Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргалаа.
Шүүх хурал өглөөний 10 цагаас эхлэн 15 цаг хүртэл хаалттай явагдсан юм.
Энэ талаар Д.Муратын өмгөөлөгч хэлэхдээ “Хавтас хэрэгт цугларсан баримтын дагуу шүүх шударга шийдвэрлэсэн. Шийдвэр үндэслэлтэй бөгөөд үнэн шударгаар шийдэгдэж цагаатгалаа. Шүүх хэрэг хийгээгүй хүнийг цагаатгах учиртай” гэв.
Харин Д.Бахытгүлийн өмгөөлөгч нотлох баримт хангалттай байхад хангалтгүй гэж үзээд Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгачихлаа хэмээн хэлсэн юм.
Тэгвэл тухайн шийдвэрийн талаар Хохирогч Д.Бахытгүлийн өмгөөлөгч Я.Съездаас тодрууллаа.
-Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна уу?
Шийдвэр нөгөө талд шийдэгдлээ. Энэ бол илэрхий буруу шийдвэр байсан. Тиймээс бид давж заалдах болно. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлсэнгүй.
-Үүнийг та юу гэж үзэж байна?
Ерөнхийлөгч ардчилсан намаас сонгогдсон. Энэ үгээр би юу хэлэх үү гэхээр нам бүлэглэлүүдийн нөлөө байсан байж магадгүй. Учир нь хэрэг илэрхий албан тушаалтны талд шийдвэрлэгдсэн. Шүүх шударга ажиллаж чадсангүй. Бид үнэхээр гомдолтой байна.
-Давж заалдах шүүхэд хэзээ хандах вэ?
Шүүхийн тогтоол гарсны дараа, арван дөрвөн хоногийн дотор багтааж хандана.
– Цагаатгах шийдвэрийг яагаад гаргасан юм бол?
-Баримт нь тогтоогдоогүй, зодсон гэх баримт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл зодсон гэх баримт нотолгоо хангалтгүй гэсэн. Иймээс баримт хангалтгүй гэж үзээд хэргийг цагаатгасан. Гэтэл Улаанбаатарт үзүүлсэн эмэнэлийн амбулиаторын карт, давтан шинжилгээний бичиг, тухайн үед эмч нарын үзсэн гэмтэлтэй байна гэсэн дүгнэлт гээд баримт хангалттай байсан. Үүнийг баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар нөгөө талд шийдлээ. Энэ шударга ёс мөн гэж үү?
-Ёс бус үг, үйлдэл гаргаж, садар самуун зураг илгээсэн тухайд арга хэмжээ авсан уу?
-Үүнийг асуудал чинээ авч үзээгүй. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйл заалтаар шүүх хурал болсон.Ёс бус зургийн талаар яригдаагүй. Ярих боломж ч гарахгүй байх.
– Д.Бахытгүлийн нэр хүндэд халдсан сэтгүүлчдийг шүүхэд өгсөн үү?
Энэ хэрэг шүүхэд шилжиж байгаа. Наймдугаар сарын сүүлээр тодорхой болно гэсэн.
Шүүхийн албан ёсны шийдвэр:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэхь хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа.
Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Д.Мурат, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузаг нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэн хаалттай үргэлжилж байна.
Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1 дэх зүйл заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоодугаар сарын 6-нд шилжүүлсэн билээ.
ХУУЛИЙН ЗААЛТ:
11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Б.ОЮУНЖАРГАЛ