Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Балар эртний цадиг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Үлэг гүрвэлийн төв музейд “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж, энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Дэлхийн нүүдэлчдийн язгууртан, оюун ухааны академийн ТББ-ын тэргүүн Т.Ангар “Балар эртний цадиг нэртэй үзэсгэлэн маань өнөөдөр олон түмэнд дэлгэгдэж, хүртээл болж тавигдлаа. Уг үзэсгэлэнд арван нэгэн бөөгийн эд хэрэглэл аймаг сум нутгуудаас, олон музейн алтан сан хөмрөгөөс авчирч, тавиад байгаа юм. Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл гэж чухам ямар юм байдаг зэрэг энэ бүхнийг харуулсан эртний хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд :

-Монголын үндэсний музей

– Төв аймгийн орон нутгийг судлах музей

– Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей

– Хэнтийн аймгийн орон нутгийг судлах музей

– Баян-Өлгий аймгийн орон нутгийг судлах музей

– Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музей

– Завхан аймгийн орон нутгийг судлах музей

– Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей

– Монголын угсаатны гэр музей зэргээс авчирсан бөөгийн хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн юм. “Балар эртний цадиг” үзэсгэлэн наймдугаар сарын 20-ныг хүртэл олны хүртээл болох аж

Categories
мэдээ нийгэм

Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. “DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүж байна.

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад “DPF” шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГазар болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ сард багтаан “DPF” шүүлтүүрийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөө тэмцээнд хамт оролцсон найздаа зориулжээ

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Б.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон. Тэрээр шагналын бүх мөнгөө хамт уралдаанд оролцсон найз Б.Азбилэгийн өнчин үлдсэн дүү нарт хашаа байшин авч өгөхөд зарцуулжээ. Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Энхсайхан хэлэхдээ “Шагналын бүх мөнгөө хандивлах сэтгэл айлын энхрий охиноос гарлаа гэж үү гэж бодоход хүрсэн. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой боллоо. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б.Азбилэгийн маань эгч /агсан/ зургадугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм. Таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр. Хамтдаа оролцсон охидууд маань хэдийнэ найз нөхөд болж, бие биендээ тус дэм боллоо. Өргөө цагаан гэрт нь гэрэл гийж, инээд хөөр цалгиж байх болтугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй гэв

Хэн нэгэн жолооч тан руу санаатайгаар ус цацсан тохиолдолд Замын цагдаагийн газрын утас болох 93021124 болон 124 дугаарт залгаж, тус машины улсын дугаарыг хэлж гомдол мэдүүлэх боломжтой. Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгаж тухайн жолоочид хариуцлага тооцон торгох арга хэмжээ авах журамтай хэмээсэн мэдээлэл олны дунд тараад байсан юм.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Замын цагдаагийн алба одоогоос 5-6 жилийн өмнө дээрх утсанд ирсэн гомдол мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэж байсан. Иргэд хуучин мэдээлэл шэйрлэж тараасан юм билээ. Харин одоо хэрэгжиж буй Зөрчлийн шинэ хуульд ус цацсан жолоочийг ингэж тэгж шийтгэнэ, торгоно гэсэн ямар нэг заалт байхгүй.

Хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Гэхдээ ус цацсаны улмаас иргэн хүн ямар нэг байдлаар хохирч байгаа учраас энэ төрлийнх зөрчилд ямар арга хэмжээ авбал зохих талаар асуудлыг ярилцаж байгаа. Сүүлийн хэдэн өдөр манай жижүүрийн 93021124 болон 124 дугаарт иргэдээс маш олон дуудлага, гомдол ирсэн байсан. Гэвч тэдэнд арга хэмжээ авах боломж одоогоор алга” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Дуут сум сүү, цагаан идээ боловсруулах цехтэй боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын Secim төслийн хүрээнд Ховд аймгийн Дуут сум сүү, цагаан идээ боловсруулах цехтэй боллоо. Тус цехийн ажилчид одоогийн байдлаар 8 төрлийн 12 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, илүү өргөн хүрээтэй ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

