуудал. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсний үр дүнд ийм байдлыг л зогсооцгооё гэж хуулиндаа тусгаж өгсөн шүү дээ.

-Сүүлийн үед Турк, Монголын төрийн айлчлалуудын давтамж нэмэгдэж, хоёр улсын харилцаа сайн байгаа. Тиймээс Вейсел Акчайг авч явах ажиллагаанд дээгүүрээ тохиролцсон байсан юм биш үү. Монголын хоёр иргэнийг Туркт хоригдсон байсныг сулласан гэх ч мэдээлэл байгаа?

-Хоёр улсын харилцаа сайн байгаа нь хэнд ч гэсэн олзуурхууштай. Тийм тохиролцоо байсан эсэхийг мэдэхгүй ч бүх зүйл Монгол Улсын хууль тогтоомжууд болон Монгол Улсын нэгдсэн, элсэн орсон, олон улсын конвенцуудын хүрээнд явагдах учиртай юм.

-Вейсел Акчайг хулгайлах ажиллагаанд Монголын хууль хүчнийхэн оролцсон гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр түүнийг ямар зорилгоор, яах гэж шалгах болсон талаар мэдэгдэх ёстой биз дээ. Тэгэлгүйгээр шууд аваад явсан нь өөрөө олон асуултад хардлага дагуулж байх шиг?

-Хүчний байгууллага мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд нууцлах асуудал бий байх. Гэхдээ мэдээлэл өгөх ёстой газар нь парламент. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдахдаа энэ талаар маш тодорхой сонсгол мэдээллийг хийж, тодорхой болгох ёстой. Ээлжит бус чуулган эхлэхээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Ингээд өнгөрч болохгүй, бүх зүйлийг тодорхой болгох ёстой. Хэзээ нэгэн цагт ийм үйл явц давтагдвал яах вэ, давтагдаад аливаа улс орны төр засагтай бид үл ойлголцолд орохоос хэн хэнийхээ эрх ашгийг хөндөлгүй яаж учраа ололцох вэ гэдгийг ярих ёстой л доо.

-Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-ны дотор зарлан хуралдуулах шаардлагыг Ерөнхийлөгчийн зүгээс Их хурлын даргад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Ер нь 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах нь зөв үү?

-Хаврын чуулган завсарлахын өмнө олон чухал асуудал хэлэлцэхгүй өндөрлүүлж байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Тймээс ээлжит бус чуулган зарлахыг дэмжинэ. Хуулиндаа заасан хугацаа нь долдугаар сарын 25-ны өдөр гэхэд УИХ-ын дарга ээлжит бус чуулганы товыг зарлах ёстой байсан. Гэтэл зарласангүй. Ингэснээр Үндсэн хуулийн зөрчил үүсээд нэлээн хэд хоночихлоо. Парламентад Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэдэг ноцтой асуудал. Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдах байх гэж хүлээж байна.

-Улс эх орны хөгжил, эдийн засагтай холбоотой асуудлаар биш, эрх баригчдын нэг нэгнээ унагах гэсэн хагарал туйлдаа хүрч ээлжит бус чуулганыг зарлахыг шаардлаа гэх бодолтой хүмүүс цөөнгүй байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Парламентад л гэхэд хаврын чуулганы нийт хугацааны 80 хувийг хэлэлцэх асуудалгүй, үр бүтээлгүй өнгөрөөсөн. Нэг ч бие даасан хууль батлалгүй байж байгаад чуулганы төгсгөл рүү хэдхэн хуулийг баталлаа. Гишүүдийн шаардсан болон нийгмийн зүгээс хүлээлттэй олон асуудлыг хэлэлцэхгүй байж байснаа төгсгөлд нь ноцтой том асуудлуудыг бөөнд нь шуурхай хэлэлцээд явчихсан. Тийм болохоор нийгмийн тусын тулд нэг ч гэсэн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж байвал сайн. Ер нь эцсийн эцэст эрх баригчдын бугширмал, увайгүй байдлаас төр засаг, цаашлаад ард түмэн хаа хаанаа хохирч байгааг бүгд л харж байгаа байх.


Categories
мэдээ цаг-үе

Халхын голын домогт 6 дугаар дивизийн дарга, хошууч Ч.ШААРИЙБУУ

ХАЛХГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ


Хэнтий аймгийн Галшар сум бол хэзээнээсээ суу билэгт мэргэд, эр зоригт дайчид, алдарт хурдан хүлгүүдээрээ Монгол даяар алдартай нутаг билээ. Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Цэгмэдийн Гайтав нэгэнтээ:

Хүний сэтгэлийн уужмыг ганган Сэлэнгийн урсгал гэнэ

Хүлгийн сайны удмыг Галшар нутгийн унага гэнэ

Сэлэнгийг санахаар сэрүү татна

Галшарыг бодохоор газар ойртоно хэмээн шүлэглэсэн нь учиртай.

Энэ нутгаас дорнын гүн ухаантан Тунгалаг цорж Занын Агваанбалдан, Галшар хурдан удмын үүлдэрийн адууг үндэслэгч, их шинжээч уяач, Хардал жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав, Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайд, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч сайд, Цэргийн яамны тэргүүн сайд, Бишрэлт чин ван Доржцэрэн, Богдхаант Монгол улсын Шударга баатар Бумжаргал, Халхын голын домогт 6 дугаар дивизийн дарга Ч.Шаарийбуу зэрэг цуут хүмүүс төрөн гарсан билээ.

