Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Энхболд: Нинжа нар сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл болсон учраас алтны төслүүд явахгүй байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Канадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степ голд”-ын ажлыг Дорнодын зарим иргэн, иргэний хөдөлгөөнийхөн очоод гацаачихлаа. Заамарт “ Эко Алтан Заамар”, Баянхонгорт “Central Asia mining” зэрэг уул уурхайн компаниудын ажил ч иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулаад байна. Энэ үйл явдлууд дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Таны дурдсан сүүлийн гурван тохиолдол алтан дээр байгааг анхаарах хэрэгтэй. Нинжа гэдэг асуудал сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл маягтай болсныг л нотолгоо. Тэд хаана алт байгааг сонсоод л хөдөлдөг болсон. Лицензээ ном журмаар нь авч, татвараа төлөөд ажиллая гэсэн компаниудын үйл ажиллагааг гацаагаад байгаа шалтгаан нь ердөө энэ. Компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд удаашруулах тактик хэрэглээд байна л даа. Тэр хойгуур нь ямар нэгэн байдлаар нинжа оруулдаг арга руу орчихлоо. Иргэний нийгмийнхэн уул уурхайг эсэргүүцээд байгаа хэрэг огтхон ч биш. Өрсөлдөөн яваад байгаа хэрэг. Хууль ёсны уул уурхай, хууль бус уул уурхайн дунд өрсөлдөөн яваад байна.

-Уул уурхайн нөгөө талд нөхөн сэргээлт хийдэггүй, татвар төлдөггүй нинжа нар тэгж хүчтэй ажиллаад байгаа хэрэг үү?

-Тэгээд байна. Хоршоолол байгуулж гар аргаар алт олборлоод нөхөн сэргээлтээ хийж, татвараа төлөөд явдаг хэсэг бий. Харамсалтай нь 6000-8000 орчим хүн л албан ёсны бүртгэлтэй байдаг. Албан бус тоогоор 40 гаруй мянган нинжа бий гэдэг. Ямар ч хариуцлага хүлээхгүй газар сэндийчээд явдаг хүмүүс гэж ойлгож болно. Үүнээс гадна энэ хүмүүс уул уурхайн салбарын нэр хүндийг хамгийн ихээр унагаж байна. “Степ голд” гэхэд лицензээ аваад Канадын Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж хөрөнгө босгоод хайгуул хийх гэж ирсэн компани. Хөрөнгө босгох үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сайн мэдээ болгож түгээж байсан компани шүү дээ. Нинжа нар мэдээллийг маш хурдан авдаг. “Степ голд”-ын талбайн байршил энэ тэрийг бүгдийг нь мэдэж байсан нь тодорхой. Тийм учраас хөрөнгө босголоо, үйл ажиллагаагаа эхлэх нь гэсэн мэдээллийг сонссон даруйдаа давхиад оччихож байгаа юм. Ер нь алт, жоншин дээр ийм сонин байдал үүсчихсэн. Тодруулж хэлбэл, нинжа нараа дарж чадахаа байсан. Нинжа нар нь албан ёсны уурхайгаасаа хүчтэй, зарим тохиолдолд Засгийн газраасаа хүчирхэг болчихоод байна.

– Тэгэхээр нэгдэж нийлсэн нинжа нарын ар талд нөлөөтэй хүмүүс байна гэсэн үг үү?

-Нөлөөтэй хүн байна уу, мөнгөтэй хэсэг бий юу гэдэг нь бас сонирхолтой. Орон нутгийн Засаг дарга, НИТХын даргатай уулзаад л хэдэн төгрөг атгуулаад иргэдийг босгочихдог аргатай болсон учраас заавал том нөлөө хэрэггүй шиг байгаа юм.

– Иргэний нийгэм , иргэдтэй хамт орон нутгийн ИТХ-ын дарга нь юм уу, Засаг дарга нь тэмцээд яваа тал ч анзаарагдаж байгаа шүү…?

-Ингэх нь сонин үзэгдэл биш болчихсон шүү дээ. Уг нь манайх холбооны улс биш. Нэг засагтай улс. Аймаг, сум бол засаг захиргааны нэгж болохоос тусдаа гарсан автономит улс биш. ИТХыг аваад үзье. Төсвөөс цалинждаг. Тэгсэн хэрнээ сонгуулиар гарч ирдэг. Нэг талаасаа төрийн нөгөө талаасаа иргэний төлөөлөл гэж харагдаад байдаг. Гэхдээ иргэний төлөөлөл гэдэг үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Төрийн болоод хувийн ашиг сонирхлын хойноос яваад байгаа нь маш тод анзаарагддаг. Уг нь иргэдийн төлөөлөл шүү дээ. Засгийн газраас гаргасан шийдвэр орон нутагт хэрэгжихэд иргэдийн саналыг тусгах ёстой газар бол ИТХ. Түүнээс биш өөрсдөө шийдвэр гаргачихаад түүнийгээ Засгийн газраар батлуулах гэж дайрдаг газар огт биш.

-Орон нутгийн ИТХ-ын хувьд сүүлийн үед уул уурхай дээр таны хэлсэн шиг хандлага руу орчихоод байна л даа…?

-Миний хувьд ганц уул уурхайгаар тогтохгүй байгаа гэж хардаг. Том мөнгө эргэлддэг, шантаажилж байгаад мөнгө салгах боломжтой учраас уул уурхай дээр илүү төвлөрдөг байх. Түүнээс биш бүх салбарт ийм хандлага гаргадаг болчихсон.

– Иргэний нийгмийн төлөөлөл гэсэн нэр дор хэдхэн хүн уул уурхайн бүх төсөл дээр яваад оччихсон эсэргүүцэж яваа харагддаг. Байгаль экологийн төлөө яг зориод явж байгаа нь хэд бол?

