Categories
мэдээ спорт

Жүдочид хүрэл медалийн төлөө барилдана

Өнөөдөр өрсөлдсөн монгол жүдочдоос ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ийн жинд , Г.Ганцэцэг 52 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдахаар болов.Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг мөн хүрлийн төлөө хүч үзнэ.

Харин эрчүүд медалийн шатанд шалгарч чадсангүй. ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Универсиад наадмын аварга Б.Эрхэмбаяр нар өрсөлдөгч бөхчүүддээ ялагдаж, дагах барилдаанд мөн ялагдсанаар тэмцээнээ дуусгав.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн хүү хоёр хувиар буурчээ

Манайд зээлийн хүү олон улсынхаас харьцангуй өндөр. Хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийг хүү буурна гэх мэдээллийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл өнгөрсөн сараас зээлийн хүү хоёр хувиар буурсан байна.

Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурсан гэсэн үг. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар хадгаламжийн дундаж хүү 11.2 хувь болсон байна. Банкны салбарт өнгөрсөн сарын байдлаар 330 тэрбум төгрөгийн, 87 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын хадгаламж байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгж тав, зургадугаар сард мөнгөө их хадгалуулж байсан бол долдугаар сард буурчээ. Энэ нь хадгаламжийн хүү буурсантай холбоотой гэж Төв банк үзэж байна.

Дашрамд, өнгөрсөн сард шинээр татсан хадгаламжийн дундаж хүү 10.7, нийт хадгаламжийнх 12.3 хувь байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар аймагт нөхөн сонгууль явуулна

Орон нутгийн ИТХ-д орон гарсан тохиолдолд нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гаригт, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт зохион байгуулдаг. Үүний дагуу ирэх аравдугаар сарын 7-нд хэд хэдэн газар нөхөн болон дахин сонгууль явагдах юм. Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багт нөхөн сонгууль явагдах юм байна. Тус сонгуульд АН-аас аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, МАН-аас С.Цэрэндондов нар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Харин МАХН-аас нэр дэвшсэн Ц.Тод-Эрдэнийг сонгуулийн тухай хуулийн хоёр үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, аялалд жуулчлалын яамны удирдах албан тушаалтнуудыг шалгаж байна

Хуш модны самар экспортлох тусгай зөвшөөрлийг олгохдоо авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Байгаль орчин, аялалд жуулчлалын яамны удирдах албан тушаалтнуудыг шалгаж байна. Уг хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ.

“Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг өгөхдөө тус яамны албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцна

Энэ онд ипотекийн зээлийг улсын төсвөөс болон Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Ингэснээр зээлдэгчдийн тоо 2017 оныхоос мянгаар буурч 5000 орчим хүн хамрагдах төлөвтэйг холбогдох албаныхан хэлж буй.

Тэгвэл өнгөрсөн сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад Төв банкнаас хуваарилжээ. Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 2050 орчим иргэн хамрагдаад байгаа нь энэ аж.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Үндсэндээ Засгийн газар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг шийдэх боломжтой болно. Энэ хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан талаар Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байгаа юм.

Дашрамд, энэ оны долоодугаар сарын байдлаар ипотекийн нийт зээлдэгчдийн тоо 93 мянга гаруй болж, зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

“Шунхлай” компанийг шүүхэд өгчээ

ШӨХТГ-аас “Шунхлай”, “Тэс Петролиум”, “Ойн бирж” ХХК, “Жэй-Эм ойл” зэрэг компанийг шүүхэд өгчээ. Тодруулбал, дээрх нэр бүхий шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ШӨХТГ-аас тавьсан мөнгөн торгуулийг төлөхөөс зайлсхийсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж нийт 10 аж ахуйн нэгжид 55 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Гэвч тэдний тав нь л зөрчлөө арилгаж, торгуулиа төлсөн байна. Харин үлдсэн аж ахуйн нэгж болох “Шунхлай”, “Тэс Петролиум”, “Ойн бирж” ХХК, “Жэй-Эм ойл” зэрэг нь мөнгөн торгуулиа төлөхөөс татгалзсан аж. Иймд ШӨХТГ-аас дээрх аж ахуйн нэгжүүдийг торгуулиа төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голыг морьтой гаталж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна

Энэ сарын 28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж байгаад осолдож, морь нь голын эрэг дээр гарч, өөрөө сураггүй болсон иргэний тухай дуудлагыг тус өдрийн 10:17 цагт Төв аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ. Алга болсон иргэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т) тус сумын харъяат, иргэн М (51 настай, эрэгтэй) байсан аж.

