Categories
гадаад мэдээ

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийснээр 29 жилд анх удаа тус улсад айлчилсан БНХАУ-ын төрийн тэргүүн болж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хүлээн авснаас хойших анхны гадаад орнуудад хийж буй айлчлал энэ өдрүүдэд болж байна.

БНХАУ бол Африкийн хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдаа 2014 оны судалгаагаар 220 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ, Африкийн худалдааны орлогоос илүү үзүүлэлт юм.

БНХАУ-ын худалдааны гол бай бол Африкийн орнууд байдаг. Тиймээс худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах үүднээс нарийн нягт хамтран ажилладаг байна. 2013 онд Си Зиньпин ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Африкийн улсуудад анхаарлаа хандуулж гурван ч удаа айлчилсан байдаг. Хятадын сонирхол дан ганц худалдааны түншлэл бус юм. Африк нь Хятадад түүхий эд материал нийлүүлдэг гол холбоотон.

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум болон Абу-Даби хотын Хунтайж Шейх Мухаммед бин Зайед Аль Нахайян нар халуун дотноор хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр Си Жиньпин болон Пэн Лиюань нарыг хүндэт харуулын жагсаалтай танилцаж байх үед ёслолын буудлагыг 21 удаа гүйцэтгэжээ.

Хүлээн авалтын дараа Си Зиньпин АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайжтай хэлэлцээ хийсэн байна. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс АНЭУ-ын Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.

Мөн тэрбээр, “34 жилийн өмнө БНХАУ болон АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс үргэлж бие биенээ хүндэтгэж, тэгш харилцаатай байсаар ирсэн билээ. Салбар бүр дэх хамтын ажиллагааны ололт амжилт нь хоёр улсын харилцаанд гайхалтай дэвшлийг бий болгосон” гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоноос хойш хийж буй гадаад айлчлалын минь анхны зогсоол АНЭУ болж байна гэж тэрбээр мэдэгдээд, энэ нь хоёр улсын харилцаанд БНХАУ өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш үг хэлэхдээ, Абу-Даби хотод ирмэгцээ АНЭУ-ын ард иргэдийн урам зориг, найрсаг харилцааг шууд мэдэрснээ дурдаад, хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар тус улсын удирдагчидтай санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин түүнийг халуун дотноор хүлээн авсан АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайж нар БНХАУ-ын төрийн тэргүүнийг эртний анд нөхөр, АНЭУ-ын ард иргэдийн сайн найз юм гэдгийг дурдаад, гадаад айлчлалынхаа хамгийн түрүүнд АНЭУ-д ирсэн нь бидний хувьд маш том хүндэтгэл юм гэж мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улс, Сенегал, Руанда болон Өмнөд Африк зэрэг дөрвөн орноор хийх айлчлал долдугаар сарын 19-24 нийг хүртэл үргэлжилнэ. Мөн долдугаар сарын 25-27-нд Иоханнесбург хотод болох 10 дахь удаагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагын урилгаар оролцохоор болсон. БРИКС-ийн уулзалтын дараа буюу Бээжин буцах замдаа Ши Жиньпин Мавритус улсад нөхөрсөг айлчлал хийхээр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-дын хооронд санамж бичиг байгуулж, “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2018 оны долдугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот ба Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа болсон юм.

Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон Улаанбаатар хотноо 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Bluemon цамхгийн “Норфей Арт галерей”-д зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцсон, хоёр хотын соёлыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-21-нийг хүртэл нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүллээ.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо “Хар усан тохой”, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэлжээ.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, яриа таниулга хийж байгаа аж.

Categories
мэдээ спорт

МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна

gangaamaaӨнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт орших К2 уулын оргилыг эзлэхээр эх орноосоо мордсон билээ.

Өнөөдөр тэрбээр К2 уулын гуравдугаар камп (далайн түвшнээс дээш 7400 м)-д хүрээд буй талаараа сансрын утсаар холбогдож мэдээлсэн байна.