Газрын холоос ивилхэн харагдах Галшар, Их, Бага Арт, Үнэгт, Төдөгтэй Хануул, номин цэнхэр зэрэглээ наадсан Ноён хөөвөр, Үүдэн, Бааран, Хүйс, Дондойн цэлгэр говиуд, зэгс, харганатай Улаантал, зээрийн сүрэг халиурсан Тосонгийн тал. Авдран хад, Сүмийн хад, Бударын чулуу, алсаас суварга мэт гэрэлтэх Үйзэн цагаан, Цамбацагаан, Цагаан дэл. Говь, тал хосолсон энэ нутагт Буянт булгийнхаа ногоон зүлэг, Цагаан нуурынхаа цэнгэг усанд шумбан тоглож өссөн нэгэн домогт баатрын мартагдах учиргүй үнэн түүхийг өгүүлсү.

Чимэдийн Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар сумын V багийн нутаг Жаргалантын “Цагаан дэл”гэдэг газар төржээ. Балчир ахуйд эцэг нь нас барсан учир эхийн асрамжид хүмүүжин эрийн цээнд хүрч, 1932 онд цэргийн албанд татагдан Өндөрхаан, Тамсагбулаг дахь цэргийн ангиудад алба хааж байхдаа бага даргын сургууль төгсөж, жагсаалын болон сумангийн даргаар ажилласан байна.

1937-1939 онд ЗХУ-ынТамбовхотод “Тамбовское Краснознаменное Ковалериское училищеи мени Первой Конной Армии” Морин цэргийн сургуулийг “Онц сайн” дүнтэй төгсөв. Халх голын байлдаанд дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд Хуягт танкийн бригад командалж явсан Монгол Улсын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн нартай нэг ангид хамт сурч байсан бөгөөд 1939 оны хоёрдугаар сард 13-уулаа төгсөж иржээ. Тэд Монголд ирээд Зайсан толгойн баруун талд буюу одоогийн ХААИС-ийн урд нэгэн модон байшинд байрлаж байв. Найм дахь хоногт нь Маршал Х.Чойбалсан тэднийг дуудаж, найрсгаар хүлээн авч, тушаал уншсан байна. МаршалХ.Чойбалсангийн 1939 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 4 тоот тушаалаар хамгийн түрүүнд Ч.Шаарийбууд ахлах дэслэгч цол олгож, Тамсагийн зургадугаар дивизийн Тагнуул ангийн даргаар, Д.Нянтайсүрэнг Цэргийн ерөнхий сургуульд Сумангийн даргаар, Л.Дандарыг Тамсагийн VIII дивизийн 22 дугаар хорооны штабын туслахаар тус тус томилжээ.

Ч.Шаарийбуу ажиллах хугацаандаа цэргийн зохих хэмжээний боловсролтой, зохион байгуулах авьяас чадвартай, удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах найдвартай боловсон хүчин болохоо харуулсан учир Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршалл Х.Чойбалсангийн 1939 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18 тоот тушаалаар дивизийн захирагчаар түр томилогдон ажиллаж, нэг сарын дараа 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот тушаалаар хошууч цол шагнагдаж, 6 дугаар морьт дивизийн захирагчаар томилогджээ. Ч.Шаарийбуу улсын дорнод хил хязгаарт Японы халдан түрэмгийлэх аюул занал улам хурцдаж байсан нөхцөлд дивиз нэгтгэлийн байлдааны байнгын бэлэн байдлыг хангах, нийт дайчдын улс төр, ёс, суртахууныг улам өндөржүүлэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх, дайчдыг эх орон ард түмэндээ үнэнч байх үзлээр хүмүүжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан байна.

1939 оны тавдугаар сард Японы милитаристууд манай орны дорнод хилийг Халхын голын районоор зөрчин үлэмж их хүчээр довтолсон билээ.Тэр үед зүүн хязгаарт байсан Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн анги, салбарууд цэргийн дээд командлалын тушаалаар хамгийн түрүүнд байлдаанд орж дайсанд цохилт өгсөн байна. Энэ тухай 1972 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын баатрууд ба гавьяат үйлстэн” номын 213-р талд бичихдээ: “…Хошууч Шаарийбуу байлдааны тушаалыг хүлээн аваад Тамсагбулагийн төвөөс өөрийн нэгтгэлийг түгшүүрийн дохиогоор хөдөлгөн хурдавчилсан маршаар Халх голд хүрэлцэн очиж хамгийн тэргүүн эгнээнд Японы самурай нарын эсрэг байлдаанд орж дайсанд цохилт өгсөн байна. 6 дугаар морьт дивизийн тэргүүний анги, салбарууд 1939 оны 5 дугаар сарын 22, 23, 24-ны өдрүүдэд Халх голын цаад талд Хайлааст манханд Японы цэргийн тэргүүний ангитай тулалдаж бут цохив. Тэр энэ байлдаанд цэрэг, дайны арга техникийг сайн судлан эзэмшиж, нэгтгэл, ангийг чадварлагаар удирдан командлах авьяастай эрэлхэг дарга болохоо үзүүлжээ” гэж бичсэн байна.

