Categories
мэдээ нийгэм

​256 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар зорьж байна

Сургууль, цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах болон өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт хийж байгаа.

Салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороодын 210, 228 дугаар цэцэрлэг болон 12, 62 дугаар сургуулиуд дээр ажилласан байна.

Сонгинохайрхан дүүрэгт 47 цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цэцэрлэгүүдийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна “Гэр бүлэг” байгуулан ажиллаж байгаагаа ч хэлсэн ажээ.

Ажлын хэсгийн шалгалтаар зарим бүтээн байгуулалтын ажлын чанар дутагдалтай, стандарт хангаагүй гарсан тул тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдэд зөрчлийг арилгах чиглэл өгчээ.

Жишээ нь, өнгөрсөн онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж буй нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Шинэ хичээлийн жилд ашиглалтад орох 228 дугаар цэцэрлэг борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ.

Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд эх хүүхдүүдийн 81.5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Энэ жилийн тухайд тус тоог 82 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах юм байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафон болно

Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Ултра трайл төрлийн марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Шавартын аманд 21 км-ийн зайд болох бөгөөд Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно.

Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны төрлүүд болох 3, 5, 10, 21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана.

22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү марафонд олон улсын гүйлтийн тамирчин, ууланд авирагч, спортын олон төрлөөр хичээллэдэг, 2018 оны 5 сард дэлхийн ноён оргил Эврестэд амжилттайгаар гарсан Франц Улсын иргэн хатагтай Карол Фүкс урилгаар хүрэлцэн ирж оролцох юм.

Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй хүүхэд залуучууд, тамирчид болон гадаад орнуудын 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох тооцоотой байна. Тухайлбал: Япон Улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцоно.

Тэмцээний бүртгэл www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.

Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 17-ны өдөр хүртэл явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд Монголын гурван шатарчин оролцож байна

2015-2017 онд АНУ-ын Санфранцико хотод амжилттай болсон “Чингис” шатрын клубын нэрэмжит “Chinоggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.

А зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож үг хэллээ. Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж буйг хэллээ.

Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөжээ.

Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн Монголын шилдэг гурван шатарчин оролцож байна.

Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон байна. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Зургаан настангууд өдөрт хамгийн ихдээ нэг цаг зурагт үзэх ёстой

Хүүхэд бүр зургаан настайдаа сургуульд элсэн суралцдаг ч сургуульд бэлтгэгдсэн байдал нь янз бүр байдаг. Мөн зан төлөвийн хувьд ч өөр өөр байж болох ба энэ нь тэдний сурах үйл явцад нөлөөлдөг.

Энэ насны нэг хэсэг хүүхэд “багтаж ядсан” эрч хүчээр дүүрэн, үргэлжийн хөдөлгөөнд байх нь элбэг. Нөгөө хэсэг нь тайван хөдлөх дургүй байдаг. Ялангуяа орчин үеийн хүүхдүүд байнгын хөдөлгөөнөөс илүү нэг газараа тогтвортой сууж компьютер, гар утасны тоглоомоор наадан суух хүсэлтэй болж байна. Энэ байдал хэтэрвэл бага насны хүүхдийн хөгжилд ялангуяа оюун ухаан, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх болно. Хэт их компьютер тоглоомоор тоглох нь хүүхдийн хийсвэр болон бүтээлч сэтгэлгээг “бусниулах” муу талтай болохыг судлаачид анхааруулан сануулж байна.

Мэргэжилтнүүд зургаа хүртэл насны хүүхэд хоногтоо хамгийн ихдээ гучин минут хамгийн ихдээ нэг цаг зурагт үзэх эсвэл компьютер тоглоом тоглож болно гэж заасан байдаг. Хэрвээ үүнээс хэтэрвэл тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй болон сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд сөргөөр нөлөөлнө.

5-6 настай хүүхэд заавар журмыг ойлгож биелүүлэх, цагийн хуваарийн дагуу үйл “ажлаа” төлөвлөх чадвар, дадалтай болсон байна. Энэ насанд хөдөлгөөний хурд, эрчимээс байдаг. Тиймээс анхаарал нь амархан сарниж байгаа мэтээр гаднаасаа харагдах боловч нэгж хугацаанд гүйцэтгэх оюуны үйл нь олон давтамжтай байдаг. Хүүхдээ сургуульд бэлтгэнэ, “сууж сургана” гэхээс илүүтэй миний хүү, охин юуг, хэзээ, хэрхэн таньж, сурч байна вэ гэдгийг сайтар ажиглаж, ойлгож мэдэх нь чухал. Та хүүхдээ сургуульд ороход нь багшид нь миний хүүхэд шинэ зүйлд “ингэж суралцдаг” гэж хэлэх хэмжээнд хүртэл хүүхдээ таньж, ойлгосон байх хэрэгтэй.