Дээрх цех нь хоногт 500 хүртэлх литр сүү боловсруулах чадалтай юм байна. Одоогийн байдлаар ямаа, үхэр, сарлагийн аарц, масло, цөцгийн тос, хэвтээ ааруул, жимстэй, цөцгийтэй тараг болон сурагчийн сүү зэргийг үйлдвэрлэж байна. Тус цех үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ борлуулахад бэлэн болжээ. Сүү цагаан идээ боловсруулах цехэд 60 хүний бүрэлдэхүүнтэй саальчин эмэгтэйчүүдийн бүлэг сүүгээ шууд үйлдвэрт нийлүүлж эхлээд байна. Үүнээс гадна 6 саальчин бүсгүй тус цехэд ажиллаж байгаа юм. Энэхүү цех байгуулагдсанаар сум, аймгийн иргэд нутгийн үйлдвэрийн цагаан идээг байнга хэрэглэх боломжтой болсон төдийгүй хөдөөний малчид тогтвортой орлоготой болж байгаа гэдгийг төслийн зохицуулагч онцоллоо.

Энэ тухай Secim 2 төслийн Ховд аймаг дахь зохицуулагч Н.Батцагаан ”Цехийн ажилчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд сургууль, цэцэрлэг болон нутгийн иргэдэд хүргэж эхэлж байна. Мөн “Нэвт” амралтын газартай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болоод байна “гэв.

Тэд одоогоор 12 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол цаашдаа олон төрөл болгож, сумынхаа бүтээгдэхүүнийг брэнд болгохыг зорьж байгаа юм байна. Харин “Алтайн цэнхэр уулс” хоршооны дарга А.Отгонбаяр “НҮБ-ы Хүнс, хөдөө аж ахуйн газрын Secim төслийн хүрээнд Ховд аймагт олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, эхнээсээ үр өгөөжөө өгсөөр байгаа. Үүний нэг нь Булган, Дуут сумдад хэрэгжиж байгаа төсөл юм. Дээрх төсөл нь манай аймгийн Булган суманд хэрэгжиж байгаа. Булган сумын гэх тодотголтой бүтээгдэхүүнүүд аль хэдийн аймгийн төвд борлуулагдаад эхэлсэн байна” гэлээ.

Малын гаралтай сүү нь хүний бие махбодийг тэжээлийн чухал бүх бодисоор хангадаг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн уураг, тос, нүүрс ус зэрэг үл орлогдох биологийн 100 гаруй нэгдэл агуулдагаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс давуу талтай юм гэнэ. Түүнчлэн орчин үеийн шинэ технологиор сүү цагаан идээ боловсруулах нь уламжлалт гар аргаар боловсруулахыг бодвол цаг хугацаа хэмнэдэг ажээ.

Categories
мэдээ спорт

2022 оны өвлийн олимпд шинэ төрлүүд оруулахаар болжээ

2022 онд Бээжин хотод болох өвлийн Олимпийн тоглолтын хөтөлбөрт шинээр спортын 6 төрлийг нэмж оруулах тухай шийдвэрийг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ гаргасан байна.

Хөтөлбөрт бобслей буюу чарганы төрлөөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан, “биг-эйр” ангиллын фристайлын төрөлд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн уралдаан, фристайлын төрөлд холимог багийн тэмцээн, сноуборд-кроссын төрөлд холимог багийн уралдаан, трамплинаас үсрэх төрөлд холимог багийн тэмцээн, шорт-трекийн төрөлд холимог буухиа уралдааныг шинээр оруулжээ.

“Олимпийн хөтөлбөрт спортын шинэ төрлүүдийг оруулсан нь Олимпийн наадмыг хүйсийн хувьд тэнцвэртэй болгож, залуучуудыг өргөнөөр хамруулах гэсэн бидний хүсэл эрмэлзлийг тусгаж байгаа юм” гэж ОУОХ-ны Спорт хариуцсан захирал Кит Макконнелл хэллээ.

2022 онд Бээжинд болох өвлийн Олимпийн наадамд нийтдээ 2892 тамирчин оролцох гэж байгаа нь шинэ дээд амжилт юм. Оролцогчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 41-ээс 45,44 болж өсөх аж. Ингэснээр скелетон, тэшүүр, уулын цана, гүйлтийн цана, фристайл, сноуборд гэсэн төрлүүдэд өрсөлдөж буй эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тоо анх удаагаа тэнцүү болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод их хэмжээний усархаг бороо орж уулын үер буусны улмаас одоогоор 500 гаруй айл өрхийн 2512 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг 10 тэрбум орчим төгрөгийн хохирол амсаад байна. Тиймээс тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс орон даяар хандив, тусламжийн аянг албан ёсоор өрнүүллээ.

