Categories
гадаад мэдээ

Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ

Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн “Мария” хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Өмнө нь 64 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан боловч энэ удаагийн мэдээллээр амиа алдсан хүмүүсийн тоо 50 дахин нэмэгдсэн байна.

Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ.

Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн ажлыг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус арал АНУ-аас 139 тэрбум долларын тусламж хүссэн байна.

Рикардо Розелло хэвлэлийн бага хурлын үеэр, “2975 хүн амиа алдсан гэх мэдээллийг шинэчлэн оруулах заавар өгсөн. Энэ нь таамаг тооцоо боловч шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримт юм” гэж мэдэгджээ.

Сүүлийн 90 орчим жилийн хугацаанд Пуэрто-Рико аралд болж байгаагүй “Мария” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоог худал мэдээлж байна гэж тус арлын албаны хүмүүсийг олон нийт жил орчим хугацаанд шүүмжилж байсан юм.

Үүнтэй холбогдуулан Пуэрто-Рикогийн Засгийн газар амиа алдсан хүмүүсийн тоо 64-өөс их гэж өмнө нь мэдэгдэж байсан удаатай билээ. Гэсэн хэдий ч зарим шинжээчид хар салхины улмаас 4600 орчим хүн амиа алдсан гэж тооцоолсон байна.

Жорж Вашингтоны их сургуулийн судлаачдын гаргасан энэхүү тайланд 2,975 хүн амиа алдсан байна гэж дурдсаныг арлын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.

Мария хар салхи дайран өнгөрсөн буюу 2017 оны 9 дүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хугацаанд хэчнээн хүн амиа алдсаныг судалж тайланг гаргажээ.

Цэвэр ус, цахилгаан байхгүй болон эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байсан зэргээс олон хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ эрчим хүч удаа дараа тасарсны улмаас чихрийн шижин, бөөм өвчнөөр нас барах хүмүүсийн тоо нэмэгджээ.

Карибын тэнгисийн энэхүү аралд АНУ-ын 3.3 сая иргэн амьдардаг байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д газар уснаа буугч онгоцыг амжилттай туршжээ

Хуурай газарт ч, усан дээр ч газардах чадалтай AG600 загварын “Зылун” онгоцыг БНХАУ-д амжилттай туршсан байна. Энэ төрлийн онгоцнуудаас одоогоор хамгийн томд тооцогдож буй хөлөг Гуандун мужийн Жухай хотоос нисэж Хубэй мужийн Жинмэнь хотод буусан аж.

53 тонн жинтэй, цагт 500 км зайг туулах чадвартай энэхүү онгоцыг ачаа тээврийн зориулалтаар ашиглаж болохоос гадна далай, тэнгист мониторинг хийхэд ч өргөн ашиглах боломжтойг зохион бүтээгчид онцолж буй. Нэг удаа түлш цэнэглээд агаарт 12 цаг хөөрч, нийт 4500 км замыг туулах чадалтай уг хөлгийг 2021 онд агаарын тээврийн удирдлагын хяналтад оруулж, тээвэрт ашиглах зөвшөөрлийг авахаар төлөвлөж буйгаа зохион бүтээгчдийн багийн ахлагч, инженер Хуан Линцай өгүүлсэн талаар БНХАУ-ын CCTV.com мэдээлжээ.

Газар, уснаа буугч онгоцыг амжилттай туршжээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Осолдсон машин дотроос “Миний үс шатаад байна, туслаарай ээжээ” хэмээн жаахан хүүхэд хашхирч байсан гэв

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хүй долоон худгаас дээш өгсөх замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 19:00 цаг орчимд зам тээврийн ноцтой осол болж, нэг гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэргийг Төв аймгийн прокурорын газраас шалган, хохирогчийн зөвшөөрөлгүй гурван удаа хаасан байна. Одоогоор хохирогчийн талаас амьд үлдсэн нэг ч хүн байхгүй тул хэргийг осол үйлдсэн талд шийдвэрлэж байна гэж хохирогчийн гэр бүлийн зүгээс үзэж байгаа аж.

