Categories
мэдээ нийгэм

Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заалт бий болно

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн заалтын дагуу Эрүүл мэндийн яамнаас “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй яам, Улсын ерөнхий прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэг, нийслэл дэх Цагдан хорих төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцуулан журмын төслийг танилцуулан санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

Энэхүү журмаар баривчлах, цагдан хорих шийдвэрийн хугацаанд хоригдсон архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай иргэн болон яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын арга хэмжээг тодорхой тусгах зорилготой аж.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын өнөөдрийн тэмцээнүүдийн хуваарь

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын өнөөдрийн манай тамирчдын хуваарийг танилцуулж байна.

Эрэгтэй, Омниум: С.Жамбалжамц (10:00 цаг)

Жүдо

Эрэгтэй, 73 кг: Ц.Цогтбаатар – Тодорхойгүй (10:00 цаг)
Эрэгтэй, 81 кг: О.Ууганбаатар – Тодорхойгүй
Эмэгтэй, 57 кг: Д.Сумъяа – Тодорхойгүй
Эмэгтэй, 63 кг: Б.Ганхайч – Нген Нгок Дим Пуонг (Вьетнам)
Эмэгтэй, -70 кг: Ц.Наранжаргал – Айзан Кадирбекова (Киргиз)

Кураш

Эмэгтэй, -78 кг: О.Мөнхцэцэг – Марселина Папара (15:18 цаг)
Эмэгтэй, -78 кг: Г.Минжинсор – Ян Сенцу (Тайвань)
Эрэгтэй, -90 кг: Г.Лүндээжанцан – Юү Шан Ло (Тайвань)
Эрэгтэй, -90 кг: Б.Гончигсүрэн – Санжар Абдирахманов (Туркменистан)

Ширээний теннис

Эрэгтэй, ганцаарчилсан: Ч.Эрдэнэбаяр – Мальа Амар Лал (Балба) – 11:00 цаг
Эрэгтэй, ганцаарчилсан: Э.Лхагвасүрэн – Чой Ил (Хойд Солонгос) – 12:30 цаг
Эмэгтэй, ганцаарчилсан: Б.Должинзуу – Нэмбанг Свечча (Балба) – 11:45 цаг
Эмэгтэй, ганцаарчилсан: Б.Болор-Эрдэнэ – Фарамарзи Маха (Катар) – 11:45 цаг

Волейбол

Эрэгтэй: Монгол – Казахстан (11:00 цаг)

Categories
мэдээ спорт

Азийн наадмын 11 дэх өдрийн Монголын баг тамирчдын дүнг танилцуулж байна

“Жакарта-Палембан-2018” Азийн наадмын 11 дэх өдөр /2018.08.29/ өндөрлөж, жүдо, танхимын дугуй, ширээний теннис, кураш, бокс, софт теннис, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцлоо. Өчигдөр болсон тоглолтын үр дүнг танилцуулж байна.

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал мөнгөн медаль, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан. Наймдугаар сарын 31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчинтай тоглоно.

ТАНХИМЫН ДУГУЙ

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:

  • Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
  • Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.

КУРАШ

Эмэгтэйчүүдийн -63кг:

  • Б.Баасанжаргал-мөнгөн медаль хүртсэн
  • Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
  • М.Дагвадорж – Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

БОКС

Эрэгтэйчүүдийн 64кг:

  • Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан.

Эрэгтэйчүүдийн 56кг:

  • Х.Энх-Амар – Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.

Эмэгтэйчүүдийн 51кг:

  • О.Жаргалан – Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.

СОФТ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
  • А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэйчүүдийн 1,500м:

  • Г.Одхүү – XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/
Categories
мэдээ нийгэм

Хотын дарга аа, ХҮИС-ийн захирал М.Должин нийтийн эзэмшлийн газрыг яаж өөрийн болгосон бэ?

30 гаруй жил нийтийн эзэмшилд байсан газрыг ингэж гинжилжээ.

Аль ч улс оронд хүүхдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг. Гэтэл манай улс хүүхдүүдийг хохироосоор байна. Үүний нэг жишээ нь 1000 гаруй сурагч сургууль, анги танхим руугаа орох эрхгүй болжээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын “Үй-Цай” сургуультай хаяа дэрлэн орших Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/ тус сургуулийн орц гарцыг хааж 1000 шахам хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчжээ. “Үй-Цай” сургуулийн зүгээс орц гарц хааж барьсан төмөр ногоон хашаагаа буулгаж өгөх тухай хэд хэдэн удаа хүсэлтийг дээрх их сургуулийн захирал хатагтай М.Должинд олон удаа тавьжээ. Тэд 2020 онд манай сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусах хүртэл сургуулийнхаа хоёрдугаар байрны зүүн талаар татсан төмөр ногоон хашаандаа хаалга гарган хэсэгхэн зайг чөлөөлөөд орц гарцтай болгоод өгөөч гэсэн албан бичгийг олон удаа өгсөн гэдгийг тус сургуулийн захирал Д.Баяраа ярьсан юм.

