Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 128 хувиар биелүүлжээ

Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь энэ оны эхний хагас жилд нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 7,4 тэрбум төгрөг буюу 128 хувиар биелүүлжээ.

Мөн 21,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгож нийт 791 ажил олгогчийн 10149 иргэнийг албан журмын даатгалд хамруулж, 45896 даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажилласан байна.

“Нийгмийн даатгалын тухай хуулинд орсон өөрчлөлт” буюу малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж 55 нас хүрсэн эрэгтэй, 50 нас хүрсэн эмэгтэй малчдад өндөр насны тэтгэвэр тогтоож олгох хуулийн хэрэгжилтийг 5000 гаруй малчдад сурталчилж, 236 малчны тэтгэврийг тогтоож олгоод байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл байхгүй

УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа.

УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг.

Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч 07 дугаар сарын 17-нд ирүүлсэн 15 тоот албан бичигт УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байсан. Иймд УИХ-ын даргын Зөвлөл 07 дугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдсан.

Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа.

Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй.

-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол…?

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал.

Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна.

Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.

-Тодруулга өгсөн таньд баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ

Цахилгаан хязгаарлалтын хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Баянзүрх дүүрэг
11:00-16:00 цагт: 22-р хороо Авто мастер Монголия, Хөхийн нуруу, Монголиан Азиа Рийч, Хан хулан ХХК-ууд, Мобиком, Гинжбаатарын гараж болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо МОУДС-ийн дотуур байр, МТ ШТС-98, иргэн Ганболд, Гамбагаа, Доржхандын АОС, Элмеко, Шим өгөөмөр, Миш маш, Бадмандэлгэрэх, Техник форум, Монскан ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Ганцаг, Батрэрэйд, Хасбанк, Элэг, Нотра Дам ХХК-ууд, Шунхлай ШТС, Санар брокерын пүүс болон эдгээрийн ойр орчмоор,20-р хороо Баян дөхөм Фин Инвест ББСБ, Болд дэлгүүр, Иргэн Лутбэх болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар дүүрэг
11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр, Цагдаагийн хэлтэс, БЗД, СБД, ЧД-ийн иргэний хэргийн АШШТГ, 25-р цэцэрлэг, Эрчим хүчний зохицуулах хороо, Эск инженеринг, Олон улс судлалын дээд сургууль, МСБД намын хороо, Төрийн банк, Эхлэл-2 СӨХ, МШТӨҮГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Уай Эйч Эс, Мандал, Эдвест, Шүтер, Голден кроун, Монгол хорайзон, Торранс, Гүүдвэй, Дижисис, Айр транс, Номадс хоспитал, Халиун трэйвл, Түмэн техно, Бодь даатгал, Номин даатгал, Хүрээ төв, Тулга трейвел, Сислинк, Практикал даатгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг
10.30-17.00 цагт: 10-р хороо Ард Аюушийн 15-р гудамж

Сонгинохайрхан дүүрэг
10.30-17.00 цагт: 32-р хороо Эмээлтийн 5-р гудамж

Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 3-р хороо Дэнжийн 1-12, 19-р гудамж, Разно-Импекс, 3-р хорооны байр, Дөл төв

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн түшиц сургуулиар Хэнтийн уламжлалт анагаахын сургууль сонгогдлоо

Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ Монгол анагаахын олон улсын сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулж, тус их сургуулийн түшиц сургалтын бааз болжээ.

Ингэснээр эмнэлэг, сургалт, эрдэм шинжилгээний нэгдсэн үйл ажиллагааг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломж бүрдсэн бөгөөд Уламжлалт анагаах ухааны төвийн ирээдүйн хөгжлийн үүд хаалгыг нээсэн чухал алхам болсон гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Монголын Уламжлалт анагаах ухааныг орон нутагтаа хөгжүүлж 25 жилийн турш Хан Хэнтийчүүддээ үйлчилсэн тус хамт олон 2018 онд “Үйлдэл бүхэн итгэмжлэл” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Эхний хагас жилийн байдлаар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Эрүүл аж төрөх Монгол ухаан” сэдэвт сургалтыг Биндэр, Мөрөн, Жаргалтхаан сум, Өлзийт тосгон, Баянхутаг сумдад тус тус зохион байгуулж, нийт 352 иргэнд Уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэжээ.

Үүний зэрэгцээ тус сумдын эрүүл мэндийн төвийн 87 эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчдад Уламжлалт анагаахын ёс зүйн онцлогийг шингээсэн хөтөлбөрт сургалтыг зохион байгуулсан байна.

Мөн “Эрүүл аж төрөх Монгол“ сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн 8-16 насны сурагчдын дунд академик сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулж, 25 үе тэнгийн сургагч багш бэлтгэн гэрчилгээ гардуулжээ.

Гадаад харилцааг өргөжүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах талаар туршлага солилцсон ба БНХАУ-ын Хятад анагаах Ухааны Олон улсын эмнэлэгт их эмч М.Даваа зүү эмчилгээний мэргэжил дээшлүүлэх, Хөх хотын анагаах ухааны сургуульд Тайчи- Ушуны мэргэжлийн сургалтанд их эмч О.Ганхуяг нар тус тус суралцаж эмч нарын мэргэжлийн ур чадвараа ахиулжээ.

Categories
мэдээ нийгэм

Ган тайлагдсан учраас ихэнх нутгаар хадлангийн гарц сайн байна

ХХААХҮЯ-наас өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрт 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл, бэлтгэх албан даалгавар ногдсон юм. 2017 онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд манай улс жилд 1 сая тонн хадлан бэлтгэвэл дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг.

Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь зуншлага хэвийн, 30 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь муу буюу бэлчээр тааруу, зуншлага муу гэсэн үнэлгээтэй байсан. Долдугаар сард орсон бороо ган тайлсан учраас ихэнх нутгаар хадлан бэлтгэх таатай боломж бүрджээ. Хадлангийн төв нь газар тариалангийн бүс нутгууд болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай болон Булган, Дорнод, Сүхбаатар аймаг, 9 отрын бүс, хилийн зурвас юм.

Наймдугаар сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадлангаа авч эхэлсэн. Тус аймаг энэ онд 62800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна. Харин Ховд аймгийн тухайд зуншлага оройтож болсонтой холбогдуулан хадлан хадах хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулах юм. Ховд аймаг гэхэд 60 000 тонн хадлан бэлтгэнэ.

Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явагдаж, есдүгээр сарын 15-н гэхэд хадлангийн ажлын дүн гарна гэж тооцлоо. Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Орон нутгийн иргэд, бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд тэжээл тариалах боломжоор хангаж байгаа юм.

Хадлан, тэжээлээ амжилттай авч, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахын тулд орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газраас авахыг Аймгийн Засаг дарга нарт зөвлөж байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцна.

Түүнчлэн хадлан бэлтгэх газар, нутгийг малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилан, говийн болон бусад аймагт хадлан бэлтгэх газар, нутаг олгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аймаг, сум бүр дотоодын хэрэгцээний өвс, тэжээлийг бэлтгэхээс гадна улсын аюулгүйн нөөцийг бэлтгэхэд оролцох үүрэгтэй. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авах өвсний чанар, жин, нягт зэрэгт онцгой анхаарч, ногоон буюу 1 дүгээр зэргийн, 18-20 кг-аас доошгүй жинтэй, өндөр нягтралтай боосон өвсийг нөөцлөх нь зүйтэй юм.