Б.Гангаамаа “Би одоогоор К2 уулын гуравдугаар камп дээр байна. Одоо эндээс К2-ын Мөрөн буюу 8000 метрийн өндөрт гарахаар бэлтгэж байна. Цаг агаар их муу байна. Цасаар их хэмжээгээр орж, байнга шуурч байна. Цасны зузаан нэг метр хүрсэн. Цасны нуранги үүсэх аюул их байгаа тул бүх уулчдад буух нь зөв байх гэж уулын хөтөч зохион байгуулагч нар анхааруулж байна.

Хэдийгээр байгаль цаг агаарын байдал хүнд байгаа ч бид долдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд багтаж авиралтаа хийхээр төлөвлөж байна. Одоо “Мөрөн” (C4) дээр гарах олс тавих зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна.

Биеийн байдал сайн байна. Одоогоор гуравдугаар камп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад сууж байна” гэжээ.

gangaamaa

gangaamaa

Categories
мэдээ спорт

Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ

boh

Улсын начин Б.Адъяахүү бөхчүүд, бөх сонирхогчдыг “Буян хиймээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай” хэмээх сайн үйлсийн аянд уриалжээ. Энэхүү аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн байрыг засч тохижуулах юм байна. Ингэснээр өвчтөнүүд эмчилгээний явцад гэртээ байгаа мэт нөхцөлд тав тухтай байрлахаас гадна урлагийн сэтгэл засал, бясалгал, зөв хооллолтын талаар сургалтууд явуулах боломжтой болох аж.

Нэг өрөөний тохижилт, тавилга хэрэгслийг авахад долоон сая төгрөг хэрэгцээтэй бөгөөд одоогоор гурван сая төгрөг цуглаад байгаа аж. Энэхүү сайн үйлсийн аянд:

•Улсын аварга Ч.Санжаадамба С.Мөнхбат,

•Улсын арслан П.Бүрэнтөгс,

•Улсын гарьд Н.Ганбаатар,

•Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан,

•Улсын харцага Ш.Уламбаяр, О.Хангай,

•Улсын начин Ц.Одбаяр, Д.Тамир, Б.Ганхуяг,

•Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Г.Өсөхбаяр,

•Өвөрхангай аймгийн арслан Б.Батдорж,

•Дорнод аймгийн арслан Б.Батдорж,

•аймгийн арслан Г.Ганбаатар, М.Батцэнгэл,

•цэргийн арслан Г.Жамбалдорж,

•аймгийн залуу арслан Д.Эрдэнэтулга,

•аймгийн заан А.Батсуурь, Ө.Буянбаатар,

•аймгийн начин Ө.Дүүрэнбаяр…. нарын бөхчүүд гэр бүлийн хамтаар дэмжин, хандив өргөжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ ​цам харайх ёслол маргааш болно

Жил бүрийн зуны адаг сарын шинийн есөнд хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Энэхүү ёслол Богд хаант Монгол Улсын үеэс эхлэлтэй ч нэг хэсэг тасарч 2003 оноос сэргээн үйлдэх болжээ. Энэ талаар Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тамгын газрын дарга Ц.Алтанхүүгээс тодрууллаа.

-Хүрээ цамын ёслол хэзээ эхлэх вэ?

-Маргааш буюу билгийн тооллын шинийн есөн, аргын тооллын долдугаар сарын 21-ний 13 цагт Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хашаанд болно.

-Хүрээ цам харайх ёслол гэж юу вэ?

-Цам нь өөрөө нууц тарнийн шашин хөгжсөн газар гардаг номын зан үйл. Зуны адаг сарын шинийн зургаанд лам хуврагууд бүгд дотоод гадаад бэлтгэлээ хийгээд, Цамыг гурван өдөр хурдаг. Үүний дараа гадаа цам буюу хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Мөн сор зална. Энэ зан үйлийг хийснээр хүн ард гурван муу хорлол буюу уур, шунал, мунхагаас хагацаж энх амгалан тайван болох, байгаль дэлхий лус савдагийг баярлуулж, эх дэлхийн амар амгалан, бороо хуртай, тэгш дүүрэн, мал сүрэг өсч, хүн ард амгалан нигүүлсэнгүй байх, сайн сайхны төлөө үйлддэг ёслол юм.

-Сүсэгтэн олон Хүрээ цам харайх ёслолд даган баясахдаа ямар нэгэн өргөл барьц бэлдэж авчрах уу?

