Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн эмч нартай хамтран иргэдийг шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамрууллаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч нартай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

26 эмч 14 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад ажиллаж, 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан шатны усламж, эмчилгээг хүргэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллага манай улсад 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ үйл ажиллагаандаа хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус байгууллага зарцуулсан байдаг. Өмнө нь Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Төв зэрэг аймагт ажилласан. Ирэх жил мөн зарим аймаг, сумдад ажиллуулахаар ярилцаж байна гэлээ.

Энэ үеэр “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч “Эцэг эхчүүд шүдээ яаж угаах талаар хүүхэддээ зөвлөдөггүй нь хүүхдийн шүд өвчлөх суурь шалтгаан болдог. Хүүхдэд бичиж сурахыг заадагтай адил шүдээ яаж угаахыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие дааж угааж чаддаг болох хүртэл асран хамгаалагч нь угааж өгөх нь зүйтэй” хэмээв.

Мөн, ХБНГУ-д 0-18 насны хүүхдийн шүд, амны хөндийг эрүүл байлгах нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг байдаг бөгөөд эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг энэ насныханд тогтмол хүргэдэг. Мөн шүдний цооролтоос хамгаалах сайн чанарын түрхлэгийг 0-18 нас хүртэлх насны бүх хүүхдийн шүдэнд түрхдэг” хэмээн ярив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​МАН ээлжит хурлаараа гишүүдийн сахилга, хариуцлагын талаар хэлэлцэнэ

МАН-аас мэдээлэл хийлээ. Найман сарын өмнө МАН-ын 28 дугаар их хурал хуралдсан. Энэ хурлаар гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Намын удирдлагаа шинэчилсэн, намын даргаа шинээр томилсон байна. Энэ талаар МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдэхдээ “Удирдах зөвлөл намын бага хурлаа өөрчилсөн. Намын дүрэмдээ гишүүдийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулна гэж ёс зүйн хороог байгуулсан. Ёс зүйн хороон дарга нь манай хяналтын хороон даргаар томилогдож байх дүрмийн өөрчлөлт орсныг мэдэгдэж байна. Намын их хурлын шийдвэр нь Монгол дахь нийгмийн амьдралд шударга ёсыг тогтооход намынхаа гишүүдыг манлайлах, үүргийг өндөржүүлэх зорилготой бодлого байсан. Энэ шийдвэрийг эрчимжүүлэх үүднээс манай хяналтын ерөнхий хороо 21 аймаг, есөн дүүргийн намын хяналтын хорооны гишүүдийн сургалт семинарыг наадмын өмнөх өдрүүдэд хийсэн. Нийт 250 гаруй хяналтын хорооны гишүүд удирдах ажилтнууд оролцсон. Энэхүү нэгдсэн сургалт семинарын үед манай намын гишүүд дэмжигчдээс хяналтын хороон гишүүдээр дамжуулж хэд хэдэн асуудалд онцгой анхаарал хандуулахыг шаардсан санал хүсэлт ирсэн. Манай намын нэр холбогдсон үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын асуудалд гишүүд дэмжигчид их эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгож хурдан шийдээч ээ гэсэн асуулгыг их тавьж байна. Оффшор данстай намын нэр бүхий албан тушаалтан холбогдсон байвал зохих хууль хяналтын байгууллагуудад нь нэн яаралтай шийдвэрлэж, хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй бол асуудалгүй гэдгийг шуурхай мэдэгдэх шаардлагатай байна. Энэ мэт асуудлууд манай намын нэр хүндэд сэв суулгаж байна гэдгийг онцгой анхааруулсан. Шударга ёсыг тогтооход манлайлал болон тэргүүлж, гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хэвлэл мэдээлэл сошиал орчинд явж байгаа худал мэдээллийг намын хяналтын хороо анхааралдаа аваач ээ гэсэн нийтлэг үндэслэлээр санал шүүмжлэлийг ирүүлсэн. Сургалтын үед намын удирдлагууд оролцож, өөрсдийн санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан бид дараах хэдэн саналыг хяналтын хороонд тавьсан.

-Намын гишүүд хамт олноос ирсэн санал шүүмжлэлийн дагуу арга хэмжээг авч, гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, намын дүрмийн дагуу удирдлагууддаа хатуухан шаардлага тавин ажиллах. УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдэл, зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр өндөр шаарлага тавин ажиллах.