Гэр орон нь үерт автсан иргэд дунд сургууль, Ховд их сургуулийн харъяа сургуулийн дотуур байр болон хамаатан садныдаа түр орогнож байгаа аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар “Одоо байшин хашаандаа амьдрах боломжгүй болсон. Нэлэнхүйдээ лаг шавар бүрхсэн байгаа. Цахилгаан хэрэгслээс авахуулаад ашиглах боломжгүй эд хогшил л үлдлээ. Зарим иргэд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас эмнэлэгт хүртэл хэвтсэн. Элэг нэгт ахан дүүс, нутгийн зон олон та бүхэн бидэнд туслаач” хэмээн сэтгэлийн үгээ дайсныг энэ дашрамд онцолъё.

Манай мэдээллийн агентлагийн хувьд ч аянг өөрсдийн боломжоор дэмжиж байгаагаа илэрхийлж, эрхэм та бүхнээс үерт автаж эд материал, сэтгэл санааны хохирол амссан тэдгээр иргэдэд өөрсдийн хэмжээгээр туслахыг уриалж байна.

Хандивын данс:

Төрийн банк: 385100060226

Дансны нэр: Тусламжийн аян

Гүйлгээний утга: Өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа бичнэ үү

Холбоо барих: 95411527

Categories
гадаад мэдээ

Нелсон Мандела агсны 100 насны ой тохиолоо

Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела агсны 100 насны ойг тохиолдуулан тус улсын иргэд өчигдөр дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. 1918 оны долдугаар сарын 18-нд Өмнөд Африкийн Зүүн Кейп мужийн Мфезо тосгонд төрж өссөн тэрбээр апартейдын дэглэмийн эсрэг хөдөлгөөний тэргүүн байсан юм. Апартейдын дэглэмийн эсэргүүцсэн ард иргэд үзэн ядалтад автаад байсныг Нелсон Мандела өөрчилж, Өмнөд Африк уучлал, хайр энэрлийг бий болгож чадсанаараа тэрбээр дэлхий нийтэд өөрийгөө таниулсан билээ. Түүний анх төрөхөд Ролихлала Далибунга гэж нэр хайрласан боловч сургуульд орсон эхний өдөр багш нь түүнд Нелсон Мандела гэж нэр өгчээ. Тэрбээр сургуулийнхаа сүүлийн жилүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж, оюутны зөвлөлийн төлөөлөгчийн байр сууриасаа шахагдаж, улмаар сургуулиасаа хасагдсан байна. Энэ нь зорилгынхоо төлөө хийсэн түүний анхны золиос байсан юм. Үүний тэрбээр хуулийн сургуульд сурч төгсөөд, Оливер Тамботай хамтран хуулийн зөвлөгөө өгдөг компани байгуулан Өмнөд Африкийн хамгийн анхны хуулчиар ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр 25 насандаа Африкийн үндэсний конгресст орж, Уолтер Сисулу, Оливер Тамбо нартай хамтран Залуучуудын холбоог байгуулсан байна. Уолтер Сисулу, Оливер Тамбо нар нь цагаан арьстнуудын давамгайллыг арилгаж, тэгш байдлыг бий болгох тэмцлийг дэмждэг байв.

Нелсон Мандела нь намдаа чухал байр суурь эзэлж эхэлснийхээ дараа Африкийн үндэсний конгрессыг өөрчлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Үүний хариуд болон өөрийнхөө үзэл бодлоосоо болоод хэд хэдэн баривчлагдаж байсны зэрэгцээ улс төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хасуулж байжээ.

Түүний хэлсэн сургамжтай, урам хайрласан үгсийг хүргэж байна.