Дээрх дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газраас Байдлаг багийн “Хан Хэнтийн амралт”-ын газар хүртэл нийт 15 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ. Өнөөдөр (VIII/29) өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна

Categories
гадаад мэдээ

Хулгайд алдагдсан Буддагийн шуумлыг эргүүлэн залжээ

Одоогоос 57 жилийн өмнө хулгайд алдсан Буддагийн шуумлыг Их Британийн цагдаа нар Энэтхэгийн талд хүлээлгэн өгчээ.

Мөнгөөр бүрсэн энэхүү хүрэл баримлыг 1961 онд Энэтхэгийн Наландагийн археологийн музейгээс үл таних этгээдүүд хулгайлсан бөгөөд XII зууны үеийн уг бүтээлийг дуудлагаар худалдахаар завдаж байсныг цагдаа нар илрүүлсэн аж. Тухайн үед уг хүрэл барималтай хамт нийт 14 баримал хулгайд алдагдсан юм байна. Их Британийн Цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар уг баримлын одоогийн эзэмшигч, борлуулагч нь энэхүү урлагийн бүтээлийн түүхийг мэддэггүй бөгөөд Энэтхэг рүү буцаахыг зөвшөөрсөн ажээ.

᠎57 жилийн өмнө хулгайлагдсан Буддаг эргүүлэн залжээ

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавилаа

Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сураш Бабуг хүлээн авч уулзав.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэр дундаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Газрын тосны Боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гэрээ хэлэлцээрийг ажил хэрэг болж, бодит биелэлээ олоход онцгой үүрэг гүйцэтгэснийг хэллээ.

Монгол Улсад эх орноо төлөөлөн сууж байсны хувьд цаашид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж дуусгахад аль болох дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд босгосон газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавив.

Монгол, Энэтхэгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг Элчин сайд Сураш Бабу тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчлах байх гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам тэлнэ гэж итгэж байна. Хил хамгаалах, Онцгой байдал, Батлан хамгаалах, чиглэлээр явуулж байгаа бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж бодож байгаа учир сэтгэл дүүрэн нутаг буцаж байна хэмээн ноён Сураш Бабу хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэмтэд Монголд Зүүн Азийн чиг хандлагыг хэлэлцлээ

“XXI зууны Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын аравдугаар хурал болж өнгөрлөө. Энэ үеэр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулгаас тодруулга авлаа.

-Осакагийн Эдийн засаг, хууль зүйн их сургууль, Бээжингийн их сургуулийн Ази судлалын төвтэйхамтран Зүүн Ази судлалын олон улсын аравдугаар хурлыг Монголд амжилттай зохион байгууллаа. Хурал нь хоёр жилд нэг удаа Зүүн Азийн аль нэг их сургууль дээр болдог. Энэ удаа 19 улсын 29 их сургуулийн дөч гаруй эрдэмтэн оролцсон. Хурлаар улс төр, олон улсын харилцаа, эдийн засаг, худалдаа, соёлгэх зэрэг олон салбарын эрдэмтэд 50 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцсэн юм. Үүнээс гадна Бээжингийн их сургууль, Осакагийн Эдийн засаг, хууль зүйн сургууль, МУИС үндсэн гурван илтгэлийг тавьсан. Хурлаар Зүүн хойд Азийн улс төрийн үйл явц, мөргөлдөөнтэй байгаа бүс нутгууд, хөдөлмөрийн зах зээлийн төлөө шилжин суурьшиж байгаа үндэстнүүд, үндэсний цөөнх, олон улсын хэмжээний эдийн засаг худалдаа зэрэг асуудлуудын эерэг, сөрөг талуудын талаар эрдэмтэдтэйгээ ярилцлаа.