Дивизийн захирагч хошууч Шаарийбуу зөвхөн захиран командлагч төдийгүй ухуулагч, суртал нэвтрүүлэгч, дайчдыг биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч хүн байжээ. Энэ тухай Халх голын ахмад дайчин, тэр үед дивизийн сургуулийн сумангийн улс төрийн удирдагчийн туслах байсан З.Төгсжаргал /УИХ-ын гишүүн, сайд асан Т.Гандигийн аав/ “…дивизийн дарга Шаарийбуу байлдааныг удирдахын зэрэгцээ дайчидтай уулзаж эзэмшиж байгаа буугаар нь дайсныг устгаж биеэрээ үлгэрлэн явдаг, ухаалаг тайван, аймшиггүй зоригтой, халуун эх оронч хүн байсан юм” гэж Халх голын байлдаанд оролцсон “Монгол-Зөвлөлтийн ахмад дайчдын дурдатгал” номонд бичиж үлдээжээ.

1970 онд хэвлэгдсэн тус номонд зургадугаар морьт дивизийн комиссар байсан Д.Пэлжээ “…дивизийн дарга Шаарийбуу бол цэргийн хэргийн мэдлэг, боловсролоор чадварлаг, өөрийн дивизийг дайсны эсрэг тулалдаанд чадамгай удирдаж сайн зохион байгуулж байсан юм. Шаарийбуу зан байдлын хувьд төлөв томоотой, эелдэг зөөлөн харьцаатай, наргиан хөгжөөн ихтэй, шулуун шударга, эрэлхэг зоригтой хүн байсан бөгөөд Халх голын байлдаанд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхгээр тулалдаж яваад алтан амиа алдсан хүн” гэж бичсэн байна. Ч.Шаарийбуу 1939 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт фронт дээр болж буй цагийн байдлыг тодруулахын тулд өөрийн дивизээс тагнуул туршуулыг байнга ажиллуулж дайсны байрлал, болзошгүй ажиллагааг урьдчилан илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж дайсныг угтан байлдах төлөвлөгөөг дивизийн зөвлөх Васильев, штабын сургагч Малов нарын хамт боловсруулж бүх анги, салбарууддаа байлдаанд ороход бэлэн байх тушаал өгсөн байна. Монгол-Зөвлөлтийн цэргийн гол хүч Халх голын байлдааны фронтод хүрэлцэн очиж амжаагүй байхад 1939 оны 5 дугаар сарын 26-нд дивизийн штаб Хайлаастын голын зүүн эрэгт очиж байрласан байна. Энэ үеэс дивизийн сургуулийн суман дивизийн штабыг хамгаалах үүргийг гүйцэтгэжээ. 5 дугаар сарын 28-нд 6-р морьт дивизийн бүх ангиуд японы цэргийн давуу хүчний эсрэг ширүүн тулалдаанд орсон байна.

Ч.Шаарийбуу дивизийн морьт хороод, их буу, хуягтын ангиудын хүчийг зөв хуваарилан дайсны эсрэг эрэлхгээр тулалдан самурай нарын довтолгоог няцаасаар байжээ. Гэвч японы самурай нар үлэмж давуу хүчээр дивизийн байрлалын зүүн гар талаар ороон давшсан байна. Тавдугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн орчим дивизийн штаб бүслэгдэж дайсан штабын байрлалын ар талаас ширүүн давшилт хийв.

Дивизийн штаб, хороодуудын утсан холбоо тасарсан байна. Цагийн байдлын энэ хүнд нөхцөлд дивизийн дарга хошууч Шаарийбуу сургуулийн суманг гардан удирдаж Халх гол, Хайлааст манхны завсраар орж ирсэн дайсны түрэлтийг зогсоохын тулд өдөржин хоол ундгүй тулалдаж дайсны давшилтыг няцаасан байна. Мөн өдрийн орой 17 цагийн орчимд хошууч Шаарийбуу дайсны үлэмж давуу хүчтэй тулгаран эрэлхгээр тулалдаж байгаад амь эрсэджээ. Тавдугаар сарын 30-нд байлдааны талбараас нас барсан дайчдын цогцсыг цуглуулахад дайсанд хэд хэдэн удаа буудуулж, сүүлчийн сум нь амин газар нь туссан байдалтай түүний цогцос олдсон байна. Ч.Шаарийбуу ингэж эрэлхгээр тулалдаж байсан нь ахмад дайчин С.Нанжаа, З.Төгсжаргал нарын Улаан-Од сонины 1979 оны 32-рт нийтлэгдсэн дурдатгал, 1970 онд хэвлэгдсэн ”Ахмад дайчдын дурдатгал” номонд Д.Пэлжээ, Ж.Осор нарын бичсэн дурсамжаар тодорхойлогдож байна. Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршалл Х.Чойбалсангийн 1939 оны 6 дугаар сарын 11-ний 76 тоот тушаалын 2-р зүйлд: “…. саяны өнгөрсөн байлдаанд дорнод хязгаарын Тамсагийн 6-р дивизийн олон дарга, улс төрийн тушаалтан, байлдагч цэргүүдээс маш гайхамшигтай эрэлхэг зориг гаргаж эх орныхоо төлөө баатарлаг тулалдаж дайсныг бут цохисон явдлын зарим нэг цөөн баримтыг дурдваас …. дивизийн дарга Шаарийбуугийн бие эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж яваад дайсны гарт эрсдэж нас барсан явдалд Дорнод ангийн дарга цэргүүдээс гүн их гашуудалтайгаар гавьяат нөхөр Шаарийбуугийн хүүр биеийг хүндэтгэн ёсолж Тамсагийн төв дээр оршуулгын ажлыг гүйцэтгэсэн болой” гэж Зэвсэгт хүчний улсын архивын фонт №4, хадгаламжийн нэгж 37-д тэмдэглэгдсэн байна.