Тэрбээр “Манай сургууль оршин тогтноод 22 жил болж байна. Ингэхдээ 1-12 дугаар ангидаа 1000 гаруй хүүхдийг сурах эрхээр нь хангаж өнөөг хүрсэн. Гэтэл ХҮИС гэнэт л нэг өглөө төмөр хашаа татаж, хүүхдүүдийн маань эрхийг бүдүүлгээр зөрчиж тэднийг автобусны зогсоолгүй болгож манай сургууль руу ямар нэгэн тээврийн хэрэгсэл, явган зорчигч орох боломжгүй болгочихлоо. Ингэснээр бид гал, ус гэх мэтийн гамшиг ослын үед эмнэлэг болон онцгой байдлын ямар нэгэн тусламж авч чадахгүй, сурагчид багш нар маань сургууль руугаа орж чадахгүй болж, сургалтын хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсч байна.

“Үй-Цай” сургуулийн сурагчид өглөө болгон ийм замаар туучиж хичээлдээ ирнэ.

Энд ганцхан манай сургуулиас гадна ерөнхий боловсролын 25, “Этүгэн” их сургууль, “Хобби”, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон оюутны дөрөвдүгээр байр энэ хэсгээр зорчдог олон иргэний эрүүл, аюулгүй зорчих нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байна. Гэтэл Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаас ердөө 700-хан метр газарт 60, 70-аад оны үзэмж хийц муутай, хүний эрүүл аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төмөр хашааг өөрийн сургуулийн эзэмшил газрыг хамгаалах нэрээр барьж байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжуудыг ноцтой зөрчиж байна” гэсэн юм.

Ойр хавийн сургуулийн сурагчид болон оюутнууд М.Должин захирлын барьсан төмөр ногоон хашааг ингэж давна.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн тавдугаар сараас эхэлж газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байсан. Тиймээс хотын удирдлагуудыг дөрөвхөн хоногийн дараа эхлэх гэж буй хичээлийн шинэ жилийг угтаж дээрх сургуульд үүсээд буй зөрчлийг нэн даруй арилгаж 1000 гаруй хүүхдийн сурах орчныг бүрдүүлж өгөхийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танаас хүсэх байна.

30 гаруй жил нийтийн эзэмшилд байсан газрыг тэд яаж өөрийн болгож авсан бэ.

Ямартай ч энд нэгэн их сургуулийн эрх ашиг гэхээс илүүтэй хэдэн зуун хүүхдийн эрх ашиг яригдаж байгаа гэдгийг ХҮИС-ийн захирал хатагтай М.Должин мэдэж байгаа болов уу. Ямар ч хөрөнгө мөнгөнөөс илүү хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй баймаар. Угтаа бол захирал эмэгтэйн гаргасан шийдвэрээс болж дунд сургуулийн сурагчид гинжилж татсан төмөр ногоон хашааг давж эрсдэлтэй замаар өдөр бүр явж байгаад осол гарчихвал яах вэ гэдгийг М.Должин хатагтай эх хүний нинжин сэтгэл гаргаж бодолцоогүй бололтой. Уг нь салбарын яамнаас сургууль, цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстой гээд журамласан ч энэхүү журам М.Должинд огт үйлчилдэггүй бололтой.