Малчид, мал бүхий иргэдэдийн тухайд өвөлжих, хаваржих бэлчээрийн малдаа зориулж, өөрсдийн хүч боломжоороо хадлан, тэжээл бэлтгэн, малаа ус, хашаа байраар хангаж, байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Малын арчилгаа, маллагаандаа онцгой анхаарч, тэжээллэгийн технологийг мөрдөж ажиллахыг уриалж байна.

1961 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 32 байсан бол 2017 онд 99 болж бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгдсэн байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас өвөл, хаврын улиралд мал өлдөх эрсдэлтэй тул тогтоосон хэмжээний өвс, тэжээлээр хангах ёстой. Адуу өдөрт биеийн жингийн 2, үхэр 3, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрууд анхаарч, тооцоолох хэрэгтэй.

Аймаг, сумын түвшинд хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний 5 хувь, адууны 3 хувийг нэмэгдэл тэжээлд оруулах нь зүйтэй. “Гар аргаар тэжээл бэлтгэх аян” өрнүүлж, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх үүргийг Аймаг, нийслэлийн ХХААГ хүлээж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол ноолуурт Америкийн зах зээл үүдээ нээхээр зэхэж байна

-КОНГРЕСС МОНГОЛЫН ОЁМОЛ СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТВАРГҮЙ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ-

АНУ-ын Конгрессийн гишүүн Дина Тайтус, Тед ёохо нар Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан нь эдийн засгийн сайн мэдээ боллоо. Конгресс тэдний өргөн барьсан Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг батлах өндөр магадлалтай гэж эдийн засагчид хэлж байна. Хатагтай Дина Тайтус хуулийн төслөө өргөн барихдаа “Монголын ноос ноолуурын салбарт ажиллагсдын 90 хувь нь эмэгтэйчүүд. ер нь бүсгүйчүүд аливаа улс орны эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг дэмжсэнээр Монголын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн онцолжээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн өнцөг энэ хуулийн төслийг ногоон гэрлээр батлагдахад том нөлөө үзүүлэх нь тодорхой.

Ноолуурын зах зээлийн дэлхийн гол тоглогч бол Хятад. Хятадтай өрсөлдөгч гэвэл манай улс. Си даргатай таагүй харилцаатай, байсхийгээд л татварын өндөр тоогоор өрсөлдөж суугаа энэ үед Хятадынхаас дутахгүй чанартай монгол ноолуур Трампын сонирхлыг татах нь мэдээжийн хэрэг. Өөр нэг шалтгаан, сэжим нь Дэлхийн худалдааны байгууллага. Монголын ноос, ноолуурын холбооныхон Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх ITC буюу Олон улсын худалдааны төвийн эртний түнш. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн малгай доор ноос, ноолуурын салбарыг дэлхийд таниулах, гаргах ажлуудыг ITC-тай хамтран хийсээр өнөөг хүрсэн юм. Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлахаас гадна монополь том зах зээл бүхий гүрнүүдээс илүүтэйгээр бага орлого, жижиг эдийн засагтай улсуудыг худалдаагаар нь дамжуулж дэмжих бодлого барьж буй. Тэгэхээр Дэлхийн худалдааны байгууллагын энэ зорилго ч Монголын ноолуурыг Америкт татваргүй гаргахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь тодорхой.

Монгол ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын Конгрессийн анхааралд орж буй энэ үйл явдлын талаар үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Бидний хандсан үйлдвэрлэгч бүр АНУ хэмээх экспортын шинэ суваг нээгдвэл Монголын ноолуурын салбарынхан дэлхийн тоглогч болно гэцгээж байв. “Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Манайх Итали, Англи, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог. Ирэх хоёр жилийн дотор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Экспортын шинэ суваг нээгдэж байгаа нь дотоодын үйлдвэрүүдэд том давуу тал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Швейцарь, Англи, Солонгос руу сүлжмэл бүтээгдэхүүн экспортолдог “Алтай кашмер” ХХК-ийнхан ч энэ үйл явдалд олзуурхаж байна. “Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан “Манайх сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон, Солонгос, Орос, Европын зарим орон руу экспортолдог. Татваргүйгээр Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлбэл хамгийн том өрсөлдөгч Хятадтай өрсөлдөх боломж бүрдэнэ” гэлээ. Монголын ноолуурын салбарын номер нэг аж ахуйн нэгж, дэлхийн зах зээл дээр нэгэнт танигдсан компани бол “Говь”. Тус компанийн Гадаад худалдаа эрхэлсэн дэд захирал О.Оч “Манай компани Америкийн зах зээлд хэдийн гарсан. Энэ том зах зээлд гарахыг оролдож байгаа бусад компанид нааштай алхам болж байна. Америкийн зах зээлд татваргүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлбэл борлуулалт нэмэгдэнэ, борлуулалтаа дагаад ажлын байр өснө. Ноолуур, түүхий эдийн нөөцийг ашиглах хэмжээ ихэсч эдийн засагт өгөөжөө өгнө. Товчхондоо татварын асуудлыг шийдсэнээр бидний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ” гэв.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн сэтгэгдлийг сонирхоход “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. Ийм зах зээлд гарах нь Монголын ноолуурыг дэлхийд таниулах, сурталчлахад чухал алхам болно. Бид ICT-тэй 2014 оноос хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад олон ажлыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. ITC-гийн захирал хатагтай Аранча Гонзалес ирэх есдүгээр сард Монголд айлчилна. Бид АНУ-ын зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гаргахын тулд Америкийн ноолуурын томоохон үзэсгэлэнгийн нэг Нью-Иоркийн “Fashion Coterie”-т тасралтгүйгээр таван жил оролцсон. Энэ жил мөн оролцохоор бэлтгэж байна. Ганц энэ үзэсгэлэнгээр тогтохгүй, Лас вегас гэх мэт Америкийн томоохон хотуудад болдог үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцсоор ирлээ. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баярлаж хүлээн авч байна. Энэ хуулийн төслийг Конгресст өргөн барих санаачилгыг гаргаж, идэвхтэй ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ажлын хэсгийнхэнд нь ноолуурын салбарын эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Америкийн конгресст энэ хуулийн төсөл өргөн баригдана гэдэг бидний хувьд өндөр амжилт. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал ноолуурын салбарынханд маш том боломж нээгдэнэ. Боломж нээгдэхийн хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна” хэмээн ярилаа.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТАРЧ БАЙЖ Л АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ ГАРНА ГЭВ

Бид “Конгресс хуулийн төслийг баталчихвал Америкийн зах зээлд гарахад бэлэн үү” гэсэн асуултыг ноос, ноолуурын салбарынханд тавьсан юм. Төр хувийн хэвшил хүчтэй хамтарч ажиллаж байж ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд амжилттай гарч чадна гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон онцолж байна. “Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан ”Их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох талаар яригдаж байгаа учраас түүхий эдийн асуудал үүснэ. Түүхий эдээ авч үлдмээр байна. Үүн дээр төр засгийн бодлого хэрэгтэй. Түүхий эд худалдаж авах бага хүүтэй, урт хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээлээс эхлээд зайлшгүй хэрэгтэй дэмжлэгүүд бий. Өнөөдрийн тухайд бид түүхий эдийнхээ багахан хувийг арай гэж л дотооддоо авч үлдэж байна. Түүхий эдээ авч үлдлээ гэхэд боловсруулж чадахгүй байна” гэлээ.

“Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг Их мөнгөн дүнгээр бага үнэлгээний олон ширхэг бүтээгдэхүүн захиалдаг нь Америкийн гэрээнүүдийн онцлог. Бидэнд тэр эрэлтийг хангах боломж бий юу гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Хүчин чадлаа нэмж, технологио шинэчлэх шаардлагатай. Энэ тал дээр төр засгийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Зөвхөн компаниуддаа найдаад орхиж болохгүй асуудал. Хятад улс хүний нөөц, хүчин чадлаараа давуу учраас Америкийн зах зээлд олон жил монополь байгаа” хэмээн ярилаа.

Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл юм байна. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүнээс ялгардаггүй аж. Өнөө жил цөөн том үйлдвэр л “Ноолуур” хөтөлбөрийн зээлд хамрагджээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон ярилаа. Түүхий эдээ бэлтгэх хугацаа дууссаны дараа зээлийн мөнгө нь орж ирдэг гэсэн зовлон өнөөдөр ч арилаагүй юм байна. Цаг нь дуусчихсан үед орж ирсэн зээлийнхээ мөнгийг дансандаа байршуулж хүүг нь төлөөд яваа компаниуд ч бий аж. Ээрэх үйлдвэрээ хөгжүүлж байж дэлхийн зах зээлд Хятадтай өрсөлдөнө гэсэн санал хэлэх хүн олон таарав. Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.ёндонсамбуу гэхэд л “Ээрэх үйлдвэрийн асуудлыг маш өндөр түвшинд тавьж шийдмээр байна. Нэгэнт ийм явдал болж байгаа учраас Ерөнхийлөгч Засгийн газарт шаардлага тавьж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тусалж дэмжих хэрэгтэй. Зоригтой шийдэж байж л бид АНУ-ын зах зээл дээр амжилттай гарна” хэмээн ярьсан юм.

Хятад улсын төр ноолуурын салбараа хүчирхэгжүүлэхийн тулд “Дэлхийд гарах бодлого” гэж хэрэгжүүлжээ. Техник технологийн шинэчлэлдээ 560 сая юань, инноваци, зөвлөх үйлчилгээ, оюуны өмчийг хамгаалахад 800 сая юань зарцуулсан тооцоо гарсан байна. Брэнд хөгжүүлэлтдээ бүр онцгой анхаарчээ. Ноолуурын үйлдвэрлэлийнхний технологио сайжруулахаар авсан зээлийн 30-40 хувь, эсвэл гурван сая юаньтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг орон нутгийн хөгжлийн сангаас нь нөхөн олгодог юм байна. Ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшуулал хүртэл өгсөн жишээ урд хөршид байна.

Хятад улс ноолуурын салбараа дэлхийн тавцанд гаргаж чадсан нь төр засгийнх нь дэмжлэгтэй салшгүй холбоотойг эдгээр жишээнээс харж болно. Төрийн оролцоогүйгээр аж үйлдвэр, ноолуурын салбар хөгжсөн жишээ дэлхийн хаана ч байхгүй гэж ноолуурын салбарынхан онцолж байна. Ноолуурын салбар түүхий эд нь маш үнэтэй гэсэн онцлогтой гэнэ. Тийм учраас аль ч улсын үйлдвэрүүд үнэ өндөр түүхий эдээ өөрсдөө авч хүчирдэггүй аж. Харин ч бор зүрхээрээ зүтгэж арилжааны өндөр хүүтэй зээл авч тоног төхөөрөмжүүдээ бүрэн автоматжуулж чадсан гэж үйлдвэрлэгчид ярьж байв. Ийм хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ дэлхийд гарах маш том бодлоготой урд хөрштэй өрсөлдөж яваа ноолуурын салбарынхан төрийн онцгой дэмжлэгтэйгээр л АНУ-ын өгөх боломжийг ашиглаж чадах нь. Үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр ийм бодол төрсөн юм.

Монгол ноолуур гэдэг нэрийг дэлхийн зах зээлд гаргаж, чанарыг нь таниулахад туслах “Монголын хаан ширхэгт” тэмдгийг 2011 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна. Яамны зүгээс монгол ноолуурын чанарыг гадны оронд гэрчлэх энэ тэмдгийг баталгаажуулах тал дээр хойрго хандсаар өнөөдрийг хүрчээ.

105 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗАХ ЗЭЭЛ БИДНИЙ ӨМНӨ БАЙНА

Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. Монгол ноолуурыг татваргүй импортлох агуулгатай хуулийн төсөл Конгрессийнх нь анхаарлын төвд орсон АНУ-ын бэлэн хувцасны зах зээлийн багтаамж нь 326 тэрбум ам.доллар аж. Нэхмэл сүлжмэл хувьцасны зах зээл нь 105 тэрбум ам.доллар гэсэн аварга тоо дуулдлаа. Цаг агаарын байдлаас болж ноолуур ба торгоны хольцтой сүлжмэл эдлэлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм байна. АНУ-ын зах зээлийн өөр нэг онцолж хэлэх тал нь байгальд ээлтэй органик үйлдвэрлэл, ёс зүйтэй хувцас үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэгчийн шалгуур тавьдаг гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон сонирхууллаа. Манай улсын ноолуурын салбар энэ шаардлагад нь нийцдэг гэж мэргэжлийнхэн онцолж байна. Сүүлийн үед Америкт нимгэн, хөнгөн технологи, минимал загвар голлож байгаа гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

О.Баярцогт: Эрэгтэй баг Азийн наадмын шилдэг наймд шалгарах бүрэн боломжтой

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагч, багш О.Баярцогттой ярилцлаа. Тэрээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигт тамирчин ахуйдаа гурав, дасгалжуулагч болоод дөрвөн удаа түрүүлж байсан юм.


-Сар хүрэхгүй хугацааны дараа Азийн наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд та сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж оролцоно. Шигшээ багаа хэрхэн бүрдүүлэв?

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэй шигшээ багт ажиллах санал ирүүлснийг хүлээж аваад ажиллаж байна. Тавдугаар сарын 21-нээс эхлэн 26 тамирчинг шигшээ багийн цугларалтад дуудсан. Цугларалтад 20 тамирчин хамрагдаад бэлтгэл сургуулилт хийгээд явж байна. Шигшээ багийн урилгаас татгалзсан , бэлтгэл сургуулилтын явцад хоцрох, таслах зэрэг сахилга батын зөрчил гаргаж хасагдсан тамирчид бий. Одоогоор тэмцээнд явах 12 тамирчны нэрс тодорсон. Үлдсэн найман тамирчин шигшээ багийн бэлтгэлийг хангаж ур чадвараа ахиулж байгаа.

-Монголын баг ямар багуудтай нэг хэсэгт орсон бол?

-Азийн наадамд эмэгтэй 10 баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлднө. Манайх БНХАУ, Тайланд, Япон, Хонгконгийн багуудтай нэг хэсэгт багтаж өрсөлдөнө. Хэсгээсээ хоёр юм уу гуравдугаар байраар шалгарах зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Өмнө нь шигшээ наймд шалгарч байсан амжилтаа давтах, боломж гарвал ахиулна.

-Сагсан бөмбөгийн холбоо эмэгтэй тамирчдаа хэрхэн бэлтгэдэг вэ?

