Categories
мэдээ спорт

Хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорно

БНХАУ-ын Нанжин хотноо бадминтоны 2018 оны ДАШТ үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн тэмцээний 3-р шатны тоглолтууд өндөрлөж өнөөдрөөс хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд явагдана.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд залуу тамирчин Ши Үчи болон олимп, дэлхийн аварга Лин Дан нарын Хятадын хоёр шилдэг тамирчдын өрсөлдөөн сонирхолтой байлаа. Өсөх яваа залуу тамирчны эсрэг олимп, дэлхийн аварга ахмад тамирчин тоглосон ч эрч хүчтэй залуу тамирчин аваргыг 21-15, 21-9 харьцаатай хожиж дунд шөвгийн 8-д шалгарсан. Аваргыг хожсон Ши Үчигийн дараагийн өрсөлдөгч нь Тайваны Чоу Тиен Чен байх юм. Тэгвэл өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Риогийн олимпийн аварга Данийн В.Акселсен дунд шөвөгт Риогийн олимпийн алт, дэлхийн хошой аварга Хятадын Чен Лонтой таарсан нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Хоёр тамирчин өнгөрсөн жилийн ДАШТ-ний хагас шигшээд таарч тоглоход Дани залуугийн ялалтаар өндөрлөж байсан.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд өнгөрсөн оны дэлхийн аварга, Риогийн олимпийн хүрэл медальт Японы Н.Окухара, Риогийн олимпийн мөнгө, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт Энэтхэгийн П.Синдхи болон олимп, дэлхийн аварга Испаний К.Марин нарын шилдгүүд дунд шөвөгт шалгараад байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Адъяасүрэн: Олон улсын худалдаанд шинэ эрин эхэлж байна

Олон улсын худалдааны эдийн засагч, төв Азийн бүс нутгийн худалдааны эксперт Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Дэлхий дахины худалдааны салбарт гарч байгаа өөрчлөлт, том гүрнүүдийн өрсөлдөөн буюу “Худалдааны дайн” гэж нэрлэгдсэн үйл явдлуудын талаарх судлаач хүний хүний байр суурийг эхлээд сонирхмоор байна?

-Сүүлийн гурван сарын хугацаанд олон улсын худалдааны бодлого, эдийн засгийн хөгжлийн түүхэнд бичигдэх үйл явцууд боллоо. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын худалдааны хязгаарлалтууд болж байна. Хоёрдугаарх нь, БНХАУ Евразийн эдийн засгийн комисс(ЕАЭК)-той Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Гуравдугаарт, Европын холбоо Япон улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр. Энэ гурван том үйл явц нь олон улсын худалдааг даяарчлах эдийн засгийн нөхцөл нь болж байна.

-Америк, Хятад хоёр энэ дайны улмаас нэлээд зөрчилдөөнтэй байгаа шүү дээ?

-АНУ нь БНХАУ импортын 1300 гаруй бараанд гаалийн тарифын хувь хэмжээг 25 хувь болгосон бол нөгөө талаас БНХАУ нь АНУ-ын импортын 545 нэр төрлийн бараанд ялгавартай гаалийн тарифын хувь хэмжээгээ нэмэгдүүлсэн. Энэ ихэвчлэн хөдөө аж ахуйн, далайн гаралтай бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин зэрэг гол экспортын бүтээгдэхүүнүүдийг хамарч байгаа нь хоёр улсын хооронд, сүүлийн үед олон улсад яригдаж байгаа “худалдааны дайн”, тулаан явагдаж байна.

Худалдааны дайн гэхээсээ илүү хоёр улс аль нь илүү хүчирхэг гэдгээ, дэлхийд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ ноёрхлоо тогтоох гэсэн өрсөлдөөн юм. Тэгвэл Европын холбоо болон Япон улс дээрх худалдааны хязгаарлалтын бодлогын эсрэг (протекционизм) 600 сая хүнийг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа нь тогтвортой улс төрийн хүсэл эрмэлзэл, худалдааны эрх чөлөөт байдлыг эрхэмлэгч лидер улсууд гэдгээ харуулж байна. Энд мөн Европын холбооноос БНХАУ-ын бараанд гаалийн татварын хувь хэмжээгээ нэмснийг мөн онцлох нь зүйтэй. Дээрх улсуудын хэрэгжүүлж буй гадаад худалдааны бодлого нь өөрсдийн том дотоод зах зээлээ хамгаалах арга хэрэгсэл нь мөн юм.