-Ер нь хэдхэн хүн ийм үйл ажиллагаа явуулаад байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийг сүүлдээ бүр нийтээрээ мэддэг шахуу болчихлоо. Үнэхээр хариуцлагагүй ажиллаж байгаа уул уурхайн компаниудад сануулга өгч, чиглүүлж, зүглүүлэх ажил хийж яваа цөөхөн хүмүүс бийг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлд эсэргүүцэлтэй тулсан “Степ голд”-ын хувьд үйл ажиллагаагаа дөнгөж эхлэх гэж байсан компани. Кэмпийн нээлтээ хийх гэж байхад нь давхиж очоод эсэргүүцнэ гэдэг өөр хэрэг л дээ. Цэвэр явуулга гэж харахаас аргагүй.

-“Гацуурт”-ын алтны төсөл зогссон нь мөн л нинжатай холбоотой гэдэг. Та энэ үйл явдлыг яаж харж байна вэ?

-“Гацуурт”-ын лиценз “Сентерраголд”-ын нэр дээр арав гаруй жил бол чихсон байсан юм. Иргэний нийгмийнхний хувьд ашиглалтад оруулах гэж байгааг нь сонсонгуутаа л эсэргүүцээд эхэлсэн түүхтэй. Ийм сураг сонсонгуут нинжа нар ашиглалтын талбай руу нь түрээд орчихсон. Жагсаал хийж байгаад шүүхээр яваад эхэлсэн байдаг. Нэлээд мөнгөтэй хүмүүс л ингэж уйгагүй явна шүү дээ. Шүүхэд өргөдөл өгөхдөө “Сентерра голд”-ыг биш АМГ-ыг буруутгасан байдаг. АМГ буруу шийдвэр гаргаад “Сентерра голд” тэрийг нь ашигласан болгочихсон. Энэ тохиолдолд шүүх юу гэж шийдэх нь бараг хамаагүй шахуу болчихож байгаа юм. Тийм үндэслэлээр шүүхэд өгч болж байна гэдэг нь өөрөө утгагүй асуудал. Компани нэрээ солиод авсны төлөө шүү дээ. Эцэст нь шүүхийн шийдвэр гаргуулаад үйл ажиллагааг нь зогсоочихлоо. “Сентерра голд”-ын тухайд шүүхийн системээс гадна хуулийн цоорхойг ашиглах боломжтой төрийн бус байгууллага нэртэй газруудын дутагдлыг харуулсан хэрэг болсон гэж хардаг. “Сентерра голд” энэ асуудлаа Арбитрт аваад очвол дэлхийн аль ч улс ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улс дахиад өр торгуульд унаж, “Гацуурт”-ыг том эзэнтэй нинжа нар аваад дуусна.

– Баян хонгорт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсон “Central Asia Mining” компанийн тухайд хуулийнхаа дагуу лицензээ аваад очсон гэх мэдээлэл бий. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан компанийг иргэний хөдөлгөөн, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэдэг дээр таны байр суурийг сонсъё?

-Компанийн тухайд үйл ажиллагаа явуулах нөлөөллийн бүс дэх иргэдэд мэдэгдээгүй байж магадгүй. Уул уурхайн төслүүд иргэд, иргэний нийгмийн эсэргүүцэлтэй тулаад эхлэхээр уул уурхайн компаниуд ажлаа эхлэхдээ болгоомжилдог болсон байхыг, тийм хандлагаар мэдээлэл өгөөгүй байхыг ч үгүйсгэх аргагүй. Компаниудыг ийм байдал руу оруулаад байгаа нь яах аргагүй буруу хандлага. Компаниудын тухайд орон нутагтайгаа хэл амаа ололцоод явчихаар ямар ч асуудал гардаггүй. Учраа ололцоод байж байтал Ул аанбаатараас мөнгө харсан хэдэн нөхөр давхиад оччихдог нь хамгийн том асуудал болоод байна. Орон нутгийнхныг уул уурхайн төслийн эсрэг зогсоодог хүмүүс нь Улаанбаатараас мөнгө харж очсон нөхөд. Нуугаад байх зүйл биш. Орон нутгийн эсэргүүцэл гэхээс илүү мөнгө нь дуусаад ирэхээрээ гүйж очдог хэдэн нөхдийн л хийгээд байгаа ажил.

-Иргэний нийгмийн гэсэн малгайн дор ингэж авирлаад байгаа хүмүүсийн асуудлыг зөв зүг рүү нь шийдэх гарц байна уу?

-Төрийн бус байгууллагын хуулиа эргэж харах ёстой гэж боддог. Манай ассоциаци хүртэл тэдэнтэй нэг статустай шүү дээ. Төрийн бус байгууллагуудын хувьд гишүүддээ үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг гэсэн хоёр чиглэлтэй. Манайх гишүүддээ, тэд нийгэмд үйлчилдэг. Төрийн бус байгууллагын хуулиараа тодорхой шатлал тавьж, тодорхой үйл ажиллагаагаар нь хүлээн зөвшөөрдөг болгохгүй бол утгаа алдаад байна. Гуч гаруй мянган ТББ байна гэсэн тоо дуулддаг. Үндэс сууриар нь харахаас аргагүй болсон.

– Хамгийн сүүлд Баянхонгорт “Central Asia Mining”-ийг эсэргүүцлээ. Таны ярианаас анзаарахад “Central Asia Mining” шиг дахиад нэг алтны компани өөр аймагт үйл ажиллагаа явуулна гээд гараад ирвэл эсэргүүцэлтэй тулах магадлал өндөр гэж ойлголоо…?