Сургуулийн удирдлагууд хөл хүрэх газар явсан ч тусыг эс олжээ

Д.Баяраа захирал дээрх асуудлыг шийдүүлэхээр Замын цагдаагийн газар, Нийслэлийн газрын алба, Хотын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга гээд холбогдох бүхий л албаны хүмүүст дээрх асуудлаар албан бичиг хүргүүлж ХҮИС-ийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн ч энэ асуудал одоог хүртэл шийдэгдэлгүй хичээлийн шинэ жилтэйгээ золгох болсон нь энэ аж. Тэгвэл М.Должин захирал яагаад 1000 гаруй сурагчдын эрхэнд бүдүүлгээр халдаж эзэмшил газраа сунгах болов гэдэг эрхгүй анхаарал татсан юм.
Биднийг “Үй-Цай” сургуулийн удирдлагуудтай уулзах үеэр нэгэн сурагчийн аав дараах анхаарал татах зүйлсийг ярьсан юм. Тэрбээр “ХҮИС яагаад нийтийн эзэмшил газрыг төмөр ногоон хашаагаар хашаалж гинжээр цоож хийж орох гарах гарцыг хаах болов гэдгийг та бүхэн судлаад үзээрэй. Миний олж мэдснээр тус сургууль өнгөрсөн онд МУИС-ийн харьяанаас гарч тусдаа бие даах болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, улсын гэх тодотголтой ХҮИС хувьд гарахаар зэхэж байгаа тухай мэдээллийг эцэг эхчүүд бид олж мэдсэн юм.
Тиймээс тэд сургуулийн ойр орчмыг хашаалж нийтийн эзэмшилд байсан талбайг сургуулийнхаа эзэмшил газарт авч кадастрын зурагтаа өөрчлөлт оруулж томруулж авсан юм билээ” гэх ноцтой тайлбарыг өгсөн юм. Ямартай ч бид дээрх иргэний яриаг баттай эсэхийг нь нотолж дараагийн дугаараа албаны эх сурвалжийн тодруулгыг хүргэх болно.
Тэгвэл хувьд очих бэлтгэлээ ажлаа базааж буй ХҮИС нь 2010 оны 01 дүгээр сарын 20-нд МУИС-тай нэгдэж тус сургуулийн Худалдааны сургууль болж байсан түүхтэй. Түүнчлэн дээрх иргэний хэлсэнчлэн тус сургууль хэзээ, хэдэн онд их сургуулиас өрх тусгаарласан бэ гэдэгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас нэн түрүүнд хариулт авмаар байна. Мөн 30 гаруй жил нийтийн эзэмшилд хэрэглэгдэж байсан газрыг хатагтай М.Должин яаж өөрийн болгож авсан бэ гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Х.Болорчулуун, Сүхбаатар дүүргийг Засаг дарга Х.Болормаа нараас ч асуумаар байна. Бид дараагийн дугаартаа М.Должин захирал 30 гаруй жил нийтийн эзэмшилд байсан газрыг ямар албан тушаалтантай үгсэж өөрийн болгож авсан тухайг албаныхны тодруулгатайгаар хүргэх болно.
Categories
мэдээ цаг-үе

Б.Баатарсайхан: Ш.Батхүү шоронд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй

“Жаст”-ын Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа.


-“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн бие муу байгаа гэж дуулдаж байсан. Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Ш.Батхүүгийн бие нэлээн хүнд байгаа. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, мөн бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний архаг хүндрэл байгаа учраас яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Тиймээс яаралтай гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, үүсээд байгаа хүндрэлийг оношлох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа чихрийн шижин өвчний хүндрлээс урьдчилан сэргийлэх, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар түүний бие дэх сахарын хэмжээ жирийн хүнийхээс дөрвөөс тав дахин илүү үзүүлэлттэй байна.

-Батлан даалтад гарсан юм уу. Ер нь хаана байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагын зүгээс Ш.Батхүүг өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хэвээр байгаа. Энэ хүний эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал шалгаж, хяналт тавьж байгаа байгууллага нь хариуцлагаа хүлээх ёстой. Түүнийг анх цагдан хорихдоо эмнэлгээс авч явсан, мөн зургаан сарын 27-ны өдөр цагдан хорих шаардлагагүй гэж шүүхээс үзэж гаргасан боловч дөрөв хоногийн дараа мөн л эмнэлгээс нь дахин барьж цагдан хорьсон.

-Хоригдоод хэр удаж байна вэ?

-Хоригдоод нийт 15 сар орчим болж байна.

-Та өмнө нь ярилцлага өгөхдөө “Хадгаламж” банкийг хууль бусаар төрийн мэдэлд авсан. Энэ үйл явц эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр “Хадгаламж” банкны актив хөрөнгийг Төрийн банк хууль бусаар авсан гэж ойлгож болох уу?

-Хууль бусаар авсан, аваагүй асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад өмнө нь гомдол гаргасан байгаа. Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед Хадгаламж банкны өөрийнх нь хөрөнгийн хүрэлцээ дутагдсан гэдэг шалтгаанаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр авсан. Ингэхдээ Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нэрийн дор банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч томилогдож байна гэдгийг энгийнээр хэлбэл тэрхүү эрх хүлээн авагч нь тухайн банкийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, ямар нэгэн байдлаар тухайн банкийг босгож ирэх үүрэгтэй очдог. Гэтэл Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр томилогдож очоод үдээс хойш нь тамга тэмдгээ хийлгээд, энэ банк цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна гэдэг саналаа тухайн өдөртөө гаргаж Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Ингэж саналаа өгөхдөө “Хадгаламж банкны өнөөгийн зах зээлд эзлэх байр суурь нь сайн. Олон ажилтан, салбартай. Энэ банкийг аваач гэж Монголын хоёр, гурван том банкинд санал тавьсан ч авах боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлье” гэсэн санал хүргүүлсэн байдаг.

-Банкны эрх хүлээн авагч очоод тэр өдөртөө л тийм санал гаргаж байгаа хэрэг үү?