Ч.Шаарийбуу эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө баатарлагаар амь үрэгдсэн. Гэтэл үүний дараахан “Шаарийбуу урвагч байжээ” гээд л цуурч эхэлсэн төдийгүй хэлмэгдүүлсэн байдаг. Дивизийн дарга, хошууч Шаарийбуугийн баатарлаг vйлсийн талаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан “Тамсаг булагийн YI дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэн байлдаж байгаад, энэхүү байлдааны галын хүрээнд хорт дайсан Японы эзэрхэг түрэмгий нарын суманд дайрагдаж, баатарлагаар амь үрэгдсэн” гэж онцлон тэмдэглэж байсан байдаг.

Ч.Шаарийбуутай хамт Тамбовын морин цэргийн сургуульд сурч байсан Матадын 8 дугаар дивизийн дарга асан хурандаа Д.Нянтайсүрэн, 17 морьт хорооны даргаас 6 дугаар дивизийн дарга болсон гарамгай баатар Л.Дандар нар түүнийг хэзээ ч урвагч байгаагүйг батлан хэлдэг байжээ. Монгол Улсын баатар Л.Дандар гэхэд л “Шаарийбуу намхан, шингэхэн үстэй, биеэр жижигдүү, нэлээд хатуу захирамжтай, морин сургуульд гарамгай нэгэн байсан. Нөхөр Шаарийбуу бол эх оронч, шударга, цэргийн даргын ариун сайхан нэр алдар, нам, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн хүн гэж боддог” гэжээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст “Ч.Шаарийбууг дайсанд урвасан гэх яриа үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэн”-ий дагуу 1994 онд ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн комисс томилогдон уг асуудлыг нухацтай судалж, дүн шинжилгээ хийснээр дээрх үг, яриа ор үндэсгvй цуурхал байсныг тогтоожээ.

Ч.Шаарийбуу 5 дугаар сарын сүүлчийн ширүүн тулалдааны үеэр П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёрт тусгай үүрэг өгөөд хороо руу явуулсан байдаг. Хэрвээ тэд ийн тушаал авч яваагүй бол дайсны суманд өртсөн ч байж болох магадлал маш өндөр байжээ. Энэ тухай хожим Монгол Улсын Баатар болсон П.Шагдарсүрэн “Миний дарга Ч.Шаарийбуу бол Халхголын дайнд Монгол ардын армийн 6-р морьт дивизийг командалж эрэлхгээр тулалдаж яваад эх орныхоо төлөө амиа өргөсөн баатар хүн. Ч.Шаарийбуу бол баатар болох ёстой хүн” хэмээн дурсан өгүүлсэн байдаг.

Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхгээр тулалдаж байлдааны талбарт амь үрэгдсэн хошууч Шаарийбууд Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын БААТАР” цол нэхэн шагнуулахаар БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Авхиа, Ардын армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир нарын тодорхойлолт байсан ч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бүрэн арилаагүй цаг үе таарч он цагийг элээсээр бидний үетэй золгожээ.

Мөн ОХУ-ын Үндэсний Төв архив, манай БХЯ-ны Цэргийн төв архив хамтран 2014 онд ОХУ-ын Москва хотод гаргасан “Халх голын районд болсон дайны асуудлууд, 1939.05-09 сар” гэсэн баримт материалуудыг анх удаа хэвлүүлсэн номын 516 дугаар хуудаст “Ч.Шарибү 1909 онд төрсөн, 1939 онд нас барсан, хошууч цолтой. 1936-39 онд СССР-ийн Цэргийн сургуульд суралцсан. 1939 онд 6-р морьт дивизийн захирагч, 1939 оны тавдугаар сарын 28-ны тулалдаанд нас нөхөцжээ” гэж тэмдэглэсэн байна.

2019 онд Халх голын ялалтын 80, эх оронч Ч.Шаарийбуугийн мэндэлсний 110 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар Галшар сумын харьяат, эх оронч, Халх голын дайнд баатарлагаар амь эрсэдсэн хошууч Чимэдийн Шаарийбууг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнуулахаар 100 хувийн саналаар дэмжсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд уламжилсан бөгөөд тус яамны зүгээс дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч болгоож зарлигаа гаргаснаар бидний өнөөгийн жаргалтай амьдрал, эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө халуун амь, бүлээн цус, тулах ясаа ивсэн зоригт өвөг дээдсийн минь яруу алдар батажна.

Баатар цол нэхэн олгох, эс олгох асуудал маргаан дагуулдаг ч олгохгүй гэсэн нэг ч төр, засгийн тогтоол шийдвэр алга. Ч.Шаарийбууд баатар цол нэхэн олголоо гэхэд эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар Монголынхоо төлөө халуун залуу нас, амь биеэ зориулсан түүнд Халх голын дайнаас амьд үлдсэн цөөхөн хэдэн буурлууд, 14 жил сум орны удирдлагад ажилласан, нутаг нэгтэн эрэлхэг дайчныхаа алдрыг тодруулах санааг оройлон хошуучилж эхлүүлсэн, ахмад дайчин Донойн Даваажанцан багшаасаа энэ эгэл баатрын тухай үг, сургаалыг нь сонсож өвлөн авч олон арван нэвтрүүлэг, нийтлэл бичсэн буурал сэтгүүлч Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Лувсандоогийн Гүнсэн, 101 нас сүүдрийг зооглож буй Монгол Улсын баатар, Ч.Шаарийбуугийн торгон цэрэг П.Шагдарсүрэн, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан, “Хасу Мегаватт” компанийн Ерөнхий захирал, Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Түмэн-Аюуш, хаан Чингисээрээ овоглосон Хан Хэнтий нутгийн зон олон болоод Монголын минь хөх тэнгэр, уул, усминь амарлих биз ээ.