-Манай хийдэд даган сүсэглэдэг, сүсэгтэн олон энэ зан үйлийг сайн мэддэг. Хэзээ болох гээд өөрсдийн зурхайн номоосоо хараад мэдчихсэн, хүрээд ирдэг. Ямар нэгэн өргөл барьц авч ирэх шаардлагагүй. Сүсэгтэн олон өөрсдөө ирж, сайн сайхан бүхнээ бодон дотроо залбирч, гурван муу хорлолоос өөрийгөө амирлуулж, даган баясахад болно.

-Лам хуврагууд энэ ёслолдоо яаж оролцдог вэ?

-Зуны адаг сарын шинийн зургааны орой хувцас хэрэглэл, баг, балин тахил, номын эд зүйлсээ бүгдийг нь адислаад бэлтгэлээ хангадаг. Ингээд гурван өдөр номоо хурж, сүүлийн өдөр хүрээ цам харайдаг. Энэ бол нууц тарнийн ёслолын номын зан үйл. Ард иргэд чөлөөтэй ирж даган баясах нь нээлттэй байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлд гурван жилийн ял оноолоо

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүхээс Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өмнө нь 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Улмаар давтан үйлдлээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг.

Categories
гадаад мэдээ

Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ

jpЯпоны баруун-өмнөд болон төвийн нутгуудад үерийн улмаас амиа алдсан хүний тоо 225-д хүрч, 14 хүн ор сураггүй алга болсон талаар цагдаагийн газраас мэдээлснээс иш татан “Киодо” агентлаг мэдээлснийг “РИА Новости” уламжлав.

Байгалийн гамшгийн улмаас Японы 36 мужид 697 сая ам.доллар (76.7 тэрбум иен)-ын хохирол учраад байгаа аж. Долдугаар сарын эхний долоо хоногт Японы баруун болон зүүн нутгуудаар хүчтэй бороо орж, салхи салхилан, үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Зарим газрын голууд үертэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинээр тавихыг шаардан жагсаж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинээр тавихыг шаардсан иргэд тус зам дээр жагсаал зохион байгуулж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинээр тавихгүй, замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайруулах ажил хийнэ хэмээн Зам тээврйн хөгжлийн сайд мэдэгдсэн.

Зөвхөн 2018 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд орон нутгийн замд 91 осол гарч, ослын улмаас 13 хүний амь нас хохирсон бөгөөд эдгээр ослын нэлээд нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замд гарсан.

Түүнчлэн баяр, амралтын өдрүүдээр ачаалал нь эрс нэмэгддэг уг зам замын 99-100 дахь км болох УРЬХАН зоогийн газрын орчим хэдхэн хоногийн өмнө үерийн усанд автаж зорчих боломжгүй болж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс цугласан хандиваар гал унтраах тоног төхөөрөмж авчээ

Иргэд, ААН-ийн 1.3 тэрбум төгрөгийн хандиваар гал унтраах тоног төхөөрөмж авчээ

Ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газарт үер бууж байна. Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт үер гамшгийн хэмжээнд хүрч олон зуун хүн орон гэргүй болсныг Онцгой байдлын албан хаагчид хэлсэн.

Өнгөрсөн жилийн өдийд нийт нутгаар ой хээрийн түймэр их гарч хүнд нөхцөл байдал үүсч байсан билээ. Тухайн үед иргэд хандив цуглуулж байсан юм.

Энэ мөнгөөр юу хийсэн талаар Онцгой байдлын дэд дарга Г.Ариунбуян “Ой хээрийн түймрийн үеэр гадаад, дотоодын аж ахуй нэгж, иргэдээс нийт 1.3 тэрбум төгрөгийн хандив цугларсан. Бид тухайн үед гал унтраах нисдэг тэрэг авах судалгаа хийсэн ч өндөр өртөгтэй буюу 20-25 тэрбум орчим төгрөг болохоор байсан учраас аваагүй.Тиймээс гал унтраахад шаардлагатай тоног төхөөрөмж, ялангуяа эрэн хайх, аврах ажиллагаанд дутагддаг тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа” хэмээн ярьжээ.