-Тэгсэн. Ирсэн өдөртөө, бүр тодруулбал нэг, хоёр цагийн дотор л санал гаргасан гэж үзэхээр байгаа юм. Банкны тухай хуульд зааснаар бол Хадгаламж банкинд үүссэн нөхцөлийг тогтворжуулах, цааш нь өсгөж дэвжүүлээд явах уу, татан буулгах уу гэдгийг тэмтэрч үзэж, ажиллаж байж гурван сарын дотор Монголбанкинд танилцуулах ёстой. Гэтэл Төрийн банкинд тэр өдөртөө Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлсэн. Нэг өдрийн дотор саналаа ч гаргаж, хөрөнгийг нь шилжүүлээд шуурхай ажилласан байна лээ. Ер нь Төрийн банкинд шилжүүлэх асуудал анх удаа гарч ирсэн юм биш. “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан асуудал 2013 оны зургаан сарын үед босож ирсэн. Үүнтэй холбогдуулан ТӨХ-ны шийдвэр гарч “Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөлийг судлах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурлын баримтуудаас үзэхэд Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдсан. Хоёрт, Хадгаламж гэдэг тэр том банкийг Төрийн банк авч байгаа асуудал хөндөгдсөн байдаг.

Тэгэхээр Хадгаламж банкны эрх хүлээн авагч 2013 оны долдугаар сарын 22-нд гэнэт гарч ирээд, Монголбанкинд санал тавиад байгаа зүйл биш ээ. Өмнө нь ярьж тохирсон зүйл гэж харагдаж байгаа. Хадгаламж банкийг Стандарт банкинд өрөө төлөхөөс өмнө төрд шилжүүлээд асуудлыг эцэслэнэ гэдэг байдлаар явсан нь тухайн үеийн баримт материалаас ажиглагддаг. Тийм ч учраас долдугаар 22-ны өдөр 12 цаг хүртэл Монголбанк эрх хүлээн авагч томилохоор хуралдсан байдаг. Үдээс хойш нь Хадгаламж банкинд ирсэн эрх хүлээн авагч тамга тэмдгээ авч, татан буулгах санал гаргасан, Төрийн банкинд мөн активыг шилжүүлсэн байдаг. Хууль зүйн хувьд болон практик дээр нэг өдрийн дотор Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилоод, ажиллаад, гуравдагч этгээд рүү санал явуулаад,саналыг нь аваад, татан буулгах санал хүргүүлээд,татан буулгаад байгаа нь хуульчдын болон банкны мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татдаг. Хууль бусаар энэ ажлыг хийсэн үү гэдгийг хууль, хяналтын байгууллага нь шалгаад тогтоох байх. Тухайн үед Хадгаламж банкны активын хэмжээ нь 1.1 их наяд,хадгаламжийн хэмжээ нь 550 тэрбум, харилцагчдын тоо 2,7 сая, салбарын тоо нь 502, ажилчдын тоо 3300 байсан. Тэгвэл 2013 оны эхний байдлаарТөрийн банкны активын хэмжээ нь 319 тэрбум, хадгаламжийн хэмжээ нь 86,6 тэрбум, харилцагчдын тоо 970, салбарын тоо нь 35, ажилчдын тоо нь 330 байсан. Үүнээс харахад ямар банкийг ямар банк руу шилжүүлсэн нь хэнд ч ойлгомжтой.

Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийг “таны оруулсан хөрөнгө зээлийн эрсдэлээ даах чадваргүй болсон байна. Тиймээс та өөрийн хөрөнгийн хэмжээг 10 төгрөг байсан бол 50 төгрөг болго” гэж Монголбанкнаас шаардлага тавьсан. Үүнийг хангаагүй гэж Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа явуулсан. Тэгвэл нөгөө талаас нь харъя. Хадгаламж банкны актив хөрөнгийг Төрийн банк дааж чадах байсан уу гэдэг том асуулт гарч ирж байгаа юм. Хоёрт, яагаад заавал Төрийн банкинд шилжүүлэв гэдэг асуулт гарч ирнэ. Хадгаламж банкийг 10 төгрөгөө 50 төгрөг болгоогүй гэж татан буулгасан хэрнээ яагаад 5 төгрөгийн хөрөнгөтэй Төрийн банкинд аваачаад нийлүүлчихэв. Энгийнээр бол тэр том саванд байсан хөрөнгийг жижигхэн сав руу хийхээр хальж асгана биз дээ. Би ойлгомжтой болгох үүднээс энгийн жишээгээр тайлбарлаж байгаа юм шүү. Ингэж хальж гарах нь хэнд ч ойлгомжтой. Хальж гаргахгүй гэж том савыг төр хууль зөрчин гаргаад өгчихсөнд л хамаг учир байгаа юм.