  1. Би ерөнхийдөө их өөдрөг үзэлтэй нэгэн. Энэ нь төрөлхийн эсвэл олдмол гэдгийг хэлж мэдэхгүй. Өөдрөг үзэлтэй бүхэн үргэлж нар руу харж, урагш алхаж байдаг. Миний амьдралд хүнд хэцүү цаг үеүд байсан ч би хэзээ ч цөхөрч, бууж өгч байгаагүй. Энэ зан минь л намайг ялагдлаас үхлээс аварч байсан юм.
  2. Миний ойлгож авснаар зүрх зориг бол юунаас ч айдаггүй хүнд байдаг эд биш. Харин айдсыг ялсан хүнд байдаг юм. Нэг үгээр хэлбэл зоригтой хүн бол айдсыг ялсан хүн болохоос айдаггүй хүн биш.
  3. Зовлон зүдгүүр зарим хүнийг мохоодог бол зарим хүнийг нь босгодог юм. Хүсэл зорилгоор зэвсэглэж түүндээ шаргуу зүтгэх хэнийг ч зогсоох зэвсэг энэ хорвоод байхгүй. Тэр эцэстээ заавал зорилгодоо хүрдэг.
  4. Үр дүнд хүрэх хүртлээ бүгд л бүтэшгүй мэт санагддаг.
  5. Улс орон, хүн ардынхаа төлөө хийсэн бүхнээ өөрийн үүрэг гэж бодсон хүн л диваажинд очдог.
  6. Жинхэнэ манлайлагч хүн бусдын эрх чөлөөний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх ёстой.
  7. Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.
  8. Намайг амжилтаар минь бүү үнэл, харин хэдэн удаа унаж, хэдэн удаа боссоноор минь дүгнэ.
  9. Хүний сайхан сэтгэл бол нууж болдог ч, хэзээ ч унтардаггүй гал юм.
  10. Атаа хорсол бол дайснууддаа өгөх гэж байсан хороо өөрөө уухтай адил
  11. Би бие даасан үзэл бодолтой хүмүүст дуртай, учир нь тэд намайг асуудлыг олон талаас нь харахад тусалдаг.
  12. Сайн толгой, сайн сэтгэл бол дийлдэшгүй хослол
  13. Хүмүүс нэг чигт хандаж чадвал юуг ч давж гарна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үерийн зөвлөмж хүргүүллээ

Энэ сард усархаг бороо нийт нутгаар үргэлжлэн орж олон айлын амины сууц, цэцэрлэг, сургууль, үзвэр үйлчилгээ, олон нийтийн барилгууд усанд автаж зарим барилгуудад хүн ажиллаж, амьдрах боломжгүй, нуралт үүсэх аюултай нөхцөл байдал үүсч байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөмж хүргүүлж байна.

Зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

​М.Баярпүрэв: Манай сургуулийг шинээр төгссөн 23 инженер Японд ажиллахаар болсон

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, доктор М.Баярпүрэвтэй ярилцлаа. Тус сургуулийн төгссөн электроникийн инженерүүд Японы Тошиба компаний хамтрагч байгууллагад ажиллахаар болсон юм.

Танай тэнхимийг төгссөн электроны инженерүүд Японд мэргэжлээрээ ажиллахаар болсон. Тэдний талаас шинэ ажилтан авахдаа ямар шалгуур тавьж байв?

2010 оноос манай тэнхим Япончуудтай хамтран ажиллах болсон. 2011 оноос манай төгсөгчид Японы компаниудад ажилтнаар орж эхэлсэн. Эхний явсан залуучууд маань ур чадвараа үнэлүүлж, танигдсан учраас SONY, Panasonic зэрэг том компаниудад ажиллаж байна. Ингэснээр дараа дараачийн ажилчдаа манай төгсөгчдөөс шалгаруулж авах сонирхолтой болсон. Энэ жил 23 төгсөгчийг шалгаруулж ажилд авсан. Эдгээр залуучууд микросхемийн үйлдвэрлэл, чип дизайн, хими технологийн процесс үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллана. Тэгэхээр их нарийн технологи дээр ажиллаж сурна гэсэн үг. Мөн цаашдаа шинээр төгсөж буй оюутнуудад японд ажиллах боломж нээлттэй байгаа. Учир нь японы хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Нарийн технологийн инженерүүд дутагдаж байгаа учраас Японы Засгийн газраас энэ тал дээр анхаарч, уян хатан бодлого баримтлах болсон. Гадны компаниуд ажилтан сонгож авахдаа тухайн хүний хийсэн бүтээлд голчлон анхаардаг. Жишээ нь, Японы SONY компанид үндсэн ажилтан ажиллаж байгаа манай төгсөгч энд суралцаж байх хугацаандаа хийсэн судалгааныхаа үр дүнг хэрэгжүүлээд сайнаар үнэлэгдсэн тохиолдол байна. Мөн үүнээс гадна хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ёстой. Үнэхээр манай сургуульд хичээгээд сурсан инженер хаана ч очсон гологдохгүй. Гол нь хичээл зүтгэл, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ялангуяа бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр дэлхийн томоохон сургуулиудынхтай ижил хэмжээнд хүрсэн.