Дайн алсарч, суман мөндөр, шуурган давшилтад мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчид маань улам л цөөрсөөр. Халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, ариун газар шороонд нь шингэж мөнх нойрссон баатруудаа бид мартах учиргүй. Цусан гавьяа, баатар алдрыг нь үеийн үед дархалж бахархан дурсах учиртай билээ.

МЗЭ-ийн шагналт сэтгүүлч, яруу найрагч, судлаач, хурандаа Г.Нэргүй

2018 .07.26

Categories
мэдээ нийгэм

Халуун ус хязгаарлах хуваарь

2018 оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын тавны өдрийн хооронд хийгдэж буй засварын ажлууд, хэрэгцээний халуун ус хязгаарлах хуваарийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Говийн хөх өвгөний хөндлөн үг буюу малын хөлийн татвар

Улстөрчдийн иргэдтэй хийх уулзалтын үеэр нэг малчин өвгөн “Олон малтай болгох бодлого чинь буруу гэдгийг Батзориг сайдад дамжуулаад өгөөрэй. Бэлчээр нь хүрэлцэхээ болиод, доройтоод эхлэхээр ард түмэн мянгат малчдаа үзэн ядаж эхэлж байна шүү” гэж хөндлөнтжээ. Өмнөговийн Гурван тэс суманд болсон тэр уулзалтын үеэр иргэд уул уурхайгаас болоод хэцүүдлээ, мал идэх өвсгүй боллоо гэх зэргээр өнөө л ярьдгаа хэлж шүүмжлээд сууж байж л дээ. Яг нарийндаа уул уурхайтай сум харин ч додигор. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, том дэлгүүр, зочид буудал, хар замтай, иргэд нь орлоготой, өнгөлөг байшинтай, дажгүй бизнестэй аятайхан амьдардаг. Балгас болсон барилга, төрийн албан хаагчдаас өөр цалинтай хүнгүй уул уурхайгүй сумдаас хавь илүү аж төрцгөөдөг нь нүдний өмнө харагддаг үнэн. Гэсэн хэрнээ л энэ уул уурхайнхан гэсэн ад шоо үзэлт, улстөржилт уурхайтай сумдад амь бөхтэй оршсоор байдаг нь хачин шүү. Өнөө говийн өвөөгийн хөндлөн үг унагасан хурлын уур амьсгал руу эргээд оръё. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын царайг харсан сумын иргэд яах нь тодорхой, өнөө уул уурхайгаа элдвээр хэлж, хурлын уур амьсгал халуухан ид дундаа байж. Ийм уур амьсгал дундуур өвгөн гэнэтхэн л төрдөө хүртэл дээдлэгдсэн мянгатуудаа ад үзсэн үг унагачихаар тэс хөндлөн сонсогдолгүй хаачихав.

Өвгөний амьдардаг Өмнөговь аймаг 501 мянгат малчинтай. Сумдад нь хуваагаад үзвэл нэг сум дунджаар 33 мянгат малчинтай гэсэн үг. Нэг суманд 30 гаруй мянгат гэдэг бол багталцаж ядсан тоо. Монгол 7000 дөхсөн мянгаттай, таван мянга хол давсан айл нь 1000-1499 мал тоолуулдаг. Цааш нь яривал 1500-2000 малтай 1000 дөхсөн өрх, 2000-аас дээш мал тоолуулсан 400 дөхсөн айл бий гэсэн тоо байна. Дахиад тоо хэлье. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистик гарчээ. Сүүлийн үед 200-аас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөө уралдах нь аргагүй л дээ. Олон малтай байх хэрээр бэлчээр илүү ихээр талхлагдах нь хэнд ч тодорхой асуудал.

Бэлчээрийн талхлагдлыг шийдэх боломж уг нь бий. Мөнгөтэй бол нөхөн сэргээгээд ч болтугай өөд татна. Малчдаас малын хөлийн татвар авдаг болчихвол наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий.

Гэхдээ нэг том асуудал бий. Малын хөлийн татвар хөндөх ёстой ч явж өгдөггүй сэдэв л дээ. Ялангуяа улстөрчид энэ сэдвээс их зугтдаг. Малын хөлийн татвар ярьж сонгогчдынхоо дургүйг хүргэснээс Оюу толгойг шүүмжилж УИХ-д суух нь илүү ашигтай гэцгээсэн шигээ сууцгаадаг нь эх оронч биш, аминч хандлага ч гэлээ бодитой үнэн. Тэд малын хөлийн татвар яривал малчдад өөрсдөд нь ашигтай, Оюу толгойг улстөржүүлэхгүйгээр урагшлуулбал иргэдэд өгөөжтэй гэдгийг мэдэхгүйдээ ингэж байгаа юм биш л дээ. Малчдад, иргэдэд ямар ашигтайг улстөрчид байтугай захын эдийн засагч ч бодоод гаргаад ирнэ.

