Categories
мэдээ нийгэм

Хэнтийн Биндэрт “Их Хуралдай” орд өргөө цогцолбор барина

Энэ сарын 26-ны өдөр Хэнтийн аймгийн Биндэр суманд Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслол болжээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар болон нутгийн иргэд оролцсон байна.

Энэ жил Хэнтийн аймгийн Биндэр суманд “Хүлэг боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын шав тавих ёслол өнгөрсөн тавдугаар сард болсон бол энэ удаа Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын шавийг тавилаа. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хоёр дахь томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэллээ.

Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборыг бүтээн байгуулахад хоёр тэрбум орчим зарцуулагдах юм байна. Цогцолборын гүйцэтгэгч компаниар “Мөнх өргөө” ХХК ажиллаж, 2019 онд багтаан дуусгах юм байна. Хэнтий аймгийн Биндэр суманд 1206 онд Их Эзэн Чингис хаан “Их Хуралдай”-г зарлаж, Их Монгол улсыг тунхаглаж байсан түүхэн дурсгалт газруудын нэг гэдгээрээ гадаадыг болон дотоодын жуулчдын анхаарлыг татдаг газар юм.

ih huraldai

ih huraldai

Categories
мэдээ нийгэм

Манай улсын иргэд Туркийг зорих нь ихэсчээ

Монгол Улсын иргэд визгүй зорчдог 19 улс бий. Тэдний нэг нь Бүгд найрамдах Турк улс. 2013 оноос хойш монголчууд тус улсад визгүй зорчиж эхэлсэн. Тухайн онд Турк улсад 2471 иргэн амьдарч байна гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ тоо нэмэгдсээр 2016 оны байдлаар 4000 болсон байжээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийнхээ нийгмийн хамгаалал, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Турк улстай яриа хэлэлцээ хийх шаардлага гарсан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах сургалт, дадлага боллоо

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд энэ сарын 20-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн дадлага, сургуульд ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нар оролцсоноороо онцлогтой байв.

Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Онцгой байдлын яамны аврагч, Уулын спортын мастер, сургагч багш Сергей Шереметьев, Буриад улсын Уулын холбооны дэд ерөнхийлөгч Хандажалов Баяр, Киргиз улсын Онцгой байдлын яамны удирдах газрын орлогч дарга, дэд хурандаа Айтымбетов Камчыбек, Киргиз улсын Аврагч бэлтгэх үндэсний төвийн ахлах багш, ахлах дэслэгч Тогтогулов Бакыт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХ мастер, сургагч багш Т.Гүррагчаа нар сургалтад оролцогчдод газар орныг танилцуулах, уулын хувцас хэрэгслийг өмсөх, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч, мөсөн дээр олсонд орох, хөдөлгөөн үйлдэх, мөнх цаст өндөр ууланд багаж хэрэгслийг ашиглах, авиралт, буулт хийх тухай дадлагыг Потаниний мөсөн гол дээр зохион байгуулсан юм.

Түүнчлэн сургалтын үеэр далайн түвшнээс дээш 4056 метрийн өндөртэй “Малчны оргил”-д хоёр удаа авиралт хийхэд нийт 118 хүн оролцож, оргилыг тухай бүр амжилттай эзэллээ.

Хамтарсан сургалт дадлагад ОБЕГ, ОХУ, Киргиз улс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Монголын уулчдын холбоо, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Цэнгэл сумын ЗДТГ-уудаас нийт 98 хүн, 21 нэгж текниктэй оролцов.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газруудад нэг бүр нь 4000 долларын үнэтэй уулын иж бүрэн найман ширхэг хувцас олголоо.

Мөн сургалт дадлагад оролцсон бүрэлдэхүүний дунд “Гар барилдаан, Уулын оргил булаацалдах” тэмцээн зохион байгуулан явуулж эхний гурван байрт шалгарсан тамирчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Сургалтын удирдагч, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаярын зүгээс Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага, сургалт”-ыг өндөр хэмжээнд зохион байгуулсан гэж дүгнэсэн.

Энэхүү дадлага сургууль нь Баруун бүсийн Онцгой байдлын газрууд, Зэвсэгт хүчний уулын баталион, уулчдын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид өндөр ууланд гарсан аюулт үзэгдэл, ослын үед хамтран ажиллах, эрсдэлгүй үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвартай болоход чухал ач холбогдолтой сургалт болсон юм. Сургалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ

УИХ ирэх намрын чуулганаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж олон нийтэд танилцуулсан бөгөөд Засгийн газраас саналыг нь авахаар илгээгээд байжээ. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн иргэдэд ахуйн хэрэглээний тусламж үзүүлэв

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн.

Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос энэхүү үерт өртсөн 30 өрхөд тус бүрт нь 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлсэн юм.

Тэгвэл эдгээр өрхөд хоёр дахь шатны тусламж болох гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос өчигдөр гардуулан өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Нийт хүүхдийн 80 гаруй хувийг цэцэрлэгт хамруулжээ

Хичээлийн шинэ жилийн нээлт болоход гурав хоног үлджээ. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангасан аж. Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ортой есөн цэцэрлэг, 1600 суудалтай гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орох юм. Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ.

Харин ерөнхий боловсролын сургууль улсын хэмжээнд төр болон хувийн 814 сургуульд 597,2 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа нь өмнөх оныхоос найман мянгаар их байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт өмнөх оноос 1.8 дахин нэмэгджээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1,2-1,8 дахин өссөн үзүүлэлт аж.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ багагүй, мөн наймдугаар сар хур тунадас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтыг технологийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Балансаар 450 мян/тн үр тариа, 425 мян/тн буудай, 151 мян/тн төмс, 95 мян/тн хүнсний ногоо, 30 мян/тн тосны ургамал, 86 мян/тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байна. Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол буудай төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно гэв. Ирэх жилийн тариалалтад зориулан 51 мян/тн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөж байна. Харин 330 мян/тн цэвэр хүнсний улаан буудайг хүн амын гурилын хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлэхээр салбар хариуцсан яам төлөвлөжээ

Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд итгэх тариаланчдын итгэлтэй холбоотой гэв. Тариаланчдын олон жил хүсэн хүлээж байсан тариалангийн бүсийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэрийг гаргаж, ойн зурвас татах, хашаажуулах ажлыг улсын төсвөөр шат дараатай санхүүжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг: Улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд ургацын урьдчилсан балансыг танилцуулжээ. Энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1.2-1.8 дахин өссөн үзүүлэлт ажээ. Б.Батзориг сайд “Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхийг уриалав

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Ойрын өдрүүдэд шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсч эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдсэн зам тээврийн ослын дуудлага тасрахгүй байгаа юм.

Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон 102 дугаар сургуулийн багш нар дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эх орчимд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, зорчигчдод замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалсан сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, энэ оны эхний долоон сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж буй нийт хүүхдийн 62 хувь нь 0-9 насны хүүхэд байгаа юм. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнд оролцох үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслээр зорчих үедээ суудлын бүс зүүж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглэхийг уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 7 дугаар сарын эцэст 32.6 мянга болж, 22.5 (69.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (30.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.6 (16.9хувь) мянган хүнээр, өмнөх сараас 3.3 (12.8хувь) мянган хүнээр буурч, 22.5 мянга болсны 12.1 (53.6хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (33.5хувь) мянга нь Улаанбаатарт, 4.6 (20.5хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.8хувь) мянга нь Баруун бүсэд, 4.0 (17.8хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.3 (10.4хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 7 сард ажилгүй 48.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 39.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.3 (5.0хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.5 (27.6хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.6 (10.3хувь) мянган хүнээр буурсан байна.