-Намын удирдах зөвлөл удахгүй хуралдана байх. Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тодорхой санал санаачилга дэвшүүлэхийг намын удирдлагууддаа хатуу шаардах.

-Нийслэлийн МАН-ын гишүүд хурлаа зарлан хуралдуулж чадахгүй яваа. Энэ асуудлыг намын ерөнхий хороо онцгой анхаарал хандуулах.

-Намын анхан шатны үүр хороодын идэвх санаачилга муудсан. Үүнийг идэвхжүүлэхийг намынхандаа зохих ёсны шаардлагыг тавьж ажиллана.

Сүүлийн үед манай намын тодорхой албан тушаалтай гишүүдийн тухай хэвлэл мэдээллээр яригдах болсон. Энэ тал дээр намын хяналтын хороо гишүүдийнхээ нэр хүнд, эрх ашгийг хамгаалахаар идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Намын удирдлагуудад энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага тавина. Үнэхээр намын нэр хүндэд сэв суулгасан, хүлээлгэсэн үүрэг хариуцлага алдсан зарим нэгэн сонгуульт ажилтнуудтай хариуцлага тооцох болно. Үүнтэй холбогдуулан бид ирэх пүрэв гаригт намын ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар болсон. Тус хурлаар зарим нэгэн гишүүдийн сахилга хариуцлагын талаарх асуудал, намын удирдлагуудад тавих шаардлагын талаар нухацтай авч хэлэлцэнэ” гэв.

Аймаг нийслэлийн бүх түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнуудын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой бодитой баримттай асуудал байвал аймаг, нийслэлийн намын хороонд хандаж болно. Мөн Намын 28 дугаар их хурлаар нийгэмд хүлээлттэй байгаа нийгэмд шударга ёс сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор МАН-аас дорвитой алхам хийхийг зорино байх. МАН бол нэг дүрэмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд бид намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах болно. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болно. Гэвч намын хяналт сулраагүй байгаа гэдгийг намын хамт олон, гишүүд, дэмжигчдийн өмнөөс цохон тэмдэглэх нь зүйтэй хэмээн мэдээлэлд нэмж дурьдсан юм.

Categories
мэдээ нийгэм

1,700 толгой бог мал үерт урссанаас 1,000 орчмыг нь олжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд өмнөговь аймагт орсон усархаг борооны улмаас автозам эвдэрч, бог мал үерт урссан тухай дуудлагууд онцгой байдлын байгууллагад иржээ. Мөн өмнөговь аймгийн баяндалай сумын баян багийн “ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ малчин э-ын 1,700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1,000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд тус хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм.

Аливаа нэгэн хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцож, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Шинээр байгуулагдаж буй залуу хамтлагуудыг олон нийтэд таниулж, уран бүтээлийг дэмжих нь чухал байдаг. Иймээс залуучуудын амралт чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай тоглолтыг “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран, “Гэрэлтүүл” аяны хүрээнд алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэж хэллээ.

Тус тоглолтыг үзсэн М.Мөнх-Оюун “Миний сонирхдог “Break the cycle”, хамтлаг ирсэн байна. Өнөөдрийн тоглолт их таалагдлаа. Цаашид энэ урсгалын тоглолтуудыг үргэлжлээсэй гэж хүсэж байна.” гэж хэлсэн юм.

Мөн тоглолтод оролцож буй “The Show” хамтлагийн дуучин Д.Батням “Гэрэлтүүл аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа тоглолт их зөв үйл ажиллагаа боллоо гэж бодож байна. Мөн өнөөдрийн тоглолтод манай хамтлаг нэгдсэндээ баяртай байна” гэж хэллээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оршин суугчдын цахилгааныг хэсэгчлэн өгөх шийдвэр гаргажээ

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт хуралдаж шийдвэр гаргалаа. Тус дүүргийн 11, 15-р хорооны нийт 14 байрны зоорийн давхар буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогийг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм. НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байрнуудад бүрэн үзлэг шалгалт хийж дуусаад байна.