Малын хөлийн татварын, бэлчээрийн төлбөрийн гэх мэт нэрээр УИХ-аар хэлэлцүүлэх гээд бараагүй хуулийн төслүүдэд “Татвар гэж авсан мөнгийг малчдад өөрсдөд нь зарцуулна” гэсэн өгүүлбэрүүд харагддаг. Малын хөлд талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхэд зарцуулах мөнгө төсөвт өнөөхөндөө байхгүй. Хуучин цагт дөрвөн бог тутмын нэг нь ямаа, гурав нь хонь байсан бол өдгөө эсрэгээрээ эргэчихсэн. Ямаа хонины тоо тэнцчихээд байгаа. Ямаа, хонины харьцаа 3:1 үед бэлчээрийн даац асуудал биш байсан нь бодитой үнэн. Ямаа олширсон энэ цагт бэлчээрийн даац хэтэрдгээ хэтрээд цөлжилтөд идэгдсэн нь бас үнэн. Ноолуураас ахиу мөнгө олох гэсэн малчдын сонирхол бэлчээрийн талхлагдал, цөлжилтийн шалтгаан болж буй. Өгсөн татвараар нь малын хөлд талхлагдсан, цөлжсөн бэлчээрийг нөхөн сэргээнэ гээд байгаа юм л даа, уг нь. Цөлжилтөөс гадна байсхийгээд дэгддэг шүлхийнээс салахын тулд малаа хуйгаар нь эрүүлжүүлэх шаардлага бий. Мөн л мөнгө нэхсэн ажил. Төсвөөс өгдөг цөөхөн хэдэн төгрөг 60 сая малын хаана ч хүрдэггүй. Нэг малд 70 төгрөг ноогддог ч билүү тун хэцүү тоо дуулддаг. Малын хөлийн татвар гэж хураасан мөнгөнөөсөө малыг нь эрүүлжүүлээд өгвөл махаа үнэтэй зарахаас эхлээд эцсийн ашиг нь малчдад ирж наалдана. За тэгээд малын үүлдэр угсааг сайжруулах гэх мэт малчдад амин хэрэгтэй өчнөөн ажил, асуудал мөнгөгүй гэсэн шалтгаанаар нам зогсчихоод байгаа.

Уул уурхайнхан байгалийн баялгийг хамаад авлаа гэж хүн бүр ярьдаг. Ад шоо үзэгддэг ч өнөөдүүл нь улсын төсөвт хамгийн их татвар мөнгө төлдөг. Уурхайн олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийдэг. Уул уурхайнхан шиг байгалийн баялаг ашигладаг улс бол малчид. Малчдын малаа бэлчээдэг бэлчээр Монгол улсын газар нутаг. Үндсэн хуулиараа газар нутаг бол төр ба бүх ард түмний өмч. Малчид бүхний өмч болсон байгалийн өвсөөр малаа тэжээдэг. Уурхайнхнаас ялгаатай нь малчид татвар төлдөггүй. Талхалсан, цөлжүүлсэн газраа нөхөн сэргээдэггүй. Харин ч ган зуд боллоо, бэлчээр цөлжлөө гэж улсаас үнэгүй өвс, тэжээл авч, хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд элдэв хөнгөлөлт эдэлдэг. Гэсэн хэр нь төр нь мянгатуудаа дээдлээд хүндлэл үзүүлээд байдаг. Бас л сонин сэтгэлгээ, хандлага шүү.

“ХАРАМЧ” МЯНГАТУУД

Үнэхээр олдог хэд нь тааруу, хэцүүхэн амьдардаг хэрнээ улсаа хүнсгүй байлгахгүйн төлөө мачийгаад яваа бол ярих юм алга. Монгол 66 сая давсан малтай. Малчин өрхүүдэд энэ тоог хуваагаад үзэхээр нэг малчин айл дунджаар 400-600 малтай гэсэн тоо гарна. Нийслэл, суурингийн цалингаас цалингийн хооронд амь залгуулдаг малчдын орлогыг харьцуулах юм биш. Малынхаа ашиг шимээр дажгүй хангалуун амьдраад явах боломж малчдын тал хувьд нь бий гэсэн судалгаа тооцоо цаасан дээр дурайж байна.

Малын хөлийн татвар дээр өөр нэг хачин хандлага анзаарагддаг. 500-аас доош малтай айлууд малын хөлийн татвараа өгөөд амьдаръя гэдэг дээр толгой дохидог гэж өмнө нь ийм агуулгатай хууль хэлэлцүүлэх гээд бараагүй албаныхан хэлж байна. Татварт авсан мөнгийг буцаагаад мал эрүүлжүүлэх, бэлчээр нөхөн сэргээх гээд өөрсдөд нь хэрэгтэй ажилд зориулна гэхээр дуун дээр нь дэмждэг аж. Гайхмаар нь 500-гаас дээш малтай, дориун амьжиргаатай малчид малын хөлийн татвар өгөхгүй гэж гүрийсээр өнөөдрийг хүрч. Өөрөөр хэлбэл мянгатууд малын хөлийн татварт тун дургүй гэнэ.