-100 хувь баталгаатай. Эсэргүүцнэ, зогсооно. Манай улсын хувьд ашигласан цорын ганц үндсэн орд бол Бороогийн алтны орд. Ашиглаад гурван жил болж байхад нь л эсэргүүцсэн. С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж байсныг нийгэм даяараа мэднэ. Иргэний нийгмийнхэн болон зарим иргэд мөнгө саах зорилготойгоор эсэргүүцсэн нь өнөөдөр хэн бүхэнд ил болсон. Дараагийн үндсэн орд нь Гацуурт. Дахиад л мөнгө харсан хүмүүсийн эсэргүүцэлтэй нүүр тулж өнөөдрийг хүрээд байна. Алт дагасан зохион байгуулалттай эсэргүүцэл яваад байгааг хөнгөхөн харчих нотолгоонууд. Шороон ордыг хэн ч анзаардаггүй хэрнээ үндсэн орд руу ингэж дайрдаг. Шороон орд дээр байгаль сүйдлэх асуудал жинхэнэ зовлон болчихоод байхад тоохгүй байгаа гээд бод доо. Хууль бусаар шороон орд ажиллуулж, байгаль сүйдлээд байхад иргэний нийгэм ярьдаг, иргэний төлөө гэсэн хөдөлгөөнийхнөөс хэн ч тоодоггүй. Ингээд харахаар алтны төслүүд рүү “Байгалиа хамгаалах гэж зүтгэж явна” хэмээн дайрч буй хүмүүст эргэлзэхээс аргагүй байгаа биз. Хуулийн дагуу үндсэн ордын лиценз аваад хайгуулаа эхлэх гэхээр л эсэргүүцээд байдгийн цаад зорилго нь ерөөсөө мөнгө.

-Алт бол валютын нөөц нэмэгдүүлэхээс эхлээд эдийн засагт үзүүлэх нөлөө ихтэй металл. Төрөөс тэр утгаар нь алтны төслүүддээ анхаарах ёстой шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Валютын нөөц бүрдүүлнэ гэдэг стратегийн том асуудал. Стратегийн орд гэж яриад л байдаг. Үнэндээ стратегийн бүтээгдэхүүн гэвэл уран, алт хоёр л байгаа шүү дээ.

-Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр ярилцлагаа төгсгөе?

-Уул уурхайн салбар экспортын 90 хувийг дангаараа эзэлдэг. Монголбанк руу орж ирж буй валютын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. Уул уурхайн салбар ДНБ-ий 20, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын үржүүлэх эффект гэж бий. Үүнийг нь тооцож үзвэл манай эдийн засгийн 70-аас илүү хувь нь уул уурхай дээр тогтож байна.

Categories
мэдээ цаг-үе

​Бавуугийн Лхагвасүрэн: Дээд зэргийн хүн чанар, уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг

Монгол Улсын хөдөлмөрийн баатар , ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хөөрөлдөөний үргэлж­ лэлийг хүргэж байна.

-Тантай сайхан хөөрөлдөе гэхэд “Би улстөржмөөр байна” гэж байсан даа?

-Эрдэнэтийн 49 хувь гэж их ярьж байна. Би үүнийг бодож байгаа. Би ч бас улстөрд байсан, хааяа хариуцлагатай ажил хийсэн хүн. Ард хүний нүдээр харж, монгол хүний ухаанаар бодоход Эрдэнэтийн 49 хувийг шийдэж чадахгүй шаагилдаад ядаад байхаар зүйл биш шиг санагдах юм. Эрдэнэтийг би ч “Минийх” гэж хэлэх эрхтэй. Манай хажуу айлын хөгшин ч хэлэх эрхтэй. Тэр битгий хэл Монголд төрсөн хот манадаг нохой хүртэл “Минийх” гэж хуцахад буруудахгүй. Эрдэнэт ч биш эрдэнэсийн бүх ордыг. “Миний юм, манай юм” гэж боддог Монголын хэдэн залуус хуруу хумсаа хуйхалж байгаад хэдэн төгрөг цуглуулаад 49 хувийг нутагтаа аваад ирж. Энэ чинь гэр дотроо хийсэн наймаа юм гэвэл аавдаа хэлээгүй наймаа, улс дотроо хийсэн наймаа юм бол төрдөө хэлээгүй л арилжаа байхгүй юу. Төгс шалтаг нь энэ. Энийг л Ц.Нямдорж яриад байгаа юм. Нямдорж бол төрт ёсыг л сахиж яриад байгаа. Хувьд өгөхгүй гэж байгаа юм бол төрөөс мөнгө гаргаад улсад авчих хэрэгтэй шүү дээ. Хэдэн жилдээ хүүхдүүдэд өртэй л байна биз, цувуулаад л өгчихнө биз. Ингээд шийдчих юман дээр чинь л Нямдорж руу дайраад байх шаардлага юу байна. Нямдоржийг гоочилж болно. Нямдоржийн байж байгаа нь улиг юм шиг санагдаж болно. Шударга ёс хуучрахгүй шүү дээ. Тэгэхээр Нямдорж хуучрахгүй гэсэн үг. Нямдоржийн бодож санаж яваа нь хэзээ ч хуучрахгүй. Би Нямдоржид хайртай. УИХ-д дөрвөн жил нэг ширээнд цуг суусан. Хэзээ, юунд гомдож, юунд баярладаг, юуг өөнтөглөдөг, юуг магтдаг, бүгдийг нь нэвт мэднэ. Тийм болохоор Нямдоржийг би өмөөрдөг. “Түрээсийн байранд байдаг” гээд Нямдоржийг гоочлоод л байх юм. Түрээсийн байранд байгаа Нямдоржийг АТГ-т өгч байгаа юм бол хөдөөнөөс ирж байшин түрээсэлж байгаа муусайн оюутнуудыг АТГ-т өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд шалгахгүй юу. Энэнтэй адил эд нар өрөвдмөөр юм яриад байгаа байхгүй юу.

-Таны хайртай Ц.Нямдоржийг чинь “Шударга дүр эсгэдэг, хонины нэхий нөмөрсөн чоно” маягийн хүн гэх хэсэг ч байдаг л юм билээ дээ?