Хэргийг тодруулбал, 7240 УБҮ улсын дугаартай “Приус” маркийн автомашиныг нэгдүгээр эгнээнд явж байхад нь 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашин хоёрдугаар эгнээнээс шахаж, онхолдуулсны улмаас эсрэг урсгалд орж, 0116 УНА дугаартай “Ланд 200” машинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдэн, өнхөрсөн байна. Улмаар приус маркийн машинд явж байсан гурван хүүхэд, дөрвөн том хүн нас барсан аж.

“Приус” автомашиныг шахаж эсрэг урсгалд оруулан осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашины жолоочЦэцэгшагдар осол үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтан ор сураггүй алга болж, нэг жилийн дараа олджээ.

Гэрчийн мэдүүлгээр осол үйлдсэн Цэцэгшагдар, эхнэрийн хамт машинаас бууж ирээд эхнэр нь “Би чамд боль гэж хэлээ биз дээ, Хүн алчихлаа шүү дээ” хэмээн хашхирсаар машиндаа суун ойролцоо байх суваргыг машинтайгаа тойрон, уул давж зугтсан байна. Үүний дараа осолдсон машин дотроос “Миний үс шатаад байна, ээжээ туслаарай” хэмээн жаахан хүүхэд хашхирч байсан гэжээ.

Осол болох үед 7240 УБУ улсын дугаартай “Приус” автомашиныг жолоодож явсан жолооч эмэгтэйн эгч Х.Алгирмаа “Бид АТГ-т хандан осол гаргасан Цэцэгшагдарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2017 оны есөн сарын 29-нд олсон.

Гэвч тэрбээр хэргээ хүлээхгүй 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машины жолоочтой үгсэн хуйвалдаж, хэргийг өөрийн талд шийдвэрлэхээр оролдож байгаа. Энэ хоёр хүний мэдүүлэг хоорондоо яв цав таарсан ч, гэрчийн мэдүүлгээс зөрж байгааг аль хэдийн хуйвалдчихсан байна гэж бид бодож байгаа. Хэрэгтэнг барьсны дараа бид хэргийн газарт очиход түүний өмгөөлөгч ээжийг минь “Чи битгий баашлаад бай, юун сүртэй юм” гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Долоон хүнийг алж, нэгэн гэр бүлийн үндсийг тасалчхаад уучлалт ч гуйлгүй ингэж хэлсэнд бид үнэхээр гомдолтой байгаа” гэв.

Хэрэг гурван жилийн хугацаанд Алимаа, Энхмаа, Эрхэмбаяр гэх гурван өмгөөлөгчийн гар дамжин шалгагдсан ч тодорхой дүгнэлт гараагүй, он сар буруу, бодит гэрчийн мэдүүлгийг үл хайхран өөр өөрийгөө гэрч хэмээн тооцон мэдүүлэг өгч буй Цэцэгшагдарын хэлснээр шийдвэрлэгдэн хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдсан байна.

Хохирогчийн гэр бүлийн зүгээс хэргийг дахин сэргээж, Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн мөрдлөгийг үргэлжлүүлэхийг хүсч байгаа аж. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон хэргийг дахин шалгаж, гэм буруутай этгээдийг зохих ёсоор нь шийтгэхийг хүсч буй гэнэ.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах санхүүжилтийг Япон улсаас олгожээ

БСШУСЯ, Япон Улсын гадаад хэргийн яам, Хүүхдийг ивээх сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”хэрэгжиж эхэлсэн ба төслийн ажил эхний үе шатан дээрээ явж байгаа аж.

Тус төсөл хөтөлбөр нь энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ба 2021 он хүртэл нийт гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болоод байна. Мөн төслийн санхүүжилт болох 1.3 сая ам.долларыг Япон Улсын гадаад хэргийн яам олгож байгаа юм.

Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 79,127-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65,9-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39, 37-р сургууль, Өвөрхангай, Ховд аймгийн зарим сургуулиуд болон эдгээр аймаг, дүүргүүдийн Насан туршийн боловсрол олгох төвүүдийг зорилтот бүлэг болгон хамруулж ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Тэгш хамруулан сургах үйл явц нь суралцагчдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэдний суралцах, хөгжих үйл явцыг дэмжиж, хамгийн тохиромжтой арга замыг олох тасралтгүй үйл явцыг хэлдэг байна. Мөн бүх хүүхдийг зохих насны боловсролд хамруулж, суралцах үйл явцад тэдний идэвхтэй оролцоог хангаж мөн сургалтын эцсийн үр дүнг дээшлүүлэх асуудал юм.

Төслийн зохицуулагч, Боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа “Бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах энэхүү үзэл санаа зөвхөн Монголд бус дэлхийн бусад улс оронд ч мөн хэрэгжиж явдаг. Бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах үзэл санааг хэрэгжүүлэх гол түлхүүр бол сурагчдын багш болон суралцах орчин нөхцөл юм. Энэ бүх нөхцөл байдал бүрдэж байж хүүхэд амжилттай суралцах эрмэлзлээ олж авдаг гэж хэлж болно. Тийм ч учраас төслөөр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн багш нартай илүү сайн ажиллах болно. Багш нар эхлээд хүүхдээ таньж, илүү ойлголцдог болсны дараа тухайн хүүхэдтэй ажиллах арга барилаа олж, тогтоож, хичээлээс завсардуулахгүй, бусад хүүхдүүдтэй эн тэнцүү авч явах зарчмыг бид баримтлах юм” гэсэн юм.

Төслөөр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш нарын арга зүйг сайжруулах, багш хүүхдийн үнэлгээний шинэ аргачлалыг боловсруулж, практикт хэрэгжүүлэх мөн эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд сурч боловсроход дэмжлэг үзүүлэх мөн насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын орчинг сайжруулж, хичээлийн бус цагаар албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх замаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Хүүхдийн хөгжлийн ахиц дэвшил нь зөвхөн шалгалтын дүнгээр хязгаарлагдах бус сурах үйл явцын дүнгээр мөн тодорхойлогдож, хүүхдийн ахиц, сурах үйл явцын үнэлгээг чухалчилах нь зүйтэйг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

Мөн төслийн эцэст төслийг хэрэгжүүлэх явцад боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх загварыг боловсруулж, төрийн бодлогод тусган тогтвортой байдлыг хангах зорилготой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“К-ПОП” хамтлаг Тэйлор Свифтийн амжилтыг ардаа орхилоо

Өмнөд Солонгосын “Big Hit” компанийн уран бүтээлчид болох “BTS” хамтлагийнхан шинэхэн уран бүтээл “Youtube” сайтын рекордыг шинэчлэн тогтоосон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Тус хамтлагийнхан өнгөрөгч баасан гаригт “IDOL” дуугаа цацсан бөгөөд 24 цагийн дотор “Youtube” сайтаас уг бүтээл 45 сая хандалт авчээ. Ийнхүү тус хамтлагийн Америкийн поп дуучин Тэйлор Свифтийн амжилтыг ардаа орхилоо.

Тэйлорын өнгөрсөн онд гаргасан “Look What You Made Me Do” дуу 24 цагийн дотор 43.2 сая хандалт авч байв.

Categories
мэдээ нийгэм

Эрхүү хотод 10 оюутанг шаардлагатай байгаа мэргэжлүүдээр cуралцуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс гадуурхагдсан, зорилтод бүлгийн хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажил эрхэлдэг мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Өнөөдрийн байдлаар гарын таван хуруунд ч хүрэхээргүй мэргэжилтэй, мэргэшсэн багш нар ажиллаж байгаа. Ардчилал зах зээлийн замд шилжсэн цагаас энэхүү ажил зогссон төдийгүй ганц ч мэргэжлийн багш бэлтгээгүй.

Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар 2018 онд МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж, 96 оюутан суралцуулж байгаа юм. Салбарын сайд асуудлыг дан ганц үүгээр шийдээд зогсоогүй бөгөөд 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх галт тэргийг дахин хөдөлгөлөө. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэхээр болсон юм. Суралцахаар сонгогдсон оюутнуудын суралцах зардлыг төр 100 хувь дааж, сургуулиа төгсөөд тусгай сургуульд багшлах албан ёсны гэрээ байгуулжээ. Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан даваа гарагт ОХУ-ыг зорилоо. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүний хүү эрдэм сурахаар мордлоо” гэх тэр нэгэн үг орж ирсэн. Тэртээ он жилүүдээс хойш мартагдах шахсан тусгай сургуулийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх эхний алхам ийн тавигдлаа. Ирэх он жилүүдэд боловсон хүчнээ зузаатгах асуудалд ч анхаарна гэдгийг салбарын яамнаас дуулгасан.

Мэргэжлийн багш бэлтгэх уг ажил нь нийгмийн захиалга байсан бөгөөд салбарын сайдын зоригтой шийдэлгүйгээр тийм ч амархан биелэхгүй байсан гэдгийг суралцахаар явж буй оюутнууд онцлон хэлж байсан юм. Мөн доголдол үүсч, чамгүй удаан хугацаанд саатсан галт тэргийг дахин ажиллагаанд оруулсанд талархал илэрхийлэн амжилттай сайн сурч, эх орондоо эргэн ирэхээ амласан юм.

Тусгай боловсролын багш нарыг бэлтгэж эхэлсэн түүхийг эргэн санавал

Монголын тусгай боловсролын тэр дундаа дефектологич буюу согог зүйч мэргэжлийн багш нарыг 1960-аад оны дунд үеэс зөвхөн гадаадад тэр дундаа Унгар, ОХУ-д бодлого, системтэйгээр бэлтгэж байсан билээ. Тодруулбал, анхны согог зүйч мэргэжлийн багшаар Ш.Мижид-Очир, Д.Батхүү, 1967 онд Унгар улсад, 1968 онд Оросын холбооны улсад М.Балдорж, Ц.Лантуу нар төгссөн юм.

Өнгөрсөн хугацаанд буюу 1967-1995 он хүртэл Унгарын Будапештын Эмнэлэг Сурганы Дээд сургууль, мөн хуучнаар Оросын Ленинград, Москва, Эрхүүгийн Багшийн Дээд сургуулиудад хараа, сонсгол, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр олигофренопедагог, сурдопедагог, логопед, тифлопедагог мэргэшлээр 100 гаруй багш бэлтгэж хот хөдөөгийн тусгай сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багш боловсон хүчнээр хангаж ирсэн түүхтэй. Гадаадад бэлтгэсэн тусгай сургуульд ажиллаж байсан согог зүйч мэргэжлийн багш нарын мэргэжил мэдлэгийг ялангуяа төгссөн сургуульдаа дээшлүүлэх тогтолцоо бүрдэж чадаагүй, энэ талын ажил орхигдож ирсэн юм.

ОХУ-д бэтлгэгдсэн согог зүйч мэргэжлийн багш нарын дийлэнх хувийг Эрхүүгийн Багшийн Дээд сургуулийг төгсөгчид эзэлдэг бөгөөд голчлон Улаанбаатар хотын оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70-р тусгай сургуульд хэл засалч, согог зүйч мэргэжлийн багшаар ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар цөөн тооны ахмад багш мэргэжлээрээ ажиллаж байна.

Ардчилсан нийгэмд шилжих буюу 1990 оны зах зээлд шилжих үйл явц, эдийн засгийн хямралтай холбоотойгоор согог зүйч мэргэжлийн багшийг төрийн зүгээс бодлогоор гадаадад бэлтгэх ажил үндсэндээ зогссон. Үүний улмаас тусгай сургууль, цэцэрлэг, тусгай боловсролын бүх шатны байгууллагууд мэргэжилтний хомсдолд ороод байгаа. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд хараа, сонсгол, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудад цөөн тооны “Согог зүйч” мэргэжлийн 43-60 насны 10 гаруйхан багш ажиллаж байна.

