Categories
мэдээ нийгэм

​Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд амжилттай зохион байгуулжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 28 тамирчин оролцож аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байранд Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байранд тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байранд тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ. Харин багийн дүнгээр гуравдугаар байранд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 084-р ангийн баг шалгарчээ. Харин шүхрийн спортын улсын аваргаар Үндэсний аврах бригадын баг тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Ариунзаяа: Энэ судалгааг уншаад уйлмаар санагдсан

Монгол Улсын Статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

-Саяхан таны нэг жиргээг харлаа. “Монгол эмэгтэй өдөрт дунджаар гэрийн ажилд 203 минут зарцуулдаг” гэж онцолжээ. “Хүмүүн төрөлхтний дотроос хүнд ихээр дарлагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд” гэж гучаад оны хүүхнүүд дуулж байсан. Харин орчин үеийн монгол эмэгтэй гэж хэн бэ?

-Бид “Би монгол эмэгтэй”, “Би монгол эрэгтэй” гэсэн статистик гаргасан. Монгол эмэгтэйн дундаж өндөр нь 157 см, дунджаар 76 насалдаг, жин нь дунджаар 59 кг, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Дунджаар 24 насандаа гэрлэж, хоёроос гурван хүүхэд төрүүлдэг. Бидний 580 мянга нь ажилтай. Дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой. 4,9 хувь нь өрх толгойлсон. Эрчүүдийг бодвол сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүс байдаг.

-Таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой гэхээр боломжийнд тооцогдох уу?

-Боловсролын хувьд манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол өндөр байдаг. Энэ нь монгол ахуйтай ч холбоотой. “Миний хүү голомтоо аваад явчихна, охин маань хүний гэрт очиж байгаа юм” гээд аль болох боловсролтой болгох гэж хичээдэг. Ерөнхий боловсролын сургалтад хүйсийн ялгаа нэг их ажиглагддаггүй. Их, дээд сургуулиас эхлээд том ялгаа харагддаг. 2017 оны байдлаар 100 эмэгтэй оюутанд 72 эрэгтэй оюутан ногдож байна. 2004 онд энэ тоо 62 хувь байжээ. Харин өндөр цалинтай ажлын байранд эрчүүд, эрүүл мэнд, боловсрол үйлчилгээний харьцангуй бага цалинтай ажлын байранд эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

-Ийм эмэгтэйчүүд хүчирхийлэлд ч ихээр өртсөн байх юм. Саяхан та бүхэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” гээд судалгаа танилцуулсан, ноцтой сонсогдсон шүү?

-Бараг гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан. Тэдний 13 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд сүүлийн арванхоёр сарын дотор өртсөн гэжээ. Хот суурин газрын эмэгтэйчүүд дотнын хамтрагчийн хүчирхийлэлд ихээр өртөж, энэ үзүүлэлт Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу 62.1 хувь байна. Харин Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн 41 хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн бол Увс аймагт энэ үзүүлэлт хамгийн бага байсан. Судалгаанд хамрагдагсдын 13 хувь гэдгийг хүн амын тоонд тархааж үзвэл сүүлийн арванхоёр сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 110 мянган эмэгтэй байх боломжтой гэж тооцоолсон. Харин ЦЕГ-аас гаргасан гэр бүлийн хүчирхийлэд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 1040. Цагдаад хандсан болгон гэмт хэрэг гэж бүртгэгдэхгүй. Бүртгэгдэж байгаа 1040 нь эцсийн зогсоол гэсэн үг. Амь насаа алдахаас айсан, үнэхээр салъя гэсэн, хүнд бэртэж гэмтсэн тохиолдолд л эмэгтэйчүүд цагдаад ханддаг. Энэ судалгааны онцлог нь аймаг бүрээр дүнг нь гаргасан. Аль аймагт хамгаалах байр барих, хөрөнгө мөнгийг оновчтой хуваарилах, яаж урьдчилан сэргийлэх, хэнтэй ажиллах ёстой гэдэг нь тодорхой болсон. Хүүхдүүдээ бага наснаас нь хүмүүжүүлэх ёстой. Сургуульд сэтгэл зүйч ажиллах учиртай. Энэ судалгааны бас нэг онцлог нь гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг гаргасан. Аймхай цочимтгой, орондоо шээдэг, муу сурдаг гэх мэт нөлөөллүүд хүүхэд дээр харагддаг. Багадаа зодуулж байсан хүн насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. “Эр, эмийн дундуур илжиг бүү жороол” гэсэн үг байдаг. Хэн нэгэнд хандсан боловч хэн ч надад туслаагүй гэж хариулсан эмэгтэйчүүд 50 хувь нь байсан. Хүчирхийлэлд өртсөн хоёр хүний нэг нь ямар ч тусламж дэмжлэг авдаггүй гэсэн үг. Гэтэл АНУ, бусад өндөр хөгжилтэй орнуудад хүчирхийллийг хамгийн их мэдээлдэг хүмүүс нь хөршүүд байдаг.

-Монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой гэж түрүүн ярьсан. Боловсролын түвшин хүчирхийлэл хоёрын хооронд уялдаа байна уу?

-Хүчирхийлэлд өртөгч болон үйлдэгчийн боловсролын түвшинг бас судалж үзсэн. Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын ялгаа байдаггүй юм байна. Хүчирхийлэлд нийгмийн статус нөлөөлдөггүй. Хүчирхийлэгч УИХ-д ч байна, Долоон буудалд ч байна. Энэ судалгааг уншиж байхад хүртэл уйлмаар санагдсан. Манай судлаачид нэг эмэгтэй хэлсэн байна лээ. “Арван жилийн өмнө та нар хаана байсан юм бэ. Арай эртхэн ирсэн бол миний амьдрал өөр байх боломжтой байсан” гэж л дээ. Хүчирхийлэлд өртөж байгаа гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг. Зөвхөн эмэгтэйчүүдтэй төдийгүй эрчүүдтэй хүчирхийллийн талаар ярих нь урьдчилан сэргийлэх, хэвшмэл ойлголтоос салахад тус болдог. Бид зурагтаар ч юмуу, сошиалаар цэцэрлэгийн багш нь хүүхэд алгадаж байгааг харахдаа “Энэ багш хүүхдийг хүчирхийлсэн байна” гэдэг мөртлөө өөрөө гэртээ хүүхдээ суран бүсээр ороолгож байгаагаа хүмүүжүүлж байна гэж ойлгодог. “Би зодуулж өссөн ч муудаагүй” гэх хоцрогдсон ойлголтоос салах цаг иржээ. Хүүхдэдээ цаг гаргах ёстой юм байна. Гэртээ очоод “Би ядарч байна, цаашаа” гэж болохгүй юм байна. Хайрыг мэдрээгүй хүүхэд хайрыг түгээж чадахгүй.

-Сүүлийн үед бас Монгол амиа хорлолтоор дэлхийд гуравдугаарт жагсч гэж яригдах боллоо?

-Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 438 хүн амиа хорложээ. Цагт шилжүүлж үзвэл 20 цаг тутамд нэг хүн хорвоогоос сайн дураараа явж байна. Тэдний 85 хувь нь эрчүүд, 25-35 насныхан дийлэнх хувийг нь эзэлж байна Эрэгтэй хүүхдийн ачаалал даах чадвар охидынхоос сул юм байна. Эр хүн байж уйлж болохгүй, тэсэх ёстой гэдэг. Чи л гэр бүлээ тэжээх ёстой гээд байдаг. Энэ ойлголт орчин цагт нийцэхгүй байна. Бид хөвгүүдээ стрессээ зөв тайлж, бусадтай харьцаж сурахад нь туслах учиртай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 183 улсын мэдээллийг жагсаахад 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр 2015 онд нэгдүгээрт Шри Ланка (34.6), хоёрдугаарт Гайана (30.6), гуравдугаарт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдсэн.

-Таны хэлсэн энэ тоонуудын ард хүн бий. Монголчууд хүнээ мартсан юм байна. Эдийн засгийн хөгжил, Таван толгой, Оюу толгой яриад байдаг, хүндээ хандсан бодлого орхигджээ?