-Аа худлаа худлаа. Тийм хүн биш. Би Нямдоржийг яагаад өмөөрөөд байна гэхээр өдий дайны төрөөр явсан хүн чинь амьдралынхаа хэрэглээний дайны юмыг эдэлж болно оо доо. Илүүд нэг их үхэж алдан шунахгүй байх. Нямдоржийн нэгэн гайхамшигтай чанар нь хүүхдэдээ л хайртай хүн. Үхэн хатан үрээ хайрлаж чаддаг хүн. Үрээ хайрлаж чаддаг хүн үрийнхээ өмнө нэр хугарах, үрээ хэл амтай хорвоод үлдээх, үр дээрээ сүүдэр тусгаж үхэхийг цээрлэдэг ш дээ. Тэрийгээ мэдэх хүн. Тийм болохоор би өмөөрөнгүй ярьж байгаа юм.

-Та бас намуудын тухай ярина гэсэн дээ?

-Сая АН “49 хувь дээр 51 хувийг нэмээд зуун хувь идэх нь” гэж байна лээ. Тэд өөрсдөө иддэг. Бүгдээрээ л хувааж идсэн. Эрдэнэтийн идээнээс амсаагүй хүн байна гэхээр инээд хүрээд байх юм. Аливаа нэгэн тойруу замаар, улсын төсөвт орсон мөнгө нь хүн бүхэнд талх, будаа болж очиж байгаа. МАН, АН энэ хоёр нам нэр хүндийн хувьд, бодлого, төгс шийдэл, эр зоригийн хувьд, ард түмэндээ эх нь юм шиг зөөлөн сэтгэл гаргаагүйн хувьд, ухаалаг, эрдэмлэг, гэгээн байгаагүйн хувьд шившиг боллоо.

-Хоёулаа юу?

-Тийм. Хоёулаа хэрэггүй. Би шулуухан хэлэхэд Монголын ард түмэнд нам хэрэггүй болж. Ариун нэг сэжүүр ч алга. Тэгэхээр чинь хүн биширч, шүтдэг юм уу. Шилийн хулгайч айлын уяан дээр ирчихээд хүүхдийнх нь толгойг илээд, үнсээд мордоход айлынхан “Энэ хулгайч юм” гэж хэлдэггүй шүү дээ. Тэгж хэлэхээс цээрлэдэг юм. Хүний үр хайрлах тэнхэлтэй хүнийг “Хулгайч” гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд бод доо, монголчууд ямар өргөн дэлгэр ухааны улс байна. Би бүр энэ намуудад дургүй хүрээд байдаг юм. Ярьж байгаа юм нь дандаа дэвшүүлэх, эсвэл буулгах. Бүүр нураах. Эсвэл солих. Ийм юман дээр л маргаад байх юм. Монгол орны хөгжлийн чиг баримжаа, ирээдүйн төлөөлөл, төсөөллийг сольж бод л доо. Тэрний төлөө хэрэлд л дээ.

-Зөвхөн албан тушаалын төлөө алалдаж, сандал ширээгээ л булаалдаж тэмцэлдэх юм даа?

-Албан тушаалыг зарна. Мөнгөөр худалдаад авчихсан ажлыг хэн сэтгэлээсээ хийх юм бэ. Авлига өгөөд, мөнгөөр худалдаад авчихсан юм чинь татах тамхи л гэсэн үг ш дээ. Үхтлээ зүтгэж, оюун тархиа барж, төр түмэндээ танигдаж гарч ирсэн сэхээтнүүд бол омог бардам ажлаа хийж болж байна.

-Тийм чадварлаг мэргэжилтнүүдээ сонгуулийн дараа л өвдөглөөд хаячих юм байна шүү дээ?

-Нөгөө гайтай намын харьяалал тэр. Нэг намд дандаа сайн нь цуглаад, нөгөөд дандаа новш нь чихнэ гэж байдаг юм уу. Тийм юм ерөөс байхгүй. Тэгж ярих юм бол намын харьяалал дотор байгаа хүн тухайн намд байгаа оюунлаг, ухаалаг, эрдэмтэй, ажлаа хийж чадаж байгаа хүмүүсээ аль ч нам хайрлах ёстой. Хүнийг хайрлана гэдэг чинь Монголыг хайрлахын нэг шалтаг шүү дээ. Хүн хүнээ хайрлахгүй бол Монголыг хайрлаж байгаа гэж худлаа хашхираад нэмэр байхгүй. Монгол хүнийг хайрла. Монгол цусыг хайрлаагүй, өмөөрөөгүй байж Монголыг би хайрлаж байна гэж худлаа хашхираад яах юм. Ийм хөөсрөл хэрэггүй. Бид чинь нэг цусны улс шүү дээ. Цусаа өмөөрч чадахгүй, цусыг нь гартал доромжлоод, муу хэлээд сууж байх юм. Амны алдас шиг муухай юм хаа байна. Үгүйдээ соёлтой ярьж болно оо доо. Соёл гэж эд нар солиордог. Соёл гэдгийг монголчууд жудаг гэдэг. Жудагтай, ахан дүүстэй улс шүү дээ. Монголчуудын хүн чанар, эр зориг, бие бялдрын сайхан, эрээ цээргүй, гүдэсхэн, сайхан сэтгэлтэйг нь магтаж дуурайдаг бөхчүүд яаж байна.

-Ээ мэдэхгүй, гэдсэндээ хөлөө жийлцээд байх шиг л байх юм?

– Инээдтэй байгаа байхгүй юу. Монгол эр хүний дуурайллууд ийм өрөвдмөөр, ичмээр байсан юм уу. Бөх барилдана гэдэг чинь тархи барилдахыг хэлдэг юм. Бие барилддаггүй юм шүү дээ. Бөхчүүд Монгол бөхийн өргөө гэдэг бөөрөнхий бялуу шиг хэлбэртэй байшингаас болж хуваагдаад байгаа юм аа даа. Тэгж ярих юм бол төсөв хүрэлцэхгүй байхад үхтлээ гүйж хөөцөлдөн байж босгосон Соёлын яамны орлогч сайд П.Даваасамбуугийн нэрэмжит Монгол бөхийн өргөө гэж байх ёстой юм. Өнөөдөр яагаад энэ тоорт шиг байшинг эд нар идэх гээд байгаа юм. Эд нарт бай мөрий, ашиг дутаа юу. Монголын ард түмний хайр дутаа юу

-Харин ч торгоны дээдийг өмсөж, тэрэгний дээдийг унаа байлгүй?