Багш бэлтгэх их дээд сургууль байдаг ч мөн адил согог зүйч мэргэжилтэн багшийн хомсдолд орсон. Монгол Улсын Багшийн их сургуульд 1980-аад онд ЗХУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн хоёрхон үндсэн багш ажиллаж байна. 1963 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 481 дүгээр тогтоолоор УБ хотын нэгдүгээр дунд сургууль дээр хичээллэж байсан хараагүй хүүхэд, багшийн сургууль дээр хичээллэж байсан хэлгүй, дүлий хүүхдийн ангийг нэгтгэн өргөтгөж 1964-1965 оны хичээлийн жилд дотуур байртай тусгай сургууль байгуулснаар тусгай сургуулийн багшийг бэлдэх ажил эхэлсэн юм. “Мэргэжилтэн дагалдуулж ажиллуулах тухай” БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын тушаал 1965 онд гарснаар 29 дүгээр тусгай сургуульд Болгар улсаас мэргэжилтэн С.А.Яльмов, А.Н.Тютюнжиева нарыг урьснаар дөрвөн багшийг дагалдуулан ажиллуулж, боловсон хүчин бэлтгэж байжээ. Үүнээс гадна дээрх хоёр мэргэжилтэнг дагалдуулан сургах хараагүй ба дүлий хүүхдийн багш бэлтгэх зорилгоор тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй дугуйлан байгуулсан ажээ. Тодруулбал, нийслэлийн багш нар дотроос сайн багш нарыг мэргэжил бүрээс элсүүлэн авч 1964-1965 оны хичээлийн жилээс нэг жил хагасын хугацаанд бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Харин 1967 онд Д.Батхүү Унгар улсын Будапешт хотод, 1968 онд Ц.Лантуу ЗХУ-ын Ленинград хотод, 1967 онд Чурова.С.Е ЗХУ-ын Эрхүү хотод тус тус мэргэшин ирж анхны согог зүйч багшаар ажиллаж эхэлсэн түүхтэй юм байна.
Улмаар 1977-1989 онуудад ЗХУ-ын Ленинград, Эрхүү, Унгар улсын Будапешт хотод согог зүйч мэргэжлээр нийт 23 багш төгсөн ирж тус сургуульд ажиллажээ. Дээрх тооны багш нараас дөрөв нь Унгарт төгссөн бол үлдсэн нь ОХУ-д төгсчээ.

1995 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотын Багшийн их сургуулийг гурван багш, 2002, 2004 онд ОХУ-ын Москва хотын Багшийн их сургуулийг хоёр багш согог зүйч мэргэжлээр төгссөн. Гэвч өнөөдөр сурдопедагог буюу сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийн хэрэгцээ маш их байгаа аж. 2017 оны статистикийн мэдээгээр манай улсад 10964 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хүүхдийн 1,06%-ийг эзэлдэг байна. БСШУС-ын яам урьдчилсан тооцоо гаргахад 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 13000 орчимд хүрэхээр байгаа гэнэ. Иймээс багш бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2014 оноос МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын нэг жилийн хөрвөх ангийг нээн ажиллуулснаар одоогийн байдлаар 93 хүн төгсгөсөн. 2018 оны БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачлагаар МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж өнөөдрийн байдлаар 96 оюутан суралцуулж байгаа юм.

Түүхээс харахад 30-аад жилийн хугацаанд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэгдээгүй учраас одоогийн байдлаар 116 дугаар сургууль тифлопедагог буюу харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш байхгүй байна. Мөн олигофренопедагог буюу оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, логопед- хэл засалч багшийг бэлтгэх ажил нэн шаардлагатай байна. Мөн 2015 онд БНСУ-ын Инчон хотод Боловсролын дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж Инчоны тунхаглал “Боловсрол 2030”-ыг баталсан. Энэ баримт бичигт “Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах хөтөлбөр”-ийг онцолсон. НҮБ-ийн “ Тогтвортой хөгжлийн зорилт”, Саламанкагийн тунхаглалууд нь “боловсролын үйлчилгээг НЭЭЛТТЭЙ, БҮХ ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ болгох”-ыг эрхэмлэдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байгаа тэгш хамруулан сургах бодлого юм.

