Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Д.Мурат төрөлх сумдаа 31 сая төгрөг хандивлажээ

Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 14-16-ны хооронд болсон үерийн улмаас олон арван айл орон гэргүй болоод байгаа билээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үерт нэрвэгдсэн хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлж, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарласан.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар тус аймгийн орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас нэг сая төгрөгийн хандив өргөсөн юм.

Харин энэ сарын 11-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн төрөлх сум Дэлүүний 80 жилийн ойд оролцжээ. Тэрээр хувиасаа 40 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Үүний 31 сая төгрөгийг Дэлүүн сумын 80 жилийн ойн баярын хандивын дансанд шилжүүлсэн бол, 5 сая төгрөгийг “Дэлүүн-киелі ұйық” түүхийн номыг, 4 сая төгрөгийг «Дэлүүннің 80 жылын 80 ақын жырлайды» нэртэй Дэлүүн сумаас гаралтай яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр номыг хэвлүүлэхээр тус тус хандивласан байна.


Image may contain: one or more people, people standing and outdoor

Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүлэв

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 3, 4 дүгээр хороолол болон “Хархорин” худалдааны төвийн орчимд ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх шаардах хуудас хүргүүлжээ.

Ил задгай худалдаа эрхлэгчдийн эргэн тойронд их хэмжээний орчны бохиодол үүсэхээс гадна гэмт хэрэг гаралт нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй юм. Тиймээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэн даруй чөлөөлөх шаардах хуудсыг ил задгай худалдаа эрхлэгчдэд хүргүүлж буй юм. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, албадан нүүлгэх аж. Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлсэн иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгож, эд зүйлийг хураах юм.

Categories
гадаад мэдээ

Хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ

akulФлоридагийн эргээс холгүй орших, Мексикийн булангийн далайн гүнээс шинэ төрлийн акул олж илрүүлжээ. Түүний том нүд хүүхэлдэйн киноны баатруудынхтай тун төстэй байсан талаар “Live Science” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Ердөө 70 см-ээс хэтрэхгүй урттай, Скалусын төрөлд хамаарах тус акулыг далайн биологич Южин Кларкийн нэрээр “Хатагтай акул” хэмээн нэрийджээ. Кларк нь 1940-өөд оны сүүлчээр карьераа эхлүүлсэн бөгөөд биологийн болон акулын анхны судлаачдын нэг аж.

Эрдэмтэд Скалусын төрөлд хамаарах 20 зүйлийн акул нь ихээхэн нууцлаг бөгөөд судлахын зэрэгцээ хамгаалалтад авах хэрэгтэйг мэдэгджээ. АНУ-ын жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг Флоридын эргээс дэлхийд ховордсон акул зэрэг амьтдыг харах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулж үерийн аюул, учирсан хохирлын талаар мэдээлэл сонсож, албаны хүмүүст хэд хэдэн үүрэг, чиглэл өгсөн. Тэрээр энэ үеэр гамшиг, тэр дундаа үерийн аюулд ард иргэд өртөж амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамтран ажиллахыг уриаллаа.

Урьдчилан сэргийлэх, гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагаас бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, сурталчилгааг радио, телевиз, сонин, сайт, гар утас, интернет гээд боломжтой бүх хэлбэрээр иргэдэд хүргэх нь чухал байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн юм.

Байгалийн гамшиг, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд тухай бүр нь сэрэмжлүүлж, ухуулан таниулах үүрэгтэй, Улсын онцгой комисс, комиссын гишүүд ч онцгой анхаарч хамтран ажиллахыг сануулж байсан.

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар өчигдөр усархаг бороо орж, хүчтэй салхилснаас Булган аймгийн чиглэлийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт суманд 35 кВ-ын 20 тулгуур багана, цахилгаан дамжуулах 30 орчим агаарын шугамын тулгуур багана унасан байна.

Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн нийт 65 сум цахилгаангүй болоод байсан юм. 68 хүн, 19 техник хэрэгсэлтэй засварын бригад Булган, Дундговь, Төв аймгийн 12 сумыг цахилгаанаар холбоод байна. Одоогоор дөрвөн аймгийн 53 сум цахилгаангүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“What3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллахаар боллоо

Байгаль орчин аялал жуулчлалын яам Их Британи улсын “What3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсад хаягжилтын систем сайн хөгжөөгүйгээс очих газрынхаа байршлыг баримжаалдаг. Гэтэл дэлхий дахинд Их Британи улсын “What3words” компанийн гурван үгт хаягжилтын системийг хэрэглэснээр очихыг хүссэн газраа саадгүй хүрч, алтан цагаа хэмнэдэг байна. Одоогоор гурван үгт хаягжилтын системийг дэлхийн 170 гаруй улс оронд 14 хэл дээр ашиглаж байна.

Гурван үгт хаягжилтын системийг анх “What3words” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шэлдрик анх санаачилжээ. Хөгжмийн концерт зохион байгуулдаг ажил хийдэг байсан Крис хамтлагийн гишүүдээ нэг цэгт, тохирсон цагтаа цуглуулахад их хэцүү байсан аж. Ингээд хаягжилтыг хамгийн хялбараар GPS-ийн урт бөгөөд түвэгтэй тоог өдөр тутам ашиглахгүйгээр хүссэн газраа хүрч болох шийдэл хайж, математикч найзтайгаа хамтран ердөө гурван үгээр ямар ч газрыг хаяглаж болох систем бодож олсон нь гурван үгт хаягжилтын систем юм.