-Хятад улс бол манай экспортын гол зах зээл. Тэр утгаараа манайд тодорхой нөлөөллүүд үзүүлэх байх, тийм үү?

-Нөлөө байлгүй яахав. Харин ямар вэ гэвэл хоёр талтай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй болно. Нөгөө талаас гуравдагч зах зээлийн орон зай бий болоод нэмэгдэж байна. Жишээлбэл, Европын холбооны зах зээл. Английн хурдны төмөр замыг байгуулах мега төслийг Японы “Hi­tachi” фирм хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд БНХАУ-аас Европын холбоо руу экспортлогдож байсан бүтээгдэхүүнийг манай зах зээлээс нийлүүлэх боломж гарч байна. Энэ бол их том бизнес.

Хятадын экспортын бүтээгдэхүүний үнэ буурснаар энэ урсгал нь манай улсаар дамжин ЕАЭК-ийн зах зээлд гарч болох л юм даа. Ер нь бол энэ худалдааны дайнд хэн их мөнгө зарцуулна, тэр нь алдагдал ихээр амсах байх. АНУ доллараа их үйлдвэрлэдэг, дэлхийн санхүүгийн зах зээлд ноёрхлоо бий болгосон бол БНХАУ нь долларын их хэмжээний нөөцтэй, үүгээрээ бусад улсад хөрөнгө оруулалт, зээл тусламжийн цар хүрээгээ тэлсээр л байна.

-Ер нь дэлхийн шинжээчид энэ худалдааны дайныг хэр хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж байгаа вэ?

-Аливаа үйл явцын хөгжлийн цикл гэж байдаг. Энэ удаад энэхүү цикл нь 3-5 жилийн хугацаатайгаар үргэлжлэх байх. Энэ цикл бол олон улсын худалдааны шинэ эрин эхэлж байгааг харуулж байна. Олон улсын худалдаа даяаршиж байна, нээлттэй болж байна. Том, том худалдааны хорших хэлбэрүүд бий болж байна, чөлөөт худалдааны шинэ том зах зээлүүд нээгдэж байна, харин энэхүү зах зээлийн тоглогч нар нь нэгдээд АНУ, Хятад хоёрыг өнөөгийн нөхцөл байдалд шинэ боломжуудыг нээж байна шүү дээ. Бидэнд ч гэсэн боломжууд байна.

-Евроазийн эдийн засгийн комисстой Хятад улс хэлэлцээр байгуулснаар манай улсад ямар нөлөөтэй вэ?

-Энэ оны тавдугаар сарын 17-нд ЕАЭК нь БНХАУ-тай Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрээр нэн тэргүүнд талууд худалдааны нээлттэй бодлогыг худалдааны тарифын хувь хэмжээг бууруулахгүйгээр хэрэгжүүлэх, худалдааны мэдээллүүдийн ил тод байдал, худалдаан дахь үйл ажиллагааг хялбаршуулж харилцан зах зээлүүдэд бараа бүтээгдэхүүнээ гаргах, эдийн засгийн ач холбогдолтой, Торгоны зам, “Нэг зам-Нэг бүс”-ын мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гол ач холбогдолтой юм. Түүнээс гадна энэ хэлэлцээрийн хүрээнд талуудын хамтарсан, хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсүүд хурдацтайгаар хөгжих боломжууд бий болж байна. Монгол Улсад энэ хэлэлцээр байгуулдагдсан нь сайнаар нөлөөлнө. Нэдүгээрт, ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит урсгал нэмэгдэнэ. Яагаад гэвэл аль ч Хятадын хилийн боомтууд нээлттэй болсноороо бага зардалтай тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдана. Манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт нэмэгдэнэ. Хоёрдугаарт, манайд дэд бүтцийн хамтарсан төслүүд хэрэгжих боломжууд нээлттэй болж байна.

