Categories
мэдээ нийгэм

​Г.Ариунбуян: Аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлээд байна

Улаанбаатар хот болон аймгуудад үер бууснаас хоёр иргэн амь насаа алдаж, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учраад байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаас тодруулав.

2018 оны долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлээд байна. Хамгийн их гамшигт өртсөн аймаг бол Баян-Өлгий. Тус аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэд /1636 хүүхэд, 159 өндөр настан, 123 хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ гамшигт нэрвэгдсэн. Мөн энэ үеэр гурван иргэн хүнд бэртсэн. Одоогоор 220 гаруй өрхийн 1560 орчим иргэнийг аюулгүй газар буюу Ховд их сургууль, бусад сургуулийн дотуур байр, цэцэрлэг зэрэг найман байрлалд 670 орчим иргэнийг түр хоргодох байраар хангаж, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаад байна. Мөн 5,1 км үерийн далан босгож байна. Баян-Өлгий аймаг хамгийн хүнд байгаа. Тиймээс Баян-Өлгий аймагт 670 орчим сая төгрөгийн санхүүжилт эхний ээлжинд шаардлагатай учраас Улсын онцгой комисст хандсан. Улсын онцгой комиссын хуралдаанаар шатахуун, дизель түлшнээс бусад хоол хүнс, гэр орон зэрэг шийдвэрүүдийг гаргахаар боллоо. Баян-Өлгий аймгийн онцгой комиссоос оройлцоогоор 30 сая орчим сая төгрөгийн зардал гаргасан. Түүнээс гадна Баянзүрх дүүрэгт долдугаар сарын 17-нд үер бууснаас далан, суваг, шуудуу сэтэрч, 28 айлын гэр, байшин усанд автсан. Төв аймгийн Борнуур, Зуун мод, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сум, Сүхбаатар аймгуудын нутагт үер бууж зам талбай, гүүр эвдэрсэн, айл өрхүүд усанд автсан байдалтай байна. Онцгой байдлын ерөнхий газрын төв, орон нутгийн 600 гаруй албан хаагч газар дээр нь шуурхай ажиллаж, үүссэн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч байна. Аймаг, орон нутаг руу явах чиглэлийн авто замууд маш их эвдэрсэн учраас зорчих хэсгийг нээхээр холбогдох хүмүүс нь ажиллаж байна. Гамшгийн үеийн хөрөнгө санхүүг тухайн орон нутгийн онцгой комиссоос гаргадаг. Орон нутгийн нөөц дууссан тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газрын түвшинд шийддэг. Нийслэл болон орон нутагт нүхэн жорлон ихтэй учраас үерийн үеэр халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрүүл мэндийн байгууллагууд ариун цэврийн үйлчилгээ болон халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Баян-Өлгий аймгийн хувьд 70 орчим га газар халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай ч газар нь нойтон, зарим газраа усан бүрхүүл тогтсон учраас халдваргүйжүүлэлтийг шууд хийх боломжгүй. Бага зэрэг хуурайшилттай үед халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Нийслэлийн хувьд одоогийн байдлаар хүндэрсэн тохиолдол алга. Цаг уурын байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр долдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар усархаг бороотой, түр зуурын аянга цахилгаантай бороо орно гэсэн. Тэгэхээр ард иргэд маань өөрсдийн аюулгүй байдлыг хангах, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт зорчихоор бол цаг агаарын мэдээ, мэдээллийг сайн сонсч, аюулгүй байдлаа зохицуулах хэрэгтэй. Ялангуяа гол усны түвшин нэмэгдэж байгаа учраас өөрсдийн болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-өлгийд нэг сая төгрөгийн хандив өргөлөө