-Ер нь тийм. “Ийгл”-д ярилцлага өгөх үеэр “Гол дүгнэлтээ хэлээч” гэхээр нь би “Эрчүүдээ хайрлая” гэж хэлсэн. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, архичин, тамхичин нь хэн юм бэ? Яагаад эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалт арван жилийн зөрүүтэй байгаа юм. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 бол эрчүүдийнх 65 байна.

-Эмэгтэйчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөр гэж ярьдаг даа. Хүүхэд асрах, гэр цэвэрлэх гэх мэт ажлуудыг Монголын нөхцөлд үнэлэх арга зам бий юу?

-Би бол тодорхой бодлого хэрэгжиж байгаа гэж ойлгодог шүү дээ. Шинэ Засгийн газар 2016 оноос хойш гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд зориулж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сард 50 мянган төгрөг магадгүй бага байх. Гэхдээ оргүйгээс дээр. Хүүхдийн тоогоор ажилласан жил дээр 1,5 жил нэмэгдэж тооцогддог. Тэтгэвэр арай өндөр бодогдох нөхцөл бүрдсэн юм. Би 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарлаа гэж бодъё. Одоохондоо гурван хүүхэдтэй. 20 жил улсад ажилласан ч миний тэтгэвэр 24,5 жил ажилласнаар бодогдоно гэсэн үг.

-Уг нь би статистик мэдээлэл эрж хайгаагүй ч энэ тоонууд намайг олоод ирдэг болсон. Надтай адилхан ургийн овогтой хэдэн хүн байгааг мэдлээ. Би Монгол Улсын хэд дэх иргэн гэдгээ илрүүлсэн. Амьдаа маань хэд байгааг ч тогтоолоо. ҮСХ-ны дарга залуу эмэгтэй болохоор ийм хөгжилтэй ажлууд сэддэг юм болов уу, орчин үеэ дагаад статистик мэдээлэл ингэж хувирч байна уу?

-Аль аль нь нөлөөлдөг байх. Жишээлбэл, хүнд статистикийн зузаан ном өгвөл ойлгох уу, эсвэл зураг дүрстэй инфографик харуулвал хялбар ойлгогдох уу. Зөвхөн www.1212.mn цахим хуудасны хандалтаар жишээ татахад 2016 онд 200 гаруй мянга байсан бол 2018 онд нэг сая хүрлээ. Статистикийг амьдралд ойртуулах, илүү ойлгомжтой сонирхолтой болгох талаар манай хамт олон хоёр жилийн дотор олон ажил хийсэн.

-Та Ази, Америк, Номхон далайн орнуудын статистикийн байгууллагын дарга нарыг даргалдаг болжээ. Тэдэнд яаж үнэлэгдэв?

-Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг 1971 онд байгуулагдсан. Хүн амын тооллого хэрхэн явуулах, шинэ техник технологи, хэрхэн нэвтрүүлэх, хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон улс орны статистикийн байгууллагыг татан оролцуулдаг нийгэмлэг юм. Гуч дахь ерөнхийлөгчөөр нь монгол хүн сонгогдоод ажиллаж байна. Энэ бол зөвхөн А.Ариунзаяагийн гавьяа биш. Статистикийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтнуудын идэвх зүтгэлийн үр дүн. Монгол Улс бусад улс орнууддаа гайгүй үнэлэгддэг юм шүү дээ. Мэдээллийн нээлттэй байдлаараа 180 улс орноос 24 дүгээрт ордог. Залуу хүн учраас олон улсын хурлын үеэр идэвхтэй байдаг. Гуравдугаар сард НҮБ-ын статистикийн хурал болоход, надад салбар хуралдаан удирдах завшаан тохиосон. 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.

-Манай намын үед амьдрал сайжирсан гэж харуулахаар статистикийн мэдээллийг засварлах боломж байдаг уу?