-Ер нь эмэгтэй тамирчид орхигддог л доо. Сагсан бөмбөгийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлээрээ л явж байгаа. 10 жилд сурагч байхдаа биеийн тамирын хичээл дээр долоо хоногт хоёр удаа тоглоно, хүсэл сонирхолтой нь их сургуульд элссэн хойноо багт нь орно. Цааш нь хөгжлүүлээд дэмжээд авч явах ямар нэгэн бодлого манайд алга. Ийм үед шигшээ багийг авсан ч Азийн наадамд амжилттай оролцуулах зорилго тавиад ажиллаж байна. Үүний дараа шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилтийг өндөр түвшинд барих, багш дасгалжуулагч боловсон хүчин бэлтгэх зорилго тавьсан. Шигшээ багт орохын төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

-Та дөрвөн жилийн өмнө Азийн наадамд эрэгтэйчүүдийн шигшээ баг удирдаж оролцоод шилдэг наймд шалгарч байсан. Энэ жилийн Азийн наадамд оролцох эрэгтэйчүүдийн шигшээ багийн талаар ярихгүй юу?

-Энэ жилийн Азийн наадамд оролцох шигшээ баг туршлагатай мастерууд, өнөө цагийн шилдэг тамирчид болон шинээр гарч ирж буй залуу тамирчдаас бүрдэж байгаа. Гэхдээ олон улсын хэмжээний мастер Г.Баттөр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх нарыг дуудаад бэлтгэл сургуулилт хийлгэж, өрсөлдүүлж, сонгон шалгаруулсан бол илүү үр дүнтэй байсан болов уу гэж хувьдаа харж байна. Манай эрэгтэй баг дөрвөн жилийн өмнө шилдэг наймд шалгарч хэсэг тэргүүлж орохоор болсон. Зоондоо Өмнөд Солонгос, Тайланд, Индонезийн багуудтай орсон. Өмнөд Солонгосын багийн тоглолтыг харахад тааруу байсан. Манайх нэг юм уу, хоёроор шалгараад шигшээ наймд шалгарах боломж бүрэн бий. Цаашдаа яаж тоглохыг хэлж мэдэхгүй юм.

-Монголын шигшээ баг олон улсын тэмцээнд өрсөлдөхөд төвийн тоглогчийн байрлалд дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Инчоны наадамд Б.Одбаяр төвийн байрлалд сайн тоглож байсан ч зодог тайлжээ. Одоо төвийн байрлалд хэн тоглох вэ?

-Төвийн байрлалд П.Болортулга, Б.Билгүүн нар тоглох байх. Ерөнхийдөө манай төвийн байрлалд тоглодог тамирчид Азид очоод оноо аваад зүтгээд тоглоход хүндрэлтэй л дээ. Манай төвийн байрлалд тоглодог тамирчид нуруугаар намхан ч илүү хурд, техниктэй учраас үүнийгээ давуу тал болгож өрсөлдөх боломжтой гэж харж байна.

-Инчонд Т.Санчир, Б.Билгүүн гээд тамирчид гялалзаж Азийн түвшинд өрсөлдөх боломжтойгоо харуулсан. Дөрвөн жилийн өмнөх Т.Санчир, Б.Билгүүн нарыг өнөөдрийнхтэй харьцуулбал?

-Мэдээж илүү туршлагатай болсон. Талбайг харах, тоглолтыг унших чадвар нь илүү хөгжсөн Санчир, Билгүүн Азийн наадмыг зорихоор бэлтгэлээ базааж байна.

-Н.Батбаяр гэж БНСУ-ын оюутны лигт тоглодог залуу шигшээ багтайгаа нэгдсэн байсан?

-Н.Батбаяр, Ананд гэж хоёр хүүг их сайн тоглох болов уу гэж итгэж байгаа. Сагсан бөмбөгийн хөгжил өндөр оронд суралцсан болохоор хувилбарт дасан зохицохдоо илүү сайн. Дээрээс нь талбайд гараад өөрийгөө бүрэн дайчилж чаддаг залуус.

-Таны сагсан бөмбөгийн секц дугуйлангаар дамжиж гарсан хүүхдүүд эхнээсээ дээд лигт тоглоод эхэлсэн байна. Өндөр түвшний тамирчдыг хэрхэн бэлтгэж байна вэ?

-“Этүгэн” их сургуулийн харьяа “Этүгэн” дунд сургуульд сагсан бөмбөгийн төрөлжсөн сургалттай анги үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүүхдүүд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг. Дунд сургуулиа төгсөөд “Этүгэн” их сургуулийн өмнөөс оюутны лигийн олон тэмцээнүүдэд оролцдог. Шалгарсан нь дээд лигийн “Этүгэн Ирвэс”-үүд багт орж дээд лигт тоглодог.

-Та хэдээс хэдэн насны хүүхдүүдийг бэлтгэлдээ хамруулдаг вэ. Монгол хүүхэд хэдэн наснаасаа энэ спортоор хичээллэвэл зохимжтой юм бол?

-Зургаагаас дээш насны хүүхдүүд хамрагдаж байна. Зургаан настай хүүхдэд эхний ээлжинд тоглоом маягаар хөнгөн дасгалууд хийлгэж, техникүүдийг нь зааж, гаргасан алдааг нь засч өгөөд явдаг. Жижиг хүүхэдтэй ажиллахад урамшуулж өгөх хэрэгтэй байдаг. “Өнөөдөр энэ дасгалыг хийгээд сурчихвал багш нь чамд өмсгөл авч өгнө ” ч гэх юм уу урамшуулаад өгөхөд хүүхэд бэлтгэлээ идэвхтэй урам зоригтой хийж, ур чадвар нь түргэн ахидаг.

-Сагсан бөмбөг хүүхдэд ямар хүмүүжил өгдөг вэ?

-Хүүхдийг эхний ээлжинд тэвчээртэй болгож өгнө. Зургаан настай хүүхдээс дасгалыг сурч, зөв гүйцэтгэхэд их тэвчээр шаарддаг. Аливаа зүйлийг сурах, сэтгэх чадвар нь сууж өгнө. Бэлтгэлд хамрагдаж буй хүүхдүүдтэй зөв харьцаж сурдаг. Хүүхдүүд бүгд мэргэжлийн тамирчин болохгүй ч зөв, эрүүл иргэн болж төлөвшинө. Мөн багаар ажиллах сэтгэхүйг хүүхдэд суулгаж өгдөг нь энэ спортын гайхамшиг юм даа. Ажил амьдрал дээр гарахад энэ чанар том давуу тал болдог.

-Таны ажлын арга барилын онцлог юу вэ?

-Хамгийн түрүүнд цаг барих, ажилдаа сэтгэлээсээ хандахыг шаарддаг. Бэлтгэл сургуулилтын үед тамирчдынхаа тоглолтын явцад гаргасан алдааг нь хэлж ойлгуулж өгдөг. Тоглолтын дунд хэлэхэд тухайн тамирчин тэр бүр өөртөө тусгаж авдаггүй. Тайван үед нь хэлж ойлгуулахад илүү үр дүнтэй.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг яаж харж байна вэ?

-Сагсан бөмбөгийг хөгжүүлэх бодлого байхгүй байна. Гадагшаа гарч олон улсын тэмцээнд ороод тодорхой хэмжээнй амжилт үзүүлэхэд хөгжил гэж яриад байдаг. Гэтэл бидэнд тамирчдыг бага наснаас бэлтгэж гаргаж ирэх ямар ч бодлого алга байна. Сагсан бөмбөгийн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Азийн наадмын их шөвөгт шалгарснаас хойш манай шигшээ баг нэг ч уралдаан тэмцээнд оролцсонгүй. Цаг тухайд нь тэмцээн уралдаанд оролцоод явсан бол манай шигшээ баг Азийн шилдэг багуудын тоонд багтаж, дэлхийн авгаргад ч өрсөлдөх бүрэн боломж байсан юм шүү. Сагсан бөмбөгийн хөгжлийн бодлогоо тодорхойлж ажилдаа орох шаардлагатай байгаа. Нэг бодлого, зорилготой ажиллах хэрэгтэй.