-Монголчууд бөх түрүүлэхэд юугаа ч хайрлахгүй байхад энэ бөх нар даанч дээ. Үгүй тэгээд, Их хурлын гишүүд, зарим компанийн эзэд жижигхэн спортын төрлийн холбоодын дарга болох дуртай юм. Сэтэр зүүж олон хадагтай хуц ухна шиг болох гээд байх юм. Ямар хэрэг байна. Эдэнд юу дутаав. Их хурлын гишүүнд юу дутчихаад жижиг холбооны дарга болох гээд байдаг юм. Монголын шилдэг акул компанийн захиралд юу дутлаа гэж тэр байшинг булаацалддаг юм. Дунд нь байж байгаа улсыг хар. Өдөржингөө нэгийгээ оршуулж уйлчихаад орой нь хэрэлдэж байгаа юм. Бөх хүн тийм байсан юм уу. Ядахнаа гурав хонуулж болдог байгаа даа. Монголчууд өнгөрснийхөө хойноос дөчин ес хоногт ам муруйдаггүй, зул тасалдаггүй шүү дээ. Тэгсэн чинь дөрвөн цаг ч бололгүй очоод хэрэлдчихдэг. Ертөнцийг мөнхийн юм шиг уучлалтай хандах аваргууд ханхайгаад сууж байх байтал ийм хутгуур болоод явж байх нь дэндүү гунигтай.

-Монгол наадмын зүүний манлай Мөөеө аваргыг уначихангуут л энэ бөхчүүд хагаралдаад уналаа гэж олон түмэн ярих юм?

-Зангарагтай, ухаантай хүн байлаа. Би хар нялхдаа нэг суманд өссөн. Надаас гурав ангийн ах. Их гэгээтэй хүн. Бөх хүнд хоёр гэгээ байдаг юм. Зодог шуудгаа өмсчихөөд байхад нь эс болгоноос нь гэрэл гардаг. Мэхээ хийгээд, барилдаад эхлэхээр дотроос нь гэрэл гардаг. Ийм хоёр гэрлийн зохицолтой хүн бол Мөнхбат аварга байсан. Нас барсан өдөр нь би өөрөө очиж чадахгүй юм чинь харууслын үг фейсбүүкт бичлээ л дээ.

-За юу гэсэн үг бичив?

-“Бадын гол нулимсаар урсаж, Батхаан уул чулуугаар мэгшиж байна” гэж бичсэн. Дэндүү ухаантай хүн байсан. Ухаанаа бүүр бодож байж олохоор их сонин хэлнэ. Шатар сайхан тоглоно. Намайг “Бавуугийн садга” гэдэг байлаа. “Бавуугийн садга миний охидод өгсөн захиаг уншсаар байгаад яруу найрагч болсон юм” гэж номондоо бичээд, телевизээр яриад баллана аа, цаадах чинь. “Миний дүү” л гэнэ. Нэг л удаа намайг п…. гэсэн юм.

-Амных нь уншлага байсан юм биш үү?

-Уншлага ч яахав, хэлэхгүй хүндээ хэлдэггүй юм. Хоёулаа “Найман гишүүн төгөлдөр цай”-ны рекламанд их хүйтэн идэр есөөр явж Чойрын наад талд орсон бууртай тэмээний хажууд зураг авахууллаа. “Ах нь бол чамайг бодохноо таван Д-тэй, би нимгэвтрийг нь өмсье” гээд өгсөн хувцсыг нь өмслөө. Үдшийн хүүш болчихлоо. Хүйтрээд ирсэн чинь бээрээд. Би “Цайны шилбэ босоод сайхан жил болох нь ээ” гэсэн чинь бээрчихсэн, нус нулимс нь гоожчихсон, нөгөө таван Д-тэй хүн чинь бүр үрчийсэн шар юм болчихсон “Чухам аа чухам” л гэх юм. “Эжий санагдмаар цай байна” гэхээр л “Чухам аа чухам” л гэх юм. Тэгэхээр нь би инээчихгүй юү. Үхтлээ инээгээд, нүүрээ малгайгаараа дараад элэг хөшчихсөн чинь “Үхсэндээ инээгээд байгаа п…. вэ” гэж намайг аашилсан. Нэг удаа л тэгж айхтар уурласан. (инээв. Л.Б) Тэр дурсамж одоо надад чихэр шиг санагддаг.

-Та төрийн тухай, төрт ёсыг алдуулахгүйн тухай их бодож, туурвидаг хүн дээ?

-Төрд тархи л ажиллана. Төр бол хүний оюун санааны чадавх, хүн чанар хоёрыг их голдог. Дээд зэргийн хүн чанартай, дээд зэргийн уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг. Эд нар түүхийн өмнө өнөөдөр муу юм хийж байвал хожим Монголын түүх хонзонгоо авах шиг авна. Түүхийн хонзонгийн өмнө хэдэн үе үржээд ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л гашуунаар бод гэж хэлмээр байна.

-Христээс Иуда урвадаг шиг урвагчид ч их байх юм даа?

-Урвагчид яах вэ дээ. Урвана л гээд байх юм. Урваж байгаа нь их сонин ш дээ. Албан тушаалын төлөө урвана, ашигтай газар руу урвана. Ямар хөөрхөн гээч. (Гашуунаар жуумалзасхийв. Л.Б) Энэ чинь соргог бэлчээрт отроор нүүж байгаа нүүдэл биш шүү дээ. Үхсэн хойноо ч урвах бол доо. Өөдтэй ч урваж чадахгүй байна. Амиа хорлотлоо, алуултлаа урваж чадахгүй, зүгээр л золбин урваад энд тэнд далиганаа л, амьтан долоогоод л, эсвэл хазаад л, дунд нь шалчиганаад л, тэнэгтээд л, өөрсдийгөө өмөөрөөд л, таашаалаараа бүлэг бүлэг болж, хэсэг хэсгээрээ бөөгнөчихсөн. Бие биенийгээ аятайхан үг хэлэхээр л дагаад явчихна. Өвс дагаж мал амьдарна, үг дагаж хүн амьдрахгүй. Энийг би хар үсгээр бичээсэй гэж бодож байна. Үг дагаж хүн амьдрахгүй.