-Хадгаламж банкинд очсон Эрх хүлээн авагч тухайн үед банкны үйл ажиллагааг хэвийн болгох ямар нэгэн ажил хийгээгүй шууд л Төрийн банкны активыг өсгөх, том банк болгох даалгавраа яаравчлан биелүүлжээ гэж ойлгогдож байна…

-Баримтаас харахад Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хийсэн энэхүү ажил нь нэг банкийг унагаж, нөгөө банкийг томруулах ажиллагааны нэг хэсэг болж харагдаад байгаа юм. Хадгаламж банкны эрх хүлээн авагч үйл ажиллагааны зардал гэж тухайн үед долоон тэрбум төгрөг бэлэн авч үлдсэн байдаг. Энэ бол санхүүгийн баримттай. Дээр нь эрх хүлээн авагч нь Ш.Батхүү гэдэг хүний 84 тэрбум төгрөгийн хөрөнгийг авч, ямар зээлийг хаасан, юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл мэдэгддэггүй. Хамгийн гол нь Төрийн банк нь Хадгаламж банкны тэр том активыг дийлэх санхүүгийн болон боловсон хүчний чадвар чадамж байсан уу гэдэг нь маш том асуудал.

-Тийм боломж байгаагүй юу?

-Төрийн банк бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жирийн л нэг банк, хуулийн этгээд. Ялгаа нь Хадгаламж банкинд Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгө оруулсан, Төрийн банкинд төр хөрөнгө оруулсан. Гэхдээ тэр том актив хөрөнгийг авах гэж байгаа 5 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөө 50 төгрөг болгож нэмэх ёстой. Төр хувьцаа эзэмшигч байлаа гээд хуулиас дээгүүр давуу эрх эдлэх ёсгүй. Энэ 50 төгрөгийг хаанаас Төрийн банк олсон байх вэ? Би энгийн жишээгээр л тайлбарлаж байгаа юм шүү. Үүнийг яаж нэмэгдүүлсэн хэрэг вэ. Мэдээж, тухайн үед Төрийн банк Хадгаламж банкийг авах санхүүгийн болон эрхзүйн боломж байгаагүй. Төрийн банкинд хэн нэгэн чадалтай этгээд хөрөнгө оруулж тусалж байж л өөрийн хөрөнгө нь нэмэгдэж, Хадгаламж банкны активыг авах боломж бүрдэнэ. Батхүүд тавьсан өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагаТөрийн банкинд ч мөн адилхан тавигдах ёстой. Төрийн банк өөрийн хөрөнгөө тэр шаардлагын хэмжээгээр нэмэгдүүлсэн байж таарна. Хэн санхүүгийн дэмжлэг үзүүлэв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

-Хэн өгсөн гэж…

-2013 оны нэгдүгээр сард Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан. Хуулийн зорилт нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкин дахь албан журмын даатгалыг үйл ажиллагааг эрхлэн явуулахад оршиж байсан. Энэхүү даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит, тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд Хадгаламжийн даатгалын корпораци эрхлэхээр хуульчлагдсан. Энэ байгууллага 2013 оны зургаан сард Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байдаг. Даатгалын үйл ажиллагаанд зориулж Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, Засгийн газраас 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх УИХ-ын тогтоол мөн нэг сард гарсан. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпораци өөрийн чиг үүрэгт хамааралгүй, даатгалд зарцуулах хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж,Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 2013 оны хуулиар Хадгаламжийн даатгалын корпорцид бусад банкуудад хөрөнгийг нь нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх байгаагүй. Тийм учраас Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар Төрийн банкинд шилжүүлэх ажиллагаанд Хадгаламжийн даатгалын корпораци оролцсон гэж үзэхээр байна.

-Та тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байна уу?

-Хуулиар бол даатгалын нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардал, зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөхөд л Хадгаламжийн даатгалын корпораци зарцуулах ёстой. Бусад байдлаар зарцуулахыг тухайн үед хуулиар хориглосон. Хэрэв “Хадгаламж” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орсон тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрнээс биш хууль зөрчин Төрийн банкинд хөрөнгө оруулах ёсгүй. Энэ үйлдлийг шалгаж тогтоох ёстой. Төрийн эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн, шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь энэ юм.