-Тоо худлаа хэлдэггүй. Харин тоог худлаа тайлбарладаг. Тоог буруу ашиглах, улстөржүүлэх тохиолдол их. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог нийт ажилгүй иргэдийн тоо мэтээр тайлбарлах нь бий. Бүртгэлтэй ажилгүй иргэд чинь зөвхөн хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийг л хэлдэг. Түүнийг нь мэдсээр байж ажилгүйдэл буурлаа гэж ярьж таарахгүй. Хаа нэг газар ганцхан тоо засъя гэхэд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг шууд ялгарч харагддаг. Баригдана, харагдана шүү дээ, тэр чинь. Бүх юм хоорондоо холбоотой. Өнөөдөр би тоо заслаа гэхэд маргааш дараагийн хүн “Энэ А.Ариунзаяа тоогоо засч байжээ” гээд гарч ирнэ шүү дээ. Өвөө (П.Жасрай) тооны машиндаа тоонуудаа цохиод “За хүүхээ, энд нэг алдаа гарсан байх шиг байна. Энийг шалгаад ир дээ” гэдэг байсан.

-Дундаж цалингийн мэдээлэл хүмүүсийг бухимдуулдаг. Энэ тоог яаж гаргаж ирээд байгааг тайлбарлаач?

-Цалин сая төгрөг болсон гэнэ. Хэний цалин нэмэгдсэн юм гэдэг. Энэ чинь 725 мянган ажиллагсдын мэдээлэл байхгүй юу. Дотроо олон задардаг. Гар дээр ирж байгаа мөнгийг илэрхийлэхгүй. Татвараас өмнөх дүн байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хоёр сая төгрөг. Худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, ой загас агнуурын салбарт ажиллагсдын цалин 511 мянган төгрөг. Ялгаатай байгаа биз. Төсөвт байгуулагын дундаж цалин 743 мянга гээд зарладаг. Гар дээр чинь 500 мянган төгрөг (бохироор яривал) ирдэг юм байна, төрийн албан хаагчаа. Дундаж цалин учраас танаас их ч цалинтай хүн байна, бага ч бий. Сардаа үүнийгээ хоёр хувааж авна. Дээр нь зээл авчихсан байдаг. Хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ. Бухимдахаас аргагүй. Улсын дундаж цалин 944 мянга. Бүх салбарыг хамарсан дундаж цалин юм.

-Таны өрөөнд орж ирэхэд Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хөрөг нүдэнд туслаа. Та энэ хүний зээ охин. П.Жасрай гуай бас нэг цагт энэ байгууллагыг удирдаж явсан гэдэг. Дотно санагддаг уу?

-Өвөө 34 настайдаа Статистикийн газрын орлогч даргаар томилогдож ирж байсан. Москвагийн Эдийн засаг статистикийн их сургуулийг төгссөн. Өвөө маань статистикч, эмээ ч бас адилхан. Эмээ тэр хоёр нэг сургуульд сурч, танилцаж ханилсан. Ээж маань бас статистикч байлаа. Би бол социологич. Германд социологи улс төр, нийгэм судлал түүхээр мастер хамгаалсан болохоор нийгмийн асуудал ойрхон байдаг. Өнөөдөр надтай хамт ээжийн маань ангийн хоёр ч хүүхэд бас ээжийн ангийн багшийн охин ажилладаг. Намайг энэ хамт олон халуун дотно хүлээж авсан.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Хараа гол дагуух айлуудыг нүүхийг сануулав

Энэ жил бороо хур элбэг байгаа тул Хараа голын усны түвшин нэмэгдэж үерийн хэмжээнд байгаа талаар Дархан-Уул аймгийн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас мэдээлэв.

Түр зуурын болон үргэлжлэн орсон бороо усархаг, хөрсөнд шингэх нь удаан байгаа тул голын усны түвшин дахин нэмэгдэх аюултай байгаа талаар цахим хуудас болон бусад хэлбэрээр мэдээллийг түгээж байна. Тиймээс голын айл саваар нутаглаж буй малчид, үер болохуйц газар тариалалт хийсэн тариаланчид, Дархан сумын 1-3-р багийн айл өрх ялангуяа Хараа голын эрэг дагуух айл өрхүүд өндөрлөг газарт нүүн суурьших шаардлагатай байгаа талаар аймгийн Онцгой Байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн Хараа голын гүүрийг засварлаж байгаагаас түр хугацаагаар хаасан тул иргэд зам товчлох зорилгоор гарамгүй газраар гол гатлах зэргээр усанд суух, машин техникээ эвдэх тохиолдол гарч байгаа тул баталгаат гүүр, гарцаар гарах, шаардлагагүй тохиолдолд Хараа голын гүүрний засвар дуустал түүгээр зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2018 оны 08 дугаар сарын 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай хур тунадастай байна. Зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Компьютерын ард суудаг хүн өдөрт 400 мл ногоон цай уух хэрэгтэй

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй.

Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм.

Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг.

Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өргөгч кранд цохиулан нас барчээ

ХУД-11 хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад 08-р сарын 08-ны 19:22-д дуудлага мэдээлэл ирсэн үүний дагуу шалгахад: Хурд группын барилгын туслах ажилтан СХД-11 хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж ахуй нэгжүүдээс 18 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

Сүүлийн жилд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоодын баялаг бүтээгч ААН-үүд бизнесээ шинээр эхэлж тэлэх, зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явж байна.

2018 он гарснаас хойшхи эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 3 компани шинээр, нэг компани нэмэлтээр хувьцаагаа гарган арилжаалж нийтдээ 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувьцааны арилжаа 2.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүний цаана шинээр ажлын байр бий болох, эдийн засгийн бодит өсөлт хадгалагдах, иргэд олон нийт хувьцаагаар дамжуулан үндэсний үнэ цэнтэй ААН-үүддээ хувь эзэмших замаар үнэ цаасны зах зээлийн итгэл өсөх үйл ажиллагаа эрчимтэй явж байна. Хувьцаагаа шинээр гаргаж буй ААН-үүд нь шинэ технологи, барилга, ХАА-н салбарынх, тэр дундаа дотоодын хүнс, газар тариалангийн компаниуд байгааг СЗХ-ны дарга С.Даваасүрэн онцлож байв.
Энэ дашрамд дурдахад зах зээлд шилжих үед явуулсан өмч хувьчлалын үеэр манай улсад төрийн өмчид байсан 475 үйлдвэрийн газар, ААН-г хувьчилснаас өнөөдөр 204 нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 104 нь орон нутагт ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 9-нд болох үйл явдал

09.00 цагт Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Riverside golf клубын талбайд нээлтээ хийнэ.

11.00 цагт MN мэдээллийн төвд: “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран шударга бус улстөрчдийн хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийх талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

12.00 цагт НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт Оюу толгой компанид гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх талаар шинжээчийн баг гаргаж ажилуулахыг хүссэн хүсэлтийг мөн Оюу толгой компани цагдаагийн байгууллагат Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг үндэслэлгүйгээр гүтгэж хянуулсан тухай хэвлэлийн бага хурал Оюу толгойн төв оффиссийн нэг давхарт болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай

-ФЕЛЬЕТОН-

Монголчууд хүний эд юмыг хэлэлгүй авдаг хүнийг хулгайч гэх боловч, мал хулгайлдаг хүнийг “сайн эр” гэдэг. Мал хулгайлдаггүй эр хүнийг “муу эр” гэдэггүй ч гэсэн “сайн эр”-д бол яасан ч тооцохгүй жишээний. Сайн эр буюу олон жил тасралтгүй малын хулгайгаар амжилттай “занимаалсан” хүмүүстээ хөшөө босгодог уламжлалтай. Харин олон хулгайч барьсан цагдаагийн хөшөө гэж байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.

Монголын эс өгсөн малыг ологчид өөрсдийн гэсэн сүлд дуутай байсан ба тэрхүү алдарт бүтээлд:

Гучин гурван шарга адуу (эс өгснийг авснаас)

Гурваас бусад нь усан тэлмэн жороо…

…Танай заяа дийлбэл

Тал дотор гүйцээрэй

Манай заяа дийлбэл

МанАн будан татаарай… хэмээн өгүүлэх ажгуу.

Их төлөв сайн эрсээс бүрдсэн “Ман-Ан” эвсэл өнөө засгийн эрх барьж байгаа нь бас л хоёрыг өгүүлэх мэт ээ.

Шилийн сайн эрсийн бизнесийг ивээдэг гэх нэгэн овоонд монгол эрчүүд юмыг яаж мэдэхэв, тааралдсан хүүхнүүд “нэгэн сайн эр явж байна” гэж бодох юм бил үү гэх маягаар очиж мөргөх нь элбэг. Ялангуяа цагаан сараар тэдний дотор төрийн албан хаагчид олноороо байдаг нь АТГ-ын анхаарлыг их татдаг гэх. Хүчний байгууллагынхны дунд тарсан цуурхлаар бол, АТГ-аас Шилийн Богд орох замд камер байрлуулж, хүслээ шивнэдэг овоонд нь микрофон нуусан гэх.