-Өөрийн гэсэн толгойтой бай л гэсэн үг дээ?

– Хүн өөрийн гэсэн толгойтой юм чинь үг дагаж амьдарч яах юм. Монгол хүн бол хүн төрөлхтнөөс илүү тархитай, илүү бие бялдартай, илүү сайхан сэтгэлтэй, илүү хүнлэг, илүү түүхтэй бодьгал шүү дээ.

– Ү г дагаж амьдарч болохгүй гэхээр бага хаадын үе шиг болчих юм бол уу?

-Аа худлаа. Чингис хааны маань үр сад хэзээ эвдэрснийг хэн харчихаав. Солиор гэж хэлнэ. Арабын түүхчдийг унш, үгүйдээ Рашид-ад-Диний “Судрын чуулган” уншчих гэж хэлье. “Акбар Моголан” гэж мундаг ном гарлаа. Тэнд Хүлэг хааныг нас барахад очиж байсан хаад, очоод ярьж байсан бүхнийг бичсэн байгаа. Яаж ч муудалцсан хаад том хуралдай зарлахад дайсагнасан байсан ч ирнэ. Үгүй тэр чинь их өвгийнх нь ором нь байж байгаа юм чинь яахав. Үхсэндээ бага хаад эвдрэлцлээ гэдэг юм. Хараагүй байж, мэдээгүй байж. Гадны хүний харж байгаа нүд чинь монгол хүний Монголоо харж байгаа нүд биш шүү дээ. Дотор нүд биш. Хүнд дотор нүд, гадар нүд гэж хоёр юм байна. Гадар мэдрэмжийн сургаар Монголын түүхийг хэрвээ ойлгох гэж оролдвол дэндүү алдас болно. Би Монголын түүхийн сэдвээр өчнөөн жүжиг бичсэн. Би одоо ч бичнэ, амьд байвал. Тулуйгаар “Хаан золиос” гэж нэг сайхан жүжиг хийнэ. Бичиж байгаа. Удахгүй дуусгана. Хийх шиг хийнэ. Монголын хаад чинь тийм хагаралтай байгаагүй. Үхсэн, эдний байгаа байдал Монголын түүхтэй адилхан биш байна.

-Пунцагийн Бадарч ахтай саяхан уулзахад таны тухай яриад л их үгүйлж байх шиг байсан шүү?

-Хөөрхий дөө, мөрөөрөө амьтан. Би Зохиолчдын хороонд “Утга зохиол” сонинд зураач байхдаа Монголын тэр үеийн зохиолчдынхоо номын бараг бүх хавтсыг зурсан. Л.Лувсандоржийн ном, Д.Урианхайн “Хүн танаа”, Бадарч гуайн “Есөн эрдэнийн орон”, Т.Очирхүүгийн “Алтайн унага” гээд захаас нь дурдаад байвал олон. Номын зургаар хүүхдүүдээ тэжээдэг байлаа. Үхсэн хүн зурна. Би чинь зураач байсан ухаантай ш дээ. Зохиолчдынхоо номын дээлийг оёж өгч байсаан. Оёдолчин байлаа. Бадарчийн “Морьд” номыг нь их уншина. “Хэрлэн гэж шүлгээр эхэлнэ. “Нар тосон мэлтэлзэх мөнгөн цартай ус минь Найр наадмын түрүүнд таван түрлэг дуулал минь Надад өвөг эцгийн минь ярьсан цуутайхан домог минь Намуухнаар цав цагаан цахлай наадах ус минь…” гээд бүүр цээжилчихсэн. Үнэн юм энгийн мөртлөө сэтгэлд бууж байгаа нь сайхан. Болчихмоор ч юм шиг, хэн ч биччихмээр ч юм шиг. Сайн юм их хялбархан сонсогддог юм шүү дээ. “Загал” гэдэг дуулийг нь би тооно. Тэр их гоё. “Одод шиг олон ижил дундаа Саран шиг содон морь минь” гэж байгаа юм. Тэгээд нөгөө морь нь гүйгээд ирдэг юм, эргээд. Эргээд гүйгээд ирэхээр нь “Хүний ногтонд эрдэнэт толгойг нь өргөхөд Хүн шиг болсон загалыгаа би уйлав уу даа гэж харсан” гэж байгаа юм. Яая, тэгээд ирэхээр л сэтгэл нэг өөрийн эрхгүй огшоод ирнэ дээ. Тэр чинь их сайхан шатлалтай, драмтай. Төгсгөлд нь “Дахиад би загалыгаа гүйгээд ирвэл түрийнээсээ урт цагаан гаанс, адуунаасаа дөрвөн залуу морь өгнө” гэж дуусдаг байхгүй. Монгол хүнд чинь нэг ийм ааг ханхалсан юм хэрэгтэй байна ш дээ. Бадарч гуайдаа би их хайртай. Одоо ная гарчихаж байгаа л даа. “Монголын уран зохиолын таван хуруу” гэж Лувсандамбын Дашням, Д.Урианхай, Д.Батбаяр, Ж.Лхагва бид чинь “Дөмөн” хамтлагийнхан. Хамгийн бага нь би юм. Одоо бид уран зохиолын хөгшчүүл боллоо доо. Буурал оргилууд гэх нь ч юу юм, ямар ч байсан буурал толгод боллоо.

-Би ч та нарыгаа “сэтгэл оюуны гэрэлт сүмбэрүүд” гэж л боддог доо?