-Хадгаламжийн даатгалын корпорцийн хууль зөрчсөн үйлдлийг хуулинд өөрчлөлт оруулж баталгаажуулсан гэж сонсож байсан…

-Хууль бус үйл ажиллагаагаа хуулинд өөрчлөлт оруулах нэрээр халхавчилдаг байдал сүүлийн үед ажиглагдаж байгаа. Үүний бодит жишээ бол 2018 оны хоёрдугаар сарын 10-нд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулинд нэмэлт оруулснаар илэрсэн гэж би үздэг. Ингэхдээ миний тав зургаан жил хууль зөрчсөн гэж яриад байгаа асуудлыг хуульчлаад өгсөн байна лээ. УИХ-ын гишүүд ийм агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт орсныг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хуулинд зөвхөн Хадгаламжийн даатгалын корпорци бусад банкинд өөрийн хөрөнгө нь дутагдвал санхүүгийн дэмжлэг үзүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Хуульчийн хувьд шууд хэлэхэд хууль бус ажиллагаагаа халхавчлах гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж би үзэж байгаа гэдгээ дахин хэлье. Гэтэл 2013-2018 оны хооронд Хадгаламжийн даатгалын корпорци нь Төрийн банкнаас өөр ямар хувийн болон төрийн хөрөнгө оруулалттай банкинд өөрийн хөрөнгө нь дутагдсан гэдэг үндэслэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм бол. Үүнийг бас тайлагнах байх гэж би бодож байна. Төрийн оролцоотой хуулийн этгээд төрөөс хууль бус дэмжлэг авчихаад, хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар авдаг нь ардчиллын зарчим уу. Энэ ялгааг л би яриад байгаа юм.

-Хадгаламж банкны үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Ш.Батхүү өөр банкинд нэгтгэх зэрэг бусад арга хэмжээг яагаад аваагүй юм бол…

-Төр хамгийн муу менежер гэсэн хэлц үг байдаг. 2013 оны долдугаар сарын үед Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн хувьд санхүүгийн хүндрэлээс гарах, Стандарт банкны өрийг төлөх хуульзүйн оролдлого хийсэн. Энэ юу вэ гэхээр Хадгаламж банкийг олон улсын санхүүгийн үнэлгээний аудитын компаниар үнэлүүлэхэд 300 сая долларын үнэлгээтэй гэж тогтоосон. Мөн дотоодын хэд хэдэн аудитын компаниуд ч ийм үнэлгээ хийсэн байдаг юм байна лээ. Үүний дагуу Хадгаламж банкны 65 хувийг 200 сая ам.доллараар зарж дүрмийн сангаа нэмэх зорилго байсан. Үүний дагуу Стандарт банкнаас авсан зээлээ бүрэн төлөх зорилгоор хувьцаа эзэмшигчийн асуудлаар Монголбанкинд хандсан байдаг. Монголбанк зөвшөөрөл өгөөгүй. Түүгээр ч зогсохгүй тэр том банкинд тэг үнэлгээ өгч, албадан татан буулгачихсан. Өнөөдөр хөдөлмөрлөж, өөрийн өмч хөрөнгөтэй болж, Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт гаднаас татаж, томоохон бизнес эрхэлж байсан хүнд яагаад луйварчин, залилагч гэдэг нэр зүүгээд байна вэ.

Тухайн үед эрүүлээр сэтгэж, төрд ч, Стандарт банкинд ч хохирол учруулахааргүй асуудлыг зохицуулж яагаад болоогүй юм бол гэдэгт би маш их гайхдаг. Асуудал түвэгтэй байсан, гэхдээ аливаа зүйлийг бүх талаас нь бодож, зөв шийдвэр гаргах нь маш чухал. Гэтэл төрийн үйл ажиллагаа нь банкны зээлийг барагдуулахад төрийн дэмжлэг үзүүлэх бус банкийг шуурхай татан буулгахад, хөрөнгийг нь шилжүүлж Төрийн банкийг томруулахад чиглэгдсэн нь цаанаа ямар зорилго агуулж байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой гэж би үзэж байна. Мөн нэг зүйлийг онцлоход тухайн үед Хадгаламж банкны нэг ч харилцагчийн хадгаламж эрсдэлд ороогүй байсан. Зарим этгээд олон мянган харилцагчийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалсан гэж хэлэх байх. Ш.Батхүүгийн хувьд тухайн үед 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг Монголын топ 10 татвар төлөгчийн нэг байсан. Энэ хүний хийж бүтээн бий болгосон үнэт зүйлийг төр яагаад хууль бусаар нурааж байгаа юм бэ.

-Хадгаламж банкийг татан буулгаж Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагаа маш бага хугацаанд буюу нэг өдрийн дотор болсон гэлээ. Ингэж хурдавчлахын цаад шалтгаан нь юу вэ?

-Аливаа зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Хадгаламж банкийг татан буулгаж төрд авсан энэ ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн үү, хууль бус байсан уу гэдгийг өнөөдөр тогтоох ёстой. Өнөөдөр хэн хохирсон бэ гэдгийг ч тогтоох ёстой. Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа нэгхэн өдрийн хагаст болсон үйл явдал. Бэлтгэл нууц ажил нь хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ бол хууль бус ажиллагаа гэдгийг би тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгөөд шалгуулж байгаа. Ард түмэн Ш.Батхүүг үнэхээр бүтээлч, бүтээгч, хөдөлмөрч хүн үү, залилан мэхлэгч байсан уу гэдгийг үнэн зөвөөр нь мэдэх ёстой. Үүнийг л би өмгөөлөгчийн хувьд хүсч байгаа юм.