БСШУС-ын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн ЕБС-д үе тэнгийн найз нартай нь сургах боломж /мэргэжлийн багш, сурах орчин, сургалтын хэрэглэгдхүүн/-оор хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

2018-2019 оны хичээлийн жилд БСШУС –ын яам ОХУ-ын Эрхүү хотод 10 оюутанг шаардлагатай байгаа мэргэжлүүдээр бэлтгэхээр явуулж байна.

Тайлбар:

Дефектологич- согог зүйч мэргэжлийн багш
олигофренопедагог,- оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш
сурдопедагог, – сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш –
логопед, – хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш –
тифлопедагог- харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш
одоогийн байдлаар 96 оюутан суралцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Угаалга хийхдээ дараах аргуудыг хэрэглээрэй

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Угаалгын машиныг эвдрэл гэмтэл багатай байлгах, чийглэг орчинд амархан үрждэг мөөгөнцөр зэрэг нянг нь устгахын тулд ойр ойрхон цэвэрлэх шаардлагатай байдаг. Үүнд зориулагдсан угаалгын ариутгагч шингэн байдаг ч гэрийн нөхцөлд, гар доорх бүтээгдэхүүн ашиглаж угаалгын машинаа цэвэрлэх боломжтой юм. Бидний өдөр тутамдаа хэрэглэж заншсан ам зайлагч шингэнийг үүнд ашиглаж болно. Ингэхдээ угаалгын нунтаг хийдэг хэсэг рүү хагас аяга буюу 100-150 мл ам зайлагч шингэн хийж full washing cycle буюу бүрэн угаалгын цаг дээр тохируулж ажиллуулаарай. Ингэснээр угаалгын машины дотор хэсэг, резинэн хүрээ зэргийн мөөгөнцөр, хөгц зэрэг олон бохирдол нян нь устдаг байна.

Оймс угаахдаа

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Угаалгын машинд угаасан оймсныхоо өрөөсөн алга болдог хачирхалтай явдал эзэгтэй бүрт тохиолддог биз. Тэгвэл уг хачирхалтай явдлаас сэргийлэхийн тулд гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан оймс хийх угаалгын даавуун, торон уут ашиглаарай гэж зөвлөх байна. Угаалгын дараа өрөөсөн оймсоо бусдын шүүгээнээс хайх хэрэггүй болно. Үүн дээр нэмээд гэр бүлийн гишүүн тус бүрийг угаалгах оймсоо өөрсдийн уутанд хийлгэж заншвал эзэгтэй таны угаалгын ажлыг бага ч болов хөнгөрөх болно.

Цагаан хувцас угаахдаа

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Цагаан өнгийн хувцасны өнгийг алдагдуулахгүй байх гэдэг ч асуудал шүү. Цагаан хувцас угаахдаа хэдэн ширхэг аспирин хийчихвэл өнгө алдаж, шаргал туяа ордоггүй. Аспиринд агуулагддаг салицилын хүчил нь хувцасны цагаан өнгийг алдагдахгүй байхад тусладаг байна. Өнгө алдаж эхэлж буй цагаан өнгийн хувцаснуудад ч энэ арга үр дүнгээ үзүүлдэг. Даавуун, ноосон;, сүлжмэл гээд бүх төрлийн материалтай хувцсанд дээр дурдсан аргыг ашиглаж болно.

Хувцсаа хатаахдаа

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Автомат хатаагч машин, нар салхинд хатаахын алинд ч удаан байлгах хэрэггүй гэж зөвлөх байна. Удаан хатаах тусам хувцасны материалд муугаар нөлөөлж өнгө алдах, урагдаж сэмэрч хэврэгшихээс гадна индүүдлэг авахдаа удаан болдог. Тиймээс хатсан даруйд нь хурааж, хэрэв индүүдэж өмсөх бол багахан чийгтэйд нь индүүдэх хэрэгтэй.