Амин зуулга төдий малтай хэсгийг нь алгасаад татвар авахад л малчдын 40 гаруй хувь өлхөн хамрагдана гэсэн тоо дуулддаг. Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид малтай өрхүүдээс малын хөлийн татварыг дэмжих үү гэсэн санал асуулга хэд хэдэн удаа авсан. 200-500 хүртэлх малтай өрхүүд л дэмждэг. Тэдгээр айлууд өнөөгийн манай хөдөө аж ахуйн салбарын онцлог, тогтолцоог нь илүү сайн ойлгож мэдэрдэг учраас малынхаа тоог энэ хэмжээнд барьдаг юм байна. Харамсалтай нь, манайд ийм дундаж тооны малтай өрх их цөөн” хэмээн ярьсныг энд онцолъё. Манай улсын малчид нийлээд малын хөлийн татвар гэж мал тутамдаа 1000 төгрөг төллөө гэж бодъё. Тэдний татварын мөнгө нийлээд жирийн л нэг дундаж компанийн татварт төлөх мөнгөтэй дүйнэ гэсэн тооцоо байна.

БИЕНЭЭ ХАЖИГЛАСАН МОНГОЛ

Нэг талд татвар төлдөг, ажлын байр бий болгодог, ажиллаж буй орон нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг уул уурхайн компаниудыг төр, иргэдгүй адалж байна. Нөгөө талд ямар ч татвар төлдөггүй хэрнээ нэмээд хөнгөлөлт урамшуулал авдаг малчдаа төр нь бөөцийлж байна. Өөр нэг өнцөг бий. Малчид нь малчдаа хажиглах хандлага анзаарагдаад эхэлснийг Өмнөговийн малчин өвгөний үгнээс харж болно. Монголын уул уурхайнханд асуудал бий.

Тэд олон улсын уул уурхайд жишиг болчихсон нийгмийн менежментийг хангалттай хийж чадахгүй яваа гэсэн шалтгаан байгаа. Нөгөө өнцгөөс нь харахад уул уурхайгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй өнөөдрийн нөхцөлд төр зөв зохицуулалт хийж чадахгүй яваа гэсэн шүүмжлэл сонсогддог .Төрийн зохицуулалт учраа олохгүй өнөөдрийг хүрсэн учраас нийгэмд талцал, толхилцоон үүсээд байна. Говийн малчин өвгөний мянгатуудаа ад үзсэн хажиглал Сэлэнгэд ч анзаарагддаг. Сэлэнгийнхэн газар тариаланд түшиглэмээр байгаа тул малчдаа хажигладаг. Хөвсгөлийнхөн аялал жуулчлал хөөмөөр байгаа тул уул уурхайнхныг ад үздэг.

АЙРГАА ДОЛЛАР БОЛГОХ ТАТВАРЫН ШИЙДЭЛ

Биенээ хажиглахгүйгээр аятайхан мөнгө олоод эдийн засгаа тэлэх боломж мэдээж бий. Малын хөлийн татварын хувьд сум, орон нутгийн онцлогт нь тохируулж ухаалаг бодлого барьчихмаар санагддаг. Булганы Сайхан сум байна. Айрагны нутаг. Нуугьсан айрагных нь нууц өвс, ургамалдаа байдаг гэдэг. Ухаандаа Булганы Сайхан сумын малчин Бат Төв аймгийн аль нэг сумын малчин Ганаагаас айргаа сайн бүлдэгтээ сайхан айрагтай суудаггүй байх нь л дээ. Сайхан суманд бэлчээрлэсэн гүүний сүүг бүлж хийдэг учраас л часхийсэн амттай айраг гардаг гэсэн үг.

Айраг сайхантай аймаг, сумдын нууц нь ерөөсөө л энэ.

Тэгэхээр Булганы Сайхан, Могод, Архангайн Өлзийт, Өгийнуур, Өвөрхангайн Хужирт, Хархоринг дамнасан айраг, адууны нутагт адуунаас бусад малын тоог нэг айлд 100 толгойгоор ч юмуу хязгаарлаад, түүнээс давсанд нь өндөр татвар тогтоочих хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт хийе гэвэл нэг л бүтээгдэхүүн дээр төвлөр, тэгсэн цагт их мөнгө олох боломжтойг баталсан жишээнүүдийг бид өмнө нь “Тэрбум долларын эдийн засаг” нийтлэлдээ онцолж байсан даа. Чилийн салмон загас, усан үзэмний дарс дэлхийд гайхагддаг нууц нь “Тэрбум долларын эдийн засаг”-гийн бодлогоор явсных.

Жишээ нь адуугаараа, айргаараа гайхагддаг эдгээр сумдын дунд адуунд төвлөрсөн мал эмнэлэг, судалгааны институт байгуулаад дэмжчихвэл мал нь эрүүлжээд, адуунд суурилсан экспортын бүтээгдэхүүн гаргаад л ирнэ. Мөн дунд нь адууны соёл, айрагны соёл дээр тулгуурласан аялал жуулчлалын дэд бүтэц, аялалын маршрут хийчихэд гэмгүй. Олох мөнгө нь улам ихэснэ.

Энэ бүс дотор адуугаараа дагнаад хамаагүй өндөр орлого олж, үнэ цэнэ бүтээдэг кластер бий болгочихвол заавал бүх төрлийн мал өсгөх гээд байхгүй л болов уу. Бизнесийнхэнд ч монголоор нэг тарчихсан малчидаас юм юм цуглуулах гэж бензин тос, хүн хүчний зардлаа өсгөж байхаар төвлөрсөн нэг бүс нутгаас нэг төрлийн түүхий эд цуглуулбал илүү өгөөжтэй тусна.