Монгол Улсын хувьд “What3words” компанийн албан ёсны төлөөлөгчийн газартай болжээ. Тус газрын захирал М.Уянга ярихдаа “’what3words” гэсэн үндсэн аппликейшнаас гадна зөвхөн Монгол Улсад зориулан “what3words Mongoliа’ гэсэн тусдаа аппликейшныг 2016 оны наймдугаар сард гаргасан. ‘what3words’ аппликейшн ашиглан утасны сүлжээ, интернеттэй байгаагаас үл хамааран өөрийн байгаа газрын хаягийг гурван үгээр, дахин давтагдахгүйгээр нэрлэх боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал.

Өөрөөр хэлбэл, та манай аппликейшныг татаж авсан тохиолдолд интернетгүй байсан ч ямар ч асуудалгүй ажиллана. Гурван үгт хаягаа цээжлэх, ашиглахад хялбар болгох үүднээс бид хүн ам ихтэй, хотын төвийн газруудыг аль болох богино үгээр, хөдөө хээр газруудын байршлыг урт үгээр хаягжуулсан. “what3words Mongolia” аппликейшныг татаж авсан л бол хоол хүргэлт эсвэл бусад хүргэлтийн үйлчилгээний хувьд жолооч нь гурван үгт хаяг ашиглан төөрч будилахгүйгээр очих газраа хүрэх боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Архив албан хэрэг хөтлөлтийн “eDOC”-ийн гар утсанд зориулагдсан хувилбар гарлаа

“eDOC” систем нь нийслэлийн Нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагын төрийн албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, байгууллагуудын хооронд албан бичиг солилцох, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэн цаг хугацааг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжийг бий болгон, шуудан болон бичиг хэргийн зардлыг бууруулан төрийн архивын мэдээллийн санг шинэчлэн баяжуулж, статистик тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх, үйлчилгээгээ боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан.

“eDOC” системийн гар утсанд зориулсан хувилбар нь тухайн албан тушаалтан ЗӨВХӨН ӨӨРТ ХАМААРАЛТАЙ дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд :

  • Ирсэн бичиг
  • Бичгийн жагсаалт харах
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийг шилжүүлэх, шийдвэрлэх, буцаах
  • Явуулсан бичиг
  • Бичгийг унших
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийн явц хянах юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна

БаянӨлгий аймгийн Өлгий суманд 2018 оны 07-р сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас аймгийн төвийн ихэнх хэсэгт уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан тоогоор түр хамгаалах байранд 0-18 насны нийт 425 хүүхдийн 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 8, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 2, хагас өнчин 28 хүүхэд байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Хүүхэд Хамгааллын Хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг, Ховд аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ч.Нямхүү гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тусгай төлөвлөгөө гарган эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, яаралтай нүүлгэн шилжүүлэх 20 өрхийг тусгай байранд байрлуулах арга хэмжээ аван хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ

1

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сafe more” кофе шоп өнөөдөр нээлтээ хийжээ. Уг шопод харааны 60-90 хувийн бэрхшээлтэй дөрвөн иргэд ажиллаж байгаа юм байна. БНСУ-ын “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилтээр уг кофе шопыг нээсэн ажээ.

“Сafe more” төсөл Монголд хоёр жил үргэлжилж байгаа бөгөөд амжилттай байхаас шалтгаалан төслийг цааш үргэлжлүүлэхээ шийднэ гэж санаачлагчид хэлж буй юм. Энэхүү төслийн хүрээнд гурван удаагийн сургалтаар 16 бариста бэлтгэсэн байна. Үүнээс ес нь ажлын байртай болжээ. Мөн ирэх есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн 50-иас илүү хувь нь ажлын байртай болох боломжтой гэлээ.

Дашрамд дуулгахад, Монгол улсад 16000 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд бүгд хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэг ч харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн насны нийт иргэдийн 4.5 хувь нь л ажил эрхэлдэг аж.

1

Categories
мэдээ нийгэм

Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд долоо хоногийн баасан гаригт архи зарахгүй байгаа аж. Тодруулбал, тус сумын иргэд болон цагдаагийн байгууллагын санаачлагаар дэлгүүрүүд “Баасан гаригт архи зарахгүй” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна. Үүнээс үлгэрлэн “олон газрууд баасан гаригт архи битгий зараасай” хэмээн иргэд уриалга гаргажээ.

Мөн одоогоос хоёр жилийн өмнө Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 3-р хуралдаанаараа долоо хоног бүрийн баасан гариг, сар бүрийн 25-ны өдөр дэлгүүр, ААН, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд ажиллаж болно гэсэн шийдвэр гаргаж байсан ажээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 11 тоглогч тодорлоо

Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ бүтэн сарын турш дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ий хамгийн шилдэг 11 тоглогчийг тодруулсан байна. Энэхүү шилдэг 11 тоглогчоос аварга болж “Алтан Дагина” өргөсөн Францын шигшээ багаас таван тоглогч шилдэгт орсон бол Хорват болон Уругвай шигшээ багаас хоёр хоёр тоглогч Англи болон Бельгийн багаас тус бүр нэг нэг тоглогч багтжээ.

Хаалгач Уго Льорис (Франц)

Зүүн жигүүр хамгаалагч Лукас Хернандес (Франц)

Төвийн хамгаалагч Харри Магуайр (Англи)

Төвийн хамгаалагч Диего Годин (Уругвай)

Баруун жүгүүр хамгаалагч Шиме Врсалько (Хорват)

Хагас хамгаалагч Поль Погба ( Франц)

Хагас хамгаалагч Лука Модрич ( Хорват)

Хагас хамгаалагч Н’Голо Канте (Франц)

Довтлогч Эдэн Азар ( Бельги)

Довтлогч Килиан Мбаппе ( Франц)

Довтлогч Эдисон Кавани ( Уругвай)