Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо энэ сарын эхээр зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг товч танилцуулж, Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын тайлангаа НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2019 оны чуулга уулзалтаар танилцуулахаар төлөвлөж буйг мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер талархал илэрхийлээд, Шадар сайд Ө.Энхтүвшинг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Амьдралын төлөөх байгаль: Хүн ба дэлхийд хөрөнгө оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, туршлагаасаа хуваалцахыг урив. Шадар сайд энэхүү хэлэлцүүлэгт Сенегал Улсын Байгаль орчны сайд, Египет Улсын Хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын хамт оролцлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох байгалийн арвин нөөц баялагтай, том зах зээлд ойр, ардчилал, зах зээлийг эрхэмлэсэн хуультай зэрэг олон давуу талтай ч эдгээрийг бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас үүдэн ядуурал, ажилгүйдэл, байгалийн доройтол, агаарын бохирдол, хот хөдөөгийн ялгаа, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сорилттой тулгарч байгааг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн “Манай улс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт илүү анхаарал хандуулж байсан бол одоо эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Цөөн хүн амтай, газар нутаг өргөнтэй манай улсын хувьд байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байна. Тийм учраас бид байгалиа хамгаалах асуудлыг бүх нийтийн үйлс гэж үздэг. Энэ бол зөвхөн төрийн үүрэг биш, иргэд, төрийн бус байгууллага гээд бүх тал байгаль хамгаалах үйлсэд оролцох учиртай. Манай Засгийн газрын хувьд бүх сайд нарт байгаль хамгаалах чиг үүргийг олгосон, сайдын ажлыг дүгнэхдээ байгаль хамгаалах чиглэлээр хэрхэн ажилласныг дүгнэх ёстой гэж үзэж байгаа. Байгалийн нөөц хязгаарлагдмал учраас байгалийн баялгаа цаашид хэрхэн ашиглах талаар бодлого гарган хэрэгжүүлж байна” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын энэхүү арга хэмжээнд оролцож “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэх байгаль орчинд суурилсан бодлого, арга хэмжээний талаар танилцуулан, бусад улс оронтой өөрийн туршлагаасаа хуваалцсан нь ач холбогдолтой болов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан хад суурингийн зарим хэсэг усанд автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурингийн зарим хэсэг усанд автсан мэдээллийг нутгийн иргэд хүргэж байна.
Тус аймгийн Гашуун сухайт боомтын наад талын суурин буюу Цагаан хаданд өнгөрөгч шөнийн орсон борооны улмаас үйлчилгээний гэрүүд, засварын газар, айл өрхүүд усанд автаад байгаа ажээ.
Хайрхан багийн Засаг даргатай холбогдож энэ талаар тодруулахад тэрээр “Миний бие Улаанбаатар хотод ажлаар явж байна. Цагаан хаднаас өглөө нэг иргэн суурингийн зарим хэсэг усанд автаад байна гэж мэдээлсэн. Орлогч даргатай ярьж байгаа. Усанд автсан гэрүүдийн тоо одоогоор мэдэгдэхгүй байна” гэлээ.
Цагаан хад сууринд 120 орчим үйлчилгээ үзүүлдэг нэгж байдаг бөгөөд тэдний ихэнх нь гэрүүд юм байна. Мөн 50-60 орчим айл өрх амьдардаг бөгөөд суурингийн болон нүүрс буулгах талбайнуудын нийтдээ хоёр мянга шахам иргэд байнгын оршин суудаг бол 8000 гаруй жолооч дайран өнгөрдөг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон.

Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал, Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудал баригдана.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгой байдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Их хотын өнгө төрх, иргэдийн зорчих ая тухтай нөхцлийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа энэхүү ажлыг дэмжин ТҮЦ-ээ яаралтай нүүлгэхийг үйлчилгээ эрхлэгчиддээ уриалж байна гэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​40-65 насны иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үйлчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн газраас өнгөрсөн онд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг 11-р тогтоолоор баталсан билээ. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллагуудаас өөрт ойрхон салбарт очиж, 50 мянган төгрөг бүхий гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг нь сонгон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Уг тусламж, үйлчилгээг нийслэлд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг юм. Сануулахад, үйлчилгээ авахыг хүссэн иргэд эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалдаа цаг тухай бүрт нь хамрагдсан байх ёстой аж.

Нэгдүгээр багц: дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх

Хоёрдугаар багц: 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх

Гуравдугаар багц: хавдрын эрт илрүүлэг хийх зэрэг үйлчилгээ орж байна

З.СУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “Үерийн гамшгийн улмаас улсын чанартай авто замд үүссэн тулгамдсан асуудлын талаар”, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин “Цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээлэл” зэрэг сэдвүүдээр тус тус танилцуулга хийсэн юм.

Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян “2018 оны 07 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 220 гаруй өрхийн 1560 орчим хүнийг аюулгүй газарт гаргаж, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан босгосон. Мөн Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 80 гаруй өрхийн 170 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараагаад байна. Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 620 орчим хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэй ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт аюто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна. Урьдчилсан байдлаар 1,348 сая төгрөгийн хохирол учраад байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Харин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, “Энэ сарын 20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22 нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм. Үүнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, 2018 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийн зардлын тооцоог боловсруулан яаралтай шийдвэрлүүлэх, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод, Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулах, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт, Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тухай бүр зохион байгуулах, ЗХЖШТ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нарт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгуулжээ

Өмнөговь аймагт хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд дүүргэсэн төгсөгчдийн “Их говийн тэнгэрлэг залуус-98” холбооны гишүүд ийнхүү гэрэлт гудамжийг Даланзадгаддаа байгуулсан байна.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын соёл, өнгө үзэмжийг сайжруулж төв саадны зүүн хэсгийн нийт 200 метр хайсан хашааг будаж, засварлан сандал сүүдрэвч хийж, иргэд салхилан тухлах ая тухтай орчныг бүрдүүлсэн “Гэрэлт гудамж” байгуулжээ. Мөн тус саадны ус хүрэлцэхгүй, гэрэл цахилгаан байхгүй хэсгүүдийг засаж, ус цахилгааны асуудлыг шийдсэн байна. Тэд энэ жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг угтан ийнхүү бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаа аж.


Categories
мэдээ нийгэм

Хүүхэд усанд живсэн тохиолдолд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

Усанд живэх нь 1-4 насны хүүхдүүдийн дунд гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын шалтгааны тэргүүн байр, 14 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хоёрдугаар байранд ордог байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг бассейн, ванн, гол усны ойролцоо хараа хяналтгүй орхисноос болж хүүхдүүд усанд живэх тохиолдол өндөр байдаг.

2018 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 46 хүн гол усны үерт амь насаа алдсан тоон мэдээлэл бүртгэгдсэний ес нь насанд хүрээгүй, тэр дундаа 2-9 насны хүүхдүүд байна.Сэлж чаддаггүй хүүхэд усанд ердөө 20-60 секундын дотор живдэг байна.

Анхны ямар тусламж үзүүлэх ёстой зөвлөмжийг хүргэе.

Categories
гадаад мэдээ

Япон улсаар аялах жуулчдын тоо нэмэгджээ

Япон улс энэ оны эхний хагасын байдлаар 15.89 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар өсжээ. Уг үзүүлэлт дээд амжилт тогтоогоод байгаа тухай тус улсын аялал жуулчлалын агентлагаас мэдээллээ.

Энэхүү өсөлт үргэлжилсээр байх аваас энэ онд Япон улс 30 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм. Энэ нь урьд хожид түүхэнд байгаагүй хамгийн олон тооны жуулчин татсан жил болох ажээ. Ирэх 2020 онд Токио хотод болох зуны олимпийн наадмын үеэр 40 сая жуулчин татна хэмээн тус улсын засгийн газраас төлөвлөөд байгаа юм байна.

Энэ оны эхний хагаст Япон улсаар аялсан жуулчдын дундаас хятад аялагчид хамгийн олон буюу 4.05 сая байсан бол Өмнөд Солонгос улсаас 4.02 сая аялагч ирсэн гэсэн тооцоо гарсан байна. Зөвхөн зургадугаар сард л гэхэд гадаадын 2.7 сая жуулчин тус улсыг сонгон аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө

Замын цагдаагийн албаны техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор өнөөдөр тус албанд автомашин, мотоцикль гардуулж өглөө.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Hyundai Accent” маркийн автомашин гурван ширхэг, “Ural” маркийн мотоцикль таван ширхэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна

Нийслэлийн автозамын хөгжлийн газар (НАЗХГ), Нийслэлийн газрын алба, НМХГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлын хэсэг нийслэлийн есөн дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн автозамын засварын ажилтай танилцаж байна.

Нийслэлд усархаг аадар бороо орсны улмаас үеэр бууж, зарим замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, шинээр барьж буй замын ажлууд зогсонги байдалд ороод байсан юм. Уг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай аялах, зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх ажлын хэсэг ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамжны 40 ам дөрвөлжин метр автозам эвдэрснийг засварлах ажил үргэлжилж буй юм. Мөн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн автозам дагуу үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэн даруй нүүх албан шаардлага хүргүүлжээ.