Тэнхимийнхээ сургалт, хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

Манай тэнхим электроникийн инженер, сүлжээ холбооны технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэж байна. Би Японы Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалаад 2010 онд Монголд ирсэн. Ирснээсээ хойш дэлхийн түвшинд бүтээгдэхүүн хөгжүүлэх чадвартай электроникийн салбарын инженер бэлтгэхийг зорин ажиллаж байна. Электроник дотор PCB /printed circuit board-хэвлэмэл хэлхээний самбар/ гэж байдаг. Хагас дамжуулагч чипийг зохиомжилж угсраад өнөөгийн бүхий л технологид хэрэглэдэг. Ийм электрон системийг PCB түвшинд хөгжүүлэх технологи Монголд хэдийнээ ороод ирсэн. Жишээ нь, “IT ZONE” компанийн инженерүүд үүнийг хөгжүүлээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. 1988 онд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн дэргэд Монел компани байгуулагдсанаас хойш хэрэглэж байна. Гэхдээ энэ технологи одоог хүртэл шинэчлэгдээгүйгээс болж гадны технологитой өрсөлдөх чадвар буурч байна гэж бодож байна. Тэгэхээр дараачийн алхам маань илүү нарийн технологийг оруулж ирэх юм. Үүний тулд хагас дамжуулагч чипний түвшний технологийг Монголдоо нэвтрүүлэх, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Энэ түвшний инженерүүд маш олон салбарт ажиллаж боломжтой.

Таны бодлоор манай оронд электрон, нарийн технологийн компани байгуулах боломжтой юу? Бидэнд суурь бааз бий юу?

Дотооддоо электроникийн нарийн технологийн компани байгуулахыг мөрөөддөг. Чадал хүрэх юм байдаг. Хүрэхгүй юм бас байна. Ирээдүйд Монголд дэлхийн хэмжээний том компани байгуулчих юмсан гэж боддог. Үүнийг биелүүлэхийн тулд хэдхэн хүн зүтгээд нэмэргүй. Инженерүүдээ дэмжсэн төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хэдийгээр энэ чиглэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа ч ахиц гардаггүй. Японд ажиллахаар болсон залуучууд тэндээс туршлага хуримтлуулаад эргээд ирнэ. Тэр үед нь ажлын байр, ажиллах орчин нөхцөл нь бүрдчихсэн байвал их сайхан зүйл болох байх. Электрон чиглэлийн үйлдвэр байгуулахад дор хаяж 10 тэрбум доллар шаардлагатай. Харин зөвхөн чип дизайн түвшинд ажиллана гэвэл хүний оюун ухаан, шинжлэх ухааны мэдлэг, чадвар сайн байхад болно. Чип дизайн нь программ дээр ажиллаж, хагас дамжуулагчийн загвар зохиохыг хэлдэг. Тиймээс материаллаг бааз тийм ч их шаардахгүй. Арай бага зардлаар буюу 10 сая долларын санхүүжилт бий болгосноор энэ салбар луу орох боломж үүсээд байна. Дардан зам гэж байдаггүй. Хялбар байсан бол хүн болгон компани байгуулах байсан. Тиймээс бид бага багаар материаллаг баазаа нэмэгдүүлээд явж байна.

Та багш хүний хувьд залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?

Японы Хоккайдогийн их сургууль анх байгуулагдахад Уиллиам Клар гэдэг америк хүн багшилж байсан. Тэр хүн Японоос явахдаа “Boys be ambitions” буюу залуус аа том мөрөөдөлтэй, амбицтай байцгаая гэж хэлсэн байдаг. Энэ үгийг залуучуудад хэлмээр байна. Монголын залуучууд том мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Амбиц гэдэг үгийг манайд буруу утгаар ойлгодог. Гэтэл японд энэ үгийг эерэгээр хүлээн авч, залуучууддаа хэлсээр байдаг.

Э.ЯНЖМАА