Бас нэг зүйл бол хүү, охин тань оюун ухааны хөгжлийн хувьд сургуульд бэлтгэхдэхээс гадна зан төлөвийн хувьд сургуульд бэлэн байх нь нэн чухал. Энэ нь:

  • Бусдыг сонсох
  • Бусдыг хүндлэх
  • Бусдад туслах
  • Бусдыг ойлгон харилцах гэсэн зан байдлын шинж чанар таны зургаан настай хүүхэд заавал байх ёстой.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

​Кени улсын анхны дэлхийн аварга таалал төгсжээ

Кенийн тамирчдаас анх удаа 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн аварга болсон тамирчин 28 настай Николас Бетт өчигдөр буюу энэ сарын 08-ны өдөр Кенийн хойд нутгийн Нанди тойрогт автомашинтайгаа осолдон харамсалтайгаар амиа алджээ. Тэрээр саяхан Нигерид болсон Африкийн аварга шалгаруулах тэмцээнд оролцчихоод дөнгөж ирээд байжээ. 2015 онд Хятадад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд Кени улсаас анх удаагаа алтан медаль хүртсэн тамирчин болж байсан юм. Мөн Африкийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай аж.

Түүнийг нас барсан гэж Кенийн тамирчид “Твиттер” хуудсаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Мөн тус улсын спортын сайд Рашид Ечеса ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

“Хубилай хаан, Марко Поло” нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа

Итали улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулдаг Монгол Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ Улаанбаатарт хотноо болж өнгөрлөө. Хоёр орны хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилготой нөхөрсөг тэмцээнийг энэ удаад “Хубилай Хаан, Марко Поло” нэрийн дор зохион байгууллаа. Тэмцээнд Монгол Италийн бизнес эрхлэгчдийн оролцоо нэмэгдэж байгаа нь хоёр орны бизнес, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж талууд үзэж байна.

Сони: “Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Riverside golf клубийн талбайд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцлоо. Энэ мэт хүн хоорондын харилцааг өргөжүүлсэн нөхөрсөг тэмцээнээр дамжуулан монгол улсын олон улс хоорондын хүмүүнлэгийн болон бизнес эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой гэж тэмцээнийг зохион байгуулагч тал онцолж байгаа юм.
Монгол улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж “XIII зуунд Монголын эзэнт гүрний их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөд байхад Италын буюу Европын хамгийн анхны аялагч Марка Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол Италын түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн. Энэ тэмцээнээс гадна бизнесийн хүмүүс ирсэн. Энэ утгаараа хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах байх” гэв.

Антонио Стокк “Дипломат, Олон Улсын Гольфийн Нийгэмлэг”-ийн тэргүүн “Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах боломж олдсонд баяртай байна. Энэ жилийн тухайд хоёр дахь удаагаа болж байна. Эхнийх нь өмнө жил Италийн Ром хотод болж байсан. Харин энэ удаагийнхаар бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж цаашид энэхүү үйл ажиллагааг 3, 4, 5 дахь удаагаа зохион байгуулахын тулд ажиллаж байна” хэмээлээ.

Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэйгээр Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан. Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулсан нь энэ юм. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфийн клубийн гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байв.

“Хубилай хаан, Марко Поло” нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа

“Хубилай хаан, Марко Поло” нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа

Categories
мэдээ нийгэм

​“Эрдэнэс-Тавантолгой” ХК жолооч нарт ахуйн хэрэглээний болон хүнсний тусламж үзүүлнэ

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэх цуваа хөдөллөө. Долдугаар сарын эхнээс үргэлжилсэн 18 өдрийн борооны улмаас зам дээр 60 гаран удаагийн давтамжтайгаар үер бууж 39 хэсэгт замын хөвөө эвдэрч, 3 хэсэг газарт замын асфальт цөмөрч их хэмжээний хохирол үүссэн. Үүний улмаас Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаанд хаагдаад байгаа юм. Цаг уурын урьдчилсан төлөв байдлаар ойрын өдрүүдэд дахин усархаг бороо орох төлөвтэй байна. Үерийн улмаас гурван уурхайн ачилт бүрэн зогсож, 130 гаруй АА-ийн 10 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлгөөн зохицуулалтыг хийж, ажиллаж байгаа албан байгууллагууд, жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэхээр Цагаан Хад чиглэлд тусламжийн цуваа явуулжээ. Гэрээт компаниуд, цагдаагийн тасаг, зам засвар, арчлалтын ААН болон замын зогсоолд олон хоног саатуулагдсан жолооч нарт энэ тусламжийг хүргэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нүүдэлчин Монгол” наадмын нэгдсэн хөтөлбөр