-Монголын шигшээ баг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнд оролцох эрхтэй юу. Дотоодын холбоодын зөрчлөөс шалтгаалж эрхээ хасуулсан уу?

-Би сагсан бөмбөгийн холбооны албан тушаалтан биш болохоор сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор одоогоор дотоод асуудлаа шийд гэсэн чиглэл өгөөд уралдаан тэмцээнд оролцуулахгүй байгаа болов уу. Тиймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголын шигшээ баг нэг ч тэмцээнд оролцсонгүй. Хүмүүс зөвхөн Монголын шигшээ багийн тамирчид хохирлоо гэж яриад байна. Тийм биш. Үүний цаана өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчид хохирч байгаа. Ирээдүй байхгүй болж байна гэж ойлгож болно. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: “Рио тинто” шиг дэлхийн хэмжээний компаниудаа хөөчихвөл урд хөршийхөн л орж ирнэ

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай уул уурхайн салбарт барьж буй төрийн бодлого гэсэн сэдвийг хөндөж ярилцлаа.


-Улс төр, эдийн засгийн бүлэглэл гэж их ярих болжээ. Нам дамжсан ийм бүлэглэлүүд үүсэх болсон уг шалтгаан нь юу вэ?

-Монголын гол хоёр намын үзэл баримтлал тэгш биш, итгэл үнэмшил болоогүй, итгэл үнэмшлээрээ намд элссэн хүн цөөхөнтэй л холбоотой. Дэлхийн том орнуудын намыг ажиглахад хоёр гол чиглэл байна. Нэг нь нийгмийн буюу зүүний чиглэлтэй, нөгөө нь хөрөнгөтний ба барууны чиглэлтэй. Барууны чиглэлийнхэн чадалтай нь амьдарна гэсэн байгалийн хуулийг гол зарчмаа болгодог. Зүүнийхэн нь нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой гэж үздэг. Гэтэл манайд нам гэдэг үзэл бодол нь төлөвшөөгүй хүмүүсийн нэгдэл болчихсон учраас хоорондоо эвсэж нэгдэх боломж маш их байгаа. Үзэл бодлын асар их зөрөөтэй, түүндээ үнэнч бол нам дамжсан нэгдэл гэсэн ойлголт хэзээ ч гарахгүй. Нэг нь засаг барихад нөгөө нь сөрөг хүчин байж таарна. Сөрөг хүчин байхдаа нөгөөхөө шүүмжлэх ёстой. Элдэв буруу зүйл хийвэл тэр дор нь засуулах арга хэмжээ авах учиртай. Гэтэл намууд нь үйл ажиллагаа, бодлогоороо ялгарахааргүй болсон ийм цагт нам гэж талцахаасаа илүү эдийн засгийн сонирхол нь давамгайлдчихаад байна л даа.

-Улс төрийн нам дамжсан бүлэглэлийн сонирхол уул уурхай дээр их тод байна уу?

-Ганц уул уурхай ч биш бүх салбарт байна.

-Гэхдээ их мөнгө эргэлддэг гэдэг утгаар нь уул уурхай дээр хүчтэй анзаарагдаж байгаа биз дээ?

-Ер нь их мөнгөтэй салбаруудад маш тод анзаарагддаг. Бас нэг асуудал бий. Манай улсын мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс төлөвшөөгүй байна. Социализмын үед бүгдээрээ ядуу байсан. Гэтэл гэнэтхэн ямар нэг арга, овсгоо самбаагаар хөлжсөн учраас хөрөнгөтний үзэл байдаггүй. Идэж уух хүсэл нь хязгаарлагдаагүй. Харин олон зуун жил капитализм хөгжсөн Англи гэх мэт улсад огт өөр. Өв уламжлаад баян амьдарч буй хүмүүс хоёрын хооронд юман дээр эсрэг намынхаа хүнтэй нийлээд явна гэсэн ойлголт байдаггүй. Манай хөрөнгөтнүүд бол шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг байна. Тэр онцлог нь нийлж нэгдэж идэж уухад нь нөлөө үзүүлээд байна л даа.

-Таныг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад уул уурхайн оргил үе таарсан. Уул уурхайн салбарын тэр тэсрэлт яагаад цааш үргэлжлэх боломжгүй болчихов оо?

-Хоёр үндсэн шалтгаантай. Эхнийх нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасантай холбоотой. Хоёр дахь нөлөө нь төр засгийн тогтворгүй байдал. Засгаас явуулж байгаа бодлого нь компаниудыг гацаасан үр дагавар авчирсаар өнөөдрийг хүрсэн. Ийм шалтгаанаар Монголд хөрөнгө оруулах хэцүү гэдгийг гадныхан маш сайн ойлгосон. Дотоодынхон ч халширч байна. Бизнес хийдэг найз нөхөдтэйгээ уулзахаар бүгд л толгой сэгсрэх болсон. Надтай адилхан бизнес хийхээс халширдаг болсон нь олширчээ.

-Уул уурхай ид хөгжиж байхад “Рио тинто” шиг том компаниуд Монголыг зориод ирж байсан байх аа?

-Тэгсэн. BHP Billiton байна. Чилийн төмөр, нүүрсний олборлолтоороо дэлхийн номер нэг шахуу компани сонирхож ирсэн. Олон лицензтэй гээд их ад үзэгдсэн дээ. Баруун Монголоор нэлээд хайгуул хийж их ч мөнгө зарсан. Тэгээд гараад явчихсан. “Пийбоди” байлаа. Ад үзсээр байгаад гаргасан. Фрийдландын “Айванхоу майнз”, Хан ресурс байсан. Гэхдээ тэд багахан компаниуд. Дэлхийд томоохон орд олж илрүүлэх ажлыг голдуу эдэн шиг жуниор компаниуд хийдэг л дээ. Олдсоных нь дараа томчууд нь худалдаад ч юм уу, түрээслээд авчихдаг зарчим ажиглагддаг. Дэлхийн том компаниудын хувьд манайх шиг хууль нь тогтворгүй улсад ажиллах хэцүү байсан байх. Дээр нь эх орончид гэж өөрсдийгөө нэрлээд үймүүлдэг улс ч нөлөөлсөн. Монголоосоо холдож үзээгүй, дэлхий ертөнцийг таньж мэдээгүй улстай харилцахад хэцүү л дээ.

-Компаниудыг шантаачлаад мөнгө аваад сурчихсан хэсэг бүлэг хүмүүс уул уурхайн төслүүдийг урагшлуулахгүй гацаахад том үүрэгтэй ажиллаад байх шиг анзаарагдах юм. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Тийм тал анзаарагддаг. Гэхдээ иргэний хөдөлгөөнийхнөөс гадна улстөрчид гэж хэцүү улс байна. Мэдээлэл багатай ард түмнийг ашиглаж, нэр хүндээ өсгөх гэж мэдсээр байж буруу юм ярьдаг хүмүүс шүү дээ.