Буруу угааж агшаасан бол

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Хэт халуун ус, сэгсрэгчийн тохиргоогоо буруу тааруулсан зэрэг санамсаргүй тохиолдлоор ноосон, сүлжмэл хувцсаа агшааж орхих нь бий. ийм тохиолдолд буцааж энгийн хэмжээнд нь оруулахын тулд хүүхдийн шампунь, зайлагч ашиглаж болох гэнэ. Бүлээн усанд хүүхдийн шампунь, хувцас зайлагч хоёрын аль байгаагаасаа багахан хэмжээгээр хийж хутгаад агшсан хувцсаа хийж 10-15 минут байлгана. Дараа нь цэвэр усаар зайлж, алчуураар усыг нь шингээж авна. Мушгих буюу сэгсрэгчинд хийж болохгүй гэдгийг анхаараарай. Үүнийхээ дараа ширээ юмуу тавцан дээр тавьж хатаана.

Цагаан хувцас, хэрэглэлд зайлагч ашиглах хэрэггүй

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Зориулалтын хувцас зайлагч бодис нь цагаан хувцас, хэрэглэлийн өнгийг алдуулдаг байна. Тиймээс ч цагаан хэрэглэлийг цэвэр усаар зайлахаас биш зайлагч бодис ашиглахгүй байх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Өнгөөр нь ялгаж угаах шаардлагагүй

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Будаг гардаггүй л бол хувцас хэрэглэлийг заавал өнгөөр нь ялгаж угаах шаардлагагүй. Улаан, хар, хөх зэргээр өнгө өнгөөр нь ялгаж угаах нь будаг гардаггүй материалтай хувцас хэрэглэлийн хувьд угаалгын нунтаг, усны хэрэглээг нэмэхээс цаашгүй байдаг. Гэхдээ доорх хоёр зүйлийг угаалга хийх бүртээ санаж байхад илүүдэхгүй болов уу.

  • Цагаан эдлэл, хувцсыг өөр өнгийн хувцастай хольж угаахаас хэзээд зайлсхийх
  • Хэт халуун усаар угаахад ямар ч материал, өнгөтэй хувцаснаас будаг гардаг. Мөн хэт халуун усаар угаах нь өнгөтэй хувцасны өнгийг алдагдуулдаг.

Цахилгаанжуулахгүйн тулд

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Нейлон болон торгон хувцаснууд угаалгын дараа цахилгаанжих нь элбэг байдаг. Ийм төрлийн хувцсыг цахилгаанжихаас сэргийлэхийн тулд хэдэн ширхэг мөнгөлөг бөмбөлөг хувцастайгаа хамт хийх хэрэгтэй. Хэрэв зориулалтын мөнгөлөг бөмбөлөг байхгүй бол хүнсний зориулалтаар ашигладаг мөнгөлөг цаасаар өөрөө хийж ашиглаж болно. Мөнгөлөг цааснаасаа хэсгийг тасдаж аваад базаж бөөрөнхий хэлбэрт оруулаад л болоо. Гэхдээ хэт нягт болохуйц базахгүй байх ёстой шүү.

Нүүрний будгийн толбо арилгахдаа

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Бүсгүйчүүдийн хувьд хувцсан дээрх уруул, сормуус, хөмсөгний будаг, нүүрний кремний толбоо арилгаж чадахгүйн улмаас дуртай хувцсаа шүүгээндээ үүрд хадгалахаас аргагүй болдог. Тэгвэл ийм төрлийн толбыг сахлын хөөсний тусламжтай арилгаж болно. Будагнаас үлдсэн толбон дээрээ сахлын хөөснөөс түрхэж хэсэг байлгаад энгийн угаалгын тохиргоон дээр тавьж угаах хэрэгтэй.