Эхний хэлэлцээрүүд хийгдээд эхэлсэн байгаа. Тухайлбал Улаанбаатар-Дархан-Алтанбулаг авто замын шинэчлэл гээд. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх үйл явц. Тэгэхээр гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна, бүрдүүлэлтийн зардал багасна. Энэ бизнес эрхлэгчдэд маш чухал билээ. Гурван улсын хил дамнасан бизнес нээлттэй хөгжинө гэсэн үг.


Categories
мэдээ нийгэм

Хар тамхи мансууруулах бодисоос сэргийлэх сургагч багш нар бэлтгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой анхан шатны сургалтыг өчигдөр (2018.08.02) нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдэнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс залуучуудыг урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?”, “Мансуурах дон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварыг өсвөр үе залуучуудад таниулахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид шат дараатай сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах” нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүллээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна.

Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойронд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, болзошгүй эрсдлээс хүүхдээ хамгаалж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхтэй хандахыг уриаллаа.

ҮҮНД:

  • Тоглоомын талбай, гэр орон, ойр тойрноо шалгаж хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, ирмэгтэй мэсэнд өртөхгүй байх, унаж бэртэхээс сэргийлэх.
  • Байгууллага, ААН орчин тойрондоо үзлэг хийж, аюулгүй орчин бүрдүүлэх.
  • Хүүхдийг гол мөрний усанд тоглуулахгүй байх, үер усны аюулаас сэргийлэх.
  • Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшүүлэх.
  • Өөрийн байгууллагын ойр орчим дахь цахилгааны щитээ эргэж, ил задгай утас, таггүй траншей байгаа эсэхийг шалгах
  • Хүүхдэд эрсдэлтэй байж болохуйц орчин, эд хэрэгслийг шалгаж, түүнийгээ зургаар баримтжуулан өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА гэж бичиж,байршуулах.
Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байр удахгүй ашиглалтад орно

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны V ээлжит хуралдаанаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Түр хамгаалах байр” барихаар шийдвэрлэж, уг ажилд зориулан орон нутгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан юм.

Түүнчлэн доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас шийдвэрлэж өгөхөө тус сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч Наоми Китахара өнгөрсөн хоёрдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ мэдэгдсэн билээ.

Аймгийн Цагдаагийн газрыг түшиглэн байгуулах Түр хамгаалах байрны барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус байр нь 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхар барилга байх бөгөөд барилгын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги гүйцэтгэх юм.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны тайлбарласнаар Түр хамгаалах байрыг ирэх есдүгээр сарын нэгний өдөо гэхэд дуусгаж, ашиглалтад өгөх ажээ.

Дашрамд дурдахад, УИХ-аас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулаан хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар хуулчилсан юм.
Categories
мэдээ нийгэм

“Номын сантай айл манайх” өдөрлөг болно

Азхур номын их дэлгүүр “Номын сантай айл манайх” өдөрлөгийг зохиох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг өдөрлөг ЖУКОВ-ын талбайд болох юм.

Өдөрлөг маргааш өдрийн 12:00 – 20:00 цаг хүртэл явагдах бөгөөд бүх ном 10-20 хувийн хямдралтай худалдаалагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн 333 сургагч багшийг бэлтгэж дуусжээ

“Монголын Сурагчдын Холбоо”-оос санаачлан өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа буюу тайлан тоглолт өнөөдөр “Улаан баатар чуулга”-т болж байна. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр найм дахь жилдээ зохиогдож байна.