За тэгээд ямааг тэргүүлж өсгөх, хонь тэргүүлж өсгөх, үхэр, тэмээ тэргүүлж өсгөх бүс нутгуудаа ялгаж тогтоогоод тэдгээр дээрээ төвлөрсөн шийдлүүдээ хийчихвэл 330 суманд мал эмнэлэг байгуулна гэх мэтийн шийдвэрүүдээс хамаагүй үр дүнтэй гарц шийдэл болно.

Бүсчилсэн хөгжлийн асуудал дээр газарзүйн хувьд хуваагаад бүсчилчихье дотроо учраа олцгоог гэсэн концепци нуран унаж, эдийн засгийн хувьд үүсэх төрөлжилтөөр нь бүсчилье гэсэн санаа босож ирж байгаа юм билээ.

Малыг төрөлжүүлэх нь энэ санаатай уялдахаас гадна улстөрчдийн хувьд өдий болтол хийхээс зүрхшээж буй малын хөлийн татвар бий болгох, сумдыг томруулах асуудлуудыг ч шийдвэрлэх гарц болно. Сая Засгийн газар тогтоол гаргаж тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ бүс нутагт бүх төрлийн малд хамгийн өндөр татвар тогтоогоод, нүүхийг хүссэн иргэдийн зардлыг нь шийдээд өгчихөд асуудал шийдэгдэнэ.

Хөвсгөлийнхөн аялал жуулчлалын аймаг болох шийдвэр яаравчлан гаргасан шалтгааны цаана уул уурхайг хориглох санаа явж байгаа. Болохгүй гэх газаргүй. 2030 онд Монголоо хөгжиж буй улсуудын тэргүүн эгнээнд гаргаж, иргэн бүр нь ядуурлаас салсан улс болгох зорилгын ачааны хүндийг үүрч яваа уул уурхайнхан ч хайгуул, уул уурхайн бүс нутгаа тогтоолгоод авчих хэрэгтэй. Учир утгагүй толхилцож байхын оронд тухайн бүс нутагтаа үндсэн салбар нь хоймортоо сууцгаагаад, эрэмбэндээ орцгоочихвол бүгд хөгжил рүү хошуурч, нэг зорилготой болцгоочихно.

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа К2 ууланд авирсан батламжаа гардан авчээ

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан МУГТ Б.Гангаамаа Пакистаны Спортын яамнаас тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжаа гардан авчээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд 31 уулчны хамт авиралт хийж, хамгийн олон хүн авирсан нэгэн дээд амжилт тогтоосон юм. Мөн тэрбээр К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн болсон билээ.

МУГТ Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх аж
Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлов

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ.

Уг нөхцөлд:

  • 2018 оны зургадугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээсийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,
  • Нэгээс дээш хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхгүй байх, гэж заасан ба эдгээр нөхцөл хангагдаж буй иргэний зээлийн мэдээллийн сан дахь түүхийг хязгаарлахаар болов. Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт туслахыг уриалж байна

Долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд асгарсан усархаг аадар бороо 600 өрхийн 2500 гаруй иргэнд энэ зовлонг учруулсан юм. Тэд одоо цэцэрлэг, сургуулийн дотуур байранд амьдарч байна.

Хэдийгээр учирсан хохирлыг барагдуулахаар төр засгаас эхлээд хүн бүр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч эдгээр иргэдийн хувьд амьдрах орон сууцаа засаж сэлбэх гээд бүгдийг дахин шинээр босгох том шалгуур хүлээж байна. Харин бид энэ зовлонг хөндлөнгөөс ажиглан, хоосон өрөвдөж, хөөрхийлөөд өнгөрөх учиргүй юм.
Тиймээс Голомт банкны хамт олон Баян-Өлгийчүүддээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор 50 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм. Хандивын мөнгөөр эхний ээлжинд үерийн дараа цэвэр усгүй болж, хөрс ус нь бохирдсон 2,3-р багуудад гүний худаг гаргах ажлыг цаг алдалгүй эхлүүлсэн бөгөөд энэ ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.
Мөн эд хөрөнгө, бизнес, сэтгэл санааны хамгийн их хохирол амссан Голомт банкны 53 харилцагч болон Голомт банкныхаа 4 ажилтанд бэлэн мөнгөний туслалцаа үзүүллээ.
Түүнчлэн орон гэргүй болсны улмаас түр хорогдох байранд амьдарч буй Өлгий сумын 140 орчим иргэнд бэлэн мөнгө болон эд материалын тусламж үзүүлээд байна.

Гамшгийн үеэр нойр хоолгүй ажиллаж, иргэдийн амь насыг аварч яаралтай тусламж үзүүлсэн аймгийн Онцгой байдлын газар, цэвэр усны шугамын Суат ХХК, Цагдаагийн газар, Хилийн цэрэг, Барилгын цэргийн албан хаагчдад тусламж үзүүлж, гамшгийн дараах хохирлыг барагдуулах үйлсэд зориулж байна.

Хүн гэдэг ядарч яваа нэгэндээ эргэж босох хүч, урам, утга учрыг өгөх учиртай. Та бидний сэтгэлийн тус Өлгийчүүдэд минь багадахгүй тул гамшгийн хохирлыг бууруулах, сэргээн босгох үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.