Categories
мэдээ нийгэм

Эрүүл өглөөний цайг хэрхэн бэлдэх вэ?

Та өглөөний цайндаа юу иддэг вэ? Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тань туслах эрүүл бэлдэхэд маш хялбархан жорыг хүргэж байна.

Орц:

Сүү – 3/4 аяга
Овъёос – 1 аяга
Гүзээлзгэнэ – 1/2 аяга /хэрчиж бэлдсэн байна/
Хийх арга:
Эхлээд 1/2 аяга сүүгээ зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь овъёос, бүх гүзээлзгэнийхээ хагасыг нь бага зэрэг давс хийгээд 5 минут амраана. Овъёосд сүү шингэж зөөлөрсний дараа үлдсэн сүү буюу 1/4 аяга сүүгээ хийгээд үлдсэн гүзээлзгэнээ нэмж хутгаад идэхэд бэлэн болно.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батзандан: Багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тус дүүрэгт хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд асуудал үүсээд байгаа тухай иргэд онцолсон байна. Тухайлбал, 126-р сургуулийн барилга угсралтын ажил долоон жил царцсан хэвээр байгаа, 88-р сургууль спортын заалгүй, 40-дүгээр яслийн дээвэр, шаланд нь нуралт үүсчихсэн тул тус барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа дүгнэлт гаргасан ч үйл ажиллагаа явуулсаар зэрэг асуудлууд сөхөгдөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүйгээс гадна тулгамдсан олон асуудал байгаа. Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна. Мөн зарим эмнэлгийн барилгын ажлыг яаралтай барьж дуусгах шаардлагатай байгаа. Цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар байна вэ, бодит нөхцөлд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Иймд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Баянзүрх дүүрэгт улсын цэцэрлэг ховор. Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 70 хувь руу дөхөж байна. Үлдэж буй 30 хувийг хувийн цэцэрлэг, хувийн хэвшилтэй хамтрах байдлаар буюу улсын төсвөөс хувьсах зардал болох 100 мянга гаруй төгрөгийг шилжүүлэх замаар шийднэ. Зарим цэцэрлэгт нэмж гэр цэцэрлэг барьж байгаа гэх мэт асуудлыг шийдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

М.Мөнхшүр: ЗТХЯ-ны Г, М нар хувийн таарамжгүй харьцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн

2018 оны наймдугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнд олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон. Г, М нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтоох боломжтой. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан тодорхой хугацааны дараа гардаг байгаа. Цагдаагийн байгууллагын 102 утсанд бол 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр 21.45 минутад ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоох боломжтой юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороотой тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Мөн Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын усны түвшин нэмэгдсэн тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

Түүнчлэн,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ

Лос-Анжелес хотын Прокурорын газраас нэрт жүжигчин Стивен Сигалыг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай Deadline цахим хуудаст мэдээлжээ. “Лхагва гарагт Лос-Анжелесын цагдаагийн газраас С.Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна.

Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уайнштейн нарын нэрс цагдаагийн газраас ирүүлсэн хавтаст хэрэгт байгаа аж. Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж сүүлийн хэдэн сарын турш буруутгасаар байгаа юм. 2017-2018 онд Америкийн хэд хэдэн жүжигчин болон шоу бизнесийн төлөөлөгчид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон байна.

Дашрамд дурдахад, 8 дугаар сарын 6-ны өдөр Стивен Сигал Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр соёл урлаг, нийгмийн болон залуучуудын солилцооны салбарт Орос-Америкийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл хэрэгжүүлнэ

БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар Азийн хөгжлийн банкны “ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн үйл ажиллагааны явц, ажлын төлөвлөгөө, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүдийн удирдамжийг танилцуулав. Мөн өмнөх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн болон энэ удаагийн мастер төлөвлөгөөний бүтцийн урьдчилсан хувилбарын талаар танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд МУИС-иас хэрэгжүүлсэн “XXI зууны суралцагчийн цогц чадамж” судалгааны үр дүнтэй танилцаж, уг судалгааг мастер төлөвлөгөө боловсруулах явцад хэрхэн тусгах талаар санал солилцов.
Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Түүнээс хойш 2000-2005, 2006-2015 онд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм. Энэ удаагийн дөрөвдэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттай боловсруулан 2019 оны зургадугаар сард төслийг бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамт хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

Боловсролын салбарын дөрөв дэх мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлэх юм. Уг мастер төлөвлөгөөнд, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн, ялангуяа малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зэрэг шинэ, дээд эрэмбийн асуудлуудыг санал болгон, холбогдох судалгааг хийж байгаа аж.