Домогт өгүүлдгээр, хуучин цагийн сайн эрчүүд хулгайлсан малаа тарааж, ядуурлыг бууруулах ажил хийдэг байж. Харин шинэ цагийн сайн эрс ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс хусдаг болсон гэх. Иймээс ядуурлыг бууруулах бүх хөтөлбөр өөрөө ядуураад хаагдсан гэдэг.

Одоо, монголчуудын хулгай хөгжлийн шинэ шатанд гарсан бахдам амжилтаас ярина аа. Өвөг дээдэс нь адуу хулгайлан хошуу алгасч давхидаг байсан бол цог жавхлант үр ач нь тив алгасуулан хүн хулгайлж, даяаршлын бизнест амжилттай хөл тавьсан билээ.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд саяхан Туркүүд сайн эрсийн эх оронд сайн эрийн явдлаар явах гээд жаахан баарсан явдал болов. Тэд өмнө нь Казахстан, Косовогаас амжилттайгаар хүн хулгайлсандаа эрдэж, “нэгэн амсгаагаар сайн эр болов” гэж бардсан уу, “чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр биднийг гэртээ сэрэмжгүй хэмээн бодсон уу, аль ч талаас нь харсан гоомой явдал гаргав.

Монголчууд хуучны малын хулгайн “кэйс”-үүдийг үлгэр домог болгон хэлэлцсээр ирсэн бол өнөөгийн хүний хулгайн хэргээр бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлдөг заншилтай. Өөрсдөө хүн хул-гайлбал хэрэг явдал өрнөсний дараа олон нийтээрээ хэлэлцэн дүн тавьдаг. Харин Турк сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж буй үйл явдлыг газар дээр нь шүүн хэлэлцэж, “хулгайлж байгаа хэсэг нь тааруу байна”, “хулгайдаа унадаг халиун жэт нь тэр мөн ”, “хүнийг ингэж хулгайлдаггүй л байхгүй” гэхчлэн санал нэмэрлэн анализ хийж байлаа.

Эцсийн эцэст туркуудын хийж буй хүний хулгайд муу дүн тавьж, шүүлгийн дэвтэрт нь “үл тооцов” хэмээн тэмдэглээд, олонхын саналаар хулгайг цуцалсан байна.

Дараа нь хулгайлагдсан Акчайгийн инээсэн зурагтай сэтгэгдэл,Туркийн элчингийн инээмсэглэсэн зурагтай ярилцлага цуврав. Туркүүд ээ гэж, нүүрийн баясгалантай улс юм аа. Алуулангаа алдаж байхдаа ч малийгаад л, ажил нь нурж байсан ч малийгаад л…зүгээр ч юм уу?

Туркүүд “хүн хулгайлаагүй” хэмээн мэдэгдэв, дараа нь манайхан “нийлж хулгайлаагүй” хэмээн мэтгэв. Тэдний үгэнд үнэмших юм бол Акчай гуай өөрөө өөрийгөө хулгайлсан болж таараад байна. Мань хүн өөрийгөө ховсдон “ажилдаа явна” гэж гэрээсээ хуурч гаргаад, дараа нь өөрийгөө эзэнгүй машинд хүчээр чихээд, тэр машинаа хүчээр өөрийг нь явуулаад, хүлээстэй чигээрээ машинаа бариад онгоц буудал ороод, орой нь өөрийгөө хүчээр сулласан шиг байгаа юм. Бас тэр мөрөөрөө явсан Туркийн тагнуулын онгоцыг хэрхэн яаж Улаанбаатарт хүчээр буулгасан нь бөөн оньсого. Монголжсон турк хүн л ийм юм хийдэг юм байлгүй. Магадгүй, хүн өөрөө өөрийгөө амжилтгүй хулгайлсан анхны тохиолдол энэ болох байх.