Энэхүү хөтөлбөрт 21 аймгийн сурагчид хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сурагчид бүжиг, гитар, илтгэх урлаг, загвар, сэтгэл судлал, монгол бахархал, өсвөрийн зохион бүтээгч, гар урлал, үе тэнгийн боловсрол, математик, англи хэл гэсэн хичээлүүдээр дамжуулан 45 хоногийн турш хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлж, хөгжмийн боловсрол, хөдөлгөөний эвсэл, харилцааны соёл, манлайлах чадвар, олны дунд биеэ авч явах байдал зэрэгт суралцжээ.

Хөтөлбөрийн хугацаанд бид хамтдаа ногоон дэлхийн аялал, урлагийн наадам, спорт наадам, англи хэлний баяр, илтгэх урлагийн тэмцээн, математикийн олимпиад зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн наадамд гадаадын долоон ДЖ оролцоно

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх сарын 04-нд “Монгол шилтгээн” амралтын газарт болно.

“Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ-ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”-той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залууст зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.
“Болзъё” уриан дор болох тус хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсын 20 гаруй уран бүтээлчид оролцоно. Мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж буйгаараа онцлогтой.
Тус наадам нь 2009 онд анх Бээжин хотноо болж байсан бөгөөд наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотод найман жил тасралтгүй болжээ.
Хөгжмийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр дор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт барих ДЦС концессын гэрээг эргэн харна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-д танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болсон билээ.
Тэгвэл Багануур дүүрэгт концессын гэрээгээр барих ДЦС-ын тус төсөлтэй холбоотой хийсэн эрчим хүчний гэрээг шинэчлэх талаар мөн хөндөж эхлэв. Дээрх төслийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тусгажээ. Гэтэл өнөөдөр манай улс ОХУ-аас квт цахилгааныг 81 төгрөгөөр тооцон авч буй учир БНХАУ-ын талтай хийсэн гэрээг эргэн харах талаар Засгийн газрын түвшинд ярьж байна. Нэг талаар Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр байгаа нь манай эрчим хүчний системийн аюулгүй байдал, нэгдсэн тогтолцоонд доголдол учрахаар эрсдэлтэй байгаа талаар зарим мэргэжилтэн экспертүүдийн дүгнэлт гарчээ. Гэтэл нөгөө талаас нэгэнт 2 улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр хэрэгжих төсөл тул аль нэг тал нь цуцлах юм уу татгалзсан нөхцөлд нийтдээ 512 сая ам.долларыг ирээдүйн ашиг, хөрөнгө оруулалтаар нөхөн төлөх эрсдэл бүхий гэрээ болоод байгаа аж. Энэ бүх асуудлыг 2 улсын болон олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байхыг мөн харгалзан үзэх учиртай болоод байна. Тиймээс улс орны эрчим хүчний хангамжийн системийн аюулгүй байдлыг бодолцохын зэрэгцээ 2 талын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр, түүний хууль эрхзүйн талын үр дагаврыг эргэн харгалзан үзэхэд хүрч, уг гэрээ хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулсан эсэхийг дахин нягтлаж судлахаар болсныг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан хандивын ажилд оролцохгүй байхыг анхаарууллаа

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан аливаа төрлийн хандивын ажилд нэгдэхгүй байхыг анхаарууллаа. Одоогоор тус банкны зүгээс тус банкны ажилтнуудын нэрийг барьсан хандивын ажил хэр зэрэг хэмжээнд зохион байгуулагдсан болон, онлайнаар, цахим шуудан, сошиал хуудаснуудад ийм төрлийн мессеж илгээсэн эсэхийг хянаж байна. Тиймээс Монголын иргэдийг ийм төрлийн цахим шуудан болон мессежид итгэхгүй байхыг уриаллаа.

Хэрэв ийм төрлийн залиланд итгэн ямар нэгэн хэмжээгээр хандив өргөсөн бол хуулийн байгууллагад хандахыг хүсчээ. Азийн хөгжлийн банк нь хөгжлийн институтын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон нийтээс ямар нэгэн хэмжээгээр хандив цуглуулдаггүй, ямар нэгэн хэмжээгээр тухайн хүний хувийн мэдээлэл болон дансны хуулга ч шаарддаггүй болохыг анхааруулсан байна.