Хурлаар B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдийн тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу Толгой”-н алтны үйлдвэрлэл 19 хувиар нэмэгджээ

“Оюу толгой” ХХК-ийн тээрмийн ашиглалтын түвшин дээшлэн, тэсэлгээний үйл ажиллагаа сайжирсантай холбоотой боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгджээ.

Тодруулбал хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 1.5 хувь нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтын түвшин дээшилсэн, 6 дугаар үе шатны хүдрийн нөөцийн агуулга харьцангуй бага байсантай холбон тайларлаж байна.

Мөн хоёрдугаар улирлын тайлан мэдээгээр алтны үйлдвэрлэл 19 хувиар нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтаас гадна “4А” үе шатны хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэнээс шалтаалсан байна. Туркойз Хилл компани “Оюу толгой” төслийг энэ онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн төсөөлсөн бол хүдрийн хэмжээ 2018 оны эцэст 40 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил ахицтай явж байгаа бөгөөд тавдугаар босоо амыг амжилттай барьж гүйцэтгэн төлөвлөгөөт гүн болох 1,178 метр, 6.7 метрийн өргөнд хүрснийг тус компаниас мэдээллээ.

Оюутолгой 2020 оны дунд үеэс анхны хүдрийг биетийг олборлон эхэлж 2021 оноос тогтвортой үйлдвэрлэл эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Эрдоган Туркийг БРИКС-ийн бүрэлдэхүүнд багтааж өгөхийг хүсчээ

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган БРИКС-ийн орнуудын удирдагчдад хандан Туркийг бүрэлдэхүүндээ багтааж өгөхийг хүссэн байна. Энэ тухай өнгөрсөн ням гаригт “Hürriyet” сонинд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Долдугаар сарын 27-ны өдөр Йоханнесбургт Эрдоган сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрвээ биднийг энэ нэгдэлд оруулвал нэршил нь БРИКСТ болно” хэмээн хэлсэн байна.

Тус хэвлэлд мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгч “БРИКС-ийн орнуудын удирдагчид миний саналыг халуун дотноор хүлээж авсан. Ялангуяа Хятад улс өргөжин тэлэхийг хүсч буйг илэрхийлсэн. Би энэхүү нэгдэлд бусад улс орнууд орох боломжтойг олж харсан. Тэд эсэргүүцээгүй” хэмээн мэдэгджээ. Эрдоган “БРИКС-ийн орнуудаас биднийг нэгтгэж, эвлэлдэн нэгдэх боломж бүрдүүлэх шаардлагатай алхмуудыг авч үзэхийг хүсч байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Долдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Йоханнесбург хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын 10 дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтад оролцогчид олон талт харилцааг бэхжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлуудыг хэлэлцжээ.

Categories
мэдээ нийгэм

Харумафүжи ирэх есдүгээр сард зодог тайлна

Японы мэргэжлийн Сумо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болсноо зарлажээ.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн Сумо бөхийн Мачүки буюу дээд зиндааны 2012 оны долдугаар сард түрүүлсэнээр 70 дахь их аварга болсон юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Ёкозүна цолтон билээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голд автомашинтайгаа урссан иргэдийг аварчээ

Долдугаар сарын 29-ний өдрийн 18:24 цагт онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд 08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашин хоёр зорчигчтой урссан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу дээрх газарт Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:53 цагт очиж, Баянзүрх дүүргийн харъяат, иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татах боломжгүй тул орхисон байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэмандах рубик шоог хөлөөрөө 30 секундэд эвлүүлж улсын амжилтыг шинэчлэв

Өчигдөр буюу долоодугаар сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод явагдсан Рубик шооны “Beijing Summer 2018” тэмцээнд нийт 350 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн багш Э.Эрдэнэмандах амжилттай оролцон “Хөл”-өөр эвлүүлэх төрөлд 4-р байрт шалгарлаа.

Тэрээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд #30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ (39,05 секунд) дэлхийн чансаанд #40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин боллооХэрвээ бэлтгэл дээрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрээр энэ тэмцээнд түрүүлэх ч боломжтой байсан юм. Бага зэргийн сандрал орчны нөлөөллөөс болж нэлээд хэдэн алдааг гаргасан ч дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргах боломж байгааг олж харуулсан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн сайхан тэмцээн болж өнгөрлөө.

Э.Эрдэнэмандах багш наймдугаар сарын 19-нд Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцох юм.