Categories
мэдээ эдийн-засаг

Гаалийн ерөнхий газар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Зураг

Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилд улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Тус байгууллага энэ оны эхний хагаст нэг их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээснээ 200 сая буюу 15.7 хувиар давуулан биелүүлж буй юм. Гаалийн байгууллагын орлого импортын өсөлттэй салшгүй холбоотой. Монгол Улс энэ оны эхний зургаан сард 2.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүний дийлэнхийг мал, амьтан ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины импорт эзэлсэн байна.

Монгол Улсын гаалийн байгууллага жил бүрийн эхний хагас жилд дунджаар 0.7 их наяд төгрөг татварт төвлөрүүлдэг байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө

Зураг

Улсын нөөцийн сангаас Баян-Өлгий аймагт хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнөөдөр нийслэлээс хөдөллөө.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын энэ сарын 14-16-нд үргэлжлэн орсон борооны улмаас найман багийн 530 өрхийн 2512 хүн үерт өртсөн. Тиймээс Улсын онцгой комиссын энэ сарын 19-ний хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тус аймгийн Онцгой байдлын комиссоос яаралтай арга хэмжээ авч, 150 хүнийг аюулгүй газар татан гаргаж, 180 өрхийн 670 иргэнийг ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн дотуур байр, цэцэрлэгийн байранд байрлуулсан. Мөн 82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд одоогоор 18 байгууллагын 618 хүн, 107 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байна.

Түүнчлэн энэ сарын сүүлийн 10 хоногт Баян-Өлгий аймагт үргэлжлэн бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхааруулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн С.Батболд ИБУИНВУ-ын төрийн сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд өнөөдөр Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлдийг Монгол Улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлд хоёр орны парламент хоорондын болон улс төр, худалдаа, эдийн засгийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байдагт Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболдод тусгайлан талархал илэрхийлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн, Лондонгийн болон Монголын хөрөнгийн бирж хооронд 2011 онд байгуулж байсан түншлэлийн үр дүн гарч эхэлж байгаад баяртай байна. Гадаадын хөрөнгөb оруулагчдын урсгалыг Монгол руу татахад хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг”-т хамрагдаж буй Монгол оюутнууд амжилттай суралцаж байгаа ба улс орондоо өөрсдийн хувь нэмрийг оруулах манлайлагч, мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд, Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс бол барууны орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсныг бид үргэлж санаж, талархаж байдаг. Манай хоёр орон уул уурхай, худалдаа, эдийн засаг, хүнд хөнгөн үйлдвэрлэл зэрэг олон салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлж, боломжоо бүрэн ашиглах нь чухал. Их Британийн туршлагатай, чадварлаг хөрөнгө оруулагчдаас суралцах зүйл бидэнд их байна. Мөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг” хөтөлбөрт жил бүр 10 гаруй оюутан хамрагдан суралцаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан залуучууд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй. Цаашид хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, тэднийг ажил хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлөөр хангах тал дээр анхаарал хандуулахыг хүсэв. Мөн Хөрөнгийн биржийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа цохон тэмдэглэсэн юм. Ноён Марк Фийлд ирэх 10 дугаар сард Монголын парламентын гишүүдийн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийх айлчлалын үеэр хамтын ажиллагааны олон чухал асуудлаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг дахин хүсээд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллана гэлээ.
Categories
мэдээ нийгэм

“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ

ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас жил бүр Монгол, Хятад улсын найрамдалт хүүхдүүдийн гар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Уг уралдааны сэдвийг зохион байгуулагч талууд сонгодог бөгөөд энэ жилийн хувьд “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдвийн дор зохион байгуулж байна.

Хүүхдийн урлан бүтээх чадварыг нэмэгдүүлэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шилдгүүдэд шагналыг гардуулан өгчээ. Өнөөдөр тус уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Долоо дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү уралдаанд 6-17 насны хүүхдүүдийн 1003 бүтээл ирснээс ангилал тус бүрт 22 хүүхэд шалгарчээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантөгс, Б.Давааням болон Хөх хотын Туршилтын Үндэсний Сургуулийн Монгол улсын сурагчдыг хариуцан ирсэн багш Улаанаа нар оролцов.

Хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Улс орны зан заншил, уламжлал гээд бүгд байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр яг хэрэгтэй цаг үед нь “Байгаль дэлхийгээ хамгаалъя” гэсэн маш чухал сэдвээр хүүхдүүдийг уриалсан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Монгол Улсын иргэдийн нийгэмлэгт талархал дэвшүүлье. Цаашдаа бид бүхэн байнга хамтран ажиллах болно. Мөн хүүхдийн хөгжил гэдэг улс орны ирээдүй байдаг тул Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө бид бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Уг уралдаанд оролцсон н.Алтан-Үйлс “Би ӨМӨЗО-ы Туршилтын Үндэсний сургуулиас ирсэн. Энэ үзэсгэлэнд би “Эх дэлхийгээ хамгаалъя” сэдэвт зургаараа оролцсон. Яагаад гэвэл Эх дэлхий бол олон улс бүрийн хүмүүс хамгаалах хэрэгтэй зүйл юм. Мөн энэ дэлхийн бөмбөрцөг бол энэ дэлхийн бүх хүмүүсийн амьдарч байгаа орчин юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ

Монгол орны нийт нутаар орсон усархаг борооны улмаас одоогийн байдлаар авто замд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс нийслэлд гурван хэсэгт авто зам усанд автаж, эвдэрсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Монелын зам сүүлийн өдрүүдэд усанд автаж, зам эвдэрсэн аж. Энэ зам эвдэрсэн шалтгаан нь “Агво” компани зөвшөөрөлгүйгээр бохирын шугам барьж, даланг хааснаас үерийн ус зам руу орж цөмрөлт үүсгэжээ. Энэ далан нь 2000 метрийн өргөнтэй Баянзүрх уулаас орж ирэх үерийн усыг аюулгүй болгох зорилготой баригдсан ч бөглөснөөс болж зам гэмтэж, айлуудыг усанд автуулсан юм.

Мөн Баянзүрх дүүргийн Дарь эхийн эцэст байрлах авто зам эвдэрч, хуурчээ. Уг авто зам 2011 онд ашиглалтад орсон. Үерийн далан барих суваг шуудуу дагуу 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Барилга хот байгуулалтын яамнаас үерийн далан барих ажлыг 2018-2019 онд барихаар эхлүүлсэн боловч айлууд газар чөлөөлөхгүй байгаа учраас далангийн ажил гацаж, авто зам төдийгүй айл өрхүүдийн хашаа үерт автжээ.

•Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж зүүн талын далан угаагдсан байсныг засварлаж байна.

•Орбит-Толгойт чиглэлийн уулзвараас Орбит-Баянгол чиглэлийн уулзвар хүртэлх 1.7 км авто замын 480 у/м-т явган хүний замын хашлага суурилуулах, нөхөөс хийгдэж байна.

•Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны явган хүний зам суулт өгсөн. Тиймээс чулуун хучилтын чигжээсийг цементэн багсармалаар сэргээж, хазайсан тэмдгүүдийг тэгшлэх ажил хийгдэж байна.

•Сүхбаатар дүүргийн Оюутны гудамжийн авто замд 20 у/м хоёр суулт, 2 мкв нүхэн эвдрэл үүссэн тул зам засварлаж байна.

-Хөдөө орон нутгийн чанартай 116 км автозам эвдэрч, хоёр тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Түүнчлэн энэ долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 13 аймгийн 29 байршилд нийт 116 км авто зам эвдэрч, улсад хоёр орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Эвдэрсэн замуудыг АЗЗА компаниуд болон холбогдох албанаас шуурхай ажлын хэсэг ажиллаж, эвдрэл гэмтлийн засахаар газар дээр нь ажиллаж байна. Нийт 14 зам хариуцагч байгууллагын 154 хүн, 62 машин техниктэй ажиллаж байгаа бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамнаас эвдрэл гэмтлийн тоог газар дээр нь тогтоох аж. Хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж магадгүй байна. Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай аймгуудын зам эвдрэлтэй газруудад Зам тээврийн хөгжлийн сайд ажиллаж байна. Хохирлын хэмжээг аймаг тус бүрээр тогтооно.

Categories
мэдээ нийгэм

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгов

Зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.
Хуралдаанаар нийслэл хотод үерийн улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж, эрүүл ахуйн ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо. Мөн авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, айл өрхийн судалгааг гаргаж нүүлгэх ажлыг зохион байгуулах, үерийн улмаас хуримтлагдсан лаг шавар, хогийг бүрэн цэвэрлэж орчны бохирдлыг арилгах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өргөн хүргэх зэрэг үүргийг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн дүүргийн Засаг дарга нарт энэ сарын 19-нд Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссын хуралдаанд өгсөн үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.
Categories
гадаад мэдээ

Умард Солонгос дэлхий дээрх хамгийн олон орчин үеийн боолтой улсаар тодорчээ

Зураг

Умард Солонгос дэлхий дээрх хамгийн олон орчин үеийн боолтой улсаар тодорсон байна. Тус улсын 10 хүн тутмын нэг нь боолчлолд байдаг ажээ.