Харин ЕБС-ийн хувьд жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн монгол хүн бэлтгэх боломжийг эрэлхийлж, бодлого, стратеги, менежмент, зохион байгуулалт, сургуулийн байршил бүтэц, сургалтын агуулга, стандарт, багш нарын чадвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлд шинэлэг агуулгыг тусгах юм.

Дээд боловсролын салбарт их сургууль, дээд сургууль, коллежийн ялгааг илүү тодотгож, энэ дагуу тухайн боловсролын байгууллагын төвлөрөн суурьших байршлыг тодорхойлох зэрэг алхмыг хийхээр урьдчилан төлөвлөжээ. Эдгээр чиглэлээр өргөн хүрээтэй судалгааны ажлыг Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүд энэ он дуустал хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Сайд Ж.Бат-Эрдэнэ: Золгүй хэрэг гарсанд маш их харамсаж байна

Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын арвангуравдугаар байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу энэ сарын 9-ны 21.45 цагт цагдаагийн 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны байрны гадна хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бүрэлдэхүүн үзлэг, шалгалт хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтооно. Урьдчилсан байдлаар Г, М нар албан тушаалын маргаанаас болж, нэгнийхээ аминд хүрээгүй, хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, нэгнийгээ хөнөөсөн болохыг тогтоогоод байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгалтаар тогтоосон” гэв.

Энэ талаар ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ “Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Уг хэргийг хуулийнхан шалгаж байгаа болохоор дүгнэлтийг нь хүлээхээс өөр аргагүй. Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Төрийн яаман дотор ийм золгүй хэрэг гарсанд маш их харамсаж эмгэнэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Багшлах эрхийн шалгалт орон даяар явагдаж байна

ЕБС, цэцэрлэгт багшаар ажиллах хүмүүст багшлах эрх олгох шалгалт өнөөдөр улс орон даяар болж байна.
Дээрх шалгалтыг багшийн мэргэжлийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй, сургуулийн өмнөх болон ЕБС-д эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд болон 3-аас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх юм. Шалгалтыг зохионбайгуулах комисс орон даяар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албанаас мэдээллээ. Үүний өмнө тус шалгалтанд орох хүмүүсийг оны эхнээс цахимаар бүртгэжээ. Шалгалтын зорилго нь өмнө нь багшлах мэргэжлээр их, дээд сургууль төгссөн ч өөр ажилд шилжих юм уу ажиллаж байсан хүмүүсийн мэргэжлийн эрхийг сэргээж, эрэлттэй байгаа ажлын байранд ажиллуулахад оршиж буй аж. Өнгөрсөн жил болсон багшлах эрхийн шалгалтанд 4795 хүн оролцож 2155 нь тэнцэж байв. Шалгалтад тэнцээгүй болон бүртгэлээс хоцорсон тохиолдолд дараа дараагийн шалгалт эхэлтэл нэг удаа өнжих юм байна. Шалгалтыг жилд 3 болон 8-р сард гэж 2 удаа авдаг тул анх удаагаа өгөх гэж байгаад тэнцээгүй хүн бол дараагийн ээлжинд өгөх боломжтой аж. Энэ жил шалгалтанд орохоор 2 мянга орчим хүн бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Тал нутгийн марафонд 1200 тамирчин оролцоно

“Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил Богд-Хан уулын Шавартын аманд энэ сарын 19-ны ням гарагт болно. Тус тэмцээнээр гол зорилго нь тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байж амжилтаа ахиулахын төлөө гүйхээс илүү байгалийн гоо үзэсгэлэнг харж, таньж мэдэх юм. Мөн уламжлал ёсоор 3 км, 5 км, 10 км, 21 км-ын зайн уралдаан зохион байгуулагдах аж. Энэ жилийн гол онцлог нь Монголд анх удаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх төрөл зохиож байгаа юм. Тус төрөл нь Богд-Хан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээ, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50 км зайд уралдах аж.