-Зүүн хойд Азийн шинэ чиг хандлага гэж юуг хэлж байгаа вэ?

-Зүүн Азид өвөрмөц байдал бий болж байна. Яагаад гэвэлБНХАУ, ОХУ гэх мэт том гүрнүүдийн бодлого олон хэрэглээний интеграцийг бий болгосон. Мөн улс хоорондоо, бүс нутаг хоорондоо өрсөлдөх болсноор соёл иргэншлийн хувьд ойлголцох шаардлага бий болж байна. Ялангуяа уг процесс Зүүн хойд Азид түлхүү ажиглагддаг. Иймээс дэлхий дахин Зүүн хойд Азид анхаарлаа хандуулж эхэллээ. Харин манай улс ямар байх ёстой вэ гэдгийн уг хурлаар хэлэлцлээ.

-Монгол ямар байх ёстой гэж?

-Зүүн хойд Азийн интеграцийн үед Монгол Улсын хувьд гадаадын улс орнуудын их сургуулиуд болон олон улс судлалтай хамтарч ажиллах боломжуудыг нээх хэрэгтэй. Үүгээр эдийн засгаа чадавхижуулж, өөрийн орны тусгаар тогтнол орон зайн аюулгүй байдлыг хангах зэрэг олон бололцоо нээгдэнэ.

-Манай улс одоо ямар чиг хандлагатай байгаа вэ?

-Монгол Улс үүнтэй холбоотой улс төр, эдийн засаг , олон улсын харилцаа гээд бүх талын эрдэмтэд өмнө нь ямар бодлого явуулав, ямар хамтын ажиллагаа хийв гэх мэт эргэж харах шаардлагатай асуудлуудаар олон хэлэлцүүлэг хийж байна.Үүнд тулгуурлан уг хурлыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд ололттой талуудаа улам бэхжүүлэх, алдаатай зүйлээ засах шаардлагатай гэж үзэж байна. Хүн аз жаргалтай амьдрах, хөгжлийг зөв тодорхойлох, богино хугацаанд амжилт гаргах зэрэг асуудал дээр Зүүн хойд Ази яаж ажиллаж байгааг судлах ёстой. Үүнд Монгол Улс хувь нэмрээ оруулах нь чухал юм. Мөн хэрхэн үр ашиг хүртэх вэ гэдгийг манай эрдэмтэд ярилцаж байна. Ардчилсан нийгэмд орсноос хойш хийсэн бодлогуудыг зангидаж түүнийг нэг чиглэлд оруулж, дараа нь алдаагаа засаж шинэ дэвшилтэт шат руу ахих хэрэгтэй. Энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй учир олон улсад төвлөрч ажиллах шаардлагатай. Олон улсад хийж байгаа худалдааны экспорт, импортын тэнцэрийг ойртуулснаар орон зай аюулгүй байдлаа бэхжүүлэх гээд өөрийн оронд ашигтай алхмуудыг хийх хэрэгтэй байна гэв.

Хуралд уригдан ирсэн Тайваний Бизнесийн удирдлагын сургуулийн захирал М.Массоуд хэлэхдээ “Зүүн Азийн улсуудын эдийн засаг, соёл гээд бүх салбарууд илүү нягт болж байгаа. Америк болон хөгжингүй орнуудын эдийн засгийг хумьж Азийн орнууд нийлээд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэж харж байна.Харин Монгол Улс одоо илүү хөгжих боломжтой үе нь. Хурлаас харахад Монголын эрдэмтэд бусад улсад болох уулзалт, цуглаанд очих нь бага байдаг. Тиймээс эх орноо сурталчлах тал дээр илүү ажлаасай. Монгол гэдэг улс байгаа шүү гэдгийг дэлхийд таниулах хэрэгтэй” гэлээ.

С.ОЮУНЖАРГАЛ