-Чи ч утга зохиолын ахмад буурлууд биднийгээ рестораны нэмэгдэлтэй магтах юм даа. (хоёул инээлдэв) Бид ийм сайхан юм сонсож, хууртаж байгаад үхмээр байна. Тэрнээс би “Сүмбэр” гэж айлгаад давхихгүй шүү дээ. Би та нараасаа ийм үг сонсохоор “Миний хойч үе надад хайртай байна” гэж баярлана аа даа. Энэ урмыг яах юм бэ, та нар.

-Зохиолчдоос ойрд эргэж ирэв үү?

-Ирэлгүй яахав. Урианхай гэхэд хоёр хоногийн өмнө ирээд явсан. Байнга ирнэ. “Найз аа, бид хэд чинь хагас зуун жил үерхжээ” гэж байна лээ. Жаран долоон оноос хойш үерхсэн байна. Тавин нэгэн жил болчихож. Би чинь их догшин ш дээ, ааштай. Тэр муутайгаа ам муруйж ч үзсэнгүй. Тэгэхдээ манай “Дөмөн”-гийнхөн намайг их эрхлүүлнэ ээ. “Лхагвасүрэн ирээгүй найр найр биш” энэ тэр гээд л. Их хөөрхөн онгирооно. Их сайхан юм, найз нөхөдтэй байх. Дашням маань хүлээнэ. Лхагваа маань байхгүй.

-Дашням ахтай саяхан уулзахад та нарыгаа бас яриад л байсан?

-Бид сайхан үерхсэн. Гэр бүлийн найзууд. Хүүхдүүдээ дундаа хийж зулж унтаад л. Ингэж насыг барлаа. Ямар ч байсан сайхан эх оронтой, сайн аав эжийтэй, сайн найз нөхдийн дунд хорвоог барж байна даа. Энэн шиг том аз байдаг юм уу, үгүй юу. Би хүн өсгөх л гэж, хүүхдүүдээ өлсгөхгүй гэж л зүтгэсэн хүн байгаа юм. Жоохон авьяас надад байгаа бол Монголын ард түмэнд юм хийгээд өгчих юм сан гэж бодох юм. Бодож байгаа. Хийсээн. Гэхдээ хүн ер нь бодсоноо хийж бардаггүй юм байна. Бодсоноо баралгүй үхдэг юм байна. Цуглуулсанаа идэлгүй үхдэггүй юм байна. Цуглуулсанаа идэж барж болох байх. Сэтгэл, бодол хоёр хүнээс ямар их урд явдаг гээч.

-Арлааны Эрдэнэ-Очир маань мөн ч залуухан буцлаа даа?

-Зохиолчдын хорооны дарга байхдаа УБДС-д оруулсан миний 13 хүүхдийн нэг. Эрдэнэ-Очирт бол зохиолч хүнд байх ёстой бүх элемент байдаг. Зохиолч хүнд байх ёстой хошин чанар, уянгын чанар, зоримог шийдмэг чанар, энхрий нялуун чанар, онол бодролын мөн чанар бүгд л түүнд байсан. -Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань ч бас л… -Хамгийн сүүлд М.Отгонбаяртай орж ирээд “Ном аваад явна шүү, ах аа” гээд явсан юм. Ирэлгүй явчихсан байсан. Ховдод очиход надаас салахгүй. Явуугийн дөрвөн номерын модны дэргэд Баасан бидний авахуулсан зураг зөндөө байдаг юм. Хөөдөөгийн Эрдэнэбаатарт орчлонгоос нууж хадгалсан юм цээж, тархи хоёрт нь нэг ч байхгүй. Цайлган, байгаагаараа, их тодорхой хүн шүү дээ. Уулзуут л уншиж болох, бариут л дуустал уншмаар ном шиг хүү байсан даа. Их галтай цогтой, бадрангуй сайхан яруу найрагч хорвоогоос ингээд явчих юм даа. – За тийм байжээ, хөөрхий… -Эцэст би баярласнаа хэлье. Ярьсныг минь унших хүнд баярлахаас гадна намайг яриулсан чамд илүү их баярлах ёстой. Ард түмэн, бид хоёрын дунд зууч болсны чинь төлөө, өөрийн чинь ярилцлагыг ард түмэн дуртай уншдагийн төлөө дүүдээ маш их баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Deepfakes” буюу хуурамч дүрс хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Гэдэсний халдварт өвчний
улмаас 45 иргэн ХӨСҮТ-д ханджээ” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Deepfakes” буюу хуурамч дүрс хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Эдийн засагч Н.Дашзэвэг: М.Энхболдын асуудлыг
МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх, УИХ-ын хэсэг гишүүд
ирэх сонгуулиас өмнө шийдье гэж үзэж байна хэмээн ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт Б.Лакшми: Засгийн газар өрийг
өрөөр дарж байгаа нь эдийн засагт
ашигтай шийдэл биш хэмээн ярьжээ.

Цагдаагийн есөн хурандаатай ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Хар тамхины хэрэгт дахин холбогдсон
Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял оноож
болзошгүй хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

”Өдрийн сонин”-ы “Домогт хүлгүүд” нүүрт Ононгийн аварга хээрийг
эргэн дурсахад хэмээснийг хүлээн авч уншаарай.

Бөхөө дээдэлдэг түмний
хайр хүндэтгэлийг хүлээсэн
хүчит их аварга бол яалт
ч үгүй Дагвацэрэнгийн
Хадбаатар юм. Тэрээр
гурван ч удаа “аавын
хаалга” татаж алдаж, онож
явсан нэгэн. Энэ талаар
хурандаа Хурандаа Балчингийн Нацаг: Хадаа аваргад
таарах хувцас байхгүй, Бэрлэгийн хориход
шуудагтайгаа л явж байдаг сан хэмээн “Хүмүүс” нүүрт ярьжээ.

Ноосны үнийг унагана
гэв үү хэмээн “Үзэл бодол’ нүүрт өгүүлжээ.

БНСУ-д ажлын
байрны тоо буурчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах ликээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гуравдагч этгээдээр баталгаажсан тодорхойлолтыг ТҮЦ машинаас авч болно

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна.

ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор хоёр хүүхэд амиа алджээ

Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөөдөр өглөө 08.00 цагийн үед ноцтой осол гарчээ. Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ. Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа аж. Тухайн ослыг харсан гэрчийн хэлснээр “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ.

Осол гарсан газар Замын цагдаагийн алба үзлэг шинжилгээ хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж зарах зөвшөөрөл нэг ч хүнд олгоогүй гэв

Улаанбаатар хотод гэр бүлээрээ амарч зугаалах газар тун цөөн. Хамгийн ойр, томхон талбайтай хэсэг бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Анх байгуулагдахдаа цэвэр агаартай, сэлүүхэн зайтай байсан бол өнөөдөр утаа униараар дүүрч, худалдаачдын хөлд дарагджээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн биш хар зах болон хувирлаа гэсэн шүүмжлэл ч дагуулаад байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан ажиллалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох орон сууцны хорооллын иргэдээс шорлог, хуушуурны хиншүү утаа үнэртээд байна гэдэг гомдол хамгийн их гардаг байна. Гэтэл цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж зарах нэг ч зөвшөөрөл олгоогүй иргэд дур мэдэн үйлчилгээ явуулж байгааг зохицуулж хүчрэхгүй байгаа талаар цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хэлж байна.

Иргэд олон нийт хамгийн ихээр зорин ирж чөлөөт цагаа өнгөрүүлж амарч зугаалдаг учраас худалдаа үйлчилгээний газруудын эрүүл ахуй аюулгүй байдал өндөр байх ёстой. Гэтэл албан ёсны зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхэлж байгаа газруудаас ч багагүй зөрчил илэрч байгааг өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд ажилласан мэргэжлийн байгууллагынхан хэллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд албан ёсны 28 түц, 30 иргэн аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй. Энэ тоог нэмэгдүүлэхгүй. Харин зөвшөөрөлгүй дур мэдэн үйлчилгээ эрхэлж шорлог хийж байгаа хүмүүстэй иргэд өөрсдөө хариуцлагатай хандаж эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй ил задгай хоол хүнсээр үйлчлүүлэхгүй байхыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал өнөөдөр боллоо. Үерийн улмаас ойрын өдрүүдэд үүссэн нөхцөл байдал, мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн ажилласан болон үерийн дараа ариутгал, халдваргүйтгэлийг зөв, үр дүнтэй зохион байгуулахад анхаарах, ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орон төлөвтэй байгаа тул урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч, гамшиг ослын үед шуурхай ажиллахыг цахим хурлаар үүрэг болгов.

Түүнчлэн орон нутаг руу аялах, зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг энэ үед авто зам дагуух цайны газар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эрүүл ахуй, бүтээгдэхүүний чанар, ил задгай хүнсний худалдаалалтад анхаарах, Даншиг наадам зохиогдох аймгуудад хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарахаас сэргийлэх, хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг чиглэл болгосон.

Мөн өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдэд сэрэмжлүүлэх, хууль бусаар ан агнуур хийхгүй байх, жимс, самрыг зохих зөвшөөрөлгүй түүхгүй байхыг зөвлөх, хууль бус алт олборлогчдын үйлдлыг таслан зогсоох чиглэлээр анхаарч ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас сэргийлье

Манай орны 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна.

МХЕГ-аас болзошгүй бүс нутагт хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх, үнэн бодитой зөрчлийн мэдээллийг хуулийн дагуу урамшуулахад анхаарч ажиллахыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Ажлын анхны өдрөө захирлаасаа машин бэлгэнд авчээ

Америкийн Алабама мужийн оршин суугч Уолтер Керр гэх 20 настай залуу ажлынхаа анхны өдөр захирлаасаа автомашин бэлгэнд авчээ. Залуу “Bellhops” гэх нүүлгэлтийн компанид ажилд орсон аж. Тэрбээр ажилтай болсон ч “ажилдаа хэрхэн очих вэ?” гэх томоохон асуудалтай тулгарчээ. Учир нь түүний машин эвдэрч, найзуудаасаа ажилд нь хүргэж өгөхийг гуйсан ч бүтэлгүйтсэн байна. Улмаар залуу ажилдаа хоцрохгүйн тулд 32 км-ийг явган туулахаас өөр сонголтгүй болжээ. Тэрбээр шөнө дунд гэрээсээ гарч, 7 цаг орчим явган алхаж, 8 цагт нүүлгэх айлдаа ирсэн аж.

Харанхуй шөнө зам дагуу алхаж байсан түүнтэй замын цагдаа тааралдаж, учрыг нь асуужээ. Залуугийн хичээл зүтгэл замын цагдаад ихээхэн таалагдсан бөгөөд тэрбээр Керрийг өглөөний цайгаар дайлахаас гадна бусад эргүүлийнхэнд мэдэгдсэн гэнэ. Залуу хүрэх газраа очиход 5 км дутуу байхад нэгэн цагдаа түүнийг албаны машинаараа хүргэж өгчээ.

Керр бусад нүүлгэлтийн ажилчдаас түрүүлж айлынд ирсэн бөгөөд өөрийнхөө итгэмээргүй түүхээ гэрийн эзэгтэйд ярьж өгчээ.

Залуу ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд хэдхэн сарын өмнө хар салхиар гэрээ алдсан байжээ. Сэтгэл хөдөлгөм түүхийг сонссон эзэгтэй өөрийн фэйсбүүктээ Керрийн гайхам түүхийн талаар бичсэн бөгөөд уг сэтгэгдлийг уншсан “Bellhops” компанийн гүйцэтгэх захирал Люк Марклин залууд “Ford Escape” автомашиныг бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно

Оросын “Россия 1” сувгийн “Incredible People” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчдыг оролцохыг урьж, урилга ирүүлжээ. Энэхүү урилгын дагуу тус академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар гурван долоо хоногийн дараа тус улсыг зорих юм байна.

Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэд өнгөрсөн онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон, дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдсэн билээ.