-Өөрсдөө уул уурхайтай гишүүд Оюу толгойг шүүмжилдэг, гэсэн хэр нь тэр хүмүүсийн нэр дээр байдаг уул уурхайн компанийг шүүмжлэх хүн байдаггүй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Шууд хариулахад төвөгтэй асуулт байна. Гэхдээ нэг зүйл их тод ажиглагддаг. Манай хойд, урд хөрш гурав дахь орныг Монголд ирж үйл ажиллагаа явуулахад нь дуртай биш ханддаг тал анзаарагддаг. Бодит жишээ нь ураны салбар байна. Францын “Арева” гэж том компани ороод ирэнгүүт хойд, урд хөрш шууд эсэргүүцсэн бодлого явуулах жишээний. Хэвлэл мэдээллээр хэн нэг эрх мэдэлтэн нь яриад байхгүй ч манай улстөрчдийг түлхэж яриулаад байдаг. Заримыг нь бүр гайхдаг. Дорноговьд худаг хордсоноос болж мал янз бүр боллоо гэсэн мэдээлэл тарсан даа. Хэн тэр худаг руу хор хийв гэдгийг мөрдөх хэрэгтэй байсан. Хажууханд нь байгаа худаг зүгээр байхад яагаад заавал тэр худаг хортой бодистой гардаг билээ гэдэг өнцгөөс асуудалд хандах ёстой байсан. Худагнаас илэрсэн селен хажууханд нь хайгуул хийж буй “Арева”-д ямар ч хамаагүй байсан нь үнэн. Тэд тийм юм ашигладаггүй байсан. Селенийг хэн хаанаас яаж авчраад тэр худагт хийсэн юм бол гэдэг том асуулт шүү. Малчдын хувьд тугал мал нь үхэж хорогдохоор бухимдаж таарна. Уг нь шар нунтаг хийгээд гаргах нь тийм айхавтар зүйл биш. Аюултай, бараг л цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна шахуу зүйл ярьсаар гацаачихлаа л даа. “Арева” ийм шалтгаанаар бизнесээ царцаагаад байна.

-“Хан ресурс”-ийн асуудлыг харахад уран дээр хоёр хөршийн том сонирхол байгаа нь анзаарагддаг шүү?

-Улайм цайм булааж оросуудад өгөх гэсэн бодлогыг төр засгаас явуулсан. Түүнээс болж Монгол Улс ямар их өрөнд орсон билээ. Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж төлсөн. Хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээ гэж бий. Тэр хэм хэмжээг хамаагүй зөрчөөд байж болдоггүй. Тод жишээ нь “Хан ресурс”.

-Оюу толгойн гэрээн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Өөрчилж янзалмаар юм анзаарагддаг. Нөөц ашигласны төлбөр гэхэд “Эрдэнэт”-ээс багыг төлдөг. Манайхны буруу бодлого, буруу менежменттэй л холбоотой. Анх 100 хувь гадны хөрөнгө оруулалттай байхад манайхан 51 хувийг нь авна гээд дайрчихсан. 51 хувиа алдахгүйн тулд буулт хийсээр байгаад 34 хувийг зөвшөөрсөн. Ингээд Монголын Засгийн газартай хамтарсан компани болсон. 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг гаргаж чадахгүй байсан учраас нөгөө талаасаа зээлсэн. Тогтвортой байдлын гэрээ хийсэн шалтгаан нь энэ шүү дээ. Эхнээсээ хувь эзэмшихгүйгээр татвараа өндөр тавьчих байсан юм. Борлуулалтын орлогоос нь 20 хувийн татвар авахад л маш их мөнгө. Зүгээр хүнээс мөнгө авчих юман дээр өөрсдийгөө аваачаад барьцаанд хийчихсэн. Энэ мэт асуудал Оюу толгойн гэрээнд бий. Засч залруулж болох асуудал. Түүнээс биш хөөж явуулах бодлого явуулж огт болохгүй. Монголын Засгийн газар 34 хувийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан асуудал дээр надад нэг хар байдаг. Надад хардах эрх байгаа шүү дээ. Оюу толгойд тодорхой хэмжээний юм шахахын тулд төрийн мэдлийн хувь байх ёстой гэж харсан байх.

-Оюу толгойг шалгах ажлын хэсэг УИХ-д ажиллаж байна. Оюу толгойг улстөржүүлдэг хэсэг бүлэг улстөрч бий. Ийм шалтгаанаар “Рио Тинто” арга нь барагдаад Монголоос гарахдаа тулбал яах вэ?

-Гадны хөрөнгө оруулалт бараг алга болно. Урд хөршийн хөрөнгө оруулалт л нэлээд өргөжих байх. Урд хөршийнхөн баргийн эсэргүүцэл, баргийн хэл амыг тоохгүй. Бид байнга л урд хөршөө доромжилж байдаг. Тэглээ гээд эсэргүүцдэггүй. Том гүрний том бодлого. Тэд зугуухан наашлахаа л бодно.

-Монголчуудад дэлхийн хэмжээний уул уурхайн үйлчилгээ үзүүлэх чадварыг суулгаж байгаа нь“Рио тинто”, “Оюу толгой”-н нэг өгөөж нь гэж ярьдаг. Наад захын ашиг нь монголчууд дэлхийн хаана ч очоод өрөмдлөг хийгээд эхэллээ. Хэрвээ та бид хоёрын төсөөлж ярьсан шиг хятадууд давамгайлбал ингэж найдахад хэцүү болох байх?

-Хятадын тухайд юун стандарт. Саяхнаас л Си Жинпинь Байгаль орчныхоо сайд дарга нарыг чангалж эхэллээ. Бидэнтэй адилхан явж ирсэн замналтай улс олон улсын стандартыг тийм амархан Монголд нэвтрүүлэхгүй. Морио илжгээр сольж байгаатай ялгаагүй.

-Таван толгой дээр Засгийн газар IPO хийх хувилбар гаргачихаад байна. Таны хувьд Таван толгойг хөдөлгөхийн тулд яах ёстой гэж харж байна вэ?

-Нэг бол гадны хөрөнгө оруулалт оруулж ирж хөрөнгө босгох, эсвэл хувьцаагаа арилжаалж мөнгөтэй болох гэсэн хоёр арга бий. Монголчуудад тийм мөнгө байхгүй. Таван толгойн хувьд нэг нэгэндээ дэгээ саад хийсээр яваад дараагийн сонгууль хүргэх болов уу гэж бодож байна.

-“Дисковер Монголиа”-гаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хэмжчихэж болохоор санагддаг. Эхлээд гадныхан ямар их оролцдог байлаа. Одоо бүр байхгүй шахуу болчихсон. Гол шалтгаанууд нь юу байв?

-Их мундаг болдог байсан. Одоо хүнгүй шахуу болсон гэдэг нь үнэн. Төр засгаас удаа дараа айхавтар цохилтууд хийсэн л дээ. Хамгийн эхний айхавтар цохилт бол 68 хувийн татвар.

-“Фортуна” Батбаярын санаачилсан хууль байх аа?

-Тийм. Энэ хууль нам цохихоор нөлөө үзүүлсэн шүү.

-Дараагийнх нь ямар хууль вэ?

-Урт нэртэй хууль. Гадныханд үзүүлсэн нөлөө нь харьцангуй бага байсан. Монголынхоо хэдэн уурхайг байхгүй болгосон. Тэр хууль гараагүй бол тухайн цагийн хэдэн алтны уурхай өдийд том компани болчихсон байх байлаа.

-Ер нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ийм шийдвэрүүдийг санаачилсан хүнтэй нь хамт ярьж баймаар санагддаг юм. Урт нэртэй хуулийг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга байх аа?

-Голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Урт нэртэй хууль гарсан нь буруу биш. Тийм хууль байж болно. Гол нь усны эх ой модоо хамгаалах ёстой. Гэхдээ судалгаа тооцоотой хандах ёстой байсан. Өмнө нь төрөөс ном дүрмээр нь лицензээ аваад хөрөнгө оруулалтаа гаргаж техник авч уурхайгаа ажиллуулсан хүмүүст гэнэтийн цохилт өгч болохгүй байсан. Тийм хүмүүст хуулийнх нь дагуу хяналт тавьж ажиллуудаад шинээр лиценз олгох тал дээр хатуу шаардлага тавих ёстой байсан санагддаг юм. Тэгэлгүйгээр социалист аргаар хандсан л даа. Үр дүнд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд нинжа болсон. Хаана алт байгааг мэддэг болохоор хулгайгаар ухаж эхэлсэн. Хулгайгаар олборлосон болохоор хулгайгаар зарж таарна. Хамаг алт гадагшаа гарсан нь ийм шалтгаантай.

-Гурав дахь цохилт нь стратегийн ач холбогдолтой салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль уу?

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр үргээсэн шийдвэр болсон.

-Хэн санаачиллаа?

-Г.Занданшатар тэргүүтэй улс санаачилсан. Дараагийн том цохилт нь эх орончдын “гавьяа”.

-Иргэний хөдөлгөөнийх-ний арга улам нарийслаа, нутгийн иргэдтэй хамтраад уул уурхайн төслүүдийг гацааж байна гэх юм?

-Нүдэн дээр ил байна шүү дээ. Сүүлд гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степп голд” гээд компанийг нутгийн иргэдтэй хамтарч эсэргүүцээд ажлыг нь явуулахгүй байна. Ойр тойрных нь малчдыг хөлслөөд байх шиг. Түүнээс биш тухайн компанийн ажлаа эхэлж байгааг энд байгаа иргэний хөдөлгөөнийхөн цаг алдалгүй мэдэх боломжгүй. Хөдөөний малчид малаа хариулахгүй яагаад уулын орой дээр дуран бариад суугаад байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Цалинтай харуулын үүрэг гүйцэтгээд байна гэж хардах үндэслэл бий.

-Одоо тэгээд төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр юм хийж байна уу?

-Өнөөдрийн хувьд салбарын яам, төр засгийнхан “Манайд хөрөнгө оруулаач” гээд яваад байна л даа. Гэхдээ өнөөдөр тэдэнд итгэх хүн байхгүй. Нэгдүгээрт бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орлоо. Дараагийн сонгуулиар үлдэх магадлал нь маш бага. Тэгэхээр итгэх хүн гарахгүй байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Медалиа даахгүй бөхийсөн үр хүүхдүүд минь

Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн спортын цагаар гадаадад болсон олимпийн таеквондогийн цуврал тэмцээнээс монгол хүүхдүүд медалийг үй олноор нь авчирч байгаа тухай гарч байна аа. Бөөн бөөнөөрөө очсон тэмцээнээс 50 гаруй медальтай ирсэн хүүхдүүдийг энэ мэдээгээр магтан шагшив. Улсын данстай ганц телевиз нь Буян-Ухаа онгоцны буудал руу гүйж очоод л тэднийг угтаж авах нь сүртэй гэж.

Ер нь сүүлийн үед монголчууд яасан ч их медаль авдаг болоов дээ. Спортын төдийгүй урлагийн үзүүлбэрээр энд тэндээс баахан медальтай ирсэн тухай алхам тутамдаа та бид сонсч, харж байна. Тийм ч төгөлдөр хуур, хийл хөгжмийн тэмцээний тэргүүн байрын шагналтан төрлөө. Ийм ч дуу дуулаач, балет бүжгийн шилдгээр тодорлоо гэх юм. Эсвэл ой тогтоолтын шинэ рекордын эзэд, сарабон сампингийн төрлийн сайчуул гэж ирээд л хэдэн давхар медаль зүүсэн хүүхэд багачуудын тухай телевиз болгоноор гаргаж, сошиалын лайк цуглуулагчид шэйрлэцгээдэг болов. Цаашилбал, самбо, жудо, таеквондо, жизицу, каратэгийн гээд спортын тэмцээний төрөл болгонд хүүхэд залуус алгасалгүй оролцож, аваргаллаа гэж шуугих юм. Самбо бөх гэхэд л дотроо барилдааны, байлдааны гэсэн төрөлтэй. Энэ төрөл бүрт нь Монголын хүүхдүүд 20, 30-аараа очиж оролцоод л медаль авч байгаа харагдана. Тэдэн дээр нэмээд ахмадууд маань хүртэл овойж оцойтол нь медаль авчирдаг боллоо. Монголоос өөр оронд чадалтай, тэнхээтэй хөгшчүүд байхгүй юм шиг л гайхуулна. Өсвөр үе, оюутан залуус, ахмадууд гээд нас насныхаа ангиллаар зүүсэн медалиудаа шаржигнуулсаар онгоц онгоцоороо л ирцгээдэг. Ийм ч юмны дэлхийн аварга, тийм юмны олимпийн тэмцээний аварга гээд л медалиудаа даахгүй, бөхийчихсөн буух юм байна шүү дээ. Тэр дунд нь төрийнхөө далбааг буруу харуулаад нөмөрчихсөн долоо, наймхан настай хүүхэд “Алтан медаль авсан” гэж баярлан уйлаад л. Энэ бүх жүжиглэлт үнэхээр хэрээс хэтэрлээ. Тэр тэмцээн уралдаанд оролцохгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд хүрчихсэн жижиг орон уу, манайх. Бидний тусгаар тогтнол ийм хэврэг болчихсон юм уу. Олимпод юм уу олон улсын ямар нэгэн тэмцээн уралдаанд заавал оролцож, дэлхийд Монгол гэж орон байдгийг сануулж байх хэмжээний өчүүхэн орон уу, ямар. Харин спортын тайлбарлагч, фанатууд нь болохоор “Олон улсын уралдаан тэмцээнээс медаль авах нь чухал биш. Оролцох нь гол юм” гэж хэлэх их дуртай. Уг нь энэ үгийг дөнгөж саяхан дайн хийсэн болж тусгаар тогтнолоо олж авсан Хорватын ерөнхийлөгч л бодож яваа байх. Монгол бол мянга, мянган жилийн түүхтэй. Дэлхийн түүхэнд баларшгүйгээр Монгол гэж тамгалсан улс.

Таван тивд болж буй уралдаан тэмцээнд урлаг, спортынхныг оролцохыг нь эсэргүүцэж, хориглох гэсэнгүй. Тэдний бяр хүч, оюун ухаан, авьяас билгээ сорьж байгаа тэмцээн, наадам бүхэн бол зөвхөн хувь хүний л сонголт. Бас хобби. Гэтэл түүнийг нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүрч аваад л дөвийлгөж магтах нь хэрээс хэтэрлээ гээд байгаа юм. Дорж нь байна уу, Дулмаа нь ч байна уу хүссэн уралдаан тэмцээндээ оролцоод яваг л дээ. Энэ нь түүний хувийн амжилт, ажил, амьдрал нь юм байгаа биз. Гэтэл “Ингэж ч Монгол Улсынхаа гавьяаг гаргалаа. Машин, байр өгсөнгүй. Мэдсэн бол бөх болдог байж” гээд л Н.Батсуурь аваргатай барьцалдаж цахимаар баахан давалгаалахыг яалтай билээ. Бас гадаадаас ирэх медальтнуудаа угтахдаа зориуд зурагт телевиз бэлдээд оччихсон, нөгөө л ярьдгаа ярьж, гомдоллоод л. Тэдний нэр хүнд дээр Монгол Улс оршин тогтнож, эх орныхоо өмнөөс гавьяа байгуулж буй мэт сүйд болон хөөрцөглөцгөөх юм даа. Дээрээс нь онгоцны буудлаас тамирчдыг угтах ёслол гэж элэг эмтэрмээр арга хэмжээ манайд л байна. Том аянгад хийсэн сүү цагааг тэр олон хүнд тойруулан амсуулдаг. Сэжиг, цээр гэж байдаггүй юм уу. Энэ бүдүүлэг үйлдлээс чинь болж ханиад томуу, хоолойн өвчнөөс эхлээд сүрьеэ, элэгний вирус халдварлах аюултай. Одоо ийм хийрхэл, жүжиглэлтээ болих хэрэгтэй.