-“Жаст” групп топ-10 татвар төлөгчийн нэг байсан гэлээ. Тэгвэл Хадгаламж банкийг татан буулгаснаар Ш.Батхүү гэдэг хүн хохирсон уу. Эсвэл төрд банкаа өгөөд өр ширнээсээ салж байна уу?

-Өнөөдөр Ш.Батхүү гэдэг хүн банк ч үгүй, бизнес ч үгүй, бизнес хийх боломж ч үгүй, хууль хяналтын байгууллагад зургаа дахь жилдээ шалгагдаж байна. Нөгөө талаас Ш.Батхүүг төр хохироож, ийм нөхцөл байдалд хүргэсэн гэдэг асуудлыг шалгаж л байх шиг байна.

Монгол Улсад хувийн өмчийг шахаанд оруулж авдаг, хүнийг юу ч үгүй хэн ч биш болгодог, нэр төрийг нь гутаадаг, гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарладаг, сүүлдээ хууль бус ял тулгадаг хэмжээнд очжээ. Бид Ш.Батхүүд нэг их наяд төгрөгийн хохирол учирсан гэдэг тооцоог АТГ-т гаргаж өгсөн. Өнөөдөр хүмүүс зарим зүйлийг их энгийнээр бодож байж болно. Зүгээр нэг хөрөнгийг аваад Төрийн банкинд өгчихсөн юм шиг ойлгож байж болно. Банкны актив бол байнга үржиж, өсч байдаг хөрөнгө. Төрийн банкны санхүүгийн тайлангаас харахад 2012 оны жилийн эцсээр 1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2013 онд Хадгаламж банкийг нэгтгэсэн таван сарын хугацааг оруулаад 6,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр Ш.Батхүүгийн босгосон Хадгаламж банкийг Төрийн банк аваад үр шимийг нь хүртэж байна гэсэн үг. Нөгөө талаас 1,1 их наяд төгрөгийн активтай банк жилдээ 40-50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо байдаг.

Ш.Батхүүг өнөөдөр залилан мэхлэгч мэтээр дуудаж байна. Тэгвэл энэ хүний Хадгаламж банкинд бэлнээр оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна вэ? Үүнийг Хадгаламж банкны эрх хүлээн авагч юунд зарцуулсныг АТГ шалгаж тогтоох байх. Өнөөдөр Стандарт банкнаас авсан зээл, Арбитрийн шүүхэд ялагдсан тухай л ярьж байна. 100 гаруй сая доллар төлөх боллоо гээд л. Энэ бол 250 орчим тэрбум төгрөг. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг. Даруй дөрөв дахин их байгаа. Энэ хүн төрөөс нэг ч компани хувьчилж аваагүй.Өөрөө компани байгуулж, гаднаас хөрөнгө оруулалт татаж, төдий зэрэгтэй том групп болгож Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байсан хүн. Өнөөдөр зээлгүй компани гэж байхгүй. Зээл авч түүгээрээ ажиллаж, зээлээ төлж л явдаг зарчимтай.

-Ингэж хохирсон асуудлаа Ш.Батхүү гомдол гаргаад шалгуулж байгаа юу?

-Хадгаламж банкийг хууль бусаар татан буулгасан асуудлыг цогцоор нь, Эрдэнэт үйлдвэрийг Арбитрийн шүүхэд ялагдуулсан асуудал, мөн “Олон-Овоот”-ын асуудал зэргийг гомдол гаргаж шалгуулж байгаа. “Олон-Овоот”-ын хувьд тухайн үед 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гадны банкинд барьцаалагдсан байсан лицензүүдийг Монголбанкинд авчирч төвлөрүүлсэн. Гэвч 18 тонн алттай гэж Эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоосон нөөц худлаа болох нь олборлолтын явцад батлагдсан. “Олон-Овоот”-д асар их хөрөнгө оруулж олборлолт хийхэд ердөө зургаа, долоон зуун кг алт л гарсан. Тэгэхээр төр нөөцийг худлаа тогтоож Ш.Батхүүг хохироосон гэж би үзэж байгаа.

-Та хууль хяналтын байгууллагад үнэн зөвийг тогтоолгохоор хандсан гэж ярилаа. Үнэхээр таны хүсэлтийн дагуу энэ бүхнийг шалгаж байгаа юу. Харин ч Ш.Батхүү гэдэг хүнийг л шалгаад байгаа юм биш үү?