Хаагдмал нийгэмтэй Коммунист орнуудын нийт хүн ам ойролцоогоор 26 сая байгаа бөгөөд тэдний 10 хувь буюу 2.6 сая хүн улсынхаа төлөө хүчээр ажиллаж, боолчлогдож байна гэж “Дэлхийн боолчлолын индекс-2018” тайланд дурджээ.

Албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөг үзүүлэх, үйлчилгээнд зарцлах зэрэгт ард иргэдийг хүчлэн оролцуулахын тулд тэднийг хууран мэхлэх, заналхийлэх, хүчирхийлэхийг орчин үеийн боолчлол гэж нэрлэж болно.

Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпын парадад оролцсон хөгжөөн дэмжигч охид бол Умард Солонгосын томоохон улс төрчдийн бэлгийн боол юм гэж 2008 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн Умард Солонгосын цэргийн хөгжимчин хэлсэн байна.

Орчин үеийн боолчлол Умард Солонгос болон бусад дарангуйллын дэглэмтэй улс орнуудад хамгийн түгээмэл байгаа хэдий ч бусад хөгжингүй орнууд мөн энэ боолчлолд хамааралтай болж байна. Учир нь хөгжингүй орнууд бараг 270 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дээрх орнуудаас импортолж байна гэж тайланд дурджээ. Эдгээр бараа бүтээгдэхүүнд нүүрс, какао, хөвөн, мод, загас багтаж байна.
Боолчлолыг эсэргүүцэгч “Walk Free Foundation” байгууллагаас 2016 онд гаргасан тайланд 40.3 сая орчим хүн боолчлолд амьдарч байна гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ

Нийслэлд хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто замын зорчих хэсэг эвдэрч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын нөхцөл байдал, хийгдэж байгаа засварын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Монелийн уулзвар орчмын 330 метр чулуун замд үерийн усны улмаас цөмрөлт үүссэн. Энэ талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ авто замын хэсэгт “Агбо” ХХК зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн үерийн ус чулуун замруу урсаж замд ачаалал өгснөөс үүдэн цөмөрсөн. БЗД-ын зүүн амнаас орж ирдэг далангийн том суваг энэ доогуур явж байгаа. Гэвч иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй барьсан байшин барилгаас үүдэн үерийн ус зам руу орсон. Бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын албатай хамтран тухайн албан байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэл хотод үер усны улмаас 3 замд эвдрэл, гэмтэл үүсчээ. Гарсан эвдрэлийг засах, цэвэрлэх ажлуудыг нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Тохижилт үйлчилгээний компани зэрэг холбогдох газруудтай хамтран 24 цагаар 16 баг гарган ажиллаж байгаа юм.

Мөн БЗД-ийн 27, 21-р хороодын нутаг дэвсгэр гадна тойруугийн 3 дугаар хэсгийн авто замын зарим хэсэгт үерийн улмаас ихээхэн хэмжээний гэмтэл учирчээ. Энэ замд үерийн ус зайлуулах далан суваг хийгдсэн ч ус зайлуулах далангийн нийлэх хэсэг, байгалийн ус урсах жалгыг иргэд, аж ахуй нэгж зөвшөөрөлгүй шороогоор дүүргэж, дагтаршуулж барилга байшин барьжээ. Энэ хэсэгт 50 гаруй иргэн аж ахуй нэгж байгаа юм. Газрын албаны ямар нэг зөвшөөрөлгүй буусан эдгээр айл, аж ахуй нэгжээс үүдэн 2011 онд ашиглалтад орсон замын 450 метр орчим газарт зам эвдэрчээ. Үерийн улмаас хуримтлагдсан шороо, лаг шаврыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон, зам засвар арчлалтын компанитай хамтран цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байгаа юм талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Иргэд зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьж үерийн гольдрил өөрчлөгдөж зам руу орж байна. Тиймээс иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг нийслэлийн Авто замын газраас зөвлөж байна. Мөн үерийн улмаас ашиглалтад ороод удаагүй замууд эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 5-10 жилийн насжилттай авто замуудад эвдрэл гарсан. Шинээр тавигдсан замуудад ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд кофе шопд ажиллаж эхэлжээ

Өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яаманд харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны кофе шопын нээлт боллоо.

Солонгосын Шилоам харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн нийгэмлэг нь KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй бариста нар мэргэжлээрээ ажиллах боломжоор хангахаарэнэхүү кофе шопыг нээжээ.