“Нүүдэлчин Монгол” наадам 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 гаруй тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд отоглон бууж өөрсдийн авьяас билэг ур чадвараа гайхуулан цэнгэж шилдгүүдээ тодруулна.

“Нүүдэлчин Монгол” наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

"Нүүдэлчин Монгол" наадмын нэгдсэн хөтөлбөр

"Нүүдэлчин Монгол" наадмын нэгдсэн хөтөлбөр

"Нүүдэлчин Монгол" наадмын нэгдсэн хөтөлбөр

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн аеронтенкийн засвар тавин хувьтай байна

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкийн бетон засварын ажил хийгдэж байна. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. Өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг.

Анх үүсгэн байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар нэг дүгээр аеротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аеротенкийн засварын ажил 50 хувьтай явж байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Үсээ өндгөөр угаавал хурдан ургадаг

~Үсээ заавал хатааж бай!

Үсийг ойрхон угаах нь үс хурдан ургахад тус болно. Мөн өглөөнөөс илүү орой угаасан үс хурдан ургадаг гэнэ шүү. Шампунь хэрэглэхдээ үснийхээ хуухийг хурууныхаа өндөгөөр массаж хийж өгөөрэй. Үсээ угаасныхаа дараа заавал хатааж байгаад унтаж заншаарай. Нойтон үстэй унтвал үс чинь гэмтэх аюултай. Орой 10-шөнө 02 цагийн хооронд үс хамгийн сайн ургадаг гэнэ. Мөн үсний сэнсээр бус өрөөний сэнсний салхинд үсээ хатааж байгаарай! Үсний сэнсний халуун үсийг гэмтээдэг юм байна.

~Сард үсээ 5мм тайрч бай!
Үсээ ургуулах тухай ярьж байхад тайрах гэхээр тиймэрхүү байна уу?
Үнэндээ бол үс ч, хумс ч тайрах тусам ургах хурд нь нэмэгддэг гэнэ шүү.

~7 хоногт 2-3 удаа үсээ өндөгөөр угааж бай!
Үс ургуулахад хуухиндаа сайн анхаарах хэрэгтэй.
Өндөгөөр угаавал үсэнд тэжээл өгч ургахад тус болно.

~Үсээ сайн самнаж бай!
Үсээ сайн самнавал хуухин дахь цусны эргэлт сайжирч үс ургахад нөлөөлнө. Гэхдээ үсээ нойтноор нь самнаж болохгүй. Тэгвэл үсний уг гэмтдэг учраас заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай. Үсээ угаахаасаа өмнө самнавал бүүр сайн. Мөн нарийн шүдтэй хавтгай самнаас бөөрөнхий самыг илүү хэрэглэж байгаарай!

~Тэжээллэг, витамин, кальц, төмрийн хольцтой хоол хүнс, сүү ногоо ургамал их хэрэглэ!
Үс бол тэжээлээс бий болдог юм шүү. Төмөр нь үс ургахад маш их нөлөөтэй учраас төмөр орсон хүнсний бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглээрэй.

~Үснийхээ хуухинд массаж заавал хийх хэрэгтэй.
Үсний хуухинд массаж хийж өгөх нь цусны эргэлтийг сайжруулж үсний хөгжилд асар чухал нөлөө үзүүлнэ. Алгаа дэлгээд хурууныхаа өндгөөр үснийхээ хуухийг чанга чанга дарж барих маягаар массаж хийгээрэй.

~Үсэндээ чухалчлан анхаарал тавиарай!
Үсний уг гэмтсэн бол хурдан ургаж чадахгүй. Гэмтэлтэй үс эрүүл үснээс удаан ургадаг. Тиймээс хими, будаг, ороодог хайчнаас түр татгалцаад нэн түрүүн үсний тэжээл сайн хэрэглээрэй. Үсний уг хэсгийг эрүүл байлгах нь хамгийн чухал шүү. Мөн урт үстэй хүн бол үсээ боож унтах нь илүү сайн.