Харин дэлхий даяараа Монголыг бахдаж, энэ талаар эгнэх өөр улс байхгүйн тухайд санал нийлсэн гэх. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд “Бен Ладеныг америкчууд өөрснөө хулгайлсан нь эргэлзээтэй. Монголчуудыг хөлсөлсөн байх” гэсэн таамаг дэвшүүлээд эхэлж. ОУВС-ынхан ч эдийн засгаа тогтворжуулах, төгрөгийн ханш уналтыг зогсоох гэхчлэнгийн үл бүтэх юм ярьж байхаар “чаддаг юмаараа дагна “гэж зөвлөсөн сурагтай.

Манай тагнуулын газар “ийм тийм террористуудыг олоод аваад ирээч” гэхчлэнгийн гадаад захиалгад дарагдаж байгаа сураг байна.

Монголчууд бид ч юу чадахаа ойлгоод эхэлж байх шиг. Ойлгоод эхэлсэн учраас амьдрал нь дорхноо сайжирч эхэлж. Жишээлэхэд, саяны гарсан хүний хулгайг хууль зүйн сайд Ц.Нямдорж гуай өөрөө мэдсэн нь ард олны бахдлыг төрүүлэв. Хөөрхий ядуу сайд маань гэртээ зурагтгүй учраас тээр жил Намбарын Энхбаярыг АТГ-аас онлайн хулгайлж байхад мэдээгүй өнгөрсөн түүхтэй. Харин амьдрал нь дэвжээд аминдаа зурагтай болсон учраас л турк сургуулийн захирлыг хулгайлах ажлыг үзэж мэдсэн хэрэг. Цаашдаа манай хууль зүйн сайд олон олон гэмт хэргийг зурагтын мэдээгээр тухай тухайд үзэж мэдэх нь дамжиггүй болов. Үүнд нь урамшсан Ерөнхий сайд “Монголчууд баяжиж байна, хоёр жилийн дараа улам баян болно” гэсэн мэдэгдэл хийжээ. Бодвол, Нямдорж гуайнх хоёр телевизортой л болж таарах байх даа.

Сониноос, манай аяллын жуулчлалын газар “Хэрвээ та нар ирэхгүй бол бид авчирна” сэдэвтэй олон улсын форум зохиож байгаа гэнэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай​” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Б.Цэнддоогийн “Монгол сайн эр:
Малын
хулгайгаас
хүний хулгай” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Д.Амарбаясгалан “Хоёр
дахь 60 тэрбумынхан гарч ирлээ”
гэдэг хар пиарыг хийж эхэлсэн хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монгол Улсын
Статистикийн хорооны
дарга А.Ариунзаяа: Энэ
судалгааг уншаад
уйлмаар санагдсан хэмээн “Хүмүүс” нүүрт ярьжээ.

Э.Энх-Уянга: Хүүг уснаас тэвэрч гарах
үед маш сайхан мэдрэмж төрсөн хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

Улсын харцага Н.Золбоо: Намайг дэмждэг
хүмүүсийн итгэл дэвжээнд хамт байдаг
болохоор унах эрхгүй хэмээн “Дэвжээ” нүүрт ярьжээ.

Соёл судлалын ухааны
доктор А.Янжив: ”Их тэнгэр” цогцолборт галерейн 37
зургийг эрэн сурвалжилснаас 21 нь огт олдоогүй хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Уран бүтээлч” нүүрт дуучин Б.Баярцэцэг: С.Наран
эгчийн гал цогонд намайг
хэрхэн уусч, өөрчлөгдөхийг
тоглолтоос хараарай хэмээх ярилцлагийг хүлээн авч уншаарай.

Хятадын АНУ-тай хийсэн
худалдааны үзүүлэлт эерэг гарчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэр эрсдэлтэй бүсэд амьдардаг иргэдийг шинжилгээнд хамруулна

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа.

Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” эмнэлгийн эмч нар хийж, тэдэнд зөвлөгөө өгсөн. Компьютер томограф, уушигны нарийн шинжилгээнд хамрагдсан 35 иргэн тус бүр 185 мянган төгрөгийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. Цаашид цагаан тоостой бүс нутагт амьдардаг 3700 гаруй иргэдээс дахин 270 гаруй хүнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн онцолсон.