Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлэв

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цайз зах орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа үйлчилгээ эрхлэн, орчныг бохирдуулж оршин суугч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй байдлыг газар дээр нь шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Тус ажлын хэсэгт дүүргийн эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэдэд шаардлага тавьж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван хувьцаат компанийн ханш тогтвортой бай

2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 647,742 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавантолгой” (TTL+5.45%) болон “Монголын Цахилгаан Холбоо” (MCH+4.28%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ноёт Хайрхан” (NIE-12.50%) болон “Гермес Центр” (HRM-1.43%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 281 ширхэг үнэт цаасыг 28.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 19369.82 нэгж болж 1.39 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,372,147,248,938.99 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ соёл-урлаг

“Шанхайн Олон Улсын Балет”-ийн тэмцээнд О.Анужин оролцоно

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнд манай улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин, УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож байна. Уг тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Үүнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран оролцож байна.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байжээ. Тэрбээр улсын баяр наадмаар гавьяат цол хүртсэн билээ.

Олон улсын уг тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь манай улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг билээ. Харин нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили юм.

“Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээний шагналын сан 50,000 ам.доллар гэдгээрээ онцлог бөгөөд есөн шүүгч тэмцээнийг шүүн явуулах юм. Тодруулбал, ерөнхий шүүгчээр Данийн Рояал балет театрын уран сайхны удирдаач Франк.А.Андерсен ажиллах бол бүрэлдэхүүнд нь БНХАУ-ын Үндэсний балетын уран сайхны удирдаач Фенг Инг, БНХАУ-ын Лиаонинг Балетын уран сайхны удирдаач Чу Зи Жиао, ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Андрис Лиепа, Английн Хатан хааны Рояал Балет театрын балет мастер Гари Авис, АНУ-ын Сан Франциско Балет театрын гоцлооч Тан Юанюан, ОХУ-ын Мариинский Театрын прима балерина Улиана Лопаткина, Өмнөд Африкийн олон улсын балетийн тэмцээн зохион байгуулах хорооны захирал, Мзанси Балет компанийн захирал Дирк Баденхорст, БНСУ-ын олон улсын тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Парк Жэй Күн нар багтаж буй.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн худалдаа үйлчилгээний журмыг өөрчлөхдөө иргэдийн саналыг оруулахаар болов


НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулахаар болсон байна. Төсөлдөө худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” зэрэг бусад холбогдох ТББ-уудын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулаад байгаа юм. Уулзалтын дүнд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулж, эндээс гарсан шийдвэр гарч аж. Хуульд нийцсэн саналыг журмын төсөлд тусгаж хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгоод байна. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм.

З.Мөнхсувд

Categories
мэдээ нийгэм

ОХУ-тай хамтран судалгаа хийв

Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.

Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрх хамарчээ.
Тандалт судалгааны явцад 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний эерэг сорьц 156 илэрсэн байна. Нийт эерэг сорьцонд нян судлалын шинжилгээ хийж тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизотын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.

Түүнчлэн холбогдох мэргэжлийн албаныхан 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг аялж зугаалж яваа иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Номт зөрлөгийн төмөр замд осол гарчээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар дайрч өнгөрдөг Номт зөрлөгийн төмөр замд ноцтой осол гарчээ. Тодруулбал Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран осолдож төмөр замыг дамнан унасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч энэ чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөн бүрэн хаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ чиглэлийн төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж, шинэчлэлийн ажлыг нь хийж дуусгах дөхсөн байжээ.

Categories
мэдээ нийгэм

​Авто үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН, байгууллагуудыг бүртгэж байна

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж хууль тогтоомжийн дагуу найм дугаар сарын долооны өдрөөс эхлэн бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл гарчээ.

Эхний өдрийн байдлаар 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны есдүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Олимпын тэмцээнд каратэгийн төрөл нэмэгджээ

2020 онд Токио хотод зохион байгуулах зуны олимпод каратэгийн төрөл нэмэгдсэн талаар хэвлэлийн хурал хийлээ. Монголд шинкиокушинкай каратэгаар дамжуулан хүүхэд, залуучуудад бие бялдар, ёс зүйн хүмүүжил олгох сургалтыг зохиолоо.

Сургалтад Монголын шинкиокушинкай каратэгийн холбооны тэргүүн Б.Гомбогэрэл, Японоос каратэгийн домогт тамирчин Кэнжи Мидори, Яасуказу Кой нар ирсэн байв. Японы тамирчин Кэнжи Мидори “Дэлхийд шинкиокушинкайг хүчний каратэ гэж нэрлэдэг. Бид 2020 оны зуны олимпод энэ төрлийг оруулахаар ажиллаж байна. Тулааны үед хамгаалалт, “бээлий хэрэглэдэггүй, бодит тулааны урлаг” гэсэн юм. Монголын шинкиокушинкай каратэгийн холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж иржээ.
Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодитой холбогдох гэмт хэргийн гаралт 78.4 хувиар ихэсжээ

2018 оны эхний зургаан сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн холбогдож шалгагдсан байна. Үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувь их байгаа аж. Мөн холбогдогч нь 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн гэнэ.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэж, холбогдох хэргийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үндэсний хороо байгуулан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шатны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-наас гишүүн орнууддаа хар тамхи хэрэглэж байгаа иргэд болон борлуулагч, тээвэрлэгч, бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй тэмцлээ улам чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд байсан Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц, орон тоог нэмэгдүүлж, 2018 оны хоёрдугаар сард Цагдаагийн төв байгууллагын харьяа Хар тамхитай тэмцэх газар болгон өргөжүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх тандан судлах, орчин үеийн дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангах, бүтэц орон тоог өргөтгөж, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, хор уршгийг таниулах чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд, 2018 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөр АНУ, Англи улсад үйлдвэрлэсэн TARGET ID, HBI-120, SABRE™5000 зэрэг төхөөрөмж, уян камертай толь, загварын аналитик жин, рентген төхөөрөмж, шээснээс илрүүлэгч тест зэргийг худалдан авч ашиглаж байна. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтэст хар тамхи, мансууруулах болон тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, алба хаагчдыг нь сургалтад хамруулжээ.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ спорт

Олон улсын биеийн тамирын сургалт боллоо

ХБНГУ-ын Лайпциг хотын Их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарт зориулсан курсын төгсөлтийн баяр 2018 оны 7 дугаар сарын 31-нд болов.

Энэ удаад 35 орны 68 хүн, 5 сарын турш үргэлжилсэн курст хамрагдсан ба Монголын ширээний теннисний холбооны менежер, дасгалжуулагч Хасбаатарын Одбаяр оролцож төгсөв. Монгол Улсаас хоёр жилийн өмнө усан спортын дасгалжуулагч нэг эмэгтэй хамрагдаж байжээ.
Тус факультет 1964 оноос жил бүр Олон улсын дасгалжуулагч нарын курсыг зохион байгуулж байгаа бөгөөд 1991 оноос ХБНГУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын гадаад бодлогын хүрээнд Холбооны ГХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулах болжээ. Ази, Африк, Европ, Латин Америкийн 150 гаруй улсын 5000 гаруй оролцогчид хамрагдаад байгаа юм байна.
Цаашид Монгол Улсаас уг сургалтад хамрагдах боломжтой бөгөөд мэдээллийг http://itk.spowi.uni-leipzig.de/en/courses/ веб хуудаснаас үзэх боломжтой юм.