Марафонд олон улсын Ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши нар урилгаар ирж оролцох юм байна.

Шёова холдингс компаны Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Э.Тамир “Манай компани уг тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Манай компаний зүгээс Ултра Трайл гүйлтийн 50 км зайн төрөлд түрүүлсэн Монгол улсын нэг иргэнийг олон улсын уулын жимийн тэмцээнд орох эрхийг олгож бүх зардлыг даахаар болсон. Энэ нь улсынхаа аялал жуулчлал, спортын арга хэмжээг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм” гэв.

Мөн Франц улсын иргэн Карол Фүкс “Би “Тал нутгийн марафон”-д урирдагчаар ажиллаж байна. Энэ тэмцээнд хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил мөн зохион байгуулагчаар ажиллаж Богд-Хан уулын уралдах замыг анх нээсэн” гэв.

Тэмцээнд дотоодын 100 гаруй, гадаадын 200 гаруй тамирчин оролцоно. Тухайлбал Япон улсаас 100, Тайланд, Малайз, Хятад, Непал болон Азийн орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивээс 50 гаруй тамирчин, гүйлтийн спорт сонирхогчид ирэх төлөвтэй байна.

Тамирчидыг 13-наас эхлэн спортын төв ордонд бүртгэнэ. Бүргүүлж буй тамирчид энгэрийн тэмдэг, футволк, хоол хүнс, хөлсний алчуур, мандат авах юм. Бүртгүүлснээр ням гарагт өглөө 07 цагт спортын төв ордноос хөдлөх автобусанд суух боломжтой.

Шагнал:

18-19 нас Эр, эм 1-р байр 500.000 цом өргөлжлөл

2-р байр 400.000 цом өргөлжлөл

3-р байр 300.000 цом өргөлжлөл

50-аас дээш нас Эр, эм 1-р байр 500.000 цом өргөлжлөл

2-р байр 400.000 цом өргөлжлөл

3-р байр 300.000 цом өргөлжлөл

3км, 5км, 10км, Эр, эм 1-р байр 100.000 медаль, өргөмжлөл

2-р байр 80.000 медаль, өргөмжлөл

3-р байр 60.000 медаль, өргөмжлөл

21 км Эр, эм 1-р байр Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл

2-р байр 100.000 цом, медаль, өргөмжлөл

3-р байр 90.000 цом, медаль, өргөмжлөл

4-р байр 70.000 цом, медаль, өргөмжлөл

5-р байр 60.000 цом, медаль, өргөмжлөл

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Зам хэсэгчлэн хаана

Зам засварын ажил хийгдэж байгаа учир зарим замыг хаах юм байна.

Хаагдах замуудын мэдээлэл:

Ахуй үйлчилгээний ордны урд зам

2018 оны 8 дугаар сарын 10-аас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл БГД, Энэбишийн өргөн чөлөө, Ахуй үйлчилгээний ордны урд, /тусгаарлах зурвасын урд, зорчих хэсэгт 12 метр зам сэтэлнэ. /5 эгнээ замын 2 эгнээгээр нь тээврийн хэрэгсэл саадыг тойрч гарах боломжтой.

Урт цагааны урд зам

Маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ээс 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЧД, Жуулчны гудамж, Урт цагааны урд талд. /Урт цагааны урд зам бүтнээр хаагдана/

“Ард” кино театрын хойд тал

ЧД, 1-р хороо, “Ард” кино театрын хойд талын замыг сэтлэх ажил хийгдэнэ. /Хойд туслах зам бүтнээр хаагдана.