Саравчтай малгайгаа аяга таваг угаагчаар

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Бүхий л насны эрчүүдийн өдөр тутмын хувцасны салшгүй хэсэг нь болсон саравчтай малгайг угаах зөв арга олно гэдэг амаргүй. Угаалгын машин ашиглавал хэлбэрээ алдаж, саравч нь хугардаг бол гараар угааж хатаах нь өнгийг нь алдуулдаг. Тэгвэл саравчтай малгайг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь аяга таваг угаагч машин ашиглах гэнэ. Энгийн тохиргоон дээр нь тааруулж, аяга таваг угаагч шингэн ашиглахад л нөхөр, хүүгийн тань дуртай саравчтай малгай хэлбэр, өнгөө алдалгүй цэвэрлэгдэнэ.

Оймсоо угаах бол хүйтэн ус ашигла

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Оймс угаахдаа халуун ус ашиглах нь хамгийн тохиромжтой гэж эндүү бодож явдаг юм биш. Үүний оронд хүйтэн усаар угааж заншвал оймсны бохирдол бүрэн цэвэрлэгдэхээс гадна ямар ч толбо үлдэхгүй.

Өвс, ногооны толбыг

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Өвс ногооны ногоон толбо арилашгүй гэсэн ангилалд орох нь бий. Тэгвэл ургамал, өвс ногооны толбыг арилгахдаа үсний сэнсний халуунаар үлээлгэж, дараа нь угааж арилгаж болдог. Шүүсний толбыг халааж өгснөөр арилахад илүү хялбар болгодог байна.

Хурдан хатаах арга

Угаалга хийхдээ ашиглах 13 арга

Угаасан хувцас хэрэглэлээ хурдан хатаах олон арга бий. Тэднээс хамгийн үр дүнтэй нь хуурай алчуур ашиглах арга юм. Хатаагчин дээр тохсон хувцасныхаа дунд хуурай алчуурыг тохох, хатаагчинд хийхдээ хуурай алчууртай хамт хийгээрэй. Нойтон хувцаснууд хоорондоо ямар ч зайгүй байх нь удаан хатаахаас гадна чийгний эвгүй үнэртэй болгох нь ч бий. Тиймээс хуурай алчуурын аргыг өдөр тутмын угаалгандаа ашиглаж хэвшээрэй.

Share
Tweet
Share
Share


Categories
мэдээ нийгэм

Цусаа өгөхдөө юу анхаарах вэ?

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс уриалга гаргалаа

Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж хүүхэд, залуучууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан “Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт танилцуулгыг ажлыг дүүргийн 500 багшийг хамруулан зохион байгууллаа.

Дашрамд дурдахад, 2018 оны эхний 7 сарын байдлаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 271 хүн гэмтсэнээс 22,5 хувь нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд зам тээврийн ослоор 350 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик мэдээ гарсан учраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг багш нарт энэхүү танилцуулгыг хийж, хамтарч ажиллах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.

Зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муугаас гадна сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байгаагаас үүдэж байгаа аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь сурталчилж, энэ чиглэлээр зааж сургах “Сургагч багш” бэлтгэж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Германы уран бүтээлчидтэй хамтарсан “Алтан судал” киноны зураг авалт эхэллээ

Монгол, Германы хамтарсан кино төслийн баг “Алтан судал” киноныхоо зураг авалтыг Төв аймгийн Заамар суманд эхлүүлжээ. Энэ нь ХБНГУ-ын уран бүтээлчидтэй хамтран хийж буй анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм байна. Тус киноны найруулагчаар “Ингэн нулимс” киногоо Оскарт нэр дэвшүүлж явсан Л.Бямбасүрэн ажиллаж байна. Гол дүрд нь Дундговь аймгийн Өндөршил сумын долдугаар ангийн сурагч Б.Бат-Ирээдүй сонгогдож, соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, Батцэцэг нартай хамтран тоглож байгаа ажээ.

Германы уран бүтээлчидтэй хамтарсан "Алтан судал" киноны зураг авалт эхэлжээ