Монгол Улсын нэр хүндийг спортоор дэлхийд гаргая гэвэл хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн багийн спортыг л сайн дэмжиж, хөгжүүлмээр байгаа юм. Үнэхээр энэ гурван төрлөөр монголчууд медальтай ирж чаддаг юм бол мандуулж байя. Бусад спорт нь хувь хүний цэвэр амбиц. Монголын тамирчин олимпоос алт авснаараа ард түмнийхээ амьдралд нэмэр болдог бол болохоор л олон жилийг бид үдлээ, харлаа. Гэвч олимпийн аварга болчихоод Их хурлын гишүүн болно гэдгээс өөр ямар ч дэвшлийг мэдэрсэнгүй.

Та бүхний магтан шагшаад, хуйлран туйлширдаг урлаг, спортын энэ олон төрлөөр хоолоо олно гэвэл тун бүрхэг ирээдүй угтаж буйг мэдэж байгаа юу. Хэдийгээр олон улсын зэрэглэлтэй уралдаан тэмцээнүүдэд хүүхэд, залуус маань оролцож, медалиа даахгүй ирдэг ч Монголд зах зээл байхгүй. Самбо, жудо, чөлөөт бөх, таеквондо, каратэгийн гэх зэрэг спортын ганцаарчилсан төрлөөр хичээллээд, хийл, төгөлдөр хуур, балет, дуу дуулаач гээд урлагаар явсан хүн болгон Монголд сайхан амьдарна гэвэл эргэлзээтэй. Жудогийн төрөлд эрэгтэйчүүдээс Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс Д.Сумъяа хоёроос өөр зах зээл байхгүй. Ийм байхад тэр мянга мянган жудочид, самбочид, таеквондочид яаж амьдрах гэж байгаа юм бэ. Тэгээд ч жудо бол 30 нас хүрээд л хүссэн хүсээгүй ахидаггүй спортын төрөл. Балет, дуу, хөгжим ч ялгаагүй. Сонгодог бүжгээр 35 нас хүртлээ яваад л тайзнаа буудаг. Залуу нас, гоо үзэсгэлэнг илтгэсэн мэргэжил. Тиймээс одоохондоо Монголд балетаар Д.Алтанхуяг, дуурийн дуулаачаар Г.Ариунбаатар, төгөлдөр хуураар Н.Жанцанноров нарын луугарууд салбар салбарынхаа зах зээлийг тодорхойлж байгаа. Тэмцээн уралдаануудаас хэдэн арван медаль авчирсан тамирчид, тоо бодогчид, гоц авьяастнууд гээд бүгдийг нь манай улс байртай, машинтай болгож чадахгүй.

Үнэнийг хэлэхэд, энэ бүх хийрхэл хүүхэд залуусыг бага балчраас нь нэр төрийн хойноос хөөцөлдүүлсэн, медаль цуглуулах донтой, хөнгөн хийсвэр сэтгэлгээтэй болгоод хөдөлмөрөөс хөндийрүүлээд байна. “Нохойндоо эхлээд титэм өмсгөчихсөн бол дараа нь хүзүүвч зүүлгэх гэж зовно доо” гэсэн үг бий. Зах зээл байхгүй нийгэмд хөдөлмөрлөхгүй л юм бол яаж амьдрах вэ. Иймд үр тариа ургуулж, малаа өсгөн үржүүлж, ноос, ноолуураар хувцас хунар нэхэж, мах, ногоогоор хоол хийх зэрэг ажилд хүүхдүүдээ багаас нь сургая. Бидэнд байгаа зах зээл нь энэ. За тэгээд, дэлхий дахинд гарсан брэндийн үйлдвэрлэгч болоход суралцаж, хөдөлмөрлөж чадвал ирээдүйн амьдрал нь илүү баталгаатай болно. “Hand made” буюу гар хийцийн тансаг зэрэглэлийн гутал, хувцас өндөр үнэд хүрч буй энэ цаг үед ажил хэрэгч ботинк урлах нарийн технологийг сурчихад л алзахгүй. Газрын доорх баялгаа түшиж амьдардаг манай улсад уул уурхайн машинистууд бүр ч эрэлттэй байдаг. Энэ мэт хүний хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй ажил мэргэжлээс гадна бусдыг энэрэн хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг олон сайхан мэргэжлүүд бий. Хүний хүүхдэд эрдэм ном зааж, зөв ёс суртахуунаар хүмүүжүүлдэг багшийн мэргэжил хамгаас сайхан нь. Ард түмнийхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаа нар үргэлжийн бэлэн байдалд зогсоцгоодог шонхорууд. Эх орныхоо хил хязгаар, аюулгүй байдлыг эгнэгт хамгаалдаг баатарлаг цэргүүд бас байна. Энэ мэтчилэн хүн байхын жаргал, хөдөлмөрийн амт шим, хүмүүжил төлөвшлийг мэдрүүлсэн зөв үлгэр дуурайлал, амьдрах ухааныг үр хойчдоо сурталчилдаг байя.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Улс төрийн намуудыг үнэлэх шалгалт болох гэж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Улс төрийн намуудыг үнэлэх
шалгалт болох гэж байна” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Эрүүл мэндийн сайд
асан, доктор Н.Удвал: Хэн дуртай нь
газар шороо ухаж, гол
ус ширгээж байгаад
ямар ч хяналт алга хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монголын Ноос, ноолуурын
холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу: Малчид чанартай
түүхий эд нийлүүлбэл үйлдвэрүүд өндөр
үнээр авах чадвартай болсон хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” нүүрт Уурхайн аварга машинаар 2,5 сая
километр зам туулсан Ш.Энхболдынх хэмээн өгүүлсэн байна.

Хүн хулгайлах хамтарсан операциа
нуухаар шийдэв үү хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Ц.Чимэддагва: Камержуулсан
газар хулгай гарах нь
багасч байна хэмээн “Цаг үе” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин-ы “Баримт үйл явдал’ нүүрт М.Алтан-Од: Дээврээс үсрэх гэж
байсан залуу гэнэт “Тэр бүсгүйтэй
ярилцъя” гээд над руу заасан хэмээн ярьжээ.

Б.Гангаамаа:
“K2” оргилд гарч
зорилгоо биелүүллээ хэмээн Спорт нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Хүмүүс” нүүрт Д.Ухаанзаяа: Сэтгэлийн сав маань цэвэр ариун
байх юм бол буян хишиг аяндаа тогтоно хэмээн ярьсан байна.

Ж.Дөлгөөн: Энэ жилээс эрүүл
мэндийн хичээл хөтөлбөрт орсон хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

Даншиг наадамд Р.Пүрэвдагва дөрөв дэх
удаагаа түрүүлж дархан аварга болов хэмээн “Үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