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олноос нэг сая төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тус дүүргийн засаг дарга Х.Болормаа “Өнгөрсөн хавар шар усны үерийн улмаас дүүргийн 15-20 дугаар хорооны 100 гаруй өрх үерт өртсөн. Энэ үед дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, шуурхай арга хэмжээ авч дээрх хороодод далан шуудуу татах, үерийн сувгийг цэвэрлэх, шинээр шугам хоолой тавих ажлуудад засаг даргын нөөц хөрөнгөнөөс 40 гаруй сая төгрөгийг зарцуулсан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Өнгөрсөн жил тус дүүргийн Засаг даргын тамгын газраас Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод ажиллаж байсан Онцгой байдлын алба хаагчдын хоол хүнс, бусад шаардлагатай эд зүйлст зориулж 720 мянган төгрөгийн хандивыг мөн өгч байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэжээ

Иргэн Л.Баасанноров цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэлээ. Тэрбээр нийгмийн хариуцлагаа дээдлэн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

Л.Баасаноров хэлэхдээ “Урин дулааны цагт иргэд гол, усанд эндэх тохиолдлууд гарч байгаад санаа зовж, өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээсэн. Цагдаагийн алба хаагчид маань энэ завийг ашиглан голын голдрил дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэвэл тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр болно гэж бодсон” гэлээ.
Он гарсаар 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Иймд иргэд та бүхнийг бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, г олуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана

Жил бүр хотын дулааны шугамыг солих ажил хийгддэг. Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 5 дугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болсон билээ. Тэгвэл Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн 2 эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хаахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Японы бизнес форум”-ыг зохион байгуулав

Япон Улсын Токио хотноо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Гадаад харилцааны яам, Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Экспорт олон улсын худалдааны төв хамтран “Монгол-Японы бизнес форум”-ыг 2018 оны 6-р сарын 24-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, экспортын зах зээлийг бий болгоход тулгамдаж буй асуудлыг шийдэх гадаад зах зээл дээр экспортын боломжит бүтээгдэхүүнийг таниулах, маркетинг хийх, Монгол Улсаас Япон Улс руу хийх экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх” зэрэг зорилтыг хангахад чиглэсэн юм.

Форумд Японы талаас тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Жижиг, дунд бизнесийг дэмжих төв тэргүүтэй 120 гаруй бизнес эрхлэгчид, Монголын талаас 15 байгууллага, тэдгээрийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг нээж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Д.Батжаргал, Япон Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаад худалдааны газрын дарга Акахи болон зохион байгуулагчдыг төлөөлөн ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал, Экспорт олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай нар үг хэлсэн.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал “Монгол Улсын бизнесийн орчин, жижиг, дунд бизнесийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Япон Улстай хамтран ажиллах боломжууд” сэдвээр илтгэл тавьж, Япон улсын бизнес эрхлэгчдийг салбарын бодит мэдээллээр хангалаа. Мөн Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж, Экспорт олон улсын худалдааны төв, “Монос” групп, “Марал Дизайн”, Спирит оф Натур зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын ноос ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээвэр зууч, ажиллах хүч зуучлалын чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрсдийн нөөц боломж, чадавх, онцлог давуу талыг танилцуулсан.

“Монгол-Японы бизнес форум”-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргахад бодит үр дүнгээ өгөхүйц хамтын ажиллагааны эхлэлийг тавьсныг онцлон тэмдэглэж байна. Үүнд,

  • Монголын талын төлөөлөгчдийг Кавасаки хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Осамицу Ямада тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд талууд хамтран ажиллах санамж бичиг үсэглэлээ.
  • Форумын оролцогч арьсан цүнх, түрийвч үйлдвэрлэгч “Марал Дизайн” ХХК нь 50 жилийн түүхт “Kawano Japan” компанитай хамтран Япон стандартын дагуу үйлдвэрлэсэн арьсан цүнх, түрийвчийг экспортлохоор тохиролцсон юм.
  • Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Спирит оф Натур” компани Япон улсын шилдгийн шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны төвөөр зочилж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийсэн төдийгүй өөрийн бүтээгдэхүүний орц найрлагийг Япон Улсын шинжилгээний лабораториор шинжлүүлэхээр боллоо.
  • Монос групп өөрийн бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээл дээр худалдан борлуулах гэрээ хийлээ.
  • Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ биржийн хувьчлалыг сонирхогч хөрөнгө оруулалтын компанитай уулзаж, хамтран ажиллах эхний алхам хийлээ.
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс цаашид Японы зах зээл дээр хөнгөн үйлдвэрийн дэд салбаруудыг таниулах, сурталчлах ажлыг үе шаттай, төлөвлөгөөтэй зохион байгуулахаар болж, эхний ажлаа ирэх 9 дүгээр сард арьс ширний салбарын байгууллагуудтай уулзалт хийхээр товлосон юм.