Манай улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд кофе шопд ажиллаж байгаа нь энэ юм.

Харин бусад улс оронд харааны бэрхшээлтэй хүмүүс бариста хийж ажиллах орчин нөхцөл бүрдсэн байдаг аж. Тухайлбал Солонгос улсадхарааны бэрхшээлтэй бариста бэлтгэжкофе шопд ажиллах боломж бүрдүүлж дэмждэг.Харин манайд анх удаа нээгдэж байгаа нь харааны бэрхшээлтэй иргэдийнхувьдтогтвортой ажилтай, санхүүгийн хувьд хараат бус байх эхлэлийг тавьж байна.

Монголд 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн харааны бэрхшээлтэй бариста бэлтгэж, одоогийн байдлаар нийт 16 бариста бэлтгэн төгсгөжээ.

2015 онд Солонгос улсад харааны бэрхшээлтэй бариста байдаг талаар мэдээлэл аваад, үүнийг Хараагүйчүүдийн холбооныхон судалж эхэлжээ. Бариста бэлтгэж буй байгууллагуудтай холбогдсон байна.

Бариста бэлтгэх сургалт нь хоёр жилийн хугацаанд үргэлжлэх аж.

Солонгос улсад харааны бэрхшээлтэй бариста ажилладаг зургаан кофе шоп байдаг байна. Эндээс Франчайзын гэрээгээр Монголд анхны салбар нээгдэж байгаа нь энэ билээ.

Харааны бэрхшээлтэй бариста Б.Янжмаагаас энэ талаар тодрууллаа.

“Харааны бэрхшээлтэй бариста гэхээр хүмүүст шинэ содон сонсогдож байгаа байх. Бид мэргэжлийн бариста болохын тулддөрвөн сарын хугацаанд суралцсан. Ингэж суралцахдаа: сонсголоороо, дуу чимээгээрбаримжаа авах дадал хэвшсэн. Тиймээс энгийн бусад бариста нарын адил ажиллаж үйлчилгээ үзүүлж чаддаг болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манай нөхцөлд ажил хийх боломж хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр кофены соёл монголд орж ирээд удаагүй байгаа хэдий чхарааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлмөр эрхлэх зах зээл нэгээр нэмэгдсэнд туйлын баяртай байна. Энэ нь цаашдаа олон харааны бэрхшээлтэй залуусын хувьд санхүүгийн хувьд хараат бус байх тэр боломж гэж харж байна.

Бид Кофе шопоо ажиллуулаад нэг сар болж байгаа. Өнөөдөр кофе шопын маань нээлт албан ёсоор боллоо.

Танай кофе шопямар ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Халуун хүйтэн бүх төрлийн кофе болон кекс, сэндвич, гамбургер гэх мэт кофе шопод байдаг бүхий л хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Түүнээс гадна ойр тойрныхоо байгууллагуудад хүргэлтээр үйлчилгээ үзүүлж байна. Манай хүргэлтийн утас:85207686 гэсэн дугаар дээр байдаг. Мөн хүлээн авалт семинар, сургалт зэрэг үйл ажиллагаанд очиж үйлчилгээ үзүүлж байгаа.

Энэ сургалтын тухай яаж мэдэж, хэзээнээс хамрагдсан бэ?

-Манай хараагүй иргэдийн холбооноос “Солонгос улсад харааны бэрхшээлтэй иргэд баристаагаар бэлтгэгдээд хөдөлмөрийн зах зээлд гарах боломжтой байдаг юм байна. Энэ ажлыг Монголд оруулж ирэх гэж байна. Үүнд сурах сонирхолтой залуусыг бэлтгэж ажиллах орчинг бүрдүүлнэ” гэсэн мэдээллийг өгсөн. Миний хувьд хоёр дахь ээлж буюу найм дугаар сараас эхлэн суралцаж арван хоёр дугаар сард төгссөн. Баристаагаар бэлтгэгдэж байхдаа энэ талаар ойлголт төсөөлөл байгаагүй.

-Одоогоор хэдэн ажилчин ажиллаж байгаа вэ?

-Энэ салбарт харааны бэрхшээлтэй дөрвөн бариста, нэг менежер ажиллаж байна. Цаашдаа намраас дахин нэг салбар нээгдэж магадгүй гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтмол газарт ойртохгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед орж байгаа их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамд гэмтэл ихээр гарч, 6-35кВ-ын хуваарилах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

-Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

-Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтмол газарт ойртохгүй байх,

-Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

-Орон унтагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

-Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

-Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газар