-Яг үнэндээ бол одоо гадуур Стандарт банкнаас авсан зээлийн тухай л ярьж байна. Ш.Батхүү гэдэг хүн амьдралынхаа турш залилан хийж, хөрөнгөжсөн мэтээр үзэж, хорьж шалгаж байна. Гол нь энэ бүх бизнесийг босгож ирсэн нь хэн нэг хүнд саад болсон юм шиг байна. Стандарт банкнаас би зээл аваагүй гэж Ш.Батхүү хэлээгүй. Харин ч авсан зээлээ төлнө л гэж хэлдэг. Үүний тулд Хадгаламж банк, “Олон-Овоот”, Эрдэнэт үйлдвэрийг ялагдуулсан асуудлыг зөвөөр шалгаж, миний оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна гэдгийг нь тогтоогоод өгөөч л гэж хүсч байна. Тэд Ш.Батхүүг шоронд хорьчихоод “Энэ хүнээс болж 109 сая ам.доллар алдлаа. Луйварчин” гэх мэтээр цоллож, хорьж байна. Ш.Батхүү тэнд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хорьж байх хооронд Төрийн банкны хувьчлалын талаар ярьж байна. Төрийн банк Хадгаламж банкны тэр их актив хөрөнгийг хууль бусаар авсан уу гэдгийг тогтоох цаг нь болсон. Хамгийн ноцтой нь, Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг ашгийн бус төрийн байгууллага ашгийн төлөө Төрийн банкны хувьцааг 2013 оны есдүгээр сарын 27-нд шилжүүлээд авчихсан байдаг. Өнөөдөр хүмүүс үүнийг мэдэхгүй л явж байна. Яагаад төр хөшигний цаана хуйвалдаж болдог, энгийн иргэн шударгаар явж болдоггүй хэрэг вэ. Үүнийг л прокурор, АТГ-ынхан шалган тогтоож өгнө үү гэж бид хүсч, АТГ-т бүх баримтыг гаргаж өгсөн.

Ш.Батхүү өнөөдөр хураасан хөрөнгөө оффшор дансанд хийж гадагш нь зөөгөөгүй, нуугаагүй. Авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд бизнесээ хийгээд явж байсан. Тодорхой хэмжээнд эрсдэлд орсон нь үнэн. Гэхдээ энэ эрсдэлийг төр үүсгэсэн гэж би үзэж байна. Түүнийг хууль бусаар хорьсоор байгаа ч үнэн мөн нь олдох цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Чойбалсан хотын 80 жилийн ой тохиож байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын түүхт 80 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Есдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд болох ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита, Борзъя, Ага, Хайлаар, Манжуур, Амгаланбаатар, Алтан-Эмээл хотын удирдлагууд урилгаар оролцох ажээ.

Ойн баярын хүрээнд есдүгээр сарын 01-нд эрийн гурван наадам болох бөгөөд “Чойбалсан хотын түүхэн зургууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын тэмцээн болно. Харин есдүгээр сарын 02-ны ням гаригт Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд иргэдийн баярын жагсаал, Монгол Улсын хошой баатар, өрлөг жанжин, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын тугийг цэнгүүлэх үйл ажиллагаа болох юм байна.
1821 онд Сэцэн ханы удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа буюу тамгын газар бүхий сууринг одоогийн Чойбалсан хот төвлөрөн буй газарт барьж байгуулжээ. 1923 онд Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос Дорнод аймгийн төв суурин болсон байна. Харин 1938 онд хотын зэрэг олгож, 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Чойбалсан хэмээн нэрлэсэн түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрдлээ

Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрджээ. Тодруулбал, энэ оныг “Нийгмийн даатгалын жил” болгон зарласантай холбоотойгоор гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм байна.

Даатгуулагч гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, бусад үйлчилгээ болон энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж.

Ингэхдээ иргэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлэх юм байна. Бүртгүүлсний дараа мэдээллийн өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж баталгаажуулах аж. Энэ нь тухайн иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлагджээ

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдсан байна. Энэ сарын 12-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын хамт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор тус яамны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалах бүс хэрэглэж хэвшицгээе!!!

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Ойрын өдрүүдэд шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсч эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдсэн зам тээврийн ослын дуудлага тасрахгүй байгаа юм.

Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон 102 дугаар сургуулийн багш нар дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эх орчимд замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд болон зорчигчдод замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалсан сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, энэ оны эхний долоон сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж буй нийт хүүхдийн 62 хувь нь 0-9 насны хүүхэд байгаа юм. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнд оролцох үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслээр зорчих үедээ суудлын бүс зүүж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглэхийг уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн иргэдэд туслалаа

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн.

Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос энэхүү үерт өртсөн 30 өрхөд тус бүрт нь 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлсэн юм.

Тэгвэл эдгээр өрхөд хоёр дахь шатны тусламж болох гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос өчигдөр гардуулан өглөөгэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.