Ийнхүү олон чухал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан “Монгол-Японы бизнес форум” амжилттай болж өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

​ҮЦХ-д оройн цагаар зөвшөөрөлгүй шорлогны худалдаа илүү нэмэгддэг гэв

Хүмүүсийг амарч зугаалж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөг хэмээн НИТХ-ын тэргүүлэгчийн 30 дугаар тогтоолоор нийслэл хотын зүүн урд хэсэгт найман жилийн өмнө “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулан тохижуулсан байдаг. Ийм төрлийн соёл амралтын хүрээлэн манай улсад гарын таван хуруунд хүрэхгүй бий. Нийт 973 га талбайд бүтээн байгуулалт хийгдсэн бөгөөд 80 гаруй хувь нь ногоон байгууламж, үлдсэн хэсэг нь гудамж талбай болгон тохижуулжээ. Гэтэл тус газрын ойр орчим “хар зах” шиг болчихлоо гэсэн гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тасралтгүй ирсний улмаас өчигдөр НИТХ дарга С.Амарсайхан болон холбогдох хяналт шалгалтын албаныхан тус газрын үйл ажиллагаатай танилцлаа. Цэцэрлэгт хүрээлэнд очиход зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн ижилхэн ТҮЦ байсан юм. Мөн манай улсдаа л томд тооцогдох кофе шофийн сүлжээ энд байрладаг аж.

Ойр орчимд оршин суугаа иргэд “Шорлогны утаа, хуушуурын үнэр, хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй хүүхдийн биед хортой хуванцар тоглоомууд, аюулгүйн баталгаагүй хүүхдэд унуулдаг машинаар энэ хавь дүүрч байна” гэж удаа дараа мэдэгджээ. Үнэхээр ч ТҮЦ болгон гаднаа асар барьж хэд хэдэн сандал ширээ байрлуулан наана нь хуушуур хийж, үйлчлүүлэгчдээсээ арай зайдуухан утаа савсуулан шорлогоо шарж байх нь харагдана. Шорлогны утаанд утуулан суух иргэдийн хүүхдүүд нь өнөөх аюулгүйн баталгааг үл хангасан удирдлагатай машиныг унаж байлаа. Төв талбайн хоёр талаар 20 гаруй удирдлагатай машин эгнүүлэн таван байхыг ажиглахад заримынх нь хаалга хаагддаггүй, аюулгүйн бүс нь ажиллахаа больчихсон байв.

Хоёр хэсгээс бүрдэх уг цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн хүмүүс спорт талбай, гүйлтийн зам, дугуйн зам, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, цанын зам, теннисний ширээг үнэ төлбөргүй ашиглахаас гадна дугуй үйлчилгээ авч болох аж. Эсвэл өөрсдийн дугуйгаа авчран усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан ногоон байгууламжаар аялж болох боломжтой. Хүрээлэнгийн зүүн хэсэгт хүүхдийн саад байх аж. Элсээр хүрээлэгдсэн талбайд гулгуур, авирах олс, дүүжин даажин байрлажээ. Мөн цаахна нь хиймэл нуур бий.

Ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн тухайд тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул “Бид чанар аюулгүй байдал хангаагүй үйлчилгээнд өөрсдийн чадлаараа хяналт тавьж байна. Хөөхөөс өөр арга хэрэглэж чаддаггүй. Хөөлөө гэхэд хамгаалагчидтай зодолдон танхайрдаг. Жилийн дөрвөн улиралд манай оффист хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг давхаргын, хөгшин настай гээд 300-400 гаруй хүн ирж наймаа хийх зөвшөөрөл хүсч, зовлонгоо тоочдог. Эсэргүүцвэл амьдрал ойлгосонгүй, биднийг хааж боолоо, амьдрах аргагүй боллоо гэхчлэн элдвээр хэлж, барьцалдан авдаг. Анхнаасаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 28 ТҮЦ-д эрх олгосон. Харин ирсэн өргөдлөөс 30-ийг нь л хүлээн авч, худалдаа хийх эрх олгосны 22 нь хуушуур хийх зөвшөөрөлтэй. Харин манай байгууллагын зүгээс шорлог зарах зөвшөөрөл нэг ч хүнд олгоогүй” гэв.

Мөн тэрбээр “Зөвшөөрөлгүй шорлог зарж байгаа иргэдийг хөөлөө гэхэд үйлчлүүлж байгаа иргэд нь “байж л байг л дээ гээд хэнд гай болчхоод байгаа юм” хэмээн уурлаад байдаг. Бас зөвшөөрөлгүй юм чинь гээд эд зүйлийг нь хурааж авах гэхээр бидэнд тийм эрх байдаггүй учир хөөгөөд л өнгөрдөг. Хөөсөн ч удахгүй буцаад л ороод ирдэг” тухай ч учирлан хэлж байлаа.

Мөн иргэдээс ирсэн гомдлын дагуу тус газрын амрах зугаалах нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд нийслэлээс ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Түүнчлэн мэргэжлийн хяналтын газраас энд үйл ажиллагаагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй газруудыг 15 чиглэлээр шалгаж байна. Зөвшөөрөлтэй ч заримд нь зөрчил гарч ирлээ. Бас зөвшөөрөлгүй маш олон хувь хүмүүс ямар нь мэдэгдэхгүй хоол хүнс зарж, худалдаа эрхэлж байна. Үүнд хүрээлэнгийн зүгээс хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирж байгаа иргэд хоолонд хордох, эрүүл мэндээрээ хохирох эсрдэлтэй тулгарна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг худалдаа эрхлэх газар бус ногоон байгууламж гэдэг утгаар нь цаашид ажиллуулмаар байна” гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэв.

Зөвшөөрөлгүй худалдаа оройн цагаар илүү нэмэгддэг байна. Дардсаар шаар онуулах тоглоом ажиллуулдаг 15 орчим настай хүү “Энэ хавьд ирсэн хүмүүс нэг газар дөмбийж суухаас илүү юм идэх, тоглоом тоглож өөрсдийгөө баясгах сонирхолтой байдаг. Бас орой сэрүү буухаар энд ирж тоглоом тоглуулбал орлого ихтэй сайхан шүү дээ. Бас ус, ундаа зардаг дэлгүүр нэг их байдаггүй болохоор хэрэгтэй зүйлийг нь зарвал орлого ихэсдэг тул нууцаар ч хамаагүй зарвал бидэнд ашигтай” хэмээв.

Биднийг буцах үед, гадаа талбайд худалдаа хийх хүмүүс нэмэгдсэн байх бөгөөд хүмүүс хийн буудлага, цагирган сагс зэрэг явуулын тоглоомын газруудад бөөнөөрөө овоорон бооцоо тавин тоглох нь харагдана. Мөн өнөөх утаа савсуулсан зөвшөөрөлгүй шорлог энд тэндгүй байх болов ч тэдгээр газрууд бүгд хүний хөлд дарагдсан очертой байлаа.

З.СУВД

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтан ирэх ням гаригт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 22-ны ням гаригт явагдана.

Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаагийн тохирлоор 50 сая төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 75 сая болж өснө.

Тохирлыг Боловсрол суваг телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн дээд шагнал Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр өчигдөр Алтан гадас одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, одонг тус сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж, тус сургуулийн үе, үеийн удирдлага, төгсөгч, ажилтан, албан хаагч, сурагчдад баяр хүргэн үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Ховд аймгийн Мөнххайрхан сумын ард иргэд ээ,

Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчид аа,

Эрдмийн уурхай, амьдрал үйлс, алдар хүндэтгэлийн өлгий болсон түүхт сургуулийнхаа 70 жилийн ойг тэмдэглэж байгаа Та бүхэнд ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасныг, сургуулийн амжилт бүтээл, эрдэм оюуны илэрхийлэл болсон хүндэтгэлийн туганд зүүж өглөө.

Аливаа сургуулийн чанар нь сурагчдынхаа тоонд биш, төгсөгчдийнхөө алдар хүндэд байдаг. Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат багш Г.Дашган, Гавьяат эмч О.Батсүх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Хайсандаа, Гавьяат эдийн засагч А.Бааст, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Энэбиш, Гавьяат тээвэрчин Ж.Намсрай, Гавьяат жүжигчин Д.Болормаа, Монгол Улсын алдарт уяач, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр, Монгол Улсын аварга малчин М.Баттулга, Б.Амгаланбаяр, Ч.Оюун, Монгол Улсын урианхай сурын мэргэн Ц.Батзориг, Улсын аварга харваач Ч.Жаргалсайхан зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан байна.

Улс эх орон, аймаг бүс, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй тус сургуулийн бүх төгсөгчдөд сургуулийнхаа нүүр царай, алдар хүндийн илэрхийлэл болж явахыг хүсэн ерөөе. Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль нь төр засгаас боловсролын талаар явуулсан бодлого, үйл ажиллагааг орон нутагт чанар хүртээмжтэй хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр сүүлийн 12 жил дараалан “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарчээ.

Ийнхүү тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одонгоор шагнаж байна.

Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийнхны эрдэм мэдлэг ямагт ундран, алдар гавьяа эгнэгт бадарч байхыг ерөөе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Холбоочдын баяр” өнөөдөр тохиож байна

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН БАЯР – 97 “- ЫН ХУРЛЫН

ХӨТӨЛБӨР

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Хэзээ: 2018 оны 7-р сарын 20-ны өдрийн 14.00-16.00 цагт

13.30 – 14.00 Хуралд оролцогчид суудлаа эзлэх

14.00-14.15 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дага Б.Чинбат үг хэлнэ.

14.15-14.25 Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн үг хэлнэ.

14.25-14.35 Ахмад холбоочдын төлөөлөл- Холбооны Яамны сайд асан, Гавъяат холбоочин Б.Баатар мэндчилгээ дэвшүүлнэ.

14.35-15.35 Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа.

16:00 Хаалт / Сүхбаатарын талбайд баярын хуралд оролцогчид зураг авахуулна./

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн шийдвэр гаргалаа

Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд хамтран Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат болон тус холбооны гишүүн болох “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Могул ноос”, “Сор кашемир” зэрэг компаниудын төлөөлөл оролцсон. Эдгээр компанийн зүгээс 2018 оны 6 дугаар сард хонины ноосыг самнах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гаргасан байна. ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран уг саналыг судалж үзээд угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосны шимтгэлийг 0.2 хувь болгож бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Энэ нь ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортод гаргахыг дэмжсэн шийдвэр боллоо гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байна.

Ийнхүү ноосны шимтгэлийг тодорхой хувиар нэмэгдүүлж байгаа нь ноосны зах зээлийн үнийг буулгах, нөлөөлөх гэсэн алхам биш бөгөөд үнийг хөөрөгдөхгүй байх, тогтворжуулах зорилготой гэдгийг төлөөллүүд тодотголоо. Тэдний үзэж байгаагаар ноосны үнэ 3000 хүртэл төгрөгийн үнэтэй байвал боломжийн бөгөөд угааж, самнаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг одоогийнхоос бага тусч, хэрэглэгчдэд үнийн дарамт учруулахгүй гэж байв. Одоогийн нөхцөлд түүхий эд харьцангуй өндөр үнэтэй байгаа ч “үнээ дагаад чанар” гэдэг ойлголт байхгүй байгааг шүүмжиллээ. Тиймээс малчид үндэсний үйлдвэртээ ноосоо тушааж, килограмм тутамд 1000 төгрөгийн урамшуулал авч, ноосоо үнэтэй худалдаж байгаагийнхаа хэрээр чанартай түүхий эд